info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-12-02

Дугаар 146

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, иргэн Г.Б нарын өргөдлөөр, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу /Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч/-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГС/2025/0123 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“... Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд тус хороонд өргөдөл, гомдол гаргагч нэр бүхий иргэд нь яллагдагч Ө.Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцсон байх ба уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/... дугаар захирамжаар шүүгч О.Жанчивнямбууг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Холбогдох шүүгч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/.... дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр товлож, хэргийн оролцогчдод товыг мэдэгджээ.

Ийнхүү товлогдсон өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024/ШЗ/... дугаартай захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр товлосны дагуу хянан хэлэлцэж, 2024/ШЦТ/.... тоот шийтгэх тогтоол гарсан байх ба шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийг нэр бүхий иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний хэргийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж, ДШМ/.... дугаар магадлалаар 2024/ШЦТ/...... тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г-оос гаргасан “хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх” тухай хүсэлтийг шүүгчийн 2024/ШЗ/.... дугаар захирамжаар, иргэний хариуцагч /өргөдөл гаргагч/ Г.Б, Б.Д, Н.М, Т.Л, Б.Х нараас “хуралд өмгөөлөгчтэй оролцох” тухай хүсэлтийг шүүгчийн 2024/ШЗ/.... дугаар “Хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх тухай” захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хянан хэлэлцэж, даргалагч шүүгч талуудаас иргэний хариуцагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх, үүрэгтэйгээ танилцсан эсэх, өмгөөлөгч авах эрхээр хангасан эсэх талаар асууж, улмаар 2024/ШЗ/.... дугаар захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Иргэний хариуцагчийг тодорхойлж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-1.1.8, 1.10-1.12-т тус тус заасан эрхийг эдэлнэ гэж зааснаас үзвэл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг тусгайлан заагаагүй гэж дурдаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэжээ.

Шүүгч хүсэлтийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэл болж байгаа баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг бөгөөд ийнхүү хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйг дээд шатны шүүх тогтоосон тохиолдолд дээрх хуульд заасан зөрчил болно.

Хэргийн оролцогчдын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан “... өмгөөлүүлэх эрхээр хангаагүй...” зэрэг гомдлыг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзэж, ДШМ/.... дугаар магадлалаар шийдвэрлэхдээ “мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн магадлалд иргэний хариуцагч нарын өмгөөлүүлэх эрхийн талаар:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; өсвөр насны; монгол хэл, бичиг мэдэхгүй; бүх насаар хорих ял оногдуулж болох; хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад нь; төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан зэрэг оролцогч нарыг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй.

Дээрх зохицуулалтаас дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулж, эрхийг нь хангах үүрэгтэй.

Харин дээрх үндэслэлээс бусад тохиолдолд хэргийн оролцогч өмгөөлөгч авах эрх нь нээлттэй, ... иргэний хариуцагч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох этгээдэд хамаарахгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээр нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн ” гэж дурдаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хэргийг давж заалдах шатны шүүх хянан үзэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн байх тул иргэний хариуцагч нарын өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу /Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан/ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч О.Жанчивнямбуу тайлбартаа: “... Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ө.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 5 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Ө-ийн Б-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Шүүгдэгч Ө.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийг нэр бүхий иргэний хариуцагч нараас гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үүнд: шүүгдэгч Ө.Б-аас /өөрөөс нь/ 7.650.00 төгрөг, иргэний хариуцагч Д.Б-ээс 1.800.000 төгрөг, иргэний хариуцагч Т.Л-ээс 5.400.000 төгрөг, иргэний хариуцагч Д.Н-ээс 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Ц-аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч П.А-ээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч Э.Х-аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Х.Г-аас 900.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д-аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Х-аас 4.500.000 төгрөг, иргэний хариуцагч Г.Б-аас 4.500.000 төгрөг, иргэний хариуцагч Р.Э-ээс 1.350.000 төгрөг, иргэний хариуцагч С.Б-ээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч Р.С-аас 7.200.0000 төгрөг, иргэний хариуцагч Н.М-аас 7.650.000 төгрөг, иргэний хариуцагч Д.У-ээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Д-аас 5.400.000 төгрөг, иргэний хариуцагч Ч.У-аас 900.000 төгрөг, иргэний хариуцагч Б.С-аас 1.350.000 төгрөг тус тус гаргуулж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд олгохоор шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г, С.Б, нэр бүхий иргэний хариуцагчдын өмгөөлөгч Б.О нар давж заалдах гомдол гаргасан байдаг ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 2025/ДШМ/.... дугаартай магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г, С.Б, Д.Э, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл, танай Сахилгын хороонд гомдол /өргөдөл/ гаргагч нэр бүхий иргэний хариуцагч нарын өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангах эрхийг нь анхан шатны шүүх зөрчсөн эсэх талаар тодорхой дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, “... иймд шүүгдэгч Ө.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж өр авлагагүй ажиллах чиг үүрэг”-ийг биелүүлэлгүй, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5-д тус тус заасныг зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, их хэмжээний буюу 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

... Гэмт хэргийн “хохирол”-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг; гэмт хэргийн “хор уршиг”-т хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг; “иргэний хариуцагч” гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцахаар татагдсан хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгоно.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн гэм хорыг арилгах зохицуулалтад үйлдэл нь хууль бус байх болон хариуцагч этгээд гэм буруутай байх талаар дурдаагүй ба хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд буюу гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээд давуу байдлыг нь хүртэж буй утгаар үүнтэй холбоотой хохирлыг гэм буруугаас үл хамааран арилгах үүрэгтэй.

Иргэний хариуцагч нар ... Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Б-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шилжүүлсэн хууль бус мөнгийг авч, давуу байдлыг нь хүртсэн тул хохирлыг хариуцан арилгавал зохих этгээд болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэр бүхий 19 иргэний хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж, ... Эрүүл мэндийн төвд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; өсвөр насны; монгол хэл, бичиг мэдэхгүй; бүх насаар хорих ял оногдуулж болох; хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад нь; төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан зэрэг оролцогч нарыг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй.

Дээрх зохицуулалтаас дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулж, эрхийг нь хангах үүрэгтэй.

Харин дээрх үндэслэлээс бусад тохиолдолд хэргийн оролцогч өмгөөлөгч авах эрх нь нээлттэй болно.

Нэр бүхий иргэний хариуцагч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох этгээдэд хамаарахгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээр нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн байх тул өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.О-ийн гаргасан “иргэний хариуцагч нарыг шууд буруутгаж, хохирол гаргуулсан нь үндэслэлгүй, мөн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж маш ойлгомжтойгоор бичсэн байхаас гадна анхан шатны шүүхийг шийтгэх тогтоол гаргахдаа "... Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй" гэж дүгнэсэн байдаг.

Улмаар шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэргийн оролцогчдоос Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсан байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянасан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эдгээр магадлал, тогтоолууд нь шүүгч О.Жанчивнямбуу намайг шүүхийн шийдвэр гаргахдаа хэн нэгний хуулиар олгогдсон эрх, эрх ашгийг зөрчөөгүй, хууль бус шийдвэр гаргаагүй гэдгийг нотолж байгаа болно.

Шүүгч О.Жанчивнямбуу би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон иргэний хариуцагч Б.Д Н.М, Т.Л нарын, мөн иргэний хариуцагч Г.Б, Б.Д, Н.М, Т.Л, Б.Х нараас шүүхэд бичгээр гаргасан ".., шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай" хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсантай адил хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарласан.

Нөгөөтээгүүр, нэр бүхий 19 иргэнийг зөвхөн шүүхийн шатнаас иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, тэдгээрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу АТГ-ын (Авлигатай тэмцэх газар) мөрдөгч, комиссарууд иргэний хариуцагчаар татаж, эрх үүргийг нь тодорхой тайлбарласан байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байтал нэр бүхий иргэний хариуцагч нар Сахилгын хороонд гомдол гаргасан. Сахилгын хороо нь “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тус хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ГЗТ/2025/0084 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр СХТ/2025/0086 дугаартай тогтоолоор шүүгч О.Жанчивнямбуу надад сахилгын хэрэг үүсгэснийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн, танай Сахилгын хорооны СХТ/2025/0086 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт шүүгч О.Жанчивнямбууг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхэд шаардлагатай байх тул” гэсэн нь ойлгомжгүй буюу хуулийн тухайн зүйл хэсгийн аль зүйл, хэсгээр намайг шалгах шаардлага үүссэн нь ойлгомжгүй байна.” гэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Б, Д.Б, Т.Л, Д.Н, Ц.Ц, Б.С, Э.Х, Б.Д, Х.Г, Б.Х, Р.Э, С.Б, Р.С, Н.М, Д.У, Ч.У нараас “... иргэний хариуцагч нар өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, ... бидний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахгүй орхисон ... хохирогч талд давуу байдал үүсгэж, иргэний хариуцагч нарын хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэсэн шүүгч О.Жанчивнямбууд холбогдох өргөдлөөр, илтгэгч гишүүн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ГЗТ/2025/0084 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн СХТ/2025/0086 дугаар тогтоолоор, уг татгалзсан захирамжийг хүчингүй болгож,  шүүгч О.Жанчивнямбууд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн, илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна.

Эрүүгийн .... дугаартай шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэрэгт,  өргөдөл гаргагч нар нь иргэний хариуцагчаар оролцсон, хуралдааны даргалагчаар шүүгч О.Жанчивнямбуу томилогдсон нь тогтоогдоно.

Хэрэг шүүхэд шилжсэний дараа,

- шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/... дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж,

- хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус хуралдаан хойшилж,

- 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 2024/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолоор, “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, ... иргэний хариуцагч Д.Б-ээс 1.800.000 төгрөг, иргэний хариуцагч Т.Л-ээс 5.400.000 төгрөг, иргэний хариуцагч Д.Н-ээс 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Ц-аас 7.200.000 төгрөг, ... иргэний хариуцагч Э.Х-аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Х.Г-аас 900.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д-аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Х-аас 4.500.000 төгрөг, иргэний хариуцагч Г.Б-аас 4.500.000 төгрөг, иргэний хариуцагч Р.Э-гээс 1.350.000 төгрөг, иргэний хариуцагч С.Б-ээс 900.000 төгрөг,   иргэний   хариуцагч Р.С-аас  7.200.0000 төгрөг,  иргэний хариуцагч Н.М-аас 7.650.000 төгрөг, иргэний хариуцагч Д.У-ээс 900.000 төгрөг, ... иргэний хариуцагч Ч.У-аас 900.000 төгрөг, иргэний хариуцагч Б.С-аас 1.350.000 төгрөг тус тус гаргуулж .... дүүргийн Эрүүл мэндийн төвд олгохоор ...” шийдвэрлэжээ.

Тус хуралдаан эхэлж, ирц шалгаж байх явцад /бичлэгийн 03:21 дэх хоромд/ иргэний хариуцагч Б.Д, Н.М, Т.Лх нар “өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Биднийг төлөөлөх өмгөөлөгч авах хүсэлтэй байна” гэсэн, ... 08:14 дэх хоромд даргалагч “хурал эхэлчихсэн шүү дээ. Өмнөх хуралдаанд Б, Д, У гэх хүмүүс ирсэн юм байна. Өмнөх шүүх хуралдаан хойшлоход яагаад ирцтэй холбогдуулаад, Г өмгөөлөгч шинээр орж ирж байгаа, хавтаст хэргийн материалтай танилцана гэдэг хүсэлт гаргаад, Э өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргаад ирцтэй холбогдуулж өөр санал, хүсэлт байна уу гэж хэлсэн. Тухайн үед өмгөөлөгч авах асуудлаа ярихгүй яагаад хурал хийх болохоор ийм юм ярьж байгаа юм ...” гэсэн, иргэний хариуцагч нэр бүхий иргэд “тухайн үед иргэний хариуцагчаар оролцох эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй байсан” гэсэн байна.

Хүсэлтийг “... иргэний хариуцагч нарын гаргаж байгаа хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй хуулийн үндэслэлд хамаарахгүй ...” гэж дүгнэн шүүгчийн 2024/ШЗ/.... дугаар захирамжаар хангахаас татгалзсан.

Давж заалдах гомдол гаргахдаа иргэний хариуцагч нар өмгөөлөгч авсан, тэдгээр нь “... өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй орхиж, ... миний үйлчлүүлэгчдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй ...” гэсэн гомдлыг гаргасан, давж заалдах шатны шүүх “... нэр бүхий иргэний хариуцагч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох этгээдэд хамаарахгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээр нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн байх тул өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй ...” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна[1].

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, өсвөр насны, монгол хэл, бичиг мэдэхгүй, бүх насаар хорих ял оногдуулж болох, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй гэж заажээ.

Иргэний хариуцагч нарын оролцож байгаа эрүүгийн хэрэг нь зайлшгүй өмгөөлөгч авах хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн тус эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан тоотод дурджээ.

Иймд, илтгэгч гишүүний “... хэргийг давж заалдах шатны шүүх хянан үзэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн байх тул иргэний хариуцагч нарын өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй ...” гэж дүгнэснийг хүлээн авч, холбогдох шүүгч О.Жанчивнямбууд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, хэргийн оролцогч нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгч авахгүй гэж хэлснээр хязгаарлалгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрхээр хангаж байх нь зүйтэй гэдгийг дурдаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГС/2025/0123 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу /өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан/-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

                                  ГИШҮҮД                                          Д.АРИУНТУЯА

                                                                                                   О.НОМУУЛИН