info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-02-05

Дугаар 20

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, өргөдөл гаргагч С.З /цахим/, холбогдох шүүгч Д.Баттулга /цахим/ нарыг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазараар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулан:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгад холбогдох  “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2026/0010 дугаартай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний тус “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналд:

“... Шүүгч Д.Баттулга хариу тайлбартаа: “...Өргөдөлд Шүүгч Д.Баттулгад харилцаа, хандлага ёс зүй бүр түй ч байгаагүй. Хууль далайлган алхаа барьчхаад зөрчлийн хэрэг үүсгэнэ гэж маш их сүрдүүлсэн" гэжээ.

Шүүгч би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйл буюу шүүгч хүний хувьд өдөр тутамдаа чанад сахиж явах ёстой ёс зүй, харилцаа хандлага, биеэ авч явах байдалдаа байнга анхаарч, өөрийгөө хянаж явдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан шүүх хуралдаан даргалагчийн эрх, үүргийн хүрээнд шүүх хуралдааны даргалан явуулдаг. Өргөдөл дурдсан үйл баримт огт болоогүй. Шүүх хуралдааны дэг сахиулах хүрээнд өргөдөл гаргагч С.З /нэхэмжлэгч/-ийн гаргасан зүй бус авирыг буюу хариуцагчаар оролцсон иргэн рүү дайрч давшилсан үйлдлийг л таслан зогсоохоор шаардлага тавьж, анхааруулсан.

2. “...Тус шүүгч нь хэргийн агуулгаа өөрөө ойлгож танилцаагүй шүүх хурлыг даргалсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт дээр тулгуурлаж ярих зүйл их байсан боловч хэрэгт авагдсан материал дээр огт судлуулаагүй, дараа яриулна гэж худлаа хэлээд шүүх хуралдааныг дуусгасан. Мөн аргаа бараад миний бие шүүх хуралдаанаас “нотлох баримт судлуулъя” гэж удаа дараа хэлсээр байгаад судлах ёстой 10-аад хуудаснаас над руу тус хэргээ шийдээд “чи өөрөө унш” гээд өгчихсөн. Тэгээд би нэгийг нь шүүх хуралдаан дээр уншсан байдаг. Энэ бол шүүгч хүнд огт баймааргүй маш том алдаа” гэжээ.

Шүүгч хүн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгаа хэргээ уншиж, танилцахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ямар ч боломж байхгүй.

Шүүгч миний хувьд Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаан явуулах дэгийг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, нэхэмжлэгчийн шаардлагаар өөрөөр нь хэрэгт авагдсан нотлох баримтаас уншуулж судлуулсан. Тодруулбал хуульд зааснаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан.

Харин өргөдөл гаргагч /нэхэмжлэгч/ С.З нь шүүх, шүүгч рүү илтэд дайрсан үйлдэл гаргасан учраас шүүх хуралдааны дэг сахиулагчийг хуралдааны танхимд оруулж ирсэн. Нотлох баримтыг нэг бүрчлэн уншиж танилцуулсны дараа дэг сахиулагчаар хэргийг өөрт нь өгч, нотлох баримтыг нь уншуулсан болно. 

3. “...Ажлын хайхрамжгүй байдал, мөн ажлаа сайн мэддэггүй, ёс зүй харилцаа хандлага огт байхгүй ийм шүүгч хүн ам ихтэй олон шүүх хуралдаан болдог газар шүүгчээр ажиллаж байна гэдэг бол миний хувьд маш их эмгэнэж байна” гэжээ.

Энэ асуудал бол шүүх, шүүгч рүү илтэд дайрч доромжилсон үйлдэл гэж үзэж байна. Тодруулбал шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тэгш байдлыг хангах үүднээс шүүх хуралдааны дэг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулан сануулсны төлөө шүүгч рүү илтэд дайрсан, нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Дээрх үйл баримтууд шүүх хуралдааны бичлэгт бүрэн бичигдсэн тул анхаарч үзнэ үү” гэжээ.

Өргөдөлд дурдагдсан иргэний хэргийн тухайд:

Нэхэмжлэгч С.З нь хариуцагч Р.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргахад шүүгч Г.Жаргалтуяад хуваарилагдаж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 312/ШШ2025/... дугаар шийдвэрээр “...гэм хор учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн өмчлөгчид төлөхөөр хуульчилсан..., ... ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч С.З бус, иргэн Х.Э болох нь ...баримтаар тогтоогддог...” гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байжээ. Уг шүүхийн шийдвэрт зохигчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар С.З иргэн Х.Э-с итгэмжлэл аван, тус шүүхэд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1.538.950 төгрөг гаргуулах тухай гэх нэхэмжлэлийг дахин гаргасан нь шүүгч Д.Баттулгад хуваарилагдаж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн, 312/ШШ2025/... дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З нь нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж, чадахгүй байна...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн 312/ШШ2025/... дугаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргэгдэж, холбогдох хууль, журмын дагуу шүүгчид хуваарилагдсан байна.

 

Шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч С.З-с нэмэлтээр тайлбар, мэдүүлэг авахад тэрээр “Миний хувьд би тайлбар хийхдээ чанга дуугаар ярьчихдаг, шударга талдаа хүн ба эрүү, иргэний хэргийн олон шүүх хуралдаанд оролцож байсан. Гэтэл шүүх хуралдаан эхэлснээс эхлээд л шүүгч намайг загнаад байсан. Би яасан ширүүн шүүгч вэ гэж дотроо бодож байсан. Ер нь бол шүүх хуралдаанд оролцож байгаа хүний ярих эрхийг шүүхээс хязгаарлах ёсгүй боловч шүүгч Д.Баттулга нь миний яриаг хязгаарлаад “дараа нь ярь, байж бай” гээд яриулахгүй байсан. Шүүгч бүүр цагдааг дуудаж, шүүх хуралдааны танхимд оруулж ирсэн ба би нотлох баримтаа судлуулах гээд хэлэх гэтэл шүүгч надад “дахиад үг хэлэх юм бол Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгоно шүү” гээд дахин дахин сүрдүүлж загнаад, хэд хэдэн удаа алхаа цохисон. Их чанга дуутай шүүгч байна билээ. Би хувьдаа шүүгчийг “байж бай, дараа нь ярь” гэсэн болохоор би “дараа нь ярих юм байна даа” гэж бодож байтал шүүх хуралдаан завсарлалаа гэж хэлээд намайг яриулаагүй. Би хуулиас харвал уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Орхон аймаг бол хүн амын тоогоороо улсдаа 3 дугаарт ордог хот. Гэтэл ийм газарт харилцаа хандлага муутай шүүгч байж болохгүй гэж бодсон тул танайд өргөдөл гаргасан. Миний энэ хэрэг бол иргэний хэрэг байсан, хэрвээ эрүүгийн хариуцлага байсан бол яах байсан бол. Энэхүү өргөдлийг би зөвхөн өөрийнхөө төлөө биш, иргэнийхээ үүргийг биелүүлээд шүүгчийг дараа дараагийн алдааг дахин гаргахгүй байлгах үүднээс хуульд заасан зөрчлийг нь тогтоон, хариуцлага тооцож өгнө үү” гэсэн болно. /с.х-ийн 35-39 тал/

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад С.З-н нэхэмжлэлтэй, Р.М-д холбогдох өргөдөлд дурдсан иргэний хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны “гесогding (1)” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд доорх үйл баримт тогтоогдов.

• 09 минут 55 секундэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ярьж байх явцад даргалагч “гол шаардлагаа яриач ээ” гэж,

• 10 минут 24 секундээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй хариу тайлбараа ярьж байх явцад даргалагч “гол юмаа яръя, одоо 1.500.000 төгрөг. Машин шүргэсэн асуудлыг бол шийтгэврээр шийдсэн байгаа ш дээ. Хэн аль нь ойлгож байгаа, тийм үү? Тэгэхээр тэр 1.500.000 төгрөг дээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яриад явчих” гэснээр хариуцагч үргэлжлүүлэн ярьж байна.

• 11 минут 53 секундээс нэхэмжлэгч хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан тайлбар хэлж эхлэхдээ “22 дугаар хуудасны” гэхэд даргалагч “тэрийг нотлох баримт шинжлэн судалсныхаа дараа ярь, за юу. Тэр 2.500.000” гэхэд нэхэмжлэгч “заа, энэ хүн ингээд байгаа байхгүй юу” гэх үед даргалагч “байж бай, 2.500.000 төгрөг өгсөн гээд байна. Тэр нь юунд зарцуулагдсан юм бэ” гэхэд нэхэмжлэгч хариулжээ.

• Бичлэгийн 13 цаг 28 секундэд даргалагч “1.500.000 төгрөгийг ямар агуулгаар нэхэмжилж байгаа юм бэ?” гэхэд

нэхэмжлэгч “би яриад байна ш дээ. Та 22 дугаар хуудасны оношилгооны хуудас гээд байна ш дээ” гэхэд

даргалагч “би дараа нь асууя, би хэзээ ч асуух эрхтэй” гэхэд

нэхэмжлэгч “айн” гэв. 

даргалагч “би хэзээ ч асуух эрхтэй. Ямар учраас 1.500.000 төгрөг нэхээд байгаа юм бэ?” гэхэд нэхэмжлэгч “наадах чинь гарчихсан зардал байхгүй юу” гэх үед даргалагч “тэр 2.500.000” гэх үед нэхэмжлэгч “надаас энэ хүн ачуулж өгөөд л гарсан зардал гэсэн үг. Тэгээд одоо хүртэл байна ш дээ” гээд үргэлжлүүлэн ярьсаар байна.

• Бичлэгийн 13 минут 45 секундээс даргалагч “байж бай, дайраад байх юм. Ямар сонин хүн бэ?” гээд алх хэрэглэн “шүүхэд жоохон хүндэтгэлтэй хандаарай” гэхэд

нэхэмжлэгч бухимдсан өнгөөр их чанга дуугаар хашхиран “энэнээс илүү яаж хүндэтгэлтэй хандах юм бэ. Та нар угаасаа гэм хор учруулсан бол учруулсан ш дээ. Юу гэсэн үг юм бэ” гээд суув.

• Бичлэгийн 13 минут 58 секундэд даргалагч “би санууллаа шүү. Шүүх хуралдааны дэг сахихгүй бол би танд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэх үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байгууллагын дотоод сүлжээгээр юм бичиж байгаа нь харагдаж байна.

нэхэмжлэгч “угаасаа шүүх ийм л байдаг ш дээ” гэхэд даргалагч “юу гэнээ” гэв. нэхэмжлэгч “шүүх угаасаа яг ингэдэг байхгүй юу” гэхэд даргалагч үргэлжлүүлэн “би танаас асуулт асууж байна” гэх үед нэхэмжлэгч босож бухимдсан өнгөөр “би хариулж байна ш дээ, харин” гэхэд даргалагч “байж байгаач ээ, би дэгээ танилцуулж байна" гэхэд нэхэмжлэгч “заа” гэв.

даргалагч “би асуулт асуугаад, нотлох баримт шинжлэн судлаад дараа нь тайлбарыг чинь хэлүүлнэ гээд дэгээ танилцуулсан. Та яагаад дайрч давшлаад байгаа юм бэ?” гэхэд

нэхэмжлэгч “гомдож байна. Би бүх зардлаа гаргачихсан байхгүй юу” гэв.

даргалагч “би хэргээ шийдээгүй байна. Хэргээ шийдэхийн тулд би танаас тодруулж асууж байна. Би ахиад сануулахгүй шүү танд. Ахиад дэг зөрчих юм бол би Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлыгэнэ” гэх үед 

нэхэмжлэгч “би ч гэсэн гомдоно” гэв.

даргалагч “асуултад нь л хариулаад бай. Та ингээд учир зүггүй” гэх үед

нэхэмжлэгч таны асуулт ойлгомжгүй байгаад байгаа байхгүй юу, ойлгомжгүй байна”гэхэд

даргалагч “1.500.000 төгрөгийг ямар зардалд зарцуулсан юм бэ, зарцуулах гэж байгаа юм бэ?” гээд ярьж байхад

нэхэмжлэгч “аан заа, ок” гэхэд

даргалагч “байж бай, 2.500.000 төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдгийг” үед цагдаагийн албан хаагч шүүх хуралдааны танхимд орж ирэхэд даргалагч “дэг сахиулагч аа, тэнд сууж бай. Шүүх рүү, шүүгч рүү дайрч давшлаад байна. Тийм учраас дуудсан юм” гээд үргэлжлүүлэн “тийм учраас тэрнийхээ л тайлбарыг хэлээч ээ гэж би асуусан юм” гэхэд нэхэмжлэгч хариулж байна.

• 16 минут 34 секундэд даргалагч “байж байгаарай, байж бай. Золзаяа жоохон тайван бай, нэгдүгээрт. Хоёрдугаарт би асуудлыг шийдээгүй, тодруулж асууж байж шийдвэрлэх ёстой юм. Тэгэхээр чи над руу дайраад байна. Шүүх ийм байдаг, шүүгч ийм байдаг ш дээ гээд. Тэгж болохгүй гэж би өмнө нь сануулсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагатай л холбоотой асуугаад байгаа. Радиатор ямар үнэтэй юм бэ?” гэхэд нэхэмжлэгч “хуудас нь дээр байгаа байхгүй юу харин” гэв.

даргалагч “чи өөрөө нэхэмжлэгч учраас мэдэж байх ёстой” гэхэд нэхэмжлэгч “радиатор нь өөрөө 980.000 төгрөг юм билээ” гэжээ. /с.х-ийн 85-90 тал/

Дээрх үйл баримттай холбогдуулан өргөдөл гаргагч С.Золзаяа “Шүүгч нь шүүх хуралдаан эхэлсэн үеэс эхлэн намайг загнасан...” гэсэн бол, /с.х-ийн 35-39 тал/

шүүгч Д.Баттулга “С.З нь тухайн хэргийн хариуцагч руу илтэд дайрч буюу дээрэнгүй байдлаар хандаж “...та нарын мэддэг Приус, Портер машин биш, их үнэтэй машин бид 90.000.000 төгрөгөөр авсан машин. Монголд ганцхан Н компани оруулж ирдэг” гэх зэргээр дээрэлхсэн зан гаргаад байсан учраас шаардлага тавьж анхааруулсан” гэх тайлбар хэлж, /с.х-ийн 83-84 тал/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э “Би 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нарийн бичгийн даргаар ажилд орсон. Би анхан шатны шүүхэд ажиллаж байх үед шүүгч Д.Баттулгын нарийн бичгийн дарга байхгүй байх үед заримдаа шүүх хуралдаанд нь ордог байсан,... Тухайн өдөр шүүгч Д.Баттулгын нарийн бичгийн дарга өвчтэй байсан тул би шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон. Хэргийн оролцогчдын нэрийг санахгүй байгаа боловч үйл баримтын талаар санаж байна. Миний санаж байгаагаар нэхэмжлэгч нь шүүх хуралдааны дэгд захирагдахгүй чанга дугаар ярьсан ба “шүүх угаасаа ийм ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд даргалагч шүүгч Д.Баттулга дэгд захирагд гээд алх цохиж байсан. Надад шүүгч Д.Баттулга  ёс бус үг хэллэг хэрэглэсэн, айлгасан, зандарсан санагдаагүй. Зүгээр л шүүх хуралдаан даргалагчийн хувьд хуульд заасан шаардлагаа тавьсан гэж бодож байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч эмэгтэй чанга дуугаар яриад эхлэнгүүт нь би шүүгчийн туслах Б.Б руу “цагдаа дуудаарай” гэж дотоод сүлжээгээр бичсэн. Улмаар цагдаа шүүх хуралдааны танхимд орж ирсэн” гэж мэдүүлсэн. /с.х-ийн 57-60 тал/

Улмаар шүүгч Д.Баттулгын зан байдал, харилцаа хандлагатай холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Б, Ерөнхий шүүгч Ц.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нараас мэдүүлэг авахад:

Б.Б “Би 2023 оны 11 дүгээр сараас хойш Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Шүүгч Д.Баттулга нь 2025 оны 7 дугаар сард зарлиг нь гарч, тухайн үед ээлжийн амралттай байсан тул манай шүүхэд 2025 оны 9 дүгээр сараас эхлэн шилжүүлэг хийлгэн ажиллаж байгаа. Харилцаа хандлагын хувьд анх утсаар ярихад Ерөнхий шүүгчийн зангарагтайгаар “би амарч байна, байраа суллаад очно” гэхээр нь би хэцүү ааштай хүн байна даа гэж бодсон. Гэтэл ажилдаа ирээд шууд харилцаад үзэхэд шүүгч, туслах, нарийн бичиг гээд хүн бүртэй мэнд устай, нийтэч хүн байсан. Утсаар ярьснаасаа өөр хүн байсан. Харин хэргийн оролцогч нартайгаа хэрхэн харилцдаг, шүүн таслах ажиллагааны явцад ямар байдгийг нь би мэдэхгүй юм. Ямартай ч туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас нь шүүгчтэйгээ болохгүй байгаа, ойлголцохгүй байгаа гэхээр гомдол хүсэлт гаргаж байгаагүй” гэх, /с.х-ийн 40-43 тал/

Ц.Алтангадас “Би шүүгчээр ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ерөнхий шүүгч болсон. Шүүгч Д.Баттулгыг Ханбогдоос Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 7 дугаар сард гарч, 8 дугаар сард ээлжийн амралттай байж байгаад 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Өмнө нь спорт тэмцээн уралдаанд тааралдаж байсан, тодорхой хэмжээгээр мэднэ. Харин 2025 оны 9 дүгээр сараас хойш хамтран ажиллаж байна, мөн хамт бүрэлдэхүүний шүүгчээс шүүх хуралдаануудад орж байсан. Энэ хугацаанд шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгч нараас гадна хэргийн оролцогчидтой таагүй харилцсан зүйл болж байгаагүй. Бид 7 хоногт 1-2 удаа шүүх бүрэлдэхүүнд ордог. Хэргийн оролцогчоос ч, шүүгч Д.Баттулгын зүгээс ч эвгүй харилцсан, асуудал гарсан зүйл болж байгаагүй. Мөн бид нас ойролцоо учраас хэргийн хууль зүйн талаас зарим тохиолдолд, мөн өмнө нь Ханбогдын шүүхэд Ерөнхий шүүгч байсан тул Ерөнхий шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой ярилцах үе байдаг. Энэ хугацаанд шүүгч Д.Баттулга зан харилцааны хувьд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Өмнөх Ерөнхий шүүгч байсан Б.Бямбасүрэнгийн үед ч ямар нэгэн асуудал гарч байсан удаа байхгүй юм байна, би ямар нэгэн зүйл сонсож байгаагүй” гэх, /с.х-ийн 61-64 тал/

Г.Э “шүүгч Д.Баттулга ихэнх хурлаа тайван оруулдаг, загнаад байдаггүй шүүгч. Минийхээр бусад шүүгч нараас тайван, дөлгөөн оруулдаг. Тухайн үед энэ шүүхэд ирээд удаагүй байсан ба би “хурлаа явуулах арга барил нь бусад шүүгчээс өөр байна даа” гэж бодож байсан. Намайг загнаж байсан удаа байхгүй. Бусад Тамгын газрын ажилтнуудаас ч гэсэн шүүгч Д.Баттулгын талаар ярьж байсан удаа байхгүй, би сонсож байгаагүй” гэх мэдүүлгийг тус тус өгсөн. /с.х-ийн 57-60 тал/

Дээр дурдагдсан шүүх хуралдааны дуу-дүрсний  бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, өргөдөл гаргагч, холбогдох шүүгч нарын тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Д.Баттулга нь шүүх хуралдааны дэг сахиулах хүрээнд шаардлага тавихдаа хэргийн оролцогч нартай зүй бус үг хэллэг хэрэглэж, зохисгүй үйлдэл гаргаж харьцаагүй байх тул түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Өргөдөл гаргагч С.З “Ер нь бол миний машиныг мөргөөд зугтсан ба цагдаад гомдол гаргасны дараа миний машиныг мөргөсөн хүн мөнгөө дутуу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хуралдааны явцад би хавтаст хэрэгт байгаа баримтаа хэлээд ярих гэтэл шүүгч “байж бай, яриулна ш дээ” гээд ширүүн харилцаад байсан. Шүүх хуралдааны явцад би “баримт нь хавтаст хэрэгт байгаа” гэхэд шүүгч “өөрөө унш” гээд хэргээ шидсэн. Түүнийг нь цагдаа аваад надад өгсөн болохоор би өөрийн судлуулах баримтаа өөрөө уншихаас өөр аргагүй болоод уншиж өгсөн. Тухайлан судлуулах баримт байна уу гэж шүүгч асуугаагүй. Би шүүх хуралдаанаас өмнө хавтаст хэрэгтэй танилцаад, хуудасны дугааруудыг тэмдэглээд авчихсан байсан. Ингээд шүүх хуралдаанд баримтуудаа хэлээд ярих гэтэл шүүгч яриулаагүй. Мэдээж шүүгч зарим нэг баримтуудыг хэлж судалсан боловч тэр нь ойлгомжгүй байсан. Харин тухайлан судлуулах баримт байгаа талаараа хэлэхэд шүүгч тэрийг судлахгүй байсан” гэж мэдүүлсэн бол,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э “Шүүгч хэргээ шидэх боломжгүй, хэргийн оролцогчид шууд өгөх боломжгүй, зайтай байрлалд суудаг. Гэхдээ би сайн санахгүй байгаа ч хэрвээ хэргийг авч өгсөн бол нэг бол би, эсхүл цагдаа л өгсөн байгаа. Эсхүл шүүгч “өөрөө унш” гээд өөрийнхөө ширээн дээр хэргийг шидсэн эсэхийг сайн санахгүй байна, анхаарал хандуулахаар тиймэрхүү үйлдэл болоогүй. Миний орж байсан шүүх хуралдаануудад шүүгч Д.Баттулга нотлох баримтыг шинжлэн судлахдаа хэргийн оролцогчдоор өөрсдөөр нь уншуулж байгаагүй, шүүгч өөрөө уншаад судалдаг” гэх мэдүүлгийг өгөв. /с.х-ийн 35-39, 57-60 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчилж, шүүх хуралдаан нь уг бүлэгт заасан дарааллаар явдаг.

Шүүх хуралдааны “гесогding (1)’’ гэх нэртэй дуу-дүрсний бичлэгээс үзэхэд даргалагч шүүх хуралдааныг нээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирц танилцуулсны дараагаар даргалагч шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, “шүүх хуралдааны даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэх’’-ийг зохигчдоос тодруулж байх ба бичлэгийн 01 минут 18 секундэд даргалагч “хэн аль нь эрх үүрэгтэйгээ танилцсан уу? Эрх, үүрэгтэй холбоотой ойлгомжгүй зүйл байна уу? Надаар тайлбарлуулах зүйл байна уу?” гэхэд нэхэмжлэгч “танилцсан, байхгүй” гэж хариулжээ. Мөн бичлэгийн 01 минут 49 секундэд даргалагч “шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу?” гэхэд зохигчид “байхгүй” гэсэн тул шүүх хуралдааны дарааллыг тогтоож байна.

Улмаар бичлэгийн 05 минут 30 секундээс эхлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, бичлэгийн 10 минут 24 секундээс эхлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа эс зөвшөөрч хариу тайлбар хэлж байхдаа өмнө нь шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн талаар яриад байсан тул даргалагч тухай бүр “гол юмаа яръя, одоо 1.500.000 төгрөг. Машин шүргэсэн асуудлыг бол шийтгэврээр шийдсэн байгаа ш дээ. Хэн аль нь ойлгож байгаа, тийм үү? Тэгэхээр тэр 1.500.000 төгрөг дээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яриад явчих” гэж хэлж байгаа нь бичигджээ.

Мөн бичлэгийн 11 минут 53 секундээс нэхэмжлэгч хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан тайлбар хэлж эхлэхдээ “22 дугаар хуудасны” гэхэд даргалагч “тэрийг нотлох баримт шинжлэн судалсныхаа дараа ярь, за юу. Тэр 2.500.000”, “байж бай, 2.500.000 төгрөг өгсөн гээд байна. Тэр нь юунд зарцуулагдсан юм бэ”, 13 цаг 28 секундэд даргалагч “1.500.000 төгрөгийг ямар агуулгаар нэхэмжилж байгаа юм бэ?”, 31 минут 21 секундээс хариуцагч нэмэлт тайлбар хэлж дуусахад нэхэмжлэгч “уучлаарай шүүгч ээ, би дахиад нэг юм асуучих уу?” гэхэд даргалагч “асуулт асуухгүй, шүүх хуралдааныг завсарлая” гэж хэлж байна. /с.х-ийн 85-90 тал/

Өөрөөр хэлбэл шүүгч Д.Баттулга хуульд заасны дагуу шүүх хуралдааныг дэг, дарааллын дагуу явуулсан байх бөгөөд бичлэгийн явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааны дэгийг сахиулсан гэж үзнэ. Түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь заалтад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих” гэж заасан нь хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүрэг юм.

Мөн шүүх хуралдааны явцад шүүгч Д.Баттулга нь алх хэрэглэсэн нь тогтоогдож байх боловч энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...даргалагч алхыг дараах тохиолдолд хэрэглэнэ” гээд 2.1.1-д “шүүх хуралдааныг нээх”, 2.1.2-т “...дэг сахиулах”, 2.1.3-т “...завсарлуулах”, 2.1.4-т “шүүхийн шийдвэр уншиж сонсгох”, 2.1.5-д “шүүх хуралдааныг хаах” гэж заасны дагуух ажиллагаа болно. /с.х-ийн 92-93 тал/

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна” гэж зааснаар нотлох баримтыг шинжлэн судлах нь шүүхэд хүлээлгэсэн үүрэгт хамаарч байна.

Гэтэл шүүх хуралдааны “гесогding (1)’’ гэх нэртэй дуу-дүрсний бичлэгийн 26 минут 27 секундэд нэхэмжлэгч С.З-д шүүгчийн асуултад хариулж эхлэхдээ “22 дугаар хуудасны оношилгооны хуудас байгаа. Та тэрийг надад уншаад өгөөч тэгэх үү. Тэнд албан ёсных нь юу нь өөрөө оношилсон байгаа” гэх үед даргалагч “өөрөө унш” гээд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга руу чиглүүлэн хавтаст хэргийг өгөх үед цагдаагийн албан хаагч ирэн хэргийг нэхэмжлэгчид өгч байна. Энэ үед нэхэмжлэгч үргэлжлүүлэн ярьж байсан ба тэрээр хэргийг аваад “авто машины оношилгооны хуудас. Оношилгооны дугаар 34734, үйлчлүүлэгчийн нэр гээд утасны дугаар бичээд, үйлчилгээнд орсон нь 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 25 минут, үйлчилгээ дууссан огноо нь 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 26 минут, тээврийн хэрэгсэл Чанган, улсын дугаар ... ОРН, арлын бичээд үйлдвэрлэсэн он, өнгийг нь бичсэн байна. Урд купер авсан, задалсан 150.000, үндсэн радиатор авч задалсан задаргаа хийсэн 310.000, дүгнэлт нь машин мөргөснөөс болж радиатор, үндсэн систем гэмтсэн хөргөлт нийлэн гоожсон, радиатор гагнуулж засварласан. Цаашид үндсэн радиатор шинээр солих шаардлагатай гээд цагаанаар хар өнгийн балаар бичсэн байгаа байхгүй юу. Оношилсон н.Ж гээд. Энэ болохоор Н-ийн сервисийн, энэ чинь Эрдэнэтэд оношлохгүй байсан юм чинь энэ байгаа байхгүй юу. Мөргөсөн байна уу, шүргэсэн байна уу гэдэг гол оношилгоог энэ гаргаж өгсөн” гээд  даргалагчид хэргийг буцаан өгчээ. /с.х-ийн 85-90 тал/

Энэ талаар шүүгч тайлбар өгөхдөө “С.З 22 дугаар хуудас дахь баримтыг шинжлэн судлуулъя гэсэн. Тухайн хэрэгт авагдаж үдэгдсэн баримтуудад нэхэмжлэгчийн хэлээд байгаа 22 дугаар хуудсанд “Оношилгооны хуудас” гэх баримт байхгүй байсан учраас өөрт нь дэг сахиулагчаар өгүүлж шинжлэн судлуулсан. Гэтэл тухайн баримт нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зөрчлийн хэргийн баримт буюу өмнө нь гаргаж өгсөн 22 дугаартай баримт байсан. Энэ нь хууль зөрчөөгүй үйлдэл гэж үзэж байна” гэв. /с.х-ийн 83-84 тал/

Шалгах ажиллагааны явцад шүүгч Д.Баттулгын хянан шийдвэрлэсэн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд нь 2 өөр дугаартай байсныг шүүгчийн туслах Б.Б-с тодруулж бичгийн тайлбар авахад “...С.З-н нэхэмжлэлтэй, Р.М-д холбогдох иргэний хэргийг шүүгч Г.Жаргалтуяа хянан шийдвэрлэсэн ба 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/*** дугаар шийдвэртэй иргэний хэрэгт өгсөн байсан нотлох баримтуудаа тус иргэний хэрэгт хавсаргаж өгсөн. Миний бие ...иргэний хэргийг дугаарлахдаа өмнө нь дугаарласан байсныг дарж шинээр доод талд нь дугаарласан болно” гэх тайлбарыг өгсөн. /с.х-ийн 65 тал/

Уг үйл баримттай холбогдуулан С.З-н нэхэмжлэлтэй, Р.М-д холбогдох шүүгч Г.Жаргалтуяагийн хянан шийдвэрлэсэн иргэний хавтаст хэрэгт үзлэг хийхэд хэргийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэл болон түүнд хавсаргасан 24 хуудас материалыг хүлээлгэн өгч, хэрэгт хуулбар баримтуудыг хийсэн байв. /с.х-ийн 66-82 тал/

Нэхэмжлэгч нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хүлээн авсан баримтуудаас гадна, шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/*** дугаар шийдвэр, Авто радиатор сервисийн 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн гагнуур хийсэн гэх “Засвар үйлчилгээний хуудас” /бичвэр нь бүдэг/, Н-ийн 460.000 төгрөгийн е-баримт /бичвэр маш бүдэг/, мөн 140.000, 460.000, 68.960 төгрөгүүдийн зарлага гарсныг дугуйлсан дансны хуулга гэх 3 баримтыг харуулсан 1 нүүр баримтыг нэмэлтээр хавсаргаж өгсөн болох нь хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 44-47, 66-68 тал/

Дээрх хоёр хэргийг харьцуулан үзэхэд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс удаа дараа хэлсэн “хавтаст хэргийн 22 дугаар тал”-д авагдсан баримт нь шүүгч Д.Баттулгын хянан шийдвэрлэсэн хэрэгт Хас үнэлгээ 150.000 төгрөг төлсөн и-баримт байх бол шүүгч Г.Жаргалтуяагийн хянан шийдвэрлэсэн хэрэгт 22 дугаар талд Авто машины оношилгооны хуудас гэх 34734 дугаартай баримт авагдсан байв. /с.х-ийн 48, 76 тал/

Иймд холбогдох шүүгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэн түүнийг “өөрөө унш” гээд хэргийг өгсөн үйлдэлд нь буруутгах боломжгүй гэж үзлээ. Мөн шүүгч нь “өөрөө унш” гээд хэргийг өгөхдөө түүний дууны өнгөнд бухимдсан өнгө илэрхийлээгүй болно.

Түүнчлэн “гесогding (1)’’ гэх нэртэй дуу-дүрсний бичлэгийн 20 минут 43 секундээс нотлох баримтыг шинжлэн судалж эхэлж байх ба даргалагч “шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1813 дугаартай шийдвэр, Э-с З-д олгосон итгэмжлэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал гээд зөрчлийн хэргийн материал байна” хуудаснуудыг эргүүлж байгаад “2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр М-д Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлд зааснаар 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас байна. Авто радиатор засвар үйлчилгээний хуудас гээд баримтын хуулбар байх шиг байна, гагнуур хийсэн 100.000 төгрөг гэнэ, доор нь е-баримт байна, юу гэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн банкны хуулга гэж байна. Ямар учиртай юм бол доо” гэж хэлээд хэрэгт авагдсан баримтуудтай холбоотой асуулт асууж, тайлбар авсан нь шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ТМ2025/*** дугаартай тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг болон иргэний хэрэгт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 26-31, 85-90, 44-47 тал/

Иймд холбогдох шүүгчийг нотлох баримтыг шинжлэн судлаагүй гэх үндэслэлээр буруутгахгүй.

Өргөдөл гаргагч С.З нэмэлт тайлбартаа “Би  хувьдаа шүүгч нарыг олон шүүх хуралдаантай, олон хэрэгтэй байдаг тул шүүх хуралдаанаас өмнө хэрэгтэйгээ танилцаад уншсан, хэргээ ойлгосон байдаг гэж боддог. Гэтэл хэрэгтэйгээ сайн танилцаж уншаагүй, агуулгаа ойлгоогүй байсан. ...Шүүгч “хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн. Тэгээд шүүгч Д.Баттулга шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа хэргээ ойлгоогүй, эсрэг яриад явчихсан тул миний эгдүүцлийг их хүргэсэн. Гэхдээ шүүх хуралдаан дууссаны дараа ямар нэгэн маргаан болоогүй, би “за за” гээд гараад явсан” гэсэн. /с.х-ийн 35-39 тал/

Харин шүүх хуралдааны “гесогding (2)” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд даргалагчаас “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шүүхийн шийдвэрийг танилцуулахаас гадна, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг хэлж байна.

Бичлэгийн 00 минут 55 секундээс даргалагч “сууцгааж бай, үндэслэлийг товч танилцуулаад өгье” гээд үргэлжлүүлэн “мөргөснөөс болоод ингэсэн гэдэг, хохирол учирсан 1.500.000 төгрөг нэхэмжилсэн гэдэг. Яг 1.500.000 төгрөг юунд шаардлагатай байгаа юм бэ гэхээр радиатор солиулах гэдэг. Гэтэл хариуцагчийн зүгээс нийт мөнгөн дүнгээр 2.500.000 төгрөг өгсөн байна. Тэгээд хэрэгт авагдсан өөрийн чинь шинжлэн судлуулсан баримтуудыг үзэхээр Н-ийн оношилгооны 460.000 төгрөг, радиаторын үнэ 724.995 төгрөг гээд нийт гарсан зардлыг, ачуулсан гэх 450.000 төгрөгийг оруулаагүй. Гэтэл энэ нь 1.200.000 төгрөг болж байна. Тэгээд ратиатороо гаргуулж авмаар байна гэдэг боловч хариуцагчийн зүгээс 2.000.000 төгрөг өгсөн. Тэрийг юунд зарцуулсан гэдгээ өөрөө тайлбарлаж чадахгүй байна. Тэгээд учирсан хохирол нь болохоор энэ гарсан зардлууд нь, мөн үнэлгээ хийлгэсэн байна. Үнэлгээгээ болохоор яриад байсан юмнууд бүгд багтаад 1.999.000 төгрөг, гэнэт энэ хүн 2.000.000 төгрөг төлсөн” гэх үед

нэхэмжлэгч нэг үг хэлэхэд

даргалагч “байж байгаарай” гээд үргэлжлүүлэн “Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл тухайн үйл баримт тогтоогдсон уу гэвэл тогтоогдсон. Энэ нь юугаар тогтоогдож байна вэ гэхээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай гээд, мөн магадлагаа гээд байна, ингээд ослын газрын зураглал хийгээд дүгнэлт танилцуулаад. Ингэхэд өөрөө зөвшөөрөхгүй гэж ярьж байсан байна. Тухайн үедээ зөвшөөрөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан агуулгаараа дараагийн шатаар явах эрх нь өөрт чинь байсан байх. Тэгэнгүүтээ эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан, юу гэж оногдуулсан бэ гэхээр Зөрчлийн тухай хуульд зааснаар Р.М гэдэг хүн ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гээд 100.000 төгрөгөөр торгуулсан. Заа, эндээс” гэх үед

нэхэмжлэгч “энэ хараа зардлууд чинь түрүүлээд гарсан зардлууд байхгүй юу” гэхэд

даргалагч “байж бай, байж бай, ингээд энд авагдсан баримтуудаас үзэхээр өөрөөр хэлбэл юуны учир 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа юм бэ гэдэг шаардлагаа тодорхойлж, нотолж чадахгүй байна гэж шүүхээс үзлээ” гэх үед

нэхэмжлэгч “би танд хэлсэн ш дээ, мөргөснөөс үүдээд” гэх үед

даргалагч “шүүх хуралдаан хаасныг мэдэгдье. Та давж заалдах гомдол гаргах эрхтэй” гээд алх цохин шүүх хуралдааныг хаасан нь бичигдсэн байна. /с.х-ийн 85-90 тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 3-т “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна” гэж заасан ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ”, 5.2 дахь хэсэгт “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх буюу шүүгч хэрэгжүүлэх бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэргийг шилжүүлсэн болно.

Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байдгийг дурдах нь зүйтэй.

Санал: Дээрхийг нэгтгэн дүгнээд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах,...” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, түүнийг буруутгах боломжгүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүний өргөдөлд дурдсан үндэслэлээр үүсгэсэн сахилгын хэргийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заажээ.

Энэхүү “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах” гэсэн нь шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогчийг доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдад илт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмж, үйл хөдлөл гаргах зэргийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.

Мөн “хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэсэн нь шүүх хуралдааныг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийг даргалагчид хүлээлгэсэн гэж үзнэ.

Тус сахилгын хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар хэлж байхдаа өмнө нь шийдвэрлэгдсэн зөрчлийн хэрэг болон хохирол учирсан гэх автомашины талаар буюу түүний үнэ, марк гэх мэтийг тодорхойлж давтан ярьж байсан тул даргалагч тухайн шүүх хуралдаанаар шийдвэрлэж буй хэрэгт шууд хамааралтай үндэслэл, шаардлагын хүрээнд мэтгэлцэхийг зохигчдод сануулсан байна.

Нэхэмжлэгчийн  шүүхэд хандаж буй бодит нөхцөл болон шаардлага нь ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэлийн үндэслэл гэдэг бол энэхүү үндэслэлд тулгуурлан юу хүсэж байгааг шаардлага гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, харин хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа бол татгалзлаа нотлох байдлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг.

Шүүх хуралдаан даргалагч хэлэлцэж буй хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох, чиглүүлэхээр асуулт асуухдаа аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгээгүй, дуу хоолойн өнгөө өөрчлөөгүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд шүүх хуралдааны нийтлэг журмыг хуульчилсан байх бөгөөд мөн зүйлийн 90.4-т “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.5.1-д “Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан.

            Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад даргалагчтай зэрэгцэн ярих, асуултад хариулахдаа дургүйцлээ илэрхийлэх, орилох зэрэг үйлдэл гаргах байдлаар оролцож байсан тул хэргийн оролцогчийн хүлээх үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих талаар хууль ёсны шаардлага тавьж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдэгдсэн үйлдлийг зүй бус авирласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

            Холбогдох шүүгч Сахилгын хорооны хуралдаанд оролцож, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой үйл баримтад холбогдуулан “цөөхөн хуудас бүхий хэрэг байсан тул агуулгаар нь нэг бүрчлэн уншиж танилцуулаад дууссаны дараа нэхэмжлэгчийн хэлсэн баримт нь дурдаж буй хуудаст байгаагүй тул өөрт нь хэргийг өгсөн” гэж тайлбарласан.     

            Илтгэгч гишүүн саналдаа “...нэхэмжлэгчээс удаа дараа хэлсэн “хавтаст хэргийн 22 дугаар тал”-д авагдсан баримт нь шүүгч Д.Баттулгын хянан шийдвэрлэсэн хэрэгт Хас үнэлгээ 150.000 төгрөг төлсөн и-баримт байх бол шүүгч Г.Жаргалтуяагийн хянан шийдвэрлэсэн хэрэгт 22 дугаар талд Авто машины оношилгооны хуудас гэх 34734 дугаартай баримт авагдсан байв. Иймд холбогдох шүүгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэн түүнийг “өөрөө унш” гээд хэргийг өгсөн үйлдэлд нь буруутгах боломжгүй” хэмээн дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн байна гэж бүрэлдэхүүн үзэв.

            Учир нь шүүх хуралдааны явцад шүүгч хэрэгт авагдсан баримтыг нэг бүрчлэн уншиж танилцуулсан үйл баримтыг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх бөгөөд тухайлан судлуулах баримт бий эсэхийг зохигчдоос асуугаагүй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

            Хэдийгээр шүүгч Д.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчлийг гаргаагүй байх боловч цаашид шүүхийн шийдвэрийн үндэслэлийг танилцуулахдаа энгийн иргэнд ойлгогдохуйц байдлаар тодорхой, ойлгомжтой тайлбарлахад анхаарч ажиллавал зохистойг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрхийг нэгтгэвэл, илтгэгч гишүүний ГС/2026/0010 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч шүүгч Д.Баттулгад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулгад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

       ДАРГАЛАГЧ                                    Б.СУГАР

                        ГИШҮҮН                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                                        Д.МЯГМАРЦЭРЭН