
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-22
Дугаар 9
Улаанбаатар хот
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг, Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...1. Тус дүүргийн шүүх нь цахимаар эрэмбэлсэн иргэдийн төлөөлөгч 10 хүний нэрийг, шаардлагатай шүүх хуралдаанд тохиолдлын журмаар сонгодгийн дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/000 дугаар тушаалаар, иргэдийн төлөөлөгчдийн дэд жагсаалтыг баталж, 10 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас Ц.С сонгогджээ.
Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс иргэдийн төлөөлөгчтэй холбогдох хэсгийг тухайлан авч үзвэл,
а/ хуралдааны ирц болон хуралдаанд оролцох эрхийг шалгах үе шатанд, даргалагч “Хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож байна, иргэдийн төлөөлөгч тангарагаа өргөе” гэхэд Ц.С нь тангаргаа өргөж, тангаргийн хуудаст гарын үсэг зурсан /0:01:10-0:01:50 дахь хором/,
б/ асуулт хариултын шат дуусахад, даргалагч “За, ойлголоо. Одоо асуултын шатаа дуусгалаа. Шүүх хуралдаан завсарлахаас өмнө түрүүн ярьсан зүйлтэй давхцахгүйгээр тайлбар сонсоод иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсоод хуралдаан завсарлана. Та тайлбараа хэлнэ үү” гэхэд нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч тайлбар хэлсэн,
- үүний дараа, даргалагч: Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ танилцуулна уу гэхэд
- иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгч О.Ш-ын сэтгэл санааны хохирол 000 сая төгрөг гэж өндрөөр үнэлсэн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаан ямар явцтай яаж явагдсаныг мэдэхгүй байна. Энэ хуралдаанаас сонсоход хариуцагч тал хохирлын мөнгөн дүнг төлсөн юм байна гэж би ойлголоо гэхэд
- даргалагч: Торгох ял авсан юм. Та 000 саяыг өндөр үнэлсэн гэж үзэж байгаа юм байна. Нөгөө шаардлага нь хувийн мэдээллийг, нэр хүндийг фэйсбүүк лаяв ашиглаж уучлалт гуйлгах гэж байгаа, тэрийг та юу гэж үзэж байгаа вэ гэхэд
- иргэдийн төлөөлөгч: Миний бодлоор мөнгөн дүнгээр гэхгүйгээр уучлалт гуйлгуулчих юм бол энэ 2 хүний маргаан шийдвэрлэгдчих юм болов уу гэж бодож байна.
- даргалагч: За ойлголоо, дүгнэлтээ бичгээр бичиж өгөөрэй, хуралдааныг түр завсарлъя, бүрэлдэхүүн зөвлөлдөнө гэснээр бичлэг дуусна. /0:43:16-0:49:50 дахь хором/
Дуу дүрсний бичлэг, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “... шүүгч Д.Батцэцэг нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа иргэнд хандан “Таны хэлсэн үг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, ач холбогдол өгөхгүй, та үгээ чөлөөтэй хэлж болно” гэж хэлсэн ...” гэх агуулга тусгагдаагүй байх тул энэ талаарх өргөдөл үндэслэлгүй.
Хуралдаан завсарлаж орж ирээд, “... Нэхэмжлэгч нь хариуцагч Ундрахад фээсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч О.Ш-с хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйхыг даалгаж, гэм хорын хохиролд 000 сая төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ, шийдвэрт гомдол гаргах эрхтэй ...” гэж шийдвэрийн үндэслэлийг танилцуулсан нь бичлэгт тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “шүүх хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно”, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, “нэхэмжлэлийн шаардлагыг хангах”, “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох”, эсхүл “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасан.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгох эрхийг хууль тогтоогчоос шүүгчид олгосон байх тул “... иргэдийн төлөөлөгч хохиролд 000.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хүчингүй болгуулах санал хэлснийг шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн ...” гэж үзэхгүй.
2. Өргөдөлд, “... хариуцагч Г.У-ын өмгөөлөгч Г.М нь намайг ... шүүх хуралдааны танхимд доромжлоод байхаар нь шүүх бүрэлдэхүүнд хандаж хариуцагчаар эрүүгийн хэрэгт холбогдсон асуудлыг яриад байна миний хувийн орон зай руу дэндүү халдаад байна энэ хүнээ болиулаач гэхэд тоогоогүй доромжилсон байдалтай өөрийг чинь чанга чанга орилоод байвал цагдаа дуудаж танхимаас гаргуулна шүү гэж шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүний шүүгчид хэлсэн ... дахиад өмгөөлөгч доромжлоход алх цохиж болиулаагүй. Харин над руу О.Ш гуай танд хэлсэн шүү дахиад чанга чанга ярих юм бол хурлаас гаргана шүү гэсэн ...” гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн ширээ зэргэлдээ байх ба шүүх хуралдааны дарааллын дагуу даргалагч “Хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүхэд шинээр гаргах бичгийн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргах санал, хүсэлт байна уу” гэхэд талууд “байхгүй” гэсэн. /20251023_143445.mp4 нэртэй бичлэгийн 0:04:25-0:04:35 дахь хором/
Хэдийгээр хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч хүсэлт байхгүй гэсэн боловч 2025 оны 10 дугаар сарын 10 болон 16-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан, дээрх хуралдаан хийхээс өмнө тус хүсэлтийг шийдвэрлээгүй байсан тул шүүх хуралдаан даргалагч “... хэргийг хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хүсэлт өгсөн байсан, хүсэлтээ дэмжиж байгаа юм уу, татгалзаж байгаа юм уу” гэж тодруулсан, ингээд нэхэмжлэгч “... Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан эсэх талаарх лавлагаа гаргуулах, шүүхийн журмаар 180 мянган үзэлт хэдэн төгрөг болох талаар үнэлгээ тогтоолгох, хохиролд шинжээч томилуулах ...” гэх хүсэлтүүдийг тайлбарлаж байх явцад хариуцагчийн өмгөөлөгч Г.М хүсэлтгүй гэсэн атлаа хүсэлт гаргалаа гэх утгатай зүйл давхцуулж хэлж байна. /1 дэх бичлэгийн 0:12:41-0:12:45 дахь хором/
Үүний дараа, нэхэмжлэгч О.Шыг “... Уучлаарай, би бага боловсролтой хүн, би хуулийн ямар ч мэдлэг байхгүй, тэр битгий хэл би а, б-гээ ч мэдэхгүй байгаа. Надыг шүүх өмгөөлөгчөөр хангаж өгөхгүй байгаа, би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд ярьж байна гэхтэй зэрэгцэн хариуцагчийн өмгөөлөгч Г.М нэхэмжлэгч рүү хандан үг хэлсэн боловч нэхэмжлэгчтэй зэрэгцэн ярьсан тул юу хэлсэн нь сонсогдохгүй байна. /1 дэх бичлэгийн 0:12:51-0:12:56 дахь хором/
Дахин нэхэмжлэгч О.Ш: Аан за. Би 3 хүсэлт ярих гэж ирсэн гэхэд хариуцагчийн өмгөөлөгч мөн зэрэгцэж ярьтал энэ хүнийг дуугүй болгож болох уу гэж хэлжээ. /1 дэх бичлэгийн 0:13:03-0:13:12 дахь хэсэг/
Дээрх байдлаар хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчтэй давхардуулж суудлаасаа үг хэлсэн дээрх үйлдэлд нь дэг сахиулаагүй атлаа нэхэмжлэгчээс /нэхэмжлэгч чанга дуутай хүн байсан/ хариуцагчийн өмгөөлөгчийг дуугүй байлгахыг шаардахад, мөн түүнийг ярьж байхад нь нэхэмжлэгчид дэг сануулж “... энэ хүн рүү та дайрахгүй, ... танд дэг санууллаа ...” гэж буй үйлдэл нь дэг сахиулах үүргийг харилцан адилгүй биелүүлж байгаа мэт ойлголтыг хэргийн нөгөө талд төрүүлэхээр байгааг цаашид анхаарвал зохино.
Шүүх хуралдааны үед өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг хэл амаар доромжилсон үйлдэл бичлэг болон тэмдэглэлд тусгагдаагүй учраас шүүгчийг уг үйлдлийг таслан зогсоогоогүй гэж үзэхгүй.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэгч О.Ш-с,
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “... Шүүх шинжилгээний хүрээлэнд үзүүлж сэтгэл санааны үнэлгээг тогтоолгох ...” хүсэлт гаргасныг, шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШЗ2025/02406 дугаар захирамжаар хангасан,
- 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “... гэмт хэргийн улмаас олох байсан хохирлыг тогтоолгох, ... зээлийн аппликэйшнээс авсан зээлийн хэмжээг тогтоож, байгууллагын бүртгэлд үзлэг хийлгэх, ... харилцаа холбоо, автобус унаа, эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлуудтай холбоотой баримт гаргуулах, ... Хүний эрхийн үндэсний комиссоос баримт гаргуулах ...” хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШЗ2025/21693 дугаар захирамжаар хангахгүй орхисон,
- 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “... 000 үзлэлтээ мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, хохирол тогтоолгох ...” хүсэлтийг, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2025/42230 дугаар захирамжаар хангахгүй орхисон,
- 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...банкны хуулгад үзлэг хийлгэх, шинжээч томилж дүгнэлт гаргуулж, бодит гэм хорын хэмжээг тогтоолгох ...” тухай хүсэлт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “... СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан эсэх талаарх лавлагаа гаргуулах ...” хүсэлтээ 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд дэмжиж, ... гутаан доромжилсон лайвыг 000 хүн үзэлт хэдэн төгрөгийн үнэ, ханштай болохыг тогтоолгох, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан талаарх лавлагаа гаргуулах... шинжээч томилуулж хохирлоо тогтоолгох ... ХЭҮК-оос баримт гаргуулах ... төрийн албаны зөвлөлөөс материал гаргуулах хүсэлт гаргасан, мөн өдрийн 000/ШТ2025/00896 дугаар тогтоолоор хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан хангах, эсхүл хэсэгчлэн хангах, мөн хангахгүй орхиж шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүгч тухайн үед нь шийдвэрлэсэн байх тул “... нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй ...” гэх өргөдөл үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд шүүгч Н.Нарангэрэл, нэхэмжлэгч О.Ш-с асуулт асууж байх үед шүүгч А.Цэлмэг шүүгч Д.Батцэцэгт хэргийн материалаас баримт харуулж /2 дахь бичлэгийн 0:41:57-0:42:04 хүртэл 6 секунд орчим/ ярилцсан, дахин нөөтбүүкнээс баримт харуулсан /2 дахь бичлэгийн 0:42:22-0:42:24 хүртэл 2 секунд орчим/ болох нь тусгагдсан байна.
Зөөврийн компьютерийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн хэрэглэх талаар тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ж.Хулан “... тамгын газраас журам батлагдаагүй болно ...” гэж тайлбар өгсөн.
Холбогдох шүүгч А.Цэлмэг “зөөврийн компьетер хэрэглэх талаар тухайлсан журам байхгүй” гээд “... Шүүгч нарт ижилхэн, албаны хэрэгцээнд нөөтбүүк тараасан ... Тухайлан хэргийн баримт нөөтбүүкнээс хараагүй ... Би бүрэлдэхүүнтэй хуралдаанд нөөтбүүк, хуанли аваад ордог. Одоо санахад эргүүлж байгаа хавтастай зүйл бол хэрэг гэж санаж байна. Нөөтбүүкнээс бол хэрэгтэй хамааралтай зүйлийг интернэтээс хайсан. Сэтгэцийн гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн зохицуулалтыг компьютероос нэлээд удаан хайсан, холбогдох хуулийн заалт олоод, хэргийн материалаас холбогдох баримтыг, зөөврийн компьютероос сэтгэцэд учирсан гэм хорын үйлчлэх, хамаарах хугацаа нь бол ингэж хамаарч байна гэдгийг даргалагч шүүгчид хэлж байсан ...” гэж тайлбарласан.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаар “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого батлах тухай” тогтоолын дагуу шүүхүүд цаасны хэрэглээг багасгах, шүүхийн зарим ажиллагааг цахим болгох үүднээс, хэргийн материалтай холбоотой баримт, хуулийг цахимаар хэрэглэх зорилгоор шүүгч нар албан хэрэгцээндээ зөөврийн компьютер хэрэглэж байгаа юм байна.
Иймд, шүүгч А.Цэлмэг, Д.Батцэцэг нарын хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийн материал болон зөөврийн компьютероос мэдээлэл харж хоорондоо харилцсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хязгаарласан, хориглосон, үүрэг болгосон зохицуулалтад хамаарахгүй байх тул өргөдлийн “... хоорондоо юм ярилцаад байсан. Бодвол миний тухай ярилцсан байх ...” гэх хэсгээр шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй.
Гэхдээ шүүх хуралдаанд зөөврийн компьютер зэрэг техник хэрэгслээ хэрхэн ашиглахыг анхаарч, энэ талаар журамтай болох, мөн хоорондоо ярилцах нь хэргийн оролцогчид таагүй сэтгэгдэл төрүүлэхийг анхаарах нь зүйтэй.
4. Иргэн О.Ш нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШЗ2025/02406 дугаар захирамжаар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ.
Иргэн Г.У-ын “ цахим сүлжээ ашиглаж, албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүй задруулсан” гэх гэмт хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ.
Иймд, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтын үйлчлэл 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэм хорын үр дагаварт хамаарахгүй байгаа талаар шүүхийн шийдвэрт дүгнэсэн тул өргөдөлд дурдсан “... шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүхийн шийдвэрт бичээгүй, авч хэлэлцээгүй нотлох баримт шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй зөрчил гаргасан ...” гэсэн үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нэхэмжлэлд “... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ …” зэргийг тусгана, мөн 62.2 дахь хэсэгт “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, … хавсаргана” гэж заасан бол 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтад “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.
О.Ш нь, Г.У-д холбогдуулан “хувийн мэдээлэл тараасан хэлбэрээр буюу олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, мөн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЗ2024/00000 дугаар захирамжаар, “... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй ...” гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзжээ.
Хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй ба иргэн О.Ш нь шүүгч Д.Батцэцэгт холбогдуулж 2024 онд Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буруутай этгээдэд цаг хугацаа олгосон, сахилгын хороонд гомдол гаргасны дараа иргэний хэрэг үүсгэсэн ...” гэх өргөдөл үндэслэлгүй.
Харин, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүгч Д.Батцэцэгт холбогдуулан “... хохирсон нэхэмжлэгч миний нэр төрд халдаж, хүний эрх, хохирогчийн эрхийг зөрчиж захирамж гаргасан шүүгчид гомдолтой байна ...” гэх агуулгатай өргөдөл гаргаж, илтгэгч гишүүний 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗТ/2025/0097 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь шүүгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” үйлдэлтэй холбоогүй байна.
6. Нэхэмжлэгч О.Ш-ын “ ... боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, төлбөрийн чадваргүй өндөр настан тул өмгөөлүүлэх эрхээр хангаж өмгөөлөгч томилж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШЗ2025/21693 дугаар захирамжаар хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн холбоонд “...нэхэмжлэгч О.Ш-ын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч сонгох эрхийг нь хангахын тулд өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэхэмжлэгч О.Ш-ын ... дугаарын утсаар холбогдон мэдээллийг хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж өгнө үү ...” гэсэн албан тоот хүргүүлжээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооноос 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05/226 дугаар албан тоотоор “... өмгөөлөгчийг нэр заан томилох боломжгүй ... Хууль зүйн туслалцааны төвд хандан шийдвэрлүүлэх боломжтой ...” гэсэн хариуг ирүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, О.Ш 2025 оны 05 дугаар сарын 15, 2025 оны 05 дугаар сарын 26-нд “... өмгөөлөгч томилуулах ... яаралтай өмгөөлөгчтэй болох ...” гэж, мөн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “... өмгөөлөгч авах гэж шүүхэд удаа дараа хандсан ... өмгөөлөгч оруулж өгөөч ...” гэж тус тус хүсэлт гаргаж байжээ.
Эдгээр хүсэлтийн агуулга нь “би өмгөөлөгч авъя, өмгөөлөгчтэй оролцоё, тэр эрхээр хангаад өгөөч” гээгүй, харин шүүхээс өмгөөлөгч хүссэн, шүүхийг өмгөөлөгч олж өг гэсэн агуулгатай байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эдлэх эрх, эрх чөлөөний нэг бол өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх байдаг ч харин уг эрхийг хангах үүргийг шүүх хүлээгээгүй болно.
Тиймээс, нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн, сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч О.Ш нь “... хохирогчийн мэдүүлэг өгөх тухай ...” хүсэлт гаргасан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд өргөдөл, мэдээлэл гаргагч хүсэлт гаргах талаар зохицуулаагүйн дээр шалгах ажиллагаанд өргөдөл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга авах шаардлага байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг, Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Н.Нарангэрэл тайлбартаа: “... Тус шүүхийн шүүгч Д.Батцэцэг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000/Ш32025/42278 дугаар шүүгчийн захирамжаар О.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.У-д холбогдох “хувийн мэдээлэл, нэр хүндийг фэйсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан.
О.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.У-д холбогдох “хувийн
мэдээлэл, нэр хүндийг фэйсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000/ЕШ2025/07685 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Батцэцэг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарыг томилж, шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан ба шүүгчийн захирамжийн дагуу шүүх хуралдаанд оролцон хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч О.Ш нь “... 2025 оны 10 дугаар
сарын 10-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээ дэмжиж байна. Хариуцагчийн намайг болон манай гэр бүлийг гутаан доромжилсон лайвыг 000 хүн үзсэн байсан. Сэтгэцэд хохирол учирсан эсэхийг тогтоолгох шаардлагатай гэсэн. Шинжээч томилуулах хүсэлтэй байна. Төрийн албаны зөвлөлөөс материал гаргуулна” гэх хүсэлт гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШТ2025/00896 дугаар шүүхийн тогтоолоор “... нэхэмжлэгчийн “шинжээч томилуулах” хүсэлтийн үндэслэл тодорхойгүй. Төрийн албаны зөвлөлөөс хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ямар баримт гаргуулах нь тодорхойгүй байна. О.Ш-ын сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан эсэх талаарх лавлагааг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх боломжтой баримт байх ба хариуцагчийн өмгөөлөгч “О.Ш-ыг сэтгэцийн өвчтэй тухай маргахгүй гэж тайлбарлаж байх тул уг баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, О.Ш-ын сэтгэцэд хохирол учирсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан, хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, нэхэмжлэгч О.Ш-ын “шинжээч томилуулах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх” тухай хүсэлтийг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШШ2025/0000 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1, 511.2, 511.3-т заасныг баримтлан хариуцагч Г.У-д фэйсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч Г.Шинэбаяраас “хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйх”-ыг даалгаж нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ..Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэг /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана..” гэж заасны дагуу шүүх шинжилгээний ерөнхий газар нь шинжээч томилсон шүүгчийн захирамжийг хүлээн авч шинжилгээ хийгээд “...Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт гаргасан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Шүүх хуралдааны үед шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Батцэцэг нь шүүх хуралдаанаас тогтоосон дэг зөрчихгүй байхыг зохигчдод удаа дараа сануулж байсан бөгөөд хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчид
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч О.Ш-ын хуульд заасан эрхийг зөрчөөгүй болно.” гэжээ.
Шүүгч Д.Батцэцэг, А.Цэлмэг нар тайлбартаа: “... Шүүх хуралдаан даргалагч Д.Батцэцэгээс тус хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгчид эрх үүрэг танилцуулсантай холбоотойгоор дүгнэлт гаргах талаар тайлбарлаж өгсөн ба иргэдийн төлөөлөгчид ...таны хэлсэн үг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, ач холбогдол өгөхгүй, та үгээ чөлөөтэй хэлж болно... гэж хэлээгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх
бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн
тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт
тодорхой тусгана” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэртээ тусгаж, дүгнэсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “... эсхүл
хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар
шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч тал хэргийн талаар хэн алинаасаа асуулт асуух эрхтэй ба нэхэмжлэгч О.Ш-с хариуцагчийн өмгөөлөгч М хэрэгтэй холбоотой асуулт асуусан ба хоорондоо маргаж эхэлсэн тул нэхэмжлэгч О.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарт хоёуланд нь дэг сануулсан.
Нэхэмжлэгч О.Ш-ын шүүхэд гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг
шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн ба
нэхэмжлэгч О.Ш давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч О.Ш-ын ... Монгол Улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “Шинжээчийн дүгнэлт” 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтэд гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүхийн шийдвэрт бичээгүй, авч хэлэлцээгүй нотлох баримт шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй зөрчил гаргасан гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хянахаар байна.
Нэхэмжлэгч О.Ш-ын нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000/Ш32024/00000 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч О.Ш 00000 тоот шүүгчийн захирамжид заасан зөрчлийг
арилгаж 2024 оны 10 сарын 08-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25673 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн.
Иргэн О.Ш-ын хүсэлтийн дагуу өмгөөлөгч томилуулах албан бичиг
Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хүргүүлсэн ба энэ талаарх баримт хэрэгт
авагдсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй ба гаргасан хүсэлтийг нь шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан дэг журам, дарааллын дагуу шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Ш-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг, Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ГЗҮ/2025/0133 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөлд “...даргалагч шүүгч Д.Батцэцэг нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцож багаа иргэнд хандан “таны хэлсэн үг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, ач холбогдол өгөхгүй, та үгээ чөлөөтэй хэлж болно гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа иргэдийн төлөөлөгч хохиролд 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүчингүй болгуулах санал хэлснийг шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэж байгаа мэтээр тайлбарласан.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл О.Ш-с Г.У-д холбогдуулан “Г.У-р хувийн мэдээлэл, нэр хүндийг фэйсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 000 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Батцэцэг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгч А.Цэлмэг, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт “Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэж заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэрийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/000 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалыг баталж, шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Ц.С сонгогдож, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.3 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч хуралдаанд хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ уншиж танилцуулсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч О.Ш-ын сэтгэл санааны хохирол 000 сая төгрөг гэж өндрөөр үнэлсэн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд ямар явцтай яаж явагдсаныг мэдэхгүй байна. ...миний бодлоор мөнгөн дүнгээр гэхгүйгээр уучлалт гуйлгуулчих юм бол энэ хоёр хүний маргаан шийдвэрлэгдчих юм болов уу гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасны дагуу шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэртээ тусгаж, дүгнэсэн байна.
Иймд, дээрх өргөдлийн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг буруутгах үндэслэлгүй.
Мөн шүүгч Д.Батцэцэг нь “иргэдийн төлөөлөгчид “Таны хэлсэн үг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, ач холбогдол өгөхгүй, та үгээ чөлөөтэй хэлж болно” гэж хэлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
2.Өргөдөлд “...хариуцагч Г.У-ын өмгөөлөгч Г.М нь намайг 3 хүүхдээ асрахад өгөөд, хүүхдүүдээ өөрөө өсгөөгүй, яаж энэ хүн нийгмийн даатгалаас тэтгэвэр авч чадаж байна аа улсад нэг ч татвар төлөөгүй хүн тэтгэвэр авах нь зөв үү гэж шүүх хуралдааны танхимд доромжлоод байхаар нь шүүх бүрэлдэхүүнд хандаж хариуцагчаар эрүүгийн хэрэгт холбогдсон асуудлыг яриад байна миний хувийн орон зай руу дэндүү халдаад байна энэ хүнээ болиулаач гэхэд тоогоогүй доромжилсон байдалтай өөрийг чинь чанга чанга орилоод байвал цагдаа дуудаж танхимаас гаргуулна шүү гэж шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүний шүүгчид хэлсэн. ... Тэгсэн яг ингэж хэлсний дараа алхаа цохиж өмгөөлөгчийн яриаг болиулсан. Дахиад өмгөөлөгч доромжлоход алх цохиж болиулаагүй. Харин над руу О.Ш гуай танд хэлсэн шүү дахиад чанга чанга ярих юм бол хурлаас гаргана шүү гэсэн” гэжээ.
Шүүх хуралдааны бичлэгээс үзвэл нэхэмжлэгч хүсэлтээ тайлбарлаж, тус хүсэлттэй холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгч Г.М холбогдох тайлбарыг гаргаж хуралдааны явцад оролцсон байна. Энэ үед нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь давхардуулан ярьсантай холбоотойгоор даргалагч шүүгчээс удаа дараа шүүх хуралдааны дэг сахих талаар сануулж байсан нь тогтоогдож байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасанд нийцсэн байх ба дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
3. Өргөдөлд “...шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүний шүүгч нар намайг хохирсон хүн байна гэж хараагүй миний гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй. Хоорондоо юм ярилцаад байсан. Бодвол миний тухай ярилцсан байх” гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.Ш-с шүүхэд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “... Шүүх шинжилгээний хүрээлэнд үзүүлж сэтгэл санааны үнэлгээг тогтоолгох” хүсэлтийг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШЗ2025/0000 дугаар захирамжаар хангасан,
- 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “... гэмт хэргийн улмаас олох байсан хохирлыг тогтоолгох, зээлийн аппликэйшнээс авсан зээлийн хэмжээг тогтоож, байгууллагын бүртгэлд үзлэг хийлгэх, харилцаа холбоо, автобус унаа, эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлуудтай холбоотой баримт гаргуулах, Хүний эрхийн үндэсний комиссоос баримт гаргуулах” хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШЗ2025/0000 дугаар захирамжаар хангахгүй орхисон,
- 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “000 үзэлтээ мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, хохирол тогтоолгох” хүсэлтийг, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2025/0000 дугаар захирамжаар хангахгүй орхисон,
- 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...банкны хуулгад үзлэг хийлгэх, шинжээч томилж дүгнэлт гаргуулж, бодит гэм хорын хэмжээг тогтоолгох ...” тухай хүсэлт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан эсэх талаарх лавлагаа гаргуулах ...” хүсэлтээ 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд мөн дахин гаргасан “ ... гутаан доромжилсон лайвыг 000 хүн үзэлт хэдэн төгрөгийн үнэ, ханштай болохыг тогтоолгох, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан талаарх лавлагаа гаргуулах, шинжээч томилуулж хохирлоо тогтоолгох, ХЭҮК-оос баримт гаргуулах, төрийн албаны зөвлөлөөс материал гаргуулах” хүсэлтийг, 000/ШТ2025/00000 дугаар тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэргээс үзвэл шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг тухай бүр хянан шийдвэрлэж байсан тул “хүсэлтүүдийг шийдвэрлэдэггүй” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.
Мөн хуралдааны бичлэгээс үзвэл шүүх хуралдааны явцад шүүгч А.Цэлмэг, Д.Батцэцэг нар нь хэргийн материалыг болон албан хэрэгцээнд ашигладаг нөүтбүүкийг харж /8 секунд орчим/ юм ярьсан болох нь тогтоогдож байна.
Энэ талаар тодруулахад шүүгч А.Цэлмэг “...Нөөтбүүкнээс бол хэрэгтэй хамааралтай зүйлийг интернэтээс хайсан. Сэтгэцийн гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн зохицуулалтыг компьютероос нэлээд удаан хайсан, холбогдох хуулийн заалт олоод, хэргийн материалаас холбогдох баримтыг, зөөврийн компьютероос сэтгэцэд учирсан гэм хорын үйлчлэх, хамаарах хугацаа нь бол ингэж хамаарч байна гэдгийг даргалагч шүүгчид хэлж байсан” гэх тайлбарыг өгсөн.
Иймд шүүгч нарыг дээрх үндэслэлээр шууд буруутгах боломжгүй ба цаашид шүүгч шүүх хуралдаанд хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулсан гэж ойлгогдохуйц үйлдэл гаргахгүй байхад анхаарч ажиллавал зохино.
4. Өргөдөлд “...шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүхийн шийдвэрт бичээгүй, авч хэлэлцээгүй нотлох баримт шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй зөрчил гаргасан” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Ш нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШЗ2025/0000 дугаар захирамжаар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ.
Улмаар 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШШ2025/0000 дугаар шийдвэрээр иргэн О.Ш-ын нэхэмжлэлтэй Г.-ад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.3-т заасныг баримтлан хариуцагч Г.У-д фэйсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч О.Ш-с “хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйх”-ыг хариуцагч Г.У-д даалгаж, нэхэмжлэлээс “гэм хорын хохиролд 000.000.000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаар дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаардаг тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй.
5. Өргөдөлд “...шүүгч Д.Батцэцэг нь анхнаасаа намайг үл тоомсорлож миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буруутай этгээдэд цаг хугацаа олгосон, сахилгын хороонд гомдол гаргуулан байж иргэний хэрэг үүсгэж байснаас үзэхэд хариуцагч талтай хуйвалдсан байж магадгүй гэж би хардаж байна.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн О.Ш-с Г.У-д холбогдуулан “хувийн мэдээлэл тараасан хэлбэрээр буюу олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, мөн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЗ2024/00000 дугаар захирамжаар, “...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй ...” гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нэхэмжлэлд “... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ …” зэргийг тусгана, 62.2 дахь хэсэгт “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, … хавсаргана” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтад “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
Иймд, хуульд заасан үндэслэлээр шүүгч тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй.
Мөн 2024 онд өргөдөл гаргагч О.Ш-с шүүгч Д.Батцэцэгт холбогдуулан өргөдөл мэдээлэл Шүүхийн сахилгын хороонд гаргаагүй байх тул дээрх “сахилгын хороонд гомдол гаргуулан байж иргэний хэрэг үүсгэж байсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй.
6. Өргөдөлд “...Намайг боловсролгүй иргэн байхад өмгөөлөгч оролцуулахгүйгээр дээрэлхэж, доромжилсон өнгө аястай хандаж шүүх хуралдаанаа явуулж, хууль бус шийдвэр гаргаж дуусгасан” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж заасан. Зохигч өөрөө хууль зүйн туслалцаа авах өмгөөлөгчөө сонгон авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг.
Түүнчлэн нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШЗ2025/21693 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5549 дүгээр албан бичгээр “... нэхэмжлэгч О.Ш-ын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч сонгох эрхийг нь хангахын тулд өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэхэмжлэгч О.Ш-ын ... дугаарын утсаар холбогдон мэдээллийг хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж өгнө үү ...” гэсэн албан тоот хүргүүлж, нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаж шийдвэрлэсэн.
Иймд дээрх үндэслэлээр шүүгч нарыг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг, Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2026/0003 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг, Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН