info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-02-05

Дугаар 19

Улаанбаатар хот

                                                2026.02.05      СХМ-0019z1                                                              

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хэргийн оролцогч шүүгч Д.Ганболд нарыг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазараар тэмдэглэл хөтлүүлэн тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ГС/2026/0012 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналд:

““Г” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.У өргөдөлдөө: “...“Г” СӨХ нь ... дугаар байрны ашиглалтын хэвийн байдал болон сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг билээ. Бид СӨХ-ны зардал төлүүлэх зорилгоор нэр бүхий гурван өмчлөгч буюу оршин суугчдад холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ингэхдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульд заасны дагуу бүрдүүлэн улсын тэмдэгтийн хураамжийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-р дамжуулан Хаан банкны киоск төхөөрөмжөөр төлж киоскоос гарч ирсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон депозит дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсарган өгсөн. Гэтэл тус шүүхийн шүүгч Д.Ганболдын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32024/18389 дүгээр захирамжаар манай СӨХ-оос төлсөн 34,799.60 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32024/18390 дүгээр захирамжаар манай СӨХ-ноос төлсөн 21,666.80 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/11132024/18391 дүгээр захирамжаар манай СӨХ-ноос төлсөн 12,344.00 төгрөг, түүнийг нотлох баримтуудыг тус тус бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэнээс гадна Захирамжлах хэсэгтээ “Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай” гэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна.

Учир нь шүүгч Цахим гарын үсгийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.11 дэх хэсэгт “Тоон гарын үсэг бүхий цахим баримтыг тоон гарын үсгийг эзэмшигч үйлдээгүй талаар үндэслэл бүхий тодорхой шалтгаан дурдсанаас бусад тохиолдолд уг цахим баримтын жинхэнэ эсэх талаар маргахгүй” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Шүүх цахим баримт бичгийг үнэлэхээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална” гэж, мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэрийг баримтална” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч хуулийн илт тодорхой зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг тодорхой цаг хугацаагаар хязгаарлаж байгаагаас гадна төлсөн мөнгөө төрийн сангаас буцаан гаргуулах боломжгүй болгож буй нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой, удаа дараа зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Хэдийгээр дээрх мөнгөн дүн их биш харагдаж болох ч илүү өндөр дүнтэй нэхэмжлэл, өндөр дүнтэй улсын тэмдэгтийн хураамж байсан бол эрхээ хамгаалуулахаар шүүхийг зорьсон иргэд ийнхүү дахин шүүх дээрээ очоод төлсөн хураамжаараа хохироод байх нь үнэхээр харамсалтай зүйл болно.

Мөн түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийг киоск төхөөрөмжөөр төлж, яг ижил баримтыг өгөхөд бусад бүх шүүх, шүүгчид хэрэг үүсгэн маргааныг шийдвэрлэсээр байхад ийнхүү хууль, шүүхийн практикаас илт зөрүүтэй хариу, татгалзал гаргаж буй нь үнэхээр гайхалтай. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболдын “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3 захирамж нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцож, дээрх алдаа, зөрчлийн улмаас манай “Г” СӨХ-нд учирсан, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,810.4 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Шүүгч Д.Ганболд тайлбартаа: ““Г” СӨХ-оос тус хороонд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэж огноолж ирүүлсэн гомдол, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2024/0115 дугаар захирамжийг мөн оны 10 дугаар сарын 31-ны өдөр цахимаар хүлээн авсан. Шүүгч Д.Ганболд би дээрх гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.” гэж тус тус заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу тавигдах шаардлагыг зохицуулсан байдаг. Хэрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл нь энэхүү бүрдүүлбэрийг хангаагүй байгаа тохиолдолд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар шүүх хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Тодруулбал, хуулийн энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгчид бүрдүүлбэр хангах, харин шүүгч бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авахаас татгалзах тухай үүрэг болгосон байна. Цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргах ёстой бөгөөд уг баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх учиртай.

Гомдолд шүүгч миний гаргасан зөвхөн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3 захирамжийн талаар дурдсан байгаа нь асуудлын нэг талыг барьж шүүгчийг үндэслэлгүйгээр буруутгахыг зорьсон гэж ойлгогдож байна.

 “Г” СӨХ нь 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Д.Г, Ж.А, С.У нарт холбогдуулан тус тусдаа 3 нэхэмжлэл гаргасныг шүүгч би 26-ны өдрийн холбогдох захирамжуудаар дээрх хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үндэслэл нь:

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар  үйлчилгээний зардалд мөнгөн хөрөнгө шаардсан боловч тухайн мөнгөн хөрөнгийг ямар хугацаанд хэрхэн тооцож байгаа талаар тайлбарлаагүй байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойгүй болгосон. Энэхүү байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцэхгүй бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т хамаарах юм. Учир нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулдаг. Улмаар хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах үүрэг хүлээнэ. Хэрэв нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй бол хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар хариу тайлбар гаргах, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болдог.         

Нэхэмжлэлд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт нь дээрх хуульд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байсан. Гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.11 дэх заалт нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх бөгөөд энэ гомдлын үндэслэл болох боломжгүй тул нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д цахим баримтыг хэрхэн үнэлэх талаар зохицуулсан. Харин улсын тэмдэгтийн хураамж төлсөн санхүүгийн анхан шатны баримт нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан цахим баримт биш юм. Цаашлаад, тухайн баримтад мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан “хуулбар хувь” гэсэн тэмдэг дарагдаагүй байсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар нэхэмжлэгч СӨХ нь өөрийн оршин байгаа буюу үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг тодорхой дурдсан байх ёстой. Гэвч нэхэмжлэлд орцны дугаар бичсэн боловч хаалганы дугаар бичээгүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Гэхдээ энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй бөгөөд харин уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргавал анхаарах ёстойг тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасантай нийцэх юм. Гомдолд энэхүү 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3 захирамжийн талаар дурдаагүй байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгогдож байна.

Гомдолд дурдсан 2024 оны 07  дугаар сарын 09-ны өдрийн 3 захирамжийн хувьд:

Г-т холбогдох нэхэмжлэлийг 18391 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага хэсэгт 389,000 төгрөг шаардсан боловч үндэслэх хэсэгт 389,800 төгрөг гаргахаар дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцэхгүй. Энэ нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д хамаарна. Нэхэмжлэлийн үндэслэлийг гагцхүү нэхэмжлэгч тодорхойлох эрхтэй ба харин шүүх нэхэмжлэлийн агуулгаар шаардлагыг тодорхойлох боломжгүй.

Гомдол дурдсан 3 захирамжид аль алинд нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар тайлбарлажээ. Нэхэмжлэлд хавсаргасан хэвлэмэл баримтуудыг үнэлэх боломжгүй байсан нь энэхүү тайлбарын 2.1.2-т дурдсанаар тайлбарлагдана. 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нэхэмжлэл, түүнд хавсаргасан бүхий л баримтыг нэхэмжлэгчид буцаан олгодог. Иймд гомдол гаргагч нь гомдолдоо хуульд заасан шаардлага хангасан баримт хавсаргаж өгсөн байх боломжтойг дурдах нь зүйтэй. Харин шүүгч надад энэ талаар ямар нэг баримт үлдэхгүй тулд зөвхөн өөрийн захирамжаар үйл баримтыг нотлох юм.

Шүүгч би бусад шүүгч нар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тайлбар гаргах эрхгүй. Харин зөвхөн хуулиар асуудлыг хэрхэн зохицуулсан талаарх заалтад захирагдаж эрхийн акт гаргах тул гомдолд дурдсанаар бусад шүүгчийн захирамжийг жишээ болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримтыг төлбөр төлсөн банкаар баталгаажуулан хавсаргаж, хүсэлт гаргах замаар төлсөн гэх мөнгөн хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар буцаан гаргуулах эрх нээлттэй.

Нэхэмжлэлийг хүлээн авч хянах үед тухайн баримтууд нь шаардлага хангахгүй байсан тул гомдол, энэ тайлбарт дурдаж буй захирамжуудаар уг мөнгөн хөрөнгийг буцаан олгох боломжгүй байсан болно. Эдгээр үндэслэлээр шүүгч би хуульд заасны дагуу захирамж гаргасан, хуулийг ноцтой болон удаа дараа зөрчөөгүй тул гомдлыг хангахгүй орхиж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгч Д.Ганболд Сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүх байгуулах тухай хууль хэрэгжихтэй холбогдуулаад бэлтгэл ажил хангах ажлын хэсэгт орж ажилласан ба цаг зав муутай байсан тул өнөөдрийн сахилгын хэргийн хуралдаанд хүндрэл учруулж байгаад уучлал хүсэж байна. Гомдолд хавсаргасан банкны шилжүүлгийн баримтад илтгэгч гишүүний зүгээс үзлэг хийсэн тухай 2024 оны 12 дугаар сард нотлох дүгнэлт ирэхэд мэдсэн. Тухайн баримт дээрх QR кодыг шалгаагүй гэх үндэслэлээр намайг буруутгаж байгаа бөгөөд уг кодыг хуурамчаар үйлдэх боломжтой учир шүүх үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн үүнтэй адил аливаа цахим баримтын үг болон кодыг өөрчилж хуурамчаар үйлдэх боломжтой гэдгийг нотлох зорилгоор би өөр банкны шилжүүлгийн баримтыг хуурамчаар үйлдэж ирсэн байгаа. Үүнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангасангүй. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд тайлбараа ирүүлсэн. Тухайн хэргийн нэхэмжлэгч, хариуцагч хэн байхаас үл хамаарч шүүгч зөвхөн хуульд захирагддаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана” гэж, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж тус тус заасан байдаг. Илтгэгч гишүүний дүгнэлт болон өргөдөлд зөвхөн 2024 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн захирамжийн талаар дурддаг ба 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн захирамжийн талаар огт дурдаагүй.

Энэ нь шүүгчийг буруутгах гэсэн үйлдэл. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн захирамжид нотлох баримтын шаардлага хангах ёстой гэдгийг тусгасан байхад дараа нэхэмжлэл гаргахдаа яг адил баримт өгсөн байсан. Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахдаа тухайн шилжүүлгийн баримтад теллерийн тэмдэг даруулсан. Харин нэхэмжлэл гаргахдаа теллерийн тэмдэг дарсан байсан нь эргэлзээтэй байгаа юм. Мөн дансны хуулганы баримтын эхний нүүрэнд теллерийн тэмдэг дараагүй, дараагийн хуудаснаас дарсан байгаа. 7 дугаар сарын захирамжид 3 сарын дараа буюу 10 дугаар сард гомдол гаргасан. Гомдол гаргах байсан бол тухайн үедээ захирамж гарсан даруйд гомдол гаргах учиртай. Шүүгчийн зүгээс хэрхэн зөрчлөө арилгах тухай хэлж өгөх үүрэгтэй ба хэлсээр байтал 7 дугаар сард зөрчлөө арилгалгүй яг адил баримт өгсөн.

Мөн 200 төгрөгийн зөрүүний талаар яригдсан. Иргэний хэрэг үүсгэсэн захирамжид нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бичдэг. Эрхээ хамгаалуулж шүүхэд хандаж байгаа бол үнийн дүнгээ зөв тооцож өгөх хариуцлагатай байх ёстой. 200 төгрөг хэмжээний хувьд бага боловч иргэний хэрэг үүсгэж байгаа захирамжид аль дүнг бичих тал дээр асуудал үүсдэг.

2024 оны 06 болон 07 дугаар сард гаргасан захирамжид нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй үндэслэлийг маш тодорхой дурдаж өгсөн. Тухайн банкны баримтад теллерийн тэмдэг даруулаад ирүүлсэн бол хүлээж авах боломжтой. Хуульд заасны дагуу цаасан нотлох баримт байх ёстой. Улс даяар аливаа үйл ажиллагаа цахимжиж байгаа ч хуульд нийцсэн байх ёстой. QR кодыг хуурамчаар үйлдэх боломжтой гэдгийг баталж өөрийн үйлдсэн хуурамч баримтыг авч ирсэн. Би мэргэжлийн хүн биш атлаа хуурамч баримт үйлдэж болж байна. Иймээс QR кодтой баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан. Мөн санхүүгийн анхан шатны баримт, архивын баримт гэдэг нь 2 тусдаа ойлголт. Банкны шилжүүлгийн баримтыг баталгаажуулах эрх зөвхөн тухайн шилжүүлэг хийсэн банк, эсхүл хүлээн авсан банканд байдаг. Шүүхэд итгэх итгэлийг бууруулсан гэж дурдсан. Гэвч иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хэн нэгний алдааг тоохгүй өнгөрөөж болохгүй ба хэрэв буруугаар шийдвэрлэвэл жишиг тогтох боломжтой. Хуульд захирагдаж ажиллах хүрээнд л шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хэргийг үнэн шударгаар, хэн нэгний нөлөөнд авталгүйгээр, нотлох баримтыг зөв үнэлж, хэргийн оролцогчийн аль нэг талд орохгүйгээр, хөндлөнгийн байр суурийг чанд хадгалж, нээлттэйгээр хэргийг шийдвэрлэх ёстой. Хуульд нийцэхгүй баримтыг хүлээж авснаар шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжгүй.

Илтгэгч гишүүнээс 2024 оны 12 дугаар сард үзлэг хийх үед тухайн банкны баримт нь хүчингүй болсон байсан. Иймээс үнэлэх боломжгүй. Намайг QR кодтой баримтыг шалгах ёстой байсан гэж үзсэн. Хэрэв өөрийн гар утсаар кодыг шалгаж, баримт бүрдүүлээд хэрэгт хийсэн бол энэ нь хэргийн оролцогчийн нэг талд үйлчилж, өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлж хэрэгт хийсэн зөрчилд тооцогдох байсан. Түүнчлэн манай улсын аль ч шүүхэд тус QR кодыг уншуулж, баталгаажуулах төхөөрөмж байхгүй. Хэрэв миний бие өөрөө баримтыг баталгаажуулсан тохиолдолд дараа нь хэргийн оролцогч нар лавлаж асуухад хэлэх тайлбар надад байхгүй.

Мөн үүнийг нотлох ёстой гэж шүүгчид үүрэг болгосон нэг ч хуулийн зүйл заалт байхгүй. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгөх ёстойг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлээр хуульчилсан байдаг ба бүрдүүлж өгөөгүй тохиолдолд тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана. Хуульд заасны дагуу л захирамжаа гаргасан ба хэн нэгэн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчих бодол байгаагүй. Илтгэгч гишүүнд хүсэлт гаргах боломжгүй байсан тухай дахин давтаад хэрэггүй байх. Дүгнэлтийг эс зөвшөөрч байна” гэв.”

“... Нэг. Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболдын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17397, 17398, 17399 дугаар шүүгчийн захирамжуудаар “Г” СӨХ-оос С.У, Ж.А, Д.Г нарт тус тус холбогдуулан гаргасан 3 нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.2, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Холбогдох шүүгч Д.Ганболд тайлбартаа тус нэхэмжлэлүүдэд хавсарган өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан “хуулбар хувь” гэсэн тэмдэг дарагдаагүй байсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.” шүүгч захирамж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”, 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ... хавсаргана” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргагч тэмдэгтийн хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж, энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ” гэж тус тус заасан. 

 “Г” сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэлдээ хавсарган өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийн хамт ирүүлсэн байх ба Г СӨХ /Регистр:9097775/-оос 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

- 2240601488760 нэхэмжлэхийн дугаараар 34,799.60 төгрөгийг,

- 2240601488950 нэхэмжлэхийн дугаараар 21,668.80 төгрөгийг,

-2240601489222 нэхэмжлэхийн дугаараар 12,344.00 төгрөгийг татварын албанд Улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн даалгавар үүсгэж, Хаан банкны шилжүүлгийн баримт авагджээ.

Шалгах ажиллагааны явцад, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтад  үзлэг хийж шилжүүлгийн баримтууд дээрх тоон гарын үсгийг ухаалаг гар утсаар уншуулахад ЖВ99040710 регистрийн дугаартай Ч.Б нь киоск машинаар 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэг хийсэн талаарх мэдээлэл гарч ирсэн болно.

Холбогдох шүүгчээс “...QR кодыг хуурамчаар үйлдэх боломжтой ... QR кодтой баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан...” гэж тайлбарласан.

Иймд Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ГЗБ/2025/0182 дугаар гишүүний захирамжаар шинжээч томилж, “3.1. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б-н Хаан банкны 5407143293 данснаас Төрийн сангийн 900000 дансанд 34,799.60 төгрөг, 21,666.80 төгрөг, 12,344.00 төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлгийн мэдээллийн баримт нь Цахим гарын үсгийн  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тамгыг орлох чадамжтай, тоон гарын үсгээр баталгаажсан эсэх, 3.2. Дээрх шилжүүлгийн мэдээлэл дээрх тоон гарын үсэг, баталгаажуулах кодыг ашиглан шилжүүлгийн мэдээллийг шалгах боломжтой эсэх, 3.3. Тоон гарын үсгээр баталгаажсан мэдээллийг өөрчлөх, засвар оруулах, хуурамчаар үйлдэх боломжтой эсэх” талаар асуухад, сахилгын хэргийн оролцогч тус захирамжид гомдол гарган Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн СХТ/2025/0033 дугаар тогтоолоор илтгэгч гишүүний захирамжийн 3.3 дахь заалтыг өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0225/514 дүгээр шинжээчийн дүгнэлтээр, 1.Шинжилгээ хийх 38C6WPYQ81UKSCZV дугаартай-34799.60 төгрөг, ОЗН7CCMM5X1RM72B захирамжид дурдсан дахин давтагдашгүй дугаартай-21666.80 төгрөг, T008IBQFLIL6GT18 дугаартай-12344.00 төгрөгийн цахим гүйлгээний мэдээлэл нь ХААН БАНК байгууллагын цахим гарын үсгээр баталгаажсан, тосон тамгыг бүрэн орлох, дахин давтагдашгүй тоон мэдээлэл байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн дахин давтагдашгүй 38C6WPYQ81UKSCZV, O3H7CCMM5X1RM72B, T008IBQFLIL6GT18 дугааруудаар ХААН банкны мөнгөн гүйлгээний мэдээллийг www.portal.khanbank.com/verify/check/ цахим хуудсанд, дахин давтагдашгүй 2240601488760, 2240601488950, 2240601489222 дугаар, баркодоор Татварын алба, Татварын ерөнхий Монгол газрын www.itax.mta.mn/modules/invoice/check-status/ цахим хуудсанд бичихэд мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг шалгах бүрэн боломжтой байна. 3.Үсэг тоо холилдсон, тусгай алгоритмаар тухайн агшинд боловсруулагдсан тодорхой хэм, хэмжээтэй /16 оронтой/ дахин давтагдашгүй кодоор хамгаалагдсан файл, мэдээллийг засварлах, агуулгад өөрчлөлт оруулах, хуурамчаар үйлдэх техник, технологийн боломжгүй байна. 4.Цахим файл, мэдээллийн үүссэн, агуулгад өөрчлөлт орохоос хамгаалсан дахин давтагдашгүй үсэг, тооны цуглуулгыг тухайн файлын ХЭШ /hash/ утга гэж нэрлэдэг /дахин давтагдашгүй, тоон гарын үсэг/ гэх дүгнэлтийг ирүүлсэн.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг холбогдох шүүгч зөвшөөрөөгүй учир Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГЗБ/2025/0610 дугаар гишүүний захирамжаар дахин шинжээч томилж, “3.1. Сахилгын хэргийн оролцогчийн ирүүлсэн QR код бүхий баримтаар илэрсэн /My QR code/ болон түүнтэй ижил төстэй программыг ашиглан банкны төлбөрийн гүйлгээний мэдээллийг агуулсан QR код бүхий баримтыг хуурамчаар үйлдэж болох эсэх, 3.2. Тухайн баримтыг хуурамчаар үйлдэх боломжтой тохиолдолд түүнд агуулсан мэдээлэл үнэн зөв, бодитой эсэхийг хэрхэн тогтоох, үүнд тусгай мэдлэг, ур чадвар шаардлагатай эсэх, 3.3. QR кодыг хэн  үйлдсэн, түүнд агуулсан мэдээллийн илэрц нь үнэн зөв, бодитой эсэхийг хэрхэн мэдэх вэ” гэх асуулт асуухад,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0225/1367 дугаар шинжээчийн дүгнэлтээр 1. Банкны төлбөрийн гүйлгээний мэдээллийг агуулсан эрх бүхий этгээд/албан тушаалтны тоон гарын үсгээр баталгаажсан QR код бүхий баримтыг хуурамчаар үйлдэх боломжгүй. 2. Банкны төлбөрийн гүйлгээн тоон гарын үсгээр баталгаажуулсан QR кодыг үнэн зөв, бодитой эсэхийг тухайн банкны тоон гарын үсэг эзэмшигч тодорхойлно. 3. QR кодыг хэн үйлдсэнийг тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг ирүүлсэн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр холбогдох шүүгчийн “...QR кодыг хуурамчаар үйлдэх боломжтой ... QR кодтой баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан...” гэх тайлбар үгүйсгэгдэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална.” гэж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр (цаашид “баримт бичгийн эх хувь” гэх)-ийг баримтална.” гэж, 38.3 дахь хэсэгт “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ.” гэж тус тус заасан  тул 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.

 

Хоёр. Өргөдөл гаргагч “Г” СӨХ-оос 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С.У, Ж.А, Д.Г нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Г хүлээн авч, мөн сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/18389, 101/ШЗ2024/18390, 101/ШЗ2024/18391 дүгээр шүүгчийн  захирамжуудаар  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Шалгах ажиллагааны явцад, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан болон хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэлийн дэвтэрт тус тус үзлэг хийхэд “Ганга” СӨХ-оос 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа С.У-д холбогдуулан 13 хуудас, Ж.А-д холбогдуулан 11 хуудас, Д.Г-д холбогдуулан 10 хуудас баримт өгснийг буцаан авсан. Дахин 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа С.У-д холбогдуулан 14 хуудас, Ж.А-д холбогдуулан 12, Д.Г-д холбогдуулан нийт 11 хуудас баримт өгснийг буцаан авсан болох нь тогтоогдож байна.

Энэ талаар гэрч Ч.Б сахилгын хороонд өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн баримтуудаа тэр чигт нь Сахилгын хороонд өргөдөл гаргахдаа гаргаж өгсөн. ... манайхаас 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ямар хугацааны өр төлбөр нэхэж байгаа болохыг тодруулж, миний бие өөрийн Хаан банкны депозит дансны хуулгыг Хаан банкны теллер гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж нэмж өгсөн. Дээр хэлсэнчлэн банкнаас Киокс машинаас авсан уг кодтой баримт эх баримт тул дахин тамга тэмдэг дарахгүй гэсэн тул өмнөх төлсөн баримтаа өгсөн. 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжуудаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзсэн ба буцаан олгох талаар дурдаагүй ...” гэжээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, улсын тэмдэгтийн хураамж төлснийг нотлох 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан  Ч.Б-н ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нэхэмжлэл тус бүрт нэмж хавсарган өгсөн байхад шүүхээс дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.” шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалт нь хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авах, хангаагүй тохиолдолд татгалзах талаар энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц байдлаар заасан байна. Өөрөөр хэлбэл, төлсөн байхад төлөөгүй гэсэн үндэслэлээр дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт нь шүүгч Д.Ганболдыг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзлээ.

 

Харин илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн асуудлаар хариуцагчаар тодорхойлсон этгээд нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаагаас гадна гэрч Ч.Б сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авсан талаар тайлбарласан.

Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн “Удаа дараа зөрчих” гэсний “удаа дараа” гэх ойлголтыг төрийн албан хаагчийн нийтлэг (хөдөлмөрийн) харилцааг зохицуулж буй “Төрийн албаны тухай хуулийн агуулгаар тайлбарлах нь зүйтэй. Уг хуулийн 47.1.1-д “... удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан тул энэ агуулгаар “хуулийн илт тодорхой заалтыг гурав ба түүнээс дээш удаа зөрчих” гэж ойлгоно. Шүүгч хуулийн илт тодорхой заалтыг 1-2 удаа ноцтой бус байдлаар зөрчсөн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж тайлбарласан.  Иймд холбогдох шүүгч нь хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчсөн гэж үзэхээр байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 18389, 18390, 18391 дүгээр шүүгчийн  захирамжуудаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байх боловч удаа дараа, ноцтойд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг үйлдэв.” гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус хороонд ирүүлсэн өргөдөл болон Сахилгын хорооны тогтоолд заасан үндэслэлээр явуулсан илтгэгч гишүүний шалгах ажиллагаа, сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

           

            Нэр бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан шаардлага буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр шүүгч Д.Ганболд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17397, 17398, 17399 дугаар шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.       

            Дээрх захирамжуудад “нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх боломжгүй” гэх үндэслэл дурдсан байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлийг харин 65.2-т шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөхөөр тухай тус тус зохицуулжээ.

            Хуулийн тус зохицуулалтыг шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад иргэний хэрэг үүсгэхэд юу саад болж байгааг нэхэмжлэгчид ойлгомжтой байдлаар тодорхойлохыг үүрэг болгосон гэж ойлгох бөгөөд зөвхөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх байдлаар ерөнхий тодорхойлж, товчхон дурдаж буцаах нь хуулийн заалтын агуулга, зорилготой нийцэхгүй.

            Тодруулбал, шүүхэд нэхэмжлэл гаргасан аливаа этгээд шүүгчийн захирамжийн үндэслэлээр зөрчлийг арилгаж, дахин нэхэмжлэл гаргах боломжтой нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно.    

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, улсын тэмдэгтийн хураамж төлснийг нотлох 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан Ч.Б-н ... дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нэмж хавсарган өгсөн байна.

            Дээрх нэхэмжлэлийг Д.Ганболд шүүгч дахин хүлээн авахаас татгалзаж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18389, 18390, 18391 дугаар шүүгчийн захирамжуудад “улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримт болон депозит дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх боломжгүй” гэж дурдан шийдвэрлэсэн нь холбогдох шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.” шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчсөн байна.       

             Хууль, тогтоомжид хэрэглэгдэж буй агуулгаас үзвэл аливаа үйлдлийн давтамжийг 1 удаа, 2 удаа бол давтан, 3 ба түүнээс дээш бол удаа, дараа гэж үзэх бөгөөд шүүгчийн уг үйлдлээс улбаалж хэргийн оролцогчдод илт зүй бус ноцтой үр дагавар үүсээгүй байна гэж

            Ийнхүү холбогдох шүүгч дээрх үйлдлээрээ хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчсөн,  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авсан, дахин шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй байгаа зэргийг нэгтгэвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаагүй байна.                      .

 

            Илтгэгч гишүүний саналд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална.” гэж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр (цаашид “баримт бичгийн эх хувь” гэх)-ийг баримтална.” гэж, 38.3 дахь хэсэгт “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ.” гэж тус тус заасан  тул 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.” гэсэн нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

           

            Хэдийгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хамаарахгүй боловч дахин зөрчил гаргасан нь тогтоогдвол сахилгын шийтгэл оногдуулах урьдач нөхцөл үүссэн гэж үзэхийг анхааруулах нь зүйтэй. 

 

Иймд дээрхийг нэгтгэвэл, илтгэгч гишүүний ГС/2026/0012 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                          

                             ДАРГАЛАГЧ                              Б.СУГАР

                             ГИШҮҮН                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                                  Д.МЯГМАРЦЭРЭН