
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-12
Дугаар 135
Улаанбаатар хот
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн
тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулинг оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлж, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Алтантуулд холбогдох илтгэгч гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2025/0029 дугаартай дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн тус “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ:
... Нэг. “Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэг сар хойшлуулж, шүүхээс үйлчилгээ авч буй иргэдэд хүндрэл учруулсан” гэх үндэслэлийн тухайд:
... шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, шүүхийн харьяалал мөн эсэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдлыг ойлгох ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг, харин нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус эсхүл шаардлага нь ойлгомжгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг учиртай.
Иймд “...худалдах худалдан авах гэрээнээс ямар үндэслэлээр татгалзаж буй нь ойлгомжгүй, С.З нь охин З.О-н өмнөөс 4.000.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй эсэх нь хавсаргасан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй.
Түүнчлэн, шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг өөр өөрөөр ойлгож тайлбарласан нь хууль хэрэглээтэй холбоотой байх бөгөөд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШЗ2024/... дугаар захирамжаар анх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа шүүхийн онцгой харьяалал зөрчигдсөн талаар дүгнэсэн ч хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасныг баримталж татгалзаагүй байна.
Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд хамааруулах боломжгүй.
Хоёр. “Үзлэг хийлгэх хүсэлтийг 2 удаа захирамж гаргаж, ижил үндэслэлээр татгалзсан” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “хариуцагчийн хариу тайлбарт хавсаргасан баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШЗ2024/... дугаар захирамжаар “...талууд хуульд заасан журмын дагуу шаардлага хангасан нотлох баримтыг гаргах, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангах үүрэггүй” гэж дүгнээд хэрэгсэхгүй болгожээ.
Харин өргөдөлд дурдсан шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 317/ШЗ2025/... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материал танилцах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс дахин гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг тусгайлсан захирамжаар болон 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШЗ2025/... дугаар захирамжаар шийдвэрлээгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан билээ.
Гурав. “2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс тэмдэглэл нь илт зөрүүтэй” гэх үндэслэлийн тухайд:
Өргөдөлд дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг дуу, дүрсний бичлэгтэй харьцуулан үзэхэд даргалагч шүүгчийн асуулт, хэргийн оролцогчдын хариулт зэрэг нь дутуу бичигдсэн байх ба энэ талаар тус өдөр шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга Г.Б-с гэрчийн мэдүүлэг авахад “...Би зөрүүтэй гарсан гэж үзэхгүй байна. Ямар нэг хэлээгүй зүйлийг хэлсэн болгодог юм уу, огт өөр ойлголт үүсэх юм бичсэн бол зөрүүтэй гэж ойлгох байхаа. Харин дутуу бичсэн байж магадгүй юм. Би олон жил нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Ихэнх бичлэгээ сонсож байгаад тэмдэглэлд буулгадаг. Яг энэ хурлын тухайд бичлэг сонссон эсэхээ сайн санахгүй л байна. Ер нь гол агуулгыг нь бичсэн. Бүх хэлсэн болгоныг бичих боломжгүй байдаг. Харьцуулаад үзэхээр шүүгчээс хэлсэн зүйлийг л бичээгүй үлдээсэн гэж харагдаж байна. Ер нь шүүгч тийм зүйл хэлж байсан нь үнэн. Би бичээгүй үлдээснээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн бол сахилгын хэргийн оролцогч Д.Алтантуулыг асууж авсан тайлбарт “...Тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг хянаад гарын үсэг зурсан. Яг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоогүй зүйлсийг тэр болгон тэмдэглэлд тусгаад байдаггүй болохоор би болно гэж зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Түүнээс биш анхнаасаа бичээд орж ирсэн тэмдэглэлээс энэ хэсгийг хас гэж засуулсан зүйл байхгүй” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ...үйлдэнэ”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ”, 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.2-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж заасан.
Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн дарга даргалагч шүүгчийн асуулт, хэргийн оролцогчдын хариулт зэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд дутуу бичсэн нь түүний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой ч ийнхүү зөрүүтэй бичигдсэн тэмдэглэлийг хянаж алдааг залруулах нь хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдаж буй шүүгчийн хайнга хайхрамжгүй үйл ажиллагаа гэж үзэх ба харин шүүгч хуралдааны тэмдэглэлийг санаатайгаар өөрчилж бичсэн үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн заалт хэнд ч илэрхий ойлгомжтой маргаангүй байх, зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт гэж үзэх боломжгүй байх тул “илт тодорхой” гэх шинжийг хангахгүй гэж илтгэгч гишүүн үзлээ.
Гэвч шүүгч хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдахдаа шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагааг хуульд нийцүүлэн зөв чиглүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлийг сайтар хянахад анхаарвал зохино.
Дөрөв. “2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 цагт товлосон хуралдааныг Төв аймагт ирсэн хойно 14:00 цаг болгож хойшлуулсан” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан бөгөөд өргөдөлд дурдсан үндэслэл уг зүйл хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангах эсэхийг шалгаж үзэв.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШЗ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх” хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох”, хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан ч 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хурлыг 14 цагт эхэлсэн гэж тэмдэглэсэн бол “LifeSize UVC video center” нэртэй шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг хадгалдаг төхөөрөмжид үзлэг хийхэд шүүх хуралдаан 10 цаг 27 минутад эхэлсэн гэж хадгалагджээ.
Энэхүү зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахаар нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авахад шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга Б.А: “...Өглөө 10.30 минутад эхэлсэн. Сайн санаж байна. Сахилгын хорооноос энэ хэргийн талаар шалгах гэж ирж байгаа гэдгийг сонсоод мэдсэн болохоор сайн санасан. Би үнэхээр алдаатай бичээд гаргачихсан байна аа. Өглөө 10.30 цагт эхэлсэн нь үнэн. Би хурлын эхлэл болон төгсгөлийг нь үнэхээр андуураад алдаа гаргачихсан, өөр хурлын тэмдэглэл дээр хуулбарлаж бичихдээ л цагийг нь засахаа мартчихсан юм шиг байна. Миний гаргасан хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой. Би заалаа бэлдчихээд хүлээж байсан. Хэргийн оролцогчдын өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж байсан ба дуусахаар нь хүмүүсээ зааланд оруулаад шүүгчийг дуудсан. Шүүгч тухайн үед 10 цагтаа ирчихсэн байсан” гэж, гэрч С.Н / нэхэмжлэгчийн өмгөөлөгч /: “...Ямар ч байсан нэг хурал өглөө 10 цагт товлогдсон байсан ба бид нар өглөө очиход шүүгчийн туслах нь “шүүгч ажил явдалд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай байна, хурлыг 14 цаг хүртэл хойшлуулж болох уу” гэж асуухаар нь бид нар зөвшөөрөөд, хүлээж байгаад 14 цагаас хурал орсон. Хэд хэдэн удаа хойшилсон хурал болохоор яг хэдний өдрийн хурал гэдгийг нь сайн санахгүй байна” гэж, гэрч Ж.Т /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/: “...03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон. Өглөө очиход Ө гэдэг шүүгчийн туслах нь “шүүгчид ажил явдал гарчихлаа, 14 цагаас хурлаа орох боломжтой юу” гэж асуухаар нь бид нар боломжтой гэдгээ хэлээд хүлээж байгаад 14 цагт хурал нь орсон. Яагаад гэхээр 14 цагаас эхэлсэн хурал дээр хариуцагчийн баримт байхгүй гэсэн асуудал яригдсан болохоор сайн санаж байна” гэж, шүүгчийн туслахаар ажиллаж байсан З.Өнөрзаяа: “...Тухайн өдөр Ч өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагч У болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд охин нь байсан. Эдгээр хүмүүст шүүгчид ажил явдал гарсан тул өдөр 2 цаг хүртэл хойшлуулах боломжтой юу гэж шүүгч асуулгаж байна гэхэд нэгэнт ийм асуудал гарсан юм чинь болно гэж хэргийн оролцогчид бүгдээрээ зөвшөөрөөд өдөр 14 цагаас хурал орсон. Би өглөө 10 цагаас хуралтай гэдгийг сануулах гэж шүүгч рүү залгахад ажил явдал гарчихлаа, үдээс хойш болтол хойшлуулах боломж байна уу гэж асуугаад өгөөч гэхээр нь хэргийн оролцогчдоос асуусан” гэж, өргөдөл гаргагч Э.Ч “...Тэр өдрийн хурал өглөө 9 цагт зарлагдсан тул хэргийн оролцогчид бүгд өглөө ирсэн байсан. Гэтэл “шүүгчид ажил явдал гарлаа, 14 цагаас хурлаа хийх боллоо” гэж туслах нь хэлсэн болохоор бид нар хүлээж байгаад 14 цагаас хурал нь орсон” гэж тус тус мэдүүлсэн бол шүүгч Д.Алтантуул “...Би харин тайлбар өгөхдөө андуурсан байна лээ. Тэр өдөр үнэхээр ажил явдал гараад өдөр 14 цагаас хурал нь орсон. Би тайлбар өгснийхөө дараа хэргийг нь үзээд 14 цагаас орсон гэдгээ мэдсэн” гэж тайлбар өгсөн.
Мөн сахилгын хэргийн оролцогчийн тайлбартаа хавсаргаж ирүүлсэн Шүүхэд нэвтэрсэн иргэдийн бүртгэлээс үзэхэд 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч 14 цаг 02 минутад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 цаг 03 минутад нэвтэрсэн байх ба сахилгын хэргийн оролцогч шүүгчийн болон гэрчүүдийн мэдүүлгээр 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан товлосон цагтаа бус 14 цагт эхэлсэн гэх өргөдлийн үндэслэл нотлогдож байна.
Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан зөрчлийн урьдач нөхцөл болох “удаа дараа” гэх шаардлага хангагдаагүй байх тул энэ удаад зөрчил гаргасан гэж үзэхгүй ба хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүгч нотлоогүйг дурдах нь зүйтэй.
Тав. “2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга бүхий 4 хуудас нотлох баримт алга болсон” гэх үндэслэлийн тухайд:
Шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн З.Ө /шүүгчийн туслахаар ажиллаж байсан/: “...Өмгөөлөгч хоцорч ирээд хойшилсон хурлын дараа хариуцагчийн өмгөөлөгч 3 хуудас баримт өгснийг би дардас дарж хүлээн аваад хэрэгт хийсэн байсан. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурал дээр Хаан банкны гүйлгээний хуулга 4 хуудас баримтыг бас өгсөн гэдэг асуудал үүссэн. Хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцаж байхдаа 4 хуудас баримт алга байна гэхээр нь би тухайн үед ажилд ороод удаагүй манараатай байсан болохоор өгсөн юм байлгүй гэж бодоод хайсан ч олдоогүй. Ингээд шүүх хурал эхлээд хариуцагчийн өмгөөлөгч тэдгээр баримтыг дахин гаргаж өгнө гээд хойшилсон. Би сүүлд шалгаад үзэхэд 3 хуудас баримт дээр дардас дараад авсан байсан ба хэрэв тухайн үед 4 хуудас баримт цуг өгсөн бол 7 хуудас хүлээн авлаа гэсэн дардас дарах байсан. Гэвч 3 хуудас баримт авсан гэж дардас дарсан байсан тул анхнаасаа 4 хуудас баримт өгөөгүй юм байна гэж ойлгосон” гэж, гэрч С.Н “...Хариуцагч талаас өмнө нь хурлын дараа шүүгчийн туслахад нотлох баримт үлдээгээд явсан чинь хэрэгт байхгүй байна гэж яригдаад тухайн үед шүүгчийн туслахыг дуудаж ирээд асуусан чинь туслах нь баримт авснаа санаж байна, хэрэгт яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна гээд тэдгээр баримтаа нэлээн хайгаад олоогүй юм. Тэгээд хариуцагч талаас дахин тэр баримтуудаа гаргаж өгье гээд хойшилсон” гэж, гэрч Ж.Т “...Хариуцагч талаас өмнөх шүүх хурлын дараа өгсөн нотлох баримт алга байна гэж яригдаад, шүүгчийн туслах тэдгээр баримтыг хайгаад нэлээн удаж байгаад хурал орж хойшилсон. Шүүгч хариуцагчаас нотлох баримтаа хэзээ өгсөн эсэхийг асуухад хурал дээр бол өгөөгүй, хурал дууссаны дараа туслахад өгсөн гэж хэлж байсан” гэж тус тус мэдүүлсэн бол сахилгын хэргийн оролцогч тайлбартаа “...Өмгөөлөгчөөс өгсөн гэж тайлбарлаж буй нотлох баримтыг хэн, хэзээ, хаана өгсөн, өгсөн талаар баримт байхгүй, өгсөн эсэхийг шүүлгэхээр шүүхийн камер шүүлгэх гэсэн боловч өгсөн гэх өдрийн бичлэг устгагдсан тул үүнийг тогтоох боломжгүй байна. Албан ёсоор өгч тэмдэглүүлсэн зүйл байхгүй. Шүүгч миний хувьд тухайн баримтыг өгсөн эсэхийг мэдээгүй, мөн нэхэмжлэгч тал баримттай танилцсан зүйл байхгүйг тодруулсан” гэжээ.
Тус иргэний хэрэгт үзлэг хийхэд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай 1 хуудас, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай, үзлэг хийлгэх тухай хүсэлт, “нэхэмжлэлийн тодруулгатай танилцлаа, ойлгохгүй байгаа тул хариу тайлбар байхгүй” гэх 4 хуудас баримт өгснийг шүүхийн дардас дарж хэрэгт хавсаргасан болох нь тогтоогдож ба хариуцагч талаас Хаан банкны дансны хуулга бүхий 4 хуудас баримт өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Зургаа. “...Эвлэрэхийг тулган шаардсан, хуульд заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай тул хойшлох хурлыг хэргийн оролцогчдыг холоос шүүхэд дуудаж хүндрэл чирэгдэл учруулсан, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны дараа “чи эвлэр, тэгэхгүй бол илүү их хохирол амсана” гэх байдлаар үйлчлүүлэгчийг дарамталсан” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж тус тус заасан бөгөөд шүүгч нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад талуудаас эвлэрэн хэлэлцэх санал байгаа талаар асуусан, нэхэмжлэгчийн эвлэрэн хэлэлцэх нөхцөлийн талаар тодруулж ярилцсан, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа 2 талын өмгөөлөгч байгаа тул эвлэрэн хэлэлцэх санал байгаа талаар асууж, талуудыг ярилцуулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, өргөдөлд дурдсанчлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эвлэрэхийг тулган шаардсан, дарамталсан, айлгасан гэх үйл баримт тогтоогдоогүй ба энэ талаар гэрч С.Н “...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дараа талуудад эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт байгаа эсэхийг асуусан санаж байна. 2 тал аль аль нь ямар үндэслэлээр эвлэрэх боломжтойгоо хэлж байсан. 02 дугаар сарын 11-ний өмгөөлөгч ирээгүй хурал дээр ч бас эвлэрэн хэлэлцэх хүсэлт байгаа талаар ярилцаж байсан” гэж, гэрч Ж.Т “...Шүүгч хурлууд дээр ер нь л асууж байсан. Эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхийг. Хариуцагч шүүгчийг “та яагаад дандаа эвлэр гээд шахаад байгаа юм бэ” гэж хэлж байсан санаж байна. Тэгэхэд шүүгч “би хуульд зааснаар эвлэрэх боломж байгаа эсэхийг асуух үүрэгтэй” гэж хэлж байсан” гэж, гэрч Б.А “...тэгж бол хэлээгүй, хуралдаан дууссан ч шүүгч үргэлжлүүлээд ярьж байсан болохоор би бичлэгээ хаагаагүй байсан. ...хурал дууссан тул тэмдэглэлд бичээгүй, шүүгч талуудаас эвлэрэн хэлэлцэх хүсэлт байгаа юу гэж аль алинаас нь асууж байсныг санаж байна” гэж тус тус мэдүүлсэн болно.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан тул хуульд заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай тул хойшлох хурлыг хэргийн оролцогчдыг холоос шүүхэд дуудаж хүндрэл чирэгдэл учруулсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Долоо. “Хариуцагчийг дарамталж, загнаж зандарсан, өмгөөлөгчөөс хүсэлт, нотлох баримтаа өгсөн байхад хурал дээр “өөр өмгөөлөгч ав, яагаад төлбөр мөнгө авсан хэр нь хуралд ирдэггүй юм” гэж нэр төрд болон үйлчлүүлэгчийн өмгөөлөгч сонгох эрхэд халдсан” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заажээ.
Харин Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласан бол “зүй бус” гэх ойлголтын эерэг утга болох “зохистой” гэдгийг “зүйтэй, ёстой, таатай, нийлэмжтэй” гэж тайлбарласан байх бөгөөд ухаалаг ажиглагчийн нүдэнд энгийн нийлэмжтэй харагдахуйц хүмүүс хоорондын зөв харилцааг “зохистой” гэж ойлгох бол энэ хэм хэмжээнээс хэтэрсэн, энгийн үг хэллэгээс илтэд өөр үг хэллэг хэрэглэж буй нийлэмжгүй харилцааг “зүй бус” гэж ойлгохоор байна.
Өргөдөлд дурдсан 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дуу дүрсний бичлэгээс үзэхэд:
“Даргалагч: Би шаардлагаа тавьж байна. Би таныг загнаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчим дээр явна. Та өмгөөлөгч авсан бол шүүх хуралдаан дээр хэлэх зүйлийг тань өмгөөлөгч нь хэлж өгөх ёстой. Тэрний дагуу та хүсэлтээ гаргах хэрэгтэй, өнөөдөр анх удаа шүүх хуралдаанд оролцож байж болно. Гэхдээ та хөлсөө төлөөд өмгөөлөгч авсан бол өмгөөлөгч танд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцох, ороод юу гэж хэлэх, эвлэрвэл таны хохирлыг барагдуулах уу энэ бүх талаар зөвлөгөө өгсөн байх ёстой. Би өнөөдөр ажилгүйдээ энд суугаагүй, араас нь 11 цагаас хуралтай. Таны хурлыг хийх гээд байна, хүсэлт байгаа бол хүсэлтээ хэл, байхгүй бол байхгүй гэдгээр үргэлжлээд явъя. Энд гаргасан байгаа гэдгээр хүсэлтээ дэмжиж байгаа гэдгийг ойлгохгүй байна, угаасаа ийм юм байх ч үгүй. Хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хүсэлт гаргаж болно, хэлэлцүүлж болно, гаргах эрх нь нээлттэй. Та өмгөөлөгчтэй оролцох эрх нээлттэй, шүүхээс таныг өмгөөлөгчтэй оролцох эрхийг тань хязгаарласан зүйл байхгүй. Мэдэхгүй байна л даа гээд зогсоод байх юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бид хоёрын ярьснаар тийм л байгаа юм л даа.
Даргалагч: Өөрийн тань болон ээжийн тань фейсбүүк хаяг гэж тодорхой нэртэй фейсбүүк хаяг байгаа байлгүй дээ. Ямар хаягт ямар үзлэг хийхийг шүүгчийн захирамжаар шийднэ. Таны тодорхойгүй хүсэлтийг хангавал нөгөө тал чинь эсрэг талд үйлчиллээ гэдэг байдлаар хардаад эхэлнэ. Өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй, ирээгүй учраас товлосон цагтаа хурлаа эхэлсэн, энэ миний ажил. Би танд хуулийн дагуу шаардлагаа тавьж байна. Гаргасан хүсэлтээ тайлбарлаж чадахгүй, би мэдэхгүй байна, анх удаа орж байна гээд. Таныг анх удаа орлоо гээд би яах ёстой юм. Хэргийг шийдэх болохоос биш таны хүсэлтийг дэмжиж ярих ёсгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэр байдлыг ойлгож байна.
Даргалагч: Хэргийн материалтайгаа танилцаад өнөөдөр юу ярих билээ гэдгээ бэлдээд ороод ирэх хэрэгтэй. Өмгөөлөгч авна л гээд байх юм, өмгөөлөгч авах эрхийг тань би хаагаагүй, Монголоор дүүрэн өмгөөлөгч байхад заавал нэг өмгөөлөгчтэйгөө орно гээд байгааг ойлгохгүй байна. Тэр өмгөөлөгч чинь танаас хөлсөө авсан юм бол таны эрх ашгийг хамгаалаад шүүхийн дуудсан цагт ирэх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байж болно, баримтаа ирүүлсэн л байна лээ. Хэргийг чинь шийдэх гэхээр өөр бусад шалтгаанаар хойшлоод байна. Хүсэлтээ тайлбарлаж чадахгүйгээс хэрэгсэхгүй болгох захирамж гарвал гомдлын асуудал яригдаж цаашаа үргэлжлээд явна. Таны эрх ашиг зөрчигдөж байгаа гэдгийг та мэдэж байгаа юм уу” гэж харилцсан үйл баримт тогтоогдоно.
Дээрх шүүгчийн харьцаа хандлага нь шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдалд тооцогдож Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ЕШ2025/**** дугаар захирамжаар шүүгч Д.Алтантуулаас татгалзсан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Банглорын зарчмуудын тайлбар 6.6 “Шүүгч нь шүүх дэх бүхий л шүүх хуралдааныг зохистой, хэв журамд нийцүүлэн явуулах бөгөөд хэргийн оролцогч талууд, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, хуульч болон шүүгчийн албан үүргийн дагуу харьцаж буй бусад хүнтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй, эелдэг, анхааралтай харьцана. Мөн шүүгч нь түүний хамаарал, чиг үүрэг, хяналтад байдаг бусад хүнийг ийм байдлаар бусадтай харьцаж байхыг шаардана” гэж заасан.
Шүүгч хүн ямагт бусдын эрхэм чанарыг хүндэтгэж эелдэг, хүлээцтэй хандаж, үг хэллэгийг болгоомжтой хэрэглэн бусдад үлгэр жишээ болохуйцаар шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохих ба шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нь шүүгчийн ур чадвар, хичээл зүтгэл, үнэнч шударга, ёс суртахууны хувьд тогтвортой байдалд тулгуурладаг бөгөөд шүүгчийн хувийн шинж чанар, зан байдал, дүр төрх шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлж байдаг билээ.
Гэтэл тухайн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа хууль, эрх зүйн мэдлэг дутмаг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа шалтгаанаар дуугаа өндөрсгөн бухимдан уурлаж, хүсэлтээ тайлбарлахыг шаардан зохимжгүй үг хэллэг хэрэглэж байгаа нь Банглорын зарчмаар тунхагласан шүүгчийн ёс зүйн Ур чадвар ба хичээл зүтгэлтэй байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Ийнхүү дээр дурдсан шүүгчийн үйлдэл “хэргийн оролцогчтой харилцахдаа зүй бус авирласан” гэх зөрчлийг шинжийг хангаж байх тул Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуулыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт заасан зөрчилд буруутган нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн тус өргөдлийн үндэслэл бүрээр шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, ГНД/2025/0029 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Өргөдөлд “...хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэг сар хойшлуулж шүүхээс үйлчилгээ авч буй иргэдэд хүндрэл учруулсан, үзлэг хийлгэх хүсэлтийг 2 удаа захирамж гаргаж, хангахаас татгалзсан, шүүх хуралдааны бичлэг тэмдэглэл нь зөрүүтэй, шүүхэд гаргаж өгсөн 4 хуудас нотлох баримт алга болсон, эвлэрэхийг тулган шаардсан” гэж дурдсан агуулгаар илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Тодруулбал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр, мөн хуулийн 65 дугаар зүйлд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тус тус заасан байх ба хэрэв дээрх заалтад заасан хуулийн шаардлага хангаагүй гэж шүүгч үзвэл иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхээр байна.
Холбогдох шүүгч Д.Алтантуул иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, шүүхийн харьяалал мөн эсэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлэхдээ, хуулийг тайлбарлан хэрэглэж, хуульд заасан үндэслэлийг дурдан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.
Хэргийн оролцогчдын санал болгож буй баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл байх ёстой бөгөөд хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхэд шүүгч үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй.
Тиймээс хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой дурдагдаж буй агуулгаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой байж зөрчилд тооцогдох учиртай. Иймд шүүгч хуралдааны тэмдэглэлийг санаатайгаар өөрчилж бичсэн үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх үүрэгтэй шүүхийн захиргааны албан хаагч тэмдэглэлд зарим зүйлийг тусгаагүй албажуулсан үйл баримтаар шүүгчийг буруутгахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт гэж үзэх боломжгүй хэдий ч шүүгч хэргийн хөдөлгөөнийг хуульд нийцүүлэн зөв чиглүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлийг сайтар хянахад анхаарвал зохино.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар “Хаан банкны дансны хуулга бүхий 4 хуудас баримт өгсөн нь алга болсон” гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгч зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.
Шүүгч нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад талуудаас эвлэрэн хэлэлцэх санал байгаа талаар асуусан, нэхэмжлэгчийн эвлэрэн хэлэлцэх нөхцөлийн талаар тодруулж ярилцсан, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа 2 талын өмгөөлөгч байгаа тул эвлэрэн хэлэлцэх санал байгаа талаар асуусан үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т тус тус заасанд нийцсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №28 дугаартай тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлахдаа ““Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэжээ.
Иймд шүүгчийн дээрх үйлдэл нь хуулийн илт тодорхой заалтад хамаарахгүй байх тул сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй учир илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Харин холбогдох шүүгч маргаан бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах сахилгын зөрчлийг гаргасан байна гэж дүгнэв.
Шүүгч Д.Алтантуул 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдааныг товлосон цагтаа бус 14 цагт эхэлсэн үйл баримт тогтоогдож байх ба холбогдох шүүгч энэ тухайгаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж буй боловч, тайлбараа нотлох аливаа баримтыг гаргаж ирүүлээгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д шүүгч “шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан зөрчлийг гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэхээр заасан байх ба шүүгчийн дээрх нэг удаагийн үйлдэл нь энэхүү зөрчлийн урьдач нөхцөл болох “удаа дараа” гэх шаардлага хангагдаагүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ЕШ2025/... дугаар “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай” захирамж гэх нотлох баримтаар холбогдох шүүгч нь хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан болох нь тогтоогдож байна.
Хэргийн оролцогчийн өмгөөлөгч Э.Ч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасныг шүүгч мэдсэн атлаа тус 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид хандаж:
- “...Гэхдээ та хөлсөө төлөөд өмгөөлөгч авсан бол өмгөөлөгч танд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцох, ороод юу гэж хэлэх, эвлэрвэл таны хохирлыг барагдуулах уу энэ бүх талаар зөвлөгөө өгсөн байх ёстой. Би өнөөдөр ажилгүйдээ энд суугаагүй, араас нь 11 цагаас хуралтай. Таны хурлыг хийх гээд байна, хүсэлт байгаа бол хүсэлтээ хэл, байхгүй бол байхгүй гэдгээр үргэлжлээд явъя.
- Өмгөөлөгч авна л гээд байх юм, өмгөөлөгч авах эрхийг тань би хаагаагүй, Монголоор дүүрэн өмгөөлөгч байхад заавал нэг өмгөөлөгчтэйгөө орно гээд байгааг ойлгохгүй байна. Тэр өмгөөлөгч чинь танаас хөлсөө авсан юм бол таны эрх ашгийг хамгаалаад шүүхийн дуудсан цагт ирэх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байж болно, баримтаа ирүүлсэн л байна лээ” гэж шүүгч хэргийн оролцогчтой харилцахдаа дуугаа өндөрсгөн дээрх байдлаар үг хэллэг хэрэглэсэн нь зохисгүй юм.
Иймээс илтгэгч гишүүний дүгнэлтэд “тухайн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа хууль, эрх зүйн мэдлэг дутмаг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа шалтгаанаар дуугаа өндөрсгөн бухимдан уурлаж, хүсэлтээ тайлбарлахыг шаардан зохимжгүй үг хэллэг хэрэглэж байгаа нь Банглорын зарчмаар тунхагласан шүүгчийн ёс зүйн Ур чадвар ба хичээл зүтгэлтэй байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.” гэсэн нь үндэслэлтэй.
Шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хөндөхгүй, аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргахгүй байх шаардлагатай төдийгүй шүүх хуралдааны явцад үүссэн хэвийн бус нөхцөл байдалд сэтгэл хөдлөл гаргаагүй, хүлээцтэй байдлаар хандах үүрэгтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч Д.Алтантуул өргөдөлд дурдагдаж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан зөрчлийг гаргасан байна.
Холбогдох шүүгчийн гаргасан дээрх зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд “цалингийн хэмжээг хоёр сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГНД/2025/0029 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-д заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Алтантуулд “цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР