info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-11-04

Дугаар 127

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, 

сахилгын шийтгэл оногдуулах тухай

            Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч Д.Б, сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.Ганболд нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ГНД/2025/0026 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Иргэн Д.Б-ээс  Б.Б, Ө.Т, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ө.Т, Г.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж **в байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204117*** дугаарт бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Б-ы өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 191/ШШ2025/02*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэг. “... “Та хэдэн настай хүн бэ?, Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, Би шал өөр юм асуусан чинь ондоо юм яриад байх юм” гэх байдлаар хэргийн оролцогчтой харилцахдаа зүй бус авирласан, ... “Та зүгээр үү?, Юм асуухаар таны байгаа байдал чинь миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эсхүл сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэх байдлаар зүй бус авирыг давтан гаргахаас гадна хүнийг хэл ярианы байдлаар ялгаварлан гадуурхах хандлага гаргаж, сэтгэцийн хувьд эрүүл эсэхэд эргэлзээд байна гэх нэрийдлээр эрх зүйн чадвар чадамжийн минь талаар дур мэдэн тодорхойлсон ...” гэх тухайд,

 Холбогдох шүүгчээс ирүүлсэн тайлбарт дурдсанаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг техникийн алдаанаас шалтгаалан хийгдээгүй бөгөөд харин шүүх хуралдааны нарийн бичгийн даргын гар утсанд бичигдсэн дууны бичлэг байгаа гээд энэ талаарх Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13** дүгээр албан бичгийг хавсарган ирүүлсэн тул дээрх нөхцөл байдлыг тодруулахаар дээрх шүүх хуралдааны дууны бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас гаргуулан авсан.

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б оролцсон бөгөөд шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийхэд:

- Бичлэгийн 0:02:01 секундээс эхэлж нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авч, оршин суугаа хаягийг нь асуухад нэхэмжлэлд бичсэнээс өөр байсан тул энэ талаар тодруулахад хариулахгүй байсан бөгөөд хуралдаан даргалагч “Энэ хаяг чинь өөрчлөгдчихсөн юм уу гэж асууж байгаа шүү дээ. Зүгээр үү, миний ярьж байгааг ойлгож байна уу. Миний асуултыг ойлгож байна уу” гэж,

- Бичлэгийн 0:05:58 секундээс эхэлж шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулан, хуульд заасан татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч “Төлөөлөгчөөсөө татгалзсан тул хэрэгтэй танилцуулж өгнө үү” гэж хариулсан бөгөөд хуралдаан даргалагч “Та хэдэн настай хүн бэ? Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, Би шал өөр юм асуусан чинь ондоо юм яриад байх юм” гээд дахин татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан хэлж, энэ талаар гаргах хүсэлт байна уу гэж,

- Бичлэгийн 0:10:03 секундээс эхэлж хуралдаан даргалагч хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлттэй танилцсан эсэх, хүсэлттэй холбоотойгоор гаргах тайлбар байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч хариулахгүй байсан ба бичлэгийн 0:10:20 секундэд хуралдаан даргалагч дахин тайлбар байгаа эсэхийг асуухад мөн л хариулаагүй тул “Та зүгээр үү?, Юм асуухаар таны байгаа байдал чинь миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эсхүл сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэхэд нэхэмжлэгч “Сайн сонсогдохгүй байна” гэж хариулсан нь бичигджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт ойлголтыг төрүүлэх, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.

Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцно.

Шүүх хуралдааны дууны бичлэгээс үзэхэд, шүүгч Д.Ганболд нь хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдааны оролцогчийн ирцийг шалгах, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эрхийг тайлбарлах, хэргийн оролцогчоос ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчээс холбогдох асуултуудыг асуухад хариулахгүй байх, өөр зүйл ярих зэргээр асуултыг ойлгохгүй байна гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэхэд шүүгч “Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэх зэргээр асуусныг “зохисгүй үг хэрэглэсэн” гэж үзэхээр байна.

Хэдийгээр хуралдаан даргалагч нэхэмжлэгчээс оршин суугаа хаяг нь өөрчлөгдсөн эсэх, хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй холбогдуулан тайлбар байгаа эсэх талаараа мэдэхгүй, хариулахгүй байх, асуултыг ойлгож байгаа эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байх боловч энэ нь нэхэмжлэгчийг “сэтгэцийн хувьд эрүүл бус” байх магадлалтай гэж дүгнэж байгаа мэтээр хуралдааны явцад давтан асуусан шүүгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Харин бичлэгээс үзэхэд, нэхэмжлэгч нь хэл ярианы хувьд бэрхшээлтэй гэж үзэхээргүй жирийн байх ба шүүгчээс нэхэмжлэгчид хэл ярианы байдлаар ялгаварлан гадуурхсан үг хэлээгүй, түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой аливаа асуултыг онцлон асуух, илтэд эдгээр байдлын талаар ярих, шүүх хуралдааны дэг, журмыг зөрчин ялгамжтай байдлаар явуулах зэргээр тэгш боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн сонсоогүй гэх асуултыг дахин асууж, ойлгоогүй гэх зүйлийг дахин тайлбарласан, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд саад болох шалтгаан байгаа эсэхийг тодруулсныг айлган сүрдүүлж, тулган шаардсан, нэхэмжлэгчийн зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлсон үйлдэлд хамааруулахгүй тул энэ үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31, 50.1.36-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхгүй.

Хоёр. “... хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд илэрхийлж хүсэлтээ бичгээр өгсөөр байхад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12*** дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хууль зүйн туслалцаа авах” болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн ...” гэх тухайд,

Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн оролцож байсан ч 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч Э.Б-т олгосон итгэмжлэлээс татгалзаж, түүнийг өмгөөлөгчөөр оролцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөр сонгож авсан Э.Б-ын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байгаагаа хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд илэрхийлсэн нь дууны бичлэгийн 0:05:58 секундээс эхэлж шүүгч шүүх хуралдааны ирцийг танилцуулан, татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “Төлөөлөгчөөсөө татгалзсан тул хэрэгтэй танилцуулж өгнө үү” гэж, мөн хуралдаан даргалагч “Таны хүсэлт болохоор Э.Б гэж хүн төлөөлөгчөөр оролцож байсан, төлөөлөгчөөсөө татгалзаад өөрөө хуралд орно, өмгөөлөгчийн хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт байна зөв үү” гэхэд “Зөв” гэж хариулж байгаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/12*** дугаар захирамжаар “... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өөр шүүх хуралдаанд давхацсан гэх хүсэлтэд хавсаргасан баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хүсэлт баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй ...” гэж дүгнээд хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00*** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, улмаар ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй буюу дээд шатны шүүхээс шүүхийн алдааг тогтоож, залруулах боломж олгож байгаа хуулийн зохицуулалт бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлүүдээр хязгаарлагддаг, гагцхүү давж заалдах шатны шүүхээс тус иргэний хэргийг хянан хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг тогтоох тус шатны шүүхэд олгосон бүрэн эрх боловч Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын тайлбараар ““хууль зүйн туслалцаа авах” гэх заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарна гэж, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж ойлгох”-оор тайлбарласан тул шүүгчийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэхээр байна.

Хэдийгээр шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, тэдгээрийг үнэлэн, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үнэлсэн байдал, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон оролцоо, тэдгээрээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн боловч шүүгч нь хуульд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэж аливаа эрх зүйн харилцааг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “хууль зүйн туслалцаа авах” эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Гурав. Гишүүний 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2025/0509 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн зөрчлийн шинжтэй үйл баримтын тухайд;

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгч Д.Ганболдод холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт шинээр илэрсэн тул түүнд “шүүх хуралдааны дууны бичлэг болон тэмдэглэл зөрүүтэй” үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулсан.

Шүүх хуралдааны тэмдэглэлд өргөдөлд дурдсан дээрх үйл баримтыг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.” гэж заасныг зөрчсөн боловч гэрчийн мэдүүлэг , шүүхийн дотоод чатаар төслийг хянуулахаар хүргүүлсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын болон хянасан шүүгчийн файлуудад үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотой, нэхэмжлэгчээс сэтгэцийн хувьд эрүүл эсэх талаар асуусныг хасаж бичихийг шүүгчээс даалгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч гарын үсэг зурж баталгаажуулахаар шүүгчид үүрэг болгосон тул цаашид шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааны үйл явц бүрэн тусгагдсан эсэхэд анхаарч ажиллавал зохино.

Иймд, шүүгч Д.Ганболд нь “Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэх зэргээр нэхэмжлэгчээс асуусныг “зохисгүй үг хэрэглэсэн” гэж үзэж, түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д зааснаар хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан, мөн хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэх үндэслэлүүдээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

   Холбогдох шүүгч Д.Ганболд тайлбартаа: “...Гомдолд дурдсанаар шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс асуусан асуулт болон хэргийн оролцогчийн хүсэлтийг хянан шийдвэрлэсэн байдлыг үндэслэжээ.

Б.Б, Ө.Т нарт холбогдох Д.Б-ийн нэхэмжлэлтэй хэргийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02*** дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн.

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд зохигч хэн аль нь хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн мөн өдрийн 12538 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Тодруулбал, хариуцагч талаас гаргасан хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь хуульд заасан үндэслэлгүй байсан бөгөөд нэхэмжлэгч буюу сахилгын хэргийн гомдол гаргагч нь уг хүсэлтийг дэмжээгүй, өөрөөр хэлбэл хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн болно.

Цаашлаад гомдол гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байсан боловч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг өмгөөлөгчөөр оролцуулах, өөрөө хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх ямар нэг байдлаар хязгаарлаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байдаг. Гэтэл гомдол гаргагчийн өмгөөлөгч нь ямар нэг хүсэлт гаргаагүй. Харин гомдол гаргагч нь өмгөөлөгчөө төлөөлөн хүсэлт гаргах эрхгүй гэж үзсэн бөгөөд түүний хүсэлтэд дурдсан өөр хуралдаан давхардсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй.

Иймд шүүх талуудын хүсэлтийг хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлсэн нь тэдгээрийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Гомдолд дурдсан хурлын бичлэгийг авч үзэхээр шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргасан боловч техникийн алдаанаас болж бичлэг хадгалагдаагүй байна. Харин шүүх хуралдааны нарийн бичгийн даргын утсанд бичигдсэн гэж үзэж байгаа чанарын шаардлага хангахгүй бичлэгээс зарим хэсгийг гомдолд дурдсантай харьцуулан таамгаар сонсож үзэхэд:

Шүүх хуралдааны дэс дарааллын дагуу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэх талаар тодруулжээ. Энэ үед гомдол гаргагч нь асуусан асуултаас илтэд өөр зүйл ярьсан тул түүнийг эрүүл мэндийн хувьд хэвийн байгаа эсэх, өөрөөр хэлбэл хуралдаанд оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг шүүгчийн зүгээс асууж тодруулсан. Улмаар шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах эрхийг дахин тайлбарлахад энэ талаар хүсэлтгүй, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргээ мэдэж байгаа талаар хариулжээ.

Мөн шүүх хуралдааны хүсэлт хянан шийдвэрлэх шатанд хариуцагч талаас гаргасан хүсэлтийн талаар асуухад дээрхийн адил өөр зүйл ярьж байсантай холбогдуулан гомдол гаргагчийг эрүүл мэндийн хувьд хэвийн байгаа эсэхийг дахин тодруулсан байна. Улмаар хариуцагчийн хүсэлттэй танилцаагүй гэж тайлбарласнаар түүнийг суухыг зөвшөөрч уг хүсэлттэй танилцуулсан. Үүний дараа нэхэмжлэгч нь хариуцагч талаас ирүүлсэн хүсэлттэй танилцаад дэмжихгүй талаар тайлбарлаж байжээ.

Эдгээрээс шүүгч би хуралдаанд нэхэмжлэгчийг бүхий л эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон. Мөн хэдийгээр хуульд нарийвчлан зохицуулаагүй боловч шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийг эрүүл мэндийн хувьд хуралдаанд оролцох боломжтой байгаа эсэхийг удаа дараа тодруулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэгч нь ямар нэг шалтгааны улмаас шүүгчийн асуусан асуултыг бүрэн ойлгох боломжгүй байгаа талаар тайлбарласан бол хуралдааныг хойшлуулах нөхцөл бүрдэх юм. Гэвч нэхэмжлэгч нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ мэдэж байгаа хэмээн тайлбарлаж, хуралдааныг үргэлжлүүлэхэд өөрийн зүгээс боломжгүй нөхцөл байгаа талаар тайлбар гаргаагүй тул хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд шүүгч би, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан ямар нэг зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Ганболд нэмэлт тайлбартаа: “Шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хийх тоног төхөөрөмжийн ажиллагааг тухайн шүүхийн Тамгын газар хариуцдаг. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга төхөөрөмж ажиллахгүй байгаа талаар мэдэгдсэн тохиолдолд хуралдаан даргалагч хэргийн оролцогчоос санал асуух замаар хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Гомдолд дурдаж буй шүүх хуралдааны бичлэг нь зориулалтын төхөөрөмжид бичигдээгүй талаар хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргын хэн аль мэдээгүй. Энэ талаар сүүлд мэдсэн бөгөөд харин нарийн бичгийн даргын хувьд өөрийн хувийн гар утас дээр хагас дутуу, бүдэг, зарим зүйл нь сонсогдохгүй хийгдсэн гэх бичлэгийг үндэслэж тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Иймд тухайн бичлэг нь албан ёсны зориулалтын тоног төхөөрөмжөөр хийгдээгүй байх тул дуу, дүрс бичлэг болон тэмдэглэл зөрүүтэй гэх үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Тус шүүхийн ачааллаас хамаарч шүүгч миний хувьд хуралдаан бүр дээр яригдсан бүх зүйлийг хүний физиологийн боломжоос хамаарч нэг бүрчлэн санах боломжгүй байдаг. Мөн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга боловсруулж, шүүгчид танилцуулах бөгөөд үг үсэг, найруулгын алдаа болон хэргийн оролцогчдын ярьсан зүйл буруу буюу зөрүүтэйгээр тусгагдсан эсэхийг хянадаг.             Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй зүйлийг тэр бүр нэмж оруулах, тухайлбал тэр бүрийг санах боломжгүй юм.

Иймд шүүгч би тэмдэглэлийг хянахдаа гомдолд дурдаж буй хэсгийг ямар нэг байдлаар санаатай болон санамсаргүйгээр орхигдуулах, хасах зүйл гаргаагүй тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Д.Б-ээс  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0061 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан шалгах ажиллагаа явуулж, сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий байна.

            Илтгэгч гишүүнээс өмнө нь уг сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг тус хорооны 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн СХТ/2025/0072 дугаар тогтоолоор дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

            Дахин шалгах ажиллагааны явцад өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгч Д.Ганболдтой холбоотой сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрснийг гишүүний 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2025/0509 дүгээр захирамжаар нэмж сахилгын хэрэг үүсгэн, нэгтгэж, захирамжийг холбогдох баримтын хамт шүүгчид хүргүүлж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч энэ тухай баримтжуулжээ.

            Улмаар гишүүний 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02/108 дугаар албан бичгээр Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.Б, Ө.Т, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтэст тус тус холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын гар утсанд бичигдсэн гэх дууны бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас гаргуулан авч, дууны бичлэгт үзлэг хийн, тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

            Өргөдөл гаргагч нь “...Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, Би шал өөр юм асуусан чинь ондоо юм яриад байх юм” гэх байдлаар хэргийн оролцогчтой хөвчтэй зүй бус авирласан, ... “Та зүгээр үү?, Юм асуухаар таны байгаа байдал чинь миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эсхүл сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэх байдлаар зүй бус авирыг давтан гаргахаас гадна хүнийг хэл ярианы байдлаар ялгаварлан гадуурхах хандлага гаргаж, сэтгэцийн хувьд эрүүл эсэхэд эргэлзээд байна гэх нэрийдлээр эрх зүйн чадвар чадамжийн минь талаар дур мэдэн тодорхойлсон” мөн “... хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд илэрхийлж хүсэлтээ бичгээр өгсөөр байхад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хууль зүйн туслалцаа авах” эрхийг ноцтой зөрчсөн” гэх 2 агуулгаар өргөдөл гаргажээ.

            1. Иргэн Д.Б-ээс  Б.Б, Ө.Т, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ө.Т, Г.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж **в байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204117*** дугаарт бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Б-ы өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 191/ШШ2025/02*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Дээрх шүүх хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэгт,

            - Бичлэгийн 0:02:01 секундээс эхэлж нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг авч, оршин суугаа хаягийг нь асуухад нэхэмжлэлд бичсэнээс өөр байсан тул энэ талаар тодруулахад хариулахгүй байсан бөгөөд хуралдаан даргалагч “Энэ хаяг чинь өөрчлөгдчихсөн юм уу гэж асууж байгаа шүү дээ. Зүгээр үү, миний ярьж байгааг ойлгож байна уу. Миний асуултыг ойлгож байна уу” гэж,

            - Бичлэгийн 0:05:58 секундээс эхэлж шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулан, хуульд заасан татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч “Төлөөлөгчөөсөө татгалзсан тул хэрэгтэй танилцуулж өгнө үү” гэж хариулсан бөгөөд хуралдаан даргалагч “Та хэдэн настай хүн бэ? Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, Би шал өөр юм асуусан чинь ондоо юм яриад байх юм” гээд дахин татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан хэлж, энэ талаар гаргах хүсэлт байна уу гэж,

            - Бичлэгийн 0:10:03 секундээс эхэлж хуралдаан даргалагч хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлттэй танилцсан эсэх, хүсэлттэй холбоотойгоор гаргах тайлбар байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч хариулахгүй байсан ба бичлэгийн 0:10:20 секундэд хуралдаан даргалагч дахин тайлбар байгаа эсэхийг асуухад мөн л хариулаагүй тул “Та зүгээр үү?, Юм асуухаар таны байгаа байдал чинь миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эсхүл сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэхэд нэхэмжлэгч “Сайн сонсогдохгүй байна” гэж хариулсныг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт ойлголтыг төрүүлэх, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг үг хэл, харагдах байдал, зан үйлдлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

            Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцох юм.

            Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг”, 3.1.1-т ““сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг” гэж хуульчилсан.

            Шүүгч Д.Ганболд нь шүүх хуралдаан үеэр хүний мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийг анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эмчлэх эрхийн зөвшөөрөл авсан хүний их эмч буюу тусгай мэдлэгээр шалган тогтоодог өвчний нэршлийг нэрлэн зааж, хэргийн оролцогчийг дуудсан нь зүй бус үйлдэл гаргасанд тооцох үндэслэл болно.

            Иймд шүүгч Д.Ганболдын хэргийн оролцогчийг “Сэтгэцийн хувьд би эрүүл гэж ойлгож байгаа зөв үү?, сэтгэцийн хувьд эрүүл гэж ойлгоход төвөгтэй байдал үүсгээд байна л даа” гэх зэргээр асуусныг “зохисгүй үг хэрэглэсэн” гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны оролцогч нарын дунд түүнийг тодорхой өвчтэй гэж ойлгогдох байдал үүсгэж байгааг эрүүл мэндийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулсан зүй ёсны үйлдэл гэж үзэхгүй.

            Харин 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгээс үзэхэд нэхэмжлэгч нь хэл ярианы бэрхшээлтэй гэж үзэхээргүй хэвийн байх ба шүүгчээс нэхэмжлэгчид хэл ярианы байдлаар ялгаварлан гадуурхсан үг хэлээгүй, түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой аливаа асуултыг онцлон асуух, илтэд эдгээр байдлын талаар ярих, шүүх хуралдааны дэг, журмыг зөрчин ялгамжтай байдлаар явуулах зэргээр тэгш боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн сонсоогүй гэх асуултыг дахин асууж, ойлгоогүй гэх зүйлийг дахин тайлбарласан, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд саад болох шалтгаан байгаа эсэхийг тодруулсныг айлган сүрдүүлж, тулган шаардсан, нэхэмжлэгчийн зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлсон үйлдэлд хамааруулахгүй тул энэ үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31, 50.1.36-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт нь хуульд нийцжээ.

            2.Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн оролцож байсан ч 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч Э.Б-т олгосон итгэмжлэлээс татгалзаж, түүнийг өмгөөлөгчөөр оролцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөр сонгож авсан Э.Б-ын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байгаагаа хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд илэрхийлсэн нь дууны бичлэгийн 0:05:58 секундээс эхэлж шүүгч шүүх хуралдааны ирцийг танилцуулан, татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “Төлөөлөгчөөсөө татгалзсан тул хэрэгтэй танилцуулж өгнө үү” гэж, мөн хуралдаан даргалагч “Таны хүсэлт болохоор Э.Б гэж хүн төлөөлөгчөөр оролцож байсан, төлөөлөгчөөсөө татгалзаад өөрөө хуралд орно, өмгөөлөгчийн хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт байна зөв үү” гэхэд “Зөв” гэж хариулж байгаагаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/12*** дугаар захирамжаар “... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өөр шүүх хуралдаанд давхацсан гэх хүсэлтэд хавсаргасан баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хүсэлт баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй ...” гэж дүгнээд хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00*** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

            Шүүгч нь хуульд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэж аливаа эрх зүйн харилцааг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “хууль зүйн туслалцаа авах” эрхийг хязгаарлаж болохгүй юм.

            Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын тайлбараар ““хууль зүйн туслалцаа авах” гэх заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарна гэж, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж ойлгох”-оор тайлбарласан тул шүүгчийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэхээр байна. Хууль зүйн туслалцаа авах эрх нь тухайн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өөрөө гаргасан эсэх нь тухайн эрхийг нь эдлүүлэхгүй байх хязгаарлах үндэслэл болохгүй тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

            3.Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад “шүүх хуралдааны дууны бичлэг болон тэмдэглэл зөрүүтэй” үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулсан байна.

            Тухайн шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.” гэж заасныг зөрчсөн боловч шүүхийн дотоод чатаар төслийг хянуулахаар хүргүүлсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын болон хянасан шүүгчийн файлуудад үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр дээрх зөрчил нь шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотой, нэхэмжлэгчээс сэтгэцийн хувьд эрүүл эсэх талаар асуусныг хасаж бичихийг шүүгчээс даалгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэгт, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулахаар заасан. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 451 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба үүнд шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах, тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах гэжээ.

            Уг хууль, тогтоолд заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас өөрийн гар утсанд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх зорилгоор  дууны бичлэг хийж баталгаажуулсныг илтгэгч гишүүн нотлох баримтаар үнэлснийг буруутгахгүй.    

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, 57 дугаар зүйлийн 57.1.2-д “энэ хуулийн ...50.1.20-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах” гэж, 57.1.7-д “энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.

            Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар болон ачаалалтай ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан зөрчилд нээлттэй сануулах, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд холбогдуулан цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ГНД/2024/0026 дугаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболдод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалтыг баримталж нээлттэй сануулах, мөн хуулийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсугай.   

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

              ДАРГАЛАГЧ                                     С.ЭНХТӨР

                      ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                  Д.МЯГМАРЦЭРЭН