
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-01-07
Дугаар 2
Улаанбаатар хот
магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, холбогдох шүүгч Д.Алтантуул, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн тухай” СХМ/2025/0135 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч Д.Алтантуулын гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмгөөлөгч Э.Ч-ээс Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуулд холбогдуулан гаргасан өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүнээс холбогдох шүүгч Д.Алтантуулыг “...шүүгчийн үйлдэл “хэргийн оролцогчтой харилцахдаа зүй бус авирласан” гэх зөрчлийг шинжийг хангаж” гэж дүгнэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СХМ/2025/0135 дугаар магадлалаар “...холбогдох шүүгч Д.Алтантуул өргөдөлд дурдагдаж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан зөрчлийг гаргасан байна. Холбогдох шүүгчийн гаргасан дээрх зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд холбогдох шүүгч Д.Алтантуул уг магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Шүүгч Д.Алтантуул гаргасан гомдолдоо “...Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СХМ/2025/0135 дугаар магадлалд гомдол гаргаж байна.
Магадлалаар ... 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СХМ/2025/0135 дугаар магадлалаар “Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГНД/2025/0029 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Алтантуулд “цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
С.З, З.О нарын нэхэмжлэлтэй А.У-т холбогдох нэхэмжлэлд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийхээр товлож, шүүгчийн туслах шүүх хуралдааныг товыг талуудад мэдэгдсэн.
Өргөдөл гаргасан тал болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Э.Ч нар тус хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Мөн шүүгчийн туслах хойшлогдсон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.Ч нар нь шүүхийн нэгэн адил шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангах үүрэгтэй.
Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдаан даргалагч шүүгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргийн талаар тайлбарласан. Ингэхдээ "... Гэхдээ та хөлсөө төлөөд өмгөөлөгч авсан бол өмгөөлөгч танд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцох, ороод юу гэж хэлэх, эвлэрвэл таны хохирлыг барагдуулах уу, энэ бүх талаар зөвлөгөө өгсөн байх ёстой. Би өнөөдөр ажилгүйдээ энд суугаагүй, араас нь 11 цагаас хуралтай. Таны хурлыг хийх гээд байна. Хүсэлт байгаа бол хүсэлтээ хэл, байхгүй бол байхгүй гэдгээр үргэлжлээд явъя... өмгөөлөгч авна гээд байх юм, өмгөөлөгч авах эрхийг тань би хаагаагүй, Монголоор дүүрэн өмгөөлөгч байхад заавал нэг өмгөөлөгчтэйгөө орно гээд байгааг ойлгохгүй байна. Тэр өмгөөлөгч чинь танаас хөлсөө авсан юм бол таны эрх ашгийг хамгаалаад шүүхийн дуудсан цагт ирэх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байж болно. Баримтаа ирүүлсэн л байна лээ гэж” хэлсэн талаар маргах зүйлгүй.
Гэхдээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д эрх, үүргийн талаар тайлбарлаж ойлгуулахдаа албаны үг хэллэг хэрэглэлгүй, энгийн байдлаар, өөрийн дуу хоолойг сонсогдохоор ярихдаа холбоо үг болон сул үг хэрэглэсэн байгаагаа сахилгын зөрчилд тооцогдохоор зохисгүй байдал гаргасан гэж үзэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийг зүй бус үг хэллэг хэлж загнаж зандарсан байдлаар дуугаа өндөрсгөн сэтгэл хөдлөл гаргасан зүйлгүй байгааг шүүх хуралдааны бичлэгээс харагдах тул анхаарч үзнэ үү.
Харин миний дуу хоолойны өнгө хэт чанга, үгийн төгсгөлийг өргөлттэйгөөр дуудаж байгаагаа шүүх хуралдааны бичлэгээс сонссон тул цаашид анхаарах ёстой байдал гэж үзэж байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СХМ/2025/0135 дугаар магадлалаар сахилгын шийтгэлийг оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл С.З, З.О нарын нэхэмжлэлтэй А.У-т холбогдох “худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх, 000 төгрөг гаргуулах, худалдах худалдан авах гэрээний зүйлийг чөлөөлүүлэх, 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэрэгт шүүгч Д.Алтантуул хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ.
Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2025/00000 дүгээр захирамжаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хангах нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Тус өдөр хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ээс “2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах”, “хэрэгт авагдсан баримтад үзлэг хийлгэх”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гаас “сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т-с “нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах тухай”, “үзлэг хийлгүүлэх” хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.
Улмаар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар зохигчдоос гаргасан хүсэлтийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т-ийн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох”, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ийн “шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтүүдийг хангаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
Тус хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцсон байх бөгөөд даргалагч шүүгч Д.Алтантуул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гаас хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг тайлбарлуулж албан үүргийн хувьд түүнтэй харилцахдаа “...Би шаардлагаа тавьж байна. Би таныг загнаагүй. .. Би өнөөдөр ажилгүйдээ энд суугаагүй, араас нь 11 цагаас хуралтай. ..Та өмгөөлөгчтэй оролцох эрх нээлттэй, шүүхээс таныг өмгөөлөгчтэй оролцох эрхийг тань хязгаарласан зүйл байхгүй. Мэдэхгүй байна л даа гээд зогсоод байх юм. ...өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй, ирээгүй учраас товлосон цагтаа хурлаа эхэлсэн, энэ миний ажил. Би танд хуулийн дагуу шаардлагаа тавьж байна. Гаргасан хүсэлтээ тайлбарлаж чадахгүй, би мэдэхгүй байна, анх удаа орж байна гээд. Таныг анх удаа орлоо гээд би яах ёстой юм. Хэргийг шийдэх болохоос биш таны хүсэлтийг дэмжиж ярих ёсгүй. ... Өмгөөлөгч авна л гээд байх юм, өмгөөлөгч авах эрхийг тань би хаагаагүй, Монголоор дүүрэн өмгөөлөгч байхад заавал нэг өмгөөлөгчтэйгөө орно гээд байгааг ойлгохгүй байна. Тэр өмгөөлөгч чинь танаас хөлсөө авсан юм бол таны эрх ашгийг хамгаалаад шүүхийн дуудсан цагт ирэх үүрэгтэй” гэж хэлсэн нь шүүх хуралдаан бичлэгээр тогтоогдож байна.
Энэхүү үйлдлээ холбогдох шүүгч “..хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д эрх, үүргийн талаар тайлбарлаж ойлгуулахдаа албаны үг хэллэг хэрэглэлгүй, энгийн байдлаар, өөрийн дуу хоолойг сонсогдохоор ярихдаа холбоо үг болон сул үг хэрэглэсэн. ...хэргийн оролцогчийг зүй бус үг хэллэг хэлж загнаж зандарсан байдлаар дуугаа өндөрсгөн сэтгэл хөдлөл гаргасан зүйлгүй байгаа” гэж тайлбарлаж байх хэдий ч шүүгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасанд хамаарна.
Тодруулбал, шүүгч нь эрх зүйн мэдлэг дутмаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр дамжуулан оролцож байгаа хэргийн оролцогчоос өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэлтэй тайлбарлахыг шаардаж, түүнтэй өндөр дуугаар харьцаж байгаа нь зүй бус, зохисгүй авирласанд тооцогдоно.
Ийнхүү шүүгч хэргийн оролцогчдын нэг талтай зохисгүй байдлаар харилцах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ үүсгэх, мөн нэг талд давуу байдал бий болгосон гэж ойлгогдох сөрөг үр дагавартай байдаг.
Энэ утгаараа хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч-ээс өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгч Д.Алтантуулыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ЕШ2025/00000 дугаар захирамжаар “...хуралдаан даргалагчийн зохигч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцаж буй харилцаа хандлага нь зохигчид шүүхийн шийдвэрийг урьдчилан гаргасан, шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц хандлагыг гаргасан байна” гэж дүгнэн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүгч Д.Алтантуулаас татгалзах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд, шүүгч шүүх хуралдааныг удирдан явуулахдаа хэргийн оролцогч нартай адил тэгш харьцаж, хэргийг шударга, төвийг сахисан, хараат бусаар шийдвэрлэж чадна гэдгээ үг, үйлдэл, харилцаа, хандлагаараа илэрхийлж байвал зохино.
Хуралдаанд шүүгч Д.Алтантуул “...цалингийн хэмжээг хоёр 20 хувь буруулсан шийтгэлийг хөнгөрүүлж үзээч” гэх тайлбарыг гаргаж, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өндөр дуугаар харилцсанаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчилд “цалингийн хэмжээг хоёр сарын хугацаанд 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсныг “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл болгон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СХМ/2025/0135 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “цалингийн хэмжээг хоёр сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” гэснийг “нээлттэй сануулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
С.ЭНХТӨР