
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-07
Дугаар 4
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/0133 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... Д.Б-с “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б миний бие иргэний маргаанд нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргахад шүүгч Л.Энхжаргал нь 2025 оны 07 дугар сарын 25-ны өдрийн ... тоот захирамжаар намайг төлөөлөх бүрэн эрхгүй хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хүнийг хохироож байна.” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Б нь С.Б-г төлөөлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “20.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Н.М-д холбогдуулан гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийг шүүгч Л.Энхжаргал хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/... дугаар захирамжаар “...төлөөлөгч Д.Б нь уг хэрэг маргаанд нэхэмжлэгчийн төлөөлөх эрхтэй гэж үзэх үндэслэл болох итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Иргэний хэрэг хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийг 65.1 дэх хэсгийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, мөн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана” гэсэн.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох боломжгүй, эрх зүйн чадамжийн хувьд тэрээр заавал бусдаар төлөөлүүлэх ёстой, эсхүл бусдаар төлөөлүүлэх нь түүний эрх ашигт илүү нийцнэ гэж үзсэн тохиолдолд иргэн нь төлөөлөгчөөр дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь төлөөлөл нь хуульд заасан болон сайн дурын гэж хоёр ангилагддаг.
Хуульд заасан тохиолдолд иргэнийг төлөөлөх бүрэн эрхийг тодорхойлсон баримтыг буюу төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр зэргийг нэхэмжлэлд хавсаргахыг ойлгодог. Харин сайн дурын төлөөллийг илэрхийлэх баримт нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл байхыг хуулиар зохицуулсан.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.” гэж заасан. Ийм хэлцлийг нэг талын хэлцэл гэдэг. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн гол төлөв өөр этгээдэд эрх, үүрэг бий болгож байдаг. Тухайлбал, итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд итгэмжлэгч итгэмжлэлд дурдсан этгээд (итгэмжлэгдэгчид)-д итгэмжлэгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл, үйл ажиллагаа хийх эрх бий болгодог.
Нэг талын хүслээр буюу нөгөө этгээдэд үүрэг үүсгэдэг. Иймд итгэмжлэл нь тодорхой байх ба ямар нэг хоёрдмол утга санаа илэрхийлдэггүй.
Өргөдөл гаргагчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Б-г төлөөлж гаргасан нэхэмжлэлд хавсарган өгсөн итгэмжлэлд “... Итгэмжлэлээр олгосон бүрэн эрх: Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлтэй Д.П болон Н.М, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцох ...” гэсэн байв.
Уг итгэмжлэлд хэнийг төлөөлж байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна, хариуцагч нарыг нэрлэн заахдаа 3 хүний нэр дурдсан байна. Гэтэл дээрх итгэмжлэлийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд Н.М-ыг хариуцагчаар тодорхойлсон байгаа нь итгэмжлэлд дурдсан 2 иргэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахаас итгэмжлэл олгосон итгээд татгалзсан түүний хүсэл сонирхол тодорхойгүй байжээ.
Д.Б нь дээрх итгэмжлэлээр С.Б-ны Д.П, Н.М, Д.Н нарт холбогдуулан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэл зоригийн илэрхийллийг биечлэн, шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй юм. Гэтэл Д.Б нь С.Б-ны нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэлд тодорхойлсон 3 хариуцагчаас нэгийг сонгож бичсэн нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг дутуу илэрхийлсэн байж болзошгүй байна.
Дээрх итгэмжлэлийн үгийн шууд утгаас үзвэл, шүүгч Л.Энхжаргалын “... төлөөлөх эрх олгосон баримтыг хавсаргасан боловч тухайн тухайн төлөөлөх эрх нь тодорхойгүй тохиолдолд шууд төлөөлөх бүрэн эрхгүй гэж үзэх үндэслэлгүй харин төлөөлөх бүрэн эрх тодорхойгүй буюу мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэл болох юм” гэх тайлбарыг буруутгахгүй.
Нөгөө талаар хувийн эрх зүйн маргааны хувьд шүүхэд гаргаж буй нэхэмжлэл болон итгэмжлэл тодорхой байхыг шаарддаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг нэг бүрчлэн заасан бөгөөд эдгээр шаардлагыг хангахгүй нэхэмжлэлийг шүүгч захирамж гарган хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөхөөр хуульчилсан байх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/... дугаар шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтаар нэхэмжлэгчийг шүүгчийн захирамжид заасан зөрчлөө арилган шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь дурджээ.
Иймд өргөдөл гаргагчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсарган өгсөн итгэмжлэлийг “... тухайн төлөөлөх бүрэн эрх тодорхойгүй буюу мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэл болох юм” гэсэн шүүгчийн тайлбарыг буруутгах боломжгүй байлаа.
Харин шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа “... итгэмжлэлд хэний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төлөөлүүлэх талаар тусгаагүй” гэж үүсгээгүй байгаа иргэний хэргийн талаар дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй ч логикийн хувьд учир дутагдалтай байна.
Бичгээр гарсан шүүгчийн захирамжийг тухайн шүүгч өөрөө залруулж, өөрчлөх, хүчингүй болгох боломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон. Энэ нь захирамж гаргасан шүүгч өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт юм. Энэ эрх өөр шүүгчид олгогдоогүй.
Түүнчлэн, шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хариуцагч Н.М нь шүүгчтэй албаны болон хувийн ашиг ямар сонирхолтой байсан гэх үйл баримтыг өргөдөлдөө тодорхой бичээгүй байх тул энэ талаар шалгах ажиллагаа явуулах боломжгүй байлаа.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Холбогдох шүүүгч Л.Энхжаргал Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л. Энхжаргал би Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СХТ/2025/0098 дугаартай "Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай" тогтоол, гомдол гаргагчийн гаргасан гомдол холбогдох баримттай 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Шүүгч Л.Энхжаргал миний бие 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 191/Ш32025/... дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүгчийн захирамжаар С.Б-ны нэхэмжлэлтэй Н.М-д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг С.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгч С.Б-г төлөөлж нэхэмжлэл гаргасан Д.Б нь нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон гэх итгэмжлэлийг хавсарган ирүүлсэн.
Уг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлд итгэмжлэлээр олгосон төлөөлөх эрхийг "Төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлтэй Д.П болон Н.М, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн нэхэмжлэл гаргах... эрхийг" олгосон гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар зохицуулсан бөгөөд уг бүрдүүлбэрийг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
Нэхэмжлэлд тусгавал зохих зүйлийн бүрдүүлбэрийг зохицуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т "нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар"-ыг, 62.2-т хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана" гэж зохицуулж мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан нь "нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч тодорхой байхаас гадна тухайн нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд тухайн этгээд нь төлөөлөх эрх олгосон баримт бичгийг нэхэмжлэлд хавсаргах шаардлагатай"-г зохицуулсан.
Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй тохиолдолд шууд "төлөөлөх эрхгүй этгээд" нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болж процессын хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар татгалзах бөгөөд харин төлөөлөх эрх олгосон баримтыг хавсаргасан боловч тухайн төлөөлөх эрх нь тодорхойгүй тохиолдолд шүүх шууд төлөөлөх эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй харин тухайн төлөөлөх бүрэн эрх тодорхойгүй буюу мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэл болох юм.
Төлөөлөх эрх нь ямар шаардлагыг хангасан тохиолдолд төлөөлөх эрхтэй этгээд мөн гэж үзэх талаарх хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 болон 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зохицуулалт юм.
Итгэмжлэл нь нэг этгээд хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийллийг шүүх тайлбарлахдаа үгийн утгыг анхаарах шаардлагатай.
Шүүгч миний хувьд нэхэмжлэгч Баярсайханыг төлөөлж Н.М-д холбогдуулан төлөөлөгч Д.Б нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэлд хавсаргасан итгэмжлэлд "... хэнийг төлөөлөх эрхийг тусгаагүй буюу "төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлтэй", түүнчлэн Д.П болон Н.М, Д.Н нарт холбогдох гэсэн нь ганц Д.М-д холбогдох эсхүл тухайн этгээдүүдэд хамтад нь болон тус тусад нь нэхэмжлэл гаргах эрх олгосон зэрэг нь тодорхойгүй гэж үзэн хэдийгээр төлөөлөх эрхээ нотолсон баримтыг нэхэмжлэлд хавсаргасан ч тухайн баримт нь бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Өөрөөр хэлбэл, шүүх итгэмжлэл нь нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болох хэлцэл тул хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдийн хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох ямар хэрэгт төлөөлүүлэхийг хүссэн хүсэл зоригийг тодруулах шаардлагатай гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд шүүгч миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, хууль зөрчөөгүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан нэхэмжлэл болон түүнд хавсарган ирүүлсэн баримтыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлсэн тул тайлбарт баримт хавсаргаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Б-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ГЗТ/2026/0003 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг Шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СХТ/2025/0098 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/0133 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Д.Б нь нэхэмжлэгч С.Б-г төлөөлж хариуцагч Н.М-д холбогдуулан “20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Б-г төлөөлж нэхэмжлэл гаргасан Д.Б нь нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлд итгэмжлэлээр олгосон төлөөлөх эрхийг "Төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлтэй Д.П болон Н.М, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн нэхэмжлэл гаргах... эрхийг" олгосон гэсэн байна.
Нэхэмжлэл шүүгч Л.Энхжаргалд хуваарилагдан, улмаар шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/... дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба захирамжийн үндэслэлдээ “ нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасан байх бөгөөд түүнд олгосон итгэмжлэлд хэний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төлөөлүүлэх талаар тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгч Д.Б нь уг хэрэг маргаанд нэхэмжлэгчийн төлөөлөх эрхтэй гэж үзэх үндэслэл болох итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах татгалзав” гэж дурджээ.
Иргэн нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага, тус хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зэрэг хуулиар тогтоосон журамд нийцүүлж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай.
Нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
Тухайлан дурдвал, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар, харин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол бол хуулийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.
Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн болон хуулийн этгээдийн төлөөллийн ялгаатай асуудлууд хөндөгддөг. Тухайлбал, иргэний хувьд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан байх шаардлагатай. Итгэмжлэлд хэнээс хэнд холбогдох иргэний хэрэгт эсхүл хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэг хэрэгжүүлж оролцох талаар тодорхой дурдсан байхыг шаарддаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад баримт бичгээр тодорхойлно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн ямар маргаанд төлөөлөх эрх олгож буйг итгэмжлэлд тодорхой заах нь чухал ач холбогдолтой. Мөн итгэмжлэлд “шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон боловч ямар маргаанд төлөөлөх эрхийг” тусгаагүй байх нь төлөөлөх эрх нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Иймд, холбогдох шүүгчийн: “ ...Д.Б нь нэхэмжлэгч С.Б-г төлөөлж хариуцагч Н.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэлд хавсаргасан итгэмжлэлд " ...хэнийг төлөөлөх эрхийг тусгаагүй буюу "төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлтэй", түүнчлэн Д.П болон Н.М, Д.Н нарт холбогдох гэсэн нь ганц Д.М-д холбогдох эсхүл тухайн этгээдүүдэд хамтад нь болон тус тусад нь нэхэмжлэл гаргах эрх олгосон зэрэг нь тодорхойгүй. Хэдийгээр төлөөлөх эрхээ нотолсон баримтыг нэхэмжлэлд хавсаргасан ч тухайн баримт нь бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй” гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/0133 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН