info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-01-27

Дугаар 10

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хэргийн оролцогч шүүгч Д.Ганболд нарыг оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазараар тэмдэглэл хөтлүүлэн тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ГС/2026/0007 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“ ... Шүүгч Д.Ганболд нь иргэн Б.Т-н нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191/Ш32025/...  дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад “нэхэмжлэлийн 3 дахь шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй” гэсэн үндэслэл зааж, захирамжид гомдол гаргах эрхгүй”-г дурдсан байдаг. Энэ захирамжийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эс зөвшөөрч гомдол гаргасан боловч тухайн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөөс 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ЕШ2025/... дугаар шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаасан.

Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаасаа 3 дахь шаардлагыг хасаж, дахин 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандахад шүүгч Д.Ганболд нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 191/Ш32025/... дугаар захирамжаар “нэхэмжлэгч Б.Т-г төлөөлөн бусдад итгэмжлэл олгох эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгч нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” хэмээн дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0379 дугаар итгэмжлэлээр төлөөлүүлэгч Б.Т (нэхэмжлэгч) нь төлөөлөгч Г.Т, Н.Э нарт итгэмжлэл олгож, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхтэйгээр олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 0805 дугаар итгэмжлэлээр Б.Т-н төлөөлөгч Г.Т нь төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх эрхийн хүрээнд Б.У-д шилжүүлсэн байтал шүүгчээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй гэж субьектив байдлаар хандаж буюу хуулийн илт тодорхой заалтыг буруугаар мушгин тайлбарлаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Т-с Г.Т олгосон итгэмжлэлээр төлөөлөх эрхийг бусдад шилжүүлж болохоор заасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.5 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлд олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасныг зөрчөөгүй болно.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.2-т “Итгэмжлэлд Төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх ...” шаардлагыг заасан ба нотариатаас итгэмжлэлд төлөөлөх эрхийг шилжүүлэх төлөөлүүлэгчийн хүсэл, зоригийг баталж, гэрчилсэн байхад шүүгчээс төлөөлөх эрхгүй гэж буруу дүгнэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй нэхэмжлэлийг үл ялиг шалтаг шалтгаанаар удаа дараа дараа буцааж нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийг дахин дахин төлүүлэх, нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх зэргээр чирэгдүүлж, хүнд суртал гаргаж байгаа нь шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэж үзэж байгаа нь нэхэмжлэгч Б.Т “С” ХХК-с орон сууц худалдан авах гэрээний дагуу орон сууц худалдан авсан, улмаар авто зогсоол худалдан авч, төлбөрийг төлсөн боловч гэрээ болон авто зогсоолыг тухайн компани өнөөдрийг хүртэл өгөөгүй хохирч ирсэн тул ... тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох, авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “С” ХХК-д даалгах”, өөрийн худалдан авсан авто зогсоолыг өмчлөх болон эзэмшиж ашиглаж байгаа үйлдлийг зогсоох шаардлагыг гаргасан байгаагаас 3 дахь шаардлагыг тодорхой бус гэсэн тул уг шаардлагыг хасаж, эхний 2 шаардлагыг гаргасан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар (2008)-ын 191 дэх хуудаст “...Хуульд зааснаас өөр үндэслэл, шалтгаан, аргаар нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх, нэхэмжлэгчийг олон дахин явуулах, чирэгдүүлэх, хүнд суртал гаргах аливаа ажиллагааг хууль бус гэж үзнэ” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх хэргийн оролцогчийн бүрэн эрх байгаа ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

Гэтэл нэхэмжлэлийг дахин дахин буцааж, иргэнд хүндрэл учруулж, нэхэмжлэгч Б.Т, түүний төлөөлөгч нараас шүүхэд 5 сард хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэлээ шүүхэд өгч чадахгүй байгаа нь шүүхийн, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа ба шүүгч Д.Ганболдын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн хариуцлагагүй үйлдэлд сахилгын хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ. 

Шүүгч Д.Ганболд тайлбартаа: “...1. 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191/Ш32025/... дугаар захирамжийн хувьд: Тус захирамжаар хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлээр дараах шаардлагыг гаргасан.

I. ... тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох;

II. Тус авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “С” ХХК-д даалгах;

III. ... тоот авто зогсоолын өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоохыг “С” ХХК-д даалгах тухай

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэнэ.

Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бол хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар хариу тайлбар гаргах, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргах боломжгүй болдог.

Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй ямар үйлдлийг таслан зогсоохыг хүссэн, цаашлаад хариуцагч нь уг шаардлагыг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй. Түүнчлэн энэхүү шаардлага нь өмнөх 2 шаардлагын үндэслэл шинжтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд хариуцагчид хийхгүй байхыг даалгах үйлдэл нь тодорхой бөгөөд биелэгдэх боломжтой байх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагчид даалгах зүйл нь хязгааргүй хэмжээнд бус тодорхой хүрээнд хязгаарлагдах ёстой юм.

2. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 191/Ш32025/... дугаар захирамжийн хувьд: Энэхүү захирамжаар хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.Т-с 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Т, Н.Э нарт олгосон 0379 дүгээр итгэмжлэлийн дагуу мөн оны 08 дугаар сарын 21-ний өдөр Г.Т-с Б.У-д олгосон 0805 дугаар итгэмжлэлийн дагуу төлөөлөгч гаргасан.

Дээрх 0379 дүгээр итгэмжлэлийн олгосон бүрэн эрх гэсэн хэсэгт эрхээ бусдад дамжуулан олгох эрхийн талаар дурдагдаагүй байжээ. Харин итгэмжлэлийн хугацаа гэсэн хэсэгт олгогдсон эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй талаар дурдсаны улмаас шүүгч би эрхгүй этгээд гэж үзэн алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хэт ачаалалтай холбоотойгоор итгэмжлэлийг бүрэн хяналгүй дүгнэлт гаргасан нь санаатай бус санамсаргүй техникийн шинжтэй алдаа болсон гэж үзэж байна.

Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б гомдол гаргаснаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШТ2025/... дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон тул иргэний хэрэг үүсгэж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 28 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 4-т зааснаар сахилгын зөрчилд тооцохгүй байхыг хүсье. Эдгээр үндэслэлээр шүүгч би хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

“...шүүгч Д.Ганболд нь нэхэмжлэгч Б.Т-н нэхэмжлэлийг 2 удаа хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн эсэхийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд заавал тусгах ба энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд иргэний шүүн таслах ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдахаар заасан.

Энэхүү зарчим нь нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, харин хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа бол татгалзлаа нотлох журмаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, харилцан эсрэг ашиг сонирхол бүхий талууд өөрсдийн байр суурийг шүүхэд нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Иймд нэхэмжлэгчийн  шүүхэд хандаж буй бодит нөхцөл болон шаардлага нь ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэлийн үндэслэл гэдэг бол энэхүү үндэслэлд тулгуурлан юу хүсэж байгааг шаардлага гэж тодорхойлдог.

Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлага тодорхой байх нь тухайн хэргийн төрлийг тодорхойлохоос гадна талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх  суурь болдог. Ийм учраас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, ойлгомжгүй бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заажээ. 

Гэхдээ шүүгч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй бол хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг захирамжид зааж өгөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид “...нэхэмжлэгч нь 3 төрлийн шаардлага гаргасан байх бөгөөд 3 гэж дугаарласан шаардлага нь ойлгомжгүй буюу тодорхойгүй байна. Учир нь эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй ямар үйлдлийг таслан зогсоохыг хүссэн, цаашлаад хариуцагч  уг шаардлагыг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй. Түүнчлэн энэхүү шаардлага нь өмнөх 2 шаардлагын үндэслэл шинжтэй байна... ” гэсэн үндэслэл дурдсан нь хуульд нийцсэн ба захирамж хүчинтэй байна. 

Шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан бол сахилгын зөрчилд хамаарахаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан ба  “илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт юм.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан, холбогдох шүүгч дээрх үндэслэлээр Б.Т-н өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь “хуулийн илт тодорхой” заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.

2.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой болгож, ... тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгож, авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин гаргасан.

Шүүгч Д.Ганболд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “...нэхэмжлэгч Б.Т 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгч Г.Т-д төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй итгэмжлэл олгожээ. Гэвч итгэмжлэлээс үзэхэд энэхүү эрхийг бусдад дамжуулан олгох эрх олгогдоогүй байна. Улмаар төлөөлөгч Г.Т нь нэхэмжлэгч Б.Т-г төлөөлөн Б.У-д итгэмжлэл олгосноор тэрээр нэхэмжлэлд гарын үсэг зурсан байна. Иймд төлөөлөн бусдад итгэмжлэл олгох эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...” гэх үндэслэл дурджээ.

Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан.

Энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч иргэний эрх зүйн чадамжтай нь холбогдуулан төлөөлөх ёстой этгээд биш харин өөр этгээд төлөөлж нэхэмжлэл гаргасан бол уг нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэх боломжгүй. Түүнчлэн эрх зүйн чадамжтай иргэнийг өөр этгээд төлөөлж нэхэмжлэл гаргасан бол төлөөлөгчийн бүрэн эрхээ баталсан баримтыг ирүүлээгүй бол эсхүл итгэмжлэл нь хуульд заасан хэлбэр агуулгыг хангаагүй бол тухайн этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй.

Гэвч нэхэмжлэлд хавсаргасан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0379 дүгээр итгэмжлэлээр төлөөлүүлэгч Б.Т нь төлөөлөгч Г.Т, Н.Э нарт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосноос гадна төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг мөн олгосон байна. Үүний дагуу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0805 дугаар итгэмжлэлээр Б.Т-г төлөөлж Г.Т нь Б.У-д итгэмжлэл олгосны дагуу тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.

Холбогдох шүүгч итгэмжлэлийг сайтар хяналгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг алдааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дүгээр тогтоолоор залруулсан, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна.

Дээр дурдсанаар итгэмжлэл нэхэмжлэлд хавсрагдсан байхад шүүгч Д.Ганболд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч тухайн шүүх уг алдааг залруулснаар нэхэмжлэлд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Д.Ганболд Б.Т-с гаргасан нэхэмжлэл нь “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах хуулийн шаардлага хангахгүй байна” хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн 191/ШЗ2025/... дугаар захирамжаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж,  хуулийн холбогдох заалтыг баримталжээ.  

Иргэний хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ба хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба шаардлага ба татгалзлын үндэслэл болгон гаргасан нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл байна.

Шүүгч иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, шүүхийн харьяалал мөн эсэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлж, хэрэв хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхээр хуульд заасан.

Тухайн харилцааг зохицуулж буй хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц бол “илт тодорхой” заалт гэж ойлгох тул дээрхээр холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзнэ.           

            Иймд илтгэгч гишүүний саналд “...Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан, холбогдох шүүгч дээрх үндэслэлээр Б.Т-н өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь “хуулийн илт тодорхой” заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Харин шүүгч Д.Ганболд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдсон этгээдийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримт болох итгэмжлэлийг хянахдаа хайнга хандаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг үндэслэн, шүүгчийн 191/ШЗ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэлийг шийдвэрлэсэн үйлдлээрээ хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчжээ.

            Тус захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг үндэслэн хэргийн оролцогч гомдол гаргасныг эрх бүхий этгээд нь журмын дагуу хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа засагдсан байна.  

            Холбогдох шүүгч Сахилгын хороонд гаргасан тайлбартаа “шүүхийн хэт ачааллын улмаас санамсаргүй, техникийн шинжтэй алдаа гаргасан” болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд хуралдаанд тус иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 191/ШШ2026/... дугаар шийдвэрийг баримтаар ирүүлсэн.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн гаргасан алдаа нь хуулийн дагуу засагдсан, уг үйлдлээс улбаалж хэргийн оролцогчдод илт зүй бус ноцтой үр дагавар үүсээгүй байна гэж үзэхээр байх тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэхгүй.

            Хууль, тогтоомжид хэрэглэгдэж буй агуулгаас үзвэл аливаа үйлдлийн давтамжийг 1 удаа, 2 удаа бол давтан, 3 ба түүнээс дээш бол удаа, дараа гэж үзэхээр байх тул холбогдох шүүгчийн гаргасан зөрчил нь удаа дараа гэх агуулгад хамаарахгүй гэж бүрэлдэхүүн үзэв.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэж, тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

          ДАРГАЛАГЧ                        Б.СУГАР

                        ГИШҮҮН                              Х.ХАШБААТАР

                                                                               Д.МЯГМАРЦЭРЭН