info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-12-10

Дугаар 21

Улаанбаатар хот

Магадлалыг хэвээр үлдээх

тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Ц.Амаргэрэл нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн СХМ/2025/0123 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан сахилгын хэргийн оролцогч шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн СХМ/2025/0123 дугаар магадлалын 1 дэх заалтаар:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0013 дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд “цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгч Ц.Амаргэрэл Сахилгын хороонд гаргасан гомдолдоо:

“Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн СХМ/2025/0123 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Сахилгын хорооны дээрх магадлалаар шүүгч надад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй бол” гэсэн заалтыг зөрчсөн дүгнэж, цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Өмнө нь хэд хэдэн удаа “нээлттэй сануулах” арга хэмжээ авч байсныг “зүй бус” үг нь хасагдсаар хасагдсаар “зайлаач” гэсэн нэг үйл үг үлдэж хүндрүүлжээ.

Энэхүү дүгнэлт нь бодит баримтад нийцээгүй, санаатай худал мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг сахилгын хэрэгт ач холбогдолтой гэж үнэлсэн, сахилгын хэргийг хэт нэг талыг барьсан байдлаар шалгасан, хууль ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна.

Улмаар шүүгч миний бие сахилгын хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөөр байтал байлцуулахгүйгээр шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан.

Хоёр. Хуралдаанд бүрэн оролцох бололцоог алдагдуулсан.

Хуралдааны тов надад хуульд заасан байдлаар хүрээгүйгээс нэг долоо хоногт шүүгч надад холбогдох 3 сахилгын хэргийг зэрэг товлож, цагийг нь 1 цагийн зайтай буюу /13.30, дараагийнх 14.30/ цайны цагаар амрах, хооллох, албан ажил хийх боломжоор хангаагүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан.

  • бэлтгэл хангах;
  • шинэ нотлох баримт гаргах;
  • хүсэлт гаргах;
  • өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгчийн туслалцаа авах;
  • сахилгын хорооны хэлэлцүүлэгт оролцох боломж хязгаарлагдсан.

Гурав. Нотлох баримтыг няцаах эрхийг бодитоор эдлүүлээгүй

Хуралдаанд илтгэгч гишүүний гаргасан тайлбарт хариу тайлбар өгөх эрхийг олгоогүй, нотлох баримтыг шинжлэн судлахад харьцуулж үзэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээн аваагүй, яасан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар очиход гар утсан дээр бичлэг ор мөргүй устгагдсан гэдэгт дүгнэлт хийгээгүй, хүлээн авч хэлэлцээгүй, гэрчүүдийн зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, санаатай өгсөн худал мэдүүлгээр шүүгч намайг буруутгаж, сахилгын шийтгэл оногдуулж байсан, улмаар зүй бус үг хэллэгүүд нь хасагдсаар л ... хэн нь яг юуг сонссон нь тодорхойгүй.

Сахилгын хороонд хууль сануулж өгсөн гэрч Ж.Т, Ж.Э, Л.О, Б.Б, А.А нарын мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй байхад гэрч нь тухайн үеийн үйл явдалд хандаж буй хандлага, ой тогтоолт, анхаарал төвлөрсөн байдал, цаг хугацаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч үйл явдлыг хэрхэн мэдэрч хүлээн авснаа мэдүүлгээрээ илэрхийлдэг тул гэрчүүдийг “зориуд санаатай худал мэдүүлэг” гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн мөртлөө бичлэг дээр байхгүй үгсийг бүгд сонссон гэж мэдүүлсэн-ой тогтоолтын зөрчилтэй, магадлалын 19 дүгээр хуудас доороос 2 дахь догол мөрөнд “... өөрөөр хэлбэл сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон этгээд нь тухайн хэрэгт ач холбогдол бүхий асуудлын талаар мэдсэн, сонссон, үзсэн үйл баримтын байдлыг нууж худал хариулт өгсөн, эсхүл бусдыг гүтгэсэн илт санаатай үйлдлийг худал мэдүүлэг өгсөн гэж ойлгоно” гэсэн тодорхойлолтод нийцсэн байхад юугаар нь үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй, агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

Дөрөв.Сахилгын хорооны хуралдааны хэлэлцүүлэг “Хэт нэг талыг барьсан” байдлаар явагдсаар ирсэн.

Илтгэгч гишүүний боловсруулсан нотлох дүгнэлт нь хуралдааны үед дахин нягтлах боломж олголгүй, миний няцаалт тайлбар, эргэлзээг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, эсэргүүцэл гаргах боломж бодитоор үүсгээгүй зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102.1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрх хангагдаагүйг илтгэнэ.

Тав. Гомдол гаргагч Ж.Т-ийн ашиг сонирхлын зөрчлийг үл хайхарсан, шалгаагүй, хувийн байдлыг нь тодруулаагүй.

Гомдол гаргагч Ж.Т-ийн хувийн байдлыг тодруулах хүсэлт гаргасныг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. /Эрүүгийн, зөрчлийн, иргэний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаар/

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж байсан. Дээрх асуудалд зөрчлийн холбогдогчийн хувиар өш хонзон санаж, Л.О шүүгчтэй санаа зорилго нийлж, надад холбогдуулан гаргасан гомдлуудаа хянуулж, хууль зүйн зөвлөгөө авч байсан нь нотлогдсон.

Өш хонзонгийн сэдлээр гэрчээр Л.О нь худал мэдүүлэг өгсөн, тухайн өдөр албан өрөөндөө хаалгаа онгойлгоод сууж байсан нь үндэслэлгүй худал, өрөөндөө огт байгаагүй, тэр битгий хэл ажил дээр ч байгаагүй, дараа нь Ж.Т-ийн амнаас сонссон зүйлээ л хэлсэн, түүнийг нь шүүгч Ж.Э гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... тэр үед коридорт хүн бараг байгаагүй, ихэнх хаалга хаалттай байсан ...” гэсэн, нярав Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... тухайн үед надаас өөр хүн ирээгүй, бусад шүүгч нар өрөөндөө байсан эсэхийг сайн мэдэхгүй л байна ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдоод байгааг анзаараагүй, орхигдуулсан.

Ашиг сонирхлын зөрчилтэй оролцогчийн мэдүүлгийг болгоомжтой үнэлэх (102.1, 102.2) Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар илтгэгч гишүүнд шалгах үүрэг бий. Гэтэл илтгэгч гишүүн энэ нөхцөлийг огт шалгаагүй, харин ч түүний мэдүүлгийг “найдвартай” гэж үзсэн нь хууль зөрчсөн.

Дараа нь өөрөө байгууллагын нэрээр миний нөхөрт холбогдуулан гомдол гаргасан. Хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай болсон нь баримтаар нотлогдсон.

Сахилгын хорооны илтгэгч гишүүн сахилгын хэргийг хангалттай шалгаагүй, шүүгч миний гаргасан “нүүрэлдүүлэх”, “нотлох баримтаас хасуулах”, “шинжээчийн дүгнэлт гаргуулах” 3 хүсэлтийг бүгдийг хангахаас татгалзаж байсан бөгөөд магадлалын 21 дүгээр талд гишүүн зохих журмын дагуу шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг хангаж байжээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Улсын дээд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр илтгэгч гишүүнд буцаасан учраас л шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон.

Зургаа. Сахилгын хэргийг нэгтгээгүй, эрх зүйн байдлыг дордуулсан

Гомдол гаргагч тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т-ийн миний эсрэг гаргасан гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг шүүгч Л.О-ын гомдлоор үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгээгүй, нэгтгэх хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй шүүгч миний эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн СХМ/2025/0123 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Нэг. Гомдолд “... дүгнэлт нь бодит баримтад нийцээгүй, санаатай худал мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг сахилгын хэрэгт ач холбогдолтой гэж үнэлсэн, сахилгын хэргийг хэт нэг талыг барьсан байдлаар шалгасан, хууль ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна ...” гэж дурдсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, өргөдөл гаргагч ... аймаг дахь ... газрын ... Ж.Т-ээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Ц.Амаргэрэлийн албан ажлын өрөөнд маргалдаж, улмаар шүүгч Ц.Амаргэрэл Ж.Т-ийг “чи ажилдаа тэнцдэггүй биз дээ, нойлын ногоон тэг, гар, зайл” гэх зэргээр загнаж өрөөнөөсөө хөөж гаргасан...” гэх агуулга бүхий өргөдөл гаргасныг илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгаад, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэн, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГНД/2024/0004 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг үйлджээ.

Дээрх дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХМ/2024/0028 дугаар магадлалаар хүлээн авч, шүүгч Ц.Амаргэрэлд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч гаргасан шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг Хянан үзэх хуралдаанаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцээд, ХТ/2024/0003 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Харин Улсын дээд шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 001/СХХТ2024/0005 дугаар тогтоолоор “... Ц.Амаргэрэлийн гаргасан гомдлоос “Сахилгын хороонд нотлох баримтаар бичлэг гаргаж өгснийг Сахилгын хороо хассан нь үндэслэлгүй” гэсэн хэсгийг хангах үндэслэлтэй” гэж үзээд Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, СХТ/2024/0075 дугаар тогтоолоор “...Шүүгч Ц.Амаргэрэл нь тухайн үед болсон үйл баримтыг гар утсаараа бичиж байгаагаа Ж.Т-д мэдэгдээгүй нь ямар эрх зүйн хэм хэмжээг зөрчсөнөөрөө нотлох баримтын шинж чанараа алдсан болох, өргөдөл гаргагчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэргийг тодорхойлох, бичлэгт бичигдсэн үйл баримт өргөдөлд дурдсан үйл баримттай цаг хугацааны хувьд тохирч байгаа эсэх, бичлэгт засвар хийсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах ...” гэх үндэслэлээр илтгэгч гишүүнд буцаажээ.

Дээрх тогтоолын дагуу илтгэгч гишүүнээс шүүгч Ц.Амаргэрэлийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үйл баримтыг гар утсаараа бичсэн гэх бичлэгт шинжилгээ хийлгэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай “...Дүрс бичлэг нь 2023 оны 05 дугаар сарын 17-нд үүсгэгдсэн байна. ...Бичлэг нь яриаг дунд нь устгаж тасалдуулаагүй, голоос нь тасалж засвар, эвлүүлэг хийгдээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт ирсэн байна.

Гар утасны дуу, дүрсний бичлэгт тусгагдсан мэдээллийн агуулга өргөдөлд дурдсан болон гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй, өөрөөр хэлбэл шүүгч Ц.Амаргэрэл Ж.Т-ийг “нойлын ногоон тэг” гэж хэлсэн гэх үйл баримттай зөрүүтэй байсан тул нэр бүхий гэрчүүдээс дахин мэдүүлэг авч, улмаар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ГНД/2025/0003 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт”-дээ “... гэрч Л.О, Б.Э, Б.Б нар анхны мэдүүлэгтээ шүүгч Ц.Амаргэрэлийг “нойлын ногоон тэг” гэж хэлэхийг сонссон талаар мэдүүлсэн ч дараа дараагийн мэдүүлгүүддээ яг тэгж хэлэхийг сонссон талаар эргэлзэж байгаагаа тайлбарласан зэрэгт дүгнэлт хийвэл шүүгч нь Ж.Т-ийг “нойлын ногоон тэг” гэж хэлсэн нь нотлогдохгүй байна ...” гэж дүгнэжээ.

Тус дүгнэлтийг Сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, СХМ/2025/0031 дүгээр магадлалаар хүлээн авч, шүүгчид “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч шүүгч гомдол гаргасныг Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХТ/2025/0012 дугаар тогтоолоор хангаж, “... “нойлын ногоон тэг” гэж хэлсэн нь нотлогдохгүй байна гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүйн улмаас тус дүгнэлтийг хүлээн авч шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн магадлал хуульд заасан шаардлага хангаагүй, гэрчүүдийн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй” гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгон дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0013 дугаар дүгнэлтээс үзэхэд, нэр бүхий гэрч нар нь анхны мэдүүлэгтээ “нойлын ногоон тэг” гэж хэлсэн талаар мэдүүлсэн ч дараа дараагийн мэдүүлэгтээ ийм үгийг сонссон эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлсэн буюу анхны мэдүүлгээсээ хойш 1 жил 6 сарын дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь мэдүүлэг өгч байгаа хүний биологи, сэтгэл зүй, болж өнгөрсөн зүйлийн талаар санаж байгаа зүйлээ хэрхэн илэрхийлэх чадвар зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч зөрүү гардаг бөгөөд аль мэдүүлэг нь үнэн зөв болохыг нотлох баримтыг үнэлэх эрх бүхий этгээд дүгнэдэг тул зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй гэж хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Мөн гар утасны бичлэгийг хууль ёсны нотлох баримтаар үнэлэх эсэх нь зөрүүтэй үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гээд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.11, 4.1.12-т тус тус зааснаар хүний дуу хоолой нь тухайн хүний биометрик мэдээлэл буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна, уг мэдээллийг тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-д зааснаас бусад тохиолдолд цуглуулахыг хориглох тул шүүгч Ц.Амаргэрэл мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар түүний дуу хоолойг гар утсаараа бичлэг хийж авсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй боловч хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасан үндэслэлээр буюу өргөдөлд дурдсан үндэслэлийг үгүйсгэх зорилгоор гаргаж өгсөн гар утасны бичлэгт үзлэг хийж бичгийн хэлбэрээр баталгаажуулан авсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлийг хууль ёсны баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн байна.

Уг тэмдэглэлээр ... аймаг дахь ... газрын ... Ж.Т нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд шүүгч Ц.Амаргэрэлийн албан ажлын өрөөнд шүүгчийн хувийн хэргийг авахаар ороход маргаан болсон боловч түүнийг “нойлын ногоон тэг” гэж хэлээгүй болох нь тогтоогдсон, Ж.Т маргаан болсон даруй өөрийн тэмдэглэлийн дэвтэрт шүүгчийн хэлсэн үгийг тэмдэглэж авсан гэх боловч тухайн дэвтэрт нь үзлэг хийхэд ийм үг хэлсэнийг тэмдэглэж үлдээгээгүй зэрэг дээрх үндэслэлүүдээр шүүгч нь Ж.Т-ийг “нойлын ногоон тэг” гэж хэлсэн нь нотлогдохгүй байгаа хэдий ч шүүгч Ц.Амаргэрэлийн зүй бус авир гаргасан үйлдлийг зөвтгөх, зөрчилд тооцохгүй байх үндэслэл болж чадахгүй гэж дүгнэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хувийн асуудлаар бус хуулиар хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлэх явцад бусад этгээдтэй харилцахдаа загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргах, ийм байдлыг биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгохоор байна.

Тодруулбал, шүүгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхтэй субьект болохынхоо хувьд зөвхөн шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх ур чадварынхаа зэрэгцээ хувь хүний зан төлвийн хувьд зүй зохистой байдлыг үг болон үйлдлээрээ илэрхийлж байх шаардлага зайлшгүй тавигддаг.

Энэ утгаараа шүүгч нь хэргийн оролцогчдоос гадна тухайн шүүгчтэй албан үүргийн хувьд харилцаж буй аливаа этгээдтэй харилцахдаа зохисгүй, зүй бус авирлахыг хориглодог тул шүүгч Ц.Амаргэрэл нь шүүхийн захиргааны ажилтантай албан үүргийн хувиар харилцахдаа маргаан үүсгэж, “... Чи өөрийгөө хэн болчихсон гэж бодоод байгаа юм бэ? Яагаад ингээд их зан гаргаад яваад байгаа юм. Ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа хүн өөрийгөө юу гэж бодоод ч яваад байгаа юм, Би чамд хувийн хэрэг өгөхгүй. Энд тэнд гомдол гаргаад явдаг хүнд юунд итгэж хувийн хэргээ өгөх вэ, Чамд өгөхгүй, өөр хүн байвал өгнө за юу, Чамайг байгаа цагт би өгөхгүй за, гараачээ, зайлаач ...” гэх зэргээр загнаж, өрөөнөөсөө хөөж гаргасан үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдоно.

Хэдийгээр шүүхийн захиргааны ажилтны хувьд шүүгчтэй мэндлээгүй, хувийн таарамжгүй харилцаатай зэрэг нөхцөл байдлын талаар дурдагдаж байгаа ч энэ нь шүүгчийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгч нь шүүхийг хувь хүний болон байгууллагын төвшинд илэрхийлж, зөв үлгэр жишээ үзүүлэх ёстой.

Үүнийг магадлалд “... газрын ... Ж.Т нь хүний нөөцийн бүртгэлтэй холбоотой чиг үүргийг хариуцдаг тул Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/915 дугаар албан бичигт заасан баримт буюу иргэний үнэмлэх авах зорилгоор шүүгч Ц.Амаргэрэлийн өрөөнд орсон нь тогтоогдож байх тул тэдний хооронд албан үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Шүүгч Ц.Амаргэрэл нь албан үүргийн хувьд шүүхийн захиргааны ажилтантай харилцахдаа “зүй бус” авирласан гэж үзэх үндэслэлтэй, эдгээр үг хэллэг нь ердийн харилцааны үед байнга хэрэглэдэг, энгийн үг хэллэг гэж үзэх боломжгүй тул  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан зөрчил гаргасан гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.8-д нийцжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Мөн гомдолд “... гэрчүүдийн зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, санаатай өгсөн худал мэдүүлгээр шүүгч намайг буруутгаж, сахилгын шийтгэл оногдуулж байсан, улмаар зүй бус үг хэллэгүүд нь хасагдсаар л ... хэн нь яг юуг сонссон нь тодорхойгүй, ... Сахилгын хороонд хууль сануулж өгсөн гэрч Ж.Т, Ж.Э, Л.О, Б.Б, А.А нарын мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй байхад гэрч нь тухайн үеийн үйл явдалд хандаж буй хандлага, ой тогтоолт, анхаарал төвлөрсөн байдал, цаг хугацаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч үйл явдлыг хэрхэн мэдэрч хүлээн авснаа мэдүүлгээрээ илэрхийлдэг тул гэрчүүдийг “зориуд санаатай худал мэдүүлэг” гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн мөртлөө бичлэг дээр байхгүй үгсийг бүгд сонссон гэж мэдүүлсэн-ой тогтоолтын зөрчилтэй, магадлалын 19 дүгээр хуудас доороос 2 дахь догол мөрөнд “... өөрөөр хэлбэл сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон этгээд нь тухайн хэрэгт ач холбогдол бүхий асуудлын талаар мэдсэн, сонссон, үзсэн үйл баримтын байдлыг нууж худал хариулт өгсөн, эсхүл над үл хамааран албаны өрөөнд, ажил үүргийн хувиар шүүхийн захиргааны ажилтантай харилцахдаа хэрүүл, маргаан үүсгэж, өрөөнөөсөө хөөж гаргасан гэх үйл баримт нь гэрч нарын мэдүүлэг, холбогдох шүүгчийн тайлбар, гар утасны бичлэг зэргээр тогтоогдсон тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Тодруулбал, шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц нөхцөлийг бүрдүүлж, түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог бөгөөд гэрч нарын мэдүүлгээс зөвхөн “нойлын ногоон тэг” гэж хэлсэн эсэх нь зөрүүтэй байснаас бус хэрүүл, маргаан болсон үйл баримтын талаар мэдүүлсэн бусад мэдүүлэг нь өөр бусад баримтуудтай харьцуулан үзэхэд давхар нотлогдсон байна.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.14-т “Гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж заасан “зориуд худал мэдүүлэг өгсөн” гэдэгт гэрчээр асуугдаж буй этгээд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, тухайн хэрэгт нотолгооны ач холбогдолтой асуудлын талаар мэдсэн, үзсэн, сонссон үйл явдлын бодит байдлыг нууж худал хариулт өгсөн, эсхүл бусдыг гүтгэсэн санаатай үйлдлийг ойлгох буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх ёстой.

Гэтэл нэр бүхий гэрч нар нь “нойлын ногоон тэг” гэж хэлсэн талаар мэдүүлснийг нотлох баримтаар үнэлээгүй, цаг хугацааны хувьд мэдүүлэг хоорондын зай хол байсан, мэдүүлгийн энэ хэсгийг үндэслэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнээгүй тул эдгээр гэрч нарт хариуцлага оногдуулах хуульд заасан нөхцөл үүсээгүй байна.

Хоёр. Гомдолд “... шүүгч миний бие сахилгын хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөөр байтал байлцуулахгүйгээр шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, ... Хуралдааны тов надад хуульд заасан байдлаар хүрээгүйгээс нэг долоо хоногт шүүгч надад холбогдох 3 сахилгын хэргийг зэрэг товлож, цагийг нь 1 цагийн зайтай буюу /13.30, дараагийнх 14.30/ цайны цагаар амрах, хооллох, албан ажил хийх боломжоор хангаагүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан, ... Илтгэгч гишүүний боловсруулсан нотлох дүгнэлт нь хуралдааны үед дахин нягтлах боломж олголгүй, миний няцаалт тайлбар, эргэлзээг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, эсэргүүцэл гаргах боломж бодитоор үүсгээгүй зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102.1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрх хангагдаагүйг илтгэнэ ...” гэжээ.

Тус хэргийг хэлэлцэх Сахилгын хорооны хуралдааныг даргалагч гишүүний 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ГЗБ/2025/0400 дугаар захирамжаар хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлож, мөн өдрөө товыг мэдэгдэхээр шүүгчийн гар утасны дугаарт залгахад аваагүй тул зурвас үлдээж, шүүгчийн өмгөөлөгчид утсаар холбогдон мэдэгдсэн байна.

Холбогдох шүүгчээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “гэрч нарыг худал мэдүүлэг өгсөнд тооцож, холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэж, захиргааны ажилтнуудыг худал мэдүүлэг өгснийг тогтоолгох”, “гар утас дээрх бичлэг устгагдсан нөхцөл байдал бий болсон талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.30-д заасан зөрчлийг шалгуулах”, “тус хэргийг шүүгч Л.О-ын өргөдөлтэй сахилгын хэрэгт нэгтгүүлэх”, “даргалагч гишүүнийг татгалзан гаргах”, “илтгэгч гишүүнийг татгалзан гаргах” хүсэлтүүдийг гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн СХТ/2025/0068 дугаар тогтоолоор “даргалагч гишүүнийг татгалзан гаргах” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Харин тус өдрийн хуралдааныг Сахилгын хорооны дарга илтгэгч гишүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, бусад хүсэлтийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Сахилгын хорооны даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ДЗ/2025/0191 дүгээр захирамжаар илтгэгч гишүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн, 06 дугаар сарын 26-ны өдөр шүүгчид хэргийн материалыг танилцуулсан байна.

Улмаар даргалагч гишүүний 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ГЗБ/2025/0480 дугаар захирамжаар хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлож, мөн өдрөө товыг шүүгч болон түүний өмгөөлөгчид утсаар холбогдон мэдэгдсэн байна.

Харин шүүгчээс ээлжийн амралттай байгаа тул хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, гишүүний 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ГЗБ/2025/0501 дүгээр захирамжаар хуралдааныг хойшлуулж, 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон, мөн өдрөө товыг шүүгч болон түүний өмгөөлөгчид утсаар холбогдон мэдэгджээ.

Дахин шүүгчээс Германд явж байгаа учраас хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ГЗБ/2025/0544 дүгээр захирамжаар хуралдааныг хойшлуулж, 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон, мөн өдрөө товыг шүүгчид вайбер хаягаар, түүний өмгөөлөгчид утсаар холбогдон мэдэгдсэн байна.

Холбогдох шүүгч дахин мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа тул хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, гишүүний 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГЗБ/2025/0598 дугаар захирамжаар хуралдааныг хойшлуулж, 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон, мөн өдрөө товыг шүүгчид вайбер хаягаар, түүний өмгөөлөгчид утсаар холбогдон мэдэгджээ.

Улмаар шүүгчээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “өргөдөл гаргагчийн хувийн байдлыг тогтоолгох”, 10 дугаар сарын 22-ны өдөр “...2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийт 5 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааны тов 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Тус шүүхийн ажлын цаг өглөө 9 цагаас эхлэн орой 18 цаг, цайны завсарлага 13-14 цаг буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан /93.1.1 амрах хооллох завсарлага/ үеэр Сахилгын хорооны хуралдааныг 13 цаг 30 минутад зарласан байх тул нэгдүгээрт өмнөх шүүх хуралдаан үргэлжилж /хуульд зааснаар тасралтгүй явагдах ёстой/ хэдийд дуусах нь тодорхойгүй, хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 93.1.1-д заасан амрах, хооллох завсарлагын цагаар хуралдаан зарласан үндэслэлээр хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хүсэлтийг хэлэлцээд, СХТ/2025/0103 дугаар тогтоолоор хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хуралдааныг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т зааснаар сахилгын хэргийн оролцогч нь хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг нэг удаа бичгээр болон цахимаар гаргах эрхтэй бөгөөд шүүгч Ц.Амаргэрэлийн гаргасан “хуралдаан хойшлуулах” хүсэлтийг дээрх байдлаар 3 удаа хангаж, хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох эрхийг нь хангасан байна. 

Тухайн өдрийн хуралдааныг хойшлуулахаар ирүүлсэн хүсэлтэд дурдсан эрүүгийн шүүх хуралдаанууд нь Сахилгын хорооны хуралдаан товлосноос хойш товлогдсон, шүүгчийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаан 11 цаг 47 минутад дууссан нь шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системээс /https://live.shuukh.mn/site/live/ тогтоогдсон буюу Сахилгын хорооны хуралдаан товлогдсон 13 цаг 30 минутад шүүгч шүүх хуралдаангүй байсан, мөн энэ хугацаанд хооллох амрах боломжтой зэргээр шүүгчээс гаргасан хүсэлт үндэслэлгүй байх тул Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0007 дугаар тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ын 5.1 дүгээр зүйлийн 3-т “сахилгын хэргийн оролцогчийн хуралдаан хойшлуулах хүсэлт үндэслэлгүй бол түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хангахаас татгалзаж шийдвэрлэснийг түүнд хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4-д “Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, сахилгын хэрэгт хавсаргана. Сахилгын хэргийн оролцогч Сахилгын хорооны хуралдааны товыг лавлах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуралдаан товлосон захирамжийг мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны актыг утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулахаар заасан журмаар авч үзвэл хуульд нийцсэн хэлбэрээр мэдэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн, сахилгын хэргийн оролцогч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2.1-т зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хуралдааны дэгийг сахих, 102.2.2-т дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдлэх боломж нь сахилгын хэрэг үүсгэснээс хойших хугацаанд нээлттэй байсан, мөн холбогдох шүүгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэн, өмгөөлөгч Г.Н-ийг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Шүүхийн сахилгын хорооноос өмгөөлөгчид хуралдааны товыг тухай бүр мэдэгдэж байсан нь тогтоогдож байх тул гомдол үндэслэлгүй байна.

Гурав. Гомдолд “... нотлох баримтыг шинжлэн судлахад харьцуулж үзэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээн аваагүй, яасан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар очиход гар утсан дээр бичлэг ор мөргүй устгагдсан гэдэгт дүгнэлт хийгээгүй, хүлээн авч хэлэлцээгүй, ... Гомдол гаргагч Ж.Т-ийн хувийн байдлыг тодруулах хүсэлт гаргасныг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй ...” гэж дурдсан байна.

Дээр дурдсанчлан, шүүгчээс ирүүлсэн хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дээрх хүсэлтүүдийг хэлэлцээд, СХТ/2025/0104 дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тогтоолын үндэслэлд “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-т зааснаар сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, 112.1-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулсан тул шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын хэргийг хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийх боломжгүй ...” гэж дүгнэн, шүүгчээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “гэрч нарыг худал мэдүүлэг өгсөнд тооцож, холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэж, захиргааны ажилтнуудыг худал мэдүүлэг өгснийг тогтоолгох”, “гар утас дээрх бичлэг устгагдсан нөхцөл байдал бий болсон талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.30-д заасан зөрчлийг шалгуулах” хүсэлтүүдийг хуралдаанаас өмнө шийдвэрлэх боломжгүй, харин нотлох баримтыг шинжлэн судалсны дараа үнэлнэ гэх үндэслэлээр хангахаас татгалзсан байна.

Мөн ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ЗШ/... дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ж.Т-ийг 10 хоногийн хугацаагаар баривчлах, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсныг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Харин анхан шатны шүүх дахин 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ЗШ/... дугаар шийтгэврээр Ж.Т-ийг 10 хоногийн хугацаагаар баривчлах, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсныг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар магадлалаар хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан талаар тогтоолд дурдаад, өргөдөл гаргагч Ж.Т эрүүгийн хэрэгт шийтгүүлж байсан, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, түүний хувийн байдлыг тогтоох нь шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэн, шүүгчээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “өргөдөл гаргагчийн хувийн байдлыг тогтоолгох” хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Холбогдох шүүгч нь хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээгүйгээс шалтгаалан хүсэлтийг хэлэлцээгүй, дүгнэлт хийгээгүй, хүлээн аваагүй, тодорхойгүй гэж үзсэн байх тул гомдол үндэслэлгүй байна.

Мөн магадлалд “Ж.Т, Ж.Э, Л.О, Б.Б, А.А нарыг “зориуд санаатай худал мэдүүлэг өгсөн” гэж үзэх үндэслэлгүй талаар болон Сахилгын хорооны хуралдаанаас шүүгчийн хүсэлтээр сахилгын хэрэг үүсгэх үндэслэлгүй талаар тус тус тайлбарласан байгааг дурдах нь зүйтэй.

Дөрөв. Гомдолд “ ... миний гаргасан “нүүрэлдүүлэх”, “нотлох баримтаас хасуулах”, “шинжээчийн дүгнэлт гаргуулах” 3 хүсэлтийг бүгдийг хангахаас татгалзаж байсан бөгөөд магадлалын 21 дүгээр талд гишүүн зохих журмын дагуу шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг хангаж байжээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай ...” гэжээ.

Холбогдох шүүгчээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “намайг шүүхийн Тамгын газрын дарга асан Н-тэй нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх”, “шүүгчийн туслах Б.Б-ийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах”, “гар утасны бичлэгт засварласан эсэхэд шинжээч томилуулах” хүсэлтүүдийг гаргасныг илтгэгч гишүүний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗБ/2025/0829 дүгээр захирамжаар “... сахилгын хэргийн оролцогчийг гэрчтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах эрхийг илтгэгч гишүүнд олгоогүй, ... гэрчийн мэдүүлгүүдийн зөрүүг арилгах ажиллагаа хийж авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй” гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцээд, СХТ/2024/0013 дугаар тогтоолоор хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Харин шинжээч томилуулах хүсэлтийг дээрх захирамж, тогтоолоор хангахаас татгалзсан боловч Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу шинжээч томилон, дүгнэлт гаргуулан хэрэгт хавсаргасан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна: ... 105.2.3.сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах;”, 106 дугаар зүйлийн 106.6-д “Сахилгын хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд сахилгын хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтэд дурдсан баримтууд нь өргөдөлд дурдсан үйл баримтыг шалган тогтоох, улмаар хянан шийдвэрлэж санал, дүгнэлт гаргахад шаардлагатай эсэхэд дүгнэлт хийх эрхтэй байдаг тул магадлалд дурдсанчлан “зохих журмын дагуу шийдвэрлэж байсан” гэж үзнэ.

Мөн шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.9-д заасны дагуу хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжид гомдлоо гарган шийдвэрлүүлсэн байх тул “хэргийн оролцогчийн эрхийг хангаж байжээ” гэж магадлалд дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тав. Гомдолд “... тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т-ийн миний эсрэг гаргасан гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг шүүгч Л.О-ын гомдлоор үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгээгүй, нэгтгэх хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй шүүгч миний эрх зүйн байдлыг дордуулсан ...” гэж дурджээ.

Холбогдох шүүгчээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “тус хэргийг шүүгч Л.О-ын өргөдөлтэй сахилгын хэрэгт нэгтгүүлэх” хүсэлт гаргасан бөгөөд тус өдөр гаргасан бусад хүсэлтүүдийг Сахилгын хорооны хуралдаанаар 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2025/0104 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Гэвч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул дахин шалгуулахаар илтэгч гишүүнд буцаах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна: ... 105.2.8.энэ хуульд заасан бусад ажиллагаа”, 105.4-д “Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, эсхүл хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан нэг агуулга бүхий өргөдөл, мэдээлэлтэй хэд хэдэн сахилгын хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно” гэж заасан.

 ... аймаг дахь ... газрын ... Ж.Т-ээс гаргасан өргөдөлд илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгаад, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр, 113 дугаар зүйлийн 113.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг Хянан үзэх хуралдаанаар шийдвэрлэхээр тус тус заасан бөгөөд Сахилгын хорооны хуралдаан болон Хянан үзэх хуралдаанаас хэргийг нэгтгэх ажиллагааг хийх үүрэггүй.

Иймд шүүгчийн гаргасан хэргийг нэгтгүүлэх хүсэлтийг Сахилгын хорооны хуралдаанаас шийдвэрлээгүйн улмаас түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд илтгэгч гишүүний сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад энэ хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд, Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн СХМ/2025/0123 дугаар магадлалаар шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж дүгнэн, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасны дагуу “цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсныг зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах” тухай СХМ/2025/0123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

             ГИШҮҮН                                          Б.СУГАР

                                                                             С.ЭНХТӨР