info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-01-29

Дугаар 15

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

       

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар, ажиглагчаар өргөдөл гаргагч Д.Э  нарыг оролцуулан, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэгт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2026/0004 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор холбогдогч Д.Г-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авхуулах саналтай 2525001604 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлд заасан албадлагын арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаснаас хойш 24 цагийн дотор энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасан харьяалах шүүхэд гаргана.” гэж зааснаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 7-д “Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.” гэж зааснаар тус хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Уг шүүх хуралдаанд өргөдөл гаргагч буюу зөрчлийн хэргийн хохирогч Д.Э биечлэн оролцож хүсэлт, тайлбар гаргасан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 03:33, 03:42, 09:43, 13:10, 13:42, 13:54, 21:15 секундээс эхлэх хэсэгт бичигдсэн байх ба бичлэгийн 00:23, 03:22, 04:06, 04:40, 06:52, 07:01, 07:17, 07:39, 15:37 секундэд хэргийн оролцогч болон шүүгчтэй зэрэгцэн ярих үйлдэл гаргах байдлаар оролцсон болох нь тус шүүх хуралдааны дуу, дуу-дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Д.Эт эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан, мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө шүүгч Д.Ариунцэцэг эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгийг уншиж танилцуулсан байх ба хэргийн оролцогч нар ойлгосон гэж хариулжээ.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргээ мэдсэн хэргийн оролцогч хэн боловч хуралдаан даргалагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй атал биелүүлэхгүй, бусадтай зэрэгцэж ярих үйлдэл удаа дараа гаргасанд даргалагч, шүүгч бичлэгийн 01:31, 04:06, 04:16, 04:50, 07:19 секундэд удаа дараа сануулж, улмаар “Та эсвэл гарч байх юм уу. Танд анхаарууллаа шүү. Хуралдааны дэг зөрчих нь өөрөө зөрчил шүү. Торгуулийн арга хэмжээтэй. Танд би 2 дахиа анхаарууллаа шүү.” гэжээ.

Шүүгч хуралдааны дэг сахиулах үүргийнхээ хүрээнд хэрэв шүүхээс тогтоосон дэг, журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл болох талаар хэргийн оролцогчид анхааруулсан нь бусдад давуу байдал бий болгосон үйлдэл биш юм.

Түүнчлэн, холбогдох шүүгч Д.Ариунцэцэг хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хөндөөгүй, аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй байх ба хохирогч өөрийн тайлбараа удаа дараа хэлж, хэлэлцэж буй хэргээс өөр үйл баримтыг ярьсан боловч шүүгч анхааралтай сонссон нь баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгч талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргах хуулийн зохицуулалтай.

Шүүх Д.Г-т холбогдох зөрчлийн хэргийг нэг удаагийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн 2025/ЗШ/1513 дугаар “Д.Г-т шийтгэл оногдуулах тухай” шийтгэврээр холбогдогчид 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Өргөдөлд дурдагдаж буй хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан танхайрах зөрчил байх бөгөөд зөрчил гаргасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар холбогдох хуульд заасан байх ба шүүх прокуророос ирүүлсэн саналыг үндэслэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан баримтаар холбогдогч танхайрах зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж гэж үзээд мөн хуульд заасан шийтгэл оногдуулж, оролцогчид тус шийтгэвэрт гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн байна.

Дээрхийг нэгтгэвэл, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргаагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

Шүүгч Д.Ариунцэцэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:                  “...Зөрчлийн холбогдогч Д.Г-т холбогдох хэргийг шүүгч би нэг л удаа буюу 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайн өдөр хохирогч шүүх хуралдаанд оролцсон. 2025 оны 3 дугаар сард болсон шүүх хуралдааныг өөр шүүгч явуулсан байсан.

Шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд, хуралдааныг журмын дагуу явуулсан байна. Хуралдааны дэг журмыг танилцуулж оролцогч нарын эрх үүргийг тайлбарласан, холбогдогч хохирогч нар хангалттай мэтгэлцсэн байна. Хохирогч хурлын дэгийг зөрчиж, холбогдогчийг тайлбар гаргаж байхад хөндлөнгөөс байн байн орж ярьж байсан тул хуралдаан даргалагч шүүгч 3 удаа сануулсан байна.

Холбогдогч Д.Г-т давуу байдал олгосон гэх байдал бичлэгээс харагдахгүй байна. Шүүх журмын дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн тул Д.Э-ийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/1513 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-д заасан хэрүүл маргаан үүсгэж танхайрах зөрчилд Д.Г-ыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Дээрх шийтгэврийг гаргасан шүүгч Д.Ариунцэцэгт холбогдуулан хохирогч Д.Э гомдол гаргаж, үндэслэлээ “...Д.Г-т үг хэлэх, худлаа хүн гүтгэх давуу байдал олгосон, Д.Ганбаярын хэрэгт хоёр удаа шүүх хурал болоход урьдын шүүх хуралдааны товыг хэлээгүй тул би өөрөө байцаагчаас асууж мэдэж сандарч чичирч суусан, би юм асуусан чинь 2 удаа дуугарч асуулаа, 3 удаа дуугарч асуувал торгуулийн арга хэмжээ авна гэж дарамталсан, Д.Г бүрэн эрхтэй худлаа ярьж өөрийгөө хамгаалаад, би гуйж байж үг хэлсэн, ярьж дуусаагүй байхад одоо болно гэж тасалж зогсоосон” гэжээ.

Шалгах  ажиллагааны  явцад  нотлох  баримтаар авагдсан тус  өдрийн  шүүх

хуралдааны дуу, дүрсний бичлэгийг үзэхэд 03:30 минутаас

           Даргалагч: Танд ямар хүсэлт байгаа вэ гэхэд

Хохирогч Д.Э: Урд нь энэ хүний ийм явдал цагдаагаар ороод ямар арын хаалгаар яваад байгааг би ойлгохгүй байна.

Даргалагч: Ямар хүсэлт байгаа вэ, хүсэлтээ тодорхой хэлээрэй.

Хохирогч Д.Э: Энэ хэргийг буцаая. Энэ хүн хүний амийг хохироох гэж байсан. Алтантогтохын хэрэг дээр 3 сарын 26-нд шийдсэн байгаа. Би юунд хүрч ирээд яахад нэг шалдан хүүхэнтэй унтаж байсан. Хүчингийн хэрэг хүртэл яваад байгаа. Олон хэрэг байгаа. Цагдаа бол дараад байгаа юм байна лээ. 

Даргалагч: За ойлголоо... гэх нь бичигдэн үлдсэн байх ба шүүх хуралдаан цааш үргэлжлэн хохирогч Д.Э нь шүүгчийн асуултад хариулан тайлбар хэлж буй нь бичигдсэн.

 Шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 2.-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж заасны дагуу шүүх хуралдааныг даргалан явуулсан байна.

Тодруулбал, шүүгч Д.Ариунцэцэг нь шүүх хуралдааныг даргалан явуулахдаа зөрчил гаргагч Д.Г-т үг хэлэх давуу байдал олгосон, хохирогч Д.Э-т ярих боломж олгоогүй гэх үйл баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн, шүүх хуралдаан эхлэхэд шүүгч нь хохирогч Д.Э-т эрх, үүргийг нь нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн байх ба шүүх хуралдааны явцад хохирогч Д.Э удаа дараа хэргийн оролцогчтой зэрэгцэн ярьсан үйлдэлд шүүх хуралдаан даргалагч 2 удаа сануулга өгч, шүүх хуралдааны дэгийг зөрчихөд торгууль оногдуулдаг талаар тайлбарласныг хэргийн оролцогчид дарамт үзүүлсэн гэж үзэх боломжгүй.       

Иймд илтгэгч гишүүний “...Шүүгч хуралдааны дэг сахиулах үүргийнхээ хүрээнд хэрэв шүүхээс тогтоосон дэг, журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл болох талаар хэргийн оролцогчид анхааруулсан нь бусдад давуу байдал бий болгосон үйлдэл биш, шүүгч Д.Ариунцэцэг хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хөндөөгүй, аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй байх ба хохирогч өөрийн тайлбараа удаа дараа хэлж, хэлэлцэж буй хэргээс өөр үйл баримтыг ярьсан боловч шүүгч анхааралтай сонссон нь баримтаар нотлогдон тогтоогдсон” гэх дүгнэлт үндэслэлтэй.  

 Дээрх болон өргөдөлд дурдсан бусад үндэслэлд илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.  

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2026/0004 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

 

                        ГИШҮҮН                                          Ц.Давхарбаяр

 

                                                                                    Д.Мягмарцэрэн