info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-01-29

Дугаар 14

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

       

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэгт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0137 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

 “...1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.У-т холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуучнаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь шүүгч Д.Энхцэцэгт хуваарилагдаж, шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Хэргийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний албан бичгийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2550 дугаар албан бичгийн хавсралтаар Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэх 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүгчийн туслах Л.Б-оос хариуцагч Б.У-ын *** дугаарт холбогдоход “за ойлголоо” гэсэн болохыг тэмдэглэсэн утсаар ярьсан тэмдэглэл ирсэн. /с.х-ийн 22, 38 тал/

Дээрх үйл баримтыг тодруулахаар хариуцагч Б.Ут шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүгчийн туслах Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нараас гэрчийн мэдүүлэг авав.

Шүүгчийн туслах Л.Б нь “би 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш шүүгч Д.Энхцэцэгийн туслахаар ажиллаж байгаа. Энэ хугацаанаас хойш хариуцагчаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй, нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа танилцсан байсан. Би ажилдаа энэ *** дугаарыг ашигладаг. Албаны *** дугаар байдаг боловч бараг ашигладаггүй. Энэ хэргийн оролцогч нартай өөрийнхөө гар утасны дугаараар л холбогдож ярьж байсан ба шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарт утсаар мэдэгдсэн. Утсаар мэдэгдсэн гэдгийг нотлох өөр ямар нэгэн нотлох баримт баримт, гэрч байхгүй, утсаар л ярьсан” гэж, /с.х-ийн 104-108 тал/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х “би 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд орсон ба ажилд орсноосоо хойш шүүгч Д.Энхцэцэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Ер нь шүүх хуралдаанаас 10-20 минутын өмнө хэргийн оролцогч нар луу залгаад ирж байгаа эсэхийг нь асуудаг. Гэхдээ Б.У луу залгасан эсэхээ санахгүй байна. Би өөрийнхөө гар утасны *** дугаараас залгаж асуудаг, байгууллагаас өгсөн дугаар, утас байхгүй. Шүүх хуралдаантай холбоотой өөрсдийнхөө санаачилгаар залгаж асуудаг...“ гэх мэдүүлгийг тус тус өгсөн болно. /с.х-ийн 162-166 тал/

Мөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Л.Б-ын *** дугаарын 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дуудлагын орсон, гарсан ярианы түүхийг “М к” ХХК-аас гаргуулан авахаар албан бичиг хүргүүлэхэд тус компанийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр “*** дугаарын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн зурвасын дугаарын жагсаалтыг хүргүүлж байна. Техникийн нөхцөл байдлын улмаас 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны гадагш ярьсан, илгээсэн мессежний дугаарын жагсаалт болон хэрэглэгчийн орсон яриа, зурвасын дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй байна” гэх хариуг ирүүлсэн. /с.х-ийн 92-99 тал/

Харин “С” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр албан бичгийн хавсралтаар ирсэн Б.У-ын *** дугаарын утасны 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн дуудлагын орсон, гарсан яриа болон зурвасын мэдээллийн түүхэнд шүүгчийн туслахын *** дугаар, шүүхийн гэх *** дугааруудаас дуудлага ирсэн, зурвасын түүх байхгүй байлаа. /с.х-ийн 59-90 тал/

Гэвч уг дуудлагын түүхэнд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын *** дугаараас хариуцагч Б.У луу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 17 минутад залгаж, 38 секунд ярьсан түүх байхаас гадна шүүх хуралдааны эхэлсэн, дууссан цаг нь мөн өдрийн *** дугаартай тэмдэглэлд 14 цаг 00 минутаас эхэлж, 12 цаг 20 минутад дууссан гэж тэмдэглэгджээ.

Энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас тодруулан асуухад “би тухайн үед ажилд ороод удаагүй байсан болохоор шүүх хуралдааны тэмдэглэлдээ цагийг буруу бичсэн байж магадгүй. Тэрнээс шүүх хуралдааны дундуур хэргийн аль нэг оролцогчтой утсаар ярих боломж байхгүй. Ер нь би бүх шүүх хуралдаанд утсаа авч ороод дууны бичлэг хийдэг...” гэв. /с.х-ийн 162-166 тал/

Дээрхээс үзэхэд Б.У-ын өргөдөлд дурдагдсан “...2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн туслах надтай ярьсан гэх боловч надтай огт яриагүй, миний *** дугаарт дуудлага ирээгүй...” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт “шүүх нь Тамгын газартай байна” гээд Тамгын газар нь хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна” гээд 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт шүүгчийн туслахын хэрэгжүүлэх чиг үүрэгт мөн зүйлийн 89.3.2-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 89.3.7-т “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар шүүх хуралдааны бэлтгэл ажил буюу хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх нь шүүгчийн туслахын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарч байна.

Мөн хариуцагч Б.У луу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга залгасан цаг, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн цагтай давхцаж байгаа хэдий ч шүүх хуралдааны явцад нарийн бичгийн дарга утсаар дуудлага хийгээгүй нь бичлэгийн дүрсээр тогтоогдож байна.

Иймд шүүгчийг шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх үндэслэлээр буруутгахгүй.

Гэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч удирдан явуулдгийн хувьд шүүгчийн туслахыг шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн эсэхийг лавлан тодруулж, хяналт тавьж ажиллахыг шүүгч Д.Энхцэцэг цаашид анхаарч ажиллавал зохино.

Нөгөөтээгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн хуулиар эдлэх эрхийг заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг тул хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах юм. Хариуцагч Б.У-ыг нэхэмжлэл гардан авах үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан М.Д түүнд хуулиар хүлээх үүрэг, эдлэх эрхийг дэлгэрэнгүй тайлбарлан өгч, шүүхийн баримтад гарын үсэг зуруулсан байна. /с.х-ийн 31-35 тал/

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эдлэх эрхийг хязгаарлаагүй тул Б.У нь хэргийн материалтай танилцах, хэргийн ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа, шүүх хуралдааныг хэзээ товлох, товлогдсон эсэх талаар лавлах бүрэн боломжит хугацаатай байсан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У биечлэн хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч Д.Энхцэцэг “ирцтэй холбоотой санал” асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2024 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүссэн, хариуцагч тал гардан авсан. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй  болон хүндэтгэн үзэх шалтгаан харагдахгүй байна. Тиймээс хуульд заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг хэлэлцэн шүүгч хүлээн авсан болох нь шүүхийн мөн өдрийн *** дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 39-40 тал/

 Мөн уг үйл баримттай холбогдуулан тухайн иргэний хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны “192.168.103.116_ch1_20250625141444_20250625143843” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн 14 цаг 16 минут 31 секундээс даргалагч “ирцтэй холбоотой санал хүсэлт бий юу” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “2024 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч талаас хүрч ирээд нэхэмжлэлээ гардан авсан, шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгч авах ч гэдэг юм уу хойшлуулах хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаан харагдахгүй байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэснээр шүүх хуралдаан завсарлаж, 14 цаг 21 минут 02 секундээс бичлэг үргэлжлэн даргалагч шүүгчийн захирамжийг танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа нь бичигджээ. /с.х-ийн 156-157 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 100.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасан.

Хуулийн 100.4 дэх хэсэгт ”... шүүх шийдвэрлэж болно” гэсэн байх тул шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан даргалагч шүүгч нь хуульд заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн байна.

 Мөн шүүгч нь тухайн цаг хугацаанд шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлтэй танилцаад уг баримт үнэн эсэхийг мэдэх боломжгүй тул шүүгчийн туслахыг хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Дээрхээс үзэхэд холбогдох шүүгчийн “...хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэх үндэслэлээр ...хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн” гэх хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн шүүгчийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ. /с.х-ийн 52-53 тал/

2.Шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэр албажсан хугацаа нь гэрч Л.Б-ын “шүүгч ачаалалтай ихтэй байсан болохоор энэ хэргийн шүүхийн шийдвэр 2025 оны 7 дугаар сарын сүүлээр албажсан” гэх мэдүүлэг, холбогдох шүүгчийн нэмэлтээр ирүүлсэн “Иргэн-2014” нэгдсэн системийн хуулбараар шүүхийн шийдвэр албажуулсан огноо нь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байхаас гадна, хариуцагч Б.У-т 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн баримтаас дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан хугацаандаа гараагүй буюу шүүхийн шийдвэр 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 20 хоног хэтэрч албажсан байна. /с.х-ийн 104-108, 158-161 тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан.

Шүүгч Д.Энхцэцэг нь шүүхийн шийдвэрийг албажуулахдаа 20 хоног хэтрүүлсэн нь ажлын ачааллаас шалтгаалж хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн хуульд заасан “нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн” гэх зөрчилд хамаарахгүй байна.

 Мөн тус хорооны “Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем”-ээс шүүж үзэхэд шүүгч Д.Энхцэцэг шүүхийн шийдвэрийг удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн талаарх хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байсан тул уг хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Шүүгчийн туслах Л.Б “...Шүүхийн шийдвэрийг албажсаны дараа хариуцагч руу утсаар ...залгасан боловч аваагүй учраас шуудангаар Баянгол дүүргийн хаяг руу хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч тал нь намайг утсаар ярьснаас хойш 2-3 хоногийн дараа өөрөө ирээд гардаж авсан. ...Хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтад Баянгол дүүргийн хаяг байсан. Уг хаягаар нь 2025 оны 8 дугаар сарын эхээр шүүхийн шийдвэрийг хүргүүлтэл Монгол шуудангийн буцаалт 10-14 хоногийн дараа ирсэн. Тэгээд шүүгчид хэлтэл шүүгч “маргаан бүхий хаягаар явуулаад үз” гэж хэлсэн тул *** гэсэн байсан байхаа *** гэсэн хаягаар 2025 оны 8 дугаар сарын дундуур явуулсан боловч дахиад “эзэнгүй” гээд буцаалт ирсэн тул шийдвэрийг хэрэгт нь хавсаргасан. Хариуцагч Б.У 2025 оны 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр ирээд надтай уулзахад нь би “шүүхийн шийдвэртэй маргаж байгаа бол давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ өгөөд, гомдлоо гаргаж болно, өмгөөлөгчөөс зөвлөгөө аваарай” гэж  хэлээд би сайн тайлбарлаж өгсөн. Б.У нь “юутай ч шийдвэрээ аваадахъя” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш надтай уулзахаар дахиж ирээгүй. Сүүлд шүүхийн архиваас шийдвэрээ гардаж авсан байсан. Тэгж уулзахдаа надад “гомдол гаргана” гэж хэлж байсан боловч амаар болон бичгээр гомдол гаргаагүй байгаа...” гэв. /с.х-ийн 104-108 тал/

...Шалгах ажиллагааны явцад  “М ш” ХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай албан бичгийн хавсралтаар “Б.У луу шүүхийн Тамгын газраас 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *** тоот хаягаар явуулсан *** бүртгэлийн дугаартай илгээмжийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эзэнгүй шалтгаанаар, 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *** тоот гэх хаягаар явуулсан *** бүртгэлийн дугаартай илгээмжийг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эзэнгүй шалтгаанаар тус тус илгээгчид буцаасан байна” гэх хариуг ирүүлсэн. /с.х-ийн 146-150 тал/

Мөн гишүүний албан бичгийн дагуу *** дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар албан бичгээр “Б.У нь Хүн ам өрхийн бүртгэлийн мэдээллийн санд албан ёсны бүртгэлгүй бөгөөд тус хаягт оршин суудаггүй” гэх, /с.х-ийн 141-143 тал/

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай албан бичгээр “Б.У нь бүртгэлтэй, оршин суудаг ба “М ш” ХК-ийн ажилтан 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэний нэр дээр Засаг даргын оршин суугаа тодорхойлолт аваагүй болно” гэх хариуг тус тус ирүүлсэн болно. /с.х-ийн 111-140 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ”, 119.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно”, 119.8 дахь хэсэгт “Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно” гэж тус тус заасан.

Шүүгчийн туслах нь шүүхийн шийдвэрийг хүргүүлэх ажиллагааг хариуцан явуулдаг бөгөөд шуудангаар хариуцагч Б.У-т хүргүүлэхэд “М ш” ХК-иас шүүхийн шийдвэрийг гардуулаагүй буцаалт ирсний дараа гардуулах ажиллагааг дахин явуулалгүй, хариуцагчид гардуулах, эсхүл хүргүүлэх ёстой байсан шүүхийн шийдвэрийг  хэрэгт хавсаргаж хариуцлагагүй хандсан болох нь “М ш” ХК-ийн албан бичиг, шүүгчийн туслахын өөрийнх нь мэдүүлгээр болон Б.У-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө хавсаргасан шүүхийн *** дугаар шийдвэрт дарагдсан “Шүүхийн архив, хуулбар үнэн” тэмдгээр тогтоогдож байгаа болно. /с.х-ийн 8-12, 104-108 тал/

Дээрхээс үзэхэд иргэн Б.У нь шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хуульд заасны дагуу гардан аваагүй боловч өргөдөлд хавсаргасан шүүхийн *** дугаар шийдвэрт дарагдсан “Шүүхийн архив, хуулбар үнэн” тэмдэгт бичигдсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авсан болох нь өөрийнх нь өргөдөлдөө хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдож байна. /с.х-ийн 8-12 тал/

Түүнчлэн, иргэний хэргийн хариуцагч Б.У нь шүүхэд өөрийн оршин суугаа хаягийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, ...М.Д-ын тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан “Нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай” Баримт №4-өөс үзэхэд хариуцагч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй...” гэж зааснаар шүүхэд өөрийн оршин сууж байгаа хаягаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Үүний улмаас шүүх зохих журмын дагуу шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагааг буруу явуулахад нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үйл баримт, Л.Б-ын мэдүүлэг, М.Д-ын бичгийн тайлбар, холбогдох бусад баримтуудаар шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагааны улмаас шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрийг зохих журмаар гардуулах ажиллагаа удааширсан байх ба үүнд шүүгч Д.Энхцэцэгийг шууд буруутгах боломжгүй юм.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан “...бусдад давуу байдал бий болгосон” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, түүнийг буруутгах боломжгүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч Д.Энхцэцэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус шүүхийн хэрэг нэхэмжлэл хуваарилах журмын дагуу “Иргэн-2014” программаас тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилагдсан нэхэмжлэгч Б.Г-аас хариуцагч Б.У-т холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 12  дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хариуцагч Б.У-т 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад хариуцагч Б.У оршин суугаа хаягаа “*** тоот, харилцах утас:***” гэж тус тус тэмдэглүүлсэн байна.

Хариуцагч Б.У хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан ямар нэг тайлбарыг ирүүлээгүй бөгөөд тухайн иргэний хэргийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн утасны дугаар болох *** дугаарын утсаар шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгджээ.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр захирамжаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэх үндэслэлээр хуулийн дээрх заалтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчийн дээрх шийдвэрийг гаргасан үндэслэл нь шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн байдлыг үндэслэсэн бөгөөд нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах шүүгчид хуулиар олгосон эрхэд хамаарна гэж үзэж байна.

...Тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн баталгаат шуудангаар хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягаар илгээсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй  бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж, 119.6-д “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно” гэж тус тус заасан бөгөөд ийнхүү хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягаар шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, гомдол гаргагч нь шүүхэд мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй талаар гомдолдоо дурдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан болохыг дурдах нь зүйтэй. Миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлд хамаарах аливаа зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.У-ын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Б.Г-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлалтай 68.59.мкв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг албадан чөлөөлж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Д.Энхцэцэгт холбогдуулан хариуцагч Б.У гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, утсаар ярьсан гэх тэмдэглэл хуурамчаар зохиож бичсэн, шүүхийн шийдвэр гарсныг мэдээгүй, гардан аваагүй байхад гардуулсан гэх хуурамч баримт үйлдэн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон” гэж тодорхойлсон байна.

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6.2.1-д “Шүүх хуралдааныг товлон зарласны дараа 7-оос доошгүй хоногийн өмнө шүүгчийн туслах "Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” Баримт №8, №21-ыг үйлдэн хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлэхээр бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө”, 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол "Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, №22-ыг тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна” гэж заасан.

Шүүгчийн туслах Л.Б нь Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны товыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.У-ын *** дугаарын утсаар ярьж мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан, харин хариуцагч Б.У “...шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, утсаар ярьсан гэх тэмдэглэл хуурамчаар зохиож бичсэн” гэх гомдол гаргажээ.

Энэ талаар шалгах ажиллагаа явуулахад гэрч Л.Б-ын “шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарт утсаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг нь “С” ХХК-ийн хариуцагч Б.У-ын *** дугаарын утсанд шүүгчийн туслахын *** шүүхийн *** дугааруудаас ирсэн дуудлага, зурвасын түүх байхгүй болохыг мэдэгдсэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр албан бичгээр үгүйсгэгдсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”: 89.3.2 “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 89.3.7 “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж заасан болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг зохион байгуулах нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарч байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй шүүгчийн туслахын хариуцлагагүй үйл ажиллагаанд шүүгчийг шууд буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

2.Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрийг “Нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримт”-д хариуцагчийн өөрийн тодорхойлсон “*** тоот” хаягаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар илгээсэн байх боловч 08 дугаар сарын 28-ны өдөр “эзэнгүй” гэх шалтгаанаар буцаагдсан, маргаан бүхий “*** тоот” хаягаар 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар илгээсэн нь 08 дугаар сарын 21-ний өдөр “эзэнгүй” гэх шалтгаанаар буцаагдсан болох нь тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-д “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5-д “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр албажуулж гаргах шүүгчийн үүргийг, уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах хэргийн оролцогчийн үүргийг тус тус хуульчилж өгсөн байх бөгөөд харин хуульд заасан үүргээ хэргийн оролцогч биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг шуудангаар болон шүүхийн ажилтнаар хүргүүлнэ гэж ойлгоно.

 Шүүхийн шийдвэр 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бичгээр албажсан байх ба хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул түүний нэхэмжлэл гардан авахдаа тодорхойлсон оршин суугаа хаягаар болон маргаан бүхий орон сууцны хаягаар хүргүүлсэн боловч “эзэнгүй” гэх шалтгаанаар буцаагдсан байх тул хуульд заасан шүүхийн шийдвэр гардуулах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч нь шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн архиваас авсан болох нь тогтоогджээ.

Иймд илтгэгч гишүүний “...хариуцагч Б.У нь шүүхэд өөрийн оршин суугаа хаягийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, ...М.Д-ын тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан “Нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай” Баримт №4-өөс үзэхэд хариуцагч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй...” гэж зааснаар шүүхэд өөрийн оршин сууж байгаа хаягаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэдэгт шүүхийн шийдвэрийг албажуулахдаа 20 хоног хэтрүүлсэн нь хамаарахгүй талаар болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүгч Д.Энхцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0137 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

 

                        ГИШҮҮН                                          Д.Мягмарцэрэн

 

                                                                                    Х.Хашбаатар