
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-26
Дугаар 158
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2025/0134 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“...Нэрээ нууцалсан иргэнээс Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарт холбогдуулан гаргасан мэдээллийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/0030 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГНД/2025/0023 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлт гаргаж сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд СХТ/2025/0093 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан болно.
1. Мэдээлэл гаргагчаас шүүгч Я.Туулд холбогдуулан: “ ...Шүүгч Я.Туул нь надад Шүүхийн сахилгын хороонд олон танил тал байгаа, надад яасан ч хариуцлага хүлээлгэж чадахгүй гэж ярьсан талаар ажилчдын дунд яригдах болсон. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг сонсоход үнэн бололтой” гэжээ.
Дээрх мэдээлэл нь хардлага, сэжиг таамагт үндэслэсэн байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамааруулан шууд буруутгах боломжгүй гэж үзлээ.
Түүнчлэн, Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн СХМ/2024/0117 дугаар магадлалаар “ ...шүүгч Г.Гэрэлт-Одын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.19, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан зөрчлүүдэд хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т заасныг баримтлан огцруулах, 57.1.4-т заасныг баримтлан шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, 57.1.2-т заасныг баримтлан нээлттэй сануулах,
...Ерөнхий шүүгч Я.Туулын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.19-д заасан зөрчлүүдэд хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т заасныг баримтлан огцруулах, 57.1.9-т заасныг баримтлан огцруулах, 57.1.4-т заасныг баримтлан нээлттэй сануулах сахилгын шийтгэл тус тус оногдуулж” шийдвэрлэжээ.
Тус магадлалыг эс зөвшөөрч шүүгч Я.Туул, Г.Гэрэлт-Од нар гомдол гаргаж, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХТ/2025/0011 дугаар тогтоолоор шүүгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн СХМ/2024/0117 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байх тул дээрх хэргийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо үргэлжлэн явагдаж байгаа болохыг дурдав.
2. Мэдээлэлд: “ ...шүүгч Г.Гэрэлт-Од шинээр ирсэн шүүгч Б.Н-г өдөж хоргоосон, нөхөртэй нь маргалдсан” гэжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан.
Үүнтэй холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Дархан сумын *-р багт байрлах З амралтад болсон байна.
Уг арга хэмжээ болсны маргааш өглөө тус амралтын газарт шүүгч Г.Гэрэлт-Од нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-гийн нөхөр З.И-тэй маргалдсан талаар мэдээлэлд дурдагдсан байна.
Тус үйл баримтыг тодруулах зорилгоор тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Б.Н, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.М нарыг гэрчээр асуухад:
Шүүгч Б.Н-гийн гэрчээр өгсөн: “Би Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тайлбар гаргасан. Тус тайлбарт тухайн үед болсон зүйлийг дэлгэрэнгүй тусгасан байгаа тул нэмж хэлэх зүйл байхгүй байна. Манай нөхөр болон шүүгч Г.Гэрэлт-Од нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй, тухайн үед Г.Гэрэлт-Од шүүгч манай нөхөрт нэг үг хэлэх шиг болсон тэгээд ширээний хоёр талаас босож ирээд маргалдахад хүмүүс тэр хоёрыг болиулаад улмаар маргаан дууссан, тэрнээс зодолдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, түүний Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан: “...Тухайн арга хэмжээ дуусаад орой нь би нөхөр Э.И рүүгээ "Зулзагын голоос ирж аваач" гэж утсаар ярьсан бөгөөд манай нөхөр "за" гэж хэлсэн. Би нөхөртөө байгаа газрынхаа хаягийг зааж өгсөн. Ингээд миний утасны цэнэг дуусаад унтарсан. Утсаа цэнэглэж чадаагүй. Тэгээд тухайн шөнө нь манай нөхөр ирээгүй. Шөнө нь би Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.М-тэй хамт нэг өрөөнд хоносон. Өглөө нь сум дундын анхан шатны шүүгч Д.А, Г.Гэрэлт-Од нартай өрөөнд юм яриад сууж байхад манай нөхөр орж ирсэн юм. Манай нөхөр орж ирэхдээ согтуу байсан. Машинаа хүнээр бариулаад ирсэн байсан. Тэгээд замаа олохгүй нэлээн хайж ирлээ, утсаа унтраачих юм гэж уурласан. Тэгэхэд нь Д.А шүүгч, Г.Гэрэлт-Од шүүгч нар гараад явсан. Би нөхрөө тайвшруулаад бид хоёр харихаар гарахад гадаа манай ажлын зарим шүүгч, ажилтнууд хоол хийгээд байж байсан бөгөөд нөхөр бид хоёрыг хоол идээд яв гэсэн учир ширээнд суусан. Тэгэхэд Г.Гэрэлт-Од шүүгч манай нөхөрт юм хэлэх шиг болоход манай нөхөр уурлаад босож ирээд тэд маргалдсан. Тэгээд тэндээс Г.Гэрэлт-Од шүүгч явсан. Дараа нь манай нөхөр бид хоёр явсан. Маргалдсан асуудал нь Г.Гэрэлт-Од шүүгч хамт олных нь дунд ингэж болохгүй агуулгаар үг хэлэхэд манай нөхөр уурласан юм. Тэрнээс намайг Г.Гэрэлт-Од шүүгчтэй хардаад маргалдсан зүйл огт байгаагүй. Манай нөхөр согтуудаа түргэн аашилсан байна гэж уучлал хүссэн бөгөөд Г.Гэрэлт-Од шүүгчид би "манай нөхөр согтуудаа түргэн аашилсан байна, буруугаа ойлгож байгаа" гэж хэлсэн. Тэгээд асуудал нь тухайн үедээ эв зүйгээр, тайван замаар ойлголцоод шийдэгдээд дууссан юм” гэх тайлбар, Ерөнхий шүүгч Д.А-гийн гэрчээр өгсөн: “Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 06 сарын 25-ны өдөр гаргасан тайлбараас нэмж хэлэх зүйл байхгүй, тус тайлбарт тухайн үед болсон зүйлийг дэлгэрэнгүй тусгасан байгаа. Г.Гэрэлт-Од шүүгч “тэгж болохгүй, чиний буруу” гэсэн агуулгатай юм Б.Н шүүгчийн нөхөрт хэлэхэд 2 талаас уурлаж босож ирээд зууралдах гээд байхаар нь тэнд олон хүн байсан болохоор тал талаас тэврээд болиулсан. Тэрнээс их айхтар сүртэй зүйл болоогүй” гэх мэдүүлэг, түүний гаргасан “ ...Уг байранд арга хэмжээнд оролцоод өглөө болж байхад шүүгч Б.Н-гийн нөхөр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн. Ингээд тухайн амралтын байранд орж ирээд эхнэрээ хардах, уурлах шинжтэй байхаар нь бид, шүүгч Б.Н-г нөхрийн хамт өрөөнд үлдээгээд гарсан. Хэсэг хугацааны дараа учраа олсон бололтой хоёулаа өрөөнөөсөө гарч ирсэн. Тэнд амарч байсан хүмүүс өглөө эрт бэлдсэн хоол унд ид гэхээр нь ширээ тойроод суусан. Тэр үед Г.Гэрэлт-Од шүүгч “тэгж болохгүй, чиний буруу" гэсэн агуулгатай юм Б.Н шүүгчийн нөхөрт хэлэхэд уурлаад босоод Г.Гэрэлт-Од шүүгч рүү дайрахад нь бид салгаад учир байдлыг хэлж ойлгуулах гэхэд уурлаад сонсох шинжгүй болохоор нь би явахаар болсон. Сүүлд учрыг нь сонсоход Б.Н шүүгч нөхрөө ирж ав гэж дуудсанаас хойш утасных нь цэнэг дуусаж холбогдох боломжгүй болсон. Нөхөр нь шөнөжин хайгаад өглөө ууртай ирсэн юм байна лээ. Бид Г.Гэрэлт-Од шүүгч, Б.Н шүүгчийн нөхөр 2-ыг учраа ол гээд эвлэрүүлэх гэхэд ойлгох шинжгүй болохоор нь би явахаар машинаа асаагаад хөдлөх гэтэл нэг нь даллаад та Г.Гэрэлт-Од шүүгчийг аваад яваач гэхээр нь суулгаад Дарханд гэрт нь буулгасан. Тэр хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй, сүүлд Б.Н шүүгч "эхлээд сонсоход эвгүй л байлаа", одоо ч тоохоо больсон гээд ярьж байсан” гэх тайлбар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.М-гийн гэрчээр өгсөн: “ ...2025 оны 6 дугаар сарын 04-нд Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ой болсонтой холбоотой хүндэтгэлийн арга хэмжээг З амралтын газарт хийсэн. Түрүүлээд Давахын шүүгч нар очсон байсан. Араас анхан шатны шүүгч нар ирсэн. Тэгээд арга хэмжээ өндөрлөх болоод тэндээ хонох хүмүүс нь хоноод, буцаж явах нь явцгаасан. Манай өрөөнд Д.А шүүгч, би тэгээд Б.Н шүүгч бид 3 хоносон. Би өглөө эрт хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх ажилтай учраас эрт 6 цагт босоод явчхаад ирсэн. Буцаад ирэхэд Б.Н шүүгчийн нөхөр жоохон халамцуу бид нарын өрөөнд жоохон ууртай сууж байсан. Би ч Б.Н шүүгчийн нөхрийг тайвшруулсан. Би яагаад уурласан талаар сонсох нь ээ намайг явсны дараа Г.Гэрэлт-Од шүүгч гаднаас хөлдөж үхлээ гээд бид хэдийн өрөөнд орж ирсэн юм шиг байгаа юм. Тэр үед нөхөр нь бас орж ирээд тэгээд уурласан гэсэн. Би шүүгч Г.Гэрэлт-Од болон Б.Н шүүгчийн нөхөр хоёрыг маргалдсан, зодолдсоныг хараагүй. Хүнээс сонсох нь ээ Б.Н шүүгчийн нөхөр Г.Гэрэлт-Од шүүгчийг цохиод авсан юм шиг байгаа юм. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад болиулсан. Тухайн үйл явдлын дараа нь бүгд учраа олоод ойлголцсон” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Харин шүүгч Б.Н-гийн нөхөр нь Э.И нь Шүүхийн сахилгын хороонд: “ ...Тухайн үйл явдал болсон өдрийг сайн санахгүй байна. Миний эхнэр Б.Н З гэх газар шүүхийн Тамгын газрын амралтын газар арга хэмжээтэй байна, 22 цагийн үед залгаж ирж ав гээд залгахаар нь танил дүүгийн хамт хувийн машинаар Зулзага явсан боловч очоод тус амралтын газрыг олохгүй 2-3 цаг тэр хавийн ойр орчмоор явсан боловч олоогүй бөгөөд 1 танил ахтай тааралдаж өглөө болохыг хүлээж хамт архи ууж хоноод өглөө 8 цагийн үед халамцуу амралтын газарт очиход манай эхнэр 2 шүүгчийн хамт юм яриад сууж байсан. Тэгээд би эхнэр лүүгээ уурлаж хүн дуудчихаад утсаа салгаад алга болчих юм. Шөнөжингөө хайлаа гээд уурлахад 2 шүүгч гараад явсан. Тэгээд манай эхнэр бид 2 тэр өрөөнд ярилцаж байгаад ойлголцоод доошоо буутал захиргааны ажилчид хоол ид гээд хойд тал руу гарсан. Хоол хүлээгээд сууж байхад шүүгч Г.Гэрэлт-Од намайг юу гэж хэлснийг сайн санахгүй байна нэг үг хэлэхэд нь би уурлаад босоод ирэхэд тэнд байсан ажилчид боль гээд бид хоёрыг салгасан. Тэгээд тэндээ тайвшраад хэсэг сууж байгаад гэр лүүгээ явцгаасан. Хоорондоо зодолдсон зүйл байхгүй” гэх тайлбарыг өгсөн.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгч Г.Гэрэлт-Од нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багт байрлах Зулзагын амралтад шүүгч Б.Н-гийн нөхөр Э.И-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зохисгүй байдал гаргасан тогтоогдож байна.
Холбогдох шүүгч Г.Гэрэлт-Од тайлбартаа: “...гомдолд дурдсан “Н шүүгчийн нөхөр гэх хүнтэй маргалдсан” гэх үйл явдлын тухайд миний бие тухайн өдөр хэн нэгэнтэй маргалдсан зүйл болоогүй, ...Н шүүгчийн нөхөр гэх хүн над руу согтуурсан байдалтай хандахад би уг хүний эсрэг ямар нэгэн үйлдэл гаргалгүй уг газрыг орхиж явсан” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...”-ийг шүүгчид хориглосон.
Шүүгч Г.Гэрэлт-Од нь шүүгч Б.Н-гийн нөхөр Э.И-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан нь дээрх зөрчлийн “зүй бус авирлах” шинжийг хангаж байх боловч “албан үүргийн хувьд” гэх объектив шинжийг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл, "Шүүгчийн албан үүрэг" гэдэг нь шүүгчийн албан тушаал, бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгох бөгөөд түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд холбогдуулан тус аймгийн шүүхийн шүүгч, ажилчид амралтын газарт арга хэмжээ зохион байгуулах талаар албан ёсны тушаал, шийдвэр, хөтөлбөр гараагүй байх тул шүүгчийн албан үүрэгтэй хамаатуулах боломжгүй юм.
Иймд шүүгч Г.Гэрэлт-Од нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Мөн сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч нь “шүүгч Б.Н-г өдөж хоргоосон” гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгч өөрийн бүхий л үйл ажиллагаандаа зохисгүй байдал гаргахгүй байж, тийнхүү зохисгүй байдалтай гэж харагдахгүйгээр биеэ авч явах учиртай. Өөрөөр хэлбэл шүүгч нь олон нийтийн байнгын хяналтад байдаг тул жирийн хүний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хэм хэмжээг өөртөө тогтоож, түүнийгээ ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр, сайн дураараа хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа, шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явах ёстой. Шүүгчийн зохисгүй үйл ажиллагаа эсхүл зохисгүй харагдах үйл ажиллагаа нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгийн ихээр эвддэг. Иймд холбогдох шүүгч нь цаашид зохисгүй байдал гаргахаас сэргийлж, шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохино.
3. Мэдээлэлд: “ ...2022-2023 оны үед Я гэх охин Захиргааны шүүхэд ажилд орж баяр тэмдэглэхэд шүүгч Г.Гэрэлт-Од Я-ийг өдөж хоргоогоод огт зүгээр суулгахгүй байсан. Шүүгч Я.Туул Я-ийг агсам тавиад байна гээд дуудлага өгч эрүүлжүүлэхэд оруулсан” гэжээ.
Шүүгчийн туслах Ө.Я нь анх Дархан-Ууд аймгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт 2014 оноос шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж, 2017 оны 06 сарын 27-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авч, 2018 онд буцан ажилдаа орж 2021 оны 04 сар хүртэл ажиллан улмаар жирэмсний болон амаржсаны амралт авч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орсон байна.
Мэдээлэлд дурдсан үйл баримтыг тодруулах зорилгоор шүүгчийн туслах Ө.Я-ийг гэрчээр асуухад: “ ...2016 оны 09 сараас 2017 оны 09 сар хүртэл байх аа 1 жилийн хугацаанд шүүгч Г.Гэрэлт-Одын туслахаар ажиллаж байсан, Шүүгч Г.Гэрэлт-Од ажлын болон бэлгийн дарамт учруулж байгаагүй, Би 2022 оны 07 сарын 29-нд төрсөн. Мөн оны 10 сарын 03-нд ажиллах хүсэлтээ өгөөд 10 сард ажилдаа орсон. Тэгээд байж байгаад шүүхийн 60 жилийн ойн арга хэмжээнд уригдаж орсон. Тэрнээс өөр юманд ороогүй, 2022-2023 онд Цагдаагийн байгууллагад дуудагдсан, саатуулагдсан, баривчлагдсан зүйл огт болоогүй. Би тухайн үед дөнгөж төрсөн байсан учраас тийм зүйл байх боломжгүй, шүүгч Я.Туул намайг агсан тавиад байна гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Огт болоогүй” гэх мэдүүлгийг өгсөн.
Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас шүүгчийн туслах Ө.Я-ийн холбогдсон зөрчлийн мэдээлэл гаргуулан авсан бөгөөд уг Цагдаагийн газраас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 37/5/5019 дугаартай албан бичгээр ирүүлсэн.
Тус албан бичигт Ө.Я нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 60 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 302 дугаар зүйлд заасан “Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн” зөрчлөөр шийтгэл оногдуулсан,
мөн 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй” гэж заасан зөрчилд 20 нэгжээр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.
Түүнчлэн, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүгч Я.Туулын ******* дугаарын утаснаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл ирүүлж байсан бөгөөд өөр дуудлага мэдээлэл ирүүлж байгаагүй талаар дурджээ.
Нэрээ нууцалсан иргэний мэдээлэлд дурдсанаар шүүгч нарын сахилгын зөрчил гаргасан гэх хугацаа нь 2022-2023 он гэх боловч дээр дурдсан баримтаар тухайн цаг хугацаанд мэдээлэлд дурдсан уг үйл баримт огт болоогүй нь шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна.
Иймд холбогдох шүүгч Я.Туулын: “Ө.Я-ийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдсон гэж баяр тэмдэглэсэн үйл явдал болсон эсэхийг миний бие сонсож байгаагүй бөгөөд энэ мэдээллээс л анх удаа сонсож байна. Мөн мэдээлэлд дурдсан шиг шүүгчийг туслах Ө.Я-ийг цагдаад дуудлага өгч, эрүүлжүүлэхэд өгсөн үйл явдал огт болж байгаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
4. Мэдээлэлд: “ ...тус 2 шүүгч нь албан ажил үүргийн хувиас илүүтэй эр, эмийн хоорондын холбоо хамааралтай учраас хэргийн албаны болон хувь хүний нууц, эмзэг мэдээллийг нууцлах хамгаалах, шүүгч өөрөө бие даан хэргийг шийдвэрлэх, бусад шүүгч нарт нөлөөлөхгүй байх гэх мэт шүүгч, шүүхийн үйл ажиллагаа хэрэгжих ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь тодорхой, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа” талаар дурджээ.
Мэдээлэлд дурдсан агуулгын хүрээнд шүүгч Я.Туул, Г.Гэрэлт-Од нарт холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.19, 51 дүгээр зүйлийн 51.1-т тус тус заасныг зөрчсөн эсэх асуудалд Шүүхийн сахилгын хороонд тусдаа шалгагдаж байгаа талаар дээр дурдсан тул уг асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туулд нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Г.Гэрэлт-Од тайлбартаа: “ ... Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од миний бие нэрээ нууцалсан иргэнээс Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд хандан гаргасан гомдлыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэрээ нууцлахыг хүссэн анхан шатны шүүхэд ажилладаг гэх иргэн нь хаанаас ямар мэдээлэл аваад гомдол гаргаж байгаа талаараа тодорхой бичээгүй байх ба миний бие гомдол мэдээлэлд дурдсанчлан хэн нэгэн шүүгчтэй зугаалж алга болоогүй, өрөөнийхөө хаалгыг түгжээгүй, хэн нэгэн шүүгчтэй нийлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хуулийг гажуудуулсан хэн нэгэнд ашигтай шийдвэр гаргаж байгаагүй болохоо илэрхийлж байна.
Гомдол мэдээлэл гаргагчийг анхан шатны шүүхэд ажилладаг гэж бодохгүй байгаа ба ёс зүйн хувьд хэн нэгнээс сонссон дам яриа мэт зүйлийг бодитоор болсон мэтээр тайлбарлан бичиж байгаа нь өөрөө ёс зүйн хувьд эрх зүйч мэргэжилтэй, хуульч хүний хувьд байж болшгүй зүйл гэж үзэж байна.
Сүүлийн үед миний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илт худал ташаа мэдээлэл тараах явдал газар авч байгаа ба уг мэдээллийг тараах ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь өөрсдийнх нь болон ойр дотных нь харилцан хамаарал бүхий хүмүүсийн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хувийн явцуу ашиг сонирхлын үүднээс худал мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна.
Нэрээ нууцлан гомдол гаргасан хүнийг анхан шатны шүүхэд бус давж заалдах шатны шүүхэд ажилладаг хүн гэж таамаглаж байгаа ба уг хүмүүсийн явуургүй үйлдэл газар авч худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэх байдлаар өмнө сахилгын хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргийн шийдвэрт нөлөөлөхөөр оролдож байгаа нь гомдол гаргагчийн үнэн дүр төрхийг илчилж байна гэж бодож байна.
Гомдолд дурдагдсан "Н шүүгчийн нөхөр гэх хүнтэй маргалдсан" гэх үйл явдлын тухайд миний бие тухайн өдөр хэн нэгэнтэй маргалдсан зүйл болоогүй ба тухайн цаг хугацаанд байсан хүмүүс ямар асуудал болсон талаар тодорхой тайлбар өгөх байх гэж бодож байна.
Н шүүгчийн нөхөр гэх хүн над руу согтуурсан байдалтай хандахад би уг хүний эсрэг ямар нэгэн үйлдэл гаргалгүй уг газрыг орхиж явсан болно.
Миний зүгээс уг үйлдлийн талаар дараа нь Н шүүгчийн нөхөртэй уулзаж ярилцах гэсэн боловч буруу үйлдлээ ойлгосон гэх тайлбарыг эхнэр нь өгсөн тул уулзаж ярилцаагүй уг асуудал тэгсгээд мартагдсан байхад жилийн дараа хэн нэгнээс сонссон дам яриаг нэмж хачирлан өөрөө үзсэн харсан мэт бичсэн нь харамсалтай байна.
Иймд надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Я.Туул тайлбартаа: “... Я.Туул би нэрээ нууцлахыг хүссэн этгээдийн гаргасан гомдлын дагуу шүүгч надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 сарын 09-ний өдрийн ГЗҮ/2025/0077 дугаартай захирамжийг 20245 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч танилцлаа.
Хэдийгээр Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.3-т заасны дагуу "өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй" бол илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргах хуулийн зохицуулалттай боловч Шүүхийн болон Шүүхийн Сахилгын хорооны нэр хүнд, шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг мэдээлэлдээ дурдсан учир сахилгын хэрэг үүсгэсэн байх гэж үзэж хүндэтгэлтэй хандан дараах тайлбарыг гаргаж байна.
Юуны өмнө нэрээ нууцалсан этгээдийн гаргасан энэхүү гомдолд надтай холбогдуулан дурдсан үйл явдал огт болоогүй байхад болсон зүйл мэтээр зохион бичиж байгаагаас нь харахад мэдээлэл өгч буй этгээд маань өөрөө ёс зүйн хувьд ямархуу хүн бэ? гэдэгт анхаарал хандуулахыг хүсье.
Миний хувьд шүүхийн системд 24 дэх жилдээ, шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд 20 гаруй жил найзалж буй багын найзынхаа нөхөр болон хамт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гомдлын дагуу анх удаа Сахилгын хороонд дуудагдаж, хамгийн хүнд төрлийн шийтгэл болох "огцруулах" шийтгэл хүлээсэн боловч хянан үзэх хуралдаанаас "огцруулах" шийтгэл оногдуулсан магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэрэг хянан шалгах ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдаж байгаа.
Гэтэл энэ мэдээлэлд "Шүүхийн сахилгын хороонд олон танил тал байгаа, надад ямар ч хариуцлага хүлээлгэж чадахгүй" гэж ярьсан талаар бичигдсэн байна.
Надад Шүүхийн сахилгын хороонд 3 сар хүрэхгүй хугацаанд хамт ажиллаж байсан С.Э гишүүнээс өөр таних хүн байхгүй ээ.
Миний хувьд Сахилгын хороонд танилтай, найз нөхөдтэй, надад ямар ч хариуцлага хүлээлгэж чадахгүй гэж ярьж явсан тохиолдол байхгүй, би тэгж хэн нэгний нэрийг барьж худал ярьж хэмжээний ёс зүйтэй ч хүн биш. Харин хамт ажилладаг зарим хүмүүсийн зүгээс сахилгын хэрэг юу болж байгаа талаар сонирхож асуухад нь "шалгах ажиллагаа дахин явагдаж байгаа" гэдгийг үнэн зөвөөр нь хэлсэн тохиолдол бол байгаа.
Мэдээлэлд дурдсан Ө.Я гэдэг шүүгчийн туслахтай 2014-2022 он хүртэл Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхэд ажиллаж байсан бөгөөд миний бие 2022 онд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдож ирсний дараа Ө.Я нь 2024 оны 02 сарын үед Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Ө.Я-ийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдон гэж баяр тэмдэглэсэн үйл явдал болсон эсэхийг миний бие сонсож байгаагүй бөгөөд энэ мэдээллээс л анх удаа сонсож байна.
Мөн энэ мэдээлэлд дурдсан шиг шүүгчийн туслах Ө.Я-ийг цагдаад дуудлага өгч, эрүүлжүүлэхэд өгсөн үйл явдал огт болж байгаагүй тул энэ талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагын холбогдох мэдээллийн сангаас шалгаж үзэх нь зүйтэй байх.
Миний хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж, албан тушаалдаа болон шүүхийнхээ нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж ирсэн.
Хэдийгээр нэрээ нууцлаад ч болов Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргах нь иргэн хүний хувьд хуулиар олгогдсон эрх нь боловч харин хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваа шүүгч намайг үндэслэлгүйгээр гүтгэх эрх бол байхгүй гэж ойлгож байна.
Нэрээ нууцалсан энэ этгээдийн гомдлын зарим хэсэг нь Х.Б, С.М нараас миний болон хамт ажиллаж буй анхан шатны шүүхийн шүүгч нарын талаар Шүүхийн сахилгын хороонд хандаж гаргасан гомдолтой утга, агуулга хувьд нэг байгаагаас харахад мэдээлэл өгч буй этгээд нь Анхан шатны шүүхийн тамгын газарт бус Давж заалдах шатны шүүхэд ажилладаг, тэр битгий гомдол гарган шалгуулж буй Х.Б, С.М нартай ажил хэргийн хувьд хамааралтай байгаа этгээдтэй холбоотой гэдэг нь шууд ойлгогдож байна.
Нэрээ нууцалж болоогүй зүйлийг болсон мэтээр бичиж, одоо ч шалгаж дуусаагүй байгаа сахилгын хэргийн шийдвэрт нөлөөлөх гэсэн санаа агуулж, энэхүү мэдээллийг гаргасан байж болзошгүй учир холбогдох шалгалтыг сайтар явуулж, үнэн зөвийг нь тогтоож өгөхийг хүсэж байна.
Өргөдөл, мэдээлэлд дурдсан үйл явдал огт болоогүй учир сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэр бүхий иргэний мэдээллээр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ГЗҮ/2025/0077 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
1. Шүүгч Г.Гэрэлт-Од нь шүүгч Б.Н-гийн нөхөртэй нь маргалдсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-ийн “...шүүгч Г.Гэрэлт-Од тэгж болохгүй, чиний буруу гэсэн агуулгатай юм Б.Н шүүгчийн нөхөрт хэлэхэд уурлаад босоод Г.Гэрэлт-Од шүүгч рүү дайрахад нь бид салгасан...” гэх тайлбар, тус шүүхийн шүүгч Б.Н-гийн “...Г.Гэрэлт-Од шүүгч манай нөхөрт юм хэлэх шиг болоход манай нөхөр уурлаад босож ирээд тэд маргалдсан...” гэх тайлбар, шүүгч Б.Н-гийн нөхөр Э.И-ийн “...шүүгч Г.Гэрэлт-Од намайг юу гэж хэлснийг сайн санахгүй байна нэг үг хэлэхэд нь би уурлаад босоод ирсэн...” гэх тайлбар, болон шүүгч Д.А, шүүгч Б.Н, шүүгч Г.М нарын гэрчийн мэдүүлгүүдээр шүүгч Г.Гэрэлт-Од нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 1-р багт байрлах Зулзагын амралтад шүүгч Б.Н-гийн нөхөр Э.И-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д зааснаар шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлахыг хориглоно гэж хуульчилсан.
Тодруулбал, шүүгч албан үүргийн хүрээнд хуульд заасан үндсэн чиг үүрэг болох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үедээ бусдыг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцдог.
Шүүгч Г.Гэрэлт-Од нь шүүгч Б.Н-гийн нөхөр Э.И-тэй маргалдсан үйл баримт нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй гэх илтгэгчийн санал үндэслэлтэй байна.
2. Шүүгч Я.Туул нь цагдаад дуудлага өгч Ө.Я-ийг баривчлуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан, шүүгчийн туслах Ө.Я-тэй холбоотой зөрчлийн болон шүүгч Я.Туулын ********* дугаарын утаснаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дуудлага, мэдээлэл өгсөн эсэх талаарх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 37/5/50** дугаар албан бичигт дурдсан лавлагаанд дээрх үйл баримт бүртгэгдээгүй байна.
Мөн шүүгчийн туслах Ө.Я гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2022-2023 онд цагдаагийн байгууллагад дуудагдсан, саатуулагдсан, баривчлагдсан зүйл огт болоогүй. Би тухайн үед дөнгөж төрсөн байсан учраас тийм зүйл байх боломжгүй..” гэжээ.
Иймд мэдээлэл гаргагчийн өргөдлийн үндэслэлд дурдсан үйл баримт нь нотлогдохгүй байх тул шүүгч Я.Туулыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн мэдээлэлд дурдсан “ ...тус 2 шүүгч нь албан ажил үүргийн хувиас илүүтэй эр, эмийн хоорондын холбоо хамааралтай учраас хэргийн албаны болон хувь хүний нууц, эмзэг мэдээллийг нууцлах хамгаалах, шүүгч өөрөө бие даан хэргийг шийдвэрлэх, бусад шүүгч нарт нөлөөлөхгүй байх гэх мэт шүүгч, шүүхийн үйл ажиллагаа хэрэгжих ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь тодорхой, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа...” гэх үйл баримт нь хэзээ, хаана болсон нь тодорхойгүй байх ба тус хороонд Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарт холбогдуулан нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдлөөр үүсгэсэн өөр сахилгын хэргийн үндэслэлд хамаарах тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд илтгэгч гишүүнээс Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2025/0134 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэний мэдээллийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН