info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-01-28

Дугаар 13

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийн бүхэлд нь хүлээн авч,

шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч С.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүгч С.Б, М.Т, Б.М  нарт  холбогдох Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2026/0002 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний дүгнэлтдээ:

            “ ...Нэг. Өргөдөлд дурдсан “...Шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журам, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шударгаар шийдвэрлэж чадаагүй, урьдаас шийдвэрээ гаргасан байсан, 2-3 минут орчим завсарлаад гэм буруугийн шийдвэрээ танилцуулсан, зөвлөлдөх тасалгаанд асуудлыг хэлэлцэх бодит боломжит хугацаа өнгөрөөгүй” гэх үндэслэлийн тухайд: 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б, Ө.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 5.144.040 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэрээ шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсан байх ба  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж “Шүүх хуралдаан завсарлуулах тухай” 2025/ШТ/429 дүгээр шүүхийн тогтоолоор хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж, 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт товложээ.

            Ийнхүү гэм буруутайд тооцсон 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан төхөөрөмж гэмтсэн байсны улмаас дуу дүрсний бичлэг хийгдээгүй, харин дууны бичлэг хийгдсэн байх ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүхийн шийдвэрийг танилцуулсан бичлэг хийгдээгүй нь тус шүүхийн Тамгын газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдоно.

            Хэдийгээр, яг ямар хугацаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдсөн хугацааг нарийн тогтоох боломжгүй ч богино хугацаанд зөвлөлдсөн талаар нэр бүхий шүүгч нар маргаагүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана”, 2-т “Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана” гээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлын талаар нэг бүрчлэн заасан.

            Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. 4.б.д “Ноцтой зөрчих” гэдгийг: Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.

            Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтууд тодорхой бус ойлголтыг агуулаагүй хуулийн илт тодорхой заалт мөн боловч тул шүүх бүрэлдэхүүн богино хугацаанд зөвлөлдөж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасныг хууль зөрчсөн, урьдчилсан шийдвэрээ гаргасан гэж шууд дүгнэлт хийх боломжгүй байна.

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэр гаргах хугацааны талаар тусгайлан зохицуулаагүй бөгөөд тухайн шийдвэрлэж буй хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад олон хүчин зүйлээс хамаарч зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөж шийдвэр гаргах ажиллагааны хугацаа харилцан адилгүй байдаг тул Сахилгын хороо хуралдаан завсарласан цаг хугацааны хэмжүүрт таамаглал дэвшүүлж сахилгын зөрчилд тооцох нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20.”Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх...” гэж заасантай нийцэхгүй гэж үзнэ.

            Иймд нэр бүхий шүүгчдийг “урьдаас шийдвэрээ гаргасан байсан, 2-3 минут орчим завсарлаад гэм буруугийн шийдвэрээ танилцуулсан, зөвлөлдөх тасалгаанд асуудлыг хэлэлцэх бодит боломжит хугацаа өнгөрөөгүй” гэх үндэслэлээр сахилгын зөрчилд буруутгахгүй.

            Хоёр. “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийтгэх тогтоолд тусгаагүй” гэх үндэслэлийн тухайд:

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ”Шүүгчид дараах зүйлийг хориглоно”: 50.1.40.“энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй”, 66 дугаар зүйлийн 66.7.”Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана”, 66.9.”Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж тус тус заасан.

            ... Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаалаар тус шүүхэд бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б, Ө.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Д.Д оролцож, тангараг өргөн, дүгнэлтээ бичгээр гаргасан нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, аудио бичлэг, “Баримт №30 иргэдийн төлөөлөгчийн санал” гэх баримтуудаар тогтоогдоно.

            Гэтэл ... 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2142 дугаар шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг бичээгүй, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ Үндэслэх хэсэгт тусгаагүй байх ба энэ талаар шүүгч М.Т, Б.М  нар “...Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тодорхойлох хэсэгт тусгах шаардлагатай талаар даргалагч шүүгчид саналаа хэлж анхааруулсан. Гэвч тогтоолыг албажуулах шатанд энэхүү засвар орхигдсон нь санаатай бус, техникийн шинжтэй алдаа болсон” гэж, шүүгч С.Б “...шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг тусгаж бичсэн боловч тогтоолыг хэвлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолд засвар оруулснаа “save” хадгалалгүйгээр шууд хэвлэж техникийн шинжтэй алдаа гаргасан” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

            Шалгах ажиллагааны явцад шүүгч С.Б-ын тайлбартаа дурдсан “шүүхийн шийтгэх тогтоолд засвар оруулснаа хадгалалгүйгээр шууд хэвлэж техникийн шинжтэй алдаа гаргасан” гэх үйл баримт тогтоогдоогүй.

            Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”: 2.3 “...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан боловч шүүгчийн сахилгын зөрчлийн шинжийг илүү нарийвчлан зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга болон уг дүгнэлтийн талаарх үндэслэлийг тусгаагүй тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт ба шүүхийн дүгнэлт хоорондоо зөрүүгүй бол няцаасан үндэслэл шүүхийн шийдвэрт бичигдэхгүй гэж ойлгох боломжгүй, энэ талаар гаргасан шүүгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5-д “Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар  шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурж албажуулах үүрэгтэй.

            Гэвч шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар шийдвэрийн төслийг хянахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй талаар даргалагч шүүгчид анхааруулсан талаар тайлбар гаргасан, даргалагч шүүгч С.Б энэ талаар маргаагүй тул шүүгч М.Т, Б.М  нарыг сахилгын зөрчилд буруутгах боломжгүй гэж илтгэгч гишүүн үзлээ.       

            Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч С.Б-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэх зөрчилд буруутган нотлох дүгнэлт үйлдэж,  шүүгч М.Т, Б.М  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

            Шүүгч М.Т, Б.М  нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

            “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана" гэж заасан бөгөөд зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх хугацаа, хэлэлцүүлгийн үргэлжлэх нарийвчилсан хугацааг хуулиар тогтоогоогүй, зөвхөн хэлэлцэх агуулгыг тогтоосон гэж үзэхээр байна.

Зөвлөлдөх ажиллагааны үргэлжлэх хугацаа нь хэлэлцэж буй асуудлын цар хүрээ, нотлох баримтын шинж чанар зэргээс шалтгаалдаг бөгөөд гаднаас харагдах хугацааны урт, богино нь зөвлөлдөх тасалгаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцсэн эсэхийг дүгнэх шууд үндэслэл болохгүй юм.

Гомдолд дурдсан “...2-3 минутын дараа...” гэдэг нь зөвлөлдөх тасалгаанд хэргийн талаар хэлэлцүүлэг явагдаагүй гэх баттай нотолгоо биш бөгөөд зөвлөлдөх ажиллагаа нь нууцлалтай, дотоод шинжтэй тул түүний агуулга, хэлэлцүүлгийн явцыг гаднаас шууд ажиглан үнэлэх боломжгүй. Энэ утгаараа зөвлөлдөх тасалгаанд зарцуулсан хугацааг дангаар нь авч үзэн “урьдчилан шийдвэр гаргасан” гэх дүгнэлт хийх нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдан хараат бусаар шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд уг хэрэгт шүүгч нар гаднын нөлөөлөлд автсан, эсвэл урьдчилж шийдвэрээ тодорхойлсон гэх нотолгоо гомдолд хавсаргагдаагүй байгааг онцолмоор байна.

Гомдолд мөн “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг бичээгүй” талаар дурдсан байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын төслийг хянах үед шүүгч М.Т, Б.М  бид нар иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тодорхойлох хэсэгт тусгах шаардлагатай талаар даргалагч шүүгчид саналаа хэлж анхааруулсан. Гэвч тогтоолыг албажуулах шатанд энэхүү засвар орхигдсон нь санаатай бус, техникийн шинжтэй алдаа болсон болохыг тайлбарлая.

Үүнээс гадна хэрэгт хамаарах нөхцөл байдалд иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн ч мөн ижил дүгнэлтэд хүрсэн тул дүгнэлтүүдийн хооронд зөрүү байгаагүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” тусгах талаар заасан. Энэ нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт шүүхийн дүгнэлттэй зөрүүтэй үед “яагаад түүнийг хүлээн зөвшөөрөөгүйг тайлбарлах” үүргийг шүүхэд ногдуулдаг гэж ойлгож байна.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт ба шүүхийн дүгнэлт хооронд зөрүү гараагүй, няцаан үгүйсгэх үндэслэл үүсээгүй нөхцөлд уг дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй нь техникийн шинжтэй орхигдол бөгөөд энэ нь шүүхийн хараат бус байдал, шударга шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөөгүй, тухайн хэргийг шийдвэрлэхэд баримталсан хууль зүйн үндэслэл, дүгнэлтийн бодит байдлыг алдагдуулаагүйг анхаарч үзнэ үү.” гэжээ.

 

Шүүгч С.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

“ ...... шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалж, шүүгч Б.М , М.Т нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Ц.С, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар, Х.Н, Б.Өлзийбаяр, шүүгдэгч Ө.Баасанхүү, түүний өмгөөлөгч Т.Хонгор, Б.Мянган, хохирогч Н.Азжаргал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

... прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ө.Б нарт холбогдох эрүүгийн “23060....” дугаартай, ....индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн.

Нэгдүгээрт: Шүүхийн шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг тусгаж бичсэн боловч тогтоолыг хэвлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолд засвар оруулснаа “save” хадгалалгүйгээр шууд хэвлэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэм буруутай талаар дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж бичгээр дүгнэлтээ өгсөн болно.

Хоёрдугаарт: 36.7 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг 2.3. шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;-ийг бичихээр хуульчилсан байна.

Шүүх бүрэлдэхүүн 2-3 минутын хугацаанд зөвлөлдсөн гэж байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Учир шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх хугацааг хуульд зааж өгөөгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Х.Н, Б.Ө нараас ... шүүгч С.Б, М.Т, Б.М  нарт холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗҮ/2025/0123 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2026/0002 дугаартай сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтээр шүүгч М.Т, Б.М  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгч С.Б-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутгажээ.

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн дараах үндэслэлээр илтгэгч гишүүний дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгч С.Б-д сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            1. Өргөдлийн: “ ...Шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журам, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шударгаар шийдвэрлэж чадаагүй, урьдаас шийдвэрээ гаргасан байсан, 2-3 минут орчим завсарлаад гэм буруугийн шийдвэрээ танилцуулсан, зөвлөлдөх тасалгаанд асуудлыг хэлэлцэх бодит боломжит хугацаа өнгөрөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ...прокурорын газраас Б.Б, Ө.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ... шүүгч С.Б даргалан, шүүгч Б.М , М.Т нарын бүрэлдэхүүнтэй явуулсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 5,144,040 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.  

            Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлөхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан тул шүүхээс шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулжээ.

            Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг гаргуулан авахад техникийн нөхцөл байдлын улмаас дууны бичлэг хийгдсэн ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүхийн шийдвэрийг танилцуулсан бичлэг хийгдээгүй. Үүнээс шалтгаалан хэдий хугацаанд шүүх зөвлөлдсөн талаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5- дахь хэсэгт тус тус шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудал бүрийг тусгасан бөгөөд харин зөвлөлдөх хугацааны талаар тусгайлан зохицуулаагүй.

            Нөгөөтээгүүр, хэргийн нөхцөл байдал, маргааны төрөл зэрэг бусад хүчин зүйлээс хамааран зөвлөлдөх хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд шүүх бүрэлдэхүүн хурдан зөвлөлдсөнийг “урьдчилан шийдвэр гаргасан” гэж үзэх боломжгүй тул энэ талаар илтэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэсэн байна.

            2. Өргөдлийн: “ ...Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийтгэх тогтоолд тусгаагүй” гэх үндэслэлийн тухайд:

            Уг эрүүгийн хэрэгт тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаалаар тус шүүхэд бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд Ө.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Д.Д-г оролцуулахаар баталсан байна.

Дээрх шийдвэрийн дагуу иргэдийн төлөөлөгч Д.Д 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн материалтай танилцсан, тэрээр эрх, үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан, тангараг өргөсөн баримт авагджээ. 

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаан даргалагчаар  шүүгч С.Б, бүрэлдэхүүнд шүүгч М.Т, Б.М , иргэдийн төлөөлөгчөөр Д.Д /биечлэн/ нар оролцсон нь тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-т зааснаар шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах ба энэхүү заалтыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасныг зөрчсөн гэж үзнэ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т  зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогчийг бичих ба 36.7 дугаар зүйлийн 2.3-т тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын /https://supremecourt.mn/ 1 дүгээр хавсралтаар баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журмын 4.1-д “анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэвэр бичих арга зүйг тус тус аргачлалаар нарийвчлан зохицуулна”, 4.3-т “шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хууль болон энэхүү журам, холбогдох аргачлалд заасан шаардлагыг бүх шатны шүүхийн шүүгч хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй” гэж, 2 дугаар хавсралтаар баталсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын 2.1.4-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5 дэх хэсгүүдэд заасан зүйлсийг нэг бүрчлэн дүгнэж бичнэ...” гэжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Д биечлэн оролцож, дүгнэлтээ бичгээр гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан “Баримт №30 иргэдийн төлөөлөгчийн санал” гэсэн баримтаар тогтоогдож байгаагаас гадна шүүх хуралдааны тэмдэглэлийн 25 дугаар хуудсанд даргалагчаас иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсъё гэхэд иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нарыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэж бичигджээ.

            Дээр дурдсанаар иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд танилцуулсан нь тогтоогдож байх ба шийтгэх тогтоолын тодорхойлох болон үндэслэх хэсэгт дүгнэлтийн талаар тусгагдаагүй байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-т зааснаар шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шүүгч нар бичгээр гарсан шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурж албажуулах үүрэгтэй.

            Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ тусгаагүй байх тул энэ нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан зөрчилд хамаарна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд даргалагч шүүгч нь шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж, хуульд заасан журмын дагуу албажуулах үүрэгтэй бол бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар тухайн шийдвэрийг хянаж гарын үсэг зурна.

            Шүүгч М.Т, Б.М  нар тайлбартаа“...шийтгэх тогтоолын төслийг хянах үед бид нар иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тодорхойлох хэсэгт тусгах шаардлагатай талаар даргалагч шүүгчид саналаа хэлж анхааруулсан” гэжээ.

             Дээрх хэргийн тухайд бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Т, Б.М  нар шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгах талаар тогтоолын төсөлд засвар оруулсныг даргалагч шүүгч С.Б шийдвэрийг хянахдаа хайнга хандаж засварыг оруулалгүй албажуулсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул шүүгч М.Т, Б.М  нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ талаар илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийжээ.  

            Харин шүүгч С.Б нь сахилгын хорооны хуралдааны гаргасан тайлбартаа даргалагч шүүгчийн хувьд шийтгэх тогтоолыг хууль болон аргачлалд заасан шаардлагад нийцүүлэн бичиж албажуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд тэрээр бүрэлдэхүүний шүүгчийн засварыг оруулаагүй болохоо хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

            Иймд шүүгч С.Б Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа зөрчил гаргасныг тус тус харгалзан “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2026/0002 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан ... шүүгч С.Б-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

 

2.... шүүгч М.Т, Б.М  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

 

                        ГИШҮҮД                                          Б.СУГАР

 

                                                                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН