info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-01-13

Дугаар 3

Улаанбаатар хот

 

Сахилгын шийтгэл оногдуулсан

магадлалын тухай 

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч ... /цахимаар/, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2025/0149 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч ... нарын гомдлыг болон илтгэгч гишүүний эсэргүүцлийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“БЧ” ХХК-аас шүүгч ... нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн сахилгын хэргийг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, шүүгч ...нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчлийг, мөн Ерөнхий шүүгч ...нар нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийг, Ерөнхий шүүгч ... нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” зөрчлийг гаргасан гэж үзэн нотлох дүгнэлт үйлдэж Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СХМ/2025/0149 дүгээр магадлалаар “...шүүх бүрэлдэхүүн хуульд зааснаар хэргийн бодит үйл баримтыг тодруулахаар асуулт асуусан байх тул Ерөнхий шүүгч ...нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж, Ерөнхий шүүгч ...г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчөөгүй гэж тус тус дүгнэж, харин  ... нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэн, илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2025/0032 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, холбогдох шүүгч нарт мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад зааснаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг магадлалыг эс зөвшөөрч холбогдох шүүгч нараас гомдол, илтгэгч гишүүнээс эсэргүүцэл гаргасан байна.

Шүүгч ...нар гаргасан гомдолдоо “...... нар Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СХМ/2025/0149 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан асуудлаар:
    1. Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “...Улсын дээд шүүхийн 2025 оны 28 дугаар тогтоолд “илт тодорхой” гэдгийг ...тайлбарласантай дээрх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь уг заалтыг”хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон” гэж үзэх үндэслэлгүй байх тул илт тодорхой хуулийн заалт гэж үзэхгүй" гэж дүгнэснийг сахилгын хорооны магадлалд “энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20 дахь хэсэгт “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд захирамж, тогтоол, магадлал хэлбэртэй байна” гэж заасантай нийцэж байна” гэж дүгнэжээ.

Илтгэгч гишүүний дээрх дүгнэлтийг ойлгомжгүй байгаа талаар шүүгч нар сахилгын хорооны хуралдаанд тайлбарлахад “...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж огт дүгнээгүй. Үүнийг би судлахад шүүхүүд практикт хэрэглэж байгаа юм байна, практик учраас зөрчил гэж үзээгүй" гэж өөрөө тайлбарласан. Гэтэл сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн гишүүд энэ хэсгийг хуульд нийцсэн гэж огт хамааралгүй хуулийн заалтыг бичиж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, илтгэгч гишүүний дүгнэлт Улсын дээд шүүхийн тайлбар хуульд нийцэхгүй гээд байгаа юм уу?, шүүхийн магадлалд хэрэглэсэн хуулийн заалтыг хуульд нийцэхгүй гээд байгаа юм уу гэдэг нь одоо ч ойлгомжгүй байна.

Иймд, нотлох дүгнэлт болон магадлалын дүгнэлт ойлгомжгүй, тодорхойгүй байснаар шүүгч нар тайлбараа бүрэн дүүрэн гаргах боломжгүй нөхцөлийг үүсгэж байна.

    1. Сахилгын хорооны магадлалд “...хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгох бус, хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг мөн удирдлага болгох нь зүйтэй байсан гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ", “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах шүүхийн ажиллагаанд хамаарахгүй, байхгүй, хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж, хэргийг прокурорт буцааж байгаа байдлыг анхаарвал зохино”, “...Улсын дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх замаар практик жишиг тогтоосон тогтоол нь хууль биш...” гэж дүгнэсэн байна,

Нотлох дүгнэлт болон сахилгын хорооны магадлалд дүгнэсэн дээрх асуудал нь цэвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль хэрэглээтэй холбоотой хэсэг бөгөөд энэ талаар сахилгын хорооны хуралдаанд шүүгч нар хангалттай тайлбарласан боловч үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.

Тухайлбал, Г.Н нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хуулийн 39 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39,6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д заасан үндэслэл буюу “...шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж хуульд бичсэн уг хэллэгээр нь тэмдэглэж оруулсан. Энэ хүрээндээ 1-5 дугаараар шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэхэд зайлшгүй дахин шалгаж тогтоох шаардлагатай үйл баримтуудыг дүгнэж тодорхойлж бичсэн байгаа. Үүний дараа эцэст нь базаж дүгнэхдээ "Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг, үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн байна” гэж дүгнэсэн гэдгээ тайлбарлаж хэлсэн.

Хэрвээ, давж заалдах шатны шүүх хэрэг шийдэхдээ огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа бол хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай болно. Гэтэл энэ нь шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээний асуудал биш, хууль хэрэглээний асуудал учраас дээрх байдлаар тайлбараа гаргасан. Энэ хэргийн хувьд нэгдмэл сонирхолтой, хамтарч ажиллаж байсан этгээдийн хооронд үүссэн буюу иргэний эрх зүйн харилцаанаас эхлэлтэй маргаан учраас өөрсдөөс нь тодруулж асуух зайлшгүй шаардлагатай олон асуултууд байсан тул шүүгч нар тодруулах асуултуудыг асуусан нь давж заалдах шатны шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 6-д заасан эрх хэмжээнд хамаарч байгаа.

Нөгөө талаар эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар үүнээс өөрөөр буюу энэ хүрээнээс хэтрүүлж тайлбарлавал жинхэнэ утгаараа шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх ёс зүйн зөрчилд хамаарна гэж үзэж байна.

Түүнчлэн сахилгын хорооны гишүүд хэрэг уншиж танилцаагүй байж “...хуулийн заалтад нийцэх агуулгаар огт дүгнэлт хийгээгүй, харин мөрдөн шалгах, прокурорын шатанд хийх ажиллагааг дурдан хүчингүй болгосон нь буруу” гэж дүгнэсэн нь яагаад ч байж болохгүй. Давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар прокурорын яллах дүгнэлтэд тэмдэглэсэн үйл баримтууд хэрхэн тогтоогдсон, бүрэн дүүрэн шалгагдсан эсэх гэх мэтчилэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг нэн тэргүүнд шалгасны эцэст шийдвэрээ гаргадаг.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж Улсын дээд шүүх, түүний бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 25.7,5.6-д болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн бол" гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

Бидний зүгээс гаргаж өгсөн Улсын дээд шүүхийн тогтоолуудад 2022 онд хуульд орсон өөрчлөлтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхүүдийн хууль хэрэглээний асуудлаар тодорхой дүгнэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хэзээнээс, хэрхэн ойлгож хэрэглэх болсон нь маш ойлгомжтой, тодорхой тусгагдсан байгаа. Илтгэгч гишүүн ч мөн адил цуглуулсан баримтаараа “...хууль зөрчсөн алдааг засах, залруулах үүднээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх болон эсхүл ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа хууль хэрэглээний практик байна" гэж тэмдэглэсэн байсан.

Гэтэл сахилгын хорооны магадлалд “...давж заалдах шатны шүүх, ...шийдвэрийг хүчингүй болгосноор анхан шатны шүүх нь урьдчилсан хэлэлцүүлгийг явуулан хэргийг прокурорт буцаах тухай маш тодорхой хуулийн зохицуулалт байгааг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно” гэж дүгнэж байгаа нь шүүх, хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг хэрхэн хэрэглэх, хараат бус, зөвхөн хуульд захирагдах бүрэн эрхэд халдаж байна.

2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн анхны зохицуулалтаар 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3 гэсэн хоёр зохицуулалтаар өөр өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор байсан боловч 2022 оны өөрчлөлтөөр 1.3 гэсэн заалтыг хүчингүй болгосноор 12-оос өөр баримтлах буюу удирдлага болгох зохицуулалт байхгүй болсон гэж ойлгож хэрэглэж байгаа. Хуулийн 39.5 дугаар зүйлийн зохицуулалт бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэл болгох зохицуулалт гэдэг нь хуулийн бүтцээс тодорхой харагдана. Шүүхийн практикийг судлан үзэхэд 39.5-ын холбогдох заалтыг дангаар нь, эсхүл 39.9-ын 1.2-той хамт, эсхүл 39.6, 39.7, 39.8-ын холбогдох хэсэгтэй хамт, мөн 39.9-ийн 1.2-ыг дангаар нь гэх мэтчилэн баримталсан байна.

  1. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн асуудлаар:

2.1.Сахилгын хорооны магадлалд "...Хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй боловч гэрч, прокурор ...С.Б-ын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзнэ. ...Илтгэгч гишүүний ... хуулиар олгоогүй ажиллагаа хийснийг эрх хэмжээг хэтрүүлэн, буруу хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг хийж хариуцлага тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Сахилгын хорооны гишүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийг зохицуулсан хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн анхан шатны шүүх л хэрэгжүүлэх мэтээр хуулийг хэтэрхий явцууруулж ойлгож. хэрэглэж болохгүй.

Давж заалдах шатны шүүх, хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах үүрэгтэй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан бүх л асуудлыг хянана гэж ойлгох юм. Иймд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой ажиллагаа явуулж болохгүй гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд хэргийн зүйлчлэл, хувийн байдал, цагдан хоригдсон хугацаа, талуудын санал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл зэргийг харгалзан хэвээр үргэлжлүүлэх, өөрчлөх, суллах эсэхийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн, дээд шатны шүүхүүдийн эрх хэмжээнд хамаарна гэж үзэж байгаа талаараа хуралдаанд тайлбараа гаргасан.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Г.Б-ын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул 2 шүүгдэгчийн удаан хугацаагаар хоригдсон, хэргийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдгийг ч дурдаж өгсөн байгаа.

Ер нь давж заалдах шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх асуудлаар энэ удаа, ганцхан манай шүүх, шүүх бүрэлдэхүүн ийм шийдвэр гаргаж байгаа асуудал огтоос биш. Дээд шатны шүүхүүд болох дааж заалдах болон хяналтын шатны шүүх хянасан хэрэг бүртээ яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цаашид хэрхэн хэрэгжих болохыг нэг бүрчлэн дүгнэж, тогтоох хэсэгтээ заадаг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт.

Цаашилбал, илтгэгч гишүүний өөрийнх нь цуглуулсан давж заалдах шатны шүүхүүдийн магадлал дотор ч /... аймгийн шүүхийн магадлал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан зохих заалтыг баримталж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шийдвэрүүд авагдсан байсныг анхаарч үзээгүй байна.

Прокурор бол хууль хэрэглэдэг нэг л субъект  Гэтэл түүнийг гэрчээр асууж, гэрчийн мэдүүлгийг үндэслэж, шүүх бүрэлдэхүүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, прокурорын мэдүүлгийн агуулга нь тухайн нэг үйл баримтыг нотолж байгаа бус, хууль хэрэглээтэй холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн байхад мэдүүлгийг нь нотолгооны хэрэгсэл болгох нь шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл журамд нийцэхгүй.

  1. Сахилгын хорооны магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг үндэслэжээ. Гэтэл энэ хэсэг бол “Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг"-ийн зохицуулалт. Энэ хэргийн тухайд анхан шатны шүүх, хэргийг хүлээж аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, улмаар гэм буруугийн хуралдаан явуулж, ял шийтгэл оногдуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, Г.Н, А.Г, Б.Т нар нь шүүгдэгч гэсэн нэршилтэйгээр давж заалдах шатны шүүхэд хэрэг нь хянагдсан. Тиймээс дээр дурдсанаар дээд шатны шүүхүүд мөн хуулийн ерөнхий зохицуулалт буюу 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тохирох заалтыг баримталж таслан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Тийм учраас хуульд хориглосон зохицуулалт байхгүй гэдгээр тайлбар гаргасан ба харин ч таслан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй гэдгийг хуулиар зохицуулсан байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хэрэг маргаан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд байхгүй, хамаарахгүй, хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн, хуулиар хориглосон ажиллагаа явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар тайлбарлаж байна.

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн хууль хэрэглээний асуудлаар:

Сахилгын хорооны магадлалд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэсэн үндэслэлийн талаар шүүгч нарыг буруутгаж буй сахилгын зөрчилтэй холбон огт дүгнэлт хийгээгүй.

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийн 28 дугаар тогтоолоор шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан байдаг.

Дээрх тайлбарт : “... Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэснийг ... тайлбарлаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явц дахь шүүгчийн хууль хэрэглээнд холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ... “ шүүгчийн захирамж, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрх хэмжээ Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй","... шүүгч хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг хэрхэн хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна ..." гэж дүгнэсэн атлаа зарим нэг хэргийн үйл баримт, түүнийг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлд тайлбар, дүгнэлт өгсөн тохиолдол байна гэж, мөн"... уг заалтыг шүүгчийн мэргэжлийн алдаанаас хэрхэн ялган зааглах тухай болон тус заалтын агуулга, ялангуяа “илт тодорхой, ноцтой, удаа дараа" гэдгийг хэрхэн ойлгох тухай хангалттай тодорхой ойлголт бий болоогүй байна. Үүнээс үзвэл Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалт дахь хууль зүйн тодорхой бус ойлголтуудыг хууль хэрэглэгч /Шүүхийн сахилгын хороо/-ийн зүгээс хэт ерөнхий байдлаар тайлбарлах, шүүгчийн гаргасан зөрчил ноцтой эсэхэд, хэргийн оролцогчийн гаргасан тайлбарт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэх, эсхүл тайлбарлаж буйгаасаа өөрөөр хэрэглэх тохиолдол байгаа нь хууль хэрэглээний нэгдмэл байдал бий болоогүй, хуулийг тайлбарлах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна" гэж дүгнэжээ.

Түүнчлэн тайлбарт хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой зөрчих" гэдгийг: "материаллаг хуулийн хувьд, хуулийн илт тодорхой заалтын агуулгыг илэрхий өөрөөр, дур зоргоороо тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэлгүй орхисны улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", “... шүүгчийн гаргасан зөрчил нь ... “ноцтой" шинжийг агуулаагүй ... бол ноцтой бус зөрчилд хамаарна”, “ шүүгч хуулийн илт тодорхой заалтыг 1- 2 удаа ноцтой бус байдлаар зөрчсөн нь ... хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болохгүй" гэж,

Мөн “удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно" гэж тайлбарласан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг магадлалд зүйл заалтаар нь бичээгүй боловч магадлалын үндэслэх хэсэгт агуулгын хувьд тусгасан байгааг анхаарч үзээгүй, энэ заалтыг давж заалдах шатны шүүхүүд харилцан адилгүй баримталж байгаа, мөн дээрх заалтыг бичээгүйгээрээ тайлбарт дурдсанаар хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой зөрчсөн" гэж үзэхгүй байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд давж заалдах шатны шүүх ийм шийдвэр гаргаснаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргаж, хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт зүй бус ашигтай байдал бий болгоогүй, үндсэн эрхийг нь ноцтой зөрчөөгүй, хохироогоогүй тул сахилгын хорооны магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүн эсэргүүцэлдээ “...Илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2025/0032 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтээр,

а. ... нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг,

б. Ерөнхий шүүгч ...нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан зөрчил,

в. Ерөнхий шүүгч ...г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчлийг тус тус гаргасан гэж дүгнэсэн.

 

Сахилгын хорооны хуралдааны магадлалаар, холбогдох шүүгч нарын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэснийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулж, харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.20 дахь заалтад заасан зөрчлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

1. Магадлалд, “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 35.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч бүрээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулга, түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг тодруулж, шүүгдэгчийн хүсэлтээр тайлбарлахыг улсын яллагчид даалгаж болно”, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх талуудын гаргасан гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болно” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу шүүх хуралдааны оролцогчдоос шаардлагатай гэж үзсэн асуудлаар тодруулга хийхээр асуулт асуух эрхтэй. Мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан. Иймд шүүх бүрэлдэхүүн хуульд зааснаар хэргийн бодит үйл баримтыг тодруулахаар асуулт асуусан байх тул Ерөнхий шүүгч ...нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэжээ.

Хэдийгээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудын гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болох боловч шүүгч аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас хандахын сацуу хэргийн нэг талд буруу, зөрүү ойлголт төрүүлэхээр үг, үйлдэл гаргахгүй байх ёстой.

Хэргийн оролцогчоос асуулт асууж байгаа хэлбэр нь хэргийг яаж шийдвэрлэх гэж байгаа талаар шийдвэр гаргахаас өмнө өөрийн байр суурийг хэргийн оролцогч болон танхимд байгаа иргэдэд илэрхийлсэн нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдож байх тул энэ зөрчлийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Тиймээс, зөрчил биш гэж дүгнэсэн атлаа “... гэсэн хэдий ч холбогдох шүүгч нар нь цаашид шүүх хуралдааны аль ч үе шатанд хэргийн оролцогчдоос асуулт асуухдаа үгийн сонголтыг зөв хэрэглэж, аливаа этгээдэд буруу, зөрүүтэй ойлголт төрүүлэхгүй байхад анхаарвал зохино ...” гэж магадлалд дурдсан нь ойлгомжгүй, дээрх дүгнэх хэсэгтэй зөрчилдсөн дүгнэлт хийсэн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэх тус зөрчилтэй холбогдолгүй хуулийн заалтыг үндэслэсэн нь  хуульд нийцэхгүй байна.

 

2. Ерөнхий шүүгч ...гийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчсөн гэх зөрчлийг “... илтгэгч шүүгч ...гийн хоолойны өнгө нь бухимдсан байдал илэрхийлсэн, зохимжгүй байгаа хэдий ч хэргийн оролцогчид руу хоолойн өнгөө хэт өндөрсгөн хашхирах зэрэг байдал ажиглагдахгүй байна. Түүнчлэн тухайн Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хуралдаан 13 цаг 53 минутад  эхэлж, 21 цаг 15 минутад дууссан ба мөн холбогдох шүүгч нарын цахимаар ирүүлсэн нэмэлт “2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны зар” гэх баримтаар тэд 09 цаг 30 минутаас эхлэн тасралтгүй шүүх хуралдаантай байсан болох нь тогтоогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Ерөнхий шүүгч ...г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчөөгүй ...” гэж дүгнэжээ.

... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь бусад орон нутгийн шүүхтэй харьцуулбал хэргийн ачаалал харьцангуй бага, ..., ..., ... нар нь шүүгчээр олон жил ажилласан шүүх хуралдаан даргалах, хэргийн оролцогч нартай хэрхэн харилцах, шүүн таслах ажлын туршлагатай шүүгч нар гэж дүгнэж байна.

Магадлалд “... Цаашид ч албан үүргээ гүйцэтгэхдээ хэргийн оролцогчтой зөв боловсон харьцаж, бухимдал, сэтгэл хөдлөлөө дарж, шүүх таслан ажлаа хэрэгжүүлэхийг шүүгч нарт анхааруулах нь зүйтэй ...” гэсэн нь шүүгч ...г зөрчил гаргасан, эсвэл гаргаагүй талаар ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Эцэст нь, Бангалорын зарчмын Төвийг сахисан байдлыг “... Шүүх эрх мэдлийг зохистой хэрэгжүүлэхэд төвийг сахих байдал нь зайлшгүй чухал ач холбогдолтой. Энэ зарчмыг шүүхийн шийдвэрт төдийгүй тухайн шийдвэрийг гаргах зэрэг шүүн таслах ажилд нэгэн адил баримтална. … Шүүгч нь шийдвэр, шүүн таслах ажлын үндэслэлтэй байдлыг хангаж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй мөрдөх замаар шүүх хуралдаан болон шүүхийн шийдвэр гаргахад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл, нөхцөл гаргахгүй байхыг хичээн ажиллана. … Шүүгч нь өөрөө хянан шийдвэрлэж байгаа, эсхүл өөрт нь хуваарилагдан шийдвэрлэгдэх хэргийн тухайд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд нөлөөлөх бодит магадлалыг бий болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох шударга байдлыг алдагдуулж болохуйц тайлбар, мэдэгдлийг мэдсээр байж хийж болохгүй. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдалд нөлөөлж болох мэдэгдэл, бусад ямар нэгэн тайлбар, ойлголтыг олон нийтэд мэдээлж болохгүй …” гэж тайлбарласан байдаг.

Эсэргүүцлийн шаардлага: Иймд, дээрх үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СХМ/2025/0149 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Холбогдох шүүгч нарын гаргасан гомдлыг бүхэлд нь, илтгэгч гишүүний эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

            1. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг ...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Н, А.Г нарыг гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Н-ыг 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Г-ыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

            Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасныг, ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ... даргалж, Ерөнхий шүүгч ..., шүүгч ... нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, ... дүгээр магадлалаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ...аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Т-д холбогдох бүх заалт, шүүгдэгч Г.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан болон ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, А.Г нарт холбогдох бусад заалтыг тус тус хүчингүй болгож” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тухайн магадлалд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Г.Н, А.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтыг илтгэгч гишүүн “...магадлалд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “...үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангаагүй...” гэснээс өөрөөр дээрх заалтад нийцэх агуулгаар дүгнэлт огт хийгээгүй, харин мөрдөн шалгах, прокурорын шатанд хийх ажиллагааг дурдан хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хоёрдмол утгагүй, нэг утга санааг илэрхийлсэн, тодорхой бус ойлголт агуулаагүй илт тодорхой заалтыг зөрчсөн байна. ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй ямар дүгнэлт хийсэн болох нь магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэгдээгүй. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд хамаарах ба давж заалдах шатны шүүхийн шүүгч нь хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн буруу хэрэгжүүлснээс хэргийн оролцогч шүүгдэгчид ашигтай байдал үүсгэсэн, хохирогч нарыг чирэгдүүлсэн тул “ноцтой” гэж үзнэ. ... Хууль болон дээрх хуульчилсан актын агуулгаар давж заалдах шатны шүүх нь гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тохиолдолд “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг л холбогдох байгууллагад хүргүүлэх байтал хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, ажиллагаа явуулжээ.

...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 39 дүгээр бүлэгт давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, эрх хэмжээг зохицуулахдаа, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянаж, талуудын гомдол, эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөхөөс бус ажиллагаа хийх эрх хэмжээг олгоогүй байхад энэхүү ажиллагааг хийснийг эрх хэмжээгээ хэтрүүлэн, буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ.” гэж шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэн.

Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж, магадлалд “...давж заалдах шатны шүүхийн магадлалаар өргөдөлд дурдагдсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, бусад хэсгийг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул зөвхөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгох бус, хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг мөн адил удирдлага болгох нь зүйтэй байсан гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ. ...Хуульд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгож буй тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Холбогдох шүүгч нар “хуульд хориглосон зохицуулалт байхгүй” гэх тайлбарыг өгч байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж зааснаар шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгохдоо санал, хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр хэлэлцүүлэхээр байна” гэж дүгнэн холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой” зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

 Дээрх шүүгч нарыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хуулийн илт тодорхой зохицуулалтад хамаарахгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “… “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. ...Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй. ..Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна” гэж тайлбарласан.

Дээрх тайлбараас үзвэл хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалтыг илт тодорхой заалт гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “илт тодорхой” гэж үзэх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд, Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

  Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр магадлалын 2 дахь хэсэгт “...шүүгдэгч Г.Н, А.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж заажээ. 

Шүүгч нарын дээрх үйлдлийг илтгэгч гишүүний нотлох дүгнэлт болон Сахилгын хорооны магадлалд “...ажиллагаа хийх эрх хэмжээг олгоогүй байхад энэхүү ажиллагааг хийснийг эрх хэмжээгээ хэтрүүлэн, буруу хэрэгжүүлсэн” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар зохицуулсан нь зөвхөн анхан шатны шүүхэд хамааралтай заалт биш. Давж заалдах шатны шүүх нь хуульд заасны дагуу хэргийг бүхэлд хянан үзээд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэснийг өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн, хэтрүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

2. Шүүгдэгч Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч ... “...Тэр хүндээ нотлох баримтаа гаргаад өгчихсөн биз дээ, тэрийг та гаргаагүй гэж үзэх юм уу?, Тэрийг чинь таныг гаргаж өгсөн гэж үзнэ биз дээ, тэрийг та гаргаж өгсөн учраас таныг тэгж дүгнээд байгаа шүү дээ. Тэрийг ойлгож байгаа юу. Түрүүн Болдбаатар өмгөөлөгч нотлох баримт ерөөсөө гаргаж өгөөгүй байхад яагаад ингээд буруутгаад байгаа юм бэ гэсэн юм яриад байсан. Тэрийг ойлгосон уу, нотлох баримт гэдэг чинь зээлийн гэрээ, удирдах зөвлөлийн тогтоол байна. Эд нарыг чинь хууль бус гэж үзээд байгаа шүү дээ, ...Байвал яагаад хэрэгт өгөхгүй байгаа юм бэ, …Байхгүй учраас 2015 оны анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр таныг эрхгүй байна гээд тогтоочихсон шийдвэр байгаа. Тийм учраас таныг үүнээс хойших жилүүдэд яагаад төлөөлөөд яваад байгаа юм бэ гэж асуугаад байна, ...Байхгүй ээ, наад улсууд чинь мэдүүлгээр л яаж байгаа, Н-д тэдэн хувиа өгсөн, үүнээс хойш оролцохоо больсон гэсэн мэдүүлэг л байгаа болохоос албан ёсоор ТУЗ хуралдаад, энийгээ өглөө гэсэн зүйл, ...Хэрэв тэр албан ёсны болох юм бол та тэр хүний 20, 20 хувийг авлаа гэхэд 60 хувь болж бас болж байна, тэгвэл өөрөө төлөөлнө гэж яривал бас нэг өөр байна. Тэр бол албан ёсоор хэрэгт нотлогдоогүй байсан, ...Дахин шалгуулбал байгаа гэж үү” гэж,

мөн бүрэлдэхүүний шүүгч ... “...Энэ чинь гарч ирэх боломжтой юм уу” гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн байна. 

Шүүгч нарын дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар шүүгч урьдчилан өөрийн бодол, байр суурийг “олон нийтэд” мэдээлэх, илэрхийлэх буюу гадагш чиглэсэн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн хэрэг, маргааны талаар хэзээ, хэнд мэдээлснээс хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилжээ.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгч шүүгдэгчээс  асуулт асуух байдлаар хэргийн үйл баримтыг тодруулсан нь өөрийн байр суурийг олон нийтэд илэрхийлсэн гэж үзэхгүй. 

Иймд, дээрх дүгнэлттэй холбогдуулан гаргасан илтгэгч гишүүний эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй.

  

 3. Сахилгын хорооны магадлалаар “Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд илтгэгч шүүгч ...гийн хоолойны өнгө нь бухимдсан байдал илэрхийлсэн, зохимжгүй байгаа хэдий ч хэргийн оролцогчид руу хоолойн өнгөө хэт өндөрсгөн хашхирах зэрэг байдал ажиглагдахгүй байна. Түүнчлэн тухайн Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хуралдаан 13 цаг 53 минутад  эхэлж, 21 цаг 15 минутад дууссан ба мөн холбогдох шүүгч нарын цахимаар ирүүлсэн нэмэлт “2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны зар” гэх баримтаар тэд 09 цаг 30 минутаас эхлэн тасралтгүй шүүх хуралдаантай байсан болох нь тогтоогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Ерөнхий шүүгч ...г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчөөгүй” гэж дүгнэсэнтэй холбогдуулан илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

Тус шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгч ... нь шүүгдэгчээс асуулт асууж байхад цахимаар оролцож буй хэргийн оролцогчоос “шүүгдэгчийн өмгөөлөгч асуугаад байгаа юм уу, шүүгч асуугаад байгаа юм уу арай хэтэрхий хөтлөөд асуугаад байгаа юм биш үү” гэхэд шүүгч ...  “...шүүгч юу асуулгахаа чамаар заалгахгүй, битгий голоор орж ирээд байгаарай. Арга хэмжээ тооцно шүү /өндөр дуугаар/ ...шүүгч хөтөлж асуухад хориглосон юм хаа байдаг юм” гэж,

мөн хохирогчийн өмгөөлөгчөөс асуулт асууж, хариулт авахдаа “...тэрийг бол мэдэж байна, зүгээр асуултад л хариул, үнэн ярих албагүйг бид нар мэдэж байна. бид нарт заах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. ...үгүй ээ, үгүй ёо юм ойлгохгүй юм аа, тэгээд яриад байх юм аа, ... за дуусгая, дуусгая, яршиг” гэж хэлсэн нь тус тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт бичигджээ.

Харин шүүгч ... “за дуусгая, дуусгая, яршиг” гэснийг нь шүүх хуралдаан завсарласны дараа хэлсэн, энэ нь хуралдааны бичлэгт бичигдсэн байсан” гэж тайлбарласан ба шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл шүүгчийн дээрх тайлбар нь үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүх хуралдааны явцад шүүгч хэргийн оролцогчтой өндөр дуугаар зандарч, мөн залхсан өнгө аясаар харилцаж байгаа үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан сахилгын зөрчилд хамаарч байна.

Тодруулбал, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдыг хүндэтгэж, хүлээцтэй хандаж, үг хэллэгийг болгоомжтой хэрэглэн биеэ зөв авч явах нь шүүхийн шударга байдал хийгээд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.

Мөн Банглорын зарчмуудын тайлбарын 6.6-д “Шүүгч нь шүүх дэх бүхий л шүүх хуралдааныг зохистой, хэв журамд нийцүүлэн явуулах бөгөөд хэргийн оролцогч талууд, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, хуульч болон шүүгчийн албан үүргийн дагуу харьцаж буй бусад хүнтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй, эелдэг, анхааралтай харьцана. Мөн шүүгч нь түүний хамаарал, чиг үүрэг, хяналтад байдаг бусад хүнийг ийм байдлаар бусадтай харьцаж байхыг шаардана” гэж тайлбарласан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүгч ... г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, ... нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т болон шүүгч ..., ... нарт холбогдох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 Харин шүүгч ...гийн харилцаа хандлага нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан сахилгын зөрчилд хамаарч байх тул түүнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулж, дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СХМ/2025/0149 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57.1.2-т заасныг баримтлан ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ...д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулж, ... нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг, ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ..., ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ... нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн нотлох дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                    О.НОМУУЛИН