
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-11
Дугаар 22
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.С нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Э.Н-г байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Э.Н-аас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангалд холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/...2 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2026/... дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Шүүгч Н.Хангал нь Э.Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.
1. Нэхэмжлэгч Л.Т өмнө нь Э.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргасан тул шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ...4 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Л.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Э.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх, приус 20 маркийн автомашин, 2 газар эзэмших эрхээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахин гаргасан.
Тус шүүхийн шүүгч Н.Хангал нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ...30 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэр бүл бол нийгмийн анхдагч үндсэн нэгж тул тухайн төрлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх, гэрлэгчдийг аль болох эвлэрүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажиллагааг хуульд зааснаар явуулах шаардлагатай байдаг.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл тул шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг дээрх бүлэгт тусгайлан заагаагүй, энэ тохиолдолд шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлахдаа мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг захирамжид баримталсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь түүнийг дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй.
Иймд өргөдөлд дурдсан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар урьд нь гомдол гаргах эрхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр байсаар байтал хууль зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Т нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...бидний дундаас төрсөн охин болох 15 настай Н.Э-д хаврын улиралд дархлаа дэмжих хоол, хүнс, хувцас, дугуйлан мөн дунд ангиа төгсөхөөр хонхны баярт оролцох зардал зэрэг зайлшгүй хэрэглээний зардлыг эцэг Э.Н өөрийн ухамсраар төлөх, хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байгаа тул хариуцагчаас сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах, …эхнэр болон хүүхдүүдээ байнгын хүчирхийлэлд байлгадаг тул тусдаа амьдрахыг даалгах, хамтран өмчлөх дундын өмчийг өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, худалдах, захиран зарцуулахыг хоригло шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т ”насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх”, 129.1.3-т ”гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах, 129.1.5-т “орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох” арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно.
Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ...2 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэлийг захирамжид тодорхой дурдсан байх ба дээрх арга хэмжээ авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүхээс гарсан аливаа шийдвэр биелэгдэх учиртай бөгөөд шүүгч дээрх захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улмаар 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 192/АБ2025/...9 дүгээр албан бичгээр Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлжээ.
Иймд дээрх ажиллагаа нь өргөдөлд дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.4, 50.1.7, 50.1.8, 50.1.9, 50.1.18, 50.1.23 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
3. Шалгах ажиллагааны явцад иргэний хэрэгт үзлэг хийхэд хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан атлаа дуудсан хугацаанд шүүхэд ирээгүй тул шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ...60 дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ...44 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Гэвч хариуцагч Э.Н нь Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо руу шилжсэн тул шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ...6 дугаар захирамж гарган хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ба түүнд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материал, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. Тодруулбал, хариуцагч шүүхэд ирээгүйгээс нэхэмжлэл гардуулах, тайлбар гаргах зэрэг хуульд заасан ажиллагаа хийгдээгүй, үүнд шүүгчийг буруутгах боломжгүй юм.
Ерөнхий шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ...26 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Хангалыг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ...69 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод тов мэдэгдсэн.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...хариуцагчийн өмчлөлийн ...улсын дугаартай, ...арлын дугаартай, тоёота приус-20, цагаан өнгийн автомашин, хариуцагчийн эзэмшлийн Э-...9 бүртгэлийн дугаартай ...7 нэгж талбарын дугаартай, ...8 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилуулах, хариуцагч Э.Н-ийн нэр дээр бүртгэлтэй Хас банкны ....9 тоот дансны 2014-2015 оны 3 сар хүртэлх хугацааны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...09 дүгээр захирамжаар дээрх хүсэлтүүдийг хангаж, “А” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Дээр дурдсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.7, 50.1.8, 50.1.9, 50.1.18, 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Н.Хангал хариу тайлбартаа: “Л.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Э.Н-д холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундаа өмчлөх эд хөрөнгө болон орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх, приус 20 маркийн автомашин, 2 газар эзэмших эрхээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ “...гэр бүлийн хүчирхийлэлд тогтмол өртдөг” талаар дурдсан. Нэхэмжлэлд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Э.Н-ийн гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Өргөдөлд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар урьд гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон, ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байхад иргэний хэрэг үүсгэсэн” гэжээ.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл хэдий ч өөрийн онцлогтойг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлгээс харж болно.
Тодруулбал, гэрлэгчид өмнө нь шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах агуулга бүхий шаардлагаасаа татгалзсан, татан авсан, мөн гэрлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн явдал энэ талаар дахин шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. Өргөдөлд “...шүүгчийн захирамжаар хууль бус арга хэмжээ авсан” гэсэн агуулга тусгагджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.1.3, 129.1.5 дахь хэсгүүдэд заасан арга хэмжээг хариуцагчид авхуулах тухай хүсэлтийг гаргасан ба шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
Тодруулбал, шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/...2 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Л.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Хорхон ургийн овогтой Н.Э /РД:.../-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Э.Н-гаас гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хариуцагч Э.Н-д эхнэр Л.Т, 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.А, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.Э нараас тусдаа амьдрахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар маргааны зүйл болох ...улсын дугаартай, ...арлын дугаартай, Тоёота приус 20 /Тоуоta Рrius 20/ маркийн цагаан өнгийн автомашин, эрхийн улсын бүртгэлийн Э-...9 дугаартай, нэгж талбарын ...7 дугаартай, ...9 м2 талбай бүхий гавьж 10, гэр орон сууцны хашааны газар, нэгж талбарын ...8 дугаартай, ..0 м2 талбай бүхий Б-ийн ам ...дугаар, гэр, орон сууцны хашааны газрыг ямар нэг хэлбэрээр өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах хариуцагч Э.Н-ийн эрхийг хориглож, шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг хянаж үзээд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг дээрх байдлаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
3. Өргөдөлд “...шүүгчийн захирамжийг Л.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн биеэр аваачиж өгсөн, ...захирамжийг албан ёсны шуудангаар явуулаагүй” гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/...2 дугаар захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 192/АБ2025/...9 тоот албан бичгээр холбогдох байгууллага буюу Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлсэн байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Э.Н ”урьд нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, гомдол гаргах эрхгүйгээр, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр байсаар байтал хууль зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн, мөн надаас сар бүрийн тэтгэмж гаргуулахаар шүүгчийн захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас гаргасан, уг захирамжийг нэхэмжлэгч өөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт аваачиж өгсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.7, 50.1.8, 50.1.9, 50.1.18, 50.1.23 дахь заалтуудыг зөрчсөн” гэх агуулгатай өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 тал/
Илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдагдсан асуудлын хүрээнд шалгах ажиллагаа явуулаад шүүгч Н.Хангалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан дээрх хориглосон зохицуулалтуудыг зөрчөөгүй гэж үзэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. /с.х-ийн 51-56 тал/
Сахилгын хорооны хуралдаанаар шүүгч Н.Хангалд холбогдох сахилгын хэргийн илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан, хуульд нийцсэн байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
1.Өргөдлийн “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал хууль зөрчин иргэний хэрэг үүсгэсэн” гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний хэргийн нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч буюу өргөдөл гаргагч Э.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд гаргаж, шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШЗ2021/...4 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /с.х-ийн 36 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй”, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно”, 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол ...нэхэмжлэгчийн татгалзал, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ...гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
Дээрх шүүгчийн захирамжийн “захирамжлах нь” хэсгийн 3 дахь заалтад “шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж дурдсан нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэх ойлголт биш юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан дээрх заалтыг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс гэр бүлийн холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай хэм хэмжээ үйлчлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт тусгайлан зохицуулснаас гадна, Гэр бүлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-т мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсгийг тайлбарлахдаа “ ...гэрлэгчид эвлэрч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл дахин гарвал шинэ нэхэмжлэл гэж үзэж, шинээр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэнэ. Ийнхүү шинэ нэхэмжлэл гаргасан нь энэ хуулийн 65.5-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй...” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах боломжтой юм.
Иймд илтгэгч гишүүн саналдаа “...Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь түүнийг дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно”, 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол ...нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ...гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй.
2.Өргөдлийн “надаас сар бүрийн тэтгэмж гаргуулахаар шүүгчийн захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас гаргасан, нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг өөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт аваачиж өгсөн” гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Т нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагчаас сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах, хариуцагчийг тусдаа амьдрахыг даалгах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/...2 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 26-28 тал/
Дээр дурдсанчлан Гэр бүлийн холбоотой хэргийн онцлогоос шалтгаалан хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө зарим арга хэмжээг урьдчилан авч болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд зохицуулсан.
Шүүгчийн захирамжаас үзэхэд дээрх хуульд заасан 7 арга хэмжээнээс насанд хүрээгүй буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай, 15 настай охин Н.Э-ийг сар бүр тэжээн тэтгүүлэх, гэрлэгч болох Э.Н-г тусдаа амьдрахыг даалгах, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох автомашин, 2 гэр орон сууцны хашааны газруудыг захиран зарцуулах эрхийг хориглох гэсэн 3 арга хэмжээг авхуулах хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байна.
Түүнчлэн хэргийн оролцогчоос хүсэлт гаргах эрхийг шүүхээс хязгаарлахгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг тэдгээрийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүлээн авах эсэх нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд нь хамаарна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан байдаг тул шүүгч 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 192/АБ2025/...9 дүгээр албан бичгээр дээрх захирамжид заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр захирамжийг холбогдох байгууллагад хүргүүлсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг өөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт аваачиж өгсөн” гэсэн нь үгүйсгэгдэж байна. /с.х-ийн 29 тал/
3. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Н.Хангал нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан.
Дээрх хуулийн 90 хоногийн хугацаа 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх ба тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 192/ЗТ2025/...44 дүгээр зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 30 хоногоор сунгажээ. /с.х-ийн 10, 23-25 тал/
Шүүгч иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгчийн туслахаас хариуцагч Э.Н-г 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд шүүхийн мэдэгдэх хуудсаар, мөн 2025 оны 4 дүгээр сарын 25, 5 дугаар сарын 14, 6 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус утсаар дуудах ажиллагааг явуулсан байх боловч хариуцагч ирээгүй тул шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/...60 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн албан хаагчаас “хариуцагч Хан-Уул дүүргийн хаягт оршин суудаггүй, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг тул албадан ирүүлэх боломжгүй” тухай илтгэгч хуудас ирүүлсэн тул шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025/...6 дугаар албан бичгээр дахин албадан ирүүлэх захирамжийг хүргүүлснээр хариуцагчид 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /с.х-ийн 18-19, 21-22, 30-32 тал/
Улмаар шүүгч шүүх хуралдааныг товлон зарлаж, товлогдсон 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШЗ32025/...09 дүгээр захирамжаар түдгэлзүүлсэн байна.
Тодруулбал, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байх боловч энэ нь шүүхээс шалтгаалаагүй, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар шүүх ажиллагаа явуулсан байх тул шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Н.Хангал нь Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.7, 50.1.8, 50.1.9, 50.1.18, 50.1.23 дахь заалтуудад заасан шүүгчид хориглосон зохицуулалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2026/... дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР