info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-10-22

Дугаар 123

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах

тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ж.Т өргөдөлдөө: “...Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Б-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/9.. дугаартай “Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших албан тушаалтны мэдээлэл ирүүлэх тухай” албан бичгийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчим Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлийн өрөөнд судалгааг биечлэн танилцуулахаар орсон. Учир нь Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл нь цахимаар болон цаасаар ирсэн албан бичгүүдийг биечлэн танилцуулахыг шаарддаг болно. Ингээд өрөөнд ороод шүүгчийн анкет хувийн хэргийг нь асуухад “Чамд өгөхгүй, чи энд тэнд гомдол гаргаад явдаг, чамаас өөр хүнд бол өгнө, чи ажилдаа тэнцдэггүй нойлын ногоон тэг царайлчхаад одоо хүртэл түрээр ажиллаж байгаа биз дээ, хэн чамд гомдол гарга гэж хэлсэн юм, гар зайл” гэх мэт үгээр доромжилж хашхираад өрөөнөөсөө хөөсөн. Би аргаа бараад “би төрийн ажлыг үүргийнхээ дагуу гүйцэтгэж байна, та яагаад намайг өрөөнөөсөө хөөгөөд доромжлоод байгаа юм бэ” гэхэд Ц.Амаргэрэл шүүгчийн зүгээс тухайн байдал үргэлжилсэн хэвээр орилж хашхичаад зайл гээд хөөгөөд байсан. Ингээд тухайн байдлыг харуулахын тулд хүн байна уу гэхэд нярав н.Б орж ирсэн, тэгэхэд шүүгч гар зайл гэж хэлсэн хэвээрээ л байсан. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Э, Г.Д, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О нар хаалга нь онгорхой байсан тул сонссон байсан, тэр хүмүүс нотолно. Ер нь шүүгч Ц.Амаргэрэл томилогдсоноосоо хойш шүүхийн Захиргааны албан хаагч нартай удаа дараа зүй бус, ёс зүйгүй харьцаж байсан. Тухайлбал: архивын ажилтан Г.Н, шүүгчийн туслах Ш.Э, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Ш нартай шүүгчийн ёс зүйгүй, зүй бус харьцсан асуудал байгаа бөгөөд дээрх гурван албан хаагч биечлэн Тамгын дарга бид хоёрт хэлж байсан, эдгээр захиргааны албан хаагчдаас тайлбар авах юм бол өөрсдөө хэлэх байх. Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлийн дээрх ёс зүйгүй хууль бус үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дугаар зүйлд “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ үү” гэжээ.

Шүүгч Ц.Амаргэрэл тайлбартаа: “...Шүүгч миний бие 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өмнөх 7 хоногт орсон хурлын шийтгэх тогтоолуудыг бичиж гаргах, маргааш нь орох 3 эрүүгийн хавтаст хэргийг уншиж танилцах гээд маш завгүй ажилтай байхад 12 цагийн үед Ж.Т өрөөнд орж ирсэн. Түүний гомдолд дурдсанчлан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших албан тушаалтны мэдээлэл ирүүлэх тухай” албан бичгийн дагуу судалгааг биечлэн танилцуулахаар өрөөнд орсон гэсэн нь огт үндэслэлгүй худал гүтгэлэг юм. Учир нь дээрх албан тоотыг шүүхэд ирүүлсэн өдөр нь Шүүхийн мэдээ, мэдээлэл гэсэн цахим дотоод чатаар танилцсан бөгөөд шүүхийн мэдээллийн технологийн ажилтан А.А нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өрөөнд орж ирж танилцуулаад тоон гарын үсгийн мэдээллийг авч баталгаажуулан гарын үсэг зуруулсан. ...Өрөөнд орж ирэхээс өмнө 1 давхарт Ж.Т-тэй тааралдсан бөгөөд өөдөөс хараад хажуугаар дуугарахгүй өнгөрсөн. Хоёр давхарт өрөөндөө ажилтай сууж байтал Ж.Т нь зөвшөөрөл ч авалгүй шууд ороод ирсэн. Ерөнхий шүүгчийн хувьд Ж.Т-д хүмүүсийн хоорондын харилцаа нь наад захын соёл мэндлэх, хүндлэх ёсны талаар буюу “Чи яагаад мэндлэхгүй байна вэ” гэдэг асуултыг тавьсан. Гэтэл өөдөөс та мэндлэхгүй байгаа юм чинь тантай би мэндлэхгүй гэсэн. Албан тушаалын хувьд, ахмад хүний хувьд, хамт олны уур амьсгал харилцаа хандлагын хувьд зүй ёсны шаардлагыг тавьсан боловч өөдөөс үг гээхгүй маргалдаж, хэрэлдсэн. Улмаар шүүгчийн хувийн хэргийг өг гэсэн. Миний хувьд өгөхгүй гэсэн. Яагаад өгөхгүй гэсэн шалтгаанаа тодорхой тайлбарласан. Шүүгчийн хувийн болон ар гэрийн мэдээллийг ашиглан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул “чи хувийн мэдээлэл ашиглан энд тэнд гомдол гаргадаг тул чамд өгөхгүй” гэж хэлсэн. Гомдолдоо нөхрийн минь нэрийг барьж, давхар Ерөнхий шүүгч миний нэр хүндэд халдаж, гутаан доромжилж Шүүхийн сахилгын хороонд мэдэгдэх замаар ажил хэргийн нэр хүндийг минь унагаах гэсэн зохион байгуулалттай явуулга гэж үзэж байна. Захиргааны ажилтан Ж.Т нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдож, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэж, албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд шилжүүлсэн нь шүүгч надад хуваарилагдан ирсэн. Энэхүү зөрчлийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргах, улмаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн хуульд заасан шүүгчийг татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул миний бие хянан шийдвэрлэж, 10 хоног баривчлах, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан үеэс таагүй харилцаа бий болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс Ж.Т-д холбогдох зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүхийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Ж.Т нь миний нөхөр Б.Н-ыг шүүхийн нэр хүндэд халдаж, цахим сүлжээгээр худал мэдээлэл тараасан үндэслэлээр Цагдаагийн байгууллагад өгч, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад 2023 оны 02 дугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй гэж тайлбарласан байна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй бөгөөд хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн гэм буруугийн зарчим Монгол улсад үйлчилдэг. Мөн гомдолдоо “...чи ажилдаа тэнцдэггүй нойлын ногоон тэг царайлчхаад...” гэдэг үг миний амнаас гараагүй ээ. Ийм үг шүүгч миний үгсийн санд байхгүй болно. Намайг орилж хашхирсан гэжээ. Чанга дуугаар орилж хашхирч, өрөөнд минь хоёр хармаандаа гараа хийгээд холхиод байсан хүн нь Ж.Т өөрөө юм. “Аргаа бараад...” гэжээ. Харин шүүгчийн хувьд тодорхой хариулт хэлээд байхад өмнөөс үг гээлгүй хэрэлдээд байсан тул би аргаа бараад гар, ажилтай байна гэж хэлсэн. Өрөөнд үйлчлэгч н.Б байсан. Мөн тухайн үед өрөөндөө ажлаа хийгээд сууж байсан шүүгч болон захиргааны ажилтнууд хэн нь хашхирч, орилоод байсныг нотлох биз ээ. Ж.Т нь гомдол өгөхөөсөө өмнө захиргааны зарим ажилтнуудаас Ерөнхий шүүгч Ц.А-ийн ёс зүй, өөр бусад зүйлийн талаар мэдээлэл бичиж өг гэж шахалт дарамт учруулсан байсан. Тийм зүйл байхгүй гэхээр нь уурлаж, муухай хараад гараад явсан, өш хонзон санаж аливаа асуудалд хувийн субьектив байдлаар ханддаг талаар сонссон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах” гэсэн шүүгчид хориглох зүйл, заалтыг миний хувьд зөрчөөгүй гэж үзэж байна. Харин Ерөнхий шүүгчийн хувьд шүүгчийн ёс зүйгээ ухамсарлан зүй бус ёс зүйгүй авирласан шүүхийн захиргааны ажилтан Ж.Т-ийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй төдийгүй захиргааны ажилтан шүүгчийн албан өрөөнд зөвшөөрөлгүй орж ирээд дайрч давшилж байхад хүлээцтэй хандаж чимээгүй өнгөрөөдөг, өнгөрөөсөн удирдах албан тушаалтан хаана ч байхгүй. Шүүгч нартай хүндэтгэлтэй ханддаггүй, шаардлага тавихаар гомдол гаргадаг. Албан шаардлагыг дарамт шахалт гэж ойлгодог, удирдах албан тушаалтнаас үг сонсож чаддаггүй. 2021, 2022 оны жилийн эцсийн тайлангийн хурал дээр Ерөнхий шүүгчийн хувьд ч шүүгч нарын зүгээс удаа дараа зүй ёсны албан шаардлага тавьж байсан, ажлын үзүүлэлтээр байнга сүүл мушгидаг, алдаа зөрчил гаргахгүй байх талаар хэлж сануулахад өмнөөс хэлцэлддэг, үг гээхгүй өөрийгөө өмгөөлдөг байдал олон удаа ажиглагдсан. Шүүхийн захиргааны ажилтан Ж.Т нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ес зүйн дүрэм тавигдах төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага 3.1.1а-д заасан байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам...” мэндлэх хүндлэх наад захын соёл байхгүй, бусадтай дээрэнгүй харилцдаг, ялгаварладаг, шүүхийн хамгаалалтын цагдаа нартай зүй бус харилцдаг, орилж загнадаг. Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахуудыг дарамталж, шүүгчийн эсрэг гомдол гаргахыг шаардан эрхшээлдээ байлгахын тулд сахилгын арга хэмжээгээр айлган сүрдүүлж, хагас жилийн үр дүнгийн урамшууллаас хассан тохиолдол байна. Жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож эрх бүхий албан тушаалтантай согтуурлын зэрэг тогтоодог багаж драгер үлээхгүй хэмээн хэрэлдэж төрийн албаны нэр хүндийг цаашилбал шүүхийн нэр хүндийг унагааж эрх бүхий албан тушаалтантай хэрэлдэж буй бичлэг нь зөрчлийн 19........61 дугаартай хавтаст хэрэгт хавсаргагдсан байдаг. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдыг дорд үздэг, шүүхийн хамгаалалтын цагдаа нартай зүй бус харилцдаг, орилж загнадаг бүдүүлэг зан авир гаргадаг бусдыг ялгаварлан харьцдаг. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэн батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн 6.1.2-д заасан “Үнэнч шударга байх” гомдолд дурдсан зүйлүүд үндэслэлгүй худал хуурмагаар дүүрэн байна. ...Шүүгч миний хувийн мэдээллийг бусдад тарааж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэрэг бүртгэлийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа хэмээн гомдолд дурдан, нөхрийн минь нэрийг барьж давхар Ерөнхий шүүгч миний нэр хүндэд халдаж, гутаан доромжилж Шүүхийн сахилгын хороонд мэдэгдэх замаар ажил хэргийн нэр хүндийг минь унагаах, бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлэх зорилготой зохион байгуулалттай явуулга гэж дүгнэв. Шүүхийн захиргааны ажилтан Ж.Т нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчид тавигдах ес зүйн шаардлага болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дээр дурдсан зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

            Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Шүүгч Ц.Амаргэрэл Ж.Т-ийг албан үүргийн дагуу хувийн хэргийг нь шаардан өрөөнд нь орж ирэхэд хувийн шалтгаанаар буюу тус шүүхээс түүний нөхрийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаатай холбоотойгоор хувийн хэргээ өгөхгүй хэмээн маргалдаж, улмаар өрөөнөөсөө хөөж гаргаж байгааг “энгийн нийлэмжтэй харагдахуйц хүмүүс хоорондын зохистой зөв харилцаа” гэж үзэх боломжгүй бөгөөд “Чи өөрийгөө хэн болчихсон гэж бодоод байгаа юм бэ? Яагаад ингээд их зан гаргаад яваад байгаа юм. Ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа хүн өөрийгөө юу гэж бодоод ч яваад байгаа юм. Би чамд хувийн хэрэг өгөхгүй. Энд тэнд гомдол гаргаад явдаг хүнд юунд итгэж хувийн хэргээ өгөх вэ, чамд өгөхгүй, өөр хүн байвал өгнө за юу, чамайг байгаа цагт би өгөхгүй за, гараачээ, зайлаач” гэх мэт үг хэллэгийг энгийн үг хэллэг хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлгүй. …Тухайн этгээдэд хууль ёсны шаардлага тавьсан эсэх, тэрээр хажуугаар зөрөхдөө мэндлээгүй өнгөрсөн эсэх, хувийн таарамжгүй харилцаатай зэрэг шалтгаанууд шүүгчийн гаргасан зан байдалд нөлөөлсөн байлаа ч энэ нь хуульд нэрлэн заасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд шүүгч хүн ямар ч тохиолдолд уур хилэнгээ барьж аливаа өдөөн хатгалгыг үл харгалзан хариу үйлдэл нь ухаалаг байх учиртай. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “зүй бус авирласан” гэх урьдач нөхцөл мөн хангагдсан гэж үзнэ. …Шүүгч Ц.Амаргэрэл нь Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш-ийг мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байхад “Р.Б шүүгчид хэрэг хуваарилагдахгүй байна, чи хэний талд ажиллаж байна вэ” гэж асуусан үйл баримт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Э-ийг “чи их тарган байна, тураач ээ бондгороо, арай бүдүүн биш үү, би чамайг доромжилж чадаж байгаа биз дээ” гэх зэргээр зохисгүй харьцсан үйл баримт нь тухайн шүүхийн захиргааны ажилтан тус тусын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчлийн “зүй бус авирлах”  шинжийг хараахан агуулаагүй байна. Гэхдээ шүүгч хүн ямагт бусдын эрхэм чанарыг хүндэтгэж эелдэг, хүлээцтэй хандаж, үг хэллэгийг болгоомжтой хэрэглэн бусдад үлгэр жишээ болохуйцаар шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохихыг анхаарах нь зүйтэй. Шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэнэ. Өөрөөр хэлбэл, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нь шүүгчийн ур чадвар, хичээл зүтгэлээс гадна тэдний үнэнч шударга, ёс суртахууны хувьд тогтвортой байдалд тулгуурладаг бөгөөд шүүгчийн хувийн шинж чанар, зан байдал, дүр төрх шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлж байдаг. Иймд шүүгч хэргийн оролцогчдоос гадна бусад шүүгч, шүүхийн ажилтнуудтай зохистой харьцахаас гадна тогтсон зан байдлын стандартыг өөрийн удирдлага хяналтад байдаг шүүхийн ажилтнаар дагаж мөрдүүлэх үүрэгтэйг Банглорын зарчимд тайлбарласан байдгийг тусгайлан дурдах нь зүйтэй. Дээрхийг нэгтгэн дүгнээд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт заасан “... бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн…” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ж.Т-ийн өргөдлөөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлд сахилгын хэрэг үүсгэн, “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт” үйлдсэнийг Сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СХТ/2023/0112 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаасан.

Сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХМ/2024/0028 дугаар магадлалаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулсан ба хянан үзэх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ХТ/2024/0003 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.

Холбогдох шүүгч тогтоолд гомдол гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 001/СХХТ2024/0005 дугаар тогтоолоор магадлал, тогтоолыг хүчингүй болгож, Сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Сахилгын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

Сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн СХМ/2025/0031 дүгээр магадлалаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулсан байх ба хянан үзэх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХТ/2025/0012 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэжээ. 

Шалгах ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдож байна. 

2. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/4.. дугаар тушаалаар Ж.Т-ийг шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилсон бөгөөд албан тушаалын тодорхойлолтод “нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнах чиг үүрэгтэй” байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/9.. дугаар “Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших албан тушаалтны мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хүргүүлжээ. Уг албан бичигт тоон гарын үсгийн төхөөрөмжийг гэрчилгээжүүлэхэд шаардлагатай 4 бүрдүүлбэрийн 2-т “тухайн албан тушаалтны иргэний үнэмлэх хуулбарлах /ар өвөргүй/” гэж заасан ба уг баримтыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.

Албан бичигт заасан баримтыг бүрдүүлэн, хариу хүргүүлэх ажиллагааг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга хариуцаж байсан нь өргөдөл гаргагчийн тайлбар болон тус шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Н-ийн “...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хугацаатай албан бичиг ирсэн тул түүнтэй холбоотойгоор шүүгч нарын тоон гарын үсгийн эзэмших мэдээллийг авч байсан. Ер нь хугацаатай албан бичигт хариу өгөх ажлыг Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т хариуцдаг...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Ж.Т нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Ц.Амаргэрэлийн албан өрөөнд орж, дээрх албан бичигт дурдсан баримтыг гаргаж өгөхийг хүссэн байх ба тэдгээрийн хооронд маргаан болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Гэрч Ж.Т 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Тухайн өдөр 12 цагийн орчимд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших албан тушаалтны мэдээлэл ирүүлэхийг шаардсаны дагуу Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлд иргэний үнэмлэхийн хуулбараа өг гэснийг мэдэгдэж орсон. Гэтэл шүүгч “Чамд өгөхгүй, өөр хүнд бол өгнө, чамд л өгөхгүй, чи энэ тэнд гомдол гаргаад явдаг биз дээ” гээд доромжлоод эхэлсэн. Би Сэлэнгэ аймгийн шүүхийг төлөөлөөд Ц.Амаргэрэл шүүгчийн нөхөр н.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор явж байгаа юм. Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газраас н.Н-ыг олон нийтэд худал мэдээлэл тараасан хэргээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа юм. Би байгууллагыг төлөөлж яваа болохоос хувьдаа тийм зүйл хийгээгүй гэдгээ хэлсэн чинь “Чи ажилдаа тэнцэхгүй нойлын ногоон тэг царайлчхаад хэн чамайг гомдол гарга гэсэн юм, одоо хүртэл чи түрээр ажиллаж байгаа биз дээ” гэх зэргээр доромжилсон. Би шүүгчийн өмнөөс эсэргүүцэж юм хэлж ч чадаагүй. Тэгснээ шууд гар, зайл гэх зэргээр хөөж эхлэхээр нь би “та яагаад ёс зүйгүй загнаад байгаа юм бэ, яагаад намайг ажлаа хийж байхад хөөгөөд байгаа юм бэ, би таны гэрт ороогүй биз дээ, албан ажил ярьж байна шүү дээ” гэхэд үргэлжлүүлэн гар, яв гээд хөөгөөд байсан. Аргаа бараад үүдэнд очоод “Хүн байна уу, шүүгч намайг өрөөнөөсөө хөөгөөд байна” гэхэд гаднаас нярав н.Б орж ирсэн. Няравыг байхад бас л намайг өрөөнөөсөө гар гээд хөөгөөд хэвээрээ л байсан. Ингээд би няравтай хамт гарч явсан. Тухайн асуудал болсны дараа шүүгч уучлал гуйгаагүй. Би хэлээд Мэдээлэл технологийн мэргэжилтэн холбогдох баримтыг нь аваад явуулсан. Бусад Ерөнхий шүүгч мэдээлэл болон холбогдох баримтаа өгчихсөн болохоор л Ц.Амаргэрэл шүүгчийг материалаа хурдан өг гэж хэлэхээр орсон юм. Би албан ажлаар өрөөнд нь ороход шууд хувийн байдлаар хандаад эхэлсэн. Ц.Амаргэрэл шүүгч ер нь захиргааны ажилтнуудтай их дээрэнгүй харьцдаг. Урьд нь шүүгч бид хоёрын хооронд айхтар үл ойлголцол үүсэж байгаагүй. Өрөөнд нь ороод ажлаа яриад, үүрэг даалгавар аваад явдаг байсан. Манай шүүхээс нөхрийнх нь нэр дээр гомдол гаргасантай холбоотой тийм зан авир гаргасан байх. Би шүүхэд 13 жил ажиллаж байна. Өмнө нь шүүхийн захиргааны ажилтнууд Ц.Амаргэрэл шүүгчтэй холбоотой гомдол байнга гаргадаг байсан. Биднийг дээрэлхлээ, загналаа, доромжиллоо гэх зэргээр. Шүүгчийн ёс зүй гэж байдаг. Гэтэл би шүүгч хүн, та нар надад үйлчлэх ёстой гэж боддог юм уу их дээрэлхүү л хүн. Надтай мэндэлсэнгүй, чамд санууллаа шүү гэж манай захиргааны ажилтанд хэлсэн талаар надад гомдол гаргаж байсан. Шүүгч хүн ийм ёс зүйтэй байна гэдэгт маш их харамсаж байна. Албан ажлаа гүйцэтгэж байгаад шүүгчид элдвээр доромжлуулсандаа их гомдолтой байна” гэж,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...Шүүгч Ц.Амаргэрэл Сахилгын хорооны хуралдаанд тухайн өдрийн баримтыг утсаараа бичсэн бичлэгийг сонслоо, энэ тухайн өдөр болсон үйл баримт мөн байна. Миний өргөдөлдөө бичсэн зүйлс болж байгааг харуулсан бичлэг байна. Харин би гайхаад байна. Би гарцаагүй энэ үгийг тодоос тод санаж байна. Тухайн цаг хугацаанд би өөрийнхөө дэвтэр дээр тэмдэглэж авахдаа ч энэ үгийг нь тэмдэглэж авсан, түүнийгээ харж байгаад өргөдлөө бичсэн. Бусад хүмүүс ч тэгж хэлснийг нь сонссон байдаг. Бас удаа дараа зайл гэж хөөсөн. Гэтэл энэ бичлэг дээр ганц удаа л гараач, зайлаач гэж бичигдсэн байна. Тэгэхээр энэ бичлэг тухайн өдөр болсон явдлыг бүрэн бичиж аваагүй гэж бодож байна. Дунд болон төгсгөл хавьд нь хэлсэн үгнүүд дутуу байх шиг байна. Бичлэгийг хасаж янзалсан байна гэж бодож байна. Сахилгын хорооны хуралдаан дээр анх сонсоод л янзалсан бичлэг байна гэдгийг ойлгосон. Яалт ч үгүй “ногоон нойл царайлчхаад, ажил мэргэжилдээ тэнцэхгүй” гэдгийг сонссон. Нотлох баримт болж чадахгүй бичлэг байна. Тухайн үед бичлэг хийж байгааг мэдээгүй, шүүгч хүн нууцаар тэгж бичлэг хийнэ гэж санаанд ч орсонгүй. Хүний зөвшөөрөлгүй тэгж нууцаар бичлэг хийх нь хууль бус байдаг байлгүй дээ. Надад бол бүх шүүгчийн хувийн хэрэг хадгалагддаг. Ц.Амаргэрэл шүүгчийн хувийн хэрэг ч байсан, авчхаад буцааж өгөөгүй байсан юм. Би 2020 оны 6 сард энэ ажлыг авахад өмнө ажиллаж байсан албан хаагч бүх шүүгчийн хувийн хэргийг бүрдүүлээд хадгалсан байсан. Би ч үргэлжлүүлээд хүний нөөцийн асуудлаа хариуцаад хувийн хэргүүдээ бүрдүүлээд хадгалаад ажиллаж байна. Журам бол байгаа. Би олон жил төрийн алба хааж байна. Шүүгч хүн байнга ингэж дарамтлаад байвал ажил хийхэд үнэхээр хэцүү байна. Одоо өрөөнд нь орж уулзахаас жийрхдэг боллоо. Бүр өрөөндөө камер байрлуулчихсан байна. Аргаа бараад  энэ ажлаас гардаг ч юм уу гэж боддог боллоо. Би яахав гэхэд энэ залуучууд үнэхээр хэцүү байна. Байнга надад хүнд хэрэг хуваариллаа гээд хэл ам гаргадаг. Аргаа бараад Шүүхийн ерөнхий зөвлөлд программаа шалгуулахаар хүсэлтээ явуулсан” гэж,

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “...Би ёстой гайхаж байна. Бичлэгийг хасаж янзлаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гэхийн гэвч гарцаагүй намайг тэгж хэлснийг сайн санаж байна. Би өрөөндөө оронгуутаа өөрийнхөө дэвтэрт шүүгчийн хэлсэн үгийг бичиж авсан байдаг. Би гарцаагүй энэ үгийг тодоос тод санаж байна. Яг намайг ажилдаа тэнцдэггүй талаар доромжилж байхдаа нойлын ногоон тэг гэж хэлснийг сайн санаж байна. Дэвтэр дээрээ ерөнхий агуулгыг бичиж тэмдэглэж үлдээсэн юм.  Гэрчүүд ч тэгж хэлснийг сонссон байдаг. Харин яагаад энэ бичлэгт байхгүй байгааг л гайхаад олохгүй байна. Гэхдээ одоо бодохоор үнэхээр эвгүй санагдаж байна. Шүүгч хүн байж намайг ороод очингуут албаар хэрүүл өдөөд бичлэг хийсэн байна шүү дээ. Хүний зөвшөөрөлгүй тэгж нууцаар бичлэг хийх нь хууль бус байдаг шүү дээ. Анхнаасаа зорилготой хийж авсан бичлэг байна. Дуу болон дуу дүрсний бичлэгийг хууль бусаар хийгээд хувийн зорилгодоо ашиглаж байгаа нь шүүгч хүнд үнэхээр зохимжгүй гэж үзэж байна. Би шүүгчээс иргэний үнэмлэхийг нь л авах гэж орсон. Ц.Амаргэрэл шүүгч л иргэний үнэмлэхээ өгөөгүй үлдсэн гэж А.А хэлэхээр би авах гэж орсон юм. Сая бичлэг үзээд би бас нэлээн уурлаж бухимдсанаа харлаа. Гэхдээ намайг элдвээр доромжилсон болохоор үнэхээр уур хүрсэн юм аа. Анхнаасаа намайг өдөөн турхирч байгаад бичлэг хийж авсан гэдгийг сая л сайн ойлгож авлаа. Намайг хөтөлж асууж байгаад хариулт авсан байна шүү дээ. Ямар зорилгоор албан ажил яриад орсон хүний дуу дүрсний бичлэгийг хийж байгааг ойлгохгүй байна. Миний яриа болон дүрсийг зөвшөөрөлгүй хувийн зорилгоор ашиглаж байгаад гомдолтой байна” гэж тус тус мэдүүлжээ.

Гэрч Б.Б 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Миний хаалга байнга онгорхой байдаг. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өрөөндөө сууж байхад хүмүүс муудалцаад гар, зайл гэж байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд юу болоод байгаа юм бол гээд өрөөнөөс яг гарахад “Хүн байна уу, хүрээд ирээч” гэхээр очтол Ц.Амаргэрэл шүүгчийн өрөөнд Ж.Т дарга шүүгч Ц.Амаргэрэлтэй хамт байсан. Шүүгч нэлээн их уурласан байдалтай, Ж.Т дарга өмнө нь хараад зогсож байсан. Өрөөнд намайг орсны дараа бол юм хэлээгүй, Ж.Т дарга намайг дагаад гараад ирсэн. Ийм л зүйл болсон. Тухайн үед өөр надаас өөр хүн ирээгүй. Миний өрөө Ц.Амаргэрэл шүүгчийн өрөөтэй их ойрхон байдаг болохоор би сайн сонссон. Бусад шүүгч нар өрөөндөө байсан эсэхийг сайн мэдэхгүй л байна. Байсан бол гарч ирэх хэмжээний хүмүүсийн чанга чанга дуугарч муудалцах нь сонсогдсон байх ёстой. Ц.Амаргэрэл шүүгч бусад үед ийм зан авир гаргадаг тухайд би байнга тулж харьцдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Зүгээр мэндлээд л өнгөрдөг. Би ихэвчлэн нарийн бичгүүдтэй ойрхон байдаг. Бусдын дам ярианаас сонсоход Ц.Амаргэрэл шүүгчийг ёс зүйгүй, байнга загнадаг гэж ярилцдаг юм билээ. Түүнээс би сайн мэдэхгүй” гэжээ. 

Гэрч А.Ш 2023 оны 07 дугаар саарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл болон үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т нарын хооронд юу болсон талаар мэдэх зүйл байхгүй, зүгээр ажилчид тэр хоёрыг хоорондоо маргасан гэж ярьж байсныг сонссон. Тамгын газраас Сахилгын хороонд гомдол гаргах гэж байгаа талаараа бидэнд хэлсэн. Өөр гомдол санал байвал бичгээр өгөөрэй гэсэн бөгөөд би нэгэнт өнгөрсөн юм чинь гээд бичиж өгөөгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Шүүгч Р.Б томилогдож ирээд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор бусад шүүгч нарт байсан хэргээс Р.Б шүүгчид хуваарилсан. Дараа нь шинээр ирсэн хэргүүд системээс тойргоор хуваарилагдаж эхэлсэн. Гэтэл шүүгч Ц.Амаргэрэл надаас “Р.Б шүүгчид хэрэг хуваарилагдахгүй байна, чи хэний талд ажиллаж байна вэ” гэж асуусан. Би гайхаад ямар ч хариу хэлээгүй өнгөрсөн. Тэр өдрөө мэдээллийн технологийн ажилтан, шүүгчийн туслах, Ч.М шүүгч нартай хамт бид нар суугаад Ерөнхий зөвлөл рүү яриад системийн тохиргоо зөв эсэхийг шалгуулсан. Мөн тэр хүмүүсийн хажууд “би н.Ш-ээр тоглоод хэний талд ажиллаж байна вэ гэж хүртэл асуулаа” гэж байсан. Энэ талаар би тамгын дарга болон үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т-д хэлсэн. Ажил төрөлтэй холбоотой харилцдаг болохоос өөр байдлаар харьцдаггүй. Ийм ярианд би оролцож байгаагүй. Анх ирээд хүмүүс нь жаахан эв түнжингүй, таарамжгүй байдгийг нь мэдээд би огт сонирхож аль нэг талд нь ордоггүй. Тухайн үед ажил төрөлтэй холбоотойгоор л надад тэгж хэлсэн байх, түүнээс биш надад гомдоод байх зүйл байхгүй” гэжээ.

Гэрч Л.О 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “... Ц.Амаргэрэл шүүгчийн өрөө манай өрөө хоёр залгаа өрөө юм. Тэр өдөр үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т өрөөнд нь орчихсон Ц.Амаргэрэл шүүгч л загнаад байх шиг байсан. Бодвол ажил танилцуулах гэж орсон байх. Хоёр давхрын өрөөнүүд халуун байдаг болохоор ихэвчлэн хаалгаа онгорхой суудаг. Дуу нь чангараад ирэхэд нь л сонсогдсон байх, “чи ажилдаа тэнцэхгүй нойлын ногоон тэг, гар, зайл” гээд байх шиг байсан. Их удаагүй ээ, 7-8 минут орчим л нэлээн хашхичсан байх. Хоёр давхарт гадны хүмүүс явдаггүй чимээ багатай болохоор сайн сонсогдож байсан. Би өрөөнөөсөө гарч очоогүй, өөрсдөө учраа олно биз гэж бодоод. Дараа нь Ж.Т-ээс асуухад эрүүгийн хэрэгт нөхөртэй нь холбоотой гаргасан гомдолд байгууллагыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаатай холбоотойгоор уурлаж загнасан гэж хэлж байсан. Цагдаагаас тэр эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгосон чинь шүүх тэр тогтоолд гомдол гаргасан юм билээ. Тэрэнтэй холбоотой байх. Ц.Амаргэрэл шүүгчийг ёс зүйгүй, байнга ажилчдаа загнадаг талаар бол мэдэхгүй. Зүгээр сургаар бол ажилчдыг ганц нэг гомдоосон талаар сонсож  байсан. Би энэ шүүхийн байранд 25 жил ажиллаж байна, ийм зүйл болж байгаагүй. Ц.Амаргэрэл шүүгчийн нөхөр намайг Сахилгын хороонд 2 удаа, Авлигатай тэмцэх газарт бас өгсөн. Би бол энэ тэнд ямар нэгэн өргөдөл гомдол гаргаж байгаагүй. Тамгын газрын ажилчид бүр тэсэхээ болиод өгч байгаа байх гэж бодож байна даа. Шүүгч нар хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй, шүүгч нартай ёс зүйгүй харьцсан зан асуудал байхгүй, бид хуульд заасан чиг үүргээ гүйцэтгээд л явж байгаа” гэж,

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “...урьд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Ц.Амаргэрэл шүүгчийг “чи ажилдаа тэнцэхгүй нойлын ногоон тэг, гар, зайл гээд л байх шиг байсан” гэж хэлэхийг сонссон гэсэн нь үнэн. Би өмнөх мэдүүлэгт сонссоноо хэлсэн. Миний өрөө Ц.Амаргэрэл шүүгчийн яг хажуугийн өрөө учраас сонссоноо хэлсэн. Яг сонссон. Би тэр бичлэгт итгэхгүй байна. Хийсэн бичлэгээ хэн ч захын дууны студид засвар хийлгээд янзлуулчхаж болно. Тухайн өдөр ажилдаа хэдэн цагт ирсэн болохоо сайн санахгүй байна. Тэр өдөр ажил дээрээ байсан, хуралгүй байсан санагдаж байна. Би ажилдаа ихэвчлэн 8 цаг 50 минут гээд ирдэг. Маргаан болоход өрөөндөө байсан. Өрөө бүгчим байдаг учраас хаалгаа онгойлгоод суудаг. Хүмүүс ярьж байгаад дуугаа өндөрсгөх юм бол 2 давхарт сууж байгаа бүх сонсогдох боломжтой байдаг. Яагаад гэвэл иргэд 2 давхарт гарч ирэх боломжгүй байдаг. Манай шүүхэд гаднаас ирсэн олон шүүгч байгаа. Би ч гэсэн хотын хүн. Гаднаас ирсэн гэж гадуурхах явдал манай шүүхэд байхгүй. Би тухайн өдөр ажил дээрээ байсан. Маргааныг яг л сонссон. Хэрэв би ажил дээрээ байгаагүй байсан бол шүүгчийн хувьд ч хувь хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгөх ёс зүй байхгүй. Ц.Амаргэрэл шүүгчийн хувьд хуульд заасан ямар бүрэн эрхийн хүрээнд бичлэг хийгээд, уг бичлэгээ үндэслээд шүүгч нарыг худал гэрчийн мэдүүлэг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч хүн өрөөндөө дуу дүрсний бичлэг хийхийг хууль бус гэж үзэж байна” гэж тус тус мэдүүлжээ. 

Гэрч Г.Д 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Яг өдрийг нь бол санахгүй байна. Халуун байдаг болохоор манай өрөөнүүд ихэвчлэн онгорхой байдаг. Гэнэт хүмүүсийн чанга чанга дуугарах сонсогдоод муудалцаад байсан. Тухайн үед н.Б гэдэг хүнийг л бужигнуулж байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Хэсэгхэн хугацааны дараа гарахад өөдөөс Ж.Т ирж явахаар юу болоод байгааг асуухад Ц.Амаргэрэл шүүгч нөхрийнх нь хэрэгт гомдол гаргалаа гээд хашхираад загнаад бөөн юм боллоо гэж байсан. Яв, зайл гээд байхыг л сонссон. Бас ажлаа хийж чадахгүй байж гэхийг сонсоод нөгөө н.Б гэдэг хэргийн хүнийг л орилж байна гэж ойлгосон юмаа. Миний өрөө уг нь Ц.Амаргэрэлийн өрөөнөөс зайтай л даа, гэхдээ сонсогдсон. Би бол сайн харьцдаггүй. Хүмүүсийн үгийг сонсоход хэрэг их хуваариллаа гэж уурлаж загнасан талаар залуучууд ярьж байхыг сонссон. Түүнээс биш бараг уулздаггүй. Ер нь болохгүй байна гээд байнга л хэл ам сонсогдоод байдаг. Хэн  буруутай гэдгийг сайн мэдэхгүй юм. Ц.Амаргэрэл шүүгч бид нартай нэг их уулзаад байдаггүй. Би өөрөө иргэний шүүгч байсан болохоор надаас их юм асуудаггүй...” гэж мэдүүлсэн.

Гэрч Ш.Э 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл болон үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т нарын хооронд юу болсон талаар мэдэхгүй. Би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эрүүгийн шүүхэд ажиллаж эхэлсэн. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн чөлөө авсан эзгүй үед бас орлож ажилладаг байсан. Ингээд Ц.Амаргэрэл шүүгчид хэрэг оруулаад өгөхөөр яагаад дандаа надад хуваарилагдаад байдгийн, яагаад ийм хүнд хэргүүд өгөөд байдгийн гэж байнга хэлдэг. Тоглоод ч байгаа юм шиг хэлдэг байсан ч надад их хэцүү, хэлэх үггүй болдог болохоор хэлтсийн даргад ороод “энэ ажлыг орлох хэцүү байна, ерөнхий шүүгчийн туслахаар хийлгээч” гэдгээ хэлж байсан. Бас намайг “чи их тарган байна” гэж хэлж байсан. 2023 он гарсны дараа манай өрөөнд нэг орж ирэхдээ бас л “чи тураач ээ бондгороо арай бүдүүн биш үү” гэхээр нь би “хөхүүлэхээ больчихоор гайгүй болчих байхаа” гээд дуугай болчих байх гээд горьдож байтал хажууд суугаа эсрэг хүйстэй хүний хажууд “би чамайг доромжилж чадаж байгаа биз дээ” гэсэн. Би юу ч хэлж чадахгүй гарч яваад үдээс хойш хэлтсийн даргад энэ талаар хэлсэн. Өмнө зөндөө хэлэхэд нь би тоохгүй өнгөрөөдөг байсан ч тэр өдөр үнэхээр гол зураад аймар хэцүү байсан болохоор “намайг өөр ажилд шилжүүлж болохгүй юу” гэж хэлж орсон юм. Хэлтсийн дарга “Энэ талаар тамгын даргад хэлье, дахиад ийм асуудал гарвал хэлээрэй, шилжүүлэх боломжгүй байна, гүрийгээд ажилла” гэж хэлээд гаргасан. Сая 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өрөөндөө дуудаад “Надад сахилгын хэрэг үүссэн байна, өргөдөлд дурдсан гэрчээр асуулгах н.Э гэж чи мөн биз дээ” гэхээр нь “мөн” гэсэн. Гэтэл “чи юун талаар мэдүүлэг өгөхийн, хүүхэд өвчтэй байхад чинь нэг ярьсан л асуудал байгаа биз дээ” гэхээр би дээр хэлсэн асуудлаараа мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн. 2023 оны 4 сард байхаа хоёр хүүхэд маань зэрэг өвдөөд би тамгын даргадаа мэдэгдээд Р.Б шүүгчээс чөлөө аваад тухайн долоо хоногийн чөлөө авсан. Гэтэл 1 дэх өдөр залгаад “чи надаас чөлөө авсангүй, тамгын дарга чинь юу юм, надаас чөлөө авах ёстой биз дээ, чи ер нь манай шүүхээс гарах юм уу” гэхээр нь юу ч хэлж чадаагүй. Энэ талаар би тамгын хэлтэст юм хэлээгүй. Чөлөөний асуудлаас өөр ямар асуудал байна гэхээр нь “чамайг доромжилж чадаж байна уу” гэж ялгаварлан гадуурхсан үйлдэл болон “хэрэг дандаа надад хуваариллаа” гэж загнадаг талаар мэдүүлэг өгнө гэсэн чинь энэ тухайгаа тайлбар бичиж надад өг гэхээр бичиж өгөөгүй, гараад явсан. Үүний дараа 20-нд ахиж дуудаад “Би чамд ерөөсөө тийм зүйл хэлээгүй, н.Т-ийг дуудаж асуухад “доромжилж чадаж байна уу гэдэг талаар хэлээгүй, би сонсоогүй гэж байна” гэсэн. Тэгэхээр би нүдэн дээр нь чатаа ухаад нөхөртөө бичсэн мессеж болон туслах н.Б руу бичсэн мессежээ хараад хугацаагаа хэлсэн. Тэрнээс хойш өрөөндөө дахиж дуудаагүй. ...намайг урд нь бүдүүн, тарган, тураач ээ гэж хэлдэг л байсан, тэрэнд их эмзэглэдэггүй байсан ч сүүлд “би чамайг аймар доромжилсон уу, чамайг доромжилж чадаж байна уу” гэхэд маш гомдоод өөр ажилд шилжихийг хүссэн” гэж,

Гэрч Г.Н 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл болон үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т нарын хооронд юу болсон талаар мэдэхгүй. Ёс зүйгүй гэхээр үйлдэл гаргасан юм байхгүй, бараг харьцдаггүй. Нэг удаа хавар байхаа өрөөндөө дуудаад тамгын газрын даргын талаар шилжих гэж байгаа эсэх, чи ойр байдаг хүн мэдэж байгаа байлгүй гэх зэрэг юм асуусан. Түүнээс биш ойр байдаггүй болохоор ямар нэгэн зохисгүй байдал гаргаагүй. Бодвол надаас тамгын газрын даргыг хаашаа шилжих гэж байгаа юм, чи мэдэх ёстой гэж хэлснийг ёс зүйгүй үйлдэл гэж ойлгосон байхаа. Би яг өрөөнөөс гарч ирсэн чинь Ж.Т дарга надтай таараад асуухаар нь тухайн үед хэлж байсан юм. Ажилчид бол тийм зүйл ярьдаггүй. Шүүгчийн туслах Ш.Э-ийг бүдүүн тарган гэж доромжилсон талаар ярьж байсан, өөр юм сонсоогүй. Ц.Амаргэрэл шүүгч надтай зүй зохисгүй харьцаж байсан явдал байхгүй, бараг харьцдаггүй, таарахаараа мэндлээд л өнгөрдөг. Сахилгын хэрэг үүссэнээс хойш намайг дуудаж уулзсан. Ямар учиртай ийм гомдол гаргасан юм, тайлбар бичээд өг гэхээр би тухайн үед тамгын газрын даргын талаар асуусныг бичиж өгсөн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй” гэжээ.

 Гэрч Б.М 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Он сар өдрийг нь санахгүй байна. Өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад Ц.Амаргэрэл “Чи яагаад надтай дуугардаггүй юм бэ” гэж асууж байгаа нь сонсогдсон, Ж.Т урдаас нь юм ярьж байгааг сонссон. Би юм бичиж байсан болохоор босоод хаалгаа хаасан. Удаагүй “хүн байна уу” гэж Ж.Т орилоод байх шиг байсан. Өөр зүйл мэдэхгүй. Хэд хоногийн өмнө Ц.Амаргэрэл шүүгч намайг Сахилгын хороонд өгчихсөн байна гэж байсан. Би гайхаад тийм айхтар юм болсон юм уу гэж хариулсан. Гэхдээ манай өрөө нэлээн хол байдаг, ойролцоо өрөөний хүмүүс сайн сонссон байхаа. Бид нарын хаалга ихэвчлэн онгорхой байдаг болохоор бүх юм тодорхой сонсогддог. Би бол гарч очоогүй. Ц.Амаргэрэл шүүгч их зарчимч шударга хүн л дээ. Болохгүй юмны хажуугаар дуугүй байдаггүй, заавал шаардлага тавьдаг гэж би хувь хүн талаасаа боддог. Шүүгч хүнийхээ хувьд шаардлага тавьсан байх гэж бодож байна. Өөр ёс зүйгүй байдал гаргаж байхыг би мэдэхгүй. Шүүгч нарын дунд таарамжгүй харилцаа байхгүй, би Ц.Амаргэрэл шүүгчтэй арай дотно байдаг. Урдах ажлаа хийгээд сууж байдаг” гэжээ.

Гэрч Л.Э 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...яг тэр өдрийг сайн санахгүй л байна. Би хүмүүсийн хувийн асуудалд огт оролцдоггүй. Энэ хоёр хүний хооронд юу болсныг мэдэхгүй байна, сая л сонслоо. Хоорондоо маргаж муудалцсан, орилж хашхирч загнасан талаар сонсоогүй, би байсан юм уу, хуралд орчихсон байсан уу ёстой санахгүй байна. Ц.Амаргэрэл шүүгчийг хүн толгой түрүүгүй загнаад, дээрэлхээд, байлгаж суулгахаа болиод байгааг сайн мэдэхгүй байна. Одоо шүүхийн хүний нөөцийн тогтворгүй байдал их нөлөөлж байна. Янз бүрийн ааш араншинтай хүн ирдэг, үг хэлж шаардлага тавихаар үг даадаггүй байдал ажиглагддаг. Тэр байдалтай холбоотой байж магадгүй. Шүүгч нарын дунд таарамжгүй харилцаа байхгүй байхаа, хуучин бол Сэлэнгийн шүүх хамгийн эв түнжинтэй шүүх байсан. Одоо тэр байдал байхгүй болсон гэж бодож байна. Энэ нь олон Ерөнхий шүүгчтэй байгаа, боловсон хүчний тогтворгүй байдалтай холбоотой байх. Бас гаднаас ирсэн хүнд манай шүүхийн доголдолтой талууд их тод харагдаад байж магад, Ц.Амаргэрэл шүүгч ажил хэргийн хурц шүүмжлэл, хэлэх үгээ хэлж байдаг” гэжээ.

Гэрч О.Т 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Тэр өдрийг бүдэг бадаг санаж байна. Он сарыг сайн мэдэхгүй. Ямар ч байсан бүдүүн байна тураач гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Доромжилсон гэж хэлснийг бол сайн санахгүй байна. Ганц нэг удаа тураач гэж хэлж байсан  санагдаж байна. Байнга тэгж хэлж байгаагүй. Ц.Амаргэрэл шүүгч захиргааны ажилтнуудтай байнга дээрэлхүү харьцдаг, загнадаг талаар мэдэхгүй. Надтай бол ямар нэгэн дээрэлхсэн байдлаар харьцаж байгаагүй” гэжээ.

Гэрч Б.Э 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  “...Тэр өдөр үдээс өмнө байхаа нэг эмэгтэй чанга хашхичаад байхаар нь хэргийн хүн юм байх гэж бодоод сууж байсан чинь бүр чанга орилоод байхаар коридорт гартал “Чи нойлын ногоон тэг, ажилдаа тэнцдэггүй биз дээ” гэх юм сонсогдсон. Би бүр айхтар ноцтой юм болох вий гээд болиулах санаатай шүүгч Ц.Амаргэрэлийн өрөөний цаана байдаг Ерөнхий шүүгчийн өрөө рүү явж байсан чинь Ц.Амаргэрэл шүүгчийн өрөөнөөс Ж.Т хурдтай гарч ирээд зөрөхөөр нь “юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь Ц.Амаргэрэлийн өрөө рүү заахаар нь харахад Ц.Амаргэрэл өрөөндөө суугаад хажууд нь манай нярав охин зогсож байсан. Тэгээд би зөрөөд яваад өгсөн. Өрөөндөө байхад зайл гэж хашхирч байгааг сонссон, өрөөнөөсөө гарч ирэхэд нойлын ногоон, ажлаа хийж чадахгүй гэж орилохыг сонсоод хэргийн хүн биш манайхан юм байх даа гэж ойлгосон. Тэр үед коридорт хүн бараг байгаагүй, ихэнх хаалга хаалттай харагдаж байсан. Л.Э шүүгч хот руу эмнэлэгт үзүүлэх гээд явсан санаж байна. Маргааш билүү нөгөөдөр билүү Ж.Т-ээс юу болсныг асуухад “намайг нөхрийнх нь хэрэгт байгууллагыг төлөөлж яваад, хэрэгсэхгүй  болгосон тогтоолд гомдол гаргасантай холбоотойгоор загнаж орилоод байна, би ажлаа хийж байгаа шүү дээ” гэж хэлж байсан. Яг миний хажууд тийм зүйл болж байсныг мэдэхгүй. Зүгээр ам ярианаас сонсоход хэрэг ирэхээр надад хуваариллаа гэх зэргээр хэл ам хийдэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг байнга загнадаг болохоор хүн тогтдоггүй зэрэг юм сонсогдож  байсан. Тэр болгоныг үг болгож авах хэцүү шүү дээ. Шүүгч нарын дунд таарамжгүй харилцаа байхгүй гэж ойлгож байгаа. Манай шүүх бол эерэг хандлагатай, жаргал зовлонгоо хуваалцаад явдаг хүмүүс. Энэ 2 талтай байх. Би дутагдалтай асуудалд дуугүй өнгөрдөггүй шууд л хэлдэг, тэглээ гээд надад муудаад намайг буруутгаад байгаа юм байдаггүй. Миний хувьд шударга шаардлага тавилаа гээд тамгын ажилчид гомдол гаргасан гэж би бодохгүй байна. Шүүгч хүн хамт олонтойгоо ажилчидтайгаа зохицож ажиллах ёстой гэж ойлгож байна” гэж,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн, надад худлаа хэлэх ямар нэг ашиг сонирхол байхгүй ээ. За яг одоо бол тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ мэдүүлэгтээ тэгж хэлсэн бол үнэхээр тэр үгийг сонссон болоод л хэлсэн. Би өрөөнөөс гараад Ц.Амаргэрэлийн өрөөний урдуур өнгөрөөд Ерөнхий шүүгчийн өрөө рүү ороход туслах н.Б өрөөндөө сууж байсан. Тэр  бас сайн сонссон байх ёстой доо. Ямар  байсан ажлаа хийж чаддаггүй, ажилдаа тэнцдэггүй гэсэн агуулгаар юм яриад чанга чанга дуугараад байсныг одоо санаж байна. Ц.Амаргэрэл шүүгчийг холоос ирсэн болохоор гадуурхах тийм зүйл юу гэж байх вэ. Ихэнх нь гаднаас ирсэн хүмүүс  байгаа чадлаараа тусалж зөвлөж байсан.  Тэрнээс биш муу санаж худлаа хэлнэ гэж юу байх вэ дээ. Гаднаас ирсэн хүмүүсийг гадуурхдаг эсэхийг манайд гаднаас ажиллаж байгаа бусад шүүгчдээс асуухад хэлээд өгөх байхаа” гэж,

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “...За одоо бол үнэхээр санахгүй байна. Би өрөөнөөс гараад Ц.Амаргэрэлийн өрөөний тийшээ явахад Ж.Т урдаас ирж таарсан. Юу болоод байгаа юм бэ гэхэд Ц.Амаргэрэлийн өрөө рүү заачхаад өнгөрсөн. Тэгээд Ерөнхий шүүгчийн өрөө рүү ороход туслах н.Б өрөөндөө сууж байсан. Ямар ч байсан ажлаа хийж чаддаггүй, ажилдаа тэнцдэггүй гэсэн агуулгаар юм яриад чанга чанга дуугараад байсныг санаж байна. Маргаан болсноос хойш хүмүүс элдэв юм ярьж байсан. Тэр дундаас нойлын ногоон тэг гэж хэлсэн гэсэн итгэл үнэмшил төрсөн байж болох л юм. Түүнээс биш би худлаа өөрөө зохиож юу гэж хэлхэв дээ. Өрөөнд хүмүүсийн чанга чанга дуугараад маргаад байснаас чихний үзүүрт сонсогдсон нь ажлаа хийж чаддаггүй гэсэн юм яриад л маргаад байсан. Яг нойлын ногоон тэг гэж хэлснийг одоо бол үнэхээр санахгүй байна” гэж тус тус мэдүүлсэн.  

Гэрч А.А 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор хариу хүргүүлэх албан бичиг ирсний дагуу 16-нд байхаа яг өдрийг сайн санахгүй байна, шүүгч нартаа танилцуулсан. Нэмэлтээр шүүгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар шаардлагатай байсан тул Ж.Т даргаас шүүгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар байгаа эсэхийг асууж орсон. Тэгээд дарга сейфээсээ хэд хэдэн шүүгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг өгсөн ба Ц.Амаргэрэл шүүгчийнх байгаагүй. Тэгэхээр би бүх шүүгчдийн иргэний үнэмлэхийн хуулбар бүрдчихвэл материалаа явуулах боломжтой гэдгийг Ж.Т даргад хэлсэн. Дарга ойлголоо гэсэн. Тэгээд доошоо хурлын заал руу буучхаад буцаад дээшээ гарахад цуг суудаг өрөөний охин шүүгч Ц.Амаргэрэл, Ж.Т дарга хоёр маргалдлаа гэж хэлсэн. Миний гаргасан тайлбар мөн. Бичсэн бүхэн үнэн. Намайг хурлын заал руу доошоо буухтай зэрэгцээд Ж.Т дарга “би одоо орж уулзаадахъя” гээд гарсан, дээшээ буцаад гарахад тийм зүйл болоод маргалдсан гэдгийг мэдсэн. 23-ны өдөр болох гээд байсан учраас нөгөөдөр нь 19-ний 5 дахь өдөр би өөрөө шүүгчийн өрөөнд ороод И-Монголиягаас иргэний үнэмлэхийн хуулбарыг  аваад материалаа явуулсан юм. Би шүүхэд ороод удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ Ц.Амаргэрэл шүүгч ажилдаа их сайн, зарчимч хүн гэж боддог. Хүмүүст шаардлага сайн тавьдаг, ажлыг нь сайн хийлгэх гэж шахдаг хүн болохоор хүмүүст таатай мэдрэмж төрүүлдэггүй байж магадгүй” гэжээ.

Гэрч Б.Б 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “…Тухайн үед өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад Ц.Амаргэрэл шүүгч хэлтсийн даргын хооронд маргаан болоод хэн хэн нь өндөр дуугаар ярьж байсан. Юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй. Би өрөөнөөсөө гарч очоогүй. Шүүгч бол “чи нойлын ногоон тэг биз дээ, чи ажилдаа тэнцдэггүй, хийж чаддаггүй биз дээ” гэж хэлсэн, Ж.Т дарга болохоор “энд төрийн ажил явагдаж байгаа, би танд шаардлага тавьж байна” гэж хэлж байсан. Тэгээд манай өрөөнд н.Х шүүгч орж ирсэн, энд юу болоод байгаа юм гэж асуухаар мэдэхгүй ээ, маргалдаад байх шиг байна гэж хэлээд  өнгөрсөн. “Чи нойлын ногоон тэг биз дээ” гэж хэлэхийг сонссоноо сайн санаж байна. Тэр маргаанаас надад тэр үг л сайн санагдаад үлдсэн байна. Надад хэн нэгэн нь ингэж хэлээрэй гэж дарамталсан нөлөөлсөн зүйл байхгүй. Үнэхээр сонссоноо хэллээ. Би энэ маргаан болоод өнгөрсөн гэж бодсон. Сахилгын хэрэг үүссэн байгааг сая дуудахад  мэдлээ. Би шүүгчийн туслахаар 6 жил ажиллаж байна. Ц.Амаргэрэл шүүгч болон манай өрөөний дунд нэг шүүгчийн өрөө байдаг. Ц.Амаргэрэл шүүгчийн өрөө бол дунд хэсэгт байрлалтай. Зүгээр энгийн өрөөндөө ярихад сонсогдохгүй л дээ. Гол нь тэр хоёр нэлээн чанга дуугаар маргалдсан болохоор 2 давхрын бүх хүмүүс сонсох боломжтой байсан” гэж,

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “…Яг юунаас болж маргалдаад өөр юу юу гэхийг  бол сонсоогүй. Гарцаагүй ажил үүрэгтээ тэнцдэггүй, нойлын ногоон тэг гэж хэлэхийг сайн сонссон. Маргааны яг аль үед тэгж хэлснийг бол мэдэхгүй. Тэгж хэлсэн  санагдаж байна даа. Ямар ч байсан ажлаа хийж чаддаггүй, тэнцдэггүй талаар маргасан. Сонсоогүй юмаа тэгж ойлгохгүй дээ. Нэлээн хугацаа өнгөрчихсөн болохоор яг тод санахгүй байна. Би  “нойлын ногоон тэг гэж хэлсэн” гэж хэлсэн гэж зохиож хэлэхгүй шүү дээ. Би бас гайхаад байна. Үнэхээр бичлэг дээр “нойлын ногоон тэг” гэж хэлсэн нь байхгүй бол хүнээс сонссоноо хэлсэн  юм болов уу гэж эргэлзээд эхэллээ. Анхны мэдүүлэгтээ би гарцаагүй сонссон юмаа мэдүүлсэн. Түүнээс биш би энэ хүмүүстэй хувийн ямар нэг таарамжгүй харилцаа байхгүй байж худлаа мэдүүлэх хэрэг юу байхав дээ. Нойлын ногоон тэг гэж хэлснээс хойш маргаан удаагүй байхаа. Хишигээ шүүгч манай өрөөнд орж ирээд маргалдаад байгаа юм уу гэж байсан, тэгээд  удаагүй маргалдах нь сонсогдохоо больсон. Би бол өрөөнөөсөө гарч очоогүй. Үнэхээр тэгж нөлөөлсөн, тэгж хэл гэж даалгасан зүйл байхгүй ээ,  тухайн үед  сонссон зүйлээ л мэдүүлсэн” гэж тус тус мэдүүлжээ.

2.2. Холбогдох шүүгч шалгах ажиллагааны явцад гар утасны бичлэг бүхий дискийг нотлох баримтаар гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан ба “2023-05-17 Төмөрсүх бичлэг” гэсэн нэртэй 0:04:50 минутын  бичлэгт  2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлджээ. Бичлэгээр Ж.Т нь шүүгч Ц.Амаргэрэлийн өрөөнд орж ирэх ба тэдний хооронд дараах яриа болж байна.   

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Зөндөө л дуугарсан. Дуугараад байхад дуугарахгүй болохоор за за л гэж бодсон.

Шүүгч Ц.Амаргэрэл: Өөдөөс хараад дуугарахгүй яваад байх юм. Чи гэхдээ өөрийгөө ер нь хэн болчихсон гэж бодоод байгаа юм бэ?

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Юу?

Шүүгч Ц.Амаргэрэл: Чи өөрийгөө хэн болчихсон гэж бодоод байгаа юм бэ? Яагаад ингээд их зан гаргаад яваад байгаа юм.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Та юу яриад байгаа юм бэ?

Шүүгч Ц.Амаргэрэл: Хүнтэй мэнд мэдэхгүй.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Би таны өөдөөс мэндлээд, таныг мэндлэхгүй болохоор мэндлэхгүй юм байлгүй л гэж бодсон.

Шүүгч Ц.Амаргэрэл: Би хэзээ мэндлэхгүй байсан юм. Чи сая улаан цайм хараад л өнгөрч байна.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Одоо тэгээд яах юм бэ, та дуугарахгүй байхад би дуугараад яах вэ дээ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Чамайг дуугарсан бол би дуугарч байгаа. Би хүнтэй мэндэлдэг. Сонин юм ярих юм.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Тантай шатан дээр ч юм уу, коридорт ч юм уу тааралдвал байнга л мэндэлж байгаа ш дээ. Таныг надтай дуугарахгүй байгаа болохоор надтай дуугарахгүй юм байна гэж бодоод дуугарахгүй байгаа.

Шүүгч Ц.Амаргэрэл: Та мэндлэхгүй болохоор би мэндлэхгүй гэж байна уу, би чамтай түрүүлж мэндлэх ёстой юу? Хүнд ах, зах гэж юм байна. Чи өөрийгөө хэн гэж бодоод ч яваад байгаа юм, төрийн албаны шалгалтдаа тэнцэхгүй түр орлон гүйцэтгэгчээр яваад байгаа биз дээ чи.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Тийм үү.

Шүүгч Ц.Амаргэрэл: Тэгж байгаа биз дээ, үгүй юм уу?

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Би жинхлэгдээд жил гаран болж байна.

Шүүгч Ц.Амаргэрэл: Мэдээгүй шүү дээ. Чамайг тэнцэхгүй яваад байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Шалгалтдаа унаад л яваад байсан.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Ямар шалгалтад унасан юм бэ?

Шүүгч Ц.Амаргэрэл: Төрийн албан хаагчийн тусгай шалгалт.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Өгөөд тэнцчихсэн, нэг л удаа өгсөн.

Шүүгч Ц.Амаргэрэл: Мэдэхгүй. Ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа хүн өөрийгөө юу гэж бодоод ч яваад байгаа юм.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Тийм юм байхгүй. Та буруу бодсон байна. Би шалгалтдаа унаагүй шүүгч ээ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Би чамд хувийн хэрэг өгөхгүй. Энд тэнд гомдол гаргаад явдаг хүнд юунд итгэж хувийн хэргээ өгөх вэ.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Журамдаа байгаа.

Шүүгч Ц.Амаргэрэл: Тэгвэл би чамд өгөхгүй. Чи дээшээ тэр Шүүхийн ерөнхий зөвлөлд Ц.Амаргэрэл шүүгч өгөхгүй гэж байна гээд мэдэгдэнэ биз. Бүртгэл, мэдээлэл нь чи орох эрхтэй байгаа байлгүй. Хүний хамаг хувийн дотоод мэдээлэл аваад энд тэнд гомдол гаргаад явдаг юм байна лээ.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Би байгууллагаа төлөөлж явж байгаа, хувь хүнийхээ үүднээс гаргаагүй шүүгчээ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Байгууллага төлөөлөх эрхийг хэн чамд өгсөн юм бэ?

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Тамгын газрын дарга өгсөн.

Шүүгч Ц.Амаргэрэл: Харин би чамд өгөхгүй.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Журмаараа над дээр байх ёстой.

Шүүгч Ц.Амаргэрэл: Чамд өгөхгүй, өөр хүн байвал өгнө за юу.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Бичээд өгчхөөч.

Шүүгч Ц.Амаргэрэл: Үгүй. Чи дээшээ ерөнхий зөвлөлд Ц.Амаргэрэл шүүгч надад өгөхгүй гээд хэл, эсвэл тамгын даргадаа хэл.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: За за.

Шүүгч Ц.Амаргэрэл: Чамайг байгаа цагт би өгөхгүй за.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Яагаад байгаа юм бэ?

Шүүгч Ц.Амаргэрэл: Гар гар.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Юу?

Шүүгч Ц.Амаргэрэл: Гар аа.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Би ажил ярьж байна, таны хувийн өрөөнд орж ирээгүй.

Шүүгч Ц.Амаргэрэл: Би чамд өгөхгүй гэж хэллээ, өөр ямар хариулт сонсох гээд байгаа юм бэ?

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Над дээр байх ёстой шүү дээ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Өөр ямар хариулт сонсох гээд байгаа юм бэ, өгөхгүй гэж байна би чамд.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Өгөхгүй гэж байгаа бол бичээд өгчих. Дараа нь намайг ажлаа хийсэнгүй гэж хэлнэ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Харин Ц.Амаргэрэл шүүгч өгөхгүй гэж байна гээд хэл ээ.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Та дараа нь аваагүй гэвэл яах юм бэ, бичээд өгчих та.

Шүүгч Ц.Амаргэрэл: Үгүй, надад бичиж өгөх зав алга. За гар, би ажил хийж байна.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Би төрийн албаны ажил хийж байна, танд хөөгдөх гэж энэ өрөөнд орж ирээгүй.

Шүүгч Ц.Амаргэрэл: Харин би чамд өгөхгүй, ажилдаа хувийн асуудлаар ханддаг хүнд би өгөхгүй.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Хэн тэгээд байгаа юм бэ?

Шүүгч Ц.Амаргэрэл: /Дуугаа өндөрсгөөд/ чи энд тэнд цагдаад гомдол гаргаад яваад байгаа биз дээ.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: /Дуугаа өндөрсгөөд/ юу гэсэн үг юм бэ? би байгууллагыг төлөөлөөд ...

Шүүгч Ц.Амаргэрэл: /Дуугаар өндөрсгөсөн хэвээр/, чи юу гээд байгаа юм бэ? гараач ээ, зайлаач.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Ёс зүйтэй байна шүү шүүгч ээ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Чи өөрөө ёс зүйтэй бай. Мэндлэх хүндлэх ёстой байчхаад гар.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Цаашаа хандан, наана чинь хүн байна уу, дуудаадах аа шүүгч надтай ингэж харьцаж байна гэх нь сонсогдож байна.

Шүүгч Ц.Амаргэрэл: Чи гар.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Байж бай гээд цаашаа хүн байна уу, наана чинь хүн байна уу, нааш ир дээ гээд /дуудаж байгаа нь сонсогдоод үргэлжлүүлэн/ “Та яагаад намайг өрөөнөөсөө хөөж байгаа юм бэ, би ажлаа хийж байна, тантай хувийн байдлаар хандаагүй шүү дээ.

Шүүгч Ц.Амаргэрэл:/ Өндөр дуугаар/ чи яагаад хүнтэй хэрэлдээд байгаа юм бэ, би чамайг гар гэж байна.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Хэлэх үгээ хэлэхгүй яах юм бэ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Би чамд өгөхгүй гэж байна. Гар, ажил хийж байна, завгүй байна, гар.

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Би төрийн ажил хийж байна. Би таны хувийн өрөөнд орж ирсэн юм уу, гэрт тань орж ирсэн юм уу, яагаад намайг гар гээд өрөөнөөсөө хөөгөөд байгаа юм бэ?

Шүүгч Ц.Амаргэрэл: Би чамд өгөхгүй гэж хэллээ, болоо юм биш үү, өөр ямар хариулт авах гээд байгаа юм бэ?

Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т: Та тэгвэл бичээд өгчих л дөө, журам дээрээ байгаа шүү дээ.

Шүүгч Ц.Амаргэрэл: Үгүй, бичиж өгөхгүй, чи гар гэхэд  Ж.Т өрөөнөөс гарах ба энэ нь үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байна.

2.3. Гишүүний 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0..7 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж, дуу-дүрсний бичлэг нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бичигдсэн эсэх, уг бичлэгийг ямар нэгэн байдлаар засварлаж янзалсан эсэх, зарим яриаг дунд нь устгаж тасалдуулсан эсэхэд дүгнэлт гаргахыг даалгажээ. 

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3..2 дугаар дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн “20230517_111437” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дүрс бичлэг үүсгэгдсэн хугацаа /Creation time/, өөрчлөлт оруулсан хугацаа /Modification time/ нь “UTC2023.05.17 03:19:34” ижил байх тул уг дүрс бичлэг нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “20230517_111437” гэсэн нэртэй дүрс бичлэгийг харьцуулах загвараар авсан 20241008_164839” нэртэй дүрс бичлэгтэй харьцуулан шинжилж үзэхэд дүрс бичлэг бичигдсэн бүтэц /Metadata/, дүрс бичлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл /Fileinto/ зэрэг шинжээрээ ижил байх тул дүрс бичлэг нь засвар, яриаг дунд нь устгаж тасалдуулаагүй, голоос нь тасалж засвар, эвлүүлэг хийгдээгүй байна” гэжээ.

Шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй бол” гэжээ.

Энэхүү зүйлд заасан “зүй бус авирлах” гэдгийг хэрхэн ойлгохыг хуульд заагаагүй байна. Харин Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур “ гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласан болно. Түүнчлэн  “зүй бус” гэх ойлголтын эсрэг утга болох “зохистой” гэдгийг “зүйтэй, ёстой, таатай нийлэмжтэй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нийлэмжтэй харагдахуйц хүмүүс хоорондын энгийн зөв харилцааг “зохистой” гэж ойлгох ба  энэ хэм хэмжээнээс хэтэрсэн, энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж буй таарамжгүй харилцааг “зүй бус” гэж ойлгож болохоор байна.

Дээрх баримтаас үзвэл, шүүгч Ц.Амаргэрэл нь албан өрөөндөө, ажил үүргийн асуудлаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т-тэй харилцахдаа “...Чи гэхдээ өөрийгөө ер нь хэн болчихсон гэж бодоод байгаа юм бэ ... Би чамд хувийн хэрэг өгөхгүй. Энд тэнд гомдол гаргаад явдаг хүнд юунд итгэж хувийн хэргээ өгөх вэ ... Чамайг байгаа цагт би өгөхгүй за ... Гар гар ... гар аа ... гараач ээ, зайлаач ... Гар, ажил хийж байна, завгүй байна, гар ...” гэж дуу хоолойгоо өндөрсгөн хэлж, өрөөнөөсөө гаргаж буй үйлдэл нь албан үүргийн хувьд шүүхийн захиргааны ажилтантай харилцахдаа “зүй бус” авирласан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл,  эдгээр үг хэллэг нь ердийн харилцааны үед байнга хэрэглэдэг, энгийн үг хэллэг гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн өргөдөл гаргагч буюу шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Т нь хүний нөөцийн бүртгэлтэй холбоотой чиг үүргийг хариуцдаг тул Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/9.. дугаар албан бичигт заасан баримт буюу иргэний үнэмлэх авах зорилгоор шүүгч Ц.Амаргэрэлийн өрөөнд орсон нь тогтоогдож байх тул тэдний хооронд албан үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Шүүгч Ц.Амаргэрэл 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1.. дугаар шийтгэврээр Ж.Т-д Зөрчлийн тухай хуулиар 10 хоног баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулж байсан, мөн шүүхийн тамгын газраас Б.Н-т /Ц.Амаргэрэлийн нөхөр/ холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгагдаж байсан хэрэгт хохирогчийг төлөөлж Ж.Т оролцож, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргаж байсан талаарх баримт сахилгын хэрэгт авагдсан байна. Энэхүү шалтгаанаар өргөдөл гаргагч болон холбогдох шүүгчийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байж болох ч шүүгч нь албаны байранд ажлын цагаар дээрх үйлдлийг гаргасан, энэ нь бусад шүүгч, ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд тодорхой хэмжээнд саад болсон нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах,…” зөрчил гаргасан гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.8-т нийцжээ.

Харин өргөдөл гаргагч нь шүүгчтэй мэндлээгүй байх, түүнд хууль ёсны шаардлага тавьж байсан эсэх нь холбогдох шүүгчийг дээрх зөрчлийг  гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

3.Холбогдох шүүгчээс гаргаж өгсөн дүрс бичлэгийн яриаг дунд нь устгаж тасалдуулаагүй, голоос нь тасалж засвар, эвлүүлэг хийгдээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг бичлэгт “нойлын ногоон тэг” гэж хэлсэн нь бичигдээгүй байх тул энэ талаарх гомдол хангалттай тогтоогдоогүй талаар нотлох дүгнэлтэд тодорхой дурджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.13-т “Гэрчээр дуудагдсан этгээд Сахилгын хороонд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, 106.14-т “Гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна”,  Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн сахилгын хорооны хуралдааны дэг, журмыг зөрчсөн, Шүүхийн сахилгын хорооны гишүүний дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, шаардсан мэдээлэл, нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, худал мэдүүлэг өгсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон этгээд нь тухайн хэрэгт ач холбогдол бүхий асуудлын талаар мэдсэн, сонссон, үзсэн үйл баримтын бодит байдлыг нууж худал хариулт өгсөн, эсхүл бусдыг гүтгэсэн илт санаатай үйлдлийг худал мэдүүлэг өгсөн гэж ойлгоно.

Шүүгч Ц.Амаргэрэл, Ж.Т нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг орчимд болсон маргааныг ажлын өрөөнд болон шүүхийн коридорт явж байхдаа сонссон гэрч Л.О, Б.Э, Б.Б нар “нойлын ногоон тэг” гэснийг сонссон талаар анхны мэдүүлэгтээ дурдсан бол 1 жил 6 сарын дараа “…өрөөнд хүмүүсийн чанга чанга дуугараад маргаад байснаас чихний үзүүрт сонсогдсон юм нь ажлаа хийж чаддаггүй гэсэн юм яриад маргаад байсан,  яг нойлын ногоон тэг гэж хэлснийг одоо бол үнэхээр санахгүй байна...” гэсэн мэдүүлэг өгчээ.

Гэрч нь тухайн үеийн  үйл явдалд хандаж буй хандлага, ой тогтоолт, анхаарал төвлөрсөн байдал, цаг хугацаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч үйл явдлыг хэрхэн мэдэрч хүлээн авснаа мэдүүлгээрээ илэрхийлдэг тул Ж.Т, Ж.Э, Л.О, Б.Б, А.А-ыг “зориуд санаатай худал мэдүүлэг өгсөн” гэж үзэх үндэслэлгүй.  

4.Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Ц.Амаргэрэл нь А.Ш-ийг мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байхад нь “Р.Б шүүгчид хэрэг хуваарилагдахгүй байна, чи хэний талд ажиллаж байна вэ гэж асуусан, мөн “чи их тарган байна, тураач ээ, бондгороо, арай бүдүүн биш үү, би чамайг доромжилж чадаж байгаа биз дээ” гэж хэлсэн нь тогтоогдож байгаа боловч энэхүү үйлдлийг “зүй бус авирлах” шинжийг бүрэн агуулаагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

5.Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 24......08 дугаар тогтоолоор “тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2 давхарт 208 тоот албан тасалгаанд хэн нэг хүн зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулахыг даалгажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр өргөдөл мэдээлэл гаргах ба сахилгын хэрэг үүсгэх эсэхийг илтгэгч гишүүн шийдвэрлэхээр мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т заасан.

Илтгэгч гишүүн Ж.Т-ийн өргөдлөөр шүүгч Ц.Амаргэрэлд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж нотлох дүгнэлт үйлдсэн ба Сахилгын хорооны хуралдаанаас холбогдох шүүгчийн “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үйл баримт бичигдсэн гар утас шинжээч дээр очихоос өмнө албан өрөөнөөсөө гар утас дээрх бичлэг устгагдсан нөхцөл байдал тогтоогдсон талаар илтгэгч гишүүнд мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг хүргүүлж байсан, бичлэг устгасан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гарч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдсэн, шүүгчийн сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах үйлдэлд шалгах ажиллагаа явуулах өгнө үү” гэсэн хүсэлтээр сахилгын  хэрэг үүсгэх үндэслэлгүй.

6.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ц.Амаргэрэлээс гаргасан хүсэлтүүдийг дараах байдлаар шийдвэрлэжээ.

- 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э, шүүгч Б.М нарыг гэрчээр асуусан.

-2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын архиваас Ж.Т-д холбогдох “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлийн тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших анкетын хуулбарыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшихээр бөглөсөн анкет болон түүнд хавсаргасан баримтууд, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/1.. дугаартай шийтгэвэрт гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1.. дугаар магадлалыг нотлох баримтаар гаргуулан авч, сахилгын хэрэгт хавсаргасан.

- 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “...Сахилгын хорооны хуралдаанд хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Н.Н-ийг оролцуулах, сахилгын хэргийн материалтай танилцах, хуралдаанд оролцох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлүүлэх эрхээр хангуулах хүсэлт гаргасныг хангасан.

-2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Н-ийн өгсөн гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан нүүрэлдэж мэдүүлэг өгөх, шүүгч Б.Э-ийн туслах Б.Б-ийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, өөрийн гар утсан дээр хийсэн бичлэгийг засварласан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг гишүүний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0...9 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгчийн гаргасан хүсэлтийг илтгэгч гишүүн зохих журмын дагуу шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг хангаж байжээ.    

Дээрх үндэслэлээр нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3,  112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд “цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай. 

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                     ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН