
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-03
Дугаар 16
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Г.О-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаад холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ГЗҮ/2025/...8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, гишүүний 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2025/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.
Илтгэгч гишүүн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу дахин шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2026/...08 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Г.О-аас хариуцагч Б.Б-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэсэнтэй холбоотой баримтыг сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар хэрэгт авахад дараах үйл баримт тогтоогдож байна.
- 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан 4.041.164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалан явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд тус заасныг баримтлан 137/ШШ2023/...4 дүгээр шүүхийн шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
- 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан 4.107.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалан явуулж, “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар зохигчдын эвлэрлийг баталсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн 137 дугаартай захирамж хуулийн хүчин төгөлдөр байна” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1, 170.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 137/ШЗ2025/...5 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож,
- тус захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, “нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн зүйл нь зохигчдын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамж гарснаас хойших хугацаанд хамаарч байгаа эсэх, баримтаар тогтоогдож байгаа эсэхийг тогтоох замаар зардал, төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэж, хэргийг бус нэхэмжлэлийг шийдвэрлэх нь давхардал, эрх зүйн зөрчил үүсгэхээргүй байна” гэх үндэслэл дурдан, шүүхийн 306/ШТ2025/...3 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож,
- гэм хорын хохирол 11.250.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалан явуулж, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759, 115.2.3-д заасныг тус тус баримталж, шүүхийн 137/ШШ2025/...9 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
- уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 202/МА2025/...1 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.О-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт” ирүүлсэнд шүүгч Э.Болормаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар хүсэлтээ Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах нь зүйтэй” хэмээн дурдаж, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 137/ШЗ2025/...3 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 730 тоот албан бичгээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байх ба тус давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 202/ШТ2025/...4 дүгээр “Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай” тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Ийнхүү уг маргаан бүхий иргэний хэрэг, нэхэмжлэлийг шүүгч Э.Болормаа шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ шүүгчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуулийг тайлбарлан хэрэглэж, холбогдох хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогч гомдол гаргах эрхээ эдлэн улмаар хуулиар эрх олгогдсон этгээд нь тус шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг тухай бүр шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах үүргээ хэрэгжүүлсэн байна. Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэх үйлдэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гэм хорын хохиролд мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардлага бүхий иргэний хэрэг холбогдох журмын дагуу шүүгч Э.Болормаад хуваарилагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 753 дугаар зүйлийн 753.1-д “Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасныг баримтлан 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн 137/ШЗ2025/...9 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн долдугаар бүлгийн 751.-д тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг, түүнийг шийдвэрлэхтэй холбоотой журмыг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 751.1.4-т “бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах” нэхэмжлэл хамаарахаар тусгажээ.
Иймд шүүгч хуулийн 751.1-д “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн 2024 онд тогтоогдсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлснээс бага үнийн дүнтэй буюу 11.250.031 төгрөгийг эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар дангаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Дээрхийг нэгтгэвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа Шүүхийн тухай хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргаагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Э.Болормаа хариу тайлбартаа: “...Г.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох гэм хорын хохиролд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11.250.531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлах тухай" тогтоолын 1.1, уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 1.1, 2.1.а-д зааснаар хуваарилагдан ирсэн.
Тус хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг хийж хэргийг шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, 137/ШШ2025/...5 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж үзэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Энэ захирамжид нэхэмжлэгч тал гомдол гарган гомдлыг тус шүүх шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэх үндэслэлээр адил шатны шүүх болох Говьсүмбэр аймгийн сум дундын анхан шатны шүүх рүү хүргүүлж шийдвэрлүүлсэн.
Говьсүмбэр аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2025/...5 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул хэргийг дахин хүлээн авч 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.
Тус хэргийн шүүх хуралдаанд зохигчид өмгөөлөгчийн хамт оролцсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д зааснаар хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг хуульчилсан. Тус хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтыг тодруулж асуусан. Нэхэмжлэгчийн шаардлагаа нотолсон гэх баримтаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талаас тодруулж асуусан асуулт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчийн хориглох зүйлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Г.О-аас гаргасан гомдолд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Г.О ”урьд шийдвэрлэсэн хэрэгтэй холбоотойгоор өмнө нь миний хүүтэй зодолдсон хүүхэд хэд хэдэн удаа заналхийлсэн үг хэллэг хэлж, өшиглөсөн тухай хүү минь хэлсэн тул иргэний журмаар шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүгч хэргийг хэт нэг талыг барьж байгаад гомдолтой байна; 2 удаагийн шүүх хуралдаанд шүүгч нь асуулт асуухдаа дуу ярианы зохимжгүй байдал гарган, биеийн хэлэмжийн хувьд Шүүгчийн ёс зүйн дүрмийн хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, шүүгч нь зохимжгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус хандах, хэргийн оролцогчоос шүүгчээс татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийх гэсэн заалтуудыг зөрчиж байна” гэх агуулгатай өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-2 тал/
Илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдагдсан асуудлын хүрээнд шалгах ажиллагаа явуулаад холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, тухайн саналыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор уг саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна. /с.х-ийн 68-73, 82-88 тал/
Илтгэгч гишүүн нь дээрх тогтоолд заасан ажиллагааг явуулан холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн тул дахин сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ. /с.х-ийн 220-223 тал/
Сахилгын хорооны хуралдаанаар шүүгч Э.Болормаад холбогдуулан үүсгэсэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан, хуульд нийцсэн байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
1.Шүүхийн сахилгын хорооны СХТ/2025/...9 дүгээр тогтоолд заасан “...өргөдөл гаргагч нь гэм хорын хохирол арилгуулахаар нэхэмжлэл гаргасан эсэх, шүүгч дээрх процессын хуулийн заалтыг зөрчсөн эсэх, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр хэлэлцсэн эсэх, энэ үйл баримт нь сахилгын зөрчилд хамаарах эсэхийг тодруулж дүгнэлт хийх шаардлагатай...” гэж дүгнэсний дагуу илтгэгч гишүүний явуулсан дахин шалгах ажиллагаа, түүний саналын тухайд:
Илтгэгч гишүүн нь сахилгын хорооны хуралдааны тогтоолд заасны дагуу дахин шалгах ажиллагаа явуулаад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 ...зүйлийн ...751.1-д “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн 2024 онд тогтоогдсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлснээс бага үнийн дүнтэй буюу 11.250.031 төгрөгийг эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар дангаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзжээ. /с.х-ийн 220-223 тал/
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан анх эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4.107.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11.250.531 төгрөг гаргуулах болгон нэмэгдүүлсэн байна. /с.х-ийн 23-26, 49-51 тал/
Улсын хэмжээнд 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660.000 төгрөг ба үүний 20 дахин нэмэгдүүлсэн мөнгөн хөрөнгө нь 13.200.000 төгрөг бол, 2025 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэг цагт 4.715 төгрөг буюу сард 792.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.
Өөрөөр хэлбэл дээрх иргэний хэргийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө нь 792.000*20=15.840.000 төгрөгөөс бага үнийн дүнтэй хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Иймд илтгэгч гишүүний дээрх дүгнэлт үндэслэл бүхий байх тул хүлээн авах нь зүйтэй.
Иргэн Г.О өргөдөлдөө дурдсан доорх 2 үндэслэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар үнэлж, дүгнээгүй боловч илтгэгч гишүүний бүрдүүлсэн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч Э.Болормааг шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул хянан шийдвэрлэв. Үүнд:
2.Өргөдлийн “хэрэг дахин давтагдаж байгаа тул миний хувьд иргэний журмаар шүүхэд гомдол гаргахад ... гэм хорын хохирлын төлбөр гаргуулах хэргийг 1 удаа, гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хохирлын төлбөр гаргуулах хэргийг 1 удаа тус тус хэрэгсэхгүй болгож хэт нэг талыг барьсан...” гэсэн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.О-ын хүү Л.О, хариуцагч Б.Б-ийн хүү Ш.Б нар 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар сургуулийн анги танхимд маргалдсаны улмаас Л.О-ийн нуруу гэмтсэнтэй холбогдуулан тус сум дахь сум дундын Прокурорын газрын прокурор Б.С-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “...цугларсан баримтуудаар дээрх үйл баримтад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндийг халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзжээ. /с.х-ийн 95-96 тал/
Улмаар Г.О нь Б.Б болон тус сум дахь Ерөнхий боловсролын ...дугаар сургуульд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.041.164 төгрөг гаргуулах, суралцагч Л.О-ийг суралцах боломжоор хангахыг даалгах тухай нэхэмжлэлийг сум дундын шүүхэд гаргаж, шүүгч Д.Ц-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 137/ШШ2023/...4 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 103-106 тал/
Харин нэхэмжлэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гэм хорын хохиролд 4.107.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргасан нь шүүгч Э.Болормаад хуваарилагдаж, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн мөн өдрийн 137/ШЗ2025/...5 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг Говь-сүмбэр аймаг дахь сум дундын анхан шатын шүүх хэлэлцэн, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 306/ШТ2025/...3 дугаар тогтоолоор “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга нь ...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...4 дүгээр шүүгчийн захирамж гарснаас хойших хугацааны эмчилгээ, замын зардал зэрэг тодорхой хэмжээний хор уршгийг арилгуулахаар нэхэмжилсэн... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байх ойлголт нь тухайн үйл баримттай холбоотой байхаас гадна тухайн шийдвэрлэж байгаа цаг хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн зүйлд хамаарах ойлголт юм... Харин энэ хэргийн тухайд шүүгчийн захирамж гарснаас хойших хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн зүйл нь баримтаар нотлогдож тогтоогдож байгаа эсэхийг үнэлж, нотлох баримт нь аль үйл баримт, цаг хугацаанд хамаарч байгааг тогтоох замаар өмнөх үйл баримтын хохирлыг шийдвэрлэсэн захирамжаас хойших зардал төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзээд шүүгчийн дээрх 137/ШЗ2025/...5 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. /с.х-ийн 113-114, 117-118, 23-26, 34-37 тал/
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 11.250.531 төгрөг болгосон ба шүүх 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцэж, 137/ШШ2025/...9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /с.х-ийн 49-51 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан.
Шүүгч Э.Болормаа нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн, талуудын мэтгэлцээн, тэдгээрийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тэдгээрийг харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх юм.
Нөгөөтэйгүүр мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан нь хэргийн оролцогчдын хуулиар хүлээх үүрэгт хамаарна.
Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч түүнийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлд холбогдох баримтаа өөрсдөө цуглуулан бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөх ба өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; ...түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу шүүхэд хүсэлтээ гарган, шүүхээр бүрдүүлэх боломжтой.
Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгож байсан 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс “шинээр гаргаж өгөх нотлох баримт, тусгайлан гаргах санал, хүсэлт байгаа эсэх”-ийг тодруулахад нэхэмжлэгч хүүхдийн эмчлүүлэгчийн карт, 2 сидиг нэмэлт баримт болгон өгч, хүсэлт гаргаагүй, хариуцагч талаас “нотлох баримт, хүсэлт байхгүй” гэсэн бол, хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч дээрх асуултыг асуухад нэхэмжлэгч, хариуцагч талаас тус бүр “байхгүй” гэж хариулж байжээ. /с.х-ийн 27-33, 42-48 тал/
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, хэргийг хянан шийдвэрлэснээр нь шүүгчийг “хэт нэг талыг барьсан” гэж үзэхгүй бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй болно.
Түүнчлэн дээрх шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2025/...9 дүгээр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хянах эрх хэмжээтэй тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 202/МА2025/...1 дүгээр магадлалаар хэвээр үлдээн, мөн зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр болж, хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.
3. Өргөдлийн “...Чамайг хүүхдээ сувилал сэргээн засах эмчилгээнд хэн авч яв гэсэн юм, яах гэж авч явж байгаа юм, тэгж бичсэн үг үсэг хаана байгаа юм, тухайн хэрэгт холбогдогч хүүхэд мэдүүлэгтээ дарснаа хүлээн зөвшөөрсөөр байтал чи дарж байгааг нь харсан юм уу, хэн дарж байгааг нь нотлох юм, даруулснаас болж танай хүүхэд гэмтсэн гэж үг үсэг хаана байгаа юм, шүүх шинжилгээний дүгнэлт дээр бичигдсэн боломжтой гэдэг үг яг дарснаас болж гэмтсэн гэсэн үг биш гэх мэт асуултуудыг асуухдаа дуу авианы зохимжгүй байдал гарган нүдний шилний дээгүүр харж байгаа байдал нь биеийн хэлэмжийн хувьд Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж байна” гэсэн үндэслэлийн тухайд:
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...дээрх үг, үйлдлийг 2 удаагийн шүүх хуралдаан дээр гаргасан..” гэж дурдсан ба илтгэгч гишүүн нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн, 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн бэхжүүлсэн байна. /с.х-ийн 63-66, 15-17 тал/
- 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд:
- 25 минут 27 секундэд даргалагч нэхэмжлэгчээс “Прокурорын 2024 оны 130 дугаартай тогтоолыг та уншсан уу? Энд хүүхдүүд насанд хүрээгүй гээд хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй байна, гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан байна, тэрийг ойлгож байна уу? Өмнөхийг нь мэдэхгүй, хэрэгт авагдсан таны гаргаж өгсөн нотлох баримтаас би уншиж байна л даа”,
- 26 минут 20 секундээс “шүүхийн 2023 оны ...4 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хэрэгт байна. Энэ хэрэг дотор 2023 оны 5 дугаар сарын 24-ний үйлдлээр танай хүүхдэд гэмтэл учирч, энэ гэмтлийн улмаас эмчилгээний зардал 4.000.000 төгрөг нэхэмжилж, энэ дээр эвлэрсэн юм байна, тийм үү? Тэгж ойлгож болох уу? Өнөөдрийн шүүх хуралдаанд оруулж ирсэн дахин нэхэмжилсэн 4.107.031 төгрөг нь хэзээний үйлдлийн хохирлын зардал юм бэ?”,
- 27 минут 15 секундэд “энэ хэзээ эмчилгээ, үйлчилгээ авсан хэдэн сарын зардлууд юм бэ?”, “2023 оны 8 дугаар сарын зардлыг та яагаад 2023 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэр гарахад, өөрөөр хэлбэл таны гаргасан нэхэмжлэлдээ та энийг нэхэмжлээгүй юм бэ? Та шүүхэд 2023 оны 9 дүгээр сард нэхэмжлэл өгсөн юм байна ш дээ”,
- 28 минут 08 секундээс “таны өгсөн 7 дугаар хуудаснаас хойших баримтууд байна. Энэ баримтуудын заримын он, сар, өдөр нь зарим нь гаргагдахгүй байна. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны 89.185 төгрөгийн баримт нь юуны баримт вэ? Өөрийн чинь баримтуудад замын зардлын, газын зардлууд их байдаг”,
- 29 минут 14 секундэд нэхэмжлэгч “манайх газ нь машинтай” гэхэд даргалагч “тэрийн нотолсон баримт байна уу? Өөрөөр хэлбэл 2024 оны 8 дугаар сард тийшээ явах зайлшгүй шаардлагатай, ийм эмчилгээ хийлгэ гэсэн энэ баримтуудтай уялдсан эмчийн баримтууд байна уу?”,
- 29 минут 40 секундэд “хэрэг дотор тийм баримт байна уу?” гэхэд нэхэмжлэгч “наад дотор чинь байхгүй байх аа” гэсэн тул даргалагч “хэрэг дотор байгаа юм л ярина ш дээ, одоо. Хэрэгт байхгүй юмыг бид нар шинжлэн судлахгүй”,
- 30 минут 01 секундэд “жишээ нь 2024 оны 8 дугаар сарын 16-нд 89.965 төгрөгийн газ хийсэн. Дахиад Дашваанжил гээд 2024 оны 8 дугаар сарын 19-нд 80.960 төгрөг гээд, өөрөөр хэлбэл 3 хоногийн дотор танай машин 160.000-аад төгрөгийн бензин хэрэглэсэн байна”,
- 30минут 37 секундэд “Архангай яах гэж явдаг юм бэ? Архангай руу заавал сэргээн засах сувилалд явах шаардлагатай гэсэн эмчийн бичиг хаана байгаа вэ?”,
- 31 минут 11 секундэд нэхэмжлэгч “энд байна л даа, карт дээр нь” гэхэд даргалагч “хэрэгт байхгүй баримтыг бид нар шинжлэн судлахгүй гэж би хэлсэн. Та шүүхэд өгөхгүй гэсэн учраас шүүх хүлээн авах боломжгүй болсон”,
- 31 минут 23 секундэд “Л.О-ийн вагоны тасалбар юм шиг байна. Улаанбаатараас Замын-Үүд орсон юм шиг байна. Улаанбаатар орсон галт тэрэгний тасалбар байна. Энэ Улаанбаатар луу ямар зорилгоор явсан юм бэ?”,
- 31 минут 39 секундэд “Шүүх шинжилгээний хүрээлэн рүү явж шинжилгээ хийлгэ гэж хаанаас хэлсэн юм бэ, баримт нь байна уу? Тэдэн сарын тэдэнд очиж шинжилгээнд хамрагд гэсэн бичиг нь байна уу?”,
- 32 минут 13 секундэд “Л.О 2024 оны 01 дүгээр сарын 07-нд Замын-Үүдээс Улаанбаатар луу вагоноор явсан байна. Энэ нь ямар зорилгоор явсан юм бэ? Мөн 2023 оны 10 дугаар сарын 15-нд өөрөө Л.О-ийн хамт Улаанбаатараас Замын-Үүд явсан нь”,
- 33 минут 14 секундэд “2023 оны 10 дугаар сарын 02-нд Л.О-тэй хамт Замын-Үүдээс Улаанбаатар луу гэсэн нэг баримт бас байна”,
- 33 минут 51 секундэд “энэ баримтуудаас харахаас саяных бол дандаа замын зардал байна. Дараа нь мөн 7 дугаар хуудсанд Голомт банкны 21.000 төгрөгийн баримт нь юуны баримт вэ? Мөн Моносын баримт байна, дахиад Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл байна, 2024 оны 01 дүгээр сарын 10, Л.О эмчилгээ гэсэн бичиг байна”,
- 35 минут 27 секундэд “2023 оны 10 дугаар сарын 04-ний 300.000 төгрөгийн, мөн 2024 оны 01 дүгээр сард “А” мед сувилал гэсэн 2.775.000 төгрөг эмчилгээ гэсэн, бас 60.000 төгрөгийн баримт байна”,
- 36 минут 20 секундэд “ийм баримтууд өгсөн байна тийм үү? Энэ бүх эмчилгээ, замын зардлууд нь 2023 оны 5 дугаар сарын үйлдэлтэй холбоотой гэж үзэж байна уу?”,
- 36 минут 39 секундэд “та нарын эвлэрлийг баталсан 2023 оны захирамжаа та юу гэж ойлгож байна вэ?”,
- 37 минут 24 секундэд “захирамжийн 4 дэх хэсэгт энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн байгааг юу гэж ойлгож байна вэ? Тухайн асуудал гэдэг нь 2023 оны 5 дугаар сарын асуудлаар дахин эрхгүй. Дахиад танай хүүхдийг зодсон асуудал байгаа бол 2024 онд зодсон гээд байгаа. 2024 онд зодсоноос болоод дахиж гэмтэл аваад дахиж эмчилгээ, сувилгаа авсан бол тэр нь өөр асуудал. Яагаад гэвэл энэ ь 2023 онтой холбогдолгүй болж байгаа байхгүй юу. Тэрийг ойлгож байна уу?” гэх асуултуудыг асуужээ.
- Мөн 40 минут 50 секундээс даргалагч хариуцагчаас асуулт асууж, хариулт авч байна.
- 44 минут 11 секундэд нэхэмжлэгч “баримт дутуу өгсөн байна” гээд зарим нэг зүйл хэлэхэд даргалагч “одоо байгаа шүүх хуралдаанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах асуудал яригдана. Өмнө нь бол та нарт нотлох баримт өгөх хангалттай хугацаа байсан. Урд нь шүүх хуралдаан хойшилсон. Нотлох баримт өгөх боломж та нарт бүгдэд нь байсан. Эрх, үүрэг тайлбарлаж өгсөн, 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл бараг 2 сар болж байна, хэргийн хугацаа дуусаж байгаа” гэснээр нэхэмжлэгч нотлох баримтуудаас шинжлэн судалж байна.
- 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд:
- 21 минут 00 секундээс нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа даргалагч нэхэмжлэгчээс “Хүндэвтэр хохирол учирсан гээд шинжээчийн дүгнэлтээр гарчихсан байгаа тиймээ. Энэ хохирлыг хэн учруулсан бэ?”,
- 21 минут 23 секундэд “тэрийг нотолсон баримт нь хаана байна вэ?”
- 21 минут 49 секундэд “сиди бичлэгээр тогтоогдож байгаа гэж та үзээд байгаа юм уу?”,
- 21 минут 58 секундэд “миний асуултыг ойлгосон уу? Хүндэвтэр хохирол учирсан гээд шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ хүндэвтэр хохирлыг хэн учруулсан юм бэ? Тэрийг та юугаар нотолж байгаа юм бэ? Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдөө нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэж татгалзаж байгаа нотлох баримтуудаа өөрсдөө нотлох үүрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр хүүхдэд чинь учруулаад байгаа энэ гэмтлийг Ш.Б учруулсан гэдгийг та юугаар нотлоод байгаа юм бэ?”,
- 22 минут 50 секундэд “боломжтой гэдэг маань яг учруулчихсан юм гэдэг ойлголт мөн юм уу? Хоёр талтай хариулт ш дээ тиймээ”,
- 24 минут 12 секундэд “иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ялангуяа таны гаргаад байгаа гомдол, гэм хорын хохирлын гомдол чинь тэр эрүүгийн хэргээс үүсэлтэй гэдгийг ойлгож байна уу?”,
- 24 минут 52 секундэд “дараа нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шинжгүй юм байна гээд хаасан талаар өмнөх шүүх хуралдаан дээр мэдсэн гэж байгаа ш дээ. Тэгээд дахиж прокурорт гомдол гаргана гэсэн ш дээ. Тэгэхээр энэ иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маань эрүүгийн хэргээс улбаатай гэм хорын хохирол гэдгийг та ойлгож байгаа юу л гэж асууж байгаа юм. Түүнээс биш таны өмнө нь мэдээгүй, ойлгоогүй байсан дараа нь ойлгосон гэдгийг чинь би ойлгосон, сонсчихлоо”,
- 25 минут 26 секундэд “өөрөөр хэлбэл энэ Ш.Б гэдэг хүүхэд танай хүүхдэд хохирол учруулсантай холбоотой, буруутай юм гэдэг шийдвэр хаана байгаа вэ гэж асууж байгаа юм” гэж нэхэмжлэгчийн асуулт асууж, хариулт авчээ.
- 25 минут 54 секундэд “нэхэмжлэгчээс дахиад нэг зүйл тодруулаад асууя, хохирлын баримттай холбогдуулаад. 2023 оны 10 дугаар сарын 02, 15-ны өдрийн вагоны зардал байдаг. Энэ зардлууд хаанаас хаана хүрсэн зардал юм бэ? Ямар зорилгоор явсан юм бэ”,
- 26 минут 45 секундэд “энэ зардлын дагуу Мөнгөн гүүрт 03, 04, 05-ны өдрүүдэд үзүүлсэн баримтууд хаана байгаа вэ?”,
- 29 минут 49 секундэд “2023 оны 10 дугаар сарын 04-нд 300.000 төгрөг Г.О гээд шилжүүлж байсан байна. Энэ юуны төлбөр юм бэ?”,
- 30 минут 48 секундэд “9 дүгээр сарын 16-нд 60.000 төгрөг О-т О-аас гээд энэ юуны зардал вэ?”,
- 31 минут 05 секундэд “эдгээр бичилтүүд нь карт нь дээр нь байгаа юу?” гэх асуултуудыг асуусан байна.
Дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэгийн дагуу явагдсан байхаас гадна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу шүүгч мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлжээ.
Мөн шүүх хуралдаан даргалагч, шүүгч Э.Болормаа нь дээрх асуултуудыг асуухдаа уурлаж бухимдсан өнгө аяс илэрхийлээгүй, биеийн хэлэмжээр дургүйлхсэн байдлыг харуулаагүй байх бөгөөд дээрх асуусан асуултууд, нэхэмжлэгч Г.О-ын хариултаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар хэргийн үйл баримт, хэргийн оролцогчоос өгсөн баримтыг тухайн хэрэгт хамааралтай эсэхийг шүүгч тодруулсан гэж үзнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Э.Болормаа нь Монгол Улсын шүүхийн тухай 50, 51.1, 52, 53 зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогдож, тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2026/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР