
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-04
Дугаар 17
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзийд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ГС/2026/0009 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0755 дугаар зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг баталж, шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ЗТ2025/0065 дугаар зөвлөгөөний тогтоолоор уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
...Нэхэмжлэгч “Г у” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулсан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл анх шүүгч Б.А-т “тойрог дотроо санамсаргүй” сонголтоор системээр хуваарилагджээ. /с.х-ийн 17-19 тал/
Шүүгч Б.А нэхэмжлэлийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж зааснаар шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/8175 дугаар захирамжаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 хоногоор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна. /с.х-ийн 20-21 тал/
Улмаар 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаад буцаагаад өгсөн нэхэмжлэл нь шүүгч А.Мөнх-Өлзийд хуваарилагдсан.
Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д ...заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.А 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал захиргааны чөлөө авсан тул түүнд хуваарилагдсан байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 19 хэрэг, гомдол гарч давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн 1 хэрэг, түдгэлзүүлсэн 4 хэрэг, 2 нэхэмжлэлийг шүүгч А.Мөнх-Өлзийд хуваарилсан нь тус зөвлөгөөний тогтоолын “тогтоох нь” хэсгийн IV дэд хэсгийн 1-д “Г у” ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан *** нэхэмжлэлийн дугаартай нэхэмжлэл” гэснээр тогтоогдож байна. /с.х-ийн 38-39 тал/
Шүүгч А.Мөнх-Өлзий нэхэмжлэгч “Г у” ХХК-ийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган, дахин гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан үндэслэл байна гэж үзэн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр захирамжаар ...хууль зүйн үндэслэлийг заан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 22-23 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.
Хуульд зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэхээр байна.
Өөрөөр хэлбэл хуульд тусгагдсан 7 хоног бол цаад хугацаа тул “нэхэмжлэлийг хүлээн аваад 1 хоногийн дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан” гэх үндэслэлээр шүүгчийг буруутай гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүгч А.Мөнх-Өлзийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ.
Тус шүүх 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянан, *** дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.4 дэх хэсэгт “Давж заалдах гомдол гаргаж байгаа этгээд энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлж, баримтыг гомдолд хавсаргах бөгөөд гомдлыг хэргийн оролцогчийн тоогоор хувилан өгнө” гэж заасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гаргаж буй гомдолд хамаарах хуулийн заалт юм.
Өөрөөр хэлбэл, өргөдөлд дурдсан шүүгчийн захирамжид гаргаж буй гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөх хуулийн зохицуулалт байхгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22 дахь заалтад “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч А.Мөнх-Өлзий Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, тус шүүхийн шүүгч Б.А-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд захиргааны чөлөөтэй байх хугацаанд түүнд хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан 19 хэрэг, гомдол гарч давах руу хүргүүлсэн 1 хэрэг, түдгэлзүүлсэн 4 хэрэг, 2 нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар зөвлөгөөний тогтоолоор шилжүүлэн авсан.
Энэ хугацаанд “Г у” ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Миний бие чөлөөтэй байсан шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэг, нэхэмжлэлд хуульд заасны дагуу шилжиж ирсний дагуу ажиллагаа хийсэн ба шүүгчдийн зөвлөгөөний тогтоолгүй, өөрийн санаачилгаар дураараа тус нэхэмжлэлийг авч шийдвэрлээгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/8175 дугаар захирамжаар “Г у” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон,
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр захирамжаар “Г у” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Иргэн Л.Э нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр захирамжийг гаргасан шүүгч А.Мөнх-Өлзийд холбогдуулан мэдээлэл гаргаж, үндэслэлээ “...ямар ч ажиллагаа хийхгүйгээр өөр шүүгч аваад Газрын албаны талд маш хурдан хугацаанд шийдвэр гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, шүүгч солигдохоор бол Ерөнхий шүүгчийн шийдвэр гаргах ёстой, нэг хоног ч болоогүй байхад шүүгч нь өөрчлөгдөөд тухайн хэргийг шийдвэрлэнэ гэдэгт итгэхгүй байна” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 11.7-д “шүүгч хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаар түр эзгүй үед түүнд хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг шилжүүлэх асуудлыг тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ”, 11.8-д “шүүгч түр эзгүй байх ...үед ажлын ачааллыг тэнцвэржүүлж, хэрэг, нэхэмжлэлийг буцаан хуваарилах асуудлыг тухай бүрд нь шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ” гэж заасан.
“Г у” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон шүүгч Б.А нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал захиргааны чөлөө авсан тул түүнд хуваарилагдсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 19 хэрэг, давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн 1 хэрэг, түдгэлзүүлсэн 4 хэрэг, 2 нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолоор шүүгч А.Мөнх-Өлзийд шилжүүлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг баталж, журмын дагуу “Г у” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүгч А.Мөнх-Өлзийд шилжүүлсэн байх тул шүүгчийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн, шүүгч А.Мөнх-Өлзий дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаа холбогдох хууль зөрчөөгүй талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүгч А.Мөнх-Өлзийд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ГС/2026/0009 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзийд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Ариунтуяа
Х.Хашбаатар