info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-23

Дугаар 79

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, өргөдөл гаргагч С.Дорждулам, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...шүүхийн Ерөнхий шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээс татгалзсан дээрх нэр бүхий 13 хүний итгэмжлэлтэй захиргааны хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн 23 дугаартай захирамж гарган хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Б.Б шүүгчийн хянаж байгаад шилжүүлсэн хэрэгт, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хэлэлцэхээр, 11 дүгээр сарын 02-ны өдөр хэлэлцүүлгийг товложээ. Гэтэл тухайн хэргийн нэхэмжлэгч Д.Б-, П.Х-, О.Э-, С.Н- нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа Н.Г-, Н.О нарын нэр бүхий 13 хүнтэй нэгтгэн гаргасан хүсэлт, холбогдох баримтыг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлжээ. Д.Б- нарын 6 хүний нэхэмжлэлтэй хэрэгт 4 нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлсэн тул товлосон хэлэлцүүлгээс өмнө Д.Б-, П.Х-, О.Э-, С.Н- нарын нэхэмжлэлийг үлдсэн нэхэмжлэгч нараас тусгаарлаж 158/2021/0030 индексээр тэмдэглэн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 202 дугаартай шүүгчийн захирамж, мөн "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно”, 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гарган” гэж заасныг зөрчөөгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийцсэн байна. ....Энэхүү 203 дугаар захирамжийн төслийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүгчид хянуулахаар цахимаар илгээж, шүүгч төслийг мөн өдрийн 16 цаг 56 минутад хянаж дуусан, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цаасан хэлбэрээр хэвлэж, дахин хянуулж, ёсчлогдон, 11 дүгээр сарын 05-нд хэргийн оролцогчдод өгөхөд бэлэн болсон гэж шүүгчийн туслах байсан Г.Ангирмаа тайлбарласан ба тус хуралдаанд биечлэн оролцоогүй гуравдагч этгээдэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр и-мэйлээр захирамжийг илгээсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана” гэж заасныг зөрчөөгүй. Хэргийг түдгэлзүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш буюу 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 7 хоногийн дотор талууд гомдол гаргах эрхтэй байх ба уг хугацаа нь 11 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул гуравдагч этгээдийн 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг /122 дугаар зүйлийн 122.1/ зөрчөөгүй байна. ...шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн удиртгал хэсэгт “...захирамжуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн тариалангийн газар давуу эрхээр эзэмших эрхийг сэргээн эдлүүлэхийг ...сумын Засаг даргад даалгаж, нэр бүхий нэхэмжлэгчдэд учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг ... ” хэмээн бичигдсэн байна.  Тус шүүхийн, мөн өдрийн 202 дугаар хэргийг тусгаарласан захирамжийн удиртгал хэсэгт ч “... захирамжуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн тариалангийн газар давуу эрхээр эзэмших эрхийг сэргээн эдлүүлэхийг ...сумын Засаг даргад даалгаж, нэр бүхий нэхэмжлэгчдэд учирсан хохирлыг гаргуулах” гэж бичигджээ. Хэдийгээр уг захирамжид бичигдсэн нэхэмжлэлийн шаардлага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл дэх шаардлагаас зөрүүтэй байгаа ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлд заасны дагуу шүүгч залруулга хийх боломжтой алдаа байх ба сахилгын зөрчилд хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл шалтгаан, тэдгээрийн ирүүлсэн хүсэлт дэх гарын үсэг мөн эсэхийг холбогдох байгууллага шалгахаас бус шүүхийн сахилгын хорооны хянан шалгах ажиллагаанд хамаарахгүй.

Иймд нэр бүхий 13 нэхэмжлэгчтэй хэрэг болон 6 нэхэмжлэгчтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.М- нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Сахилгын хорооны гишүүний 160 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Б.М-ын ирүүлсэн тайлбарын агуулгаас “...Гомдол гаргаж буй иргэн С.Д-аас тус хороонд ирүүлсэн өргөдөл нь шүүгчийн ёс зүйг зөрчсөн гэхээс илүүтэй шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол байна гэж үзлээ. ...Гомдол гаргагч нь намайг нэг өдөр 4 захирамж гаргасан нь өөртөө болон бусдад давуу байдал олгох гэж идэвх чармайлт гаргасан гэжээ. Шүүхийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч “нэг өдөрт гаргах шийдвэр, захирамжийн тоог” хязгаарлаагүй ба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь гаргаан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн нь надад болон бусад этгээдэд хэрхэн давуу байдал үүсгэж байгааг ойлгохгүй байна... ” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 160 дугаар захирамжаар өмгөөлөгч С.Д-ын өргөдлөөр ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Д.Б-, П.Х-, Ц.Э, О.Э-, С.Н-, Н.Н  нарын /нэр бүхий 6 хүн/ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас ... аймгийн ...сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн ...сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64, 05 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн тариалангийн газар давуу эрхээр эзэмших эрхийн сэргээн эдлүүлэхийг Булган аймгийн ...сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамжаар шүүгч Б.Б  захиргааны хэрэг үүсгэсэн.

Иргэн Д.Б-, П.Х-, Ц.Э, О.Э-, С.Н-, Н.Н  нарын /нэр бүхий 6 хүн/ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн ...сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.Б-ээс, Ерөнхий шүүгч Б.М-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг явуулсан байна.

Тус урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаар гүйцэтгэх хуудсыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 202 дугаар шүүгчийн захирамжаар тухайн хэргээс нэхэмжлэгч Д.Б-, П.Х-, О.Э-, С.Н- нарын нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласан байна.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаар шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгч С.Н-, П.Х-, Д.Б-, О.Э- нарын гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж буй хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Б-, П.Х-, О.Э-, С.Н- нарын нэхэмжлэлтэй Булган аймгийн ...сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн дээрх хэргээс гадна Н.О-нарын /нэр бүхий 13 хүн/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас ... аймгийн ...сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн ...сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64, 05 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн тариалангийн газар давуу эрхээр эзэмших эрхийн сэргээн эдлүүлэхийг Булган аймгийн ...сумын Засаг даргад даалгаж, нэр бүхий нэхэмжлэгчдэд учирсан хохирлыг гаргуулах”  гэсэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 188 дугаар захирамжаар Ерөнхий шүүгч Б.М- захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Уг хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хоёр хэргийн нэр бүхий 17 нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтийг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь хуулиар олгогджээ.

Шүүгч хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас ирүүлсэн дээрх хүсэлтийг хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заажээ.

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 202 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Илтгэгч гишүүний саналд “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл шалтгаан, тэдгээрийн ирүүлсэн хүсэлт дэх гарын үсэг нь мөн эсэхийг холбогдох байгууллага шалгахаас бус шүүхийн сахилгын хорооны хянан шалгах ажиллагаанд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Түүнчлэн шүүгч маргаан бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                      ГИШҮҮН                                       Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                                                С.ЭНХТӨР