
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-12-16
Дугаар 22
Улаанбаатар хот
Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан
магадлалын тухай
Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар, холбогдох шүүгч Д.Ганболд, өргөдөл гаргагч Д.Б нарыг оролцуулан, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдын Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн СХМ/2025/0127 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн СХМ/2025/0127 дугаар магадлалаар:
“... Шүүгч Д.Ганболд нь шүүх хуралдаан үеэр хүний мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийг анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эмчлэх эрхийн зөвшөөрөл авсан хүний их эмч буюу тусгай мэдлэгээр шалган тогтоодог өвчний нэршлийг нэрлэн зааж, хэргийн оролцогчийг дуудсан нь зүй бус үйлдэл гаргасанд тооцох үндэслэл болно.
Иймд шүүгч Д.Ганболдын хэргийн оролцогчийг “Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэх зэргээр асуусныг “зохисгүй үг хэрэглэсэн” гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны оролцогч нарын дунд түүнийг тодорхой өвчтэй гэж ойлгогдох байдал үүсгэж байгааг эрүүл мэндийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулсан зүй ёсны үйлдэл гэж үзэхгүй.
... Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн оролцож байсан ч 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч Э.Б-т олгосон итгэмжлэлээс татгалзаж, түүнийг өмгөөлөгчөөр оролцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөр сонгож авсан Э.Б-ын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байгаагаа хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд илэрхийлсэн нь дууны бичлэгийн 0:05:58 секундээс эхэлж шүүгч шүүх хуралдааны ирцийг танилцуулан, татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “Төлөөлөгчөөсөө татгалзсан тул хэрэгтэй танилцуулж өгнө үү” гэж, мөн хуралдаан даргалагч “Таны хүсэлт болохоор Э.Б гэж хүн төлөөлөгчөөр оролцож байсан, төлөөлөгчөөсөө татгалзаад өөрөө хуралд орно, өмгөөлөгчийн хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт байна зөв үү” гэхэд “Зөв” гэж хариулж байгаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/...... дугаар захирамжаар “... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өөр шүүх хуралдаанд давхацсан гэх хүсэлтэд хавсаргасан баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хүсэлт баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй ...” гэж дүгнээд хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
... Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын тайлбараар ““хууль зүйн туслалцаа авах” гэх заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарна гэж, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж ойлгох”-оор тайлбарласан тул шүүгчийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэхээр байна. Хууль зүйн туслалцаа авах эрх нь тухайн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өөрөө гаргасан эсэх нь тухайн эрхийг нь эдлүүлэхгүй байх хязгаарлах үндэслэл болохгүй тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ ...” гэж дүгнэж, холбогдох шүүгч Д.Ганболдод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалтыг баримтлан нээлттэй сануулах, мөн хуулийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгч Д.Ганболд “... Шүүгч би 2025 оны хөдөлмөрийн ээлжийн амралтын дутуу хоногоо эдэлж байсантай холбоотойгоор магадлалыг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан тул гомдол гаргах хугацааг 19-ний өдрөөс бус 24-ний өдрөөс эхлэн тооцохоор Монгол улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9-д зааснаар гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү. Учир нь хугацааг ийнхүү тоолсноор шүүхийн ачаалалтай холбоотойгоор нэмж гомдол гаргах боломжтой болох юм.
Сахилгын хорооны ажилтан магадлалыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар хүргүүлсэн байгаа нь магадлал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д заасныг зөрчсөн.
Иргэн Д.Б нь тус хороонд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаснаар Шүүхийн сахилгын хорооны гишүүний 16-ны өдрийн захирамжаар надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэгдсэн.
Улмаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Шүүхийн
сахилгын хорооны гишүүн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ГС/2025/0080 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан. Уг саналыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд тус хорооны СХТ/2025/0072 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн.
Энэхүү тогтоолоос үзэхэд сахилгын хэрэгт цугларсан баримтууд нь өргөдөлд дурдагдаагүй үйл баримт бөгөөд холбогдох шүүгчээс тайлбар авах, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж сахилгын зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх
шаардлагатай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч намайг сахилгын зөрчил гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзжээ. Уг тогтоол эцсийн шийдвэр тул дахин сахилгын хэргийг шалгах ажиллагаа явагдсан. Тодруулбал, гомдолд дурдсан шүүх хуралдаанд оролцсон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг гэрчээр асуух, шүүх хуралдааны тэмдэглэлд үзлэг хийх ажиллагаа явагдсан.
Дээрх нэмж хийсэн 2 ажиллагаанаас үзэхэд шүүгч би сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн энэхүү ажиллагааг гишүүн өөрөө хийгээгүй байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцэхгүй байна. /холбогдох баримтыг хавсаргав./
Гэтэл ийнхүү сахилгын зөрчил гаргасан гэдэг нь эхний цуглуулсан буюу дээрх тогтоол гарахаас өмнө цуглуулсан баримтаар нотлогдоогүй, улмаар нэмж хийсэн ажиллагаагаар зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хуульд нийцэхгүй нотлох баримтыг үндэслэж 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүний ГНД/2025/0026 дугаар зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт гарсан.
Эдгээрээс үзэхэд зөрчил гаргасан талаар өмнө нь нотлогдоогүй, нэмж бүрдүүлсэн баримтаар мөн адил нотлогдоогүй, түүнчлэн уг баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй байгаа алдааг анхаарч үзэлгүйгээр дээрх дүгнэлтийг хянан хэлэлцэж надад сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Мөн гомдолд дурдсан шүүх хуралдаан нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр болсон байхад гомдол гаргагч нь хуралдаанд миний асуусан гэх асуултын талаар 2 сар гаруйн дараа гомдол гаргаж байгаа шалтгаан нөхцөлийг анхаарч үзсэнгүй.
Магадлал үндэслэлгүй болох талаар,
Магадлалын үндэслэх хэсэгт дахин шалгах ажиллагааны явцад өргөдөл,
мэдэгдэлд дурдагдаагүй сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн гэжээ. Улмаар дурдаж шинээр илэрсэн гэх үйл баримтуудыг тайлбарласан байна. Гэтэл энд дурдаж буй гомдолд дурдсан шүүх хуралдаанд яригдсан буюу миний асуусан гэх асуултууд нь гомдол болон дээрх сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд дурдагдаж, сахилгын хэрэг биш болох талаар дүгнэгдсэн байдаг. Цаашлаад миний асуусан гэх асуултуудын бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцэхгүй, өөрөөр хэлбэл нотлох чадваргүй бичлэг гэж үзэж байна. Учир нь энэхүү хуульд зааснаар шүүх хуралдааны бичлэгийг шүүх хийх бөгөөд харин сахилгын хэрэгт байгаа баримтаар уг бичлэг гэх зүйл нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хувийн гар утсанд хийгдсэн байдаг. Цаашлаад уг бичлэгийг авч сонсоход бүрэн сонсогддоггүй юм. Иймд хууль бусаар бүрдүүлсэн баримтаар намайг хэргийн оролцогчтой зүй бус харилцсан гэж үзсэнд гомдолтой бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан. Энэхүү тайлбарын үндэслэх хэсгийн 5.2-т зааснаар “ноцтой зөрчих” гэдгийг материаллаг болон процессын хуулийн хувьд тус тусад нь тайлбарласан байна. Улмаар процессын хуулийн хувьд ноцтой зөрчил гэдгийг шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг олгохоор тайлбарлажээ.
Гэтэл шүүгч би сахилгын хэргийн гомдол гаргагч буюу иргэний хэргийн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэлэлцэж, захирамж гаргасан.
Захирамжид хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байгаа талаарх үндэслэлийг тайлбарласан. Тодруулбал, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байсан. Улмаар өөрийн төлөөлөгчийг
өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан. Түүний төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаж мэтгэлцэх эрхээр хангагдсан, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй талаар тайлбарласан байна. Энэхүү үндэслэлийг шүүгч би Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүгч хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах эрх, үүргийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр гаргасан болно.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийнм хуралдааны 05 дугаар тогтоолын 5.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй талаар тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, ийнхүү шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэж захирамж гаргаснаар шүүгчийг буруутгахгүй гэж ойлгогдож байна.
Цаашлаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 210/МА2025/.... дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Үүнээс үзэхэд гомдол гаргагчийн зөрчигдсөн гэх эрх сэргээгдсэн буюу эрхээ дахин хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хянах эрхтэй байдаг. Энэ нь хууль зүйн ойлголтын хувьд шийдвэрт ямар нэг алдаа гарсан тохиолдолд дээд шатны шүүх уг алдааг залруулах боломжтой байхаар зохицуулсан. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүгч сахилгын зөрчил гаргасан үндэслэл болгож байгааг зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дээрх 28 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 4-т зааснаар гомдол гаргагчийн зөрчигдсөн гэх эрх сэргээгдсэн тул зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгч би сахилгын зөрчил гаргасан гэдэг нь хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн баримтаар нотлогдоогүй, гомдол гаргагчийн зөрчигдсөн гэх эрх сэргээгдсэн тул надад сахилгын шийтгэл оногдуулсан СХМ/2025/0127 дугаар магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэж гомдол гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн СХМ/2025/0127 дугаар магадлалд гаргасан холбогдох шүүгч Д.Ганболдын гомдлын зарим хэсгийг хангаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
1. “... магадлалыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар хүргүүлсэн ... нь ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д заасныг зөрчсөн ...” гэжээ.
Сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн СХМ/2025/0127 дугаар магадлалыг холбогдох шүүгчийн мэйл хаягаар /цахимаар/ хүргүүлсэн[1] нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт “сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж болно” гэж заасанд нийцэх тул гомдол үндэслэлгүй байна.
2.Мөн гомдолд “... миний асуусан гэх асуултуудын бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцэхгүй, өөрөөр хэлбэл нотлох чадваргүй бичлэг гэж үзэж байна. Учир нь энэхүү хуульд зааснаар шүүх хуралдааны бичлэгийг шүүх хийх бөгөөд харин сахилгын хэрэгт байгаа баримтаар уг бичлэг гэх зүйл нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хувийн гар утсанд хийгдсэн ... Иймд хууль бусаар бүрдүүлсэн баримтаар намайг хэргийн оролцогчтой зүй бус харилцсан гэж үзсэнд гомдолтой бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй ...” гэж дурджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот “... танхимын бичлэг хадгалах Hard disk алдаа зааж ажиллахгүй болсноос шалтгаалж, Д.Б, Г.Б нарын ... иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэгийн дууны бичлэг чанарын шаардлага хангахгүй бичигджээ. Иймд дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг гаргаж өгөх боломжгүй байна ...” гэсэн албан бичгээр хуралдааны танхимын бичлэг хийх төхөөрөмж ажиллахгүй байсан нь тогтоогдоно.
Хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг явцыг гар утсаараа бичсэн талаар “... бичлэг хийсэн боловч шүүх хуралдааны танхимын бичлэгийг хадгалах санах ойн багтаамж нь дүүрсэн байсан тул хадгалагдаагүй байсан ... миний диктафон зай нь дуусаад ажиллахгүй байсан учраас утсаа авч ороод бичсэн ...” гэж мэдүүлсэн[2], илтгэгч гишүүн утсаар хийсэн бичлэгийг шүүхийн Тамгын газраас гаргуулан авсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.14, 90 дүгээр зүйлийн 90.2.1, 90.2.3 дахь заалтад шүүх хуралдааныг хэвийн явуулах, дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах чиг үүргийг шүүхийн захиргаа, түүний ажилтан хэрэгжүүлэхээр заасан.
Шүүх хуралдааны бичлэгийн төхөөрөмж эвдрэлтэй байсан, нарийн бичгийн дарга хуралдааны явцыг өөрт байгаа боломжит техник хэрэгсэл ашиглан /гар утсаар/ дууны бичлэг хийсэн, тус бичлэгийг шүүхийн Тамгын газар ирүүлснийг нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль бус аргаар олж авсан баримт гэж үзэхгүй.
Хуульд заасан үндэслэл журмаас гадуур буюу шүүхийн зөвшөөрөлгүй, хүний хувийн орон зайд хууль бусаар халдаж олж авсан, эрх зүйн үндэслэлгүйгээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж цуглуулсан, мэдэгдэхгүйгээр хүний яриаг аудио, видео бичлэг хийсэн зэрэг тохиолдол нь хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримтад тооцогдох ба ийм нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдол үндэслэлгүй.
3. Өргөдөлд дурдсан “... Та хэдэн настай хүн бэ?, Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, Би шал өөр юм асуусан чинь ондоо юм яриад байх юм” гэх байдлаар хэргийн оролцогчтой харилцахдаа зүй бус авирласан ...” гэх үйл баримт 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны албажуулсан тэмдэглэлд тусгагдаагүй тул шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийхэд,
- даргалагчаас нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг тодруулж асуухад нэхэмжлэгч хариулаагүй тул 0:03:10 дахь хоромд даргалагч “Энэ хаяг чинь өөрчлөгдчихсөн юм уу гэж асууж байгаа шүү дээ. Зүгээр үү, миний ярьж байгааг ойлгож байна уу. Миний асуултыг ойлгож байна уу” гэхэд нь “ойлгож байна” гэж хариулахад “Тэгээд яагаад хариулахгүй байгаа юм бэ” гэсэн,
- 0:05:58 дахь хормоос шүүх хуралдааны ирцийг танилцуулан, татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч “төлөөлөгчөөсөө татгалзсан тул хэрэгтэй танилцуулж өгнө үү” гэж хэлсэнд даргалагч “Та хэдэн настай хүн бэ, Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү, Би шал өөр юм асуусан чинь ондоо юм яриад байх юм” гэж асуугаад дахин татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан хэлж, энэ талаар гаргах хүсэлт байна уу гэсэн,
- 0:10:03 дахь хоромд хуралдаан даргалагч нөгөө талаас гаргасан хүсэлттэй танилцсан уу, хүсэлттэй холбоотойгоор гаргах тайлбар байна уу гэхэд нэхэмжлэгч хариулахгүй байсан ба 0:10:20 дахь хэсэгт дахин тайлбар байна уу гэж асуухад хариулаагүй тул даргалагч “Та зүгээр үү, юм асуухаар таны байгаа байдал чинь миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эсхүл сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэж хэлэхэд нэхэмжлэгч “Сайн сонсогдохгүй байна” гэж хариулсан болох нь тусгагджээ.
Шүүгчийн дээрх үйлдлийг дүгнэвэл, шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн сэтгэцийн хэвийн бус байдал, өөрийгөө удирдах чадвар, бодит байдлыг ойлгож үнэлж чадах эсэх талаар дур мэдэн таамгаар дүгнэлт өгч, түүнийгээ илэрхийлэхдээ зохимжгүй, хэргийн оролцогчид буруу ойлголт төрүүлэх үг хэллэг хэрэглэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэсэн зөрчлийг гаргасан гэж үзнэ.
Шүүгч хэргийн оролцогчтой харилцахдаа зүй бус авирлах гэдэгт хэргийн оролцогчийг доромжилсон, үл хүндэтгэсэн байр суурийг илэрхийлсэн, загнаж зандарсан зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулна.
Иймд, магадлалд “... шүүх хуралдааны үеэр хүний мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийг анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эмчлэх эрхийн зөвшөөрөл авсан хүний их эмч буюу тусгай мэдлэгээр шалган тогтоодог өвчний нэршлийг нэрлэн зааж, хэргийн оролцогчийг дуудсан нь зүй бус үйлдэл гаргасанд тооцох үндэслэл болно ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Д.Б 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 191/ШЗ2025/..... дугаар захирамжаар хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн мөн өдрийн 191/ШШ2025/..... дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг Улсын дээд шүүх тайлбарлахдаа “... “хуулийн ... заалт” гэдэгт “хуулийн зохицуулалт” гэсэн ерөнхий утгыг илэрхийлэх ба үүнд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн зүйл, хэсэг, заалт, нэр томьёо бүхэлдээ хамаарна, харин “илт тодорхой” гэдэгт тухайн хуулийн зохицуулалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүйгээр илэрхийлсэн, шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль хэрэглэх арга, ур чадвар шаардахааргүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон, агуулгын хувьд тодорхой буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна ...” гэсэн байдаг.
Магадлалд, шүүгчийг “илт тодорхой хуулийн заалт” зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэхдээ “… НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “хууль зүйн туслалцаа авах” эрхийг хязгаарлаж болохгүй ... хууль зүйн туслалцаа авах эрх нь тухайн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өөрөө гаргасан эсэх нь тухайн эрхийг нь эдлүүлэхгүй байх хязгаарлах үндэслэл болохгүй тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ …” гэж ерөнхий байдлаар, өөрөөр хэлбэл хуулийн, ямар зүйл, заалт зөрчсөн талаар тодорхой дүгнээгүй /нотлох дүгнэлт ч ерөнхий байдлаар ингэж дүгнэсэн/ байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн зүйл, хэсэг, заалт заахгүйгээр олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Үндсэн хуулийн хэм хэмжээг баримтлан, шүүгчийг илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Олон улсын эрх зүйн болон Үндсэн хуулийн хэм хэмжээг тусгайлсан нарийвчилсан зохицуулалттай буюу процессын хуульд тусган хэрэгжүүлдэг ба шүүгч нь хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй байх боловч энэ үйлдэл ямар хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг магадлалд тодорхой тусгаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь “хуулийн илт тодорхой заалт” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэгтгэвэл, холбогдох шүүгч Д.Ганболдын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн СХМ/2025/0127 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... мөн хуулийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах ...” гэснийг хасаж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хонгийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Б.СУГАР
Г.ЦАГААНЦООЖ