
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-11
Дугаар 155
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар, өргөдөл гаргагч Д.Г нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0130 дугаар саналд:
Иргэн Д.Г нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгаланд холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх хуралдаанаас өмнө гаргасан болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүгчийн хэлсэн үгийг тэмдэглэлд дутуу бичсэнээ зөвтгөсөн ч гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, алх цохихоос өмнө шүүгчийн хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд тусгаж бичээгүй, хурлын тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг 3 хоногийн дотор шийдвэрлээгүй, хууль бус шийдвэр гаргасан” гэх агуулгаар тодорхойлжээ.
Илтгэгч гишүүн дээрх өргөдөлд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ГЗТ/2025/0054 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан ба тус захирамжийг эс зөвшөөрч Д.Г гомдол гаргасныг Сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн СХТ/2025/0058 дугаар тогтоолоор хүлээн авч, захирамжийг хүчингүй болгон Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн.
Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоолын:
1 дэх заалтаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.О, Б.З, Т.Б, Т.У, Д.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн "М.С-д давуу байдал олгосон” гэх үйлдэл холбогдол, хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
З дахь заалтаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г, Д.Э нарыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4 дэх заалтаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Д.Э нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Д.Г-т 6,000,000 төгрөг, шүүгдэгч Д.Э-нд 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.
Шүүгдэгч Д.Г нь дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/*** дүгээр захирамжаар зарим хэсгийг хангаж, шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулсан.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн2025/ДШМ/** дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г, Д.Э нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэг. Өргөдөлд дурдсан “Шүүх хуралдаанаас өмнө гаргасан болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй...” гэх үндэслэлийн тухайд:
Илтгэгч гишүүн эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсаныг тогтоох зорилгоор шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн 2202000000*** дугаартай хэрэгт үзлэг хийхэд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЕШЗ/1*** дугаар захирамжаар шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Бат-Амгаланг томилсон,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт товлосон, 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн товыг өөрчилж 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагт товлосон, 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт товлосон, 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар өмгөөлөгч Г.Б, Ц.Д нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан,
-Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЕШЗ/3*** дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгч Б.Бат-Амгалангийн шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх хүсэлтийг хүлээн авч шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарыг албажуулсан.
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШТ/** дугаар тогтоолоор “шүүгч Н.Идэрийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаагүйд тооцож, өмгөөлөгч Г.Б, Ц.Д нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан, 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШТ/** дүгээр тогтоолоор шүүгдэгч өмгөөлөгч Г.О-ы шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШТ/** дүгээр тогтоолоор шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч Ч.Б, шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч С.Т нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШТ/** дүгээр тогтоолоор шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Г.Г-ын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
-Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр /яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш/ “...Д.Б-ийн гар утасны лавлагаа шаардлага хангахгүй байгаа тул дахин лавлагааг он, сар, өдөр, цаг, минуттай нь гаргуулах”-ыг хүссэн хүсэлт гаргасан.
-Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Б, Д.Ц нар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “гэрч С.Т болон холбогдогч Д.Г, Д.Э нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх, нотлох баримтаас хасуулах” хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” 6.13-д “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” гэж тус тус заасан бөгөөд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг мөрдөгч хийж гүйцэтгэдэг бол шүүгч урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хууль, журам зөрчсөн гомдлыг шийдвэрлэнэ гэж ойлгоно.
Харин урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа гаргасан шүүгдэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүгч зайлшгүй урьдчилан шийдвэрлэх үүрэгтэйг хуульчлаагүй байх тул шүүгдэгч Д.Г-ийн хүсэлтийг урьдчилан шийдвэрлээгүйг сахилгын зөрчилд тооцох боломжгүй.
Түүнчлэн, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт үзлэг хийхэд 1 дугаартай бичлэгийн 28:56 секундээс:
Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Б: Нотлох баримт хасуулах хүсэлтийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг гаргаж байна. Үүнийг одоо гаргах уу? хэлэлцүүлгийн үед гаргах уу гэхэд
Шүүгч Г.Гэрэлт-Од: Нотлох баримтаас хасуулах саналыг одоо гаргаад, хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлнэ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зарчим байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх гэсэн заалтын дагуу миний үйлчлүүлэгчээс гэрчээр авсан мэдүүлэг 3-р хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан. Агуулгын хувьд өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан буюу гэмт хэрэгт холбогдуулж гэрчийн мэдүүлэг авсан. Энэ нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дүгээр зүйлийг тайлбарласан тайлбар, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэл бий болоод байхад мэдүүлэг аваад эргээд өөрийнх нь эсрэг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар заасан. Тухайн прокурор оролцогчдын хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхийн тайлбарт гэрчээс мэдүүлэг авахдаа илт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч байгаа бол мэдүүлэг авч байгаа этгээд тэр мэдүүлгийг даруй зогсоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг сануулж зөвхөн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд үргэлжлүүлнэ гэж заасан. Улсын дээд Шүүхийн тайлбарыг зөрчөөд авчихсан мэдүүлгийг шүүх хуралдаанд хэлэлцүүлээд явбал миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал болон гэм бурууг хэлэлцэх хуульд заасан үндэслэл журам зөрчилдөөд байна. Гэрчээр асуусан, өмгөөлөгч авахыг сануулаагүй энэ бүх нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Бусад өмгөөлөгч нар ч мөн өөрсдийн санал дүгнэлтдээ хэлэх байх гэв.
Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Ц: Нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Г-ийн холбогдсон эрүүгийн хэрэгт Б.Т, Д.Э нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хэлэх үгийг нь зааж өгөх, хөтөлж асуух, хэлээгүй үг өгүүлбэрийг нь хэлсэн болгож бичих, дуугаа өндөрсгөх, сэтгэл зүйн дарамтад оруулж хүнлэг бусаар хандах зэргээр эрүү шүүлт тулгасан болох нь хэрэгт авагдсан дискт бичигдсэн 470, 471, 472 дугаартай бичлэгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т, Д.Э нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Даргалагч: Өмнө нь ирц бүрдээгүй учраас шүүгдэгч Д.Г-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа. Гэрч н.Б-ийн скайтелын гар утасны мэдээллийг авъя гээд хэлсэн үг нь сонсогдохгүй байна.
2 дугаартай бичлэгийг нээж үзэхэд шүүх бүрэлдэхүүн хүсэлт шийдвэрлэхээр зөвлөлдөөд орж ирэн гаргасан шийдвэрээ танилцуулаад эхэлсэн байх ба
Даргалагч: 3 өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд үнэлэлт, дүгнэлт өгөх юм бол нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг /гээд хэлсэн үг нь сонсогдоогүй/ ...шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхийг гэм буруугийн хуралдааны явцад хэлэлцсэнийхээ дараа дүгнэлт өгөх нь хуульд нийцнэ гэсэн шийдвэр гарлаа. Одоо шууд хасуулъя гэсэн хүсэлтийг хангахаас татгалзлаа, гэхдээ хуралдааны явцад энэ хүсэлтийг дахин гаргах эрхийг хаахгүй. Мөн өмнө нь гаргасан Д.Г-ийн хүсэлтийг мөн адил хуралдааны явцад нотлох баримт нь яагаад шаардлага хангахгүй байгаа эсэхийг хэлэлцээд явъя гэж хэлсэн нь бичигдэн үлджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д “Дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ”: 1.1 “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан”, 1.2. “энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн”, 1.3. “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан”, 16.12 дугаар зүйлийн 1-д “Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй”, 35.7 дугаар зүйлийн 2-т “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, ...талаар санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдоос “нотлох баримтаар тооцуулахгүй байх, нотлох баримтаас хасуулах” тухай хүсэлт гаргах эрхтэй, уг хүсэлтийг шүүх шийдвэрлэнэ гэж ойлгохоор байна.
Харин шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргасан “нотлох баримтаар тооцуулахгүй байх, хасуулах” тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцээд “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхийг гэм буруугийн хуралдааны явцад хэлэлцсэнийхээ дараа дүгнэлт өгөх нь хуульд нийцнэ. Одоо шууд хасуулъя гэсэн хүсэлтийг хангахаас татгалзлаа. ...Өмнө нь гаргасан Д.Г-ийн хүсэлтийг мөн адил хуралдааны явцад нотлох баримт нь яагаад шаардлага хангахгүй байгаа эсэхийг хэлэлцээд явъя...” гэж танилцуулсан, шийтгэх тогтоолд нотлох баримтаар тооцуулахгүй байх мэдүүлгийг хууль зөрчөөгүй талаар дүгнэлт хийсэн энэ тохиолдолд хүсэлтийг огт шийдвэрлээгүй гэж шүүгчийг буруутгах боломжгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасанд нийцсэн байх тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд буруутгах үндэслэлгүй гэж илтгэгч гишүүн үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул “нотлох баримтаар тооцуулахгүй байх, хасуулах” тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх байсан хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. “Шүүгчийн хэлсэн үгийг тэмдэглэлд дутуу бичсэнээ зөвтгөсөн ч гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, алх цохихоос өмнө шүүгчийн хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд тусгаж бичээгүй” гэх үндэслэлийн тухайд:
2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй”, 3-д “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 4-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай бол санал, хүсэлт гаргасан хүнийг байлцуулж болно” гэж заасан.
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/*** дүгээр захирамжаар “шүүх хуралдааны тэмдэглэлийн 25 дугаар хуудасны дээрээсээ 6 дахь мөрөнд “...тасгийн дарга нар ээлжилж, гомдол мэдээллийг...” гэснийг “...тасгийн дарга нар ээлжилж танилцдаг, гомдол мэдээллийг...” гэх засварыг оруулж, “шүүгч Г.Гэрэлт-Одын шийтгэх тогтоолыг тайлбарлаж буй хэсгийг нэмж оруулах, прокурор Б.Э-ийн ярьсан энэ хэрэгт Д.Г-ийн зүгээс ямар нэгэн холбоосгүй байгаа гэж ярьсан яриаг тусгаагүй байгааг тус тус тусгуулах” хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-д “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, 2-т “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан тул “шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах” хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж ойлгоно.
Иймд “гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3-т заасан хугацааг хэтрүүлсэн нь буруу байх боловч ийнхүү хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь “...2 өдрийн 23 цаг үргэлжилсэн, 106 хуудас тэмдэглэлтэй танилцах ажлыг 3 хоногт багтаах боломжгүй” гэх сахилгын хэргийн оролцогчийн тайлбар бодит байдалтай нийцэж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.
Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3-т заасан зохицуулалт хуулийн илт тодорхой заалт мөн боловч хугацаа хэтрүүлж шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болгосон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэх боломжгүй байх тул “ноцтой” гэх шинжийг хангахгүй гэж үзлээ.
Түүнчлэн, Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаанаас үзэхэд нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд буруутгагдаж байгаагүй нь тогтоогдож байх тул “удаа дараа” гэх урьдач нөхцөл хангагдаагүй байна.
2.2. Шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд :
Даргалагч: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, гомдол гаргах эрхийг тайлбарлан, асууж тодруулах зүйл байна уу гэхэд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: Хуульд заасны дагуу шийдвэрийн үндэслэлийг товч тайлбарлаж өгнө үү гэхэд
Шүүгч Г.Гэрэлт-Од: Тогтоох хэсэгт агуулгыг тодорхой тусгана. Үндэслэх хэсгийн хувьд Т, Э нарын мэдүүлгийг хууль зөрчиж авсан, дарамталсан, айлган сүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мэдүүлэг авахдаа /....хэлсэн үг нь сонсогдоогүй/ дээр шүү дээ гэх маягаар харагдаж байгаа боловч мэдүүлгийн агуулгад нөлөөлөөгүй гэж үзлээ. Гэрчид хууль сануулж авсан мэдүүлгүүдийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байгаа учраас энэ мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа нөхцөл байдал мөн бичлэгт байгаа байдал, бүх нотлох баримтыг ямар нэгэн байдлаар үгүйсгэх нотлох баримт байхгүй байна. Хэдийгээр хоорондоо яриагүй гэдэг боловч 21-ний өдөр байсан, байгаагүй нь огт хамаагүй, яагаад гэвэл энэ давуу байдал бий болгох гэмт хэрэгт утсаар нөлөөлөх боломжтой. Улаанбаатарт байна уу хаана ч байсан. Ер нь шүүх хуралдаанаар 23-нд гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг үгүйсгэж байгаа нөхцөл байдал бол гэмт хэргийн шинжийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа гэсэн үг огт биш. 21-нд үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд бичсэн боловч өнөөдөр улсын яллагч 23-нд үйлдсэн гэж дүгнэлт хэсэгт тайлбарласан. Шүүх гэмт хэргийг хэзээ үйлдсэн болохыг тогтоох эрхтэй. 23-нд гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч Д.Г, Д.Э нар хаана байснаас үл хамаараад харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан нөлөөлсөн нь тогтоогдсон гэж үзсэн. Ял шийтгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар шийтгэж байна. Бусад үндэслэлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой бичигдэнэ. Мөн түрүүн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хэргийн оролцогч нар шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхтэй гэдгийг нэмж хэлье. Өөр асууж тодруулах зүйл байна уу гэхэд хэргийн оролцогчид байхгүй гэснээр шүүх хуралдаан хаасныг мэдэгдье гээд алх цохисноор бичлэг дуусаж байна.
Дээрх бичлэгт хадгалагдан үлдсэн шийтгэх тогтоолын үндэслэлийг тайлбарласан хэсэг шүүх хуралдааны бичгээр гаргасан тэмдэглэлд тусгагдаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”, 36.10 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж тус тус зааснаас үзвэл шийтгэх тогтоолын үндэслэлийг тайлбарлаж буй хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах нь зөв.
Гэвч шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх чиг үүрэг бүхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгчийг үүрэгжүүлсэн, хуулийн илт тодорхой заалт гэж үзэхээргүй байна.
Нөгөөтэйгүүр, шүүхүүд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийг тайлбарлаж буй хэсгийг бичдэггүй түгээмэл алдаа гаргаж байгаа нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд цаашид шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж буй хэсгээ бичиж албажуулж байх нь зохистойг анхааруулах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нар тайлбартаа: “...Тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13:30 цагт хийгдсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн 2202000000*** дугаартай хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан эхлэхэд оролцогч нараас хүсэлт гаргасан. Мөн өмнө гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж хурлыг цааш үргэлжлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “...Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүгч гагцхүү гэм буруугийн шүүх хуралдаан явуулсны эцэст хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэх бөгөөд Д.Г нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд гомдолд дурдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дурдсан, уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, уг нотлох баримтыг үнэлсэн эсхүл үнэлээгүй нь зөв эсхүл буруу талаар дүгнэх нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул “нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй” гэх гомдлын талаар тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасан бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл бүх үйл явцыг дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж, тэмдэглэлд тусгасан.
Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн тогтоох хэсгийг уншиж сонгох хүртэл ажиллагааг тусгадаг бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар оролцогчийн асуусан асуултад хариулсан, шүүхийн шийдвэрийг тайлбарласан хэсгийн агуулга шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагддаг.
Хэрэв уг хэсгийг дахин үзэх сонсох шаардлагатай бол гомдол гаргагч нь хүсэлтээ шүүхийн тамгын газарт гаргаж дуу дүрсний бичлэгтэй танилцах бүрэн боломжтой бөгөөд уг бичлэг хадгалагдаж байгаа болно.
Эрүүгийн 2202000000*** дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Г-оос шүүх хуралдааны бичлэгтэй танилцах хүсэлтийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр шүүхийн Тамгын газарт гаргасан. Хурлын бичлэгтэй танилцсаны дараа 2025 оны 03 сарын 07-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулах ба шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй. Санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэх, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай бол санал, хүсэлт гаргасан хүнийг байлцуулж болно гэж зааснаар хүсэлтийг хянан хэлэлцэх хурлыг оролцогч Д.Г-т мэдэгдэж цахимаар оролцуулан хэлэлцсэн.
Тухайн шүүх хурал нь шүүгдэгч 10, өмгөөлөгч 12, бусад оролцогч гээд олон оролцогчтой тул 09 цагаас 22 цаг хүртэл үргэлжилсэн, 2 өдрийн, 23 цаг гаруй бичлэгийг үзэх, 106 хуудас тэмдэглэлтэй танилцах ажлыг 3 хоногт багтаах боломж байгаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Г-оос Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарт холбогдуулан “...шүүх хуралдаанаас өмнө гаргасан болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүгчийн хэлсэн үгийг тэмдэглэлд дутуу бичсэнээ зөвтгөсөн ч гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, алх цохихоос өмнө шүүгчийн хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд тусгаж бичээгүй, хурлын тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг 3 хоногийн дотор шийдвэрлээгүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Дээрх өргөдлийн дагуу илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ГС/2025/0094 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн СХТ/2025/0081 дүгээр тогтоолоор дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.
Илтгэгч гишүүн дээрх тогтоолд дурдсан үндэслэлүүдээр дахин шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2025/0130 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь үндэслэл бүхий болжээ.
1.Шүүх хуралдаанаас өмнө гаргасан болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эсэх тухайд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЕШЗ/1*** дугаар захирамжаар шүүгдэгч Д.Г нарт холбогдох 2202000000*** дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуралдааны даргалагчаар шүүгч Б.Бат-Амгаланг томилжээ.
Шүүгч Б.Бат-Амгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЕШЗ/3*** дүгээр захирамжаар Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Шүүгдэгч Д.Г-оос 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “...Д.Б-ийн гар утасны лавлагаа шаардлага хангахгүй байгаа тул дахин лавлагааг он, сар, өдөр, цаг, минуттай нь гаргуулах”, мөн түүний өмгөөлөгч Б.Б, Д.Ц нараас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “гэрч С.Т болон холбогдогч Д.Г, Д.Э нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх, нотлох баримтаас хасуулах” тухай хүсэлтүүдийг гаргаж байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 6.13-д “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” гэж тус тус заасан бөгөөд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг мөрдөгч хийж гүйцэтгэхээр хуульчилсан байна.
Илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээс дээрх хүсэлтүүдтэй холбоотой хэсгийг үзвэл;
Даргалагч: 3 өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд үнэлэлт, дүгнэлт өгөх юм бол нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг /гээд хэлсэн үг нь сонсогдоогүй/ ...шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхийг гэм буруугийн хуралдааны явцад хэлэлцсэнийхээ дараа дүгнэлт өгөх нь хуульд нийцнэ гэсэн шийдвэр гарлаа. Одоо шууд хасуулъя гэсэн хүсэлтийг хангахаас татгалзлаа, гэхдээ хуралдааны явцад энэ хүсэлтийг дахин гаргах эрхийг хаахгүй. Мөн өмнө нь гаргасан Д.Г-ийн хүсэлтийг мөн адил хуралдааны явцад нотлох баримт нь яагаад шаардлага хангахгүй байгаа эсэхийг хэлэлцээд явъя гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-т “Дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 1.1-т “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж, 1.2-д “энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж, 1.3-д “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан”, 16.12 дугаар зүйлийн 1-т “Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй” гэж, 35.7 дугаар зүйлийн 2-т “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, ...талаар санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл шүүх хуралдаан дээр “нотлох баримтаар тооцуулахгүй байх, нотлох баримтаас хасуулах” тухай хүсэлт гаргасныг заавал тухай бүр нь захирамж, тогтоол гаргаж шийдвэрлэхээр хуульд нарийвчлан зохицуулсан гэж үзэхээргүй.
Харин тухайн хүсэлтүүд нь шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах, шүүхийн шийдвэрт нотлох баримтаар хэрхэн үнэлэхтэй холбоотой байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоолд “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэрч Б.Т, Д.Э, Г.Э нарын мэдүүлгийг хууль зөрчиж, айлган сүрдүүлж авсан, хэлээгүй үгийг нэмж бичсэн гэж мэтгэлцсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
Иймд хүсэлтийг шийдвэрлээгүй гэж шүүгчийг буруутгахгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасанд нийцсэн байх тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж шүүгч нарыг буруутгахгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.
Тодруулбал, шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх бөгөөд үүний агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул Шүүхийн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нотлох баримтыг үнэлэх эсхүл үнэлэхгүй байсан зэргээр тухайн эрхийн актын хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлсэнтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.
2.Шүүгчийн хэлсэн үгийг тэмдэглэлд дутуу бичсэнээ зөвтгөсөн ч гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, алх цохихоос өмнө шүүгчийн хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд тусгаж бичээгүй, хурлын тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг 3 хоногийн дотор шийдвэрлээгүй эсэх тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж, 3-д “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/3** дүгээр захирамжаар “шүүх хуралдааны тэмдэглэлийн 25 дугаар хуудасны дээрээсээ 6 дахь мөрөнд “...тасгийн дарга нар ээлжилж, гомдол мэдээллийг...” гэснийг “...тасгийн дарга нар ээлжилж танилцдаг, гомдол мэдээллийг...” гэх засварыг оруулах хүсэлтийг хангаж, “шүүгч Г.Гэрэлт-Одын шийтгэх тогтоолыг тайлбарлаж буй хэсгийг нэмж оруулах, прокурор Б.Э-ийн ярьсан энэ хэрэгт Д.Г-ийн зүгээс ямар нэгэн холбоосгүй байгаа гэж ярьсан яриаг тусгаагүй байгааг тус тус тусгуулах” хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-д “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, 2-т “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан тул “шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах” хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж ойлгоно.
Тиймээс өргөдлийн “гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан” гэх хэсэгт холбогдуулан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3-т заасан хугацааг хэтрүүлсэн байх боловч тухайн тэмдэглэл нь нийт 106 хуудас байгаа нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн шүүгчийн санаатай, хайхрамжгүй үйлдлээс болсон гэж буруутгах үндэслэлгүй байна.
Нөгөө талаар, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэж, “ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” тайлбарлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3-т заасан зохицуулалт хуулийн илт тодорхой заалт мөн боловч хугацаа хэтрүүлж шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болгосон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул “ноцтой” гэх шинжийг хангахгүй гэж үзлээ.
Мөн Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаанаас үзэхэд нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд буруутгагдаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй нь тогтоогдож байх тул “удаа дараа” гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж, 36.10 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж тус тус зааснаас үзвэл шийтгэх тогтоолын үндэслэлийг тайлбарлаж буй хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах нь зүйтэй байжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүргийг хуульчилсан байх бөггөөд мөн зүйлийн 90.2.2-д “шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх” гэж заасан.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 451 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба үүнд шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлнө гэж заасан байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх чиг үүрэг нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай хамааралтай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгчид үүрэг болгосон хуулийн илт тодорхой заалт гэж үзэхээргүй байна.
Цаашид шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж буй хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж байхыг анхаарч ажиллах нь зүйтэй.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй бөгөөд шүүхэд хэрэг маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй юм.
Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2025/0130 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР