info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-01-22

Дугаар 8

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Д.Ганболд нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, иргэн Ц.И-ын өргөдөлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2026/0002 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“... 1. Өргөдөл гаргагчаас “... 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгч Д.Ганболд намайг босгон “шүүх хуралдааныг санаатай удаашруулж байна. чиний буруу юу, эсхүл компанийн чинь буруу юу” гэж загнасан, мөн чи буруутай юу, компани чинь буруутай юу энийг л хариул, би чамайг 300.000 төгрөгөөр, компанийг чинь 10 сая төгрөгөөр торгох эрхтэй хүн, өмгөөлөгчөө яагаад одоо дагуулж ирж байгаа юм” гэх зэргээр дарамталсан, өмгөөлөгч тайлбар хэлэх гэхэд “өөрөөс чинь асуугаагүй байна, би зөвхөн энэ хүнээс хариулт авна, суу” гэж өндөр дуугаар зандарсан” гэжээ.

Ш.О нь хариуцагч “Б м” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч А.Ц, О.Ц нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц нар оролцсон. Харин иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй байна.

Уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирцтэй танилцан, хуралдааны нийтлэг дэг, журам тайлбарлан өгч, оролцогчдын итгэмжлэлийг шалган, шүүх бүрэлдэхүүнийг зарлан татгалзан гаргах эрх, оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан, ирцтэй холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг асуусан байна.

Улмаар зохигчид санал, хүсэлтээ танилцуулж, нэмэлт тайлбар авсны дараа шүүх хуралдаан даргалагч дараах байдлаар хариуцагчийн төлөөлөгчөөс асуулт асуусан байна. Үүнд:

“... 0:18:21-0:19:35 Даргалагчаас: Хариуцагчийн төлөөлөгчөөс асууя. Энэ  нэхэмжлэлийг нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Танай байгууллага шүүхийг үл хүндэтгэсэн учраас албадан ирүүлэх захирамж гаргасны дагуу 6 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг танд гардуулсан байна. Өнөөдөр хэдэн сарын хэдэн бил ээ, мэдэж байгаа байх тийм ээ, 1 жил 3 сар өнгөрсөн. Энэ хугацаанд яагаад өмгөөлөгч аваагүй юм. Яг хэргийг шийдвэрлэх гээд хуралдаан зарлахаар өмгөөлөгч аваад, өмгөөлөгчид бол хэргийн материалтай танилцах эрх нь байдаг, гэхдээ таны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулаад байна вэ. Энэ танаас шалтгаалж байна уу, байгууллагаас шалтгаалж байна уу. Хэнээс нь шалтгаалж зөрчлийн арга хэмжээ авах нөхцөл байна уу, үүссэн байна уу, үгүй юу гэдгийг шалгахын тулд танаас асууж байгаа юм. 1 жил 3 сарын хугацаанд өмгөөлөгч аваагүй байж яагаад өчигдөр гэрээ хийгээд ирж байгаа юм. Танд арга хэмжээ авбал 300.000 төгрөг, байгууллагад чинь арга хэмжээ авбал байгууллагыг чинь 10.000.000 төгрөгөөр торгодог. За хариулъя гэхэд.

0:19:36-0:20:01 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний зүгээс итгэмжлэл аваад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Энэ хугацаанд өмгөөлөгчийн хэрэгцээ шаардлага хэрэгтэй болсон учраас компанийн удирдлагууддаа хэлсэн. Тэр үед хамтран ажиллах боломжтой өмгөөлөгчийг эрэн хайж байгаад удирдлагууд энэ өмгөөлөгчийг авах шийдвэр гаргаад би удирдлагуудын шийдвэрийг дагасан гэв.

0:20:01-0:20:10 Даргалагчаас: Удирдлагын буруутай үйл ажиллагаа учраас байгууллага аа 10 сая төгрөгөөр торго гэж хэлж байгаа гэж ойлголоо зөв үү гэхэд.

0:20:10-0:20:13 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэгж хэлээгүй ээ гэв.

0:20:14-0:20:15 Хариуцагчийн өмгөөлөгч: Би тайлбар хэлж болох уу гэхэд.

0:20:15-0:20:24 Даргалагчаас: Танаас асуугаагүй байна та сууж байх уу. Хэнээс асуух аа шүүх мэдчихье тэгэх үү. Та хэрэг танилцана юу ч мэдэхгүй байгаа гэж хэлээд байгаа болохоор та хариулж чадахгүй гэв.

0:20:24-0:20:25 Хариуцагчийн өмгөөлөгч: Таны асуулттай холбоотой учраас би хариулъя гэж байгаа юм гэв.

0:20:25-0:20:52 Даргалагчаас: Та хэргээ мэдэхгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Би одоо хэргээс асуух гэж байна. Та 5 сарын 21-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж байсан байна. Тэгэхээр ажиллагаандаа оролцоод яваад байсан байхгүй юу та. Тэгэхээр өмгөөлөгч авах эрх бол байгаа. Гэхдээ яагаад оролцоод явж байсан мөртөө хэргийг шийдвэрлэх гэхээр санаатай саад учруулаад байгаа юм гэхэд.

0:20:52-0:21:00 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 5-р сарын 22-ны өдөр би магистрын хамгаалалттай байсан. Тухайн үед би өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн.

0:21:00-0:21:04 Даргалагчаас: Хэнд өгсөн бэ, шүүхэд өгөөгүй шүү гэхэд

0:21:05-0:21:18 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн байгаа, хамгийн сүүлд захирамж гаргасан гээд гэв.

0:21:18-0:21:20 Даргалагчаас: Шүүхэд өмгөөлөгч авах хүсэлтээ хэзээ өгсөн бэ гэхэд.

0:21:20-0:21:23 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 5 сарын 20-ны өдөр 5 сарын 22-ны өдрийн хуралдаанд байсан гэв.

0:21:23-0:21:36 Даргалагчаас: 5-р сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сар. Шүүх таны өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг чинь бол хязгаарлаагүй, 3 сарын хугацаанд та өмгөөлөгч авахгүй байж байгаад яг хурал зарлахаар яагаад аваад байгаа юм вэ гэхэд

0:21:37-0:22:16 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би тухайн үед байгууллагынхаа удирдлагуудад хэлээд өмгөөлөгч авах шаардлагатай, өмнө нь гаргасан хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй байсан. Тэр үед наадмын амралт болоод өмгөөлөгч нар ажилдаа орохгүй байсан. Манай байгууллагатай хамтран ажилдаг байсан өмгөөлөгч хүртэл наадмын амралттай байна, амралт дуусаад эргээд холбогдоно гэж хэлсэн. Үүний дагуу удирдлагуудтай холбогдоод гэрээгээ байгуулаад орж ирсэн гэв.

0:22:16-0:22:27 Даргалагчаас: Эрхийн чинь хажуугаар үүрэг гэж юм давхар бас байдаг юм шүү дээ. За сууж бай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуугаадахъя. Нийгмийн даатгалын лавлагааг 2020 дуустал юм уу, хэдэн оны лавлагаа авхуулах гэж байгаа юм” гэж асуулт хариулт явагдсан байна.

2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан. Тус захирамжийн үндэслэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараагийн шүүх хуралдаан товлогдох хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулсан байхыг мэдэгдсэн байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 08 сарын 19-ний өдөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшлох үндэслэл болсон байна.

Шүүгч Д.Ганболд нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамждаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараагийн шүүх хуралдаан товлогдох хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулсан байхыг мэдэгдсэн байхад 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны өмнөх өдөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, улмаар өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшилсон болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж буй үйлдэл шууд болохгүй ч ажиллагаа удаашрах үндэслэлд хамаарна.

Хэргийн оролцогч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулахгүй, журам сахих үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах бөгөөд Д.Ганболд нь энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан хэлсэн нь төдийлөн зохимжтой биш хэдий ч үүнийг дарамталсан гэж үзэхгүй. 

Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.

Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт:

“... 0:20:14-0:20:15 Хариуцагчийн өмгөөлөгч: Би тайлбар хэлж болох уу гэхэд.

0:20:15-0:20:24 Даргалагчаас: Танаас асуугаагүй байна та сууж байх уу. Хэнээс асуух аа шүүх мэдчихье тэгэх үү. Та хэрэгтэй танилцана, юу ч мэдэхгүй байгаа гэж хэлээд байгаа болохоор та хариулж чадахгүй гэв.

0:20:24-0:20:25 Хариуцагчийн өмгөөлөгч: Таны асуулттай холбоотой учраас би хариулъя гэж байгаа юм гэв.

0:20:25-0:20:52 Даргалагчаас: Та хэргээ мэдэхгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Би одоо хэргээс асуух гэж байна. Та 5 сарын 21-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж байсан байна. Тэгэхээр ажиллагаандаа оролцоод яваад байсан байхгүй юу та. Тэгэхээр өмгөөлөгч авах эрх бол байгаа. Гэхдээ яагаад оролцоод явж байсан мөртөө хэргийг шийдвэрлэх гэхээр санаатай саад учруулаад байгаа юм гэхэд.

0:20:52-0:21:00 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 5-р сарын 22-ны өдөр би магистрын хамгаалалттай байсан. Тухайн үед би өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн” гэж тусгагдсан талаар дээр дурдсан.

Шүүгч Д.Ганболд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуухад өмгөөлөгч нь асуултад хариулах гэхэд даргалагчаас “Танаас асуугаагүй байна та сууж байх уу. Хэнээс асуух аа шүүх мэдчихье тэгэх үү. Та хэрэгтэй танилцана, юу ч мэдэхгүй байгаа гэж хэлээд байгаа болохоор та хариулж чадахгүй” гэж хэлснийг “өмгөөлөгчийн тайлбар хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн” гэж үзэхгүй.

Харин холбогдох шүүгч нь өмгөөлөгчтэй харилцахдаа өндөр дуугаар, захиран тушаах өнгөөр тайлбарласан нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж, загнаж, зандарсан гэх ойлголтыг бий болгосон ба үүнийг шууд зүй бус харилцсан гэж үзэхгүй.

Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ. Иймд шүүгч Д.Ганболд нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа анхаарах нь зүйтэй.

2.Өргөдөл гаргагчаас “... 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Ганболд нь ирцтэй холбоотой талуудаас санал авсан бөгөөд хариуцагч талын төлөөлөгч би иргэдийн төлөөлөгчийг оролцуулах саналаа хэлсэн. Гэтэл шүүгч төлөөлөгчийн байр суурийг үл хүндэтгэн миний хуульч мөн бишийг гайхаж, иргэний төлөөлөгчийг заавал оролцуулах алба байхгүй зөвхөн санал асуудаг гэх зэргээр хөтлөх байдлаар асуулт асууж, төлөөлөгчийн байр суурийг өөрчлөхийг завдсан” гэжээ.

2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд,

0:04:15-0:05:32 Даргалагчаас: Иргэдийн төлөөлөгч нарт ирцтэй холбоотойгоор өмнөх хуралдаанд оролцуулна гэсэн. Шүүх бол 3 иргэдийн төлөөлөгч сугалдаг бөгөөд үүнийг программ хэрэгжүүлдэг. Үүний нэг нь шууд ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Дараагийн 2 нь ирнэ гэсэн боловч ирээгүй. Энэ хуралд аль алинд дахин мэдэгдсэн боловч ирнэ гэж байгаад өнөөдөр өглөө нэг нь “Сэлэнгэ аймагт байна, гэнэтийн ажил гарсан талаар” мэдэгдсэн. Нөгөө төлөөлөгчийн хувьд бол одоо ингээд очно оо бид нар бас сая 10 минут хүлээж байгаад ирж байна уу гээд залгахад “хүүхэд харах хүн ирж байна гэсэн боловч ирэхээ болчихлоо би очиж чадахгүй” гэж байна лээ. Энийг шүүхээс шалтгаалах нөхцөл үүссэнгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгчид ирцтэй холбоотой ямар санал байна гэхэд.

0:05:32-0:05:40 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх саналтай байна гэв.

0:05:46-0:05:48 Даргалагчаас: Хариуцагч талаас ямар саналтай байна гэхэд.

0:05:50-0:05:56 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан саналаа дэмжиж байна. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж байна гэв.

0:06:00-0:06:06 Даргалагчаас: Та өөрөө хуульч мэргэжилтэй юу, зүгээр тэнд ажилладаг хүн үү гэхэд.

0:06:07-0:06:08 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрх зүйч мэргэжилтэй гэв.

0:06:08-0:06:10 Даргалагчаас: Тэгээд ч ерөнхийдөө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа шүүдээ тийм ээ гэхэд.

0:06:11-0:06:12 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв.

0:06:14-0:06:47 Даргалагчаас: Хуульд зааснаар бол иргэдийн төлөөлөгчийг албадан ирүүлэх боломжгүй. Иргэдийн төлөөлөгч бол санал гаргадаг. Саналын дагуу хэрэг шийдэгдэнэ гэсэн яг хуульд тийм зохицуулалт байдаггүй. Саналыг Харгалзана л гэсэн үг байгаа. Тэгэхээр шүүх хурлаа хийвэл яадаг гэсэн юм гэх зүйлд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөх зүйл байна уу гэхэд.

0:06:47-0:07:34 Хариуцагчийн өмгөөлөгч: Би ирцтэй холбоотой санал хэлье. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Яагаад вэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс 3 үндэслэлээр шаардлага гаргасан байгаа. Нийт нэхэмжлэлийн шаардлага 197 сая төгрөг буюу багагүй хэмжээний мөнгөн дүн гаргуулахаар шаардсан. Хоёрдугаарт талууд гэм хорын асуудалд маргаан үүсгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн буруутай үйлдэл гэж маргаж байгаа. Хариуцагч талын зүгээс амь хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж маргаж байгаа. Гэм хорын хохиролтой холбоотой бүрэлдэхүүнтэй хурал болж байгаа учраас журмынхаа дагуу иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан саналыг нь сонсох зүйтэй гэж бодож байна гэв.

0:07:53-0:07:55 Даргалагчаас: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ мэдэж байгаа юу нэхэмжлэгч тал гэхэд.

0:07:56-0:07:57 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мэдэж байгаа гэв.

0:07:57-0:07:57 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мэдэж байгаа” гэж бичигджээ.

Шүүх хуралдаан даргалагч нь шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй бөгөөд шүүгч Д.Ганболд бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульч мэргэжилтэй эсэхийг асуусанд түүнийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн, шүүгч Д.Ганболд нь иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах үр дагавар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-т “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ” гэж заасныг тайлбарласныг “хөтөлж асуусан, төлөөлөгчийн байр суурийг өөрчлөхийг завдсан” гэж үзэхгүй.

3.Өргөдөл гаргагчаас “... ирцтэй холбоотой асуудлаа шийдвэрлээгүй байж талуудын зүгээс гаргах хүсэлт болон шинээр гаргаж өгөх нотлох баримт гаргахыг шаардсан” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.

Тодруулбал, даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг оролцогчдоос асууж шийдвэрлэсний дараа шүүх бүрэлдэхүүнийг зарлан, татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг шийдвэрлэдэг.

2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт үзлэг хийхэд: “ ...“0:08:03-0:08:13 минутад Даргалагчаас: Ирцтэй холбоотой саналыг чинь бол сонслоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу” гэж асуусан ба үүний дараа оролцогчид санал, хүсэлтээ танилцуулсан болох нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан.

Үүнээс үзэхэд даргалагч шүүгч Д.Ганболд нь ирцтэй холбоотой асуудлаа шийдвэрлээгүй байж, оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар асуусан нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж зааснаас үзэхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахаар зохигч санал гаргасан бол шүүх хуралдааныг хойшлуулахаар хуульд илт тодорхой заасан байна.

Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь хариуцагч талаас иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан үүнтэй холбогдуулан шүүгч ирцтэй холбоотой асуудлаа шийдвэрлээгүй байж хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар оролцогчдоос асуусан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчилд хамаарна.

Гэхдээ илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байж дээрх хуулийн шаардлага хангагддаг бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүрсэн бол “ноцтой” гэж үзэх бол “удаа дараа” гэдэг нь шүүгч зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.

Тус өдрийн хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүх хуралдааны дарааллыг зөрчсөний улмаас хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй.

Иймд, шүүгч Д.Ганболдын гаргасан зөрчил нь ноцтой, удаа дараа байх хуулийн шаардлага хангагдахгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчөөгүй байна.

4.Өргөдөл гаргагчаас “... Хариуцагчийн өмгөөлөгчийн үг хэлэх, тайлбар гаргах эрхийг удаа, дараа тасалсан” гэх үндэслэлийн тухайд:

2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

0:08:03-0:08:13 Даргалагчаас: Ирцтэй холбоотой саналыг чинь бол сонслоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу гэхэд.

0:08:13-0:08:59 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах хүсэлт, нотлох баримт байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт ирсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн олговрын хэмжээг дахин тооцоолон нөхөн олговрын хэмжээг 4,000,000 төгрөгөөр багасгаж байгаа. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99,000,000 төгрөгийг 18,000,000 төгрөгөөр багасгаж байна. Нэхэмжлэгчээс асууж тодруулсны үндсэн дээр амь насны төлбөр 10,000,000 төгрөгийг авсан байсан. Тийм учраас 10,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

0:09:23-0:09:30 Даргалагчаас: Хариуцагч талд шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу гэхэд

0:09:30-0:10:08 Хариуцагчийн өмгөөлөгч: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 11 хуудас баримт байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг Б м ХХК-ийн ил уурхайн техникт удирддаг журам байдаг. Эрүүгийн хэргийн тусгай архивд байгаа хэрэгтэй танилцаж, хуулбарлаж авсан. Үүнийг шүүхэд гаргаж өгнө гэв.

0:10:09-0:10:13 Шүүгч О.Ц: Нотлох баримтын шаардлага хангаж байгаа юу гэхэд

0:10:13-0:10:22 Хариуцагчийн өмгөөлөгч: Улсын ерөнхий прокурорын эрүүгийн тусгай архивын газраас хуулбар аваад хуулбар үнэн гэсэн тамга даруулсан гэв.

0:10:22-0:10:24 Шүүгч О.Ц: Нотариатаар гэрчлүүлэх боломжгүй боломжгүй байсан байсан юм юм уу уу гэхэд,

0:10:25-0:11:25 Хариуцагчийн өмгөөлөгч: Төрийн байгууллагын архивын газрын хуулбар үнэн тамга дарагдсан байгаа. Ил далд ажлын зааварчилгаа 10 хуудас, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсан ажилчдын бүртгэлийн хуудас гэх баримтыг нотлох баримтаар өгч байна. Дээрээс нь ажиллагаанд гаргах хүсэлт байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэхэд.

0:11:27-0:11:42 /яриаг нь таслан/ Даргалагчаас: Шинжээчтэй холбоотой хүсэлтээ дуусгачих уу, ямар шинжээч томилуулах юм, ямар ач холбогдолтой юм гэдгээ тайлбарлах уу гэхэд.

0:11:42-0:17:03 Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа хариуцагч компанийн буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс болж амь насаа алдсан учир өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч компанийн зүгээс амь хохирогч нь өөрийн илт буруутай үйлдэл, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөнтэй холбоотой осол гарсан гэж Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.3-д заасан үндэслэл бүрдэж байгаа учраас гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Талуудын маргааны нөхцөл байдлаас харахад амь хохирогч хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод журмыг зөрчсөн эсэхийг шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн материалтай танилцаж байхад тухайн үйл баримттай холбоотой гэрчийн мэдүүлэг байсан. Гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол дээр дурдагдсан байгаа. Гэрчийн мэдүүлгээс Экскаваторын шанагыг дээш өргөөд Бульдозерын дээгүүр давуулахад Экскаватор тал руугаа унасан гэсэн гэрчийг мэдүүлэг байгаа. Дараагийн гэрчийг мэдүүлэг дээр Экскаваторын оператор нь Бульдозерын зүүн гар талаар налуу зэрэгцэж орж ирснээр шанагаа дээш өргөн буцаж ухарсан. Гэтэл улсын сургагч н.Эр яах гэж байгаа юм бэ, зогс гэж станцаар удаа дараа шаардсан боловч экскаваторын оператор нь бульдозерын зүүн талаар хойш ухраад бөгсөн хэсэг хажуу тийм болон шанагаа дээш өргөн дугуй бульдозерын кабин дээгүүр даваад уг экскаватор баруун тийм унасан гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Үүнээс харахад нас барагч нь ажлын үед хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, хуулийг зөрчсөн байна гэсэн эргэлзээ төрч байна. “Б м” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого дүрэм журмын хэрэглэлийн талаар мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 10-р сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Дүгнэлт хүчин зүйлсийн нөлөөлөх хэсэг байгаа. Үүн дээр хохирогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг 18.1.3-д ажлын байрын нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл нөхцөлийн талаар бодит мэдээлэл авах гэж байгаа. 18.2.3-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах ёстой гэсэн байгаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А239 дугаартай хамтарсан тушаалаар баталсан ил уурхайн аюулгүй байдлын дүрэм гэж байгаа. Энэ дүрмийн 13-д ажилтнууд ажил эхлэхийн өмнө ажлын байр машин тоног төхөөрөмжийн аюулгүй байдал ажилд хэрэглэх багаж хэрэгсэл холбогдох хамгаалах хэрэгсэл, тоноглолын гэмтлийн хэсгийг шалгах, зөрчлийг арилгах ёстой. Хэрэв зөрчилтэй тохиолдолд хариуцах удирдах албан тушаалтандаа мэдэгдэх, зөрчлийг арилгуулсны дараагаар одоо ажилд гарах эрхтэй гэсэн байгаа. Эдгээр заалтуудыг хохирогч зөрсөн гэсэн дүгнэлт гарсан. “Б м” ХХК-ийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь экскаваторыг ажиллуулахтай холбоотой зааварчилгаа. Үүнд экскаватороор автомашины араас нь болон хажуугаас нь ачих хориотой, кабин болон хүмүүсийн дээгүүр шоронг орхиж ирэхийг хориглоно гэсэн заалтууд байгаа. Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 248.1 дэх хэсэгт болохоор гэхэд.

0:17:03-0:17:14 /яриаг нь таслан/ Даргалагчаас: Үндэслэлийг чинь ойлгочихлоо. Тэгэхээр та ямар шинжээч томилуулах юм бэ гэхэд.

0:17:14-0:17:22 Хариуцагчийн өмгөөлөгч: Тэгэхээр экскаваторын хутгуур буюу шанагаараа кабины дээгүүр гаргахыг хориглоно гэсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр үүнийг шинжээч дүгнэлтдээ дүгнээгүй байна гэхэд.

0:17:22-0:17:41 /яриаг нь таслан/ Даргалагчаас: Юуг дүгнүүлэх гээд байгаа юм бэ, Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохыг тулд тусгай мэдлэг бүхий шинжээч томилдог. Тэгэхээр ямар нөхцөл байдлыг тогтоолгохоор шинжээч томилуулах гэж байгаа юм. Үүнийгээ хэлэхгүй байна гэхэд.

0:17:41-0:17:46 Хариуцагчийн өмгөөлөгч: Би одоо уул нь хэлэх гэж байна шүүгч ээ. Би одоо удахгүй дуусна. Хамгийн гол нь би үндэслэлүүдээ бүрэн бүтэн хэлчихмээр байна гэхэд.

0:17:48-0:17:50 /яриаг нь таслан/ Даргалагчаас: Ойлгочихлоо, давтаж яриад байгаа байхгүй юу та гэхэд. 

0:17:51-0:18:00 Хариуцагчийн өмгөөлөгч: Давтагдаагүй л дээ. Дараагийн агуулга нь шинжээчийн дүгнэлт гарсан боловч ажлын байранд дээр ямар хууль дүрэм зөрчсөн бэ гэсэн дүгнэлт гараагүй байна, ийм дүгнэлтийг гаргуулъя гэхэд.

0:18:00-0:18:05 /яриаг нь таслан/ Даргалагчаас: Ийм дүгнэлтийг гаргуулъя гэж ямар дүгнэлтээ хэлэлдээ гэхэд

0:18:05-0:18:45 Хариуцагчийн өмгөөлөгч: Одоо яг хэлэх гэж байна шүүгч ээ. Шинжээчийн асуултаа ч бэлдсэн байгаа шүүгч. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны одоо тэр хөдөлмөрийн харилцаа аюулгүй байдлыг хариуцсан ажилтнуудаас гэрчийн мэдүүлэгт дурдагдаад байгаа үйл баримттай холбоотой үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн юм бэ гэдэг дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэв.

0:18:45-0:18:50 Даргалагчаас: Хохирогч экскаваторын шанагаар давуулж асгасан юм уу, хэн асгаад байгаа юм гэхэд

0:18:53-0:23:48 Хариуцагчийн өмгөөлөгч: Амь хохирогч. Бульдозерын дээгүүр экскаваторын шанагаар давуулж агсаж байгаад шанага нь гацаж осол гарсан. Гэтэл журамдаа экскаваторын шанагыг кабины дээгүүр давуулах хориотой байдаг. Тийм учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын яамнаас энэ үйлдэл нь ямар хууль, дүрэм журам зөрчсөн бэ гэдэг талаар асуулт асууж дүгнэлт гаргуулах гэж байгаа. Эрүүгийн хэргийн 1-р хавтаст хэргийн 14, 15-р хуудсанд хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байсан. Үүнээс харахад осол гарах үеийн бүх хувцас хэрэглэл бүх зүйлийг дурдсан байдаг. Үүнд бүрэн хэрэглэл буюу каск, малгай гэсэн зүйл байхгүй байсан. Үүнээс харахад амь хохирогч нь өөрөө аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж, каск өмсөөгүй байсан учраас осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Уурхайн эмч Б гэдэг хүний өгсөн мэдүүлэг дээр ослын газар очиход талийгаач экскаваторын хаалганд толгой нь хавьцуулагдсан байдалтай байсан гэж хэлсэн. Хэрвээ талийгаач каск өмссөн байсан бол хаалганд хавьцуулагдсан байсан ч амьд гарах боломжтой байсан. Тийм учраас холбогдох баримтуудыг улсын ерөнхий прокурорын архиваас гаргуулах гэж байгаа. Би өөрөө хүсэлт гаргасан боловч ерөнхий прокурорын тушаалын дагуу холбогдогч үүнтэй холбоотой хүсэлт гаргах боломжгүй, харин шүүхийн журмаар гаргуулах боломжтой гэсэн хариу өгсөн. Тийм учраас хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 14-15 хуудсанд авагдсан байгаа. Уурхайн эмч Б-ын гэрчийн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 55-59 хуудсанд авагдсан байгаа. Уулын мастер Өнөболдын гэрчийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 40-47 хуудсанд авагдсан байгаа. Өнөболд нь талийгаачийг ажилдаа гарахад нь зааварчилгаа өгсөн. Стандарт ажлын зааварчлалтай танилцсан бүртгэл 1-р хавтаст хэргийн 160-165 хуудсанд авагдсан байгаа. Эдгээр баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Амь хохирогч нь хэрвээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн гэдэг нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 498.3-д заасан хуулийн үр дагавар үүсэх учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах гэж байгаа гэв.

0:23:48-0:23:52 Даргалагчаас: Нэхэмжлэгч талд хариуцагч талын гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар байна уу гэхэд

0:23:56-0:26:00 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа хэлэв.

0:26:06-0:26:07 Даргалагчаас: Хариуцагч талд нэмж хэлэх зүйл байна уу гэхэд

0:26:10-0:26:24 Хариуцагчийн өмгөөлөгч: Бид нар бол “Б м” ХХК-ийн гэм буруугийн асуудлыг хариуцах эсэхийг ярилцахгүй. Одоо юунд маргаж байна вэ гэхээр Б м ХХК эд хөрөнгийн хариуцах юм уу гэдэгт маргаж байгаа юм гэхэд.

0:26:24-0:26:59 Даргалагчаас: Та нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг ойлгоогүй юм уу, эсвэл өөрөөр тайлбарлах гээд байгаа юм уу. Иргэний хуулийн 498-д ажилтны буруугаас бусдад учруулсан гэм хорыг ажил олгогч хариуцна гэдгийг бид нэхэж байгаа гэж шаардлагын үндэслэлээ нэхэж байна. Та нар ажилтны гэм бурууд маргахгүй байгаа бол одоо шинжээч хэрэггүй гэж байгаад байна гэхэд.

0:26:59-0:28:07 Хариуцагчийн өмгөөлөгч: Ажилтны гэм буруу гэдэг чинь өөрөө Эрдэнэбаатар гэдэг хүнийг яриад байгаа байхгүй юу, бид нар юу ярьж байгаа вэ гэхээр хохирогч өөрөө бас буруутай байна, өөрөө бас илтэд болгоомжгүй, хайхрамжгүй хандсаны улмаас хохирчхоод байна. Хүн хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас бэртэж гэмтээд амь насаа алдах болгонд нь ажил олгогч нөхөн төлбөр өгөөд байвал нөгөө бизнесийн байгууллага, санхүүгийн асуудал хүнд байдалд орох гээд байгаа байхгүй юу, энэ байдлыг харгалзаж үзээд хууль тогтоогчоос 498-т хэрэв хохирогч буруутай байвал ажил олгогчийг хариуцлагаас чөлөөлж болно гэсэн зохицуулалт оруулж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ хуулийн заалтын дагуу маргаад байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн заалтыг тодорхой болгохын тулд ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн үү үгүй юу гэдэгт хариуцсан яамны шинжээчдээр дүгнэлт гаргуулъя гэж байгаа юм. Эрдэнэбаатарын хувьд бид нар бол маргах юм байхгүй. Эрдэнэбаатар бол буруутай, гэхдээ ажилтанд бас буруу байгаад байгаа байхгүй юу гэв.

0:28:07-0:28:08 Даргалагчаас: Нэхэмжлэгчид нэмэлт тайлбар байна уу гэхэд

0:28:09-0:29:01 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбараа хэлэв.

0:29:02-0:29:04 Хариуцагчийн өмгөөлөгч: Би одоо нэг тайлбар хэлчихье, товчхон ярья гээд босож ирэв.

0:29:04-0:29:21 Даргалагчаас: Та болсон, хангалттай ярилаа, даргалагчид захирагдъя гээд алхаа цохиод Шүүх бүрэлдэхүүнд асуулт байна уу” гэж тусгагджээ.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бичгээр гаргасан хүсэлтээ шүүх хуралдаанд уншиж байх үед даргалагч шүүгч Д.Ганболд нь түүний хүсэлтийн шаардлага, үндэслэлтэй холбогдуулан тайлбарыг удаа дараа тасалж, тодруулж асуусан байна.

Шүүх хуралдаан даргалагч нь шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух, тодруулах эрхтэй бөгөөд шүүгч Д.Ганболд хариуцагчийн өмгөөлөгчөөс дээрх байдлаар асуусан асуулт нь хүсэлтийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул түүнийг хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан гэж шууд буруутгах боломжгүй юм.

Харин шүүгч Д.Ганболд нь хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хэлүүлэхгүй зогсоож дахин дахин тодруулж асууж буй байдал,  дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж, хариуцагч талтай харьцахдаа буруу зохисгүй үйлдэл гаргаж хэргийн оролцогчийг үл хүндэтгэсэн, үл тоосон, загнасан, зүй бус хэллэг хэрэглэж зүй бус харьцсан гэх сэтгэгдэл төрүүлсэн байх бөгөөд энэ нь шүүгчийн төвийг сахих зарчмыг алдагдуулсан үйлдэл болсныг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгч Д.Ганболд нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа анхаарах нь зүйтэй.

Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой болохыг дурдав.

5. Өргөдөл гаргагчаас “... шүүгч Д.Ганболд нь “хаана ямар гэрчийн мэдүүлэг байгаа юм, энэ хэрэгт байгаа юм уу, гэж хэлж байгаа нь шүүгч өөрөө хэрэгтэйгээ огт танилцаагүйгээр хуралд орж ирсэн” гэжээ.

2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлттэй холбогдуулан даргалагчаас дараах байдлаар асуулт асуусан байна. Үүнд:

0:32:29-0:33:02 Даргалагчаас: Хүсэлт гаргагчаас асууя. Шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэгт үзлэг хийлгэж байгаад дүгнэлт гаргуулах гэж байгаа юм уу гэхэд.

0:33:02-0:33:20 Хариуцагчийн өмгөөлөгч: Иргэний хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэгт шүүхийн шийдвэр, гэрчийн мэдүүлэг байгаа гэв.

0:33:20-0:33:32 Даргалагчаас: Иргэний хэрэгт авагдсан байгаа гэрчийн мэдүүлэг дээр юм уу. Эрүүгийн хэрэг дээр байгаа гэрчийн мэдүүлэг дээр юм уу гэхэд

0:33:32-0:33:51 Хариуцагчийн өмгөөлөгч: Хоёуланд нь, шүүхийн шийдвэрт байгаа гэрчийн мэдүүлэг болон шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийн дагуу баримт ирвэл үүнээс бас тодорхой харагдана” гэжээ.

Дээрхээс үзэхэд шүүгч Д.Ганболд нь хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой асуулт асуусныг шүүгч хэрэгтэйгээ огт танилцаагүй гэж үзэхгүй.

6.Өргөдөл гаргагчаас: “... нэхэмжлэгчийн төлөөлөгч Налайхад хурал давхцаж байна гэж хэлэхэд “чи өмгөөлөгч юм уу, биш бол чиний асуудал надад хамаагүй” гэх зэргээр бусдыг ялгаварлах байдлаар хандсан нь шүүгчийн ёс зүйд огтхон ч нийцэхгүй” гэжээ.

2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гарсан тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг даргалагч уншиж, танилцуулан улмаар дараагийн хурлыг хэрхэн товлосон нь хурлын дуу, дүрсний бичлэгт дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:

0:00:00-0:02:50 Даргалагчаас шийдвэрээ танилцуулж, ойлгосон эсэхийг зохигчдоос асуухад

0:02:50-0:02:51 Зохигчид: Ойлгосон гэцгээв.

0:02:51-0:03:14 Даргалагч: Хурал товлоё. Нэхэмжлэгчийн төлөөлөгчид өмгөөлөгчөөр оролцдог гэсэн баримт хэрэгт байхгүй тээ. Тэгэхээр танаас дараагийн хуралд асуух уу асуухгүй гэдэг л. За хариуцагчийн өмгөөлөгчид одоо яг товлогдсон хурал байгаа юу хэлэх үү гэхэд.

0:03:14-0:03:29 Хариуцагчийн өмгөөлөгч хэлэв.

0:03:29-0:03:31 Даргалагч: За 9 сарын 10-ны 10 цаг 30 минутад гэхэд.

0:03:31-0:03:34 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч босож ирээд шүүгч ээ би 9 сарын 10-нд 03:00 цагаас Налайх дүүрэгт хуралтай гэхэд.

0:03:34-0:05:54 Даргалагч: Уучлаарай та хуульчийн мэргэжлийн өмгөөлөл явуулах тусгай зөвшөөрөлтэй гэсэн баримт хэрэгт байхгүй. Та хуульд заасан төлөөлөгчийн үүргээ биелүүлнэ. Танаас хурал давхацсан асуудал асуухгүй. Энэ бол таны л асуудал. Би сая тайлбарласан зөвхөн өмгөөлөгчөөс асууж байгаа шүү дээ. Өмгөөлөгч нар төлөөлөгчөөр яваад байгаа учраас ийм асуудал байгаад байгаа байхгүй юу. Та хэрвээ өмгөөлөгчөөр явж байсан бол танаас асуух байхгүй юу. Шүүх бол өмгөөлөгчийн товлогдсон хурлыг зохион байгуулна. Хэрэв өмгөөлөгчийн үнэмлэхээ өгвөл болно гэв.

0:05:54-0:05:55 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үг хэлэв. /сонсогдохгүй/

0:05:55-0:06:00 Даргалагч: Тэгвэл боломжгүй байхгүй юу. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиа уншихгүй юу. За за явж байж болно” гэснээр хурал дууссан нь хурлын бичлэгт тусгагджээ. 

Зохигч, оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд заавал ирэх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зохицуулсан.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь өөрөө өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан нөхцөл буюу энэ байдал нь гомдол гаргах боломжгүй байдлыг бий болгосон байх, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн буюу зорчих боломжгүй нөхцөл үүссэн зэрэг өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ энэ нь холбогдох баримтуудаар нотлогдсон байхыг шаарддаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15:00 цагаас Налайх дүүргийн шүүхэд шүүх хуралтай талаар илэрхийлэхэд шүүгч Д.Ганболд өмгөөлөгчийн адил эрх, эдлэхгүй талаар тайлбарлаж, түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг “бусдыг ялгаварласан” гэж үзэхгүй.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Холбогдох шүүгч Д.Ганболд тайлбартаа:

“... Шүүгч миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчийг тэгш эрхээр хангаж явуулсан гэж үзэж байгаа болно.

Ш.О нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр гэм хорын хохиролд нийт 197,219,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг "Б м" ХХК-д холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авч 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг.

Улмаар хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн байна. Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цаг хугацаанд хүрэлцэн ирээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 009944 дүгээр захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүний дараа хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэл олгосноор төлөөлөгч Ц.И нь нэхэмжлэлийн хувийг гардан авчээ. Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь 26-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлжээ. Үүнээс үзэхэд хариуцагч, түүний төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг зөрчсөн. Ийнхүү хариуцагч тал хуульд заасан үүргээ зөрчсөний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулах боломжгүй болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөгөөний 181/3T2024/..... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгажээ.

Цаашлаад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ...... дугаар захирамжид хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргасныг мөн шүүхийн 25-ны өдрийн ....3 дугаар тогтоолоор үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Үүний дараа шүүх өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор уг хэрэг шүүгч Д.Ганболд надад хуваарилагдсан.

Шүүгч Д.Ганболд би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасныг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ..... дүгээр захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн цаг хугацаанд хариуцагчийн төлөөлөгч хүсэлт гаргасан тул шинжээчийн дүгнэлт шүүхэд ирж, ажиллагааг сэргээсний дараа 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Ингээд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр товлосон боловч хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш даруй жил орчим хугацааны дараа хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасан тул мөн өдрийн .... дугаар захирамжаар хуралдааны товыг өөрчилсөн. Гэвч хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдөр өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг шүүхэд ирүүлсэн. Ийнхүү гэрээ ирүүлсний дагуу хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байсан байна.

Уг шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүйтэй холбоотойгоор хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.

Энэ хуралдаанд шүүгч би даргалагчийн хувьд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасан нөхцөлийг тодруулсан нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлттэй холбоотойгоор өмнөх цаг хугацаанд хууль зүйн туслалцаа авах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулсан нь мөн сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна. Энэ үед хариуцагчийн төлөөлөгч нь мөн оны 05 дугаар сард магистрын диплом хамгаалалттай байсан талаар тайлбарласан тул түүнээс хойших 3 сар орчмын хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй шалтгааныг тодруулсан.

Мөн шүүх хуралдаанд оролцогч нь хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлэхээс өмнөх үйл явдлын талаар тодруулахад өмгөөлөгчөөс бус харин төлөөлөгчөөс асуух шаардлагатай юм.

Цаашлаад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлт гаргаснаар хуралдааныг хойшлуулсан. Энэхүү татгалдах тухай хүсэлтэд энэ сахилгын хэргийн гомдолд дурдсан бүхий л асуудлыг дурдаж, татгалзлын үндэслэл болгосон байдаг.

Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 үгээр сарын 22-ны өдрийн .... дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт буюу сахилгын хэргийн гомдолд дурдсанаар шүүгч намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчид эргэлзээ төрүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэгдсэн байна.

Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь тогтоогдохгүй байсан тул түүнээс дараагийн хуралдааныг товлохдоо өөр хуралдаан давхардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагагүй. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийг төлөөлж гомдол гаргах эрхгүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаж байсан.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, мөн хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан зарлах үед тухайн хуралдаан дээр ямар нэг хүсэлт гаргаж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т нийцэхгүй юм.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны үр дүнд 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанд зохигч эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мөн өдрийн ..... дугаар тогтоолоор эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энд эвлэрэл гэдэг нь зохигч маргааныг өөрсдөө шийдвэрлэх цорын ганц боломж бөгөөд ийнхүү эвлэрснээр хэн аль нь тодорхой хэмжээнд сэтгэл ханамжтай үлддэг болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг бүрэн эдлүүлсэн, хариуцагч нь тодорхой хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахыг санаархаж байсан, мөн гомдолд дурдсан зөрчил гэх үйл баримтыг үгүйсгэсэн Ерөнхий шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа тул гомдлыг хангахгүй орхиж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Ш.О нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Б м” ХХК-д холбогдуулж “Үйлдвэрийн ослын улмаас ажилтанд учирсан хохирол болон эдийн бус гэм хорын хохиролд 197,219,265 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгч Б.Т 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/..... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байжээ.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжин, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулж, тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зөвлөгөөний 191/ЗТ2025/..... дүгээр тогтоолоор, ажиллагаанд байсан хэргүүдийг дахин хуваарилахад, уг хэрэг шүүгч Д.Ганболдод хуваарилагдсан байна.

 

1. Хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд болсон үйл баримтын тухайд,

1.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “магистрын зэргийн хамгаалалттай тул шүүх хуралдаан хойшлуулах, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай” хүсэлтийг хангасан шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжид “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараагийн шүүх хуралдаан товлогдох хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулсан байхыг мэдэгдэх ...” талаар дурдаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан[1].

Хариуцагч тал 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж[2], 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгчтэй оролцон, хэргийн материалтай танилцахын тулд шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан нь дуу-дүрсний бичлэгээр тогтоогдоно.  Тухайлбал, бичлэгийн 0:07:09 дэх хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч: ... миний зүгээс өнөөдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна ... хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, өмгөөлөлд бэлтгэх хугацаа шаардлагатай байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна ... гэсэн,

- ... 0:18:21 дэх хормоос даргалагч: ... Энэ  нэхэмжлэлийг нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Танай байгууллага шүүхийг үл хүндэтгэсэн учраас албадан ирүүлэх захирамж гаргасны дагуу 06 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг танд гардуулсан байна. Өнөөдөр хэдэн сарын хэдэн бил ээ, мэдэж байгаа байх тийм ээ, 1 жил 3 сар өнгөрсөн. Энэ хугацаанд яагаад өмгөөлөгч аваагүй юм. Яг хэргийг шийдвэрлэх гээд хуралдаан зарлахаар өмгөөлөгч аваад, өмгөөлөгчид бол хэргийн материалтай танилцах эрх нь байдаг, гэхдээ таны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулаад байна вэ. Энэ танаас шалтгаалж байна уу, байгууллагаас шалтгаалж байна уу. Хэнээс нь шалтгаалж зөрчлийн арга хэмжээ авах нөхцөл байна уу, үүссэн байна уу, үгүй юу гэдгийг шалгахын тулд танаас асууж байгаа юм. 1 жил 3 сарын хугацаанд өмгөөлөгч аваагүй байж яагаад өчигдөр гэрээ хийгээд ирж байгаа юм. Танд арга хэмжээ авбал 300.000 төгрөг, байгууллагад чинь арга хэмжээ авбал байгууллагыг чинь 10.000.000 төгрөгөөр торгодог. За хариулъя гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний зүгээс итгэмжлэл аваад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Энэ хугацаанд өмгөөлөгчийн хэрэгцээ шаардлага хэрэгтэй болсон учраас компанийн удирдлагууддаа хэлсэн. Тэр үед хамтран ажиллах боломжтой өмгөөлөгчийг эрэн хайж байгаад удирдлагууд энэ өмгөөлөгчийг авах шийдвэр гаргаад би удирдлагуудын шийдвэрийг дагасан.

- даргалагч: Удирдлагын буруутай үйл ажиллагаа учраас байгууллага аа 10 сая төгрөгөөр торго гэж хэлж байгаа гэж ойлголоо зөв үү гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэгж хэлээгүй ээ.

- ... даргалагч: ... Та 5 сарын 21-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж байсан байна. Тэгэхээр ажиллагаандаа оролцоод яваад байсан байхгүй юу та. Тэгэхээр өмгөөлөгч авах эрх бол байгаа. Гэхдээ яагаад оролцоод явж байсан мөртөө хэргийг шийдвэрлэх гэхээр санаатай саад учруулаад байгаа юм гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 5-р сарын 22-ны өдөр би магистрын хамгаалалттай байсан. Тухайн үед би өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн.

- даргалагч: Хэнд өгсөн бэ, шүүхэд өгөөгүй шүү гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн байгаа, хамгийн сүүлд захирамж гаргасан гээд гэхэд

- даргалагч: Шүүхэд өмгөөлөгч авах хүсэлтээ хэзээ өгсөн бэ гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 5 сарын 20-ны өдөр 5 сарын 22-ны өдрийн хуралдаанд байсан.

- даргалагч: 5-р сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сар. Шүүх таны өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг чинь бол хязгаарлаагүй, 3 сарын хугацаанд та өмгөөлөгч авахгүй байж байгаад яг хурал зарлахаар яагаад аваад байгаа юм вэ гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би тухайн үед байгууллагынхаа удирдлагуудад хэлээд өмгөөлөгч авах шаардлагатай, өмнө нь гаргасан хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй байсан. Тэр үед наадмын амралт болоод өмгөөлөгч нар ажилдаа орохгүй байсан. Манай байгууллагатай хамтран ажилдаг байсан өмгөөлөгч хүртэл наадмын амралттай байна, амралт дуусаад эргээд холбогдоно гэж хэлсэн. Үүний дагуу удирдлагуудтай холбогдоод гэрээгээ байгуулаад орж ирсэн.

- даргалагч: Эрхийн чинь хажуугаар үүрэг гэж юм давхар бас байдаг юм шүү дээ. За сууж бай ... гэжээ.

Үүнээс үзвэл, шүүх хуралдааны бэлтгэл хангаагүй хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгааг тайлбарласан, мөн саад учруулбал хуульд зааснаар арга хэмжээ авах талаар сануулж шаардлага тавьсан шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

1.2. Мөн шүүх хуралдаан даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж байхад, хариуцагчийн өмгөөлөгч би тайлбар хэлж болох уу гээд асуултад хариулах гэхэд даргалагч “Танаас асуугаагүй байна та сууж байх уу. Хэнээс асуух аа шүүх мэдчихье тэгэх үү. Та хэрэгтэй танилцана, юу ч мэдэхгүй байгаа гэж хэлээд байгаа болохоор та хариулж чадахгүй ... Та хэргээ мэдэхгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Би одоо хэргээс асуух гэж байна ...” гэсэн нь дуу-дүрсний бичлэгт тусгагджээ.

 Шүүгчийн дууны өнгө нь хэт чанга, зандарсан биш байх тул зохисгүй авирласан гэж үзэхгүй ч хэргийн оролцогчид хандаж байгаа хандлага нь шударга бус хандсан гэж үзэх, ялгаварлан гадуурхсан байдал гаргасан гэх сэтгэгдлийг төрүүлж болох тул цаашид харилцаа, хандлагад анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Иймд, илтгэгч гишүүний “... шүүгч Д.Ганболд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуухад өмгөөлөгч нь асуултад хариулах гэхэд даргалагчаас “Танаас асуугаагүй байна та сууж байх уу. Хэнээс асуух аа шүүх мэдчихье тэгэх үү. Та хэрэгтэй танилцана, юу ч мэдэхгүй байгаа гэж хэлээд байгаа болохоор та хариулж чадахгүй” гэж хэлснийг “өмгөөлөгчийн тайлбар хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн” үзэхгүй. ... Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ. Иймд шүүгч Д.Ганболд нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа анхаарах нь зүйтэй.Өргөдөлд дурдсанчлан “өөрөөс чинь асуугаагүй байна, би зөвхөн энэ хүнээс хариулт авна, суу” гэж өндөр дуугаар зандарсан” гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

2. Өргөдөлд дурдсан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд болсон үйл баримтын тухайд,

2.1. 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд иргэдийн төлөөлөгч ирээгүй байна. Тус хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нягталбал, үүнтэй холбогдуулж талуудаас ирцтэй холбоотой санал, хүсэлт асуухдаа,

- 0:04:15 дахь хэсэгт даргалагч: Иргэдийн төлөөлөгч нарт ирцтэй холбоотойгоор өмнөх хуралдаанд оролцуулна гэсэн. Шүүх бол 3 иргэдийн төлөөлөгч сугалдаг бөгөөд үүнийг программ хэрэгжүүлдэг. Үүний нэг нь шууд ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Дараагийн 2 нь ирнэ гэсэн боловч ирээгүй. Энэ хуралд аль алинд дахин мэдэгдсэн боловч ирнэ гэж байгаад өнөөдөр өглөө нэг нь “Сэлэнгэ аймагт байна, гэнэтийн ажил гарсан талаар” мэдэгдсэн. Нөгөө төлөөлөгчийн хувьд бол одоо ингээд очно оо бид нар бас сая 10 минут хүлээж байгаад ирж байна уу гээд залгахад “хүүхэд харах хүн ирж байна гэсэн боловч ирэхээ болчихлоо би очиж чадахгүй” гэж байна лээ. Энийг шүүхээс шалтгаалах нөхцөл үүссэнгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгчид ирцтэй холбоотой ямар санал байна гэхэд

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх саналтай байна.

- ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан саналаа дэмжиж байна. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж байна.

- даргалагч: Та өөрөө хуульч мэргэжилтэй юу, зүгээр тэнд ажилладаг хүн үү гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрх зүйч мэргэжилтэй.

- даргалагч: Тэгээд ч ерөнхийдөө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа шүүдээ тийм ээ гэхэд

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм.

- даргалагчаас: Хуульд зааснаар бол иргэдийн төлөөлөгчийг албадан ирүүлэх боломжгүй. Иргэдийн төлөөлөгч бол санал гаргадаг. Саналын дагуу хэрэг шийдэгдэнэ гэсэн яг хуульд тийм зохицуулалт байдаггүй. Саналыг харгалзана л гэсэн үг байгаа. Тэгэхээр шүүх хурлаа хийвэл яадаг гэсэн юм гэх зүйлд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөх зүйл байна уу гэхэд

- хариуцагчийн өмгөөлөгч: Би ирцтэй холбоотой санал хэлье. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Яагаад вэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс 3 үндэслэлээр шаардлага гаргасан байгаа. Нийт нэхэмжлэлийн шаардлага 197 сая төгрөг буюу багагүй хэмжээний мөнгөн дүн гаргуулахаар шаардсан. Хоёрдугаарт талууд гэм хорын асуудалд маргаан үүсгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн буруутай үйлдэл гэж маргаж байгаа. Хариуцагч талын зүгээс амь хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж маргаж байгаа. Гэм хорын хохиролтой холбоотой бүрэлдэхүүнтэй хурал болж байгаа учраас журмынхаа дагуу иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан саналыг нь сонсох зүйтэй гэж бодож байна.

- мөн 0:08:03-0:08:13 дахь хэсэгт даргалагч: Ирцтэй холбоотой саналыг чинь бол сонслоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу гэхэд талууд санал, хүсэлт, тайлбараа хэлж, тус хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж, иргэдийн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ[3].

Шүүх хуралдаанд томилогдсон ч ирээгүй иргэдийг төлөөлөгчийг оролцуулах эсэх талаар хэргийн оролцогч нар өөр өөр саналтай байсан, үүнээс үүдэн даргалагч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульч эсэхийг тодруулсан, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах үр дагаврыг тайлбарлан өгснийг “хөтлөх байдлаар асуулт асууж, төлөөлөгчийн байр суурийг өөрчлөхийг завдсан” гэж үзэх үндэслэлгүй.

Үүний шалтгаан нь иргэдийн төлөөлөгч ирээгүйгээс хойшлоод байгаа шүүх хуралдаанаа хийх гэсэн зорилго байгаа болохоос бус хэргийн оролцогчийн ойлгосноор, “иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах алба байхгүй, зөвхөн санал асуудаг” гэсэн байр суурийг илэрхийлсэн үзэхээргүй байна.

 

2.2.Мөн саналд хуралдаан даргалагч ирцтэй холбоотой санал, хүсэлтийг шийдвэрлэлгүй талуудаас шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулсныг илтгэгч гишүүн “... хариуцагч талаас иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан үүнтэй холбогдуулан шүүгч ирцтэй холбоотой асуудлаа шийдвэрлээгүй байж хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар оролцогчдоос асуусан нь ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчилд хамаарна ... гэхдээ ... ноцтой эсхүл удаа дараа ... байх нөхцөлийг хангаагүй ...” гэж дүгнэжээ.

2025 оны 08 дугаар сарын 20, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд, иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч ирээгүй талаар тэмдэглэлд тусгагдсан[4], энэ шалтгаанаар дээрх шүүх хуралдаанууд хойшилсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хэргийг хянан хэлэлцсэн тухайн өдрийн хуралдаанд нэхэмжлэгч иргэдийн төлөөлөгчгүйгээр хуралдах гэсэн бол хариуцагч нь зайлшгүй иргэдийн төлөөлөгч оролцуулна гэж ирцтэй холбоотой талууд өөр өөр санал хүсэлт  хэлсэн, уг хүсэлтийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх нөхцөлд, хэргийн оролцогч нараас өөр хүсэлт байгааг тодруулан хамтатган шийдвэрлэсэн шүүгчийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэхгүй.

Иймээс, “... Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь хариуцагч талаас иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан үүнтэй холбогдуулан шүүгч ирцтэй холбоотой асуудлаа шийдвэрлээгүй байж хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар оролцогчдоос асуусан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна ... ” гээд холбогдох шүүгчийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.  

 

2.3.Тухайн шүүх хуралдаанд ирцтэй холбоотой саналыг сонссоны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байгаа эсэх талаар асуусан, хариуцагчийн өмгөөлөгч 11 хуудас баримт өгөөд, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүх хуралдааны бичлэгийн 08:13-18:05 хүртэлх 10 минут орчим хугацаанд, өмгөөлөгч хүсэлтээ тайлбарласан, даргалагч болон бүрэлдэхүүн тодруулж асуусан зэргийг тухайлан илтгэгч гишүүн дүгнэсэн.

Бичлэгээс үзвэл, даргалагч шинжээчээр юуг дүгнүүлэх гэж байгааг, ямар нөхцөл байдлыг тогтоолгохоор шинжээч томилуулах байгааг тодруулсан, хариуцагчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт гарсан боловч ажлын байранд дээр ямар хууль, дүрэм зөрчсөн бэ гэсэн дүгнэлт гараагүй, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн харилцаа аюулгүй байдлыг хариуцсан ажилтнуудаас Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаагаа тодруулж хэлсэн, тус шинжээч томилох хүсэлттэй холбоотой нэхэмжлэгч тал тайлбар хэлсэн, үүнд хариуцагчийн өмгөөлөгч тайлбар хэлсний дараа нь  хариуцагчийн өмгөөлөгч “Би одоо нэг тайлбар хэлчихье, товчхон ярья” гээд босох үед даргалагч “Та болсон, хангалттай ярилаа, даргалагчид захирагдъя” гээд алхаа цохиод, шүүх бүрэлдэхүүнд асуулт байна уу” гэсэн болох нь тусгагджээ.

Дээрхээс үзвэл шүүгч Д.Ганболд нь хариуцагчийн өмгөөлөгчийг хүсэлттэйгээ холбогдуулан тайлбар хэлж байхад хүсэлтийн үндэслэлийг нь тодруулахаар асуулт асуусан байх ба энэ нь өмгөөлөгчийн эрх ашиг, сонирхлыг ноцтой хөндсөн хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Иймд, энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

 

2.4.Бичлэгийн 0:32:29 дэх хэсэгт даргалагч: Хүсэлт гаргагчаас асууя. Шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж байгаа. Тэгэхээр эрүүгийн хэрэгт үзлэг хийлгэж байгаад дүгнэлт гаргуулах гэж байгаа юм уу гэхэд

- хариуцагчийн өмгөөлөгч: Иргэний хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт шүүхийн шийдвэр, гэрчийн мэдүүлэг байгаа.

- даргалагч: Иргэний хэрэгт авагдсан байгаа гэрчийн мэдүүлэг дээр юм уу, эрүүгийн хэрэг дээр байгаа гэрчийн мэдүүлэг дээр юм уу гэхэд

- хариуцагчийн өмгөөлөгч: Хоёуланд нь, шүүхийн шийдвэрт байгаа гэрчийн мэдүүлэг болон шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийн дагуу баримт ирвэл үүнээс бас тодорхой харагдана ...” гэсэн байгаагаас шүүгч Д.Ганболд нь хариуцагчийн өмгөөлөгчийн эрүү болон иргэний хэргээс баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийн талаар тодруулж асуусан үйл баримтыг “шүүгч хэрэгтэйгээ танилцаагүй” гэж үзэхгүй.

 

2.5.Даргалагч шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулахдаа, дараагийн хурлыг хэзээ товлох талаар хэргийн оролцогч нараас санал асууж, хуралдааныг 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10:30 минутад товлох талаар хэлэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгч ээ би 09 дүгээр сарын 10-нд 15:00 цагаас Налайх дүүрэгт хуралтай” гэхэд,

- даргалагч: Уучлаарай та хуульчийн мэргэжлийн өмгөөлөл явуулах тусгай зөвшөөрөлтэй гэсэн баримт хэрэгт байхгүй. Та хуульд заасан төлөөлөгчийн үүргээ биелүүлнэ. Танаас хурал давхацсан асуудал асуухгүй. Энэ бол таны л асуудал. Би сая тайлбарласан зөвхөн өмгөөлөгчөөс асууж байгаа шүү дээ. Өмгөөлөгч нар төлөөлөгчөөр яваад байгаа учраас ийм асуудал байгаад байгаа байхгүй юу. Та хэрвээ өмгөөлөгчөөр явж байсан бол танаас асуух байхгүй юу. Шүүх бол өмгөөлөгчийн товлогдсон хурлыг зохион байгуулна. Хэрэв өмгөөлөгчийн үнэмлэхээ өгвөл болно ...” гэсэн нь бичлэгт тусгагдсан байна.

Б.С нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.О-ийн нэхэмжлэлтэй, “Б м” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба өөр шүүхэд хуралдаантай гэж өмгөөлөгчийн байр сууринаас хариулт өгсөн, шүүгч өмгөөлөгч эсэх, үнэмлэхтэй эсэх талаар тодруулсныг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Бусдыг ялгаварлах гэдэг нь хуульд заасан үндэслэлгүйгээр хэн нэгнийг бусдаас ялгаатай, тэгш бус байдалд оруулах, ингэснээр тухайн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эдлүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Даргалагчийн дээрх үйлдэл нь “... бусдыг ялгаварлах байдлаар хандсан ...” гэж үзэхээргүй байх тул илтгэгч гишүүний “... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15:00 цагаас Налайх дүүргийн шүүхэд шүүх хуралтай талаар илэрхийлэхэд шүүгч Д.Ганболд өмгөөлөгчийн адил эрх, эдлэхгүй талаар тайлбарлаж, түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг “бусдыг ялгаварласан” гэж үзэхгүй ...” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Дашрамд шүүгчид онцгойлон анхааруулахад, шүүгчийн дээрх үйлдлүүд нь сахилга, ёс зүйн зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар үр дагавартай үйлдэл биш боловч Бангалорын зарчимд шүүгчийн зохистой байдлыг “... Зохистой байдлыг эрхэмлэх, тийнхүү харагдах нь шүүгчийн хийж гүйцэтгэх бүхий л үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай … Шүүгч өөрийн бүхий л үйл ажиллагаандаа зохисгүй байдал гаргахгүй байж, тийнхүү зохисгүй байдалтай гэж харагдахгүйгээр биеэ авч явбал зохино. Шүүгч нь олон нийтийн байнгын хяналтад байдаг тул жирийн хүний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хэм хэмжээг өөртөө тогтоож, түүнийгээ ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр, сайн дураараа хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа, шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохино …” гэж тайлбарласанд харшилсан байж болохоор байх тул цаашид ажил, албан үүргээ гүйцэтгэхдээ баримталж ажиллавал зохино.

 

Дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2026/0002 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

               ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

 

               ГИШҮҮД                                           О.НОМУУЛИН

 

                                                                           Х.ХАШБААТАР

                                                                               

 

[1] Сх-ийн 86-87 дахь тал

[2] Сх-ийн 88-89 дэх тал

[3] Сх-ийн 119-124 дэх тал

[4] Сх-ийн 90, 113 дахь тал