
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-02
Дугаар 149
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч,
холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл
оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, цахимаар сахилгын хэргийн оролцогч О, Н, С нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О-д холбогдуулан гаргасан “БЧ” ХХК-ийн Улсын Их Хурлын даргад гаргасан өргөдлийг Улсын Их Хурлын Тамгын газрын 2025 оны ТГ-...4 дүгээр албан бичгээр, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамд сайдын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ...3 дугаар албан бичгээр тус тус Шүүхийн сахилгын хороонд шилжүүлснийг журмын дагуу илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр хүлээн авч хянаад, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2025/...4 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/...1 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар шүүх бүрэлдэхүүний шүүгч нар болох Ерөнхий шүүгч С, шүүгч Н нарт сахилгын хэрэг үүсгэж, 2 дахь заалтаар дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2025/...2 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Яллагдагч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох ...прокурорын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ..5А дугаар яллах дүгнэлттэй хэрэг нь:
- ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжсэн,
- Ерөнхий шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЕШЗ/...9 дүгээр захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч З.Б-ыг томилж, уг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/..0 дугаар захирамжаар ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн,
- тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ЕШЗ/..5 дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Э-ыг томилсон,
- ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/..6 дугаар шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Н, А.Г нарыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулан шийдвэрлэсэн,
- Уг шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.А, Г.Б, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Б, Ц.Г нар эс зөвшөөрч гомдол гаргасан,
- Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ЕШЗ/..2 дугаар захирамжаар, илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч О, даргалагч шүүгчээр шүүгч Н нарыг томилон албажуулсан,
- шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулах 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ..6 дугаар албан бичгийн дагуу ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗТ/..6 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар захирамжаар шүүгч С-ийг оролцуулахаар томилсныг, тус давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЕШЗ/..8 дугаар захирамжаар албажуулсан,
- давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/..4 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсгийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан,
- хэргийн оролцогч хяналтын шатанд гомдол гаргасан, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ..7 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
1. Өргөдөлд “...О шүүгч нь яллагдагч талын өмгөөлөгчийн хүсэлтийг давуулан хангаж ...прокурорын газар руу нэмэлт нотолж шалгах зүйл байна гэж хэргийг задалсан ... О шүүгч нь процессын алдаа гаргаснаар зогсохгүй ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь илт тод харагдаж байна ...” гэжээ.
1.1. Хэргийг, тус шүүхийн шүүгчдийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 216/ЗТ2024/...1 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 2.2 дахь хэсэгт, “тойрог дотор санамсаргүй тохиолдлын аргаар” хуваарилахдаа ачаалал тэнцвэржүүлэх, 2.12 дахь хэсэгт, 2-оос дээш хавтастай хэрэг бол ачаалал тэнцвэржүүлэх байдлаар хуваарилах, 2.14 дэх хэсэгт шүүгч О, Ерөнхий шүүгч Т, шүүгч Н гэсэн дарааллаар тойрог үүсгэхээр тус тус заасныг үндэслэж, хуваарилна.
Ерөнхий шүүгч Т өндөр насны тэтгэвэрт гарсны дараа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗТ/..2 дугаар тогтоолоор дээрх хэрэг хуваарилах тогтоол, журамд өөрчлөлт оруулахдаа, тогтоолын 1 дэх хэсэгт, 1.Н, 2.Ерөнхий шүүгч О, 3.Б гэсэн дарааллаар тойрог үүсгэх, 3 дахь хэсэгт шүүгч Б-д сэлгэн ажиллах хугацаа дуустал хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилалтыг зогсоосугай гэж заажээ. Үүгээр, өөр шүүхэд сэлгэн ажиллаж байгаа шүүгчийг хэрэг хуваарилах дараалалд оруулсан гэж харагдана.
Харин “Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэрэг хүлээн авсан 2024 оны бүртгэл”-ийн дэвтрийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хуваарилалтыг шалгахад, Б шүүгчид хэрэг хуваарилагдсан гэх тэмдэглэл байгаагүй, зөвхөн О, Н шүүгчид ээлжлэн, зарим тохиолдолд 2-3 удаа дараалж хэрэг хуваарилагдсан байна.
Энэ талаар тухайн үед мэдээлэл технологийн мэргэжилтний албан үүргийг хавсран гүйцэтгэж байсан Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Б “... ШЕЗ-өөс 2022 оны хэргийн хөдөлгөөний хяналт шалгалт хийгдээд, сэлгэнээр ажиллаж байсан шүүгч Н шүүгчийг оруулахгүй идэвхгүй гэж чекэлсэн байвал ноцтой алдаа гэж үзнэ гэж хэлж байсан. Тэгээд дараа нь яаж оруулах талаар ШЕЗ-ийн Э.А-аас асууж байсан. Тухайн үед ШЕЗ-өөс байхгүй байгаа шүүгчийг хасаж болохгүй гэсэн. Үүнээс хойш сэлгэн ажиллаж байгаа шүүгчийг оруулах ёстой юм байна гэж ойлгосон. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын зөвлөгөөний тогтоолыг хийхдээ Н шүүгч Б шүүгчийг оруулах ёстой юм байна гээд оруулсан гэсэн...” гэж,
мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Р.М “...шүүгчийн нэрийг би бичихгүй, систем өөрөө томилдог ...Б шүүгчид хэрэг хуваарилагдсан тохиолдол гарч байсан. Ийм тохиолдолд алгасах гэсэн сонголтыг идэвхжүүлдэг, тэгэхээр өөр шүүгчид хэрэг хуваарилагддаг ...Зөвлөгөөний тогтоолд хэний нэрс байна түүний дагуу л тохиргоо хийгдэнэ. Иймд Б шүүгчийн нэрийг оруулах эсэхийг бид нар мэддэггүй. Энд ажилладаггүй шүүгчийн нэр системд байх нь хүндрэл үүснэ. Б шүүгчийн нэр гарч ирэхээр би айти мэргэжилтэн болон Тамгын газрын даргад мэдэгдээд “алгасах” гэсэн сонголтыг хийдэг. Сэлгэнээр ажиллаж байгаа гэсэн тайлбарыг ч бичдэг. Хэрэв энэ нэр ороогүй бол ийм ажиллагаа хийгдэхгүй ...Өнгөрсөн жил 2 удаа Б шүүгчийн нэр дээр хэрэг хуваарилагдсан, гэхдээ үүний дараа шүүгч нарт хэрэг хуваарилагдахад ямар нэгэн өөрчлөлт гарч байсныг бол санахгүй байна...” гэж тус тус мэдүүлсэн.
Нэг шүүгчид дараалж хэрэг хуваарилагдсан талаар гэрч Р.М “...Системээс хэний нэр гарч ирнэ тэр шүүгчид хуваарилагдана. Дараалаад 2 удаа хэрэг хуваарилагдах тохиолдол байдаг. Харин нэг шүүгчид дараалаад 3 удаа хуваарилагдах тохиолдол гарч байгаагүй ...Хэрэг хүлээн авахад, системд хавтасны тоо, оролцогчийн тоо зэрэг мэдээллийг оруулдаг, шүүгчид хэрэг хуваарилах нь системээр хийгдэж байгаа тул нарийн зүйлийг мэдэхгүй байна ...2 удаа дараалж унах нь элбэг байдаг. 3 дараалж бол унахгүй...” гэж,
мэдээлэл технологийн мэргэжилтний албан үүргийг хавсран гүйцэтгэж байсан Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Б “...таамаглах боломжгүй. Нэг шүүгчид дараалан 2 хэрэг уначихдаг, тэр үед нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асууж байсан, анхан шатны шүүх ч бас ингэж байсан, ингэхэд “жилийн эцэст тойрог дотор санамсаргүй байдлаар ачааллаа тэнцвэржүүлж байгаа юм, тэгээд системээс хуваарилагдаж байгаа” гэж хэлж байсан...” гэж тайлбарласан,
холбогдох шүүгч О “...бид нар ачаалал тэнцвэржүүлэх гэдгийг сонгосон. Хавтаст хэргийн тоогоор ачаалал тэнцвэржүүлж хуваарилдаг гэж ойлгосон. Бид нар тойрог гэдэгт дүн шинжилгээ хийдэггүй, яагаад гэвэл системээс томилж байгаа. Би бол ээлжлээд байгааг дэмждэггүй, харин ч ээлжлээд байвал хэрэг хэн дээр очих вэ гэдгийг мэдэх боломжтой. Харин 2-3 удаа дараалж унах нь зөв. Надад иргэний хэрэг гэхэд 3 удаа дараалж ирсэн тохиолдол байгаа...” гэсэн.
Үүнээс сэлгэн ажиллаж байгаа шүүгч Б-г системийн тойрогт оруулсан эсэхээс үл хамаарч гаднын нөлөө, оролцоогүйгээр системээс хэрэг шүүгчид хуваарилагддаг гэж үзэхээр байх ба А.Г, Г.Н, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэрэг системээс Ерөнхий шүүгч О-д хуваарилагдсан байна.
1.2. ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/..4 дүгээр магадлалын тодорхойлох нь хэсэгт “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байна...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаалаа гэж дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хүчингүй болж байгаа мэт боловч тогтоох хэсэгтээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон,
1. ...шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Т-д холбогдох бүх заалт, шүүгдэгч Г.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан болон ял шийтгэлийг ...өршөөн хэлтрүүлсэн заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, А.Г нарт холбогдох бусад заалтыг тус тус хүчингүй болгосугай” гэж,
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Н, А.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар бол давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгохоор хууль тогтоогчийн хүсэл зориг илэрхийлэгдсэнийг зөрчсөн гэж үзвэл, дараах урьдчилсан нөхцөл буюу 1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийн заалт нь “илт тодорхой заалт” болох эсэх, илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил нь ноцтой ба удаа дараа зөрчсөн байх шаардлага гарч ирдэг.
Хэдийгээр тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах”, 40.8 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалт 2022 онд тус тус хүчингүй болсноор хэрэг буцах гэх ойлголт байхгүй болсон боловч давах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дээрх 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн, хэргийг анхан шатны шүүх руу буцааж шийдвэрлэх, мөн прокурорт ч буцааж шийдвэрлэж байгаа тохиолдол цөөнгүй байна.
Тухайлбал ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ч 2024 онд 2 хэрэг, 2025 онд 1 хэргийг прокурорт болон шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр хэргийг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулах нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд үл нийцэх тул давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн алдааг засах, залруулах үүднээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх болон эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа хууль хэрэглээний практик байна.
Улсын дээд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “илт тодорхой ” гэдгийг тухайн хуулийн зохицуулалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүйгээр илэрхийлсэн, шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль хэрэглэх арга, ур чадвар шаардахааргүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон, агуулгын хувьд тодорхой буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шинжтэй байна гэж тайлбарласантай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг нь нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь уг заалтыг “хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон” гэж үзэх үндэслэлгүй байх тул илт тодорхой хуулийн заалт гэж үзэхгүй.
1.3. Ерөнхий шүүгч О “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг яаж хэрэглэх вэ гэдэг талаар ...аймагт сургалт явагдаж байсан, энэ талаар шүүгч нар ч ярьдаг. Хэдийгээр хуульд прокурорт буцаах талаар заагаагүй боловч буцаах тохиолдол байдаг, ийм тохиолдолд 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэхдээ 39.5 дугаар зүйлийг хамт хэрэглэж давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж байя гээд шүүгч нарын сургалт дээр нэгдсэн журмаар ярьсан. Улсын дээд шүүх бас зөвшөөрсөн байдаг ...Хуулийн 1.2 бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа заалтыг барих нь зөв. Прокурорт буцаахдаа давхар 39.5 дугаар зүйлийг үндэслэх хэсэгт барьж байгаа...” гэж тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байвал” гэх заалт болно.
Тус шүүх бүрэлдэхүүн дээрх заалтыг шууд утгаар нь баримтлаагүй боловч “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь баримталсан гэж ойлгогдоно.
Энэхүү “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй” гэдгийг тус хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
1.1. дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал;
1.2. дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;
1.3. дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;
1.4.дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэж тодорхойлсон байдаг.
Гэтэл магадлалд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “...үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангаагүй...” гэснээс өөрөөр дээрх заалтад нийцэх агуулгаар дүгнэлт огт хийгээгүй, харин мөрдөн шалгах, прокурорын шатанд хийх ажиллагааг дурдан хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэс-гийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хоёрдмол утгагүй, нэг утга санааг илэрхийлсэн, тодорхой бус ойлголт агуулаагүй илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Тухайлбал “...яллах дүгнэлтэд заасан хохирлын үнэлгээ, тооцоолол хэрхэн гарсан нь тодорхой гүй, гэмт хэргийн үндсэн шинж болох “эд хөрөнгө авсан” эсвэл “эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” аль нь болохыг прокурор зөв тодорхойлоогүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хохирлыг хэрхэн яаж тооцож тогтоосон болох нь тодорхойгүй, шүүгдэгч нарын үйлдэл залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох, хавтаст хэрэгт авагдсан баримтыг орчуулгын товчоогоор орчуулуулах, гарын үсэг судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоосон нь ойлгомжгүй, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээтэй талаас нь бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн...” гэх зэргээр дурдсанаас өөрөөр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй ямар дүгнэлт хийсэн болох нь магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэгдээгүй.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд хамаарах ба давж заалдах шатны шүүхийн шүүгч нь хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн буруу хэрэгжүүлснээс хэргийн оролцогч шүүгдэгчид ашигтай байдал үүсгэсэн, хохирогч нарыг чирэгдүүлсэн тул “ноцтой” гэж үзнэ.
Тодруулбал давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “хэргийг прокурорт очтол ...шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж заагаад, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт /“баримт №1”/ гэх “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” баримтыг үйлдэж, илтгэгч шүүгч болон шүүгчийн туслах, шүүгдэгчээр гарын үсэг зуруулжээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3 дугаар зүйлд “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гээд үүний 3.7.2-т “шүүгчийн шийдвэрийн дагуу шүүгчийн туслах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загварт заасан дараах баримтад гарын үсгийн тайллын хамт зуруулж, хэрэгт хавсаргана” 3.7.2.1-д “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан бол баримт №1” гэж, 4 дүгээр зүйлд “давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гээд, үүний 4.3.2-т “Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон талаарх “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг илтгэгч шүүгчийн туслах энэ аргачлалын 3.20.1, 3.20.2-т зааснаар баталгаажуулж, ажлын 5 өдөрт багтаан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон цагдаагийн байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Хууль болон дээрх хуульчилсан актын агуулгаар давж заалдах шатны шүүх нь гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тохиолдолд “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг л холбогдох байгууллагад хүргүүлэх байтал хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, ажиллагаа явуулжээ.
Мөн “...2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүгдэгч Г.Н, А.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүгдэгч Г.Н, А.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье ...” гэсэн агуулгатай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих төв /цагдан хорих байрнаас суллах/” гэх илтгэгч шүүгчийн гарын үсэг бүхий баримтыг үйлдэн цагдан хорих байранд хүргүүлсэн, үүндээ уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх агуулга дурдсан болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 39 дүгээр бүлэгт давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, эрх хэмжээг зохицуулахдаа, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянаж, талуудын гомдол, эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөхөөс бус ажиллагаа хийх эрх хэмжээг олгоогүй байхад энэхүү ажиллагааг хийснийг эрх хэмжээгээ хэтрүүлэн, буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх ажиллагааг хийх эсэх талаар, Ерөнхий шүүгч О “...Хийдэггүй, прокурор тэр ажиллагааг хийнэ. Давахаас батлан даалтад гаргах эрх хэмжээ байгаа. ШЕЗ-өөс баталсан хэргийн хөдөлгөөний стандартад бөглүүлэхээр, туслахууд бөглөдөг юм байна. Түүнээс бид нар бол механик ажиллагаа хийдэггүй...” гэсэн бол, шүүгч Н “...Тухайн тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан... Энэ хэрэгт хийнэ гэж үзээд хийчихсэн... Тухайн үед туслахдаа баримт дээр гарын үсэг зуруулаад аваарай гэж үүрэг даалгавар өгөөд зуруулж авсан... Цаашид үүнийг бид анхаармаар юм байна...” гэж тус тус тайлбарласан бол прокурор Г.Б “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж байгаа бол хэрэг анхан шатны шүүх рүү буцааж, анхан шатны шүүх нь хэлэлцүүлэг хийж 34.16, эсхүл 33.1-д зааснаар буцаах эсэх, мөн шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх боломжтой байсан. Энэ ажиллагаа хийгдээгүйгээс, прокурорын зүгээс дахин шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хялбар ажиллагааны шүүхэд хандах зэрэг үр дагавар үүссэн. Хэрэг прокурорт ирэхэд, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ давхар хүчингүй болчихсон тул би хэрэг ирэнгүүт нь хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хялбар ажиллагааны шүүх рүү санал бичсэн. Санал 2 өөр шүүгчид очсон. Тухайн үед шүүгчийн туслах нь “34 хавтаст хэргийн сүүлийн 10 хавтсыг аваад ир” гэсэн тул саналын хамт хүргүүлсэн байсан. Гэтэл нэг шүүгч нь шүүгдэгч А.Г-д бол хилийн хориг тавьсан. Харин Г.Н-ын хэргийн материал дутуу гээд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, ярих, уулзах зэрэг арга хэмжээг хүртэл авсан. Уг нь бол хэрэг анхан шатны шүүхэд очиход анхан шатны шүүх энэ ажиллагааг хийж, хэргийг прокурорт хүргүүлэх ажиллагааг явуулах байсан...” гэж мэдүүлсэн.
Иймд Ерөнхий шүүгч О, С, шүүгч Н нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж үзлээ.
2. Шүүх хуралдаанд хохирогч “БЧ” ХХК талаас өмгөөлөгч Р.М, Д.М нар оролцсон.
2.1. Хуралдааны хэлэлцүүлгийн шатанд /mainfeed_dual_768-3.mp4 нэртэй бичлэгийн 0:42:47-0:53:12 дахь хэсэгт/ “БЧ” ХХК-ийн өмгөөлөгч Р.М тайлбар хэлж байхад 0:52:37 дахь хэсэгт шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Б.А яриаг нь таслан “эх хувийг өгсөн гэж хэлсэн биз дээ” гэж хэлтэл, өмгөөлөгч Р.М “шүүгч ээ хурлын дэгийг сайн сахиулахгүй бол” гэхэд даргалагч “за, саад учруулахгүй. Та нарын гаргасан гомдолд тайлбар хэлж байна” гэв. Өмгөөлөгч нь тайлбараа үргэлжлүүлж байхад даргалагч “Өмгөөлөгч ш дээ. Хууль зүйн үндэслэлээ нотлох баримтын хүрээнд л гаргана. Би бодъё, тэгье гэж ярихгүй ш дээ. Цаг үрж байгаа биш ямар” гэсэн, өмгөөлөгч Р.М тайлбараа үргэлжлүүлэн хэлж байхад /0:57:22 дахь хэсэгт/ цахимаар оролцсон өмгөөлөгч Ч.Б “шүүгч ээ, гомдолд хамааралтай зүйлээ яримаар байх юм. Гомдолд хамааралгүй зүйл яриад хамаг цаг аваад байх юм” гэхэд өмгөөлөгч Р.М “би яг цаг хэмнээд гомдолд ингэж дурдсан байна гэхгүйгээр яваад байна” /0:57:35 дахь хэсэгт/ гэсэн, даргалагч “гомдолд дурдсан юмаар л хариулаад байна” гэхэд өмгөөлөгч Ч.Б “гомдолд дурдсан асуудлаар л тайлбар хэлэх ёстой ш дээ” гэхэд өмгөөлөгч Р.М “гомдлын дагуу яриад байгаа ш дээ” гэв.
Даргалагч “ийм гомдол гаргасан, үүнд ингэж хариу хэлж байна гээд байна” гэхэд өмгөөлөгч Р.М тайлбараа үргэлжлүүлсэн, /0:58:19 дахь хэсэгт/ даргалагч “түрүүнд үндэслэлийг нь ярьчихсан, Одоо үйл баримтыг дэлгэрүүлээд байх шаардлагагүй” гэсэн, өмгөөлөгч тайлбараа үргэлжлүүлсэн /бичлэг дуусаж, mainfeed_dual_768-4.mp4 нэртэй бичлэгийн 0:00:01-0:01:58 дахь хэсэгт/ тайлбар хэлж дуусахтай зэрэгцэн даргалагч “за дууссан” гэж хэлж байгаа нь тусгагджээ.
Үүний дараа /0:02:00-0:04:02 дахь хэсэгт/ өмгөөлөгч Д.М тайлбар хэлсэн байх ба нийт 20 минут гаруй хугацаанд эдгээр өмгөөлөгч нар тайлбар хэлж байх үед шүүгчээс яриулахгүй хязгаарласан үйл баримт бичлэгт тусгагдаагүй байна
Харин хуралдаан даргалагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж “хууль зүйн үндэслэлээ нотлох баримтын хүрээнд л гаргана. Би бодъё, тэгье гэж ярихгүй ш дээ ...түрүүнд үндэслэлийг нь ярьчихсан, Одоо үйл баримтыг дэлгэрүүлээд байхын шаардлагагүй” гэх зэргээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг яриулах шаардлага тавьсныг “тайлбар хэлэх эрхийг хязгаарласан” гэж үзэхгүй.
Иймд өргөдлийн “...манай талын өмгөөлөгч нарыг үг хэлүүлэхгүй зөвхөн яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нартай харьцаж хурлыг удирдаж явуулсан...” гэсэн хэсэг үгүйсгэгдэж байна.
2.2. Өргөдөлд “...нотлох баримт бүрэн, үйлдэл нь тодорхой атал давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь бусдын нөлөөнд автагдсан нь үйлдлээрээ тодорхой харагдаж байна...” гэж дурдсан.
Асуулт, хариултын шатанд /mainfeed_dual_768-7.mp4 нэртэй бичлэгийн 0:00:30-0:00:43 дахь хэсэгт/
даргалагч: “Боос асууя. Үйлдвэр 2 хэсэг ээ, нэг хэсэг нь Б-ынх, нэг хэсэг нь “Б” ХХК-ийнх гээд байна. Тийм зүйл байгаа юм уу, та хэд мэдэж байгаа юм уу” гэхэд
өмгөөлөгч Р.М: Ерөөсөө тийм юм байхгүй. Үйлдвэрийн гэрчилгээ нь дээр ...м.кв үйлдвэрлэл, барилга байгууламжийн зориулалтаар бүхэлд нь гэж байгаа.
даргалагч: Очиж харсан юм уу, та хэд мэдэж байгаа юм уу гэхэд
илтгэгч шүүгч О: Тооллогод орсон юм уу
өмгөөлөгч Р.М: Байнга очиж ажилладаг. Тэгээд Улсын бүртгэлийн гэрчилгээ бүх юмнууд дээр л байгаа. Нөгөө тал нь гэвэл тэрний гэрчилгээ байх ёстой. Ер нь нэг байшин, үйлдвэрийг 2 хуваагаад 2 тусдаа гэрчилгээ гэсэн ойлголт байхгүй.
даргалагч: Гэрчилгээ байхгүй, 2 шугам байгаа гэж л хэлээд байна л даа гэхэд
шүүгч С: 2016 онд өөрсдийнхөө хөрөнгөөр яасан гээд байна ш дээ гэхэд
өмгөөлөгч Р.М: Шүүгдэгчийн нэг онцлог бол өөрт ашигтай тайлбараа өгдөг.
даргалагч: Асуулт асууж байна гэхэд
илтгэгч шүүгч О: Тэрийг бол мэдэж байна, зүгээр асуултад л хариул, үнэн ярих албагүйг бид нар мэдэж байна, бид нарт заах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм гэхэд
өмгөөлөгч Р.М: Тэгээд би хариулт өглөө ш дээ. Бүх талбайгаар нь гэрчилгээгээ гэхэд
илтгэгч шүүгч О: Өөрөө яг нүдээрээ харж үзсэн юм уу, эдний хөрөнгийг тоолоход байсан юм уу, яг үзсэн бол хариулна, үзээгүй бол худлаа хэлэх шаардлага байхгүй.
өмгөөлөгч Р.М: Би 2018 оноос хойш энэ хэрэгт ажиллаж байгаа.
илтгэгч шүүгч О: За яах вэ, тийм л байна лээ л дээ. Гэхдээ яг үзсэн юм уу, нүд харж тоолсон юм уу хөрөнгийг нь гэхэд
өмгөөлөгч Р.М: Одоо энэ хэргийн хорин хэдэн хавтаст хэргийг бүгдийг нь үзсэн.
илтгэгч шүүгч О: Үгүй ээ, үгүй. Ёо юм ойлгохгүй юм аа, тэгээд яриад байх юм аа.
өмгөөлөгч Р.М: Би хамгийн их мэдэж байгаа нь би гэв.
даргалагч: Өмгөөлөгч, гэхдээ төлөөлж байгаа этгээд биш учраас мэдэж байгаа эсэхийг нь асууж байна.
илтгэгч шүүгч О: Нүд харж тоолсон юм уу л гэж асуугаад байна. Тэрэнд хариулахгүй юм.
өмгөөлөгч Р.М: Би мэднэ гэдгээ хангалттай хэлж байна ш дээ.
даргалагч: За, хуралдаан завсарлая гэхэд
0:02:30-0:02:33 дахь хэсэгт илтгэгч шүүгч О: За, дуусгая дуусгая, яршиг гэснээр хуралдаан завсарлаж, бичлэг дууссан байна.
Мөн илтгэгч шүүгч О-г шүүгдэгч А.Г-аас асуулт асууж байх явцад “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “Шүүгч асуугаад байгаа юм уу, шүүгдэгчийн өмгөөлөгч асуугаад байгаа юм уу, хөтөлж асуугаад байна” гэхэд илтгэгч шүүгч О “Шүүгч юу асуухаа чамаар заалгахгүй, битгий голоор орж ирээд байгаарай, арга хэмжээ тооцно шүү...” гэж байгаа нь бичлэгт тусгагджээ.
Илтгэгч шүүгч О-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй харьцаж байгаа, асуулт асууж буй дуу хоолойны өнгө нь бухимдсан, залхаж, цааргалсан өнгө аястай байхын дээр “...Шүүгч юу асуухаа чамаар заалгахгүй, битгий голоор орж ирээд байгаарай, арга хэмжээ тооцно шүү... Тэрийг бол мэдэж байна, зүгээр асуултад л хариул, үнэн ярих албагүйг бид нар мэдэж байна, бид нарт заах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм... Үгүй ээ, үгүй. Ёо юм ойлгохгүй юм аа, ...за, дуусгая дуусгая, яршиг...” гэж хэлсэн нь зохимжгүй, хэргийн оролцогчийг үл тоомсорлосон, арга хэмжээ тооцно гэх зэргээр сүрдүүлсэн өнгө аястай харьцсан нь “зүй бус авирлах” гэсэн шинжид хамаарч байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан гэж үзлээ.
Зүй бус авирлах үйлдэл нь шүүгч нийгмийн ёс зүй, хүндэтгэл, харилцан ойлголцлын зарчмыг зөрчиж, тухайн хүнийг доромжлох, хэргийн оролцогч руу дуугаа хэт өндөрсгөж хашхирах, энгийн үг ярианаас өөр бүдүүлэг үг хэрэглэх, үл хүндэтгэсэн буюу үл тоомсорлох, бүдүүлэг, түрэмгий, муухай аашлах, дургүйцлээ илэрхийлэх, хэргийн оролцогчийн үгийг таслах, тэдэнтэй ялгамжтай харьцах гэх зэрэг үйлдэл болон үгээр илэрч болно.
Цаашид ч албан үүргээ гүйцэтгэхдээ хэргийн оролцогчтой зөв боловсон харьцаж, бухимдал, сэтгэл хөдлөлөө дарж, шүүх таслан ажлаа хэрэгжүүлэхийг шүүгч нарт анхааруулах нь зүйтэй.
2.3. Түүнчлэн өргөдөлд “...Эрүүгийн боосон хэрэг дээр тулгуурлаж хурлыг явуулах ёстой атал яллагдагч талаас хавтаст хэрэгт нэмж авах нэмэлт материал нэхэж иргэний хэргийн шүүх хурал болгож хувиргасан...” гэсний дээр 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “...бичлэг 786-6-ын 0:16:54 дэх хэсэг, 0:25:50 дахь хэсэг, 786-7-ын 0:00:47, 0:01:27 дахь хэсэг, 786-5-ын 0:36:40 дэх хэсэг, 0:37:33-0:40:59 дэх хором, 0:56:37-52 дахь хором, 0:42:10 дахь хором, 768-5-ын 0:09:00 дэх хормыг тодруулж, өргөдөл гаргагчаас нэмэлт мэдээлэл ирүүлсэн.
Асуулт, хариултын шатны хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд товч байдлаар тусгасан, зарим асуулт хариултыг огт тусгаагүй байсан тул шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, бүтнээр нь буулгасан болно.
Илтгэгч шүүгч О шүүгдэгч А.Г-аас асуулт асуусан хэсэгт /mainfeed_dual_768-5.mp4 нэртэй бичлэгийн 0:54:20-0:57:16 дахь хэсэгт/
илтгэгч шүүгч: Та эхлээд танай “Г” ХХК-тай гэрээ хийчихсэн, үргэлжлүүлээд Наранболд гэрээ хийсэн, тийм үү?
шүүгдэгч А.Г: Тухайн үед би гэрээ хийсэн.
илтгэгч шүүгч: Өмгөөлөгч чинь сая асуугаад яриад байсан шүү дээ. ...дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Тэр баримтуудыг та гаргаж өгсөн биз дээ, тэр ямар учиртай юм бэ?
шүүгдэгч А.Г: Хуулийн байгууллагад хандаад, ийм асуудал байна гэхэд
илтгэгч шүүгч: Ямар хуулийн байгууллага вэ, өөрийгөө төлөөлсөн итгэмжлэлийг хэлээд байгаа юм уу?
шүүгдэгч А.Г: Тийм гэв.
илтгэгч шүүгч: Тэр хүндээ нотлох баримтаа гаргаад өгчихсөн биз дээ, тэрийг та гаргаагүй гэж үзэх юм уу?
шүүгдэгч А.Г: Толгой дохив.
илтгэгч шүүгч О: Тэрийг чинь таныг гаргаж өгсөн гэж үзнэ биз дээ, тэрийг та гаргаж өгсөн учраас таныг тэгж дүгнээд байгаа шүү дээ. Тэрийг ойлгож байгаа юу. Түрүүн Б өмгөөлөгч нотлох баримт ерөөсөө гаргаж өгөөгүй байхад яагаад ингээд буруутгаад байгаа юм бэ гэсэн юм яриад байсан. Тэрийг ойлгосон уу, нотлох баримт гэдэг чинь зээлийн гэрээ, удирдах зөвлөлийн тогтоол байна. Эд нарыг чинь хууль бус гэж үзээд байгаа шүү дээ
шүүгдэгч А.Г: Би буруу ойлгосон байж болно, манай өмгөөлөгчид өгсөн, шүүхэд өгөөгүй.
илтгэгч шүүгч О: Тэр чинь шүүхэд өгч байгаа хэлбэр, та нар шууд деталчилж ойлгоод байх юм. Та дамжуулаад шүүхэд өгч байгаа гэж ойлгоно шүү дээ. Тэрийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргаж байгаа. Г өгөөгүй, та өгсөн, тийм үү, тэгж хэлээд байна...” гэжээ.
Харин /бичлэгийн 0:57:20 дахь хэсгээс/ илтгэгч шүүгч О шүүгдэгч Г.Н-оос асуухдаа
илтгэгч шүүгч: 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ...дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Өмнө юм байна, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхийн ..6 дугаар шийдвэр, шийдвэр байгаа. Давж заалдах шатны 2015 оны 3 дугаар сарын 13-ны ..8 дугаар магадлал зэргээр та өөрийгөө энэ компанийг төлөөлөх эрхтэй юу гэдгээ тогтоолгодог тийм үү, өөрийгөө энэ компанийг төлөөлөх эрхтэй гээд та шүүхэд хандсан байдаг шүү, түүний дагуу шийдвэр гаргасан шүү дээ. Та тэр үеэс өөрийгөө төлөөлөх эрхгүй гэдгийг мэдчихээд байгаа гэж үзээд байгаа юм. Өөрөө тэгж үзэж байна уу?
шүүгдэгч Г.Н: Би өөрөө тэгж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн давж заалдах шийдвэрүүд чинь өөрөө 2014 оны 4 дүгээр сарын 28-ны энэ М-г 4 дүгээр сарын 28-аас 2014 оны 01 дүгээр сарын 01 хүртэл томилсон шийдвэрийг л баталгаажуулах тухай маргаан болоод шүүхээс буцааж аваад 2015 онд шийдэгдээд явчхаж байгаа юм
илтгэгч шүүгч: Тэрний өмнө ТУЗ-ийн хурал хийгээд өөрийг чинь төлөөлчихсөн байгаа шүү дээ
шүүгдэгч Г.Н: Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл дахин хуралдах товоо гаргаад тэр тов дээрээ М-ийн хугацаа дуусаж байгаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Н-ыг дахин томил гэсэн байгаа. Тэгэхээр 4 дүгээр сарын 28-ны өдөр гарч байгаа энэ шийдвэр нь өөрөө энэ маргаанд явж байсан асуудал нь дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 15-нд Н-д дахин томилсонтой ямар ч холбоогүй.
илтгэгч шүүгч: 2015 онд өөрийг чинь дахин томилсон шийдвэр байдаг юм уу
шүүгдэгч Г.Н: 2014 оны 11 дүгээр сарын 15-нд томилсон шийдвэр байгаа.
илтгэгч шүүгч О, даргалагч шүүгч нар: Хэрэгт байхгүй гэв.
шүүгдэгч Г.Н: Хэрэгт авагдаагүй байх. Ерөөсөө нэг талд гэснээр бичлэг дууссан, /mainfeed_dual_768-6.mp4 нэртэй дуу-дүрсний бичлэг/ дараагийн бичлэгээс шүүгдэгч Г.Н хариултаа үргэлжлүүлж байна. Нэг талд л яачхаж байгаа юм.
илтгэгч шүүгч О: Хэрэг дотор тийм шийдвэр байхгүй, та 2015 онд ТУЗ-ийн хуралд орсон юм уу?
шүүгдэгч Г.Н: Орсон, 2015 оныхыг н.Б гэж хүн өөрөө надад авч тогтоол шийдвэрүүдээ яагаад, энэ орсон эсэх юунууд нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэхэд илтгэгч шүүгч О: “Яагаад хэрэгт өгөхгүй байгаа юм бэ” гэхэд хэрэгт 26 дугаар хавтаст байж байгаа, захиргааны хэргийн шүүхэд дурдсан.
илтгэгч шүүгч О: Тийм тогтоол байхгүй байна. Та буруу ойлгоод, бодоод байгаа юм уу?
шүүгдэгч Г.Н: Би буруу ойлгоно гэж байхгүй, надад бүр эх хувь нь байж байгаа
илтгэгч шүүгч О: Байвал яагаад хэрэгт өгөхгүй байгаа юм бэ?
шүүгдэгч Г.Н: Улсын бүртгэлийн гэрчилгээний ард талд ч гэсэн байж байгаа шүү дээ 2014 оны 4 дүгээр сарын 28-аас 2014 оны 11 дүгээр сарын 01 хүртэл М-г захирлаар томилсон гэдгийг бүр бүртгэчихсэн байгаа.
илтгэгч шүүгч О: Тэр байгаа, тэрний дараа таныг бүртгэсэн юм байхгүй
шүүгдэгч Г.Н: Харин тэр бүртгэл хийгдээгүй байгаад байгаа юм. Шүүхээр орчихсон шүүхийн шийдвэр ч байж байгаа.
илтгэгч шүүгч О: Байхгүй учраас 2015 оны анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр таныг эрхгүй байна гээд тогтоочихсон шийдвэр байгаа. Тийм учраас таныг үүнээс хойших жилүүдэд яагаад төлөөлөөд яваад байгаа юм бэ гэж асуугаад байна.
шүүгдэгч Г.Н: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж байж байгаа. Тэр захирамж дээр бүгдээрээ ирсэн байгаа. 2014 оны 11 дүгээр сард хуралдаад Н-ыг дахин томилсон гэж байгаа. 26 дугаар хавтаст байгаа.
илтгэгч шүүгч О: Тийм юм би лав хараагүй. Тэр байхгүй, өмгөөлөгч нар мэдэж байгаа байлгүй. Сая өмгөөлөгч нар чинь хэлээд судлуулаад байна. Удирдах зөвлөлийн тогтоол яриад байна. Тэр удирдах зөвлөлийн тогтоол чинь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээл хийхийг зөвшөөрлөө гэсэн тогтоол байгаа шүү дээ. Тогтоол дээр ганцхан Хятад эзний гарын үсэг байна, бусад гишүүдийн гарын үсэг байх ёстой юм биш үү, өөр нэг тогтоолыг харахаар ТУЗ-ийн бүх гишүүд гарын үсэг зурсан байна. Гэтэл 2011 оны тогтоол дээр гишүүдийн гарын үсэг байхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?
шүүгдэгч Г.Н: Би өөрөө хуульч биш л дээ. Гэхдээ өөрийн гэсэн тайлбар хэлчихье гэж бодож байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга л төлөөлж гарын үсэг зурна.
илтгэгч шүүгч О: Энд гишүүдтэй тогтоол байна л даа. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоол байна, энэ ямар учиртай юм бэ, тэгээд 2 янз гараад байх юм танай тогтоол. Энэ тогтоолыг хууль ёсны гэж үзэж байгаа юу өөрөө?
шүүгдэгч А.Г: Хууль ёсны гэж үзэж байгаа.
илтгэгч шүүгч О: Гишүүдийн гарын үсэгтэй тогтоол байна, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ерөнхий болон орлогч захирлыг төлөөлж томилох мөн хувь нийлүүлэгчдийн хурал зарлах тухай, Н-ыг 4 дүгээр сарын 28-ны өдөр Ерөнхий захирлын үүрэгт ажлыг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсүгэй гэсэн тогтоол дээр бол Хятад эзэн чинь гишүүдтэйгээ гарын үсэг зурсан байна. Таны гаргаж өгсөн тогтоол дээр ганцхан Хятад эзний гарын үсэг байна. Нэг нь зээлтэй холбоотой тогтоол байна. Энэ 2 тогтоолын аль нь хүчин төгөлдөр тогтоол юм бэ?
шүүгдэгч Г.Н: Хуулиараа бол ТУЗ-ийн тогтоолд зөвхөн ТУЗ-ийн дарга л гарын үсэг зурах ёстой, дүрэмдээ ч тийм.
илтгэгч шүүгч О: Үгүй байхаа, дүрэм дээр үгүй байсан шүү дээ, гишүүд гарын үсэг зурна гэж байгаа.
шүүгдэгч Г.Н: Тэмдэглэл дээр л гишүүд гарын үсэг зурах ёстой.
илтгэгч шүүгч О: Тэгвэл тэмдэглэл нь бас байхгүй байна л даа. За за, үүнийг орхичихъё. 04 дүгээр сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн тогтоол байна шүү. Гишүүд нь Б, Н, ГөЛя гэсэн 3 хүн байна. Гэхдээ та 20 хувийг эзэмшдэг юм чинь энэ компанийг бүрэн төлөөлөх эрх байна уу?
шүүгдэгч Г.Н: Бүтэн төлөөлөөд явж байсан.
илтгэгч шүүгч О: Хамтын зарчмаар шийдвэр гаргадаггүй юм уу, ганц таны шийдвэр хүчин төгөлдөр байх уу?
шүүгдэгч Г.Н: Хамт гаргая гэхээр нөгөө хэд чинь монголд байхгүй. Зарим нэг нь бид нар оролцохгүй чамд шилжүүлчихсэн гэдэг.
илтгэгч шүүгч О: Монголчууд нь танд хувьцаагаа шилжүүлчихсэн гэж мэдүүлэг өгөөд байгаа. Тэр тэгээд шууд май чи энийг ав гээд өгчхөж болдог юм уу?
шүүгдэгч Г.Н: Өмнө нь хувьцаа эзэмшигч нараасаа хувьцаа худалдаж авах уу гэж асуугаад шийдвэрийг нь авч байгаад гэхэд
илтгэгч шүүгч О: Тийм юм хэрэгт хаана байна гэв.
шүүгдэгч Г.Н: Хэрэгт байх ёстой.
илтгэгч шүүгч О: Байхгүй ээ, наад улсууд чинь мэдүүлгээр л яаж байгаа, Н-д тэдэн хувиа өгсөн, үүнээс хойш оролцохоо больсон гэсэн мэдүүлэг л байгаа болохоос албан ёсоор ТУЗ хуралдаад, энийгээ өглөө гэсэн зүйл гэхэд
шүүгдэгч Г.Н: Орсон нотариат дээрээс нь хувийн хэргийг нь татуулах юм бол тэр нь дээр нь байж байгаа.
илтгэгч шүүгч О: Хэрэв тэр албан ёсны болох юм бол та тэр хүний 20, 20 хувийг авлаа гэхэд 60 хувь болж бас болж байна, тэгвэл өөрөө төлөөлнө гэж яривал бас нэг өөр байна. Тэр бол албан ёсоор хэрэгт нотлогдоогүй байсан.
шүүгдэгч Г.Н: Ер нь бол 2 дахь хувьцаа эзэмшигч гэж явна.
шүүгч С: Энэ чинь гарч ирэх боломжтой юм уу?
шүүгдэгч Г.Н: Боломжтой.
илтгэгч шүүгч О: Дахин шалгуулбал байгаа гэж үү? гэхэд
шүүгдэгч Г.Н: Боломжтой гэв.
илтгэгч шүүгч О: Хохирогч нараас урьдчилаад 50 сая төгрөг аваад байна шүү дээ, урьдчилгаа тэдэн төгрөг төлнө гэж гэрээ хийдэг юм байна, тэр мөнгийг авахгүй байж болохгүй байгаа юм уу, өөрөө үйл ажиллагаа явуулж тэр нартай хамтарч болохгүй байгаа юм уу?
шүүгдэгч Г.Н: Тэр 50 сая төгрөгийг нөгөө талаас санал тавьдаг. 10 хэдэн вагон явлаа гэхэд чинь 70 хэдэн сая төгрөгийн бараа явж байгаа.
илтгэгч шүүгч О: За тийм л байна лээ, өөрсдөө л өгье гэдэг юм байна лээ...”, .../бичлэгийн 0:16:14-0:17:14 дахь хэсэгт/ илтгэгч шүүгч О: “Б” ХХК-аар хийсэн бол таныг энэ хэрэгт яаж ч бодсон буруутгахгүй шүү дээ. “Б” ХХК таны компани юм чинь юу гэж тэрийг залилсан гэж хэлхэв дээ. “Б” ХХК-тай холбоотой учраас танд яллах дүгнэлт үйлдээд байгаа ш дээ. Тэд нараас та ашиг авах ёстой юу, авч байсан уу, хэргээс харахаар та бол мөнгөгүй, тэр улсууд мөнгөтэй, мөнгөө урьдчилаад өгөөд байна, бүх юмыг нь хийгээд байна, зардлаа өгөөд байна, хүдрээ ч өгөөд байна. Гэтэл бүх гаргасан зардлаа ашигтайгаа авчхаад, эргээд тэр зардлаа өөрөөс чинь нэхээд байгаа юм шиг хэрэгт харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл гэрээнд зөндөө зүйл байгаа. Тонн тутамд тэдэн төгрөг авна гээд, энэ ер нь танд ирдэг юм уу, хэдэн төгрөг авах ёстой юм, өөрт чинь тооцоо байна уу?...” гэсэн болох нь тусгагджээ.
Дээрхээс үзвэл, шүүх хуралдаанд шинэ баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийг хөтөлж асуусан, шүүгдэгч асуултад хариулахад ашигтай байдал бий болгосон, тухайлбал “Энэ чинь гарч ирэх боломжтой юм уу, ...дахин шалгуулбал байгаа гэж үү” гэж хэрэгт байхгүй баримтын талаар хэлэлцсэн байна.
Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд хөндлөнгийн байр суурьтай байх, хэргийн оролцогч нарт хэрхэн шийдвэрлэх гэж байгаа нь тодорхой бус байх нь түүний хараат бус байх зарчимтай холбоотой байдаг тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” нь зөрчил гэж, ийм үйлдэл гаргахыг шүүгчид хориглосон.
Шүүгч С, О нарын үйлдэл нь дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
“Олон нийт” гэдэг нь нийт иргэд, нийгмийн тодорхой бүлэг, эсвэл олон хүний хамтатгасан нэгдлийг хэлнэ гэж тайлбарласан, тус хуралдаанд прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гурван шүүгдэгч, арван гурван өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, найман ажиглагч зэрэг нийт 27 хүн оролцсон байх ба эдгээр хүмүүсийг “олон нийт” гэж үзнэ.
Иймд хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хэлэлцэх байтал шүүгдэгчээс “шүүгч С “Энэ чинь гарч ирэх боломжтой юм уу” гэсэн, илтгэгч шүүгч О хэрэгт байхгүй баримтыг шаардсан, “Дахин шалгуулбал байгаа гэж үү” гэх зэрэг илэрхийлэл нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө “хэргийг прокурорт буцаах” өөрийн байр суурийг олон нийтэд илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болох тул Ерөнхий шүүгч О, шүүгч С нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрхийг нэгтгэвэл ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О, шүүгч Н, ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчлийг, мөн Ерөнхий шүүгч О, С нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийг, Ерөнхий шүүгч О нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” зөрчлийг гаргасан гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
Ерөнхий шүүгч О тайлбартаа: “...миний бие нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгчээр оролцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгон хэргийг мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн.
Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, нотлох баримт хангалттай биш, зайлшгүй нэмж шалгах ажиллагаа шаардлагатай байсан тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан. Тухайлбал:
- Прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй, залилах гэмт хэргийн үндсэн шинж болох эд хөрөнгө авах эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын аль нь болохыг зөв тодорхойлоогүй, “БЧ” ХХК-ийн эд хөрөнгийн хохирлын хэмжээ тодорхойгүй, хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй, нотлох баримт зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй,
- Хохирогч нар болох Ц.С, “ОЦ” ХХК, “ТЭ” ХХК-ийн хохирлыг хэрхэн яаж тооцож гэмт хэргийн хохирлыг тогтоосон болох нь тодорхой гүй, яллагдагч хохирогч нар нь хамтарч ажиллахаар гэрээ хэлцэл байгуулсан байх тул дээрх үйлдлүүдийн аль нь гэмт хэргийн шинжтэй болох аль нь иргэний харилцаа болохыг ялган зааглаж тогтоогоогүй зэрэг нийт 5 заалт бүхий зайлшгүй шалгаж, тогтоосны дараа хэргийг хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байгаа.
Өргөдөл гаргагч дэд захирал Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй болохыг хэлэх хэрэгтэй байх.
- Өргөдөлд “...О нь шүүх хурлыг ахалж, хурлыг удирдаж...” гэжээ.
Тус шүүх хуралдааныг шүүгч Н даргалж, би илтгэгч шүүгчээр оролцсон нь хурлын бичлэг дээрээс харагдаж байгаа байх.
Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдаж, өглөө 9 цагаас оройн 22 цаг хүртэл үргэлжилж хэргийн оролцогч нарын тайлбар гаргах, асуултад хариулах, нотлох баримт шинжлэн судлах эрхийг хангалттай эдлүүлж шүүх хуралдаан явагдсан. Тэдний эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй.
- Өргөдөлд “...Хурлын явцад манай талын өмгөөлөгч нарыг үг хэлүүлэхгүй зөвхөн яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нартай харьцсан...” гэжээ.
Өмгөөлөгч Д.М, Б.М нар нь хуульд заасан эрхийн дагуу тайлбараа гаргаж нотлох баримт шинжлэн судлахад оролцсон. Харин “БЧ” ХХК-ийн захирал болон дэд захирал нь шүүх хуралдаанд оролцсон бол шүүгч надад болон бусад шүүгч нарт асууж тодруулах зүйл маш их байсан байх. Тухайлбал Удирдах зөвлөлийн хурал хэдэн удаа, хэзээ, хэн хэний бүрэлдэхүүнтэй хийсэн талаар, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсгийн талаар гэх мэт. Харамсалтай нь шүүх хуралдааны практикаас харахад өмгөөлөгч нар нь тухайн хувь хүний мэдэх, хувь хүнд хамаатай асуултад хариулт өгч чаддаггүй учраас өмгөөлөгч нараас асуух асуулт байгаагүй байх аа.
- Өргөдөлд “...яллагдагч талаас хавтаст хэрэгт нэмэлт материал нэхэж авсан...” гэжээ.
Шүүх хуралдааны явцад яллагдагч нараас ямар ч нотлох баримт нэхэж аваагүй. Даргалагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу “...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж эрх, үүрэг тайлбарлахад ч нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Хуульд зааснаар яллагдагч талаас эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй. Үүнийг даргалагчаас тайлбарлан өгч нотлох баримтыг авч болно. Энэ процессыг иргэний хэргийн шүүх хуралтай хольж андуурсан бололтой.
- Өргөдөлд “...О шүүгч нь яллагдагч талын өмгөөлөгчийн хүсэлтийг давуулан хангаж... нэмж нотолж шалгах зүйл байна гэж хэргийг задалсан, хэргийг дахин задалж үхлийн тойрог руу оруулах вий гэж маш их эмзэглэж байна” гэжээ.
Дээрх эрүүгийн хэрэг нь удаан шалгагдаж, олон жил болж, олон хавтас буюу 29 хавтас хэрэг болсон боловч мөрдөн байцаалын ажиллагаа маш дутуу, хэргийг хангалттай, бүрэн гүйцэт шалгаагүй, нэмж шалгах зүйлүүд маш их байсан тул хэргийг эцэслэн шийдвэрлэх ямар ч боломжгүй, мөрдөн байцаалтад буцааж шалгуулахаас өөр аргагүй байсан бөгөөд дээрх шийдвэрийг би дангаар гаргадаггүй, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргадаг гэдгийг онцолж хэлмээр байна.
Шүүгч хүн хангалттай нотлох баримтаар хөдөлбөргүй шалгагдаж тогтоогдсон хэргийн хүрээнд шүүгдэгчид зохих ял шийтгэлийг оногдуулдаг. Тиймээс хэргийг хангалттай шалгаж тогтоогоогүй тохиолдолд дахин шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад эмзэглэх шаардлага огт байхгүй юм.
Дээрх хэргийн хувьд тус шүүхийн мөрдөн байцаалтад буцаасан магадлалыг Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, тус хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж магадлалыг хэвээр үлдээсэн байгаа.
- Өргөдөлд “...О шүүгч нь ...ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь ил тод харагдаж байна. Ийм шударга бус, ёс зүйгүй шүүгчид маш их гомдолтой байна” гэжээ.
Миний хувьд дээрх хэргийн хохирогч болон яллагдагч нар тэдгээрийн өмгөөлөгч нар болон бусад оролцогч нараас нэг ч хүн танихгүй. Харин таньдаг нэг өмгөөлөгч сууж байсан нь танай өмгөөлөгч Д.М байсан. Энэ хүнийг 1995 онд ...Прокурорын орлогч прокурор байхад нь би анх МУИС төгсөж ирээд хяналтын прокуророор хамт ажиллаж байлаа. Одоогоос 30-д жилийн өмнө, одоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Гэхдээ УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг тайлбарласан 2022 оны 12 дугаар сарын 14-ний 36, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 04 дүгээр тогтоолуудад “...урьд хамт ажиллаж байсан зэрэг албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа... зэрэг нь “хувийн харилцаанд” хамаарахгүй гэж заасны дагуу миний бие татгалзан гарах хүсэлт гаргаагүй болно.
Энэ хэргийн хувьд болон яллагдагч нартай надад ямар нэгэн ашиг сонирхол огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Хэрвээ үндэслэл бүхийн баримт байвал миний бие дараагийн шүүх хуралдаанаас татгалзан гарахад бэлэн байна. Уг нь танай өмгөөлөгч Д.М-той ашиг сонирхлын зөрчилтэй байгаа боловч дээрх УДШ-ийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа болно.
Миний бие нь 9 жил прокурорын байгууллагад хяналт, туслах, орлогч прокуророор ажиллаж байгаад 2004 онд захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр ажиллаж эхлэн эрүү, иргэний анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 23 жил ажиллаж байна. Дээрх хугацаанд аливаа хэрэг маргааныг үнэн шударгаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирсэн бөгөөд ямар нэг ашиг сонирхол гаргаж, бусдын нөлөөнд автаж, шударга бус байдал гаргаж байсангүй.
Прокуророор ажиллаж байсан шүүгчийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтыг сайн мэдэхийн хувьд хэргийг бүрэн гүйцэт, хангалттай шалгаж тогтоосон байхыг илүү түлхүү анхаарч ажиллахыг зорьдог.
Дээрх хэргийн хувьд хэдийгээр олон жил болсон, удчихсан хэрэг байсан боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналт сул байснаас мөрдөн байцаалтын ажиллагаа маш хангалтгүй байсан тул зайлшгүй нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Эцэст нь хэлэхэд эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтад буцаасан хэргийн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаа нь шүүгчийг хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд нөлөөлж байна гэж үзэхэд хүргэж байна...” гэжээ.
Шүүгч Н, Ерөнхий шүүгч С нар бичгээр тус тусдаа ирүүлсэн тайлбартаа: “......Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/..6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.А, Г.Б, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Б, Ц.Г нарын гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд миний бие шүүх хуралдаан даргалагчаар томилогдон оролцсон.
Шүүх хуралдаанаас магадлал гарч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсгийг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлүүдийг заасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогчдоос хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Иймд, миний хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар тайлбарлах боломжгүй.
Давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцоход ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил байгаагүй бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан, шүүгчид хориглосон ёс зүйгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно...” гэжээ.
Ерөнхий шүүгч О, шүүгч Н нар 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч болон бүрэлдэхүүний шүүгч нараас өргөдөл гаргагчийн гаргасан нэмэлт мэдээлэлд дурдсанчлан ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс асуулт тавьж шүүх хуралдааныг явуулаагүй болно.
Хэрэг тодорхойгүй, ойлгомжгүй, бүрхэг, дутуу байдлыг тодруулах зорилгоор шүүгдэгч нараас асуулт асуух байдлаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд гомдол гаргасан “БЧ” ХХК-тай холбоотой асуулт асуугаагүй, голчлон бусад хохирогч нартай холбоотой “Т” ХХК, “ОЦ” ХХК, “Г" ХХК-ийн хэрэг нь залилангийн шинжтэй гэхэд эргэлзээ бүхий, тодруулах шаардлагатай олон асуудал байсан учраас гарцаагүй асуулт асуух өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн шинжтэй харилцаа ч байж болзошгүй шинжтэй байсан тул шүүгч нар эрх хэмжээнийхээ хүрээнд асуулт асууж хариултыг авч байсан болно.
Шүүх хуралдааны дөрөвний гурав хэсэгт шүүгдэгч Г.Н-ыг яриулсан гэсэн мэдээллийн тухайд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч “БЧ” ХХК-аас өмгөөлөгч Р.М, Д.М нар л оролцсон бөгөөд компанийг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй тул хэргийн үйл баримтын талаар эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нараас тодруулах боломжгүй нөхцөл байдал байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах" зохицуулалт 2022 оны хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болсон боловч Улсын дээд шүүх болон аймаг, нийслэлийн давж заалдах шатны бүх шүүх мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэсэн гурван үндэслэл байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд буцааж, хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа болно.
Одоогоор шүүгдэгч Г.Н нарт холбогдох эрүүгийн хэрэг нь сум дундын шүүхэд хянан шийдвэрлэгдэхээр ирээд байгаа тул эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар өргөдөл гаргагч нь дахин дахин ач холбогдолгүй асуудлаар гомдол гаргаж байгаа нь шүүгчийн бие даасан хараат бус байдалд нөлөөлж байгаа гэж үзэж байна” гэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох дүгнэлтэд шүүгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрсөн гэж огт дүгнээгүй. Үүнийг би судлахад шүүхүүд практикт хэрэглэж байгаа юм байна, практик учраас зөрчил гэж үзээгүй.
Буцааж болохгүй гээд хуулиар хүчингүй болгосон байхад буцаагаад байгаа практик байгаа учраас сахилгын хэргийг шалгах явцад яагаад буцаадаг, үүнийг зөрчил гэж үзэх эсэхтэй холбоотой хэрэг, маргаан ихтэй байдаг шүүхүүдийн практикийг судалсан. Үүний дараа шүүгч нар судалгаа хийсэн байгаа.
Хоёрдугаарт холбогдох шүүгч нарын магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, зарим хэсгийн хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Г.Н-ын хөнгөн гэмтэл учруулсан хэсгийг нь хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, бусад хэсгийг хүчингүй болгосон байхад шүүгч нарын тайлбар, хариултуудыг сонсохоор Г.Н, А.Г нарын хэргийг тусад нь шийдвэрлээд, Б.Т-ын хэрэг тусдаа байсан мэт яриад байна.
Нэмэлт тайлбарын хувьд би хувьдаа орон нутгийн шүүгч нарыг арай ачаалал багатай хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ямар асуудал байна, яаж шийдвэрлэх вэ гэдэгт анхаарал хандуулдаг болов уу гэж боддог...
Шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзээд хэрвээ тухайн шүүх хуралдаанд би байсан бол шүүгч нарыг нэг талд үйлчлээд байгаа юм болов уу гэж үзэхээр байсан.
Мөн Ерөнхий шүүгч О “үнэн ярих албагүйг бид нар мэдэж байна” гэж хэлсэн байдаг. Гэтэл шүүгч нар нь өнөөдөр тайлбар хэлэхдээ үүнд тухайлан тайлбар өгсөнгүй.
Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой холбогдох шүүгч нар “хуулиар хориглоогүй” гэх тайлбар хэлсэн. Хуульд хориглоогүй, нээлттэй байдаг гэвэл шүүгч нарын үйлдэл нь дур зоргоор авирлах үйлдэл болно. Яагаад би болохгүй гэж хэлж байна вэ гэвэл эрүүгийн эрх зүйн нийтийн эрх зүйд ордог. Харин нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусад нь хориглогддог зарчим үйлчилдэг. Хуулиар зөвшөөрөл өгөөгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэж тайлбарлаж байна...
Илтгэгч гишүүний хувьд хуулийн 39.9 дүгээр зүйлээр буруутгаагүй, гагцхүү хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэж байгаа бол хуулийн 39.5 дугаар зүйлийг баримтлаач ээ гэж байгаа юм. Агуулгад “үндэслэлгүй байна” гэдэг үг байгаагаар барьсан мэт боловч бүхэлд нь уншихаар анхан шатны шүүхийн шийдвэр нь ийм учраас хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэсэн агуулгагүй байхгүй, харин прокурорын ажлыг дүгнэсэн байсан. Тиймээс илтгэгч гишүүн та бүхнийг хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлийн агуулга нь өөрөө хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй байна гээд дүгнэлт бичсэн” гэв.
Шүүгч Н сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: Илтгэгч гишүүний дүгнэлтэд шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхдээ 3 үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн тайлбарт нийцээгүй, хоёрт магадлалын дүгнэлт хэсэгтэй холбоотой, гуравт таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбоотой гэсэн гурван үндэслэлээр буруутгасан гэж би хувьдаа ойлгосон. Эхний хоёр үндэслэлийг нэгтгээд тайлбар гаргахад болох юм байна гэж үзээд тайлбараа хэлье.
Шүүхийн байгууллагыг судалбал Монгол Улсын Их Хурлаас 2022 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуульд нийцээгүй гарсан шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхийн хэргийг хянасан тогтоолоор үндэслэлгүй байна гэх практик тогтоосон тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ Улсын дээд шүүхийн тогтоолууд нь цаг хугацааны хувьд 2022 оны сүүл, 2023 оны эхэн үед гарсан байна.
Хууль тогтоогчоос гурван шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах заалтыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан эсхүл нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх зохицуулалтыг шинээр хуульчилсан үзэл баримтлалын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгоод шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагааг явуулах журмыг, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй гэсэн байдлаар Улсын дээд шүүх дүгнэсэн байгаа.
Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй учраас мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон байна гэж харсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох 3 үндэслэлийг заасан байдаг... Ингээд хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлээр эдгээр 3 үндэслэлийг яаж ойлгох вэ гэдгийг дэлгэрүүлэн зохицуулсан.
Г.Н нарт холбогдох хэргийн магадлалд хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хуульд бичлэг үг хэллэгээр тэмдэглэж магадлалд оруулсан.
Мөн бид нар ...шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэхэд зайлшгүй дахин шалгаж, тогтоох шаардлагатай үйл баримтуудыг дүгнэж тодорхойлж зааж бичсэн. Үүнийг эцэст нь дүгнэхдээ “өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт бусад нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэт тогтоогоогүй. Гэмт хэргийн сэдэвт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан гэх зэргийг тодруулж тогтоогоогүй шүүхэд шилжүүлсэн байна” гэж дүгнэн магадлал гаргасан.
Магадлалд заасан “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолд “хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүх нөхцөл байдал тогтоогдсон, эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн гүйцэт дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана” гэж тайлбарласан.
Энэ агуулгаар авч үзвэл магадлалд албан ёсны хууль зүйн үг хэллэг ашигласан логик дэс дараалалтай, агуулга найруулгын хувьд зөрчилгүй гэж миний хувьд дүгнэж байгаа.
Харин магадлалын удиртгал хэсэгт хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримталсныг хууль хэрэглээний хувьд зөв практик, зөв хэрэглээ гэж үзэж байна.
Яагаад гэвэл 2017 оны хуулийн анхны зохицуулалтаар 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 гэсэн 2 өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт байсан. Харин 2022 оны өөрчлөлтөөр 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хүчингүй болгосноор давж заалдах шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 гэснээр өөр баримтлах зохицуулалт байхгүй болсон.
Улсын дээд шүүхийн тайлбарлаж байгаа хуулийн 39.5 дугаар зүйлийн зохицуулалт бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэл болгох зохицуулалт байгаа.
Шүүхийн практикт янз бүрээр хэрэглэдэг, мөн илтгэгч гишүүн нь шүүхийн баримтуудыг цуглуулсан байна билээ. Би бусад давж заалдах шатны шүүх яаж явж байгааг судалж үзэхэд хуулийн 39.9, 39.5 дугаар зүйлийг давхар барьж, эсхүл 39.5 дугаар зүйлийг дангаар, эсхүл 39.5, 39.2 дугаар зүйлийг давхар, эсхүл 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг дангаар, эсхүл 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг 39.2 дугаар зүйлтэй давхар барьж байгаа олон практикууд байна. Харин миний харж байгаа өнцөг бол давж заалдах шатны шүүх хуулийн 39.9 дүгээр зүйлийг баримтлахгүйгээр ямар нэгэн шийдвэр баримт бичгийг удирдлага болгохгүйгээр магадлал гарах боломжгүй гэж үздэг.
Дараагийн гурав дахь үндэслэл буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбоотой тайлбар хэлэхэд илтгэгч гишүүн “...давж заалдах шатны шүүх зөвхөн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх байтал хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь дүгнэлт өгөхөөс бус ажиллагаа хийх эрх хэмжээ олгоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн буруу хэрэгжүүлсэн гэсэн” гэж дүгнээд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгасан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсныг цаашид хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгохыг давж заалдах шатны шүүх магадлалдаа, хяналтын шатны шүүх тогтоолдоо заах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа зайлшгүй ажиллагаа гэж миний хувьд үзэж байна. Эсрэгээрээ магадлал тогтоолд заахгүй байх нь хүний эрхийг зөрчих, үндэслэлгүйгээр удаан хугацаагаар цагдан хорих үр дагаврыг үүсгэдэг. Энэ утгаараа давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлээр үлдээсэн, оногдуулсан хорих ялыг хөндөхгүйгээр өөрчилсөн бол магадлалдаа хуулийн 39.10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар цагдан хорих хугацааг ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншигдаж сонсгосон даруйд хуулийн зохицуулалтад нийцнэ.
Харин шийдвэрийг нэмэлт ажиллагаа хийх үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд хэргийн зүйлчлэл, хувийн байдал, цагдан хоригдсон хугацаа, талуудын санал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэвээр үргэлжлүүлэх, өөрчлөх, суллах эсэх асуудлыг хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн дээд шатны шүүхүүдийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж байгаа ч гэсэн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүх ...хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжсэн үед цагдан хоригдож байгаа шүүгдэгч хүндээр өвдөх, хүндэтгэн үзэх шалтгаан гарах, тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хугацаа дууссан тохиолдолд давж заалдах шатны шүүхэд эрх хэмжээ байхгүй гээд өөрчлөхгүй байх, асуудлыг шийдвэрлэхгүй байх эрх байхгүй. Эсрэгээрээ хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч удаа дараа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл байвал давж заалдах шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах тохиолдол байгаа.
Г.Н нарт холбогдох хэргийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 94 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас хойш Г.Н, А.Г нар тус бүрдээ 114 хоног цагдан хоригдсон байсан, цаашдаа хэрэг шалгах ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг буцааж байгаатай холбоотой мэдэхгүй, нөгөө талаар Г.Н-ын өмгөөлөгчөөс “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байсан учраас давж заалдах шатны шүүх дүгнээд хүсэлтийг ханган, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байгаа.
Эцэст нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.3.2-т “...Шүүхийн мэдэгдэх хуудсыг ...хүргүүлнэ” гэж заасан. Энэ аргачлалд “Мэдэгдэх хуудасны баримтын загвар” гэдэг зүйл баталж өгөөгүй. Эрх бүхий байгууллагаас давж заалдах шатны шүүх хуралдаан дуусмагц цагдан хоригдож байгаа этгээдийг сулласан тохиолдолд ямар үндэслэлээр суллаж байгаа талаараа тэр дор нь баримт бичиг хүргүүлээч ээ гэдэг шаардлага тавьдаг. Тиймээс манай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаас өөрсдөө баримтын загвар үйлдээд, уг баримтаа хэрэглэдэг юм байна...
Тэгэхээр шүүх бүрэлдэхүүний хувьд хэргийг шийдвэрлэн магадлал гаргаснаараа хэргийн оролцогчдын хэн нэгэнд зүй бус ашигтай байдал бий болгоогүй, үндсэн эрхийг нь ноцтой зөрчиж, хохироогоогүй байна гэж тайлбараа хэлье.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчөөгүй тул нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Ерөнхий шүүгч О сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалттай холбоотой шүүгч Н дэлгэрэнгүй тайлбарласан учраас би давхардуулахгүйгээр хэлье.
Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгосон. Ингэхдээ хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Учир нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь “хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн хуулийн заалтаар давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд энэ заалтыг хэрэглэж байгаа... Судлахаар хуулийн дээрх заалт хүчингүй болоход 2022 оноос анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, хэргийн ажиллагаа дутуу, нотлогдоогүй тохиолдолд буцаах заалтгүй болсон тул давж заалдах шатны шүүхүүд хэрэглэхгүй байсан. Яваандаа дутуу шалгагдсан хэрэгт ял шийтгэл авч байгаа нөхцөл байдлууд үүсээд 2023 оноос эхлэн шүүхүүд хуулийн 39.9, 39.5 дугаар зүйлийг хэрэглэж эхэлсэн. Хууль тогтоогчоос мөрдөн, прокуророос шалгаад ирсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож байна гэж үзээд хуулийн уг заалтыг хүчингүй болгож байсан. Гэтэл мөрдөн, прокурор хэргээ хангалттай шалгаж ирэхгүй байгаа тохиолдол ял завшуулах асуудал их гарах учраас хэрэглэхгүй байж болохгүй гэж шүүгч нар ярилцсан. Улсын дээд шүүхээс хуулийн 39.5 дугаар зүйл байхад хэрэглэхгүй байж болохгүй гэсэн практикийг тогтоосон...
Манай шүүхийн хувьд бид нэгэнт хууль хүчингүй болсон гэдэг утгаар аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг ч зайлшгүй байсан 3 хэргийг буцаасан байдаг... Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг баримтлаад хэргийг анхан шатны шүүхэд буцаах зохицуулалт практиктай боловч энэ хэргийн хувьд боломжгүй байсан юм.
Улсын дээд шүүхээс тайлбар гаргах шаардлагагүй гэсэн тохиолдолд тогтоолоороо жишиг тогтоож, үүнийг нь бид практик болгон явж байгаа... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг 2022 онд хүчингүй болгосонтой зэрэгцээд давж заалдах шатны шүүх энэ заалт хэрэгтэй заалт хүчингүй болсон учраас хэргийг буцаахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэгт илтгэгч гишүүний дүгнэлтэд дурдагдсан давж заалдах шатны шүүхүүдэд сургалт явагдсан. Үүн дээр уг заалтыг яаж хэрэглэх вэ гэж ярилцаад, бид санал тавьснаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч нар хуулийн 39.5 дугаар зүйлийг үндэслэл болгохоос өөрөөр ашиглах боломж алга гээд хуулийн уг заалтыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж тохиролцоцгоосон...
Илтгэгч гишүүн шүүхийн практикийг судлан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймаг, Төв аймгийн давж заалдах шатны шүүхээс судалсан байсан ба бид нар ч бас давхар Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь аймгийн давж заалдах шатны шүүхийг судалсан. Судалгаанаас үзэхэд анхан шатны шүүхэд эсхүл прокурорт буцааж байна. Анхан шатны шүүхэд ямар тохиолдолд буцааж байна вэ гэхээр шүүхийн шатанд 60 хоногт гүйцэтгэх боломжтой хэргүүдийг буцааж байгаа бол мөрдөн байцаах ажиллагааг шүүх хэрэгжүүлэхгүй учраас мөрдөн байцаах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай хэргүүдийг прокурорт буцааж байгаа хоёр практик байна.
Мөн Улсын дээд шүүхийн практик бол мөрдөн байцаах, прокурорын дутуу хийсэн ажиллагааг шүүхэд буцаахгүй гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон тогтоолыг нэмэлтээр тус хороонд хүргүүлсэн байгаа.
Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн хувьд хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргасан боловч хэлэлцүүлэх шаардлагагүй гэх тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, Г.Н, А.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “зарим хэсгийг хүчингүй болгох” гэснийг сонгон магадлал гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгосон учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.
Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд би Төв аймгийн буцсан хэргийг хараад судалж үзтэл 4-5 хэрэг дээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгсөн харагдаж байсан. Давж заалдах шатны шүүхийн практикаар таслан сэргийлэх арга хэмжээг огт хийхгүй байх хориглосон зохицуулалт байхгүй, эрх хэмжээнийхээ хувьд давж заалдах шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан бол хүсэлтийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Энэ утгаараа бид өөрчилж, эсвэл хэвээр үлдээх шийдвэрүүдийг гаргадаг.
Г.Н, А.Г нарын хувьд 90 гаруй хоног хоригдсон байсан, бүтэн жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдан, өнөөдрийн байдлаар хэрэг нь анхан шатны шүүхэд шилжиж байгаа учраас энэ хугацаанд хүний эрх гэдэг утгаар болон ихэвчлэн практикаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ч гэсэн иргэдээс шүүхээс тодорхой гүй хугацаагаар хорьж байна, ялангуяа давж заалдах шатны шүүхээс хориод явуулах юм бол дараа нь прокурорт очтол иргэд тодорхой гүй хугацаагаар хоригдож байна гэсэн гомдол гарч, цэц хүлээж авсан байсан учраас хүний эрх гэдгээр эрх хэмжээнийхээ хүрээнд таслан сэргийлэх арга хэмжээг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлж байгаа, хориглосон заалт байдаггүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасан үндэслэлийн хувьд бид нар хэргийг буцаахын тулд нотлох баримт шаарддаггүй. Нотлох баримтыг ямар тохиолдолд шаарддаг вэ гэхээр эрүүгийн хэргийн хувьд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт хэрэгт үнэлэгдээгүй, орхигдсон тохиолдолд бид нар байгаа юу гэдэг асуултыг тавьдаг. Ямар нэгэн нотлох баримт үнэлээгүй, шалгагдаагүй үлдсэнээр уг хэрэг хаашаа ч эргэх боломжтой. Г.Н-ын хувьд нотлох баримт гаргаж өгдөггүй, санхүүгийн баримтаа гаргаж өгдөггүй, шинжээч бүрэн дүүрэн дүгнээгүй, дутуу байсан учраас тэр баримтуудыг байгаа юу гэхээр “боломжтой, байгаа” гэсэн ч мөрдөн байцаалтад гаргаж өгдөггүй хүн байсан учраас асуусан. Тиймээс буцаахын тулд асуусан гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт болох байх аа.
Нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой учраас ач холбогдол бүхий ямар нэгэн баримтыг зайлшгүй тодруулж асуух шаардлагатай гэсэн үндсэн дээр бид асуусан юм.
Гишүүний нотлох баримт дээр шүүх хуралдааны асуулт, хариултуудыг бичсэн байсан. Энийг сайн ойлгоогүй, буруу асуулт асуугаад байна, тавих ёсгүй асуулт асуусан гэх утгаар бичсэн юм болов уу гэж бодож байна. Гишүүний дүгнэлтэд шүүх хуралдааны асуултуудаас таслаад зарим хэсгийг авсан байсан. Тэгэхээр логик дараалал нь алдагдаж байгаа юм. Шүүгчийн асуултуудыг дарааллаар нь харвал айхтар асуугаагүй гэж бид нар өөрсдөө бодоод байгаа.
Г.Н нарын эрүүгийн хэрэг нь 29 хавтастай, шүүх хуралдаан өглөө 9 цаг 30 минутаас эхлээд 21 цаг 20 минут хүртэл үргэлжилсэн болохоор ядарсан тал байгаа. Мөн олон хохирогчтой, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгч огт асуулт асууж, тодруулаагүй байснаас тодруулах шаардлагатай, олон зүйлийг шалгахаар, маш дутуу буюу олон жил мөрдөн байцаалтаар шалгагдсан онцлог хэрэг байсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан үндэслэлийн хувьд цахимаар оролцож байсан хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчийг ярьж байхад яриад байсан тул дэг зөрчиж байна, арга хэмжээ авна, шүүгч юу асуухаа заалгахгүй гэж би хэлчихсэн юм. Мөн шүүх хуралдааны асуулт, хариултын шат дуусаад, алх цохисны дараа би хоёр шүүгчдээ “за асуултаа болъё, дуусгая” гэдэг утгаар хэлсэн.
Хуулийг судлахаар “зүй бус авирлах” гэдэг нь “зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, хараах, балмад авир гаргах зэрэг энгийн биш, хүндрүүлэх маягтай үг хэллэг хэрэглэсэн” байвал гэдэг юм билээ. Тиймээс миний хэлсэн үгийг хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм болов уу гэж бодож байна. Тиймээс илтгэгч гишүүний 3 үндэслэлээр хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Ерөнхий шүүгч С сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр шүүгч дэлгэрэнгүй тайлбар хэлсэн тул давхардуулахгүйгээр тайлбар хэлье.
1. Миний бүрэлдэхүүний шүүгчээр орсон Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгч, хохирогч нарын аль ал нь маргаантай, мэтгэлцээн ихтэй хэрэг байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг бүх талаас нь эргэлзээгүйгээр тогтоосон байх шаардлага тавьдаг. Тогтоогдоод ирсэн хэргийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлага үүсдэг учраас хариуцлага хүлээлгэхийн тулд хэргийн бодит байдал нь эргэлзээгүйгээр тогтоогдсон уу гэдгийг давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хувьд хянасан. Үүнд ямар нэгэн байдлаар шүүх бүрэлдэхүүний зүгээс хэргийн оролцогчийн нэг тал руу хэт хандсан зүйл байхгүй юм.
2. Тодруулах асуулт дээр намайг “нэг талд илтэд давуу байдалтай байдлаар асуусан” гэсэн. Шүүх хуралдааны хэрэг хэлэлцэх шатанд шүүгдэгч нар, тэр дундаа Г.Н-ын зүгээс “цагдан хориод нотлох баримтыг өөрсдөө гарган өгөх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн, нотлох баримтыг гаргаж ирэх боломж байна” гэдэг байдал гаргаж ирж байсан учраас яриад байгаа нотлох баримтаа гаргаж ирэх боломж, нөхцөл байгаа юм уу гэдэг тодруулах байдлаар шүүх бүрэлдэхүүн асуусан. Энэ нөхцөл байдал хохирогч талд таалагдаагүй байж болно. Ер нь шүүхийн шийдвэр аль нэг талын эсрэг гардаг учраас хохирогч талд таалагдаагүй юм байна гэж ойлгож байгаа.
Гэвч ингэснээрээ ямар нэгэн байдлаар хохирогч талын эрхийг зөрчсөн шийдвэр болоогүй, хэргийг дахин шалгах зайлшгүй шалгах шаардлага байна. Өөрөөр хэлбэл бичгийн баримтуудыг шалгах, ялангуяа хятад хэлээр бичсэн баримт нь ямар учиртай юм, түүнийг орчуулуулсан байх, маргаж байгаа баримтуудыг хоёр талыг байлцуулан үзлэг, туршилт хийлгэх зайлшгүй шаардлага байсан учраас шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин мөрдөн шалгах хэрэгтэй гэж нэгдсэн саналд хүрч шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг баримтлаад зайлшгүй хэргийг прокурорт буцаах, баримталж анхан шатны шүүхэд шийдвэрлэх боломжтой бол мөн зүйлийг баримталж хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, процессын хуулийг ноцтой зөрчсөн гэсний аль нь тухайн хэргийн нөхцөл байдалд тохирч байгааг харгалзан үзээд хаана буцаахаа шийдвэрлээд явж байсан. Манай ... давж заалдах шатны шүүх анхнаасаа хуулийн 39.5 дугаар зүйлийг баримтлан хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулахдаа баримталж ирсэн. Энийг ч зөв үндэслэлтэй байна гэдгийг Улсын дээд шүүхээс тогтоосон гэж үзэж байна. Мөн хуулийн 39.5 дугаар зүйл нь өөрөө давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байгаа учраас Улсын дээд шүүхэд тайлбар, хүсэлт гаргуулахаар хүсэлт тавилгүйгээр хуульд байгаа зохицуулалтаа хэрэглээд явсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх хэмжээнд хамааралтай, шүүн таслах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа зохицуулалт учраас бидний зүгээс хууль зөрчсөн нөхцөл байхгүй гэж үзэж байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч нь “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны 2024/ШЦТ/..6 дугаар шийтгэх тогтоолыг хянасан давж заалдах шатны шүүх хуралдааны илтгэгч шүүгч О нь манай талын өмгөөлөгч нарыг үг хэлүүлэхгүй зөвхөн яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нартай харьцсан, яллагдагч талаас хавтаст хэрэгт нэмж авах нэмэлт материал нэхсэн; ...яллагдагч талын өмгөөлөгчийн хүсэлт нь хэргийг анхан шатны шүүх рүү буцаах байсан байхад ...хүсэлтийг давуулан хангаж... Прокурорын газар луу нэмэлт нотолж шалгах зүйл байна гэж хэргийг задалсан...” гэх агуулгаар өргөдөл гаргасныг үндэслэн илтгэгч гишүүн Ерөнхий шүүгч О-д сахилгын хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 1 дүгээр талын 2-3, 15-16, 25-27 тал/
Мөн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь “давж заалдах шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэдэг...” гэж үзээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т заасныг үндэслэн шүүх бүрэлдэхүүний шүүгч болох шүүгч Н, Ерөнхий шүүгч С нарт сахилгын хэрэг үүсгэн, хэргүүдийг нэгтгэж шалгах ажиллагаа явуулсан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 32-33 тал/
- Өргөдлийн “...манай талын өмгөөлөгч нарыг үг хэлүүлэхгүй зөвхөн яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нартай харьцсан...” гэх тухайд:
1.1. Өргөдөлд дурдагдсан эрүүгийн хэргийн тухай илтгэгч гишүүн дүгнэлтийн 7 дугаар талд тусгаж, уг эрүүгийн хэрэг нь зохих журмын дагуу Ерөнхий шүүгч О-д хуваарилагдсан эсэхэд шалгах ажиллагаа явуулаад зохих журмын дагуу хуваарилагдсан болох нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 216/ЗТ2024/...1 дүгээр “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлах тухай”, мөн 2024 оны 02 дугаар 05-ны өдрийн 2024/ШЗТ/..2 дугаар “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах тухай” тогтоол болон эрүүгийн хэрэг хүлээн авсан шүүхийн бүртгэлийн дэвтэр, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Р.М, Э.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Иймд илтгэгч гишүүний “...гаднын нөлөө, оролцоогүйгээр системээс хэрэг шүүгчид хуваарилагддаг гэж үзэхээр байх ба А.Г, Г.Н, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэрэг системээс Ерөнхий шүүгч О-д хуваарилагдсан байна” гэж үзсэн нь үндэслэл бүхий бүхий болсон байна. /с.х-ийн 2 дугаар талын 67-80, 86-91, 110-117, 199-200 тал/
1.2. Өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан шалгах ажиллагааны явцад ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүн үзлэг хийж, тэмдэглэл хөтөлж, сахилгын хэрэгт хавсаргасан. / с.х-ийн 2 дугаар талын 48-61 тал/
Үзлэгийн холбогдох хэсгүүдийг дүгнэлтийн 14 дүгээр талд тусгасан байх бөгөөд уг үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний “mainfeed_dual_768-3.mp4” нэртэй бичлэгийн 00 цаг 42 минут 47 секундээс 00 цаг 53 минут 12 секунд хүртэл, “mainfeed_dual_768-4.mp4” нэртэй бичлэгийн 00 цаг 00 минут 01 секундээс 00 цаг 01 минут 58 секунд хүртэл “БЧ” ХХК-ийн өмгөөлөгч Р.М тайлбар хэлжээ.
Өмгөөлөгч Р.М-ыг тайлбар хэлж байх явцад “mainfeed_dual_768-3.mp4” нэртэй бичлэгийн 00 цаг 53 минут 37 секундээс бичлэг дуустал шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Б.А болон цахимаар оролцож байсан шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Ч.Б нар яриаг нь тасалсан, даргалагч шүүгч Н “...хууль зүйн үндэслэлээ нотлох баримтын хүрээнд л гаргана... түрүүн үндэслэлийг нь ярьчихсан Одоо үйл баримтыг дэлгэрүүлээд байх шаардлагагүй” гэж хэлсэн байх боловч өмгөөлөгч Р.М тайлбараа ярьж дуусгасан байна.
Мөн “БЧ” ХХК-ийн өмгөөлөгч Д.М “mainfeed_dual_768-4.mp4” нэртэй бичлэгийн 00 цаг 02 минут 00 секундээс 00 цаг 04 минут 02 секунд хүртэл тайлбар хэлжээ. /с.х-ийн 2 дугаар талын 48-61 тал/
Бичлэгээс дүгнэн үзэхэд “БЧ” ХХК-ийн өмгөөлөгч нар тайлбараа хэлсэн байх бөгөөд даргалагч шүүгч Н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж заасан эрх хэмжээний дагуу шүүх хуралдааныг даргалсан, мөн хуулийн 34.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний “өргөдлийн ...манай талын өмгөөлөгч нарыг үг хэлүүлэхгүй зөвхөн яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нартай харьцсан гэсэн хэсэг үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзсэн тул хүлээн авах нь зүйтэй.
- Өргөдлийн “...яллагдагч талаас хавтаст хэрэгт нэмж авах нэмэлт материал нэхсэн...” гэх тухайд:
2.1. Илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдааны асуулт, хариултын шатын зарим хэсэг шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ТЭ/216/2024/ДШМ/..4 дугаартай тэмдэглэлд тусгагдаагүй байсан нь тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 132-188 тал/
Гэсэн хэдий ч илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ дээрх тусгагдаагүй байсан хэсгийг дэлгэрэнгүй, тодорхой байдлаар дүгнэлтийн “үндэслэх нь” хэсгийн 2.3 дахь дэс дугаарт буюу 17-20 дугаар талд тусгажээ. /с.х-ийн 2 дугаар талын 48-61, 194-214 тал/
Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ “...mainfeed_dual_768-5.mp4” гэх нэртэй бичлэгт бичигдсэн хэргийн оролцогчдоос асуусан илтгэгч шүүгч О-ийн “...тэр хүндээ нотлох баримтаа гаргаад өгчихсөн биз дээ, тэрийг та гаргаагүй гэж үзэх юм уу, ...тэрийг чинь таныг гаргаж өгсөн гэж үзнэ биз дээ, тэрийг та гаргаж өгсөн учраас таныг тэгж дүгнээд байгаа шүү дээ. Тэрийг ойлгож байгаа юу? Түрүүн Б өмгөөлөгч нотлох баримт ерөөсөө гаргаж өгөөгүй байхад яагаад ингээд буруутгаад байгаа юм бэ гэсэн юм яриад байсан. Тэрийг ойлгосон уу, нотлох баримт гэдэг чинь зээлийн гэрээ, удирдах зөвлөлийн тогтоол байна. Эд нарыг хууль бус гэж үзээд байгаа шүү дээ... 2015 онд өөрийг чинь дахин томилсон шийдвэр байдаг юм уу?... Хэрэгт байхгүй...“, “mainfeed_dual_768-6.mp4” гэх нэртэй бичлэгт бичигдсэн илтгэгч шүүгч О-ийн “...хэрэг дотор тийм шийдвэр байхгүй, та 2015 онд ТУЗ-ийн хуралд орсон юм уу?... Тийм тогтоол байхгүй байна. Та буруу ойлгоод, бодоод байгаа юм уу?... Байвал яагаад хэрэгт өгөхгүй байгаа юм бэ?... Тийм юм би лав хараагүй. Тэр байхгүй, өмгөөлөгч нар мэдэж байгаа байлгүй... тийм юм хэрэгт хаана байна? Байхгүй ээ, наад улсууд чинь мэдүүлгээр л яаж байгаа. ...Тэр бол албан ёсоор хэрэгт нотлогдоогүй байсан” гэсэн,
мөн бүрэлдэхүүний шүүгч А.С-ийн “энэ чинь гарч ирэх боломжтой юм уу? Дахин шалгуулбал байгаа гэж үү?” зэрэг асуултууд асуусныг “...шинэ нотлох баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийг хөтөлж асуусан, шүүгдэгч асуултад хариулахад ашигтай байдал бий болгосон... хэрэгт байхгүй баримтын талаар хэлэлцсэн... “олон нийт” гэдэг нь нийт иргэд, нийгмийн тодорхой бүлэг, эсвэл олон хүний хамтатгасан нэгдлийг хэлнэ гэж тайлбарласан. Тус хуралдаанд прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гурван шүүгдэгч, арван гурван өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, найман ажиглагч зэрэг нийт 27 хүн оролцсон байх ба эдгээр хүмүүсийг олон нийт гэж үзнэ. Иймд хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хэлэлцэх байтал шүүгдэгчээс шүүгч С “Энэ чинь гарч ирэх боломжтой юм уу” гэсэн, илтгэгч шүүгч О хэрэгт байхгүй баримтыг шаардсан, “Дахин шалгуулбал байгаа гэж үү” гэх зэрэг илэрхийлэл нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө “хэргийг прокурорт буцаах өөрийн байр суурийг олон нийтэд илэрхийлсэн...” гэж дүгнэжээ. /с.х-ийн 2 дугаар талын 210-214 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт шүүх хуралдааны дарааллыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч бүрээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулга, түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг тодруулж, шүүгдэгчийн хүсэлтээр тайлбарлахыг улсын яллагчид даалгаж болно”, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх талуудын гаргасан гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болно” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу шүүх хуралдааны оролцогчдоос шаардлагатай гэж үзсэн асуудлаар тодруулга хийхээр асуулт асуух эрхтэй. Мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан.
Иймд шүүх бүрэлдэхүүн хуульд зааснаар хэргийн бодит үйл баримтыг тодруулахаар асуулт асуусан байх тул Ерөнхий шүүгч О, С нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэлээ.
Гэсэн хэдий ч холбогдох шүүгч нар нь цаашид шүүх хуралдааны аль ч үе шатанд хэргийн оролцогчдоос асуулт асуухдаа үгийн сонголтыг зөв хэрэглэж, аливаа этгээдэд буруу, зөрүүтэй ойлголт төрүүлэхгүй байхад анхаарвал зохино.
2.2. Түүнчлэн “mainfeed_dual_768-5.mp4” гэх нэртэй бичлэгийн 00 цаг 56 минут 25 секундээс “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “шүүгч асуугаад байгаа юм уу, шүүгдэгчийн өмгөөлөгч асуугаад байгаа юм уу, хөтөлж асуугаад байна” гэхэд шүүгч О “шүүгч юу асуухаа чамаар заалгахгүй, битгий голоор орж ирээд байгаарай, арга хэмжээ тооцно шүү” гэж, “mainfeed_dual_768-7.mp4” гэх нэртэй бичлэгийн 00 цаг 01 минут 39 секундээс шүүгч О нь “тэрийг бол мэдэж байна, зүгээр асуултад л хариул. Үнэн ярих албагүйг бид нар мэдэж байна. Бид нарт заах гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм”, 00 цаг 02 минут 12 секундээс “үгүй ээ, үгүй. Ёо юм ойлгохгүй юм аа, тэгээд яриад байх юм”, 00 цаг 02 минут 30 секундээс “за дуусгая, дуусгая, яршиг” гэж хэлжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 48-61 тал/
Илтгэгч гишүүн нь шүүгчийн дээрх үйлдлийг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй харьцаж байгаа, асуулт асууж буй дуу хоолойны өнгө нь бухимдсан, залхаж, цааргалсан өнгө аястай байхын дээр .../дээрх үгийг/ хэлсэн нь зохимжгүй, хэргийн оролцогчийг үл тоомсорлосон, арга хэмжээ тооцно гэх зэргээр сүрдүүлсэн өнгө аястай харьцсан нь зүй бус авирлах шинжид хамаарч байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн. /с.х-ийн 208-209 тал/
Уг үйл баримттай холбоотой Ерөнхий шүүгч О сахилгын хорооны хуралдаанд “...Г.Н нарын эрүүгийн хэрэг нь 29 хавтастай байсан. Ер нь тэр өдрийн шүүх хуралдаанууд өглөө 09 цаг 30 минутаас эхлээд 21 цаг 20 минут хүртэл үргэлжилсэн болохоор ядарсан тал байгаа. Мөн олон хохирогчтой, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгч огт асуулт асууж, тодруулаагүй байснаас тодруулах шаардлагатай, олон зүйлийг шалгахаар, маш дутуу шалгагдсан онцлог хэрэг байсан. ...цахимаар оролцож байсан хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчийг ярьж байхад яриад байсан тул “дэг зөрчиж байна, арга хэмжээ авна, шүүгч юу асуухаа заалгахгүй” гээд би хэлчихсэн юм. Мөн шүүх хуралдааны асуулт, хариултын шат дуусаад, алх цохисны дараа би хоёр шүүгчдээ хандан “за асуултаа болъё, дуусгая” гэдэг утгаар хэлсэн. Судлахаар “зүй бус авирлах” гэдэг нь “зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, хараах, балмад авир гаргах зэрэг өргөн биш, хүндрүүлэх маягтай үг хэллэг хэрэглэсэн” байвал гэдэг юм билээ. Тиймээс миний хэлсэн үгийг хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм болов уу гэж бодож байна” гэх тайлбарыг хэлэв.
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд илтгэгч шүүгч О-ийн хоолойны өнгө нь бухимдсан байдал илэрхийлсэн, зохимжгүй байгаа хэдий ч хэргийн оролцогчид руу хоолойн өнгөө хэт өндөрсгөн хашхирах зэрэг байдал ажиглагдахгүй байна.
Түүнчлэн тухайн Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хуралдаан 13 цаг 53 минутад эхэлж, 21 цаг 15 минутад дууссан ба мөн холбогдох шүүгч нарын цахимаар ирүүлсэн нэмэлт “2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны зар” гэх баримтаар тэд 09 цаг 30 минутаас эхлэн тасралтгүй шүүх хуралдаантай байсан болох нь тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 132-188, 2 дугаар хавтасны 243-245 тал/
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Ерөнхий шүүгч О-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Гэсэн хэдий ч илтгэгч гишүүний “...Цаашид ч албан үүргээ гүйцэтгэхдээ хэргийн оролцогчтой зөв боловсон харьцаж, бухимдал, сэтгэл хөдлөлөө дарж, шүүх таслан ажлаа хэрэгжүүлэхийг шүүгч нарт анхааруулах нь зүйтэй” гэснийг шүүгч О-д зориуд дахин онцгойлон анхааруулах нь зүйтэй гэж үзлээ..
- Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан болон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тухайд:
3.1. ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/..4 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 189-232 тал/
Магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт”-ыг удирдлага болгосон байх ба үүнийг илтгэгч гишүүн “...нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр хэргийг шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулах нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд үл нийцэх тул давж заалдах, хяналтын шатны шүүхээс дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн алдааг засах, залруулах үүднээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа хууль хэрэглээний практик байна. Улсын дээд шүүхийн 2025 оны 28 дугаар тогтоолд “илт тодорхой ” гэдгийг ...тайлбарласантай дээрх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь уг заалтыг “хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон” гэж үзэх үндэслэлгүй байх тул илт тодорхой хуулийн заалт гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20 дахь хэсэгт “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд захирамж, тогтоол, магадлал хэлбэртэй байна” гэж заасантай нийцэж байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 202-204 тал/
3.2. Харин илтгэгч гишүүн нь “...магадлалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “...үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй...” гэснээс өөрөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтад нийцэх агуулгаар дүгнэлт огт хийгээгүй, харин мөрдөн шалгах, прокурорын шатанд хийх ажиллагааг дурдан хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хоёрдмол утгагүй, нэг утга санааг илэрхийлсэн, тодорхой бус ойлголт агуулаагүй илт тодорхой заалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн. /с.х-ийн 2 дугаар хавтасны 204-205 тал/
Холбогдох шүүгч нарын шалгах ажиллагааны явцад амаар өгсөн болон бичгээр ирүүлсэн тайлбар, мөн сахилгын хорооны хуралдаанд цахимаар оролцож гаргасан тайлбарууддаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ...хэрэглэхдээ 39.5 дугаар зүйлийг хамт хэрэглэж, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж байя гээд шүүгч нарын сургалт дээр нэгдсэн журмаар ярьсан. Улсын дээд шүүхийн сургалт зохион байгуулж байсан Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар бас зөвшөөрсөн. ... аймгийн давж заалдах шатны шүүх анхнаасаа хуулийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулахдаа 39.5 дугаар зүйлийг баримталж ирсэн. Энийг ч зөв үндэслэлтэй байна гэдгийг Улсын дээд шүүхээс тогтоосон гэж үзэж байна. Мөн хуулийн 39.5 дугаар зүйл нь өөрөө давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байгаа учраас Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулахгүйгээр хуульд байгаа зохицуулалтаа хэрэглээд явсан... Улсын дээд шүүх тайлбар гаргах шаардлагагүй гэсэн тохиолдолд тогтоолоороо жишиг тогтоож, үүнийг нь бид практик болгоод явж байгаа...” гэх агуулгыг дурдсан.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь “хэргийг прокурорт буцаах” практик шүүхүүдэд байдаг эсэхийг тодруулахаар ажлын ачаалал, маргаан ихтэй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс судалгаа авчээ. Мөн илтгэгч гишүүн нь ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 онд 2 удаа, 2025 онд 1 удаа “хэргийг прокурорт буцаасан” магадлалын өнгөн хувийг авч, сахилгын хэрэгт хавсаргажээ.
Харин холбогдох шүүгч нараас Улсын дээд хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхэд зарчмаар жишиг тогтоосон гэх хэмээн давж заалдах шатны шүүхүүдийн магадлал, тэдгээрийг хянасан Улсын дээд шүүхийн тогтоолуудыг нэмэлтээр нотлох баримт болгон цахимаар ирүүлсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 94-101, 106-109, 164-190, 221-242 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэж хуульчилсан байсан нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хүчингүй болсноор давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй болсон боловч илтгэгч гишүүний давж заалдах шатны шүүхүүдээс гаргуулан авсан судалгаанаас дүгнэлт хийн үзэхэд “шүүхүүдэд хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг бүрэн шалгуулахаар “хэргийг прокурорт буцааж” байгаа хууль хэрэглээний практик жишиг тогтсон” байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасныг удирдлага болгосон.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар өргөдөлд дурдагдсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/..6 дугаар шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, бусад хэсгийг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул зөвхөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгох бус, хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг мөн адил удирдлага болгох нь зүйтэй байсан гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн холбогдох шүүгч нар “Улсын дээд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол гаргах замаар практик тогтоож өгсөн” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах шатны шүүхийн ажиллагаанд хамаарахгүй, байхгүй, хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж, хэргийг прокурорт буцааж байгаа байдлыг цаашид анхаарч ажиллавал зохино.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн VII хэсгийн “Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх, Гучин гуравдугаар бүлгийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаах эсэхийг шийдвэрлэхээр заажээ. Энэхүү хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь хэнд ч илэрхий ойлгомжтой, хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүйгээр илэрхийлсэн, шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль хэрэглэх арга, ур чадвар огт шаардагдахааргүй, агуулгын хувьд маш тодорхой байна.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор анхан шатны шүүх нь урьдчилсан хэлэлцүүлгийг явуулан хэргийг прокурорт буцаах тухай маш тодорхой хуулийн зохицуулалттай байгааг дурдах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзсэн болно.
Мөн холбогдох шүүгч нарын сургалтаар Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч нартай харилцан ярилцан тохиролцож нэг ойлголтод хүрсэн гэж байгаа болон Улсын дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх замаар практик жишиг тогтоосон тогтоол нь хууль биш болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж тус тус заасан.
Иймд зөвхөн хуульд захирагдан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэж, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхыг холбогдох шүүгч нарт онцгойлон анхааруулж байна.
3.3. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын “тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Г.Н, А.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 231-232, 2 дугаар хавтасны 37-39 тал/
Илтгэгч гишүүн нь “...хууль болон дээрх хуульчилсан актын агуулгаар давж заалдах шатны шүүх нь ....анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тохиолдолд “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг холбогдох байгууллагад хүргүүлэх байтал хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч ажиллагаа явуулжээ. Мөн ...Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих төв /цаглан хорих байрнаас суллах/ гэх илтгэгч шүүгчийн гарын үсэг бүхий баримтыг үйлдэн цагдан хорих байранд хүргүүлсэн,... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн Гучин есдүгээр бүлэгт давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, эрх хэмжээг зохицуулахдаа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянаж, талуудын гомдол, эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөхөөс бус ажиллагаа хийх эрх хэмжээг олгоогүй байхад энэхүү ажиллагааг хийснийг эрх хэмжээгээ хэтрүүлэн буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн. /с.х-ийн 2 дугаар хавтасны 205-207 тал/
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн холбогдох шүүгч Н, Ерөнхий шүүгч О нараас тодруулга тайлбар амаар авч, гэрчээр ...дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Б-аас мэдүүлэг аван сахилгын хэрэгт хавсаргасан байна.
Мөн шүүгч Н сахилгын хорооны хуралдаанд “...Г.Н нарт холбогдох хэргийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 94 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас хойш Г.Н, А.Г нар тус бүрдээ 114 хоног цагдан хоригдсон байсан, цаашдаа хэрэг шалгах ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг буцааж байгаатай холбоотой мэдэхгүй, нөгөө талаар Г.Н-ын өмгөөлөгчөөс “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байсан учраас давж заалдах шатны шүүх дүгнээд хүсэлтийг ханган, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байгаа. ...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.3.2-т “...Шүүхийн мэдэгдэх хуудсыг ...хүргүүлнэ” гэж заасан. Энэ аргачлалд “Мэдэгдэх хуудасны баримтын загвар” гэдэг зүйл баталж өгөөгүй. Байгууллагаас давж заалдах шатны шүүх хуралдаан дуусмагц цагдан хоригдож байгаа этгээдийг сулласан тохиолдолд ямар үндэслэлээр суллаж байгаа талаараа тэр дор нь баримт бичиг хүргүүлээч ээ гэдэг шаардлага тавьдаг. Тиймээс манай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаас өөрсдөө баримтын загвар үйлдээд, уг баримтаа хэрэглэдэг юм байна...” гэж,
Ерөнхий шүүгч О “...Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд би Төв аймгийн буцсан хэргийг хараад судалж үзтэл 4-5 хэрэг дээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгсөн харагдаж байна билээ. Давж заалдах шатны шүүхийн практикаар таслан сэргийлэх арга хэмжээг огт хийхгүй байх хориглосон зохицуулалт байхгүй, эрх хэмжээнийхээ хувьд давж заалдах шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан бол хүсэлтийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Энэ утгаараа бид өөрчилж, эсвэл хэвээр үлдээх шийдвэрүүдийг гаргадаг. Г.Н, А.Г нарын хувьд 90 гаруй хоног хоригдсон байсан, бүтэн жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдан, өнөөдрийн байдлаар хэрэг нь анхан шатны шүүхэд шилжиж байгаа учраас энэ хугацаанд хүний эрх гэдэг утгаар болон ихэвчлэн практикаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг...” гэх тайлбарыг тус тус хэлсэн. /с.х-ийн 2 дугаар хавтасны 12-16, 118-125 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин есдүгээр бүлэгт давж заалдах шатны шүүхийн ажиллагааг хуульчлахдаа мөн хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг, 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрүүдийн сонголт, тусгах зүйлсийг зохицуулжээ.
Хуульд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгож буй тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй.
Мөн тухайн үед үйлчилж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.3.2-т “Анхан шатны шүүхийн шийтгэх, ...тогтоолд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон талаарх “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг илтгэгч шүүгчийн туслах ....баталгаажуулж, ажлын 5 өдөрт багтаан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад болон цагдаагийн байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байх боловч “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ны загварыг батлаагүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Г.Н, А.Г нарт “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” баримт үйлдэж, мөн өдрөө “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих төв/цагдан хорих байрнаас суллах/” гэсэн баримтыг хүргүүлжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 37-39 тал/
Хэдийгээр хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй боловч гэрч ...дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Б-ын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл холбогдох шүүгч нар “хуульд хориглосон зохицуулалт байхгүй” гэх тайлбарыг өгч байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж зааснаар шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгохдоо санал, хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр хэлэлцүүлэхээр байна.
Иймд илтгэгч гишүүний “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянаж, талуудын гомдол, эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөхөөс бус ажиллагааг хийх эрх хэмжээг хуулиар олгоогүй байхад энэхүү ажиллагааг хийснийг эрх хэмжээгээ хэтрүүлэн, буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ... шүүгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан ноцтой зөрчил гаргасан” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О, шүүгч Н, ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож байх тул илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2025/...2 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, холбогдох шүүгч нарт мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад зааснаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулахаар бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад заасныг баримтлан ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О, шүүгч Н, ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР