info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-02-24

Дугаар 5

Улаанбаатар хот

Шүүгч П.Ууганцэцэгт сахилгын шийтгэл

оногдуулсан магадлалын тухай

 

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч П.Ууганцэцэг /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

  Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2025/0141 дугаартай “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг эс зөвшөөрч шүүгч П.Ууганцэцэг гомдол гаргасныг хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

“В”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-с Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэгт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн ГЗҮ/2025/0067 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ГНД/2025/0018 дугаартай сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай нотлох тухай дүгнэлт үйлджээ.

Илтгэгч гишүүний дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд СХТ/2025/0075 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан.

Улмаар илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулаад, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГНД/2025/0028 дугаартай гишүүний дүгнэлтээр шүүгч П.Ууганцэцэгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нотлох дүгнэлт үйлдсэн.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2025/0141 дугаар магадлалаар илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгч П.Ууганцэцэгт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Холбогдох шүүгч П.Ууганцэцэг магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“ ... Нэхэмжлэгч "В"-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н гаргасан "Гүйцэтгэх хуудас бичүүлэх" хүсэлтийг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн .../ШЗ2024/...дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

"В"-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан. Үүний дагуу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдлыг шүүгчид гардуулсан. Сахилгын хэрэг үүсгэж ажиллагаа хийж байх хугацаанд шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин ирүүлсэн. Үүнийг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 119/ШЗ2025/... дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Гомдол гаргагч нь сахилгын хэрэг үүсгэсэн даруй дахин хүсэлт гаргаж байгаа нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүсэлт шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх, дарамт учруулах агуулгатай байсан гэж дүгнэж байгаа.

Шүүгчийн хувьд хэргийн оролцогчийн гаргасан гүйцэтгэх хуудас бичүүлэх буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзахдаа тухайн шүүхийн шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүйг дурдан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль тайлбарлан хэрэглэж захирамжаа гаргасан. Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр буюу захирамж, тогтоол, шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээд шатны шүүх хянадаг.

"В"-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь “хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж гүйцэтгэх хуудас олгоход тодруулга авах албан бичиг хүргүүлсэн, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон" гэж гаргасан гомдлыг Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2025/0141 дугаартай магадлалаар хянан шийдвэрлэж, “хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж гүйцэтгэх хуудас олгоход тодруулга авах албан бичиг хүргүүлсэн, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон" гэх үндэслэлд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж, харин "гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан" үндэслэлд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд "гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан" үндэслэлд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл болох "Хууль бус байсан болохыг тогтоох", "Илт хууль бус болохыг тогтоох" нэхэмжлэлийн төрлүүд нь "тогтоох" нэхэмжлэлийн төрөлд хамаардаг. "Захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоосон", захиргааны акт, захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоох" нэхэмжлэлүүд нь "онцгой ашиг сонирхол" байгаа тохиолдолд нэхэмжлэл үндэслэлтэй гэж үздэг бөгөөд "хууль бус байсан болохыг тогтоох" гэдэг нь өнгөрсөн цагт, "илт хууль бус болохыг тогтоох" нь тодорхой цаг хугацаа хамаарахгүйгээр /тухайлбал, 1жил, 5 жил, 10 жил магадгүй 20, 30 жилийн дараа ч энэ төрлийн нэхэмжлэлийг гаргах боломжтой/ "тогтоох" шийдвэр гаргадаг тул шүүхийн шийдвэрийн хувьд нэхэмжлэгчид эрх зүйн идэвхтэй хамгаалалт үзүүлдэггүй, албадан гүйцэтгэх ажиллагаа шаарддаггүй шийдвэрийн онцлог төрөл юм. Энэ талаар өмнөх тайлбаруудад дэлгэрэнгүй тайлбарласан байгааг анхаарч үзнэ үү.

Ийнхүү идэвхтэй хамгаалалт үзүүлэхгүй гэдэг нь нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийн дагуу шууд эрх сэргэхгүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа шаардахгүй, харин нэхэмжлэгч ямар "онцгой ашиг сонирхол" байгаа гэж үзэж "тогтоох" нэхэмжлэлийн шаардлагын дагуу захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгосон, үүнийг дагаж гэрээг илт хууль бусад тооцуулсан үр дагаврын асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд үр дагаврын асуудлыг шийдвэрлүүлснээр харин түүний эрх бодитой сэргэх, идэвхтэй хамгаалалт үүсдэг онцлогтой нэхэмжлэлийн төрөл юм.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн онцлог, нэхэмжлэлийн төрөл, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн онцлог, шийдвэрийн үр дагавар түүнээс шалтгаалан албадан гүйцэтгэх ажиллагаа шаардлагатай эсэхийг дээрх бүх агуулгаар тайлбарлан хэрэглэдэг. Монгол Улсын Шүүхийн тухай хууль, түүнийг үндэслэн баталсан Улсын дээд шүүхийн тогтоолд ч ийм л агуулгаар тайлбарласан бөгөөд Захиргааны хэргийн дагнасан шүүхүүд, шүүгчид ч шүүхийн практикт ийнхүү нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнд байгуулагдаж байгаа "Худалдах худалдан авах гэрээ" нь дангаараа нийтийн эрх зүйн буюу "захиргааны гэрээ"-нд хамаарахгүй бөгөөд захиргааны актаа дагаж шийдвэрлэгдэж байгаа гэрээний төрөл юм. Тийм учраас тухайн гэрээ нь худалдагч, худалдан авагч хоёрын хооронд эрх, үүрэг үүсгэдэг иргэний эрх зүйн гэрээ байдаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Захиргааны ерөнхий хуулийн 55, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр гэрээг илт хууль бус гэж үзэж байгаа гэсэн үндэслэл дурдаагүй, маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоосон учир эдгээр актыг үндэслэн байгуулсан "Худалдах худалдан авах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд гэрээний үр дагавар, гэрээтэй холбоотой захиргаанд үүрэг болгосон, хориглосон, зөвшөөрсөн, даалгасан ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Иймд "Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох”, "захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоох" шийдвэрүүд нь албадлага хэрэглэх шаардлагагүй шүүхийн шийдвэр байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд шийдвэрийн үр дагавартай холбоотой асуудал шийдэгдээгүй учраас гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг анхан шатны шүүхийн шүүгч гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна", 136 дугаар зүйлийн 136.1-д "Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна" гэж заасан. Иймд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийн эрэмбэ, дараалал, хуулийг хэрэглэх эрэмбэ дараалал, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх эх үндэс нь юу байх вэ гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх үндэслэл нь өөрөө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрээр юу шийдвэрлэсэн тэрхүү шийдлийг үндэслэн ямар албадлага шаардлагатайг шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэрлэх хуульд заасан логик дараалал байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл нь шүүхийн шийдвэр байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлүүдийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийн ямар төрлөөр шийдвэрлэснийг үндэслэн шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эсэх нь тодорхойлогдоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрөл нь нэхэмжлэлээр дамжуулан тодорхой эрх зүйн хамгаалалтыг хэрхэн үзүүлэх байдлаар нэхэмжлэлийг үндсэн гурван төрөлд хуваадаг. Үүнд:

1.Үүрэг хүлээлгэх нэхэмжлэл буюу захиргааны байгууллага болох хариуцагчид тодорхой зүйл хийхийг эсхүл хийхгүй байхыг үүрэг болгоход чиглэгдсэн нэхэмжлэлүүд хамаарах бөгөөд шүүхээс энэ нэхэмжлэлийг хангасан тохиолдолд нэхэмжлэгчид идэвхитэй эрх зүйн хамгаалалт үзүүлдэг тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх үндэслэлтэй байдаг. Үүнд "даалгах" буюу үүрэг болгосон, хориглосон, заавал биелүүлэхийг даалгасан нэхэмжлэлүүд хамаардаг.

2.Өөрчлөх нэхэмжлэл буюу эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг бөгөөд энэ төрлийн нэхэмжлэлийг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр маргаан бүхийн захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болмогц түүгээр тодорхойлогдсон эрх зүйн үр дагавар шууд үйлчилдэг. Үүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх шаардлагагүй байдаг. Үүнд "хүчингүй болгох нэхэмжлэл" хамаардаг. Тухайлбал, шүүхийн шийдвэрээр захиргааны гэрээ, захиргааны актыг хүчингүй болгосноор тухайн захиргааны акт, захиргааны гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болдог гэсэн үг.

3.Тогтоох нэхэмжлэл нь тухайн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулахад чиглэгддэг. Энэ нэхэмжлэл нь эрх зүйн идэвхтэй хамгаалалтыг үзүүлдэггүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан эрх зүйн байдлыг шууд өөрчлөхгүй, гагцхүү хэлбэрийн хувьд эрх зүйн байдлыг тогтоож өгдөг. Үүнд мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шаардлагагүй, шүүх зөвхөн эрх зүйн байдлыг тогтоож шийдвэрлэдэг.

Дээрх 3 төрлийн нэхэмжлэлийн төрөл, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үр дагавар өөр өөр байдаг бөгөөд хүчингүй болгох нэхэмжлэлийг хангасан, "тогтоох” нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн үр дагавар ч өөр өөрөөр тайлбарлагдаж байгааг анхаарч үзнэ үү. Тодруулбал, захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгох нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг бөгөөд нэхэмжлэлийг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр маргаан бүхийн захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болмогц түүгээр тодорхойлогдсон эрх зүйн үр дагавар шууд үйлчилдэг, захиргааны акт, захиргааны гэрээний үйлчлэл дуусгавар болдог. Харин "тогтоох” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэрээр баталгаажуулахад чиглэгддэг.

Захиргааны эрх зүйд нэхэмжлэлийн энэ онцлог төрөл, шүүхийн шийдвэрийн төрөлтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарладаг. Үүнийг захиргааны эрх зүй хөгжсөн орнууд, Монгол Улсын захиргааны эрх зүй, Монгол Улсын захиргааны шүүхийн практикт яг энэ агуулгаар тайлбарлан хэрэглэдэг болохыг тэмдэглэн хэлмээр байна. Тухайлбал, Г.Банзрагч "Захиргааны процессын эрх зүй" номонд онолын хувьд тодорхой тайлбарласан. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолд энэ агуулгаар тайлбарлан "гүйцэтгэх хуудас олгохгүй" гэснийг Захиргааны хэргийн шүүхийн практикт шүүхүүд, шүүгч нар нэг мөр ойлгож хэрэглэж байгаа юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна" гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ" гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл хүлээн авахаас эхлэн гүйцэтгэх хуудас олгох хүртэлх ажиллагаанд хэрэглэх эх сурвалжийг заажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж зааснаар 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрүүдийн төрлөөр шүүх шийдвэрээ гардаг.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална" гэж зааснаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор батлагдсан журмыг баримтлан хуулийг нэг мөр хэрэглэж, хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээ гаргах, гүйцэтгэх хуудас бичих хүсэлтийг шийдвэрлэхэд хүчин төгөлдөр мөрдөж байна.

Тодруулбал, Уг тогтоолын 8 дугаар хавсралтын 4.10.1-д "... Шүүхээс маргаан бүхий акт болон гэрээг хүчингүй болгосон тохиолдолд гүйцэтгэх хуудас бичихгүй.” гэж;

Тогтоолын 4.10.2-т “... Илт хууль бус байдлыг шүүхээр тогтоосон тохиолдолд эрх зүйн үр дагавар шууд үйлчилдэг тул “зарчмын хувьд" өөрөө аяндаа биелэгдсэнд тооцно, гүйцэтгэх хуудас бичихгүй." гэж;

Тогтоолын 4.10.3-т “...Хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн хүрээнд гүйцэтгэх хуудас бичихгүй" гэж тус тус заасан байдаг.

Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох, хууль бус байсан болохыг тогтоох эдгээр шийдвэрт албадлага шаардахгүй, шийдвэр өөрөө биелэгдэх зарчим буюу "self-executing" зарчим хэрэгждэг онцлогтой учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн онцлогоос хамаарч гүйцэтгэх хуудас олгох, албадан гүйцэтгэх ажиллагаа хийх шаардлагагүй байдаг. Тийм учраас хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих үндэслэл байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа явагдана. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийх шаардлагагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гүйцэтгэх хуудас бичих үүрэгтэй гэж шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус шийдвэр болсон гэж шүүгчийн хувьд үзэж байгаа болно.

Шүүхийн шийдвэрийн төрөл нь албадлага шаардахгүй, шүүхийн шийдвэрийн үр дагавартай холбоотой захиргааны байгууллагад үүрэг хүлээлгэсэн, даалгасан, хориглосон шийдвэр гараагүй, гэрээний үр дагавартай холбоотой гэрээний гүйцэтгэлийг буцаах, гэрээг нэн даруй зогсоох эсхүл гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацааг тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлээгүй энэ нөхцөлд шүүгчийг гүйцэтгэх хуудас бичих үүргээ биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123.3, 127.2, 127.4-т заасан хуулийн "илт тодорхой" хуулийн заалт зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын "Тайлбарлах нь” хэсгийн 3-т "3. "Илт тодорхой" гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно.

Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой" гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй." гэж заасан.

Шүүхийн сахилгын хорооны магадлалд илт тодорхой хуулийн заалт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123.3, 127.2, 127.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т "Хариуцагч захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна", 127.2-т "Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж, хариуцагчид хүргүүлнэ", 127.4-т “Шүүх гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн мэдэгдлийн хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ" гэж заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3, 136 дугаар зүйлийн 136.1-д заасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр байна гэсэнтэй холбогдож тайлбарлагдана. Эхлээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр гарч түүнд албадлага шаардлагатай эсэхийг шийдвэрлэсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа хэрэгжинэ гэж ойлгож байна.

Хэрвээ “илт тодорхой заалт" байсан бол үүнийг дээрх байдлаар онолын суурь ойлголт, практик хэрэглээ, УДШ-ийн хуулийг нэр мөр ойлгож хэрэглэх талаар гаргасан тогтоолтой уялдуулан тайлбарлах шаардлага үүсэхгүй, нэхэмжлэлийн төрөл, түүнийг хэрхэн шийдвэрлэснээс үл шалтгаалан шууд гүйцэтгэх хуудас бичдэг бол ямар ч эргэлзээгүй шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хуудас олгох шаардлага гарна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3, 136 дугаар зүйлийн 136.1-д заасан "Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр байна" гэсэн нэхэмжлэлийн төрөл, шүүхээс гарсан шийдвэрийн төрөл, шүүхийн шийдвэрийг үндэслэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123.3, 127.2, 127.4-г хэрэглэх, эдгээр заалтыг шууд "илт тодорхой заалт" гэж хэрэглэх нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолд тайлбарласнаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, шүүхийн шийдвэрийн онцлог, тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн онцлог зэргийг онолын суурь ойлголтоор тайлбарлан гүйцэтгэх хуудас бичих эсэхийг шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэлээр гүйцэтгэх хуудас бичсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг эхлүүлнэ. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн ямар төрөлд гүйцэтгэх хуудас хэрхэн бичих нь тодорхой бус байхад “илт тодорхой заалт” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин хуульд тодорхой бус учраас онолын түвшинд тайлбарлах, Улсын дээд шүүхийн аргачлал, журамд зааснаар нэг мөр ойлгож хэрэглэж байгаа болно.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын "Тайлбарлах нь" хэсгийн 3-т "... Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй." гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны процессыг хэрэгжүүлэхэд мөрдөх хууль бөгөөд гүйцэтгэх хуудас бичих асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг юм. Энэ хуульд ийм ийм шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичнэ, бичихгүй гэсэн шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон хязгаарлалт байхгүй бөгөөд шүүгчийн хувьд дээр дурдсан үндэслэлээр хуулийг тайлбарлан хэрэглэж, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэсэн эрх зүйн үндэслэл бүхий захирамжаа гаргасан.

Иймд сахилгын хорооны магадлалд “илт тодорхой" хуулийн заалт гэж тайлбарлан хэрэглэснийг дээрх үндэслэлүүдээр няцаан тайлбарлаж байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын "Тайлбарлах нь" хэсгийн 4-т ""Ноцтой зөрчих” гэдгийг: а. Материаллаг хуулийн хувьд, хуулийн илт тодорхой заалтын агуулгыг илэрхий өөрөөр, дур зоргоороо тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэлгүй орхисны улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

б. Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй. Уг алдаа нь шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй, үл тоомсорлосон хандлага, харилцаанаас шалтгаалсан, давтан гаргасан, гаргасан алдаагаа хуулийн дагуу залруулах боломжтой атал зориуд цааргалсан бол үүсгэсэн үр дагаврыг нь харгалзан үзсэнээр сахилгын зөрчилд тооцож болно" гэж тайлбарлажээ.

Сахилгын хорооны магадлалд дээрх хуулийн "илт тодорхой" заалтыг "ноцтой" зөрчсөн гэж дүгнэсэн.

Шүүгчийн хувьд гүйцэтгэх хуудас олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл, яагаад гүйцэтгэх хуудас бичих шаардлагагүй шийдвэр байдаг талаар дээр тодорхой тайлбарласан бөгөөд "хууль бус байсан болохыг тогтоох", "илт хууль бус болохыг тогтоох" шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг зөрчөөгүй, хуульд энэ төрлийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичнэ гэсэн хуулийн илт тодорхой заалтыг буюу хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буруу хэрэгжүүлсэн" үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй

Шүүгчийн хувьд хуулийг тайлбарлан шүүхийн хүчин төгөлдөр захирамжаараа хүсэлтийг шийдвэрлэсэн. Тэрнээс хүсэлтийг орхигдуулсан, дарагдуулсан, удаасан, гүйцэтгэх хуудас бичих илт тодорхой шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичихээс татгалзсан зэрэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, ийм ноцтой гэж дүгнэх зөрчил байхгүй болно.

Шүүх аливаа хэрэг, маргааныг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч нь тогтоох нэхэмжлэл буюу тухайн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулахад чиглэгддэг, эрх зүйн идэвхтэй хамгаалалтыг үзүүлдэггүй, нэхэмжлэлд дурдсан эрх зүйн байдлыг шууд өөрчлөхгүй, гагцхүү хэлбэрийн хувьд эрх зүйн байдлыг тогтоодог, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шаардлагагүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Харин энэхүү шийдвэр гаргах "онцгой ашиг сонирхол" гэдэг нь захиргааны байгууллага цаашид шийдвэр гаргахдаа ийм ийм алдааг дахин гаргахгүй байх, нэхэмжлэгч ийм ийм эрхтэйгээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх гэх зэргээр шүүхийн шийдвэрийн үр дагаврын асуудлаа хожим шийдвэрлүүлэх зэрэг нөхцөл үүсэх боломжтой.

Харин шүүхийн шийдвэрээр ийм үр дагаврын асуудлыг давхар шийдвэрлэж захиргааны байгууллагад ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн бол тухайн үр дагаврын асуудлаар гарсан шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих нөхцөл үүснэ. Тэгэхээр шүүхийн шийдвэрт ийм шийдвэрийн үр дагаврын асуудал шийдвэрлэгдсэн эсэхийг тайлбарлахын тулд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдал, гэрээ байгуулагдсан байдал зэргийг цаг хугацааны хувьд товч дурдъя.

"В" нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2024/... дугаартай "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай" захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож, бүрдүүлбэр хангуулан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2024/... дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

-Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хэрвээ гэрээ байгуулагдсан бол гэрээний биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/... дугаартай захирамжаар шийдвэрлэсэн.

-Тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн "Э” ТӨҮГ- ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-134-12/200 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Бараа худалдан авах гэрээ"-г захиалагч “Э” ТӨҮГ, “Ф” ХХК-ийн хооронд байгуулсан байдаг ба “В"-ийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахад үед гэрээ байгуулагдаж, захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлт шийдвэрлэх үед гэрээний үнэ тодорхой хэмжээнд шилжсэн гэрээний дагуу бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх ажиллагаанууд явагдаж эхэлсэн байсан.

-Уг маргаан УДШ-ийн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2024/0417 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж буцаасан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гэрээний гүйцэтгэлийг буцаах, гэрээг нэн даруй зогсоох эсхүл гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацааг тогтоох, захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоосны улмаас ямар нэгэн хохирол төлбөр гаргуулах, гэрээг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч талтай гэрээ байгуулах үүрэг үүсэх зэрэг гэрээний үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар "үүрэг хүлээлгэсэн" нэхэмжлэлийн шаардлагууд буюу даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан, давж заалдах шатны шүүх хангагдаагүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ нөхцөлд шүүхийн шийдвэрт ямар албадан ажиллагаа хийх байсан гэж шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичээгүй гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэтэл "...захиргааны акт, гэрээ нь эрх зүйн үйлчлэлгүй болсон тул гүйцэтгэх хуудас олгохгүй" гэх агуулгаар татгалзаж байгаа нь буруу гэж дүгнэсэн нь шүүгчийн захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянаж шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 134.6-д "Шийдвэр гүйцэтгэгч хүчингүйд тооцсон захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хэрэгжүүлэхгүй байх талаар уг захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг үндэслэн тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрх олгох эрх бүхий байгууллага, хариуцагч болон гуравдагч этгээдэд мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг хангуулна" гэж зааснаар гүйцэтгэх хуудас бичих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх хуудсыг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалттай гэж тайлбарлажээ.

Үүнд "хүчингүйд тооцсон" гэж заасан байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үр дагавар өөр өөр байдагтай холбоотой өмнө тайлбарласан зүйлээ дахин тодруулж байна.

Шүүх хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах, "тогтоох" нэхэмжлэлийг хангах нь шүүхийн шийдвэрийн үр дагавар ч өөр өөрөөр тайлбарлагдаж байгааг анхаарч үзнэ үү. Тодруулбал, захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгох нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг бөгөөд нэхэмжлэлийг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр маргаан бүхийн захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болмогц түүгээр тодорхойлогдсон эрх зүйн үр дагавар шууд үйлчилдэг, захиргааны акт, захиргааны гэрээний үйлчлэл дуусгавар болдог. Энэ нь өөрчлөх нэхэмжлэлийн төрөлд хамаарах асуудал юм.

Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны гэрээр хэрэглэхгүй гэж заасан бөгөөд хэрэглэсэн бол үүнээс үүсэх үр дагаврыг захиргааны байгууллага хариуцах, бусдад учруулсан хохирлыг төлөх гэх мэт хульд заасан үр дагавар үүснэ.

Харин "тогтоох" нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэрээр баталгаажуулахад чиглэгддэг. Энэ тохиолдолд "онцгой ашиг сонирхол" буюу захиргааны байгууллага цаашид шийдвэр гаргахдаа ийм ийм алдааг дахин гаргахгүй байх, нэхэмжлэгч дараа дараагийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцоход дахин ийм алдаа гаргахгүйгээр шийдвэр гаргах, илт хууль бус байсан нь хожим тогтоосон тохиолдолд хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх гэх зэргээр шүүхийн шийдвэрийн үр дагаврын асуудал шийдвэрлүүлэх эрх үүсэх зэргээр тайлбарлахаас албадан ажиллагаа шаардахгүй.

Харин гэрээг илт хууль бусад тооцсонтой холбоотой захиргааны гэрээг үндэслэн тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх, гэрээний гүйцэтгэлийг буцаах, гэрээг нэн даруй зогсоох буюу гэрээг эрх зүйн үйлчлэлгүй болох хугацааг тогтоох зэрэг гэрээний үр дагавартай холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрт заасан нөхцөлд энэхүү үр дагаврын асуудлыг шийдвэрлэсэн хэсэгт албадан гүйцэтгүүлэх асуудал үүсч болно. Тодруулбал, Шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрийн үр дагаврын асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.7-д "Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно" гэж зааснаар шийдвэрлэсэн эсхүл захиргааны байгууллагад ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн, даалгасан, хохирол, төлбөр гаргуулсан, нэхэмжлэгчийн "үүрэг хүлээлгэх" нэхэмжлэлийн шаардлагууд хангагдсан зэрэг гүйцэтгэх хуудас бичих, албадан гүйцэтгэх ажиллагаа шаардлагатай шүүхийн шийдвэр гараагүй. Хэрвээ ийм шийдвэр, шийдвэрийн үр дагавар шийдвэрлэсэн байсан бол шүүгчийн хувьд гүйцэтгэх хуудас бичихээс татгалзаж нь зүйд нийцэхгүй юм.

Харин энэ маргааны хувьд ийм нөхцөл байдал үүсээгүй, шүүхийн шийдвэр, магадлалд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах, албадлага хэрэглэх үндэслэл байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтэд ч тодорхой үндэслэл, нэхэмжлэгчийн үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаагүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд шүүгчийн хувьд анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрийг анхаарахгүйгээр, Шүүхийн тухай хууль, Улсын дээд шүүхийн аргачлал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 123.3, 127.2, 127.4 дэх заалтуудыг илт тодорхой гэж тайлбарлан хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус бөгөөд шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна.

Гомдлын шаардлага: Шүүгчийн хувьд хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг захирамжаараа тодорхой үндэслэл зааж хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлж, захиргааны эрх зүйн онол, зарчим, Захиргааны процессын хуулийн эх сурвалж, хуульд заасан аргачлал, журам бую УДШ-ийн тогтоол зэргийг судлан түүнд үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгчид сахилгын арга хэмжээ авсан магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн энд нэгэн зүйлийг дурдах нь зүйтэй гэж үзэв. "В"-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүгчийг хэргийн оролцогч болох хариуцагч, гуравдагч этгээд нартаа хамаарал бүхий гэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх, доромжлох ажиллагааг удаа дараа хийж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сахилгын хорооны хуралдаан болохын урд өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр сэтгүүлч Б  нь "шүүгчийг олон тэрбум төгрөг хэргийн оролцогч нараас авч хэргийг шийдвэрлэсэн" мэтээр худал мэдээ, мэдээлэл олон нийтэд цацсан. Мөн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой буюу сахилгын хорооноос гарсан шийдвэрийн дагуу "нөгөө авлигач балиар шүүгчийг сахилгын хороо хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоосон, ор хөнжилд орж хэрэг маргаан шийддэг ийм шүүгч байна" гэх мэтээр шүүгчийн хувийн болоод ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл цацсан. Гэх мэтчилэн нэхэмжлэгч компани нь шүүгчийг Авлигатай тэмцэх газар. Шүүхийн сахилгын хороонд удаа дараа гомдол гаргаж шалгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дур зоргоор гүтгэн доромжилсон үйлдлүүд гаргасаар байгаа. Энэхүү шүүгчийн хувийн болоод ажил хэргийн нэр хүнд, шүүхийн бие даасан байдалд халдсан үйлдлүүд нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулах, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд буруу ташаа ойлгуулах, цаашлаад шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан нь шүүхүүдийн нотлох баримтын үнэлгээтэй холбоотой бүрэн эрхийн асуудал байсан бөгөөд шүүгчийн хувьд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуульд захирагдан, хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүгчийн дотоод итгэлээр үнэлж хэрэг, маргааныг шийдвэрлэсэн, мөн гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хууль, журамд зааснаар хуулийг тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсний төлөө маш их дайралтад өртөж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар дараах үндэслэлээр холбогдох шүүгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шүүгч П.Ууганцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            1. Сахилгын хэрэгт авагдсан үйл баримтын тухайд:

            1.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119/ШШ2024/... дугаар шийдвэрээр: “ ...нэхэмжлэгч “В”-ийн “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

            “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

            “Э” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох,

            “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажилд “В”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            1.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 121/МА2024/... дүгээр магадлалаар: “ ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт), “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг, “Э” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоож,

            “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажилд “В”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан.

           

            1.3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2024/0417 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар магадлал хүчин төгөлдөр болсон.

 

1.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүгч П.Ууганцэцэг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 119/АБ2024/0330 дугаар албан бичгээр “...магадлалын аль заалтыг хэрхэн биелүүлээгүй гэж үзэж албадан гүйцэтгүүлэхийг хүсэж байгаа, нэхэмжлэлийн аль шаардлагад холбогдох шийдвэрийг хэрхэн биелүүлэхгүй байгаа, хэрхэн албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж байгааг тодорхой бичиж 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг мэдэгдэж нэхэмжлэгчид хүргүүлсэн, албан бичигт заасан хугацаанд тодруулга ирүүлээгүй тул шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/...дугаар захирамжаар “Гүйцэтгэх хуудас бичүүлэх” хүсэлтийг хангахаас татгалзсан.

Мөн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс дахин магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 119/ШЗ2025/... дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, буцаасан үйл баримт тогтоогдож байна.

 

1.5. Өргөдөл гаргагчаас шүүгч П.Ууганцэцэгт холбогдуулан: “...хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж гүйцэтгэх хуудас олгоход тодруулга авах албан бичиг хүргүүлсэн, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

 

1.6.Илтгэгч гишүүн шүүгч П.Ууганцэцэгийг “ ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүчин төгөлдөр магадлалыг үндэслэн гүйцэтгэх хуудас бичиж олгоогүй, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлэлгүйгээр захиргааны байгууллагын илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжгүй, бодит байдалд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн хэрэгжилт үргэлжлэн явагдах нөхцөл байдлыг үүсгэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг шүүхийн шийдвэрээр сэргээн тогтоосон боловч уг эрхээ эдлэх боломжийг олгохгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйг зогсоох боломжит арга хэмжээг авалгүйгээр дахин зөрчигдөхөд хүргэж, зөвхөн онолын суурь ойлголтод тулгуурлан бодит байдалд үүссэн хууль бус асуудлыг шийдвэрлэхээс цааргалан шүүгчийн бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсний улмаас хууль бус тендерт шалгарсан “Ф” ХХК-д ашигтай байдлыг бий болгож, улмаар төсвийн хөрөнгө хууль бус тендерийн үйл ажиллагаанд зарцуулах эрсдэлд хүргэсэн сөрөг үр дагаврыг учруулсан гэж үзэж, түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн” нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлтдээ үйлджээ.

 

1.7.Сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2025/0141 дугаар магадлалаар илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн үндэслэлийг өөрчилж: “ ...Нэхэмжлэгч нь хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзээд гүйцэтгэх хуудас олгуулахаар удаа дараа хүсэлт гаргахад “захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул гүйцэтгэх хуудас олгохгүй” гэх агуулгаар дүгнэлт хийж татгалзсан нь илт хууль бусад тооцсон гэрээний талуудад ашигтай байдал бий болгосон гэж үзэхээр байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Хариуцагч захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна”, 127.2-т “Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж, хариуцагчид хүргүүлнэ”, 127.4-т “Шүүх гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн мэдэгдлийн хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ” гэж тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж дүгнэн шүүгч П.Ууганцэцэг “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 

2. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

2.1.Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн төрлөөс хамаарч захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийн эрх зүйн үр дагавар, нөлөө, шүүхийн шийдвэр биелэгдэх арга журам нь харилцан адилгүй байдаг. Тодруулбал,

- "Үүрэг хүлээлгэх” нэхэмжлэлийн үндсэн хэлбэр нь "үүрэг хүлээлгэх нэхэмжлэл" бөгөөд нь хариуцагчид тодорхой зүйл хийхийг, эсхүл хийхгүй байхыг үүрэг болгоход чиглэсэн нэхэмжлэлийн шаардлага юм. Тухайлбал захиргааны акт гаргахыг /захиргааны эрх зүйд/ хариуцагчид үүрэг, болгох юм. Шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр хүлээлгэсэн үүргийг хариуцагч бодитойгоор хэрэгжүүлэх ёстой бөгөөд хэрэв хэрэгжүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлнэ" гэж,

- "Өөрчлөх” нэхэмжлэл: Шүүхийн шийдвэрээр эрх зүйн нөхцөл байдлыг тодорхойлуулахад буюу эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн “өөрчлөх нэхэмжлэл" юм. Энэ төрлийн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц түүгээр тодорхойлогдсон эрх зүйн үр дагавар шууд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шаардлагагүй гэсэн үг юм. Шаардлагатай бол зөвхөн шүүхийн зардалтай холбоотой хэсгийг л албадан гүйцэтгэж болно. Захиргааны эрх зүйн хувьд "хүчингүй болгох нэхэмжлэл" нь энэ төрлийн нэхэмжлэлд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрээр захиргааны актыг хүчингүй болгосон бол маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл нь шууд дуусгавар болох буюу хариуцагчаас юм уу өөр хэн нэгэн этгээдээс ямар нэгэн нэмэлт акт /захиргааны актыг хүчингүй болгох тухай зэрэг/ гаргах шаардлагагүй гэсэн үг юм" гэж,

в) "Тогтоох нэхэмжлэл"-ийн тухайд эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулахад чиглэгддэг /тодорхой ажил эзэлж байсныг, сураггүй алга болсныг, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох гэх мэт/. Энэхүү нэхэмжлэл нь эрх зүйн идэвхтэй хамгаалалтыг үзүүлдэггүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан эрх зүйн байдлыг шууд өөрчлөхгүй, гагцхүү хэлбэрийн хувьд эрх зүйн байдлыг тогтоож өгдөг. Иймд шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн хамгаалалт зайлшгүй шаардлагатай эсэхийг шалгадаг[1].

 

2.2. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан тодорхой 14 төрлийн шийдвэрийг гаргадаг. Үүнээс:

- маргаан бүхий захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгох,

- эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх,

- захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох,

- илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноор хэрэгжсэн гэж үзэх боломжтой тул гүйцэтгэх хуудас, албадан биелүүлэх захирамж бичихгүй байх боломжтой.

Учир нь маргаан бүхий захиргааны актыг процессын хувьд хянах замаар хүчингүй болгох эрх хэмжээ Захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдсон. Дээд шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, эцэслэснээр /нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд/ тухайн захиргааны акт хүчингүй болдог, захиргааны акт болон гэрээ нь илт хууль бус болохыг шүүх тогтоосноор эрх зүйн хамгаалалтыг идэвхтэй үзүүлдэггүй бөгөөд гарсан цагаасаа үйлчлэлгүй байдаг. Харин:

- захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй, татгалзал нь хууль бус болохыг тогтоож, тодорхой акт гаргахыг даалгах,

- захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах,

            - төлбөр тогтоосон захиргааны актын хэмжээг багасгах,

- захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх,

- дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, улмаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл гүйцэтгэх хуудсыг бичиж олгох замаар асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

Үүнээс дүгнэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гэсэн заалт нь бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, бүх байгууллага, хуулийн этгээд заавал биелүүлэх агуулгыг илэрхийлж байна.

Иймд нэгэнт шүүхийн шийдвэрээр захиргааны актыг хүчингүй болгосон, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг зөвшөөрсөн, илт хууль бус болохыг тогтоосон бол маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл нь шууд дуусгавар болох буюу хариуцагч, өөр хэн нэгэн этгээдээс ямар нэгэн нэмэлт акт /захиргааны актыг хүчингүй болгох тухай гэх мэт/ гаргах шаардлагагүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван тав дугаар бүлгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна”, 136.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна” гэж заасан.

Дээрхээс үзэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь ямар агуулгаар гарсан гэдгээс шууд хамаарч гүйцэтгэх хуудас олгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, “захиргааны актыг илт хууль байсан болохыг, гэрээг илт хууль бус болохыг тус тус тогтоосон” шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц дээр дурдсанаар уг захиргааны шийдвэрүүд нь эрх зүйн үйлчлэлгүй, болж хууль зүйн үр дагавар дуусгавар болсон, илт хууль бус акт анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох тул уг шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэхгүй юм.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д "Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй" гэж заасныг илтгэгч гишүүн болон Сахилгын хорооны хуралдаанаар анхаарч үзээгүй байна.

 

2.3.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор /2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/ батлагдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын 4.10-т “...тогтоох хэсэгт шүүхийн шийдвэр биелүүлэх арга журмыг заана”,

4.10.2-т “...Илт хууль бус байдлыг шүүхээр тогтоосон тохиолдолд эрх зүйн үр дагавар шууд үйлчилдэг тул “зарчмын хувьд” өөрөө аяндаа биелэгдсэнд тооцно, гүйцэтгэх хуудас бичихгүй. Гэхдээ анхаарах асуудал нь илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүйд тооцох зохицуулалттай боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар тогтоох хэсэгт өмнөх цаг хугацааны асуудлыг биш, харин шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас хойших эрх зүйн үр дагаврыг зохицуулсан байдлаар хэн, ямар үүрэгтэй талаар тодорхой заана. Иймд, захиргааны акт, захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргасан бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор маргаан бүхий захиргааны акт, гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болохыг заах, ийнхүү илт хууль бус болохыг тогтоосноор бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх бол тухайн захиргааны акт, захиргааны гэрээг хуульд нийцүүлэн, гуравдагч этгээдийн оролцоог хангаж, ... хоногийн дотор шийдвэр гаргах, гэрээ байгуулах үүрэгтэй гэх зэргээр үр дагаврыг зааж болно”,

4.10.3-т “...Хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн хүрээнд гүйцэтгэх хуудас бичихгүй” гэж заасан.

 

2.4.Мөн Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний хүсэлт гаргасны дагуу ирүүлсэн Улсын дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/2960 дугаар албан бичигт “...хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, гэрээг илт хууль бус болохыг тогтоосон байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эдгээр захиргааны шийдвэрүүд нь эрх зүйн үйлчлэлгүй болж хууль зүйн үр дагавар дуусгавар болсон, илт хууль бус акт анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох нь тогтоогдсон байх тул уг шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих шаардлагагүй, энэ агуулгаар дээр дурдсан аргачлалд заасан болно” гэх хариуг ирүүлсэн байна.

 

            2.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 121/МА2024/... дүгээр магадлалаар: “Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг, ...гэрээг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дээрх захиргааны акт, гэрээ бодит байдалд хэрэгжиж, үйлчилж, үр дагавар үүсгэж байгаа гэх нөхцөл байдал, үйл баримт сахилгын хэрэгт авагдаагүй.

            Гэтэл Сахилгын хорооны магадлалаар илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авахдаа “шүүгч гүйцэтгэх хуудас бичээгүй улмаас гэрээний талуудад илт ашигтай байдал бий болгосон, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн” гэж үзсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20.”Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх...” гэж заасантай нийцэхгүй гэж үзнэ.

             

2.6.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт захиргааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг хэрхэх талаар шийдвэрлээгүй. Энэ тохиолдолд гэрээний үр дагавартай холбоотой асуудал нь иргэний журмаар шийдвэрлэгдэнэ. Харин дээд шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудалд шүүгч гүйцэтгэх хуудас бичих нь хууль зөрчсөн үйлдэл болно.

 

2.7.Иймд, шүүхээс “илт хууль бус болохыг тогтоосон захиргааны акт, гэрээг” албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгч П.Ууганцэцэгийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй, уг агуулгаар гарсан шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичих, албадлагын ажиллагаа явуулахгүй талаар Улсын дээд шүүхийн дээр дурдсан тайлбарт тодорхой заасан, түүнчлэн захиргааны акт, гэрээ бодит байдалд хэрэгжиж, үйлчилж, үр дагавар үүсгэж байгаа гэх нөхцөл байдал, үйл баримт сахилгын хэрэгт авагдаагүй байхад холбогдох шүүгчийг “Гүйцэтгэх хуудас бичээгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчилд холбогдох маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд сахилгын зөрчилд тооцогдох боломжгүй асуудалд сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй.

Дээрх үндэслэлээр холбогдох шүүгчийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэгийн гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2025/0141 дугаар магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

 

                        ГИШҮҮН                                          Б.СУГАР

                                                                                    С.ЭНХТӨР   

 

 

 

[1] Г.Банзрагч, “Захиргааны процессын эрх зүй” 163-164,