
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-07
Дугаар 3
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн П.Н-ээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн О.Номуулин хүлээн авч хянаад, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2025/...5 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2025/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ225/...2 дугаар шийдвэрээр хариуцагч “С” ХХК-аас 9.570.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Х-д олгон, 2016 оны 12 дугаар сараас 2022 он хүртэлх нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 181.848.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Уг шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гардан авч, 7 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтээ хамт өгсөн байх ба уг хүсэлт шүүгч С.Х-д хуваарилагдаж шүүгчийн 7 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/...9 дүгээр захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн, харин гомдлыг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210/ШЗ2025/0...2 дугаар захирамжаар “...хэргийн оролцогчид 2025 оны 6 дугаар сарын 18-ны дотор ирж шийдвэрийг гардаж авах үүрэгтэй байсан тул 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацаа тоологдох ба давж заалдах гомдол гаргах хугацаа 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан байна” гэж дүгнэн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/...8 дугаар захирамжаар “...Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийн үндэслэл, шалтгаан нь түүнд хавсаргасан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан үйл баримт тогтоогдоно.
Дээрх шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ225/...2 дугаар шийдвэрийг гаргасан шүүгч Л.Энхжаргалд холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй, ...нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан, шүүхийн шийдвэр хугацаандаа гарсан мэтээр өөрчлөлт оруулсан” гэх агуулгаар тодорхойлжээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зааснаас үзвэл шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ225/...2 дугаар шийдвэр албажиж гарах хугацаа 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дуусаж байх ба мөн өдөр шүүхийн шийдвэр гарсан эсэхийг тодруулахаар “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийхэд шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүрэн эхээр нь системд оруулан баталгаажуулсан байх тул өргөдөл гаргагчийн “шийдвэр хугацаандаа гараагүй” гэх гомдол үгүйсгэгдэнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ”, 25.2.6-д “шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх”, 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан бөгөөд З.Х-ын нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон байх тул шүүхийн шийдвэрийг өөрөө ирж гардан авах үүрэгтэй гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр бичгээр албажиж гарсан талаар мэдэгдэх, мэдэгдсэнээ баримтжуулсан тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргах, шүүгчийн туслах давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй талаар бичиглэл үйлдэх зэрэг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар журамлаагүй, шүүгчид үүрэг хүлээлгээгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг дээрх хуульд заасан хугацаанд бус 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан, тэрээр энэ талаар тодруулж асуусан гэрчийн мэдүүлэгт “...Шийдвэрээ хугацаа хэтрүүлж авсан гэж үзэхгүй байна. Шийдвэрээ гарсан эсэхийг шүүгчийн туслахаас 2 удаа утсаар, 1 удаа биечлэн очиж асуусан. 6 дугаар сард л асууж байсан санаж байна. Хамгийн сүүлд 6 сарын 30 хавьцаа асууж байсан. Ингэж асуухаар А.О гэж туслах нь бүрэлдэхүүнтэй хурал болохоор албажаагүй байна гэж л хэлдэг. Би яагаад ингэж удаад байна аа гэсэн чинь зун хүмүүс ээлжийн амралтаа авчихдаг болохоор гарын үсэг зурагдахгүй удаад байгаа юмаа л гэсэн” гэжээ.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ЗТ2025/...7 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч нарын ээлжийн амралтын хуваарийг баталж тус тогтоолд 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 191/ЗТ2025/...3 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсны дагуу шүүгч Л.Энхжаргал 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал, шүүгч Д.Б 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 7 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, шүүгч Б.Б 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийг дуустал тус тус ээлжийн амралтаа эдэлсэн байх ба шүүгчийн туслах А.О “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н надаас нэг ч удаа утсаар болон биечлэн шийдвэр бэлэн болсон эсэхийг асууж байгаагүй. Яагаад ингэж хэлж байгааг ойлгохгүй байна. Бүрэлдэхүүнд орсон шүүгч нар тухайн үед ээлжийн амралтаа аваагүй ажиллаж байсан. Тийм болохоор би ээлжийн амралттай байгаа, бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй байгаа гэж хэлэх ямар ч боломжгүй. Би огт тэгж хэлээгүй” гэж мэдүүлсэн.
4. Илтгэгч гишүүн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/284 дүгээр албан бичгээр Шүүхийн сахилгын хорооны Ажлын албанаас “М” ХХК-ийн дугаар эзэмшигчдийн гадагш гарсан дуудлагын лавлагааг авахад тус хуулийн этгээдээс ямар хугацааны жагсаалт гаргаж ирүүлдэг болохыг тодруулахад 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0....60 дугаар албан бичгээр “техникийн нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн сүүлийн 3 сарын гадагш гарсан дуудлагын жагсаалтыг гаргаж ирүүлдэг” талаар лавлагаа гаргаж өгсөн тул өргөдөл гаргагчийн “шүүгчийн туслахтай 6 дугаар сард утсаар холбогдож байсан” гэх үйл баримтыг утсаар ярьсан дуудлагын лавлагаагаар тогтоох боломжгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иймд өргөдөл гаргагчийн “миний бие тус шийдвэрийг гардаж аваад давахын гомдлоо бичиж өгөх гээд ойр ойрхон туслахаас утсаар болон биечлэн очиж уулзаж асуудаг байсан. Бүрэлдэхүүнтэй учир гарах хугацаа нь болоогүй байгаа, гарахаар нь хэлнэ гэж туслах хэлсний дагуу 2025 оны 6 дугаар сарын сүүлээр шийдвэр бичигдэж гарсан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
5. Өргөдөлд “2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл давахын шүүх рүү гомдол ирэхгүй байсан, анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагаа руу утасдаж асуухад гомдол орж ирээгүй байна гэсэн” талаар дурдсаныг шалгаж үзвэл,
Шүүгчийн туслах А.О “...Яг хугацааг нь мэдэхгүй байна. Надад давж заалдах гомдол нь ирээгүй. Сүүлд үзэхэд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлттэй хамт ирээд, тэр хүсэлт нь гомдолтойгоо хамт С.Х шүүгчид хуваарилагдсан байсан. С.Х шүүгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн захирамж гарсны дараа хэрэг надад ирсэн. Тухайн үед би давж заалдах гомдол байгааг мэдээгүй. Эхлээд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтээ шийдүүлсэн гэж ойлгосон. Уг нь мэдээлэл лавлагаанд давж заалдах гомдлыг бүртгэж авсан бол надад системээс мэдэгдэх байсан. Гэвч мэдээлэл лавлагаа бүртгэж аваагүй, ганц тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүртгэж авсан байсан болохоор би давж заалдах гомдол гарсныг мэдээгүй юмаа. Ингээд 8 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад явсан. Намайг амарч байх хойгуур орлож байсан туслах сейфээс хэргийг нь аваад, давж заалдах гомдлыг мэдээлэл лавлагаанд бүртгүүлээд хэргээ явуулсан байсан” гэж,
мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ж “...харин яагаад бүртгэж аваагүйг мэдэхгүй байна. Тэр үед баярын дараа их хүмүүс бужигнаж байсан л үе байх. Бүртгэлийн дэвтэр дээрээ тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гэж бүртгэж авчхаад давж заалдах гомдлыг бүртгэж авахаа орхигдуулсан юм шиг байна. Маш их ачаалалтай байсан болохоор л ийм асуудал гаргаж. Тэрнээс биш дардас дараад авчихсан болохоор гарцаагүй л би хүлээн авсан байна. Уг нь дардас дарсан байхад шүүгчийн туслах нь хараагүй юм байх даа гэж бодож байна” гэж,
хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ө.Г “...Энэ хэргийн давах гомдолтой холбоотой манай нөгөө хэлтсийн дарга У.У-тай хүн ярилаа гээд надад утсаа өгөхөөр нь ярихад “манай 7 сард өгсөн гомдлыг одоо хүртэл хүргүүлээгүй байна” гэж дээрх хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьсан. Тэр үед Л.Энхжаргал шүүгчийн туслах А.О амарчихсан байсан болохоор орлож байсан туслах н.Ц-д хэлээд давах руу хэргийг нь хүргүүлсэн. Яг өдрийг нь бол хэлж мэдэхгүй байна. Анх гомдолтойгоо хамт тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн байсныг өөр шүүгч шийдсэн байсан. Ингээд шүүгчийн туслахад хэргийг нь буцаагаад өгөхөд хэргээ явуулахгүй амарчихсан байсан. Л.Энхжаргал шүүгчийн туслахын сейфээс хэрэг нь байсан. Орлож байсан туслах н.Ц-д хэлж хэргийг нь авчраад, давах руу явуулсан” гэж тус тус мэдүүлсэн.
Тус шүүхийн “Өргөдөл, гомдлын бүртгэл”-ийн дэвтэрт үзлэг хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг бүртгэлийн ...6 дугаарт бүртгэн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүгч С.Х-ын туслахад өгсөн, харин давж заалдах гомдлыг бүртгээгүй, “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийхэд давж заалдах гомдлыг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн болох нь тогтоогдсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 2.1.2-т “ажилтан гэж тухайн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг, 7.4.1-д “Ажилтан давж заалдах журмаар ...гаргасан гомдлыг Бүртгэл №26-д ...хүлээн авч, бүртгэн, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна”, 7.4.2-т “Ажилтан энэ аргачлалын 7.4.1-д заасан гомдлыг аргачлалын 4.1.3-т зааснаар баталгаажуулан, тухайн өдөрт нь, эсхүл нэг хоногийн дотор шүүгч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд гарын үсгийг тайллын хамт зуруулна”, 7.4.3-т “Шүүгчийн туслах давж заалдах ...журмаар гаргасан ...гомдлыг хүлээн авсан тухайн өдөр нь, эсхүл нэг хоногийн дотор хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, гомдлын талаар тайлбар, гаргах эрхтэйг тайлбарлан, Баримт №15, ...үйлдэн, энэ аргачлалын 7.3-т заасны дагуу хэргийг эмхэтгэж, 7.6-д давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заажээ.
Дээрхээс үзвэл хэргийн оролцогчоос гаргасан давж заалдах гомдлыг бүртгэж шүүгч болон шүүгчийн туслахад хүлээлгэн өгөх нь мэдээлэл, лавлагааны мэргэжилтний, харин давж заалдах гомдлыг хүргүүлэх нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарч байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/..8 дугаар тушаалаар шүүгчийн туслах А.О-ийг “Шүүхийн тухай хууль, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ албан үүрэгтээ хайнга хандаж, зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нийт ажилтанд зарлах хэлбэрээр “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэгтгэн дүгнэвэл “нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан, шүүхийн шийдвэрийг хугацаандаа гаргаагүй байж хугацаандаа гарсан мэтээр өөрчлөлт оруулсан” гэх үйл баримт тогтоогдоогүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Л.Энхжаргал хариу тайлбартаа: “Миний бие З.Х-ын нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 191.418.000 төгрөг гаргуулах, 2016 оны 12 дугаар сараас 2022 он хүртэлх нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Улмаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...0 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Б, Б.Б нарыг томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар албажуулсан.
Ийнхүү хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, ...2 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор бичгээр гаргаж, “Иргэн-2014” нэгдсэн системд 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүрэн хадгалсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар биечлэн оролцсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж, 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж гардан авч, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч С.Х 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ...9 дүгээр захирамжаар шийдвэрлэж, уг захирамжийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан байна.
Шүүгч Л.Энхжаргал миний бие 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлж байх хугацаанд Шүүхийн Тамгын газраас хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 0...2 дугаар “Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
Миний бие шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх давж заалдах гомдол гаргах хугацааг өөрчилж, гомдол гаргах эрхгүй болгох зэрэг үйлдэл гаргаагүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч П.Н ”шүүгч Л.Энхжаргал, шүүгчийн туслах А.О нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж өгөх хугацааг санаатайгаар дууссан мэтээр хэргийн материал бүрдүүлсэн... шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй; ...миний бие ...ойр ойрхон туслахаас утсаар болон биечлэн уулзаж асуудаг байсан, шүүгчийн туслах мэдээлэл лавлагаанд өгчих гэсний дагуу 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдлоо өгсөн, 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гомдол ирэхгүй байсанд анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагаанаас асуухад гомдол орж ирээгүй байсан...; ...миний бие 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрийг гардан авч, үүнээс хугацаа тоолоход гомдол гаргах хугацаа дуусаагүй, эрх минь нээлттэй... анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг өөрчилж гомдол гаргах эрхгүй болгосонд гомдолтой байна, ...хариуцагчид давуу байдал олгосон” гэх агуулгатай өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-2 тал/
Илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдагдсан асуудлын хүрээнд шалгах ажиллагаа явуулаад шүүгч Л.Энхжаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. /с.х-ийн 104-111 тал/
Сахилгын хорооны хуралдаанаар шүүгч Л.Энхжаргалд холбогдуулан үүсгэсэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан, хуульд нийцсэн тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
1. Өргөдлийн “...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж өгөх хугацааг санаатайгаар дууссан мэтээр хэргийн материал бүрдүүлсэн... шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй” гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Х-ын нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох 191.418.000 төгрөг гаргуулах, 2016 оны 12 дугаар сараас 2022 оныг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Б, Д.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 191/ШШ2025/...2 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 9.570.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /с.х-ийн 72-79 тал/
Илтгэгч гишүүн дээрх иргэний хэргийн “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийхэд анхан шатны шүүхийн 191/ШШ2025/...2 дугаар шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр албажуулсан байна. /с.х-ийн 91-93 тал/
Мөн шүүгчийн туслах А.О “...шийдвэр хугацаандаа буюу 14 хоногийн дараа албажиж гарсан. Программд хугацаандаа чагталсан, шүүгч яг сүүлийн байдлаар бэлэн болгоод над руу шидэхээр нь би хэвлэж гаргахдаа системд оруулдаг” гэх мэдүүлгийг өгчээ. /с.х-ийн 44-48 тал/
Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэрийн хуульд заасан албажих буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан хугацаа нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байх ба шүүх бүрэлдэхүүн уг хугацаандаа шийдвэрийг албажуулжээ.
Иймд илтгэгч гишүүний “...шийдвэр хугацаандаа гараагүй... гэх өргөдөл үгүйсгэгдэнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Өргөдлийн “...2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдлоо өгсөн, 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гомдол ирэхгүй байсанд анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагаанаас асуухад гомдол орж ирээгүй байсан” гэх тухайд:
Өргөдөл гаргагч П.Н нь нэмэлтээр тайлбар өгөхдөө “шүүхийн шийдвэр гарсан эсэхийг шүүгчийн туслахаас 2 удаа утсаар, 1 удаа биечлэн очиж асуусан. 6 дугаар сард л асууж байсан санаж байна. Хамгийн сүүлд 6 дугаар сарын 30-ны өдөр хавьцаа асууж байсан. Асуухаар А.О гэж туслах нь бүрэлдэхүүнтэй хурал болохоор албажаагүй байна гэж л хэлдэг. Би яагаад удаад байна аа гэсэн чинь зун хүмүүс ээлжийн амралтаа авчихдаг болохоор гарын үсэг зурагдахгүй удаад байгаа юм” гэсэн боловч шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн шүүгчийн туслах А.О “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас нэг ч удаа утсаар болон биечлэн шийдвэр бэлэн болсон эсэхийг асууж байгаагүй. Бүрэлдэхүүнд орсон шүүгч нар тухайн үед ээлжийн амралтаа аваагүй ажиллаж байсан. Тийм болохоор би ээлжийн амралттай байгаа, бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй байгаа гэж хэлэх ямар ч боломжгүй. Би огт тэгж хэлээгүй” гэх мэдүүлгийг өгчээ. /с.х-ийн 1-2, 39-43, 44-48 тал/
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ЗТ2025/...7 дугаар зөвлөгөөний тогтоол, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 191/ЗТ2025/...3 дугаар зөвлөгөөний тогтоолуудаар шүүгч Л.Энхжаргал 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, шүүгч Б.Б 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, шүүгч Д.Б ээлжийн амралтаа хувааж авсан байх ба тэрээр 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ээлжийн амралттай байжээ. /с.х-ийн 52-56, 57-65 тал/
Хэдийгээр өргөдөлд дээр дурдсан асуудал нь шүүгчийн туслахын мэдүүлэгтэй зөрүүтэй байх боловч шүүхийн шийдвэр 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр албажсан, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тухайн цаг хугацаанд шүүх бүрэлдэхүүний шүүгч нар ажиллаж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгчийн туслахын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иймд өргөдөл гаргагчийн “...шүүгчийн туслахаас ойр ойрхон утсаар болон биечлэн очиж уулзаж асуудаг... гэх өргөдөл үндэслэлгүй...” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.
Өргөдөлд “...8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гомдол ирэхгүй байсанд анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагаанаас асуухад гомдол орж ирээгүй байсан...” гэж дурдсан үйл баримттай холбоотойгоор илтгэгч гишүүн шүүгчийн туслах А.О, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ж, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ө.Г нараас мэдүүлэг авсан байна.
А.О “надад давж заалдах гомдол нь ирээгүй, сүүлд үзэхэд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлттэй хамт ирээд тэр хүсэлт нь гомдолтойгоо шүүгч С.Х-д хуваарилагдсан байсан. Шүүгч С.Х тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн захирамж гарсны дараа надад ирсэн. Тухайн үед би давж заалдах гомдол байгааг мэдээгүй, эхлээд тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтээ шийдүүлсэн гэж ойлгосон. Уг нь мэдээлэл лавлагаанд гомдлыг бүртгэж авсан бол надад системээс мэдэгдэх байсан. Гэвч мэдээлэл лавлагаа бүртгэж аваагүй, ганц тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүртгэж авсан байсан болохоор би давж заалдах гомдол гаргасныг мэдээгүй юм. Ингээд 8 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Намайг амарч байх хойгуур орлож байсан тулах сейфээс хэргийг аваад давж заалдах гомдлыг мэдээлэл лавлагаанд бүртгүүлж, хэргээ явуулсан байсан” гэж, /с.х-ийн 44-48 тал/
Б.Ж “давж заалдах гомдлыг яагаад бүртгэж аваагүйг мэдэхгүй байна. Тэр үед баярын дараа их хүмүүс бужигнаж байсан л үе байх. Бүртгэлийн дэвтэр дээрээ тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гэж бүртгэж авчхаад давж заалдах гомдлыг бүртгэж авахаа орхигдуулсан юм шиг байна. Давж заалдах гомдлыг хэзээ бүртгэснийг мэдэхгүй байна, би 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан” гэж, /с.х-ийн 96-98 тал/
Ө.Г “...шүүгч Л.Энхжаргалын туслах А.О амарчихсан байсан болохоор орлож байсан тулах н.Ц-д хэлээд давах руу хэргийг нь явуулсан... Анх гомдолтойгоо хамт тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн байсныг өөр шүүгч шийдсэн байсан. Ингээд шүүгчийн туслахад хэргийг нь буцаагаад өгөхөд хэргээ явуулахгүй амарчихсан байсан” гэж тус тус мэдүүлжээ. /с.х-ийн 67-70 тал/
Дээрх үйл баримт нь шүүхийн “Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр”-т илтгэгч гишүүн үзлэг хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ...6 дугаарт бүртгэж, шүүгч С.Х-д хуваарилагдсанаар болон Ерөнхий шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ...3 дугаар албан бичгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлснээр тогтоогдсон байна. /с.х-ийн 90, 24 тал/
Түүнчлэн илтгэгч гишүүний саналдаа дурдсанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 205 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.4.1, 7.4.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлыг шүүхийн мэдээлэл лавлагаа бүртгэн шүүгч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, мөн журмын 7.4.3-т зааснаар шүүгчийн туслах давж заалдах гомдлыг хүлээн аваад хэргийг эмхэтгэн, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр заасан байх тул уг үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй.
3. Өргөдлийн “...миний бие 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрийг гардан авч, үүнээс хугацаа тоолоход гомдол гаргах хугацаа дуусаагүй, эрх минь нээлттэй... анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг өөрчилж гомдол гаргах эрхгүй болгосон... хариуцагчид давуу байдал олгосон” гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н биечлэн оролцсон байна. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг өөрөө хуульд заасан хугацаанд нь гардан авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрээ 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гардан авчээ. /с.х-ийн 20 тал/
Хуульд заасны дагуу түүний давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс тоолбол 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дотор П.Н нь ирж гардан авах үүрэгтэй, түүний гомдол гаргах хугацаа 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан байтал П.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авч, 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гомдлоо, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийн хамт анхан шатны шүүхэд гаргажээ. /с.х-ийн 80-82 тал/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210/ШЗ20225/0...2 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг тодорхой дүгнэсэн байна. /с.х-ийн 25-26 тал/
Иймд “...анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг өөрчилж, гомдол гаргах эрхгүй болгосон...” гэх үндэслэлээр шүүгч Л.Энхжаргалыг хариуцагчид давуу байдал бий болгосон гэж үзэхгүй гэж дүгнэлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Л.Энхжаргал нь Монгол Улсын шүүхийн тухай 50, 51.1, 52, 53 зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогдож, тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2025/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР