info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-01-06

Дугаар 1

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

  болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2025/0135 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“... Б.Б-гийн хүсэлтийн дагуу мэдээлэлтэй холбогдуулан мэдүүлэг авахад “Ц-ийн Ш гэх миний хамтран амьдрагчид холбогдох хэрэг ба нэхэмжлэгч нь зээлийн газар болох “Х з” ХХК байсан. Намайг хамтран хариуцагчаар татаагүй, хэргийн оролцогч биш, гэрчээр оролцох байсан. Би 2025 оны 4 дүгээр сард хөдөө яваад саяхан л ирж байгаа юм. Ц.Ш нь хүнд юм хэлээд сайн тайлбарлаж чаддаггүй учраас би шүүх хуралдаанд ороод тайлбарлаад өгье гээд хөдөөгөөс зориод ирсэн байсан.

Би шүүгчийн туслахыг танихгүй, харин Ц.Ш шүүгчийн туслах Б.Б-ийг таньдаг ба бид шүүхийн байрны үүдэнд тааралдсан. Шүүгчийн туслахад очоод хүсэлтээ хэлэхэд “тэгээ, очоод хүсэлтээ хэлээд орчих” гэсэн, хүсэлтээ Ц.Ш бид хоёр хоёулаа хэлсэн. Би эхлээд бичгээр хүсэлтээ өгөх юм байх гэж ойлгосон. Гэтэл шүүгчийн туслах “тийшээ очоод хэлээд орчих” гэж хэлээд бид шүүх хуралдааны танхим руу очсон юм. Дараа нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байх нэг эмэгтэйд бид бас хүсэлтээ хэлсэн. Тэрээр “бичиг баримт нь байна уу” гээд бид хоёрын иргэний үнэмлэхийг аваад намайг “байж байгаарай” гэж хэлээд Ц.Ш-тай шүүх хуралдаанд орсон. Удалгүй шийдчихлээ гээд гараад ирсэн.

Миний санаж байгаагаар шүүх хуралдаан хаасны дараа би эхлээд зөөлөн шагайсан, тэгээд шүүх хуралдаан болоогүй, шүүгчээс гадна нэг эмэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би “юм асуучих уу” гэхэд шүүгч гайхсан харцаар харсан. Би “гэрчээр орох хүсэлт гаргасан, яагаад намайг оруулахгүй хэргийг шийдэж байгаа юм бэ” гэхэд шүүгч “би чамтай ярихгүй, ярьдаг хүн биш, чи энд ямар ч хамаагүй, цагдаа дууд, хаалгаа хаа” гэсэн. Би тэрүүхэн үед шүүгч рүү анхаарлаа хандуулсан байсан ба гэнэт надад тэгж хэлэхэд нь балмагдчихсан. Би шүүх хуралдааны танхимыг ажиглаагүй, шүүгчээс гадна нэг эмэгтэй хүн байсныг л санаж байна. Гэхдээ ямар хүн байсныг нь мэдэхгүй, ямартай ч нэг эмэгтэй хүн байсан. Би “та яасан сонин хүн бэ цагдаа сэргийлэхээр намайг айлгах гээд байгаа юм уу, шүүгч гэхээрээ ингэж болдог юм уу, тийм юм байхгүй шүү” гэж хэлээд хаалгыг хаасан. Би энэ үгээ чанга хэлээгүй, шүүгч зармыг нь л сонссон байх. Дээрэлхүү гэсэн нь шүүгч “чамтай ярихгүй, чамтай ярьдаг нь биш” гээд над руу уурлаж, чанга дуугаар, биеийн хэлэмж байгаа байдлаараа аль алинаар нь дээрэлхүү хандаж байсан нь илт мэдэгдэж байсан. Би шүүгчийг намайг доромжилсон гэж худлаа ярих шаардлага байхгүй. Гэтэл энэ шүүгч хаалга онгойлгоод юм асуусны төлөө “хаалгаа хаа, чамтай харилцдаг хүн биш" гээд хашхичиж байгааг дээрэлхүү хандсан гэж ойлгож байна.

Уг үйл баримтыг нотлох бичлэг надад байхгүй. Хүний зөвшөөрөлгүй бичлэг хийх нь хуулиар хориотой байдаг юм билээ. Би өмнө нь иймэрхүү асуудалд орж байсан тул одоо бичлэг хийдэггүй, иймэрхүү асуудлаас айдаг. Тиймээс надад ямар нэгэн бичлэг, баримт байхгүй.

Нэмж хэлэхэд би 10-аад жил хөдөлмөрлөөд цуглуулсан мөнгөө хүнд луйвардуулаад алдчихсан юм. Ц.Ш бид 2 одоо хоёулаа өрөнд орчихсон. Гэтэл шүүгч хэргийг сайн мэдэхгүй, ойлгоогүй, надаас сонсоогүй, хүний нөхцөл байдлыг ямар байгааг мэдэхгүй, хохирсон хүнийг дахиж хохироосон шийдвэр гаргаж, амьдрах аргагүй нөхцөл байдалд оруулж байгаад харамсаж байна. Шүүгч нэг талыг барьсан хувийн зан байдал гаргаж шийдвэрлэсэн гэж бодож байгаа.

Ц.Ш нь “шүүх хуралдаанд шүүгч намайг яриулахгүй чанга дуугаар загнаад байсан, юу нь дээр гарын үсэг зурснаа ойлгоогүй” гэж надад хэлсэн. Би хууль мэдэхгүй ч хууль бус, шударга зүйлийг тэвчиж чаддаггүй. Өмнө нь хохирч байсан юм. Тэгээд Шүүхийн сахилгын хороо гэж байгууллага байдаг гэдгийг мэдээд баярласан. Шүүхийн сахилгын хороог би цагдаагийн цагдаа гэдэг шиг л байгууллага гэж ойлгож байгаа. Тэр шүүгч өнөөдөр надтай ингэж харьцаж байгаа хүн надаас бусадтай яаж харилцахыг би мэдэхгүй, тийм зүйл битгий байгаасай гэсэндээ танайд гомдол гаргасан.

Ер нь бол Ц.Ш бид хоёр мөрийтэй тоглоомд донтсон таньдаг хүндээ луйвардуулсан. Би байр авах гээд тэр хүнд бага багаар цувуулаад 70.000.000 төгрөг өгсөн байсан. Дараа нь тэр хүн “Ц.Ш бид хоёрыг утсаа солих гэж байгааг сонсчхоод “Ц.Ш-ын iphone15 promax гар утсыг эхнэртээ худалдаж авч өнгө, 2 хоногийн дараа мөнгө шилжүүлнэ, та 2 авах утсаа зохицуулаад авчих” гэсэн. Би мөнгөө аваагүй байхдаа утсаа тэр хүнд өгчихсөн юм. Дараахан нь Ц.Ш мөнгөтэй болно гэж найдаад “Х З ББСБ” ХХК-иас зээлээр утас авчихсан. Гэтэл тэр хүн утас авчаад мөнгө өгөхгүй алга болсон. Бид эхний төлөлтүүдийг хийсэн боловч боломжгүй болоод нөгөө хүнээсээ мөнгөө нэхтэл “зохицуулаад өгье, чамд өрөө дарж, асуудлаа шийдэхийн тулд зээл авах хэрэгтэй байна. Эхний ээлжид унаж байгаа машинаа 1 сарын хугацаатай ББСБ-д тавих хэрэгтэй байна. Би шүүхийн шийдвэрт асуудалтай байгаа тул надад зээл гарахгүй, надад зээл авч өгөх хүн хэрэгтэй байна. Нэг сарын дараа гэрээгээ шилжүүлэх, эсхүл зээлээ төлчихье” гээд өөрийнхөө машины нэрийг Ц.Ш-ын нэр дээр бүртгүүлээд зээл авсан. Гэтэл энэ машин нь ч хүний машин байж таарсан. Ц.Ш бид хоёр луйвардуулснаа мэдээд цагдаад гомдол гаргасан, одоо тэр хүн яллагдагчаар татагдсан байгаа. Энэ тухай “Х З ББСБ” ХХК-даа ч мэдэгдсэн. Одоо Ц.Ш 30.000.000 төгрөгийн өр, надад 70.000.000 орчим төгрөгийн өр үлдээд байгаа” гэсэн болно.

Нэхэмжлэгч “Х З” ХХК нь хариуцагч Ц.Ш-д холбогдуулан гэрээний үүрэгт 5.005.640,07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүгч Ц.Урангуа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШЗ2025/..... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/.... дугаар захирамжаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон зарлажээ.

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч нь “гэрчээр Б.Бийг асуулгах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/..... дүгээр захирамжаар хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт болон эвлэрэн хэлэлцэх талаар яригдсан зүйлс нь мөн өдрийн 197/ТМ2025/..... дугаартай тэмдэглэлд агуулгаараа тусгагджээ.

Шалгах ажиллагааны явцад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн болно.

Эдгээрийг дэлгэрүүлбэл  “00000003050001600” гэх нэртэй 01 минут 55 секунд үргэлжилсэн бичлэг нь 09 цаг 45 минут 02 секундээс эхлэн хариуцагч /эмэгтэй хүн/: Залилуулсан гэмт хэргийг гэрчлэх юм. Надтай хамт хохирсон хүн, энэтэй хамаатай гэж ярьж байгаагаар эхэлж байна.

Даргалагч: Яаж залилуулсан гэнээ та?

Хариуцагч: Нөхрийнхөө найзад их хэмжээний мөнгө өгөөд, аппликейшнээс зээл авч өгнө гээд залилуулсан гэв.

Дарлагч: Зээлийн гэрээтэй маргах юм уу, та? гэхэд

Хариуцагч: Гэрээнд дээр бол маргахгүй гэв.

Даргалагч: Гэрээ байгуулсан, байгуулаагүйтэй маргахгүй юм уу? Тэгвэл энэ гэрч ямар хамаатай юм бэ? гэхэд

Хариуцагч: Тийм. Намайг давхар хохирсон гэдгийг нотолно гэв.

Даргалагч: Та энэ гэрээний улмаас ямар хохирол амссан юм бэ? гэхэд

Хариуцагч: Би давхар цаашаа хүнд залилуулсан гэв.

Даргалагч: Та цаашаа хүнд залилуулсан нь энэ гэрээтэй ямар хамааралтай юм бэ? Гэрээний үүрэг шаардаж байгаа энэ маргаантай ямар хамааралтай юм бэ? Энэ талаас үүрэг шаардаж байна. Тэгэхээр “энэ үүргийг би хүлээхгүй юм аа” гэдгийг гэрчээр батална гээд байна. Гэтэл цаад өөр гуравдагч этгээд таныг хохироосон асуудалд энэ гэрч ямар хамаатай вэ? Энэ хоорондын асуудлыг шийдвэрлэхэд гуравдагч этгээд яриад байна. Тэгэхээр энд ямар хамааралтай юм бэ? гэхэд

Хариуцагч дуугарсангүй 09 цаг 46 минут 25 секундээс суув.

Даргалагч: Гэрч асуулгахтай холбоотой тайлбар байна уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /эрэгтэй хүн/: Байхгүй гэв.

Даргалагч: Хүсэлтээ хэлэлцүүлэх үү? Энэ хүсэлтээ дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу? гэхэд

Хариуцагч: Хэлэлцүүлье гэснээр 09 цаг 46 минут 56 секундэд шүүх хуралдаан завсарлав.

Улмаар “00000003050001700” гэх нэртэй 16 минут 03 секунд үргэлжилсэн бичлэг нь 09 цаг 48 минут 01 секундээс эхэлж байх бөгөөд даргалагч “гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн” агуулгыг танилцуулсны дараагаар хэргийн оролцогчдод шүүх хуралдааны дэгийг танилцуулж, биеийн байцаалтуудыг авч, хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан, шүүх хуралдааны даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзал байгаа эсэхийг тодруулжээ. Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “эрх, үүргийг тайлбарлуулах шаардлагагүй” гэсэн тул хариуцагчийн хүсэлтээр эрх, үүргийг тайлбарлах явцдаа эвлэрэн хэлэлцэх талаар дэлгэрэнгүй тайлбарлан өгөв.

Бичлэгийн 09 цаг 52 минут 15 секундээс даргалагч “эвлэрэн хэлэлцэх талаар санал байна уу, эвлэрэх эрх байгаа юу” гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй, эрх байгаа гэв.

Даргалагч: Эвлэрэн хэлэлцэх талаар санал байна уу? гэхэд

Хариуцагч: Нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийн талаар аль эртнээс хуульчтай нь уулзаад хэлж байсан. Болно оо, нотлох баримтаа аваад ир, авчирсан цагт чинь зогсоогоод өгье гэдэг. Цагдаагаас бичгээ аваад очихоор “энэ чинь манайд хамаагүй” гээд буцаагаад нэлээн сунжруулаад, хүүг нь бодуулаад яваад байдаг байсан. Тэгээд хуульчтай нь ярихаар болно оо, баримтаа аваад ир гэдэг байсан гэв.

Даргалагч: Одоо таны хувьд ямар нөхцөл тавьж байгаа юм бэ? Нэмэгдүүлсэн хүүг хасаад өгөөч ээ гэж байгаа юм уу? гэхэд

Хариуцагч: Аанхаа. Дээрээс нь би найз залуутайгаа хамт байраа авна гэж байгаа, 70 гаруй сая төгрөг, аппликейшн гээд залилуулсан. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт хэрэг шалгагдаж байгаа. Хэрэг нь мөрдөн шалгагдаад явж байгаа. Энэний шүүх хуралдааныг хүлээж байгаа ер нь бол. Би өөрөө өмнө нь 15 про барьж байгаад нөхрийнхөө найзад зарсан юм. Тэр нь 2 хоногийн дараа мөнгийг нь өгье, утсаа авч бай гэсэн. Тэгтэл нөгөө хүн нь мөнгөө ч өгөхгүй, сүүлдээ өөрийнхөө утсыг авъя гэтэл миний утсыг цааш нь ломбардсан гэв.

Даргалагч: Энэ хүнд нөхцөл байдлыг анхаараад, харгалзаж үзээд өгөөч ээ гэж байгаа юм уу? Зөв үү? гэхэд

Хариуцагч: Тийм гэв.

Даргалагч: Нэмэгдүүлсэн хүүг хасах уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэмэгдүүлсэн хүүг хасъя гэв.

Даргалагч: Нэмэгдүүлсэн хүү 22.098, үндсэн хүү 930.879, үндсэн зээл 4.052.662. Нэхэмжлэлийн шаардлагаас 22.098-ыг хасаад үлдэгдэл дээр эвлэрлийн гэрээ байгуулах уу? Хугацаа нь дээр тохирох уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хугацаан дээр манайх 2 сарын хугацаа өгөх боломжтой гэв.

Даргалагч: Заа, хоёр сарын дотор? гэхэд

Хариуцагч: Би уул нь нөгөө шүүх хурлаа хүлээгээд, тэр шийдэгдсэний дараагаар нэг тал руугаа шийдэх хүсэлтэй байна гэв.

Даргалагч: Одоо өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх гээд байна шүү дээ. Тиймээс нөхцөл байдлыг нь харгалзаад хугацаа олгуулбал, тийм ээ. Хугацааг сунгах уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хугацааг 5 сарын хугацаа өгч болно гэв.

Даргалагч: 5 сарын хугацаа олгож байна. Болж байна уу? гэхэд

Хариуцагч: Болж байна гэв.

Бичлэгийн 09 цаг 55 минут 24 секундээс даргалагч: Заа тэгвэл гэрээгээ байгуулчих гэж хэлж байна. Улмаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бичгийн цагаан цаас бал өгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг цаасанд гараар “Эвлэрлийн гэрээ”-г бичиж байна.

Бичлэгийн 10 цаг 02 минут 06 секундэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гараар бичсэн гэрээг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга уг гэрээг хариуцагчид өгөхөд Ц.Ш гарын үсэг зурсны дараагаар, уншиж танилцаж байгаа нь бичигджээ.

Улмаар 10 цаг 03 минут 01 секундэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Эвлэрлийн гэрээг даргалагчид өгөхөд шүүгч Ц.Урангуа уншиж танилцаад “талуудын эвлэрлийг 106.5-аар талуудын эвлэрлийг баталж байна, энэ захирамжид гомдол гаргах эрх байхгүй, улсын тэмдэгтийн хураамж 50 хувь нэхэмжлэгч талд буцаан олгогдоно. Асуух зүйл байна уу” гэхэд “байхгүй” гэснээр бичлэг дуусжээ.

Дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт даргалагч шүүгч Ц.Урангуа хэргийн аль нэг оролцогч руу уурласан, бухимдсан, төвөгшөөсөн өнгө аясаар яриагүй, шүүх хуралдаан дэгийн дагуу явагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ” гээд 25.1.3 дахь заалтад “гэрчээс мэдүүлэг авхуулах, ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” нь хэргийн оролцогчийн хуульд заасан эдлэх эрх болно.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хариуцагч Ц.Ш нь хуульд заасан эдлэх эрхийн хүрээнд гэрчээр Б.Боос мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ”, 5.2 дахь хэсэгт “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүгчийн бүрэн эрхэд хариуцагч Ц.Ш-ын гаргасан хүсэлтийг хангах эсэх нь хамаарна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь гэрчийн мэдүүлэг” зөвлөмжид “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд гэрч байж болно... Хууль зүйн талаас авч үзвэл гэрч нь иргэний хэрэг, маргааны талаар ач холбогдолтой байдлыг зөвөөр тусган, мэдүүлэх чадвартай, зохигчдын хүсэлтэд дурдагдсан нотолбол зохих үйл баримтын талаар ямар нэг мэдээлэл түүнд илэрхий байгаа этгээдийг хэлнэ... Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой. Тухайлбал, гэрч нь хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө өгч байсныг гэрчилсэн тохиолдолд энэ үйл баримтыг ямар баримт, үйл явдалд тулгуурлан мэдүүлж байгааг шүүх заавал тодруулсан байх шаардлагатай...” гэж зөвлөсөн.

Дээрхээс үзэхэд иргэний хэргийн буюу хариуцагч Ц.Ш нь гэрээний үндсэн дээр “Х З” ХХК-д үүрэг хүлээсэн эсэх, нэхэмжилж буй 5.005.640,07 төгрөгийг төлөх эсэхтэй холбоотой, ач холбогдолтой байдлыг мэдэх хүн гэрч байхаар байна. Гэтэл хариуцагч Ц.Ш нь “гэрчээс мэдүүлэг авхуулах тухай” хүсэлтээ тайлбарлахдаа “залилуулсан талаар нотолно” гэх боловч нэхэмжлэгч “Х З” ХХК-аас зээл авсантай маргахгүй гэж тайлбарласан, мөн энэ тухай өөрөө шүүхэд бичгээр “миний бие Цогтгэрэл овогтой Ш нь Х З ХХК-д 5.005.640 төгрөгийн зээлтэй болох нь үнэн...” хариу тайлбар өгсөн байна.

Нөгөөтээгүүр, иргэн Б.Бийн Шүүхийн сахилгын хороонд амаар өгсөн “...Ц.Ш бид хоёрыг утсаа солих гэж байгааг сонсчхоод “Ц.Ш-ын iphone15 promax гар утсыг эхнэртээ худалдаж  авч өнгө, 2 хоногийн дараа мөнгө шилжүүлнэ, та 2 авах утсаа зохицуулаад авчих” гэсэн. Би мөнгөө аваагүй байхдаа утсаа тэр хүнд өгчихсөн юм. Дараахан нь Ц.Ш мөнгөтэй болно гэж найдаад “Х З ББСБ” ХХК-аас зээлээр утас авчихсан...” гэх мэдүүлэг, иргэний хэргийн хариуцагч Ц.Шын шүүх хуралдаанд гаргасан “Нөхрийнхөө найзад их хэмжээний мөнгө өгөөд, аппликейшнээс зээл авч өгнө гээд залилуулсан... Би өөрөө өмнө нь 15 про барьж байгаад нөхрийнхөө найзад зарсан юм. Тэр нь 2 хоногийн дараа мөнгийг нь өгье, утсаа авч бай гэсэн. Тэгтэл нөгөө хүн нь мөнгөө ч өгөхгүй, сүүлдээ өөрийнхөө утсыг авъя гэтэл миний утсыг цааш нь ломбардсан” гэх хүсэлт, тайлбараас үзэхэд Ц.Ш нь өөрийн хүсэлтээр “Х З” ХХК-тай гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, …талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ” гээд 43.2.1 дэх заалтад “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Ц.Ш нь “Х З” ХХК-аас гар утас зээлээр авах хүсэл зоригоо илэрхийлж, тухайн компани хүсэлтийг хүлээн аван, бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурснаар “Х З” ХХК, Ц.Ш нарын хооронд гэрээний үүргийн харилцаа бий болжээ.

Хэдийгээр Б.Б, Ц.Ш нар нь гуравдагч этгээдэд залилуулсан, тухайн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох боловч “Х З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ш-д холбогдох хэрэг нь иргэний журмаар шийдвэрлэх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой тусдаа хэрэг юм.

Иймд шүүгч Ц.Урангуа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ...шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн “гэрчийн мэдүүлэг авхуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул түүнийг буруутай гэж үзэхгүй.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-75 дугаар зүйл болон 106 дугаар зүйлийн зарим заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн Хоёрт “...Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, түүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ...”, Гуравт “...зохигчид эвлэрсэн ...бол энэ тухай шүүхэд заавал бичгээр илэрхийлнэ. Уг баримт /гэрээ/-нд зохигчид гарын үсгээ зурж, огноог тавьсан байх шаардлагатай бөгөөд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон уг баримт /гэрээ/ нь салаа утгагүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ёстой”, Наймд “...хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаан заавал хийнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлээд шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Шүүхийн шийдвэрийг гаргах хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрч болно...” гэж зөвлөсөн байна.

Дээрх зөвлөмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ”, 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна...” гэж зааснаар шүүх хуралдааны дэгийн дагуу даргалагч нь нэхэмжлэгч, хариуцагч талуудаас эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэх талаар асууж, харилцан ярилцсаны эцэст нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг багасгаж, төлөх 5 сарын хугацаа өгөн, хариуцагч зөвшөөрсөн тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Мэдээлэл гаргагч Б.Б нь “...шүүх хурлын танхимын хаалгыг нь шагайгаад шүүгч Ц.Урангуад хандаж “...намайг яагаад дуудсангүй вэ” гэж асуутал “чамтай яриад байх асуудал байхгүй, цагдаа дууд” гэхлээр нь би “та ямар сонин харьцаатай хүн бэ” гэхэд “дуугүй хаалгаа хаа” гээд чанга дуугарсан. Их дээрэлхүү хандсан...” гэх агуулгаар тус хороонд мэдээлэл гаргасан.

Шалгах ажиллагааны явцад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхээс гадна, тухайн шүүх хуралдаан болсон шүүхийн байрны коридорын дуугүй, бичлэгт үзлэг хийв.

Бичлэгүүдэд хийсэн үзлэгээр “Х З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ш-д холбогдох 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн дадлагажигч оюутнууд ажиглагчаар оролцсон болон иргэн Б.Б нь шүүх хуралдааны танхимын хаалгаар шагайн даргалагч шүүгч Ц.Урангуатай харилцсан болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, шүүхийн байрны коридорын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дуугүй бичлэгт үзлэг хийхэд “00010000598000000” гэх бичлэгийн:

09 цаг 11 минут 49 секундэд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон цэнхэр цамцтай эмэгтэй /оюутан О.М/, 09 цаг 15 минут 39 секундэд нэхэмжлэгч “Х З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нар ирж коридорт хүлээгээд суув. /Өмнөх шүүх хуралдаанд хар хувцастай эмэгтэй буюу оюутан Ж.Э ажиглагчаар орсон болно/

09 цаг 26 минут 13 секундэд хариуцагч Ц.Ш нэг эрэгтэй хүн /Б.Б/-ий хамт шүүхийн байрны коридорт ирж байж байгаад 09 цаг 28 минут 41 секундэд коридороос явж, 09 цаг 29 минут 04 секундэд буцаад ирж байна.

09 цаг 33 минут 42 секундэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг шүүх хуралдааны танхимаас гарч ирэн, хэргийн оролцогчдыг дуудаж байна. Тухайн үед хариуцагчтай хамт ирсэн Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргад юм хэлж байгаа гэж ойлгогдохоор дүрс бичигдсэн байна. Ц.Ш иргэний үнэмлэх болов уу гэмээр жижиг зүйлийг, Б.Б юм хэлж байгаад мөн адил жижигхэн зүйлийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгч байна. Тэднийг ярилцаж байх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хажууд нь зогсож байв. Тэднийг шүүх хуралдааны танхим руу орохоос өмнө дадлагажигч оюутан танхим руу орсон болно.

Улмаар 09 цаг 34 минут 15 секундээс нарийн бичгийн дарга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч гэсэн дарааллаар шүүх хуралдааны танхимд орж, Б.Б танхимын гадна коридорт үлдэж байна.

09 цаг 37 минут 05 секундэд шүүх хуралдаан завсарлаж, хэргийн оролцогчид болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ажиглагч нар танхимаас гарч ирэв. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарч ирээд жижиг зүйлийг буцаан өгч байгаа боловч хэнд өгч байгаа нь коридорын багана таарсан тул харагдахгүй байна.

09 цаг 37 минут 45 секундэд хэргийн оролцогчид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ажиглагч нар танхимд буцан орж, Б.Б үлдэв.

09 цаг 42 минут 05 секундэд Б.Б шүүхийн байрны коридороос явж, 09 цаг 45 минут 23 секундэд буцаж ирэн шүүх хуралдааны танхимын харалдаа зогсож байна.

09 цаг 54 минут 15 секундэд шүүх хуралдаан завсарлаж, хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчаар оролцсон Ж.Э гэсэн дарааллаар танхимаас гарч ирсэн бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ажиглагчаар оролцсон О.М нар гарч ирсэнгүй. Мөн ажиглагчаар оролцсон Ж.Э-аас Б.Б юм асуусан бололтой эргэж харсны дараа Ж.Э коридороос явав.

09 цаг 55 минут 03 секундэд Б.Б шүүх хуралдааны танхимын хаалгаар шагайсан ба тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч коридороос явж байна. Улмаар Б.Б 09 цаг 55 минут 21 секундэд хаалгыг хааж, танхимын харалдаа зогсож байсан Ц.Ш-ын байгаа газарт очив.

09 цаг 55 минут 46 секундэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга танхимаас гарч ирэн утсаар ярьсаар коридороор алхахад Б.Б араас нь ирэн зөрж байхдаа юм асуусан бололтой ямар нэгэн зүйл хэлэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гараараа нэг зүг рүү заахад тухайн эрэгтэй коридороос явав. Харин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дараагийн шүүх хуралдааны хэргийн оролцогч цагаан цамцтай эмэгтэй хүнтэй ярилцсаар үлдэж байна.

09 цаг 57 минут 28 секундэд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон О.М утсаар ярьсаар танхимаас гарч ирээд коридорт зогсож, 09 цаг 57 минут 48 секундэд ажиглагчаар оролцсон Ж.Э ирж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад цаас өгөөд,

09 цаг 58 минут 05 секундэд хэргийн оролцогч цагаан хувцастай эмэгтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ажиглагчаар оролцсон Ж.Э нар шүүх хуралдааны танхимд орсон бол ажиглагчаар оролцсон О.М утсаар ярьсаар коридорт үлдэв.

09 цаг 58 минут 43 секундэд Б.Б буцаж ирээд хариуцагч Ц.Ш-ын байсан газарт очиж байна.

09 цаг 59 минут 51 секундэд Б.Б шүүх хуралдааны танхимын хаалгыг тогшсоны дараа шууд хариуцагч Ц.Ш-ын зогсож байсан газарт очоод хамтдаа явав.

Улмаар “00010000598000000” нэртэй бичлэгийн:

дээрх үйл баримт үргэлжилж байгаагаар эхэлж байх бөгөөд 10 цаг 05 минут 02 секундэд коридорт утсаар ярьж байсан ажиглагчаар шүүх хуралдаанд оролцсон О.М коридороос явж байна.

10 цаг 12 минут 11 секундэд шүүх хуралдаан завсарлаж, 10 цаг 12 минут 56 секундэд буцаад танхим руу орж, хуралдаан хаасны дараа 10 цаг 15 минут 26 секундэд ажиглагчаар оролцсон Ж.Э, О.М нар хуралдааны танхимаас гарч коридороос явав.

10 цаг 19 минут 30 секундэд Б.Б буцаж ирээд коридорт байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай ярилцаж байх үед 10 цаг 21 минут 47 секундэд ажиглагчаар оролцсон Ж.Э, О.М нар ирээд цаана нь зогсож байна. Улмаар Б.Б 10 цаг 22 минут 16 секундэд коридороос явж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ажиглагч нар шүүх хуралдааны танхим руу орж буй дүрс буужээ.

Бичлэг дуустал хариуцагчтай хамт ирсэн эрэгтэй хүн болон хариуцагч нар буцаж ирээгүй болно.

Дээр болсон үйл баримтыг тодруулахаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, шүүгчийн туслах Б.Б, шүүх хуралдааны ажиглагчаар оролцсон дадлагажигч оюутнууд О.М, Ж.Э нараас гэрчийн мэдүүлэг авлаа.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б “шүүгч Ц.Урангуагийн нарийн бичгийн даргаар 2025 оны 10 дугаар сарын эхээс эхлэн ажилласан. “Х З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ш-д холбогдох иргэний хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд би нарийн бичгийн даргаар оролцсон.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Ш-аас “Б.Б-ийг гэрчээр асуулгах тухай” хүсэлт гаргасан. Тэгэхдээ шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Иргэн Б.Б-ийг гэрчээр асуулгах эсэхтэй холбоотой зүйлийг шүүгчийн туслах Б.Б-ээс надад ямар нэгэн юм хэлээгүй. Харин шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Ц.Ш нь нэг эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд “энэ хүнийг гэрчээр асуулгамаар байна” гэсэн. Би түүнээс “хүсэлтээ өгсөн юм уу” гэж асуутал “өгөөгүй” гэсэн. Тэгэхээр нь би “хүсэлтээ шүүх хуралдаанд гаргаарай, шүүгч хүсэлтийг чинь хангавал гэрчээр оруулна, гадаа нь түр хүлээж байхгүй юу” гэсэн. Би иргэн Б.Б-т хандан “шүүх хуралдаанд орж болно” гэж хэлээгүй. Би зөвхөн “шүүгч хүсэлтийг чинь хангавал болно” гэж л хэлсэн. Ер нь би хариуцагч Ц.Ш-тай л ярилцсан, хамт ирсэн Б.Б-той яриагүй санаж байна.

Ингээд шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нартай ороод Ц.Ш-тай ирсэн эрэгтэй хүн гадаа үлдсэн.

Шүүх хуралдааны дараа Б.Б толгойгоо шүүх хуралдааны танхим руу шагайгаад “яахаараа та нар гэрчээр асуудаггүй юм. Хохирогчийг та нар хохироож болдоггүй юм уу? Би энэ хэргийн чинь талаар мэддэг хүн нь байна, би өөрөө зуучилсан” гээд чанга дуугаар шүүгч рүү дайраад байсан. Шүүгч эхлээд чимээгүй байж байгаад дараа нь “би тантай харьцахгүй, хаалгаа хаагаарай, хурал дууссан байна” гэсэн. Шүүгчийг ингэж хэлсний дараа дахиад юм хэлээд чанга дуугаар уурлаад байсан тул шүүгч “цагдаа дууд” гэж надад хэлсэн. Тэгсэн чинь тэрээр “цагдаагаас чинь айхгүй шүү” гээд хаалгаа хаасан.

Б.Б нь дараагийн шүүх хуралдаанд бэлдэж байхад над дээр ирээд “би туслахтай чинь уулзаад ирлээ, шүүгчтэй чинь уулзмаар байна. Би прокурорын газрыг цагтаа шатааж явсан. Цагдаа, прокуророос айхгүй. Танай шүүх шийдвэрлэх эрх байхгүй, Ц.Ш чинь орон нутгийн хаягтай. Эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл хүлээгээч гэх гэж байхад танай шүүгч шийдчихлээ” гэснээс гадна өмнө нь хэлсэн “Хохирогчийг та нар хохироож болдоггүй юм уу? Би энэ хэргийн чинь талаар мэддэг хүн нь байна, би өөрөө зуучилсан” гэх яриагаа давтаж хэлж байсан. Гэхдээ би хэлсэн үгийг нь яг тодорхой санахгүй байгаа ч агуулгаараа дээрх яриаг хэлсэн.

Нэмж хэлэхэд хариуцагч Ц.Ш өөрөө шүүх хуралдааны явцад зээлийн гэрээ, зээл авснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцоод үлдсэн мөнгөн дүнд эвлэрэх боломжтой гэсэн. Хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн тул шүүгч “заа тохиролцож байгаа учраас өөрсдөө гэрээгээ байгуулаад өгөөрэй” гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг бичиж, Ц.Ш танилцаад өөрөө гарын үсэг зурсан. Мөн шүүгч эвлэрснээр ямар үр дагавартай болох, хэргийг шийдвэрлэж байгаа талаар зохигчдод тайлбарлаж өгсөн.

Миний ойлгосноос хариуцагч нь утас зээлээр аваад уг утсаа цаашаа бусдад луйвардуулсан юм шиг байна билээ. Уул нь шүүх хуралдааны явцад шүүгч “дурдаад байгаа эрүүгийн хэрэг нь одоо шийдвэрлэж байгаа иргэний хэргээс өөр, тусдаа асуудал” гэж тайлбарласан боловч хариуцагч ойлгохгүй “би гарын үсэг зурсан боловч цаашаа хүнд луйвардуулсан. Тиймээс гэрч асуулгамаар байна” гээд байсан. Ингээд шүүгч хүсэлтийг шийдвэрлээд, хангахаас татгалзсан” гэх, /с.х-ийн 43-47 тал/

Шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон буюу дадлагажигч оюутан Ж.Энхзул “би 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шүүгч Ц.Урангуагаар удирдуулан дадлага хийсэн.

Хариуцагч хүсэлтээ амаар хэлсэн бөгөөд “өөрийн найз залуугаа гэрчээр оруулах” хүсэлт гаргасан. Шүүгчийг “гэрчээр оролцуулаад юу нотлох юм бэ” гэж асуухад “хүнд мөнгө зээлүүлээд залилуулсан. Одоо ... дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Энийг нотлуулах гэсэн юм гэсэн” гэсэн.

Хариуцагчтай ирсэн залуу шүүх хуралдааны танхимын гаднаас шагайгаад юм хэлэх үед би байгаагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “туслахаас юм аваад ир” гээд би гарсан байсан болохоор мэдэхгүй байна.

Харин шүүх хуралдаан дууссаны дараа би шүүгчийн туслахтай уулзаад баримт авчаад ирэхэд тэр залуу шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзаж байсан. Уулзахдаа нэлээн зандрангуй, заналхийлсэн өнгө аястай ярьж байсан.  Намайг очиход тэр 2 ярилцаад зогсож байсан би зарим нэг зүйл л сонссон. Тэр эрэгтэй хэлэхдээ “би шүүх цагдаагаар хэргээ шийдүүлдэг хүн биш. Сая Прокурорын газрын шатаачихаад ирлээ. Шүүгчдээ хэлээрэй” гэх агуулгатай зүйл хэлээд явсан” гэх,

дадлагажигч оюутан О.М “би 2025 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл 3 сар дадлага хийсэн ба дадлагыг шүүгч Ц.Урангуа, шүүгчийн туслах Б.Б нарын удирдлага дор хийсэн.

Шүүх хуралдааны явцад хариуцагч эмэгтэй хүн “гэрч оролцуулах” хүсэлтээ амаар хэлсэн. Тэрээр хүсэлтээ “хүнд залилуулсан байгаа, энийг гэрчлэх юм” гэж тайлбарласан. Шүүгч хүсэлтийг нь шийдвэрлэхдээ “энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, залилуулсан нь энэ хэргээс тусдаа асуудал учраас хангахаас татгалзлаа” гэж хэлж байсан.

Тухайн эрэгтэй хүн шүүх хуралдааны танхим руу шагайгаад “намайг яахаараа гэрчээр оруулдаггүй юм, би хуралдаанд орох гээд ирсэн байхад яахаараа хүсэлт хангадаггүй юм, ажлаа хийж чаддаггүй юм уу” гэх агуулгатайгаар шүүгч рүү дайрсан. Тэгэхэд шүүгч “би шүүх хуралдааны үеэр ойлгомжтой тайлбарласан, одоо шүүх хуралдаан хаасан байна” гээд “та гараарай” эсхүл “хаалгаа хаагаарай” гэж хэлж байсан. Агуулга нь бол ижил иймэрхүү үг хэлсэн. Шүүгч өөр юм хэлээгүй шиг санаж байна, “та гараарай” л гэж хэлсэн, уурлаагүй.

Би шүүх хуралдааны танхимд суугаад үлдсэн, нөгөө охин гараад явсан байсан. Танхимын гадаа чанга чанга ярьж байхыг сонсогдсон, гэхдээ яриа нь сонсогдоогүй зүгээр л хүмүүсийн чанга ярьж байгаа дуулдаж байсан” гэх,

харин шүүгчийн туслах Б.Б “шүүгч Ц.Урангуагийн туслахаар 9 дэх жилдээ ажиллаж байна.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө надад ямар нэгэн хүсэлт өгөөгүй, гаргаагүй. Хүсэлт ирсэн бол би шүүгчид танилцуулах байсан. Б.Б нь “би гэрчээр оролцмоор байна” гэдэг хүсэлтийг надад лав өгөөгүй. Шүүх хуралдааны явцад л хариуцагч Ц.Ш “гэрчээр асуулгамаар байна” гэдэг хүсэлт гаргасан байсан. Хүсэлт гаргаагүй учраас би иргэн Б.Б-т хандан “шүүх хуралдаанд орж болно” гэж огт хэлээгүй.

Намайг хүнтэй уулзаж байхад нэг эрэгтэй хүн ирснээ “орж болох уу” гэж асуусан. Би “болно оо” гэж хэлэхэд тэрээр орж ирээд “яагаад та нар намайг гэрчээр оруулдаггүй юм. Би .... дүүргийн прокурорын газрын өрөөнд өөрийгөө шатааж байсан хүн. Одоо би өөрийгөө энэ өрөөнд шатаахад бэлэн байна” гээд уурласан. Би түүнээс “заа та тайвшир, доор шүүх хуралдааны танхимд юу болсон талаар би мэдэхгүй байна. Тайван яриад өг” гэхэд тэр эрэгтэй хүн “намайг гэрчээр асуусангүй, яагаад асуудаггүй юм” гэсэн. Би түүнд “би мэдэхгүй байна. Би шүүгчээс асууя. Одоо тайвширчих, би биеэ шатаалаа гээд та хохирно оо, эхлээд тайвширчих, би асууя” гэсэн. Гэтэл тэр хүн “шүүгчдээ намайг андуурсан байна гэдэг үгийг заавал дамжуулж хэлээрэй” гэж хэлээд явсан. Тэр эрэгтэй хүн эхлээд уурлаж байгаад яваандаа тайвширсан. Гарахдаа тайвшраад гарах шиг болсон” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Шүүхийн байрны коридорын дуугүй, дүрсний бичлэгээр Б.Б нь шүүх хуралдааны танхимын хаалгаар шагайн шүүгч Ц.Урангуатай 09 цаг 55 минут 03 секундээс 09 цаг 55 минут 21 секундэд хаалгыг хаах хүртэл буюу нийт 18 секунд харилцсанаас өөрөөр уулзаж, харилцаагүй байна.

Мөн Б.Б “...шүүгчийн туслах Б.Б-д хүсэлтээ хэлэхэд “тэгээ, очоод хүсэлтээ хэлээд орчих” гэсэн... Дараа нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байх нэг эмэгтэйд бид бас хүсэлтээ хэлсэн. Тэрээр “бичиг баримт нь байна уу” гээд бид хоёрын иргэний үнэмлэхийг аваад намайг “байж байгаарай” гэж хэлээд Ц.Ш-тай шүүх хуралдаанд орсон...” гэсэн бол шүүгчийн туслах Б.Б “....Б.Б нь “би гэрчээр оролцмоор байна” гэдэг хүсэлтийг надад лав өгөөгүй. ...Хүсэлт гаргаагүй учраас би иргэн Б.Б-т хандан “шүүх хуралдаанд орж болно” гэж огт хэлээгүй...” гэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг “...Б.Б-ийг гэрчээр асуулгах эсэхтэй холбоотой зүйлийг шүүгчийн туслах Б.Б-ээс надад ямар нэгэн юм хэлээгүй. Харин шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Ц.Ш нь нэг эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд “энэ хүнийг гэрчээр асуулгамаар байна” гэсэн. Би түүнээс “хүсэлтээ өгсөн юм уу” гэж асуутал “өгөөгүй” гэсэн. Тэгэхээр нь би “хүсэлтээ шүүх хуралдаанд гаргаарай, шүүгч хүсэлтийг чинь хангавал гэрчээр оруулна, гадаа нь түр хүлээж байхгүй юу” гэсэн. Би иргэн Б.Б-т хандан “шүүх хуралдаанд орж болно” гэж хэлээгүй. Би зөвхөн “шүүгч хүсэлтийг чинь хангавал болно” гэж л хэлсэн...” гэх зөрүүтэй үйл баримтын талаар мэдүүлсэн.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн шүүгч явуулах буюу хариуцагч Ц.Ш-ын гаргасан хүсэлтийг зөвхөн шүүгч Ц.Урангуа шийдвэрлэх тухай уг үйл баримтыг нарийвчлан тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.13 дахь хэсэгт “Гэрчээр дуудагдсан этгээд Сахилгын хороонд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх гэрчүүдэд холбогдох хууль сануулан, гэрчийн мэдүүлэг авсан болно.

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүгч Ц.Урангуагийн удирдлага дор ажилладаг тул ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн этгээдүүд болох Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн оюутан болох О.М, Ж.Э нарын мэдүүлгээс үзэхэд мэдээлэл гаргагч Б.Б-той харилцахдаа шүүгч Ц.Урангуаг зүй бус авирласан гэж үзэхгүй бөгөөд харилцсан цаг хугацааг харгалзан үзэхээс гадна, өөр бусад баримтаар уг үйл баримт тогтоогдсонгүй.

Түүнчлэн шүүгч Ц.Урангуагийн зан байдлыг тодруулахад гэрч Ж.Э “дадлагын хугацаанд шүүгч ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчдод уурлах, бухимдсан зүйл гаргаж байгаагүй шүүх хуралдааны дэгийг сахиулдаг байсан. Харин зан харилцааны хувьд уурлаж бухимддаг хүн биш санагдсан. Шүүгч “туслах юм юу байна, хэрэгтэй юм юу байна” гээд асуудаг байсан” гэж,

гэрч О.М “шүүгч Ц.Урангуатай уурладаггүй хүн юм байна лээ. Шүүх хуралдааны явцад “та босож ярих хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэрийг би шүүх хуралдааны дэгийг сахиулах үүднээс хэлсэн гэж ойлгож байгаа. Ер нь шүүх хуралдааны дэгийг сайн сахиулдаг шүүгч. Шүүгчийн туслах надад “шүүгчид энийг аваачаад өгчих” гээд би олон удаа буюу 10-аас ихдээ шүүгчийн өрөө рүү очиж байсан, тэр хугацаандаа шүүгч уурлаж байгаагүй” гэх мэдүүлгийг өгсөн болно.

Мөн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад шүүгч Ц.Урангуа нь хариу тайлбартаа “...Дээрх шүүх хуралдааны танхимд зохисгүй авирласан зөрчилд нь шүүгч миний бие хүлээцтэй хандаж, гомдсон иргэнийг дахин хохироохгүй байх үүднээс Цагдаагийн байгууллага болон тухайн өдөр алба хаагч нарт зөрчлийн талаар мэдэгдээгүй... Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн цахим хуудасны мэдээллийн дор шүүгч миний ажил хэргийн болон хувь хүний нэр хүндэд халдаж, дарамталж, хараасан агуулгатай сэтгэгдэл үлдээж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байсныг тайлбартаа хавсаргав” гээд олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудсанд “......” гэх нэрээс “…Урангуа гэх шүүгч ажил амьдралаа ялгаж салгаарай. Хуулийн нэр барьсан бузар санаа бодол шийдвэрээс чинь айна гэж байхгүй шүү. Хоорондоо бүүр сүлбэлдээд хор хийгээд сурсан... Хуулийн биш хувийн зан байдлаар хүний амьдралаар тоглосон шившиг шээснүүд. Ажил албан тушаал чинь мөнх биш шүү Урангоо. Чи энэ байдлаараа нүглийнхээ хариуг хэзээ нэг өдөр амсана даа...” гэх сэтгэгдэл бичиж үлдээснийг хавсаргажээ.

Улмаар шүүгч нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ц.Ш-д “хэргийг шийдвэрлэсний дараа дарамт, шахалт үзүүлж байна” гэж тэмдэглэн “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад гарын үсэг зуруулаад нөлөөллийн мэдүүлэг хөтөлснийг дурдаж байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан “...бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” буюу шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч Ц.Урангуа тайлбартаа: “... Миний бие “Х З” ХХК-н нэхэмжлэлтэй Ц.Ш-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 5.005.640,07 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Ц.Ш гэрч оролцуулах хүсэлт гаргасныг даргалагч миний зүгээс хэрэгт ач холбогдолтой эсэхийг тодруулах буюу ямар нөхцөл байдлыг гэрчлүүлэхээр гэрч оролцуулах хүсэлт гаргаж байгааг түүнээс тодруулсан. Гэтэл хариуцагч “зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргахгүй, зээлийг авсан аваагүйтэй маргахгүй, авсан зээлээ найздаа залилуулсан талаар гэрчлүүлэх”-ийг хүсэж байгаа талаараа тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хэрэгт хамааралтай, шийдвэрлэх маргаанд зайлшгүй шаардлагатай байхаар хуульчилсан бөгөөд уг хэргийн хариуцагч зээлийн гэрээтэй маргаагүй авсан мөнгөө бусдад залилуулж, тэр нь эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэдгээ нотлохоор гэрч асуулгах нь зээлийн гэрээний маргаан болох уг иргэний хэрэгт хамааралгүй, мөн зээлийн гэрээнд гомдол гаргагч Б.Б нь хамтран зээлдэгч биш тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүгчийн захирамж гаргасан.

Дээрх шүүгчийн захирамжид оролцогч гомдол гаргах эрхгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, талуудад эвлэрэн хэлэлцэхийн ач холбогдолтой талуудыг тайлбарлан, шүүх хуралдааныг удирдан явуулсан.

Хариуцагч Ц.Ш хэлэлцүүлгийн шатанд гэрээний төлбөртэй маргахгүй, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага багасгах талаар тодруулахад зөвшөөрч, зохигч талууд эвлэрлийн гэрээг байгуулахаар болсон.

Мөн даргалагчийн зүгээс нэхэмжлэгчид хандан “хариуцагч нь авсан зээлээ бусдад залилуулсан бөгөөд хохирч байгаагаа” талаар тайлбарлаж энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзэх үү? гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан тодруулахад зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг 2 сар гэж байснаа 5 сар болгон сунгасан.

Шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, захирамж гарсныг зарлаад шүүх хуралдааныг хаасан.

Тодруулбал шүүгч миний бие хэргийн оролцогч болох хариуцагчид хэргийн нөхцөл байдал, үр дагаврыг тайлбарлаж ойлгосны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрсэн байгаа.

Шүүх хуралдааны дараа талууд танхимаас гарч дараагийн шүүх хуралдааны оролцогч нарыг хүлээж байх хугацаанд хуралдааны танхимын хаалгыг гомдол гаргагч Б.Б нь зөвшөөрөлгүй онгойлгоод “яахлаараа гэрчээр оролцуулдаггүй юм та нар, энэ асуудлаар цагдаа дээр шалгагдаж байхад...” гэх мэтээр маш чангаар ууртайгаар бухимдаж, үйлдлээ үргэлжлүүлж, харин ч олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж танхайрсан.

Тиймээс би түүнд хандаж, иргэний хэргийн оролцогч биш болохоор тантай харилцах шаардлага байгүй талаар хэлж, шүүх хуралдааны хаалга хаахыг сануулсан.

Гэвч улам орилж, шүүх хуралдааны хаалгыг онгойлгож байгаад зүй бус үйлдлээ таслан зогсоохгүй байсан тул тус өдөр алба хааж байсан шүүгч шүүхийн аюулгүй байдал хариуцсан цагдааг дууд гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргадаа хэлсэн.

Шүүгч миний хаалга хаахыг сануулж, шаардлага тавьсан үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.20 дахь заалтад заасан шүүгчийн үүрэг юм.

Мөн хэргийн оролцогч бус гомдол гаргагч Б.Б-т миний бие түүний гомдолд дурдсан “...дээрэлхүү хандсан... жирийн иргэнд зөвөөр ойлгуулж хэлж ярьж чадаагүй...” гэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.18 дахь “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэсэнтэй зөрчилдөх бөгөөд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу шаардлага тавьж ажилласан надад гомдол гаргасанд харин ч гомдож байна.

Дээрх шүүх хуралдааны танхимд зохисгүй авирласан зөрчилд нь шүүгч миний бие хүлээцтэй хандаж, гомдсон иргэнийг дахин хохироохгүй байх үүднээс Цагдаагийн байгууллага болон тухайн өдөр алба хаагч нарт зөрчлийн талаар мэдэгдээгүй.

Мөн уг иргэн учир байдлыг ойлгох ямар ч хүсэлгүй төдийгүй ажлын байран дээр буюу Эрүүгийн шүүгчийн 13 туслахуудын суудаг албан өрөөнд шүүгчийн туслах Б.Б-д “өөрийгөө шатаана, шүүгчдээ дамжуулж хэлээрэй намайг яахыг хараарай” гэх мэтээр заналхийлж танхайрсныг тухайн өдөр ажиллаж байсан бүх шүүгчийн туслахууд төдийгүй шүүгчийн туслах Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар гэрчлэх бөгөөд камерт бичигдсэн бичлэгээс ч харагдана.

Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн цахим хуудасны мэдээллийн дор шүүгч миний ажил хэргийн болон хувь хүний нэр хүндэд халдаж, дарамталж, хараасан агуулгатай сэтгэгдэл үлдээж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байсныг тайлбартаа хавсаргав. 

Уг сэтгэгдлийг миний гэр бүлийн хүмүүс болон ажлын хамт олноос үзэж, над руу уг комментын зургийг илгээж байсан нь миний сэтгэл зүйн хувьд дарамт учруулсан болно.

Шүүгч Ц.Урангуа би хэргийн оролцогчдын зөрчигдсөн эрх ашгийн төлөө, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өөрсдийн эрх зүйн байдлаа бүү дордуулаасай гэсний үндсэн дээр үргэлж эрх үүргийг нь тэдэнд ойлгомжтой байдлаар жишээлэн тайлбарлаж, эрх зүйн үр дагаврыг ойлгуулж ажилласаар ирсэн.

Гэтэл хэргийн оролцогч биш атлаа хурлын зааланд зүй бус авирлан танхайрч шүүгч надад нөлөөлөхөөр оролдон дайрч давшилсан үйлдлээ энгийн байх ёстой мэт санаж, улмаар сошиал орчинд миний болон гэр бүлийн нэр хүндэд халдсан үг хэллэгээр гутаан доромжилж буй уг иргэний үйлдэлд гомдолтой байгаа болно.

Мэдээлэл гаргагч Б.Бийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “олон нийтийг үл хүндэтгэсэн”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад заасан “үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” зөрчилд хамаарахын сацуу мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй ...” гэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Б.Б-ийн /утсаар хэлж өгсөн/ өргөдлөөр, илтгэгч гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн сахилгын хэрэг үүсгэн шалгаж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан санал нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд, “Х З” ХХК нь хариуцагч Ц.Ш-д холбогдуулан гэрээний үүрэгт 5.005.640,07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүгч Ц.Урангуа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШЗ2025/..... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Сахилгын хэргийн 19 дэх талд авагдсан нэхэмжлэлд, хариуцагчийн хаягийг “..... тоот” гэж бичсэн байх тул тус шүүхэд харьяалан шийдвэрлэгдэх маргаан байсан гэж үзнэ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/..... дугаар захирамжаар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон зарласан, товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч нь “залилуулсан гэмт хэргийг гэрчлүүлэхээр гэрч Б.Бийг оролцуулах” хүсэлт гаргасан,  хүсэлтийг хэлэлцэж, шүүгч нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тэмдэглэл, шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/..... дүгээр захирамжаар тогтоогдоно.

Илтгэгч гишүүн “... Ц.Ш нь “Х З” ХХК-аас гар утас зээлээр авах хүсэл зоригоо илэрхийлж, тухайн компани хүсэлтийг хүлээн аван, бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурснаар “Х З” ХХК, Ц.Ш нарын хооронд гэрээний үүргийн харилцаа бий болжээ.

Хэдийгээр Б.Б, Ц.Ш нар нь гуравдагч этгээдэд залилуулсан, тухайн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох боловч “Х З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Шд холбогдох хэрэг нь иргэний журмаар шийдвэрлэх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой тусдаа хэрэг юм.

Иймд шүүгч Ц.Урангуа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ...шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн “гэрчийн мэдүүлэг авхуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул түүнийг буруутай гэж үзэхгүй ...” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь Ц.Ш-д холбогдох “Х З” ХХК-ийн нэхэмжлэл бүхий хэргийг тус дагнасан шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу гэрээний үүргийн зөрчлийн маргааныг шийдвэрлэх тул Б.Б, Ц.Ш нарын гуравдагч этгээдэд залилуулсан гэх цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргийн асуудлыг тусдаа гэж дүгнэсэн, гэрч оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

 

Өргөдлийн “шүүх хурлын танхимын хаалгыг шагайгаад, шүүгч Ц.Урангуад хандаж, ... намайг яагаад дуудсангүй вэ гэж асуутал чамтай яриад байх асуудал байхгүй цагдаа дууд ... дуугүй хаалгаа хаа гэж чанга дуугарсан ... их дээрэлхүү хандсан” гэх хэсэгтэй холбогдуулж, илтгэгч гишүүн тухайн өдрийн, шүүхийн байрны хонгил хэсгийн бичлэгийг авч, үзлэг хийж тэмдэглэл хөтөлснөөс гадна тухайн шүүх хуралдаанд, хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон Б.Б,  ажиглагчаар оролцсон дадлагын оюутнууд болох О.М, Ж.Э нараас гэрчийн мэдүүлэг авчээ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б “... Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Ш-аас “Б.Б-ийг гэрчээр асуулгах тухай” хүсэлт гаргасан. Тэгэхдээ шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Иргэн Б.Б-ийг гэрчээр асуулгах эсэхтэй холбоотой зүйлийг шүүгчийн туслах Б.Б-ээс надад ямар нэгэн юм хэлээгүй. Харин шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Ц.Ш нь нэг эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд “энэ хүнийг гэрчээр асуулгамаар байна” гэсэн. Би түүнээс “хүсэлтээ өгсөн юм уу” гэж асуутал “өгөөгүй” гэсэн. Тэгэхээр нь би “хүсэлтээ шүүх хуралдаанд гаргаарай, шүүгч хүсэлтийг чинь хангавал гэрчээр оруулна, гадаа нь түр хүлээж байхгүй юу” гэсэн. Би иргэн Б.Б-т хандан “шүүх хуралдаанд орж болно” гэж хэлээгүй. Би зөвхөн “шүүгч хүсэлтийг чинь хангавал болно” гэж л хэлсэн. Ер нь би хариуцагч Ц.Ш-тай л ярилцсан, хамт ирсэн Б.Б-той яриагүй санаж байна ... Шүүх хуралдааны дараа Б.Б толгойгоо шүүх хуралдааны танхим руу шагайгаад “яахаараа та нар гэрчээр асуудаггүй юм. Хохирогчийг та нар хохироож болдоггүй юм уу? Би энэ хэргийн чинь талаар мэддэг хүн нь байна, би өөрөө зуучилсан” гээд чанга дуугаар шүүгч рүү дайраад байсан. Шүүгч эхлээд чимээгүй байж байгаад дараа нь “би тантай харьцахгүй, хаалгаа хаагаарай, хурал дууссан байна” гэсэн. Шүүгчийг ингэж хэлсний дараа дахиад юм хэлээд чанга дуугаар уурлаад байсан тул шүүгч “цагдаа дууд” гэж надад хэлсэн. Тэгсэн чинь тэрээр “цагдаагаас чинь айхгүй шүү” гээд хаалгаа хаасан ... ” гэж,

О.М “... Шүүх хуралдааны явцад хариуцагч эмэгтэй хүн “гэрч оролцуулах” хүсэлтээ амаар хэлсэн. Тэрээр хүсэлтээ “хүнд залилуулсан байгаа, энийг гэрчлэх юм” гэж тайлбарласан. Шүүгч хүсэлтийг нь шийдвэрлэхдээ “энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, залилуулсан нь энэ хэргээс тусдаа асуудал учраас хангахаас татгалзлаа” гэж хэлж байсан.

Тухайн эрэгтэй хүн шүүх хуралдааны танхим руу шагайгаад “намайг яахаараа гэрчээр оруулдаггүй юм, би хуралдаанд орох гээд ирсэн байхад яахаараа хүсэлт хангадаггүй юм, ажлаа хийж чаддаггүй юм уу” гэх агуулгатайгаар шүүгч рүү дайрсан. Тэгэхэд шүүгч “би шүүх хуралдааны үеэр ойлгомжтой тайлбарласан, одоо шүүх хуралдаан хаасан байна” гээд “та гараарай” эсхүл “хаалгаа хаагаарай” гэж хэлж байсан. Агуулга нь бол ижил иймэрхүү үг хэлсэн. Шүүгч өөр юм хэлээгүй шиг санаж байна, “та гараарай” л гэж хэлсэн, уурлаагүй.

Би шүүх хуралдааны танхимд суугаад үлдсэн, нөгөө охин гараад явсан байсан. Танхимын гадаа чанга, чанга ярьж байхыг сонсогдсон, гэхдээ яриа нь сонсогдоогүй зүгээр л хүмүүсийн чанга ярьж байгаа дуулдаж байсан”

Ж.Э “... Хариуцагч хүсэлтээ амаар хэлсэн бөгөөд “өөрийн найз залуугаа гэрчээр оруулах” хүсэлт гаргасан. Шүүгчийг “гэрчээр оролцуулаад юу нотлох юм бэ” гэж асуухад “хүнд мөнгө зээлүүлээд залилуулсан. Одоо .... дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Энийг нотлуулах гэсэн юм гэсэн” гэсэн.

Хариуцагчтай ирсэн залуу шүүх хуралдааны танхимын гаднаас шагайгаад юм хэлэх үед би байгаагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “туслахаас юм аваад ир” гээд би гарсан байсан болохоор мэдэхгүй байна.

Харин шүүх хуралдаан дууссаны дараа би шүүгчийн туслахтай уулзаад баримт авчаад ирэхэд тэр залуу шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзаж байсан. Уулзахдаа нэлээн зандрангуй, заналхийлсэн өнгө аястай ярьж байсан. Намайг очиход тэр 2 ярилцаад зогсож байсан би зарим нэг зүйл л сонссон. Тэр эрэгтэй хэлэхдээ “би шүүх цагдаагаар хэргээ шийдүүлдэг хүн биш. Сая Прокурорын газрыг шатаачхаад ирлээ. Шүүгчдээ хэлээрэй” гэх агуулгатай зүйл хэлээд явсан” гэж мэдүүлсэн байна.

Б.Б нь шүүх хуралдааны танхимын хаалгаар шагайн, шүүгч Ц.Урангуатай 09 цаг 55 минут 03 секундээс 09 цаг 55 минут 21 секундэд хаалгыг хаах хүртэл буюу нийт 18 секунд харилцсан нь шүүхийн байрны коридорын бичлэгээр тогтоогдоно.

Илтгэгч гишүүний “шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүгч Ц.Урангуагийн удирдлага дор ажилладаг тул ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн этгээдүүд болох Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн оюутан болох О.М, Ж.Э нарын мэдүүлгээс үзэхэд мэдээлэл гаргагч Б.Б-той харилцахдаа шүүгч Ц.Урангуаг зүй бус авирласан гэж үзэхгүй бөгөөд харилцсан цаг хугацааг харгалзан үзэхээс гадна, өөр бусад баримтаар уг үйл баримт тогтоогдсонгүй” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй.

Учир нь шүүгч болон өргөдөл гаргагчийн тайлбар зөрүүтэй байх боловч шүүгчийн тайлбар нь хуралдаанд ажиглагчаар суусан хөндлөнгийн этгээд болох дадлагын оюутны мэдүүлгээр батлагдана.

Хүсэлт шийдвэрлэсний дараа хэргийг хянан шийдвэрлэсэн 16 минут 03 секунд  үргэлжлэх бичлэгт:

Даргалагч: “гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн” агуулгыг танилцуулж, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны дэгийг танилцуулсан, биеийн байцаалтуудыг авч, хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “эрх, үүргийг тайлбарлуулах шаардлагагүй” гэсэн тул хариуцагчийн хүсэлтээр эрх, үүргийг тайлбарлах явцдаа эвлэрэн хэлэлцэх талаар дэлгэрэнгүй тайлбарлан, даргалагч “эвлэрэн хэлэлцэх талаар санал байна уу, эвлэрэх эрх байгаа юу” гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй, эрх байгаа гэв.

Даргалагч: Эвлэрэн хэлэлцэх талаар санал байна уу? гэхэд

Хариуцагч: Нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийн талаар аль эртнээс хуульчтай нь уулзаад хэлж байсан. Болно оо, нотлох баримтаа аваад ир, авчирсан цагт чинь зогсоогоод өгье гэдэг. Цагдаагаас бичгээ аваад очихоор “энэ чинь манайд хамаагүй” гээд буцаагаад нэлээн сунжруулаад, хүүг нь бодуулаад яваад байдаг байсан. Тэгээд хуульчтай нь ярихаар болно оо, баримтаа аваад ир гэдэг байсан гэв.

Даргалагч: Одоо таны хувьд ямар нөхцөл тавьж байгаа юм бэ? Нэмэгдүүлсэн хүүг хасаад өгөөч ээ гэж байгаа юм уу? гэхэд

Хариуцагч: Аанхаа. Дээрээс нь би найз залуутайгаа хамт байраа авна гэж байгаа, 70 гаруй сая төгрөг, аппликейшн гээд залилуулсан. .... дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт хэрэг шалгагдаж байгаа. Хэрэг нь мөрдөн шалгагдаад явж байгаа. Энэний шүүх хуралдааныг хүлээж байгаа ер нь бол. Би өөрөө өмнө нь 15 про барьж байгаад нөхрийнхөө найзад зарсан юм. Тэр нь 2 хоногийн дараа мөнгийг нь өгье, утсаа авч бай гэсэн. Тэгтэл нөгөө хүн нь мөнгөө ч өгөхгүй, сүүлдээ өөрийнхөө утсыг авъя гэтэл миний утсыг цааш нь ломбардсан гэв.

Даргалагч: Энэ хүнд нөхцөл байдлыг анхаараад, харгалзаж үзээд өгөөч ээ гэж байгаа юм уу? Зөв үү? гэхэд

Хариуцагч: Тийм гэв.

Даргалагч: Нэмэгдүүлсэн хүүг хасах уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэмэгдүүлсэн хүүг хасъя гэв.

Даргалагч: Нэмэгдүүлсэн хүү 22.098, үндсэн хүү 930.879, үндсэн зээл 4.052.662. Нэхэмжлэлийн шаардлагаас 22.098-ыг хасаад үлдэгдэл дээр эвлэрлийн гэрээ байгуулах уу? Хугацаа нь дээр тохирох уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хугацаан дээр манайх 2 сарын хугацаа өгөх боломжтой гэв.

Даргалагч: Заа, хоёр сарын дотор? гэхэд

Хариуцагч: Би уул нь нөгөө шүүх хурлаа хүлээгээд, тэр шийдэгдсэний дараагаар нэг тал руугаа шийдэх хүсэлтэй байна гэв.

Даргалагч: Одоо өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх гээд байна шүү дээ. Тиймээс нөхцөл байдлыг нь харгалзаад хугацаа олгуулбал, тийм ээ. Хугацааг сунгах уу? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хугацааг 5 сарын хугацаа өгч болно гэв.

Даргалагч: 5 сарын хугацаа олгож байна. Болж байна уу? гэхэд

Хариуцагч: Болж байна гэсэн, талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.  

Эндээс харахад, нэмэгдүүлсэн хүүг хасах санал хариуцагч гаргасан, хугацаа нэмж өгөх санал нэхэмжлэгч талаас гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдоно.

Шүүгч Ц.Урангуа нь хуралдааныг даргалахдаа хэргийн оролцогчийг зандарсан, өндөр дуугаар харьцсан, балмагдуулсан гэж үзэхээр байдал гаргаагүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан “... бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...” буюу шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд, дээрх үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2025/0135 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

 

                                    ГИШҮҮД                                          Х.ХАШБААТАР

 

                                                                                                Г.ЦАГААНЦООЖ