info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-02-11

Дугаар 21

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар, өргөдөл гаргагч Б.Б /цахимаар/ нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, иргэн Б.Б-н өргөдөлтэй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2026/0013 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“... 1. Өргөдөл гаргагч “...2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд явагдсан бөгөөд тус хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Батзориг даргалан явуулсан. Ингэхдээ шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохдоо “нотлох баримт шинжлэн судлах” гэсэн хэсгийг орхигдуулсан бөгөөд дарааллыг тогтоохдоо нотлох баримт шинжлэн судлах дарааллыг тогтоолгүй мартаж орхисныг буруутгалгүй орхиж болох хэдий ч шүүх хуралдааны явцад ядаж хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлах боломж огт олгоогүйд гомдолтой байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...нотлох баримтыг шинжлэн судлах” гэж заасныг ноцтой зөрчсөнийг улмаас надад холбогдох хэргийг ганцхан удаа явагдах давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлалгүйгээр явагдаж, түүний улмаас шүүхээс миний гомдлыг дутуу үнэлж хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр эргэлт буцалтгүйгээр хүчин төгөлдөр болсон.” гэжээ.

Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/...... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 11 жил 18 хоногийн хорих ял оногдуулжээ.

Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.А нараас давж заалдах гомдол гаргасныг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр .... шүүхийн шүүгч Б.Б, Л.Д, Б.А нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцжээ.

Тухайн шүүх хуралдааныг шүүгч Б.Батзориг даргалан явуулсан байх бөгөөд даргалагч шүүгчээс “Шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтооё. Илтгэгч шүүгч хэргийг танилцуулснаар эхэлнэ. Илтгэгч шүүгч хэргийг танилцуулахдаа шүүгдэгч Б.Б-н гомдлыг уншиж танилцуулна. Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол дээрээ нэмж ярих тайлбар байвал хэлнэ. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдлынхоо хууль зүйн үндэслэл, хохирогч И.О-ийн тайлбар, прокурорын дүгнэлт гэсэн дарааллыг тогтоож байна. Энэ дараалалтайгаар ямар нэгэн санал хүсэлт байна уу?” гэхэд

Оролцогчид: “Байхгүй” гэв.

Даргалагч шүүгч: “Шүүгдэгчид шүүх хуралдаан явуулах дараалалтай холбоотой санал хүсэлт байна уу?” гэхэд

Шүүгдэгч Б.Б: “Завсарлахын өмнө би тайлбар хэлж болох уу?, Прокурор дүгнэлт хэлсний дараа” гэв.

Даргалагч шүүгч: “Шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж аваад прокурорын дүгнэлтийн дараа үг хэлэх боломжийг олгоё. Шүүхийн хэлэлцүүлгийг эхэлж байна.” гэснээр шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоосон байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч талуудын санал, хүсэлтийг харгалзан давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтооно” гэж заасанд нийцсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “… “Илт тодорхой” гэдэг нь ..Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна” гэж тайлбарласан.

Даргалагч шүүгч хуралдааны дараалалтай холбоотой гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч, дараалал тогтоосны дагуу шүүх хуралдааныг явуулсан байх ба хэргийн оролцогч нараас хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

Иймд, шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Хэдийгээр шүүгчийн шүүх хуралдааны дараалалд нотлох баримт шинжлэн судлах хэсгийг оруулаагүй үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хамаарахгүй боловч цаашид шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно” гэж заасныг харгалзан хэргийн оролцогч нараас нотлох баримт шинжлэн судлах шаардлагатай эсэхийг асууж, тодруулж байвал зохино.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийг бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр гомдол, эсэргүүцлийг шийдвэрлэдэг тул “...давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлалгүйгээр явагдаж, түүний улмаас шүүхээс миний гомдлыг дутуу үнэлж хэрэгсэхгүй болгосон” гэх өргөдөл нь үндэслэлгүй.

2. Шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй, дутуу бичигдсэн үйл баримт тогтоогдсон тул 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2025/0145 дугаар захирамжаар шүүгч Б.Батзоригт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, ажиллагаа явууллаа.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан авч, дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн прокуророос асуулт асуусан “44:32-45:23 Прокурор: Тийм асуудал байгаа. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийн хэлтсээс хэргийн анх шалгаж байсан Нэгдүгээр хэлтсээс алдагдсан гэх асуудал Өвөрхангай аймгаас буцсан захирамжид дурдагдсан байсан учраас бид нар тэр ажиллагаа хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэр утас нь олдоогүй. Тусгай субъектээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс тоот хүргүүлсэн. Тухай хэргийнхээ тоотыг хэрэгт би хавсаргасан байсан. Одоо олоод өг гэвэл би олоод өгөх боломж нь байна. Яллах дүгнэлтийн хавсралтад тэр тоотын талаар бичээгүй учраас шууд хэлэх боломж байхгүй байна.

45:24-45:31 Илтгэгч шүүгч: Тийм тоот хайгаад олоогүй. Тийм баримт байхгүй байна гээд гомдоод байгаа гэхэд /прокурор давхар тийм тийм гэж хэлж байв./

45:31-45:32 Даргалагчаас: Тэр О-гийн хохирлыг яах вэ гэхэд

45:33-45:41 Прокурор: О-гийн хохирлоос алга болсон гар утас нь тусгай субъект дээр шалгагдаж байгаа. Тэрний үнэлгээ нь бол гарсан гэв. 

45:43-45:47 Даргалагчаас: Цагдаагийн байгууллагад алга болсон зүйлийг шүүгдэгчээс гаргуулаад байгаа юм уу гэхэд

45:51- Прокурор: Гаргуулаагүй байгаа. Шүүгдэгч ямар ч хохирол төлөөгүй.

45:55- Даргалагчаас: Шийтгэх тогтоолоор гаргуулсан юм уу гэхэд

45:56-45:57 Прокурор: Гаргуулсан гэв.

45:58-46:13 Даргалагчаас: Тэгэхээр энэ хүний гомдоод байгаа нь аргагүй юм биш үү. Цагдаагийн байгууллага энэ хүнээс хураагаад авчхаад байдаг. О-гийн гар утас, бор хайрцагтай эд зүйл тэр чигээрээ алга болчхоод байдаг. Танайх шалгаж байгаа эсэх нь тодорхой бус. Гэтэл энэ хүнээс хохирлыг нь гаргачхаад байдаг. Энийг юу гэж ойлгох вэ гэхэд

46:14-46:42 Прокурор: Би сая буруу тайлбарлачихлаа. О-гийн хулгайд алдсан нэг бор хайрцагтай гар утаснууд гэдгийг тухайд үедээ хурааж авчхаад хэрэгт байхгүй гэдэг нь байгаа. Тэрийг бол үнэлгээний газраар үнэлүүлсэн зүйл байхгүй. Нэгэнт хайрцагтай утас алга болчихсон, үнэлгээний газар очоогүй учир үнэлэгдээгүй гэв.

46:42-47:13 Илтгэгч шүүгч: Тэр дотор чинь О-гийн алдсан 17 сая төгрөгийн эд зүйл байгаа. Тэрийг олооч ээ. Яагаад надаас хурааж авсан байж хохирогчид нь өгөхгүй. Надаас гаргуулах гээд байгаа юм бэ гээд гомдол гаргаад байна. Тусгай субъектийг шалгаад байгаа мөртлөө хэрэгт нь байхгүй гэхэд

47:14-47:48 Шүүгч Л.Д: Тийм тоот хэрэгт нь байна уу. Шүүгдэгч гомдолдоо тодорхой бичээд байна. 4 дүгээр хавтаст хэргийн 63-66, 67 дугаар талд хурааж аваад энийг хүлээлгэж өгсөн баримт одоо хүртэл хэрэгт байхгүй байна гэхээр та буцаад хэлэх ёстой шүү дээ. Хавтаст хэргийн хэддүгээр талд, шалгуулах гээд өгсөн тийм баримт байж байгаа гэж хариултаа өгөх ёстой. Бас өөрөөс нь хурааж авсан зүйл энэ дотор байхгүй байна. хураагдсан эд зүйлийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гээд байна. Та энэ дээр тодорхой хариултаа өгөх хэрэгтэй гэхэд

47:50 Прокурор: Харин тэгэх ёстой гэв.

47:51-48:07 Одоо энэ шийтгэх тогтоолд О-аа гээд хүний хохирлыг 17.000.700 төгрөгийг хохирлоос 880.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 16.820.000 төгрөг төлөгдөөгүй гэж байна.  880.000 гэдэг нь хэзээ хүлээлгэж өгсөн эд зүйлийнх үнэлгээ явж байгаа вэ гэхэд

48:08-48:19 Прокурор: 880 нь хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлээ таньж олуулаад хүлээлгэж өгсөн асуудал байгаа гэв.

48:20-48:24 Даргалагч: Үлдэгдэл бор хайрцагтай эд зүйл нь 16 сая төгрөгийг эд зүйл нь үү гэхэд

48:25-48:25 Прокурор: Тийм гэв.

48:26-48:27 Тэрийг энэ хүн төлөх үү гэхэд

48:28-48:32 Прокурор: Тоотоо би юу яачихлаа гэв.

48:33-48:36 Шүүгч Л.Д: Шалгуулах гээд явсан тоот байгаа юм байна. Тэр тоотод хариу ирсэн зүйл байна уу гэхэд

48:37-48:45 Прокурор: Хариу ирсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хурал дээр тэр хэргийг яаж шийдсэн талаарх хариугаа аваад өгье гэж бодоод асуухад хариу нь гарч ирээгүй байсан учраас баримтаар гаргаж өгч чадаагүй гэв.

48:46-48:55 Илтгэгч шүүгч: Одоо давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал нь дахиад яригдаж байна. Давах дээр хүртэл гаргаад өгч болно шүү дээ, энийг одоо яах вэ гэхэд

48:56-49:06 Прокурор: Шүүгчээ би яллах дүгнэлтийн хавсралт дээр тэр тоотыг дурдаагүй учраас тэр хуудсанд байгаа гэж хэлж чадахгүй байна гэв. /илтгэгч шүүгч: байхгүй л байсан даа гэж давхар хэлж байв./

49:07-49:11 Даргалагчаас: Өөрөөс нь хурааж авсан эд зүйлийг яасан бэ, буцааж аваагүй, эд зүйлээ авмаар байна гэж байна гэхэд

49:12-49:35 Прокурор: Тухайн үед Б.Б байр түрээсэлж амьдардаг байсан. Тэр байрны эзэнд хүлээлгэж өгсөн баримт хэрэгт байдаг. Баянгол байна уу, Баянзүрх дүүрэгт байр түрээсэлж байдаг байсан. Эзэнд хүлээлгэж өгсөн. Ээжийнх нь утас нь холбогдохгүй. Бид нартай ерөөсөө ирж уулзаагүй гэв.

49:35-49:36 Илтгэгч шүүгч: Эзэнд нь хүлээлгэж өгсөн баримт хаана байгаа вэ гэхэд 

49:37-49:46 Прокурор: Б.Б-д бол хүлээлгэж өгөөгүй. Түрээсэлж байсан хүнд нь хүлээлгэж өгсөн гэх баримт байгаа гэв.

49:47-50:07 Даргалагчаас: Шүүгдэгч давж заалдах гомдол гээд олон хуудас гомдол гаргасан. Та гомдолтой танилцсан. Та гомдолд хариу тайлбар гаргахын тулд бэлдээд шүүх хуралдаанд орж ирэх ёстой. Тийм баримт тэнд ч байгаа байх гээд таамагласан байдлаар битгий юм ярилдаа гэхэд

50:08-50:09 Прокурор: Шүүгчээ би алдаа гаргаж байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

50:09-50:35 Даргалагчаас: Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийчихлээ. Хэргийг дахин шалгаж өгөөч гээд энэ хүн гомдол гаргаад байна. Таны ярьж байгаад ойлгохгүй байгаа учраас эхнээс нь эхэлье. Нэр бүхий хохирогч нар болох Э, О-аа, Ж, Ц нараас дахин мэдүүлэг авч ажиллагаа хийсэн зүйл байна уу гэхэд

50:35-50:36 Прокурор: Байгаа гэв.

50:38-50:54 Даргалагчаас: О-гийн гар утас, зөөврийн компьютер нь одоо байхгүй болцон юм байна. Тийм үү?, гэтэл энэ хүн хохирлыг нь давхар төлөөд байна. Тийм үү гэдэг байдлаар тодорхой хариу аваад явъя. О-гийн эд зүйл алга болсон юм уу гэхэд

50:55-50:55 Прокурор: Алга болсон гэв.

50:55-50:58 Даргалагчаас: Тэр эд зүйлийн үнийг энэ хүнээс гаргуулсан уу гэхэд

50:59-51:03 Прокурор: Гаргуулсан. Үнэлгээ дотроо үнэлүүлсэн гэв.

51:04-51:07 Даргалагчаас: Үнэлэгдсэн. Хэчнээн, ямар зүйл байсан нь тодорхой бус байгаа юм уу гэхэд

51:08-51:16 Яг хэдэн төгрөгийн хэдэн гар утас, маркаар нь үнэлгээ хийлгээд гаргасан байгаа гэв.

51:17-51:47 Хохирогч Ч.Б эд зүйлээ бүгдийг нь авчхаад 73 сая төгрөгийн эд зүйл аваагүй гэсэн мэдүүлгийг байна гэдэг дээр ямар тайлбар өгөх вэ гэхэд

51:48-52:09 Буяннэмэх хохирогчид нийт учирсан хохирлоос тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан эд зүйлээ хүлээлгэн өгөөд, үлдэгдэл хохирол нь 74 сая төгрөгийн хохирол үлдсэн. Тэрийг нэхэмжилсэн гэв.

52:10-52:54 Даргалагчаас: 183.000.450 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ тайлан гарсан. Гэтэл 254 сая гээд хоёр хөрөнгийн үнэлгээ гарсан. Гэтэл 254 сая төгрөгийн үнэлгээг шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхой биш байна гэсэн байна. Энэ дээр та тодорхой хариулт өгөөгүй. Хохирогч Рын 18.4 грамм гинжийг өгсөн, хурааж авсан гээд тэр асуудал бас энэ дээр байгаа. Хариулт байхгүй  гэхэд

52:56-53:05 Шүүгч Л.Д: Гомдолтой танилцсан бол хурал дээрээ бэлтгэлтэй орж ирээд хариултаа өгөөд явах ёстой. Хуралд бэлтгэлгүй. Та эхнээс нь энэ хэрэг дээр хяналт тавьсан уу гэхэд

53:06-53:06 Прокурор: Тийм гэв.

53:08-53:17 Шүүгч Л.Д: Хоёр хоногийн захирамжийн асуудал яг л байна гэхэд

53:18- 53:30 Илтгэгч шүүгч: 8 дугаар хавтаст хэрэгт Буяннэмэхийн гурван удаа эд зүйлээ хүлээгээд авсан. Одоо хаанаас 73 сая төгрөг гарч ирээд байгаа юм гэхэд

53:32-53:49 Прокурор: Ч.Б нь Дүнжингарав худалдааны төвийн хохирогч. Нийт учирсан хохирол нь 254.963.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоос барагдуулаад үлдэгдэл 74 сая төгрөг үлдсэн гэв.

53:50-54:06 Илтгэгч шүүгч: Тэрийг тооцсон тооцоо нь хаана байгаа вэ, 297 ширхэг эд зүйл хүлээгээд авсан байна. Алийг хүлээж аваад аль зөрүүнд үлдсэн юм. Бүү мэд гэхэд

54:07-54:10 Шүүгч Л.Дарьсүрэн: Ямар үнэлгээтэй эд зүйл үлдсэн юм гэх тооцоо байгаа юу  гэхэд

54:11-54:11 Прокурорын хэлсэн зүйл сайн сонсогдохгүй байв.

54:12-54:20 Шүүгч Л.Дарьсүрэн: Одоо бараг 100 гаруй сая төгрөгийн зөрүүний асуудал яригдаад байна.

54:38-54:47 Прокурор: Энэ нөгөө гэв.

54:48-54:48 Даргалагчаас: Юунд хариулах гэж байна гэхэд

54:49-55:24 Прокурор: Буяннэмэх хохирогчид эд зүйл хүлээлгэж өгсөн. Дахин мэдүүлгээр бэлэн мөнгө авсан. Хохирол хэдэн төгрөг үлдсэн байгаа гэдгийг хавтаст  хэргийг тоогоор нь хэлж өгөх гээд. 8 дугаар хавтаст хэрэгт 173-179, 11 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан. Дахин өгсөн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг гэв.

55:24-55:28 Илтгэгч шүүгч: Тодорхой дурдагдсан гээд хавтаст хэргийн хэддүгээр хуудас юм гэхэд

55:28-55:33 Прокурор: 173-179 дүгээр хуудсанд Буяннэмэхийн дахин өгсөн мэдүүлэг байдаг гэв.

55:33-55:36 Илтгэгч шүүгч: Дахин өгсөн мэдүүлгээрээ л зөрүүг яриад эхэлдэг.

55:37-56:04 Прокурор: Дамно гээд компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан бас авагдсан байгаа. 8 дугаар хавтаст хэргийн 208-233 дугаар хуудсанд авагдсан байгаа. Буяннэмэх гээд хохирогчийн эд зүйл хүлээж авсан тэмдэглэл 8 дугаар хавтаст хэргийн 58-63 дугаар хуудас, 129 дүгээр хуудаснууд дээр байгаа. Хамгийн сүүлд ямар эд зүйл үлдэгдэлтэй байна гэдгийг тооцоолж гаргаж ирсэн нь 12 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд байна гэв.

56:05-56:28 Шүүгч Л.Д: Энэ иргэний нэхэмжлэгч Р-аас 18.4 грамм гинжийг хүлээгээд авсан мөртөө хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна гээд байна. Хохирогчид буцааж өгсөн тэмдэглэл байна уу. 8 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд хурааж авсан нь байна. Хохирогчид хүлээлгэж өгсөн нь байхгүй гэхэд

56:29-56:44 Прокурор: 8 дугаар хавтаст хэргийн 18-26 дугаар хуудсанд байгаа гэв.

56:46-57:06 Илтгэгч шүүгч: Прокуророо тодруулаад асууя. 7 дугаар хавтсанд Буяннэмэхийн алдсан зүйлийг үнэлсэн байна. Нийт хэдэн төгрөгийн хохирол байгаа билээ, хэдэн ширхэг вэ, 7 дугаар хавтаст хэрэгт 180 сая төгрөгийн шинжээчийн дүгнэлт гэхэд

57:08-57:14 Даргалагчаас: 183.425.000 төгрөг, ахиад 254 саяар үнэлсэн үнэлгээний тайлан байгаа.

57:15-57:16 Прокурор: Тийм гэв.

57:35-57:53 Илтгэгч шүүгч: Та ойлгож байгаа юу, 8 дугаар хавтаст хэргийн 208 дугаар хуудсанд таны хэлээд байгаа 254 сая төгрөгийн үнэлгээ байна гэхэд

57:54-58:03 Эндээс хүлээлгэж өгснийг хасаад зөрүү 70 хэдэн сая төгрөг болоод байна гэж ойлгоод байна зөв үү гэхэд

58:04-58:05 Прокурор: Тийм гэв.

58:08-58:10 Даргалагчаас: Бүрэлдэхүүнд асуулт байна уу гэхэд

58:11-58:20 Шүүгч Л.Д: Тэр цагдан хоригдсон асуудал дээр тайлбар байна уу, хоёр хоногийн зөрүү дээр, захирамж нь хаачсан бэ,  гэхэд

58:15-58:45 Прокурор: Тайлбар байхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр 604 хоног цагдан хоригдсон гэж тооцоолж гаргаж өгсөн. Шүүхээс 642 хоног  гэж үзсэн. Мөн Б.Б-н хүсэлт дээр 642 хоног байсан гэдэг агуулга яригдсан. Өөрөө буруу тооцоолоод орсон байсан учраас тэр дээр тайлбар байхгүй байна гэв.

58:45-58:47 Илтгэгч шүүгч: Цагдан хоригдсон хоног байгаа юм уу, байхгүй юм уу гэхэд

58:48-58:53 Прокурор: Хоёр хоног илүү цагдан хоригдсон нь уу гэв.

58:55-58:58 Даргалагчаас: Та 602 хоногоор тооцсон учраас тайлбар байхгүй байна гэж байгаа юм уу гэхэд

58:58-59:09 Прокурор: Тийм. Шүүгч бас надаас “захирамж авагдаагүй байна” гэж асууж байсан гэв.

59:10-59:21 Илтгэгч шүүгч: Одоо давж заалдах шатны шүүх явагдаж байна. Энэ асуудал чинь яригдаад яваад байна. Энэ та нар шалгаад хэрэгт хийхгүй бол бид нар авчирч хийх үү. Бид нар хийдэг хүмүүс биш шүү дээ. Та нар хийж байж бид нар энэ асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хүн “би илүү хоригдчихоод байна энийг тооцуулъя” гээд яригдаад байхад “тухайнд үед надаас асууж байсан” гээд байх юм аа гэхэд

59:35-59:58 Прокурор: Тэгсэн. Уучлаарай шүүгчээ. Сүүлд Б-ийн ял солиулаад баригдаад хоригдох үеийн ял солиулах захирамж шүүхийн шийдвэрүүд хэрэг бол авагдсан юм байгаа. Тэрийг тооцоолохдоо би буруу тооцоолсон нөхцөл байдал харагдаад байгаа юм гэв. 

59:59-01:00:05 Илтгэгч шүүгч: Иргэний нэхэмжлэгчээс хурааж авсан гинж Буяннэмэх дээр очоогүй юм байна. Тийм үү гэхэд

00:00-00:07 Прокурор: Б дээр очсон. 8 дугаар хавтаст хэргийн 18-26 дугаар хуудсанд байгаа гэв.

00:30- Илтгэгч шүүгч: Р-аас авсан тэмдэглэл байна. Р-аас авсан 18.4 грамм шаргал өнгөтэй металь гинж нэг ширхгийг хүлээж авсан тэмдэглэл байгаа. Энийг яагаад хохирогчид өгөхгүй байгаа юм. Хаана байгаа юм гэхэд

00:45-00:45 Прокурор: 8 дугаар хавтаст хэргийн 58-63-р хуудсанд эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл байгаа. Өдөр өдрөөр нь өөр өөр зүйл өгсөн байгаа гэв.

01:08-01:27 Илтгэгч шүүгч: Энд 18.4 грамм гээд энэ дээр хэмжээд байгаа байхгүй юу. Өгөхөөрөө энэ грамм нь таараад л хүлээлгэж өгнө. Энэ таарсан граммыг би олж хараагүй. 18.4 грамм гинж хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй гэхэд

01:27-01:34 Даргалагчаас: Прокуророо хариулт байна уу, хариулт байхгүй бол та сууя” гэх хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй,  Эрүүгийн хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд тэмдэглэлийг дутуу баталгаажуулсан байна. 

Энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон Э.Б нь “..Хурал дээрээ тэмдэглэлээ бичиж байгаад хурлаас гарч ирээд диктафонд бичсэн бичлэгээ сонсоод нөхөж тэмдэглэлээ бичдэг, бүрэн бичсэн гэж бодож байна, шүүгчид хянуулаад гарын үсэг зуруулдаг. Шүүгч өөрөө уншиж байгаад засвар оруулдаг. Энэ тэмдэглэлийн тухайд шүүгч засвар оруулаагүй, хэргийн оролцогчид хэрэгтэй танилцсан байх. Миний мэдэхээр хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй, санал хүсэлт гаргаагүй, ...Бид нар хуралдааны тэмдэглэлээ бичээд Болор алдаа засдаг программд хуулж алдаагаа шалгадаг. Тэгж хуулахдаа тэмдэглэлээ дутуу хуулж гаргасан байж магадгүй. Энэ бол миний алдаа байна, ...төсөл нь одоо байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг энэ хуулийн 11.7 дугаар зүйлд заасны дагуу хөтөлнө”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”, 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасан.

Дээрх хуульд зааснаас үзвэл шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэт, нэг бүрчлэн хөтлөх үүргийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гүйцэтгэх бөгөөд тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2.2-т “шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх”, 90.2.4-т “шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчид хуульд заасны дагуу танилцуулан, шүүгчээр баталгаажуулж, хэрэгт хавсаргах” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Мөн тэмдэглэлийг албажуулж, гарын үсэг зурах даргалагч шүүгч нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх хэдий ч шүүх хуралдааны нарийн бичгийн даргын буруутай үйл ажиллагааны улмаас шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Цаашид шүүгч шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдааны тэмдэглэл бүрэн бичигдсэн эсэхийг нягтлан дээрх нөхцөл байдал дахин гаргахгүй байхад анхаарч ажиллавал зохино.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч Б.Батзориг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “... Шүүгч Б.Батзориг миний бие нь шүүхийн байгууллагад 26 жил, үүнээс шүүгчээр 22 жил 5 сар, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 20 жил 5 сарын хугацаанд ажиллаж байна. 2020 оны 05 дугаар сар хүртэл Ховд, Говь-Сүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн шат, шатны шүүхэд ажиллаж ирсэн ба 2020 оны 05 сараас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж ирлээ.

Миний бие нь шүүгчээр ажиллаж ирсэн дээрх бүхий л хугацаанд шүүгчийн ёс зүйн дүрэм болон шүүхийн тухай хуульд тодорхойлсон ёс зүйн зөрчилд тооцогдох аливаа нэг зөрчил гаргаж байгаагүй, сахилгын болон захиргааны ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй ажиллаж ирсэн болохоо юуны өмнө илэрхийлмээр байна.

Ялтан Б.Б-н миний нэр дээр Сахилгын хороонд гаргасан гомдлын хувьд эс зөвшөөрч дараах тайлбар, үндэслэлийг гаргаж байна. Үүнд: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ялтан Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батзориг миний бие даргалж, шүүгч Л.Д, шүүгч Б.А нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, уг хуралдаанд прокурор Б.У, хохирогч И.О, иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.А, шүүгдэгч Б.Б /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.А-гийн илтгэснээр хянан хэлэлцээд давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Тус шүүх хуралдааныг миний бие даргалж, удирдан явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд энэ нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэл, аудио болон видео дүрс бичлэгээр нотлогдоно гэж үзэж байна.

Шүүх хуралдааныг даргалагч миний бие нээж ямар хэргийг, ямар үндэслэлээр хянан шийдвэрлэх гэж байгаа талаар, ирцтэй холбоотой санал байгаа эсэх талаар, шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос татгалзал байгаа эсэх талаар талуудаас асууж тодруулсны дараа шүүхийн хэлэлцүүлэг эхлэх дараалал тогтоохоос өмнө гаргах хүсэлт, баримт байгаа эсэхийг тодруулсны дараа хэлэлцүүлэг явуулах дарааллыг,

-илтгэгч шүүгч хэргийн талаар танилцуулах, танилцуулахдаа шүүгдэгч цахимаар оролцож буй тул гомдлыг мөн танилцуулах,

-шүүгдэгч давж заалдсан гомдлын үндэслэлээ танилцуулж тайлбар гаргах,

-иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.А гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ тайлбарлах,

-бусад оролцогч гомдолтой холбогдуулан тайлбар гаргах,

-прокурорын дүгнэлт сонсох гэсэн дараалал тогтоосон байх ба үүний дараа шүүх хуралдаан даргалагчаас тогтоосон дараалалтай холбогдуулан талуудаас гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад шүүгдэгч Б.Б-н зүгээс прокурорын дүгнэлтийн дараа нэмэлт тайлбар гаргах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг даргалагч миний бие хүлээн авч, уг тогтоосон дарааллын дагуу шүүх хуралдаан явагдаж дууссан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн гаргасан тодорхой гомдлуудад тодорхой хариулт авах үүднээс гомдлын үндэслэл бүрийг хэргийн оролцогч буюу хамаарвал зохих этгээдээс асууж тодруулсан нь шүүх хуралдааны аудио болон видео бичлэгээс шууд харагдана гэж бодож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоох нь хуралдаан даргалагчийн бүрэн эрх бөгөөд миний бие уг бүрэн эрхийн дагуу дарааллыг тогтоохдоо мөн зүйлд заасны дагуу талуудын хүсэлтийг дараалал тогтоохоос өмнө болон хойно 2 удаа асууж тодруулж дараалал тогтоосон нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Аливаа шүүх хуралдааныг удирдан явуулах нь хуулиар хатуу тогтоосон дэг журам, дарааллын дагуу явагдахаас гадна анхан, давах, хяналтын шүүх хурал бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд энэ онцлогт тохируулан хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг удирдан явуулах нь даргалагчийн шүүх хуралдааныг хуулийн дагуу зөв удирдан чиглүүлэх мэдлэг, ур чадварын асуудал юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаан бүр өөрийн онцлогтой бөгөөд энэ онцлогт тохируулан шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоодог бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаан дээр шиг нотлох баримтыг заавал шинжлэн судлах бус талуудын хүсэлтээр шинжлэн судалдаг онцлогтой болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ ч үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд тодорхойлсон “давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх” ажиллагаа нь илүү уян хатан, талуудын саналд үндэслэсэн, чөлөөтэй байдлаар явагдах боломжтой байдлаар хуульчлагдсан. Энэ ч үүднээс өнөөдрийг хүртэл энэ зарчмаар шүүх хуралдааныг явуулж ирсэн болно.

Миний бие нь Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг удирдан явуулахдаа ямар нэгэн хууль зөрчсөн зүйлгүй, гаргасан зөрчилгүй нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэл, аудио болон видео дүрс бичлэгээр нотлогдоно гэж үзэж буй тул надад холбогдуулан гаргасан гомдлыг хянан үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Түүнчлэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хянан шийдвэрлэж, хэлэлцэхээс татгалзсан ба шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон болно.

Миний бие нь уг хэрэгтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх боломжгүй байх тул шүүх холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл болон аудио видео бичлэг, магадлалын хувийг зохих журмын дагуу шүүхийн тамгын газраас гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгөхийг хүсье.” гэсэн.

 

Шүүгч Б.Батзориг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Д, шүүгч Б.А нарын бүрэлдэхүүнтэй хийсэн.

Шүүгч Б.Батзориг миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасан шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээнд заасны дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авч, шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоон, уг дарааллын дагуу хурлыг удирдан явуулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлж ажилласан.

Шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана”, 90.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”; 90.2.1 дэх заалтад “шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах” 90.2.2 дахь заалтад “шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх”, 90.2.3 дахь хэсэгт “шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах” 90.2.4 дэх заалтад “шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчид хуульд заасны дагуу танилцуулан, шүүгчээр баталгаажуулан хэрэгт хавсаргах” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна.” 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж тус тус заасан.

Дээрх хуулиудад заасан ажил, үүргийнхээ дагуу шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нь тус шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн ба тэмдэглэлийг бичгээр үйлдэж гаргахдаа алдаа гаргаж, шүүх бүрэлдэхүүний прокуророос асуусан асуулт, хариултын хэсгийг орхигдуулж бичсэн байна. Энэ талаар даргалагч шүүгчийн хувьд бүрэн хяналт тавьж ажиллаагүй байна. Даргалагч шүүгчийн хувьд, тухайн даргалсан шүүх хуралдаан бүрийн тэмдэглэлд утга агуулгын хувьд зөрүүтэй нөхцөл байдал байгаа эсэхэд хяналт тавихаас өөрөөр үг, үсэггүй хяналт тавьж, засвар оруулахыг шаардах боломжгүй байдаг. Мөн уг хэргийн хувьд миний бие нь даргалагч болон шүүгч нараас асууж тодруулсан асуудлын хүрээнд тодорхой болгосон асуудлаар магадлалд тусгасан болно.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах, төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуулбарлан авах эрхтэй.”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан ба хэргийн оролцогч нар нь тухайн тэмдэглэлтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл тухайн тэмдэглэлд засвар оруулах эрх нь нээлттэй байхаар хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй” гэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Б.Б-н өргөдлөөр, илтгэгч гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ГЗҮ/2025/0129 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэг, шалгах ажиллагааны явцад 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/ 2025/0145 дугаар захирамжаар үүсгэсэн хэргийг нэгтгэн шалгаж гаргасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

1. Өргөдөлд “... шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохдоо нотлох баримт шинжлэн судлах хэсгийг орхигдуулсан ...” гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Д, Б.А нарын бүрэлдэхүүнтэй явуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллын талаар хуралдааны бичлэгт,

- ... даргалагч: Шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтооё. Илтгэгч шүүгч хэргийг танилцуулснаар эхэлнэ. Илтгэгч шүүгч хэргийг танилцуулахдаа шүүгдэгч Б.Б-н гомдлыг уншиж танилцуулна. Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол дээрээ нэмж ярих тайлбар байвал хэлнэ. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдлынхоо хууль зүйн үндэслэл, хохирогч И.О-гийн тайлбар, прокурорын дүгнэлт гэсэн дарааллыг тогтоож байна. Энэ дараалалд ямар нэгэн санал, хүсэлт байна уу гэхэд оролцогчид байхгүй гэсэн,

- даргалагч: Шүүгдэгчид шүүх хуралдаан явуулах дараалалтай холбоотой санал хүсэлт байна уу гэхэд, шүүгдэгч Б.Б: Завсарлахын өмнө би тайлбар хэлж болох уу, прокурор дүгнэлт хэлсний дараа гэсэн,

- даргалагч: “Шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж аваад прокурорын дүгнэлтийн дараа үг хэлэх боломжийг олгоё. Шүүхийн хэлэлцүүлгийг эхэлж байна гэж тусгагдсан нь тогтоогдоно.

Холбогдох шүүгч “... давж заалдах шатны шүүх хуралдаан бүр өөрийн онцлогтой бөгөөд энэ онцлогт тохируулан шүүх хуралдаан явуулах дарааллыг тогтоодог бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаан дээрх шиг нотлох баримтыг заавал шинжлэн судлах бус талуудын хүсэлтээр шинжлэн судалдаг онцлогтой болохыг дурдах нь зүйтэй байна ...” гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн оролцогч хүсэлт гарган шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй талаар зохицуулсан, тиймээс хэргийн оролцогч шүүх хуралдааны дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаж, нотлох баримтыг судлуулах, тайлбартаа хавтаст хэрэгт авагдсан баримтыг дурдах зэргээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэхдээ, илтгэгч гишүүний “... шүүх хуралдааны дараалалд нотлох баримт шинжлэн судлах хэсгийг оруулаагүй үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хамаарахгүй боловч цаашид шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ... заасныг харгалзан хэргийн оролцогч нараас нотлох баримт шинжлэн судлах шаардлагатай эсэхийг асууж, тодруулж байвал зохино ...” гэснийг хүлээн авлаа.

 

2. Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд, албажуулсан тэмдэглэл нь дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй байсан тул илтгэгч гишүүний 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2025/0145 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ.

Хуралдааны “mainfeed_dual_512” нэртэй бичлэгт, хуралдааны асуулт, хариултын шатанд шүүх бүрэлдэхүүн прокуророос асуулт асууж байх хэсгийн 44:32-01:00:05 дахь хэсэг хүртэл 16 орчим минутын, “mainfeed_dual_512-2” нэртэй бичлэгийн 00:07-01:34 дахь хэсэг хүртэл 1 минут гаран, нийт 17 минут гаруй хугацааны яриа тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Мөн “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хийсэн үзлэгээр, тэмдэглэлийг хянаад 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр системд оруулж хадгалсан байх ба систем дэх тэмдэглэлд ч дээрх хэсэг[1] бичигдээгүй байсан болох нь тогтоогдоно.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б “... диктафонд бичсэн бичлэгээ сонсоод нөхөж бичдэг ... тэмдэглэлийг шүүгчид хянуулаад шүүгч гарын үсэг зурдаг ... энэ тэмдэглэлийн тухайд шүүгч завсар оруулаагүй ... бид нар хуралдааны тэмдэглэлээ бичээд “болор” алдаа засдаг программд хуулж алдаагаа шалгадаг. Тэгж хуулахдаа тэмдэглэлээ дутуу хуулж гаргасан байж магадгүй. Энэ бол миний алдаа ...” гэж мэдүүлжээ[2].

Шүүх хуралдааны тэмдэглэлийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2 дахь хэсэгт “... тэмдэглэлд ... шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж зохицуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, тэмдэглэлийг шүүгчээр баталгаажуулж, хэрэгт хавсаргах чиг үүргийг хэрэгжүүлэхээр зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үүргээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгахгүй, энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэхдээ хуралдаан даргалагч ч шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулж, гарын үсэг зурахдаа хяналт тавьж ажиллахыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй.

 

Дүгнэвэл, иргэн Б.Б-н өргөдөлд дурдсан үйл баримтад хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2026/0013 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзоригт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Ц.ДАВХАРБАЯР

 

                                       ГИШҮҮД                              С.ЭНХТӨР

 

                                                                                       Д.ЭРДЭНЭЧУЛУУН