
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-07
Дугаар 2
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар, өргөдөл гаргагч “М” ХХК-ийн захирал Н.Э-ийн өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
“М” ХХК-ийн захирал Н.Э өргөдөлдөө: “ ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК, Ц.Э нарт холбогдох өмчлөгчийг хуурч мэхлэн, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбай бүхий 3 өрөө 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв талбай бүхий 3 өрөө 2 ширхэг орон сууц нийт 3 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгож, ...дүүргийн ...дүгээр хороо, ...хороолол, ...хотхон ...-р байрны дээрх орон сууцны үнэ болох 224,378,000 төгрөгийн Ц.Э-ээс 112,189,000 төгрөг “Х” ХХК-иас 112,189,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдсэн болно.
Шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04...1 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба шүүгч Б.Баярмаа нь шүүх хуралдаан дээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “...хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна...”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “... Шүүгчид дараах зүйлийг хориглоно", мөн хуулийн 50.1.31-т “...хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх...”, 50.1.36-д “... шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох...”, 50.1.38-д “...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх...” гэж заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгч компанийн захирал Н.Э намайг эмэгтэй хүн барилгын ажлыг явуулахад хэцүү гэх зэргээр хүйсээр нь ялгаварлан гадуурхсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “... Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан...” 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт шүүгчид хориглох зүйлийг заасан байх ба 50.1.1 дэх хэсэгт “...албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох...” мөн хуулийн 50.1.23-т “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах...” гэж заасныг тус тус зөрчиж иргэн, аж ахуйн нэгжийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулан, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударгаra шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зарчмыг алдагдуулж, хариуцагч талд хөтөлсөн асуултыг удаа дараа тавьж, нэг талд давуу байдлыг бий болгосон.
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1 цаг 02 минут үргэлжилсэн шүүх хуралдааны видео бичлэгийн:
37:00 минутад Хамтран ажиллах гэрээний хүрээнд “...та орон сууцад яаж гар бие оролцсон бэ?...” гэж асуугаад шүүгч өөрийнх нь хүссэн хариултыг хариуцагч өгч чадахгүй байсан тул үргэлжлүүлэн
42:45 дахь минутад шүүгч “...Барилгын ажлыг эмэгтэй хүн ганцаараа явуулах хэцүү шүү дээ, таны оролцоо юу байсан бэ?...”, 44:10 дахь минутад “...Н.Э тухайн барилгын явцад юу хийж байсан бэ?...”, хэмээн эрэгтэй хүн л барилгын ажлыг явуулдаг, эмэгтэй хүн барилгын ажил явуулж чадахгүй, та л энэ барилгын ажлыг хийсэн юм биш үү гэх агуулгаар асууж байсан. Энэ нь хэргийн оролцогчийг хүйсээр ялгаварласан, хэргийн оролцогчийн чадварын талаар тодорхойлсон үйлдэл бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.31, 50.1.36-д заасан зөрчилд хамаарна гэж үзэж байна.
Мөн шүүх хуралдааны бичлэгийн 46:15 минутад “... Та нэлээн оролцоотой байсан юм байна, 3, 13 битгий хэл байр авахаар байсан байна...”, 34:50 дахь минутад маргааны үндэслэл болсон 3 орон сууцыг “...хэний өмч байх нь хамаагүй шууд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар авсан байна тэ?...”, 49:22 дахь минутад “... Хууль бусаар зарж үрсэн юм байхгүй ээ гэх гээд байна тэ...” гэх мэтээр шүүхийн хэлэлцүүлгийн шат дуусаж, шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрээ гаргахаасаа өмнө та угаасаа хамтран ажиллах гэрээний дагуу авсан 13 байрнаасаа гадна 3 байр авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч таны оруулсан хөрөнгө оруулалт болон таны хөдөлмөрөөс харахад өшөө илүү ч олон байр авах ёстой байсан юм биш үү гэх ойлголтыг хэргийн оролцогчдод өгсөн. Ц.Э нь тухайн барилга дээр өдөр бүр ирж ажиллаж байсан болон байгаагүй эсэхийг нотлоогүй байж өөрийн бодлоор дүгнэж ярьсан болно.
Өөрөөр хэлбэл шүүх завсарлахаасаа ч өмнө энэ хэргийн талаар аль хэдийн шийдвэрээ гаргасан, мөн хариуцагчид давуу байдал бий болгох байдлаар хариуцагчийг хөтөлсөн асуултуудыг асууж хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийн талаар болон гарах шийдвэрийн тухай саналаа урьдчилан илэрхийлж байсан. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.38, 50.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн шүүгч Б.Баярмаа нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөнөөс гадна Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-т “... Шүүгч нь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүнчлэн тийм үйл ажиллагаанд дэмжиж оролцох эсхүл дээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад гишүүн байхыг хориглоно...”, 2.1.2-т “...Шүүгч нь өмчийн аливаа төрөл, хэлбэрийг алагчилж болохгүй...”, 3.2 дугаар зүйлийн 3.2.2 “... Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус хандах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй үйлдлийг гаргаж болохгүй...”, 3.4. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүгч хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан илэрхийлэх...-ийг хориглоно...” гэж заасныг зөрчин шүүх хуралдаан эхлэхээс өмнө урьдаас хэргийг шийдчихсэн мэт авирлаж, шийдвэрийн тухай саналаа илтэд илэрхийлж, нэхэмжлэгчийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, түүний ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй асуулт асууж байсан.
Мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэр нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар албажиж гарсан ба, шүүгч ээлжийн амралтаа авсан гэх тайлбарыг өгсөөр 1 сар гаруйн хугацаа өнгөрсөн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт “... Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно...” 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “... Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна...” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна.
Дээрхээс үзэхэд шүүгч нэг талд давуу байдлыг бий болгож Монгол Улсын үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчин шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, цаашид шүүхэд итгэх итгэл үнэмшлийг алдагдуулж байх тул Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 55.1-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа: “... “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Э, “Х” ХХК нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э нар оролцжээ. Харин нэхэмжлэгч “М” ХХК-ийн ерөнхий захирал оролцоогүй байна.
...нэхэмжлэгч “М” ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э-ийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, сүүлийн байдлаар хариуцагч Ж.Ч-оос татгалзан өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэлээр хариуцагч “Х” ХХК, Ц.Э нараас ...дүүргийн ...дүгээр хороо, “Э” хотхоны ...дүгээр байрны ...тоот, Ү-22.....42, Y-20.....43, Ү-22......44 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг.
Уг нэхэмжлэлийн шаардлага шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбогдуулан шүүгч шүүх хуралдааны явцад хариуцагчаас “ ...Барилгын ажил эмэгтэй хүн өдий зэрэгтэй 17 давхар байшин барина гэхээр хэцүү шүү дээ. Таны хөдөлмөр оролцоо хэр байсан бэ?...” гэж асуусан нь хэргийн оролцогч болон бусад оролцогчийг хүйсээр нь ялгаварлан гадуурхсан, аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн, хэргийн оролцогчийн чадварын талаар тодорхойлсон үйлдэл гаргасан гэж үзэхгүй.
Нөгөөтээгүүр, шүүгч “эмэгтэй хүн барилгын ажил хийх хэцүү шүү дээ” гэж асуусан нь “эмэгтэй хүн хийж чаддаггүй”, “эмэгтэй хүн хийх ёсгүй” гэсэн утга агуулаагүй. Харин тухайн ажил, мэргэжлийн нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн үйл баримтыг тогтоох үйл ажиллагааны хүрээнд тавигдсан асуулт байна.
Түүнчлэн, шүүгчийн хэргийн оролцогчоос асуулт асууж буй байдал, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж, нэхэмжлэгч талтай харьцахдаа буруу зохисгүй үйлдэл гаргаж хэргийн оролцогчийг үл хүндэтгэсэн, үл тоосон, загнасан, зүй бус хэллэг хэрэглэж зүй бус харьцсан гэх мэт нөхцөл байдал шүүх хуралдааны дүрс бичлэгт тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
...2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд даргалагчаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч хариу тайлбараа ярьсны дараа зохигч, оролцогч мэтгэлцэх үе шатанд дараах байдлаар бичигдсэн байна. Үүнд:
0:13:57-0:14:05 Даргалагчаас: Асуулт хариултын үе шатаа эхэлье. Нэхэмжлэгч талд хариуцагчаас асуух асуултаа асууя гэхэд.
0:14:05-0:14:07 Нэхэмжлэгчийн тал: Байхгүй байна гэцгээв.
0:14:07-0:14:08 Даргалагчаас: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуултаа асууна уу гэхэд.
0:14:09-0:14:14 Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Асуух асуулт байхгүй” гэх хэсгээс үзэхэд зохигчид бие биеэсээ асуулт асууж, мэтгэлцээгүй тул даргалагч шүүгч тэдгээрээс асуулт асуусан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохын тулд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, хариуцагчийн зүгээс гаргаж буй тайлбар, нотлох баримтыг няцаах учиртай.
Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
Анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд даргалагч болон шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, зүй бус харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгч Б.Баярмаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсныг “хариуцагч талд удаа дараа хөтөлсөн асуулт асуусан” гэж үзэхгүй.
...Шүүх хуралдааны бичлэгийн 0:46:18-0:46:23 Даргалагчаас: “Та тэгэхээр нэлээн оролцоотой байсан харагдаад байна. Гурав битгий хэл орон сууц захиран зарцуулах эрх байсан уу үгүй юу” гэж бичигдсэн бөгөөд дээрх байдлаар асуулт асуусан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн гэж үзэхгүй.
Тодруулбал, шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нь шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй бөгөөд ба шүүгч Б.Баярмаа хариуцагчаас дээрх байдлаар асуусан асуулт нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул түүнийг буруутгах боломжгүй юм.
...Иймд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос хэргийн үйл баримттай холбоотой асуулт асуусан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.38-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
...Сахилгын хэрэгт авагдсан шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/0...1 дугаар шийдвэрийг гардуулсан баримтаас үзэхэд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохигчдод гардуулжээ. ...Шалгах ажиллагааны явцад “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийхэд тус шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр системд оруулж баталгаажуулсан байна.
...Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрийн төсөл 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр /Баасан гараг/ гарч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар албажиж, улмаар хэргийн оролцогчдод мэдэгдэн, гардуулсан гэж үзэхээр байна.
Гэтэл шүүхийн шийдвэр хуульд заасан албажуулж гаргах хугацаанаас 19 хоног хэтэрч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр албажуулсан байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан шүүгчид хориглосон сахилгын зөрчилд тооцогдох боломжгүй юм.
Түүнчлэн, холбогдох шүүгч нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 223 эрхийн акт бичсэн, үүнд 54 шүүх хуралдааны тэмдэглэл хянасан, 15 гүйцэтгэх хуудас бичсэн, 108 шүүгчийн захирамж, 2 шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр 42 гаргасан ажлын ачаалалтай, түүнчлэн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан зэрэг шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэр гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэйг дурдав.
Түүнчлэн, тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2..6 дугаар албан бичигт дурдсанаар “ ...тус шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга Н.М: “ 2 шүүгч дундаа 1 нарийн бичигтэй бөгөөд ажлын өдрүүдэд шүүх хуралтай, ачаалал ихтэй байсан тул хугацаандаа гаргаж өгөөгүй, ...2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүгчид хянуулахаар өгч 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албажиж гарсан болно” гэх тайлбарыг өгчээ.
Дээрхээс үзэхэд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ТМ2025/0...3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу 30 хоногийн дараа буюу албажиж гарсан байна.
Мөн тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг шүүхийн 192/ТМ2025/0...3 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд ...нийт 1 цаг 02 минут үргэлжилсэн, шүүхийн хэлэлцүүлгийн үе шат явагдсан дуу, дүрсний бичлэгийн 10 минут гаруй хугацааны даргалагчийн асуулт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн нарын тайлбар, асуулт хариултын шатанд хэлсэн тайлбарууд дутуу, товч байдлаар тусгагдсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдлоо.
...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийн удирдлага дор шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогчид танилцуулах, шүүгчээр баталгаажуулж хэрэгт хавсаргах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүрэгт хамаарна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдын тайлбар дутуу бичигдсэн, хуульд заасан хугацаанд албажуулж гаргаагүйд шүүгчийг буруутган сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай юм. Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан баримтаар даргалагч шүүгч Б.Баярмаа нь санаатайгаар шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын тайлбарыг дутуу тусгах, орхигдуулах талаар нарийн бичгийн даргад үүрэг болгосон гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй...” гэжээ.
Шүүгч Б.Баярмаа тайлбартаа: “ ... надад холбогдуулан “М” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Э-аас гаргасан өргөдөлд дараах тайлбар гаргаж байна.
“М” ХХК нь анх Ж.Ч, “Х” ХХК нарт холбогдуулан 3 ширхэг, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түүнийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасныг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэгдэж 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/0...5 дугаар шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1..3 дугаар магадлалаар хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үеэс миний бие тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Маргаж буй орон сууцтай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэгч тал гомдол гаргасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байдалтай удааширсан бөгөөд уг маргаан хянан шийдвэрлэгдсэн үндэслэлээр тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/0...1 дугаар шийдвэрээр тус хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсан.
1.“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Э-ийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, сүүлийн байдлаар хариуцагч Ж.Ч-оос татгалзан өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэлээр хариуцагч “Х” ХХК, Ц.Э нараас ...дүүргийн ...дүгээр хороо, ... хотхоны ...дүгээр байрны ...тоот, Ү-22....42, Y-20.....43, Ү-22....44 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/0...1 дугаар шийдвэр гарахаас өмнө уг маргааныг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүтэн хэлэлцүүлсэн бөгөөд тус шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын зарим гэрээ хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-иас хариуцагч “Х” ХХК, түүнийг төлөөлж Ц.Э-тэй байгуулсан хөрөнгө оруулалтын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 12-ны 04/2..5 дугаар гэрээнүүдийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэн шүүгчийн 192/Ш32025/1...6 дугаартай захирамж гарсан, уг захирамжийн үндэслэлд тухайн шатны шүүхэд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан журмаар гомдол гаргах эрх нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй.
Энэ шүүх хуралдаанаар хэргийг бүхэлд нь бүтэн хэлэлцүүлж дууссан, дараагийн буюу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааны процесст нэхэмжлэгч тал гомджээ.
Тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжийн биелэлтийг нэхэмжлэгч тал хангуулан нотлох баримтыг ирүүлсэн гэж үзэж, тус иргэний хэргийг дахин 2 дахь удаагаа бүрэн хэлэлцүүлэн хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн төлөөлөгч томилох, өмгөөлөгч нар оролцуулах байдлаар өөрөө сүүлийн хуралдаануудад биечлэн оролцдоггүй байсан.
Тус бүрэн хэлэлцүүлсэн 2 удаагийн шүүх хуралдаануудад хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э-г оролцуулахыг хүсдэг боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар түүний бүрэн эрхийг бүрэн шүүхэд төлөөлнө шаардлагагүй гэж зөвшөөрдөггүй, шүүхийн зүгээс хүчин төгөлдөр итгэмжлэлтэй тул тэдгээрийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг.
Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Э тус шүүх хуралдаануудад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г нарыг маргааны үйл баримт та нар юу ч мэдэхгүй би энд Н.Э-тай л ярих юм бий гээд нэхэмжлэгч талын тайлбарт няцаалт хийдэггүй, шүүх асуулт байдлаар тодруулахаас өөр боломж байгаагүй. Нэхэмжлэгч талыг төлөөлсөн төлөөлөгч, өмгөөлөгч нар ч шүүгчийн тавьсан асуултанд эргэлзээгүй тайлбар гарган мэтгэлцэж чаддаггүй байсан.
Иймд шүүх өмнө хэргийг бүтэн хэлэлцүүлсэн байсан тул маргааны үйл баримтыг урьдчилж мэдэж таамаглаж байсныг үгүйсгэхгүй ч зохигч талууд шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцээгүй тул зарим зүйлийг асуух байдлаар өөрийн дотоод итгэлийн хүрээнд асууж тодруулсан асуултыг хүнийг хүйс, нийгмийн гарал, байдал, ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э өөрийн биеэр байгаагүй, шүүх хуралдааны дотоод уур амьсгалыг мэдээгүй цаашлаад нэхэмжлэгч тал нь хариуцагч талтай нэгэн үе хамтран ажиллаж 3 цогцолбор барилга байгууламж байгуулан хамтран ажиллахаар тохиролцож гэрээ хэлцлийн нэг тал болж уг ажилд гар бие оролцож байсан талуудын хоорондоо маргах болсон үйл баримт, маргааны үндэслэлийг шүүх тодруулах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч “Х” ХХК-ийн газар дээр барилга байгууламж барьсан, уг хариуцагч компанийн хувьцааг Н.Э хамтран эзэмшиж байсан атал хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийг өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн 3 ширхэг орон сууц шилжүүлэн авсан, захиран зарцуулсан гэх тайлбар гаргасныг шүүгч өөрийн дотоод итгэлийн хүрээнд эргэлзээ төрсөн учир хэрхэн хариуцагч тал хамтран оролцсон, түүний оролцоо байсан эсэхийг тодруулах үүднээс асууж тодруулсан болно. Мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх 2017 оны үед нэхэмжлэгч тал хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Э-тэй ашиг сонирхол нэгтэй тайлбар гаргадаг, нэхэмжлэл үндэслэлтэй гэх тайлбар гарган дэмжин оролцдог байсан атал нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Ч-оос татгалзсантай холбогдуулан зохигч талууд яагаад маргах болсон шалтгаан нөхцөл, хуурч мэхлэх боломжтой байсан эсэхийг тодруулж, барилгын салбарын хүнд хэцүү ажлыг гүйцэтгэсэн талууд маргах болсныг тодруулсан нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31, 50.1.36-д заасан нэхэмжлэгч талыг хүйсээр ялгаварлан гадуурхах, түүний зан байдлын талаар тодорхойлолт өгсөн зүйлгүй гэж үзэж байна. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
2. Дээрх тайлбарт уг хэргийг 2 дахь удаагаа бүтэн хэлэлцүүлсэн, өмнө нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байсантай холбогдуулан маргааны үйл баримтыг шүүх мэдэж байсан болохыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын эсрэг няцаалт хэлэхгүй, нэхэмжлэлийг хангах эсэхийг шүүх өөрөө мэд гэх байдлаар идэвхигүй оролцдог.
Тиймээс талуудын маргаж буй 3 ширхэг 3 орон сууцыг Ж.Ч-т шилжихээс өмнө хариуцагч “Х” ХХК болон Ж.Ч нарын хооронд маргаан үүсэж нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурийн газар шорооны ажилд Ж.Ч хөрөнгө оруулсан үндэслэлээр шүүхэд маргасан байдаг ба улмаар шүүх нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Ц.Э-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53.85 м.кв талбайгаас татгалзаж, хариуцагч Ц.Э ...дүүргийн ...дүгээр хороо, ...хороолол, ...хотхоны ...дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний 102/ШШ2015/0...9 дугаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч болох Ц.Э нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэн, шүүхийн шийдвэрт нэр заасан хөрөнгүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон маргаан бүхий орон сууцуудыг төлбөр авагч Ж.Ч-т шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Энэ үйл баримтыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар маргасан шүүхийн шийдвэрт дүгнэсэн байсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй тул шүүгчийн дотоод итгэлд нөлөөлсөн гэж үзэхгүй, гэвч энэ байдлыг хэргийн оролцогчид ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эсрэг шийдвэрлэх байдлаар илэрхийлсэн үйлдэл болохгүй, үндэслэлгүй, нэхэмжлэгч ч шүүгчийн дотоод итгэл үнэмшлийг хэрхэхийг мэдэх боломжгүй юм.
Маргаан бүхий орон сууц нэгэнт нэхэмжлэгч талын өмчлөлөөс гарсан, Ж.Ч-ийн өмчлөлд шилжсэн байсан үйл баримтыг зохигч талууд хэн аль нь мэдэж байсан маргаагүй гэж үзсэн учир тодруулж асуусан бөгөөд харин нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болгосон өмчлөгчийг хуурч мэхэлсэн, бодит үнэнийг нууж төөрөгдүүлсэн гэх үйл баримт байгаа эсэхийг тодруулах, өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлсэн талаар үйл баримтыг тогтоосон нотлох баримт байгаа эсэхийг тодруулсан төдийгүй, уг үндэслэлийг иргэний шүүх тогтоох боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулах, үндэслэлийг тодруулах, уг үндэслэлээр маргаан бүхий 3 орон сууцыг захиран зарцуулсан эсэх үйл баримтыг шүүхээр тогтоолгох шаардлагын хүрээнд зайлшгүй тодруулах зорилго байсан болно.
Шүүх үндэслэлгүйгээр шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл ч Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээдээс учирсан хохирол гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хангаагүй, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, түүнчлэн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэлээр хариуцагч “Х” ХХК, Ц.Э нараас ...дүүргийн ...дүгээр хороо, ...хотхоны ..дүгээр байрны ...тоот, Y-22......42, Y-22......43, Ү-22......44 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах шаардлага байсан. Шүүгч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулах эрхтэй, шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлдог иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай.
Одоогоор шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдлоо гаргасан, тус хэрэг давж заалдах шатны журмаар хянагдаж байгаа болно.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38, 50.1.1-д заасныг зөрчин албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлсэн гэх зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн л асуудал учир уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.
3.Шүүх хуралдаан эхлэхээс өмнө урьдаас хэргийг шийдчихсэн мэт авирлаж, шийдвэрийн тухай саналаа илтэд илэрхийлж, нэхэмжлэгчийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, түүний ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй асуулт асууж байсан гэх гомдлын хүрээнд дээр тайлбар өгсөн гэж үзэж байна.
Харин шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй гомдлын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.
Тус шүүхийн шүүгчийн болон нарийн бичгийн дарга нарын ачаалал 2025 оны 01 дүгээр сараас Шүүх байгуулах тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн үеэс буюу гурван дүүргийн шүүхүүд нэгдсэн үеэс эхлэн ачаалал харьцангуй ихсэж, түүнтэй холбогдуулан хоёр шүүгчийн дунд нэг нарийн бичгийн дарга хуваарилагдан ачаалал их байснаас гадна нарийн бичгийн дарга нарын хүрэлцээ муугаас өөр шүүгчийн шүүх хуралдаанд орох зэргээс нарийн бичгийн дарга нарын зохист ачаалал их байсныг дурдах нь зүйтэй. Энэ талаар тус шүүхийн тамгын газраас албан бичиг авсныг хавсаргасан болно.
Манай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М-ийн хувьд шүүгч Б.Б, Х.Э нарын дунд хуваарилагдан ажилладаг, хоёр шүүгч ажлын 5 хоногийн 1-4 дэх өдөрт 2, 2 хоногоор хуваан шүүх хуралдаан товлодог, 5 дахь өдөр шүүхийн дотоод ажилтай холбогдуулан шүүгчдийн зөвлөлгөөн, бүрэлдэхүүнтэй хэрэгт өөр өөрийн шүүгчийн даргалсан шүүх хуралдаанд суулцаж тэмдэглэл хөтөлдөг тул сул өдөргүй, нарийн бичгийн дарга Н.М-ийн хүүхэд яг энэ үеэр өвдөж чөлөөтэй байсан зэрэг шалтгаануудаас тэмдэглэл хугацаандаа гараагүй болно.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тайлбар тусгуулахын тулд урьдчилсан байдлаар шүүхийн ажлын дотоод албан чатаар 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр файлаар шидсэн бөгөөд мөн сарын 27-ны өдөр бичгээр хянуулан албажуулсан байна. Шүүхийн шийдвэрийн тухайд шүүгч Б.Б миний бие зөвхөн тус шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ээлжийн амралт эхлэх хүртэл хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх 21 хоногийн хугацаанд нийт 223 эрхийн акт бичсэн, үүнд 54 шүүх хуралдааны тэмдэглэл хянасан, 15 гүйцэтгэх хуудас бичсэн, 108 шүүгчийн захирамж, 2 шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр 42, үүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн 30 хэрэг, үүнээс “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргээс гадна мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр С.Б-ын нэхэмжлэлтэй С.А-д холбогдох хэрэг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Х-т холбогдох иргэний хэрэг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ...дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “В” ХХК-д холбогдох, түүнчлэн бие даасан шаардлагатай иргэний хэрэг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ц.Т-ийн нэхэмжлэлтэй Д.З-д холбогдох иргэний хэрэг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Т-т холбогдох иргэний хэрэг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр О.Ц-ын нэхэмжлэлтэй Э.О-т холбогдох гэм хорын хохирол гаргуулах бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх иргэний хэрэг зэрэг олон маргаантай хэргүүдийг хянан шийдвэрлэсэн байдаг.
Дээрх маргаантай шүүхийн шийдвэрийг он цагийн дарааллаар албажуулж хамгийн сүүлийн эрхийн актыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албажуулж, ээлжийн амралтаас 9 хоногийг илүү ажиллаж эрхийн актуудаа баталгаажуулсан, мөн архивын хэргүүд хянах зорилгоор ээлжийн амралттай хугацаанд мөн хугацаанаас хойш ирж 2 өдөр ажилласан болно.
“М” ХХК-ийн шийдвэрийг төсөл байдлаар 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөө буюу шөнийн 03 цаг 04 минутад бичиж дуусган шүүгчийн туслах Д.Г-ын фэйсбүүк чат хаяг руу файлаар шидэж, мөн өдрөө албажуулсан байдаг.
Мөн энэ өдрөөр С.Б-ын нэхэмжлэлтэй С.А-д холбогдох хэргийн шийдвэрийг бас албажуулсан байгаа.
Иймд шүүгч шүүхийн ажлын ачааллыг дааж шөнө үүрээр ялгаагүй, ээлжийн амралттай хугацаанд ч амрах эрхээ эдэлж чадалгүй ажиллаж байсан, ээлжийн амралтын хугацаа 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн байсан ч асар их ачаалалтай ажилласан тул хугацаандаа албажуулаагүй нь миний ажлын зохион байгуулалт, хариуцлага алдсан гэж үзэх үндэслэл болохгүй, зохист ачааллаас хэтрүүлэн ажилласан гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн гомдолд шүүх хуралдааны тэмдэглэл 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр албажиж гарсан гэх гомдолд 27-ны өдөр албажуулсан тухай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М-аас өөрөөс нь тайлбар бичүүлж хариу тайлбарт хавсаргасан болохыг дурдав.
Түүнчлэн “шүүх хуралдааны явцын 10-аад минутыг тэмдэглэлд тусгаагүй орхигдуулсан байсан учир тэмдэглэлд засвар хийлгэх хүсэлтийг мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх тул шүүх хуралдааны явцыг бичлэгээс тодорхой харж болно” гэх гомдлын хувьд шүүгчийг ээлжийн амралттай байх хугацаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг өөр шүүгч хянан шийдвэрлэсэн нь надад хамааралгүй, түүнчлэн энэ тухай хэрэг давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн, тус шүүхэд буцаж ирээгүй тул сайн мэдэхгүй байна. Иймээс гомдолд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд шүүгч миний үйлдэл нь шүүн таслах ажиллагааны агуулгатай холбоотой ёс зүйн болон хууль тогтоомжийг зөрчөөгүй тул гомдолд дурдсан тайлбар, үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “М” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд Ж.Ч, “Х” ХХК нарт холбогдуулан “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцнаас албадан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.У хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0....5 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1...3 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, хэрэг шүүгч Б.Баярмаад хуваарилагдсаны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0...2, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1...0 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүх хянан хэлэлцээд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0...2, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 0...1 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.
Түүнчлэн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1...7 дугаар захирамжаар тус хэргийн хянан хэлэлцэх ажиллагааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байх ба уг шалтгаан арилсан гэж үзэж шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2...8 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн, шүүх хуралдаан товлон зарласан байна.
Гэвч хэргийн оролцогчдын хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 30, 2024 оны 02 дугаар сарын 27, 2024 оны 03 дугаар сарын 12, 2024 оны 04 дүгээр сарын 02, 2024 оны 04 дүгээр сарын 16, 2024 оны 05 дугаар сарын 06, 2024 оны 06 дугаар сарын 03, 2024 оны 08 дугаар сарын 12, 2024 оны 08 дугаар сарын 27, 2024 оны 09 дүгээр сарын 16, 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 07, 2024 оны 11 дүгээр сарын 21, 2024 оны 12 дугаар сарын 11, 2025 оны 01 дүгээр сарын 23, 2025 оны 02 дугаар сарын 19, 2025 оны 03 дугаар сарын 20, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан тус тус хойшлогдож байжээ.
Ингээд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0...1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 0...5 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “ ...хариуцагч Ц.Э, “Х” ХХК-аас 224,378,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор” шийдвэрлэсэн, магадлал хүчин төгөлдөр болжээ.
“М” ХХК нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 сарын 15-ны өдрийн 4...5 дугаар захирамжаар хангаж, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Дараах үндэслэлээр сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж тус тус заасан.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар оролцжээ.
Шүүх хуралдааны бичлэгт даргалагчаас “асуултын хариултын үе шатаа эхэлье. Нэхэмжлэгч тал хариуцагчаас асуух асуултаа асууя” гэхэд
-Нэхэмжлэгч талаас байхгүй
-Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуултаа асууна уу гэхэд
-Асуулт байхгүй” гэжээ.
Даргалагч: “өмнө нь хэргийг бүтэн хэлэлцүүлсэн” гээд хариуцагч талаас дараах асуулт асуужээ.
-“Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хэлсэн. Та эсрэгээрээ 3 өрөө орон сууц өгөхгүй гэх талаар нотлох баримт байна уу”
-Хэчнээн нотлох гэсэн юм бэ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон
нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мэдэхгүй гэдэг нь үнэн л дээ. Яг юу болсон, ямар процесс болсон талаар мэдэхгүй. Би подволоо босгоод сууриа гаргаад ирчихсэн”.
“Та энэ орон сууцыг барихад яаж гар бие оролцсон бэ”
-“Би 762,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, би өөрийн газраа өгсөн”.
- “Ж.Ч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан бэ”
-“88,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Гэхдээ бид хоёр тусдаа гэрээтэй. Би энэ хоёрын ойлгохгүй байгаа зүйл дээр нэмэлт тайлбар хэлээд өгье. Үндсэндээ үл хөдлөхийн гэрчилгээг авах үед л Н.Э 100 хувь хөрөнгө оруулалт оруулчихъя та тэртээ тэргүй 762,000,000 төгрөгт орон сууц авна гэсэн”
- “Н.Э-ийн оролцоо юу байсан бэ”
-“Н.Э 762,000,000 төгрөгөөс бусад хөрөнгийг гаргаж энэ барилгыг барьсан”.
“Энэ барилга хэдий төсөв өртөгтэй болсон талаар танд баримжаалах тооцоолол байна уу?
-Тэр үед 8 орчим тэрбум болсон байх. 16 давхраа бид өөрсдөө барьсан. Барихдаа Н.Э-аас дотоод материал бүх юмыг би аваад хөрөнгө оруулалтаа дүгнээд, шаардлагатай мөнгө хөрөнгө гарахаар нь би 5 орон сууц авсан. 5 орон сууцны үнийн дүн нь 900 гаруй сая төгрөг боллоо шүү гээд үйлчилгээний төв нь 100 хувь “Х” ХХК-ийн мэдэлд байгаа...”
- Барилгын ажил эмэгтэй хүн өдий зэрэгтэй 17 давхар байшин барина гэхээр хэцүү шүү дээ. Таны хөдөлмөр оролцоо хэр байсан бэ?
-Зөндөө гэхэд
-Та жишээ нь юу хийж байсан бэ?
-Би барилга дээр яг гүйцэтгэгчээр ажиллаж байсан
-Н.Эямар оролцоотой байсан бэ?
-Барилга угсралтын инженерүүд, ажилчид нь бүгд. Би хятадууд авчирсан. Н.Э чинь бол оролцоо байлгүй яахав. Хөрөнгө оруулалт ийш тийш нь зарцуулна, өөрөө бүх инженер, ажилчдаа цалин хөлсөө тавина.
-Та одоо “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш үү?
-мөн, 70 хувийг эзэмшдэг.
-та “М” ХХК-тай газрын төлбөр урт хугацааны төлбөр хэлцэл үргэлжлүүлэн хийсэн үү?
-байхгүй, тэгээд энэ хувьцаа эзэмшигчээсээ гарчхаж байгаа юм чинь. Хувьцаа эзэмшигчээс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гараад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээ дуусгавар болгочхоод 12 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчээс гараад би өөрийн компанийнхаа хувьцаа эзэмшигчээр ганцаараа тогтоогдсон гэжээ.
Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзвэл, шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, хэн алинд нь давуу байдал олгосон, ялгаварлан харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүгч шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба хариуцагч талаас асуусан асуулт нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой, түүнийг тодруулсан байх бөгөөд даргалагч “Та тэгэхээр нэлээн оролцоотой байсан харагдаад байна. Гурав битгий хэл орон сууц захиран зарцуулах эрх байсан уу үгүй юу” гэж асуулт асуусныг хууль зөрчсөн, шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн” гэж үзэхгүй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 199.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан тул шүүгч 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор бичгээр гаргаж албажуулах учиртай.
“Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албажуулж, системд оруулж баталгаажуулсан байх ба 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийн оролцогч нарт гардуулсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн” бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар заасан.
Шүүгч Б.Баярмаа нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 108 шүүгчийн захирамж, 2 шүүхийн тогтоол, 42 шүүхийн шийдвэр, 15 гүйцэтгэх хуудас бичсэн, 54 шүүх хуралдааны тэмдэглэл хянасан нийт 223 эрхийн акт гаргасан буюу харьцангуй ажлын ачаалалтай байснаас гадна 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байжээ.
Холбогдох шүүгч шийдвэр гаргах хуульд заасан хугацааг 16 хоногоор хэтрүүлсэн байх боловч дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож байгаа түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг ...нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд хамаарахаар заасан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ...үйлдэнэ”, 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.2-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2..9 дугаар албан бичигт “ ...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нь хэт өндөр ажлын ачаалалтай байснаас шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд албажуулан хүлээлгэн өгөөгүй, хугацаа хэтрүүлж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэлийг шүүгчид хүргүүлж, хянуулсан болох нь түүний гаргасан тайлбараар тогтоогдож байна” гэжээ.
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0...3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албажуулж, “Иргэн-2014” нэгдсэн системд байршуулсан байна.
Тус шүүх хуралдааны 1 цаг 02 минутын дуу-дүрсний бичлэгийг шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд 0:21:24-0:23:17, 0:24:27-0:25:56, 0:26:43-0:29:41,0:45:41-0:50:01 хүртэлх хоромд даргалагчаас нэхэмжлэгч, хариуцагчаас асуусан асуулт, хариулт, зохигчдын тайлбарыг дутуу товч байдлаар тусгажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3...0 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь хуралдаан даргалагчийн удирдлага дор шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогчид танилцуулах, шүүгчээр баталгаажуулж хэрэгт хавсаргах чиг үүрэгтэй.
Иймд нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдын тайлбарыг дутуу бичсэн, хуульд заасан хугацаанд албажуулж гаргаагүйд шүүгчийг буруутгах боломжгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН