
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-28
Дугаар 144
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар иргэн А.Б-ы өргөдлөөр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0117 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
“... Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасныг зөрчсөн гэх тухайд;
1.1. Өргөдөлд “... бүтэн жилийн турш “нэхэмжлэлийн шаардлага тодруулах, хүсэлт өөр байгаа эсэх” гэх мэтэд шүүгч оролцох нь хуульд үл нийцнэ, ... шүүгч Д.Батхуяг нь 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаануудад “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулна”, “гаргасан хүсэлт талаар тайлбар авна" хэмээн шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасан “зохигчдын мэтгэлцэх” үе шатны ажиллагаа явуулж, хуралдааны процессыг зөрчиж хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлүүлээгүй байхад талуудаас асуулт, хариулт авах, хүсэлтийн талаар тайлбар сонсох хэлбэрээр “мэтгэлцүүлэх”-ийг эрмэлздэг бөгөөд хариуцагч талаас хууль зөрчсөн ажиллагааны талаар хуулийн дагуу шаардлага гаргахад “хуралдаанаас гаргана, дуугүй байх”-ыг шаарддаг ...” гэж дурджээ.
Шүүх хуралдаан товлогдсон 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг авахаар гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/.... дугаар албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт хандахад 2024 оны 07 дугаар сарын 23, 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг хадгалж байсан хард эвдэрсэн тул сэргээх боломжгүй гэх хариуг шүүхийн Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар албан бичгээр ирүүлсэн ч шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлтийг хэлэлцсэн талаар тусгагдсан байх тул үүнд үндэслэн дүгнэлт өгөх боломжтой гэж үзсэн.
Шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 23, 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд, зохигч талуудаас хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаж, хүсэлттэй холбоотой тайлбараа хэлж, шүүгчээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт нь нэхэмжлэлийн “дундын эд хөрөнгө гаргуулах” шаардлагатай холбоотой эсэх, хүсэлтэд дурдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх, гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгүүд мөн эсэх, гэрч нараас мэдүүлэг авснаар талууд нэхэмжлэлийн шаардлагын юуг нотлох, эсхүл үгүйсгэхийг тодруулах зорилгоор асуулт асуусан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар даргалагчаас хэргийн оролцогчдын хэн алинаас нь шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргах хүсэлт болон нотлох баримт байгаа эсэхийг асууж, талуудаас гаргасан хүсэлттэй холбоотойгоор асуулт асууж, саналыг сонссон байх бөгөөд хүсэлтийн талаар тодруулсныг шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзэхгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчилсан бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг нээн, шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлан татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлана. Улмаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос гаргах хүсэлт байгааг асууж, хэрэв хүсэлттэй бол түүний үндэслэлийг сонсож, бусад оролцогчдоос хүсэлттэй холбоотой тайлбар, саналыг сонссоны дараа хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд даргалагч хэргийн талаар танилцуулснаар хэргийг хэлэлцэх шат эхлэх бөгөөд зохигч мэтгэлцсэний дараа нотлох баримт шинжлэх, асуулт асуух дарааллыг тогтоодог.
Тухайн өдрүүдийн шүүх хуралдаан хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө буюу хүсэлт хэлэлцэх шатанд дууссан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих зарчмын хүрээнд хүсэлт гаргах болсон үндэслэл, шалтгаан, энэ нь тухайн хэргийн шаардлагатай хэрхэн холбогдож байгаа зэргийг тайлбарлуулан, үүнтэй холбоотой саналыг эсрэг талаас сонсож шийдвэрлэх нь хуульд нийцсэн ажиллагаа юм.
Мөн 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрүүдийн хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс үзэхэд, даргалагчаас “шүүх хуралдааны танхимаас гаргана, дуугүй байх”-ыг шаардсан зүйл хэлээгүй байна.
Түүнчлэн, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/.... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагаас ирүүлсэн “А.Б-аас М.А-т шилжүүлсэн гэх 2 газрын өмчлөх эрхтэй холбоотой баримтуудыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулах” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч газар өмчлөхтэй холбоотой мэдээллийг гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул дээрх баримтуудыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, .... аймгийн ..... сумын Газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар өмнө гаргасан хүсэлтээ тодруулсан. Шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/..... дүгээр захирамжаар хариуцагчийн газар өмчлөх эрхтэй холбоотой баримтуудыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус газраас хариуцагч газар өмчилсөнтэй холбоотой бүртгэл байхгүй гэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дээрх баримтуудыг .... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/..... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
1.2. Өргөдөлд “... 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хоорондоо эвлэрэх эсэх”-ийг тодруулах гэх мэт хуульд заасан хуралдааныг явуулах дарааллыг зөрчин хуралдааныг удирдаж байгаа шүүгчийн үйл ажиллагаа хуульд үл нийцдэг ...” гэж дурдсан тул тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд,
Бичлэгийн 0:22:03 секундээс эхэлж даргалагч “Эд хогшлын асуудлыг талууд хоорондоо яриад шийдэж болдоггүй юм уу” гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Хоорондоо ярих ямар ч боломжгүй” гэж хариулж байна.
Даргалагчаас: “Авч үлдсэн юм бол тодорхой хэмжээгээр нь зөвшөөрөөд хоорондоо тохиролцож болдоггүй юм уу” гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Тэрийг би бас хэлдэг юм. Асуудал шийдэгдтэл яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Хариуцагч болон хариуцагчийн ээж нь хүртэл 700,000 төгрөгийн чулуун текийг нэхэмжлэгчийн аав, ээж нь авч өгснийг хүлээн зөвшөөрдөг. Харин бусад эд хогшлын хувьд хариуцагч ч өөрийн мөнгөөр авсан гэж ярьдаг” гэж хариулж байх үед нэхэмжлэгч талаас “Бэлэглээгүй ээ, өөрсдөө худалдаж авсан юм” гэж давхцаж ярих үед даргалагчаас “Та чимээгүй байж бай” гэж нэхэмжлэгч талд анхааруулж байна.
Үргэлжлүүлэн даргалагчаас: “Талуудын төлөөлөгчид хоорондоо ярилцаад эд хогшлын асуудлыг ядаж өөрсдөө шийдэж өгч болдоггүй юм уу” гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Ярилцъя гэхээр үл ойлголцоод хэлэлцэж чадахгүйгээр дуусдаг” гэж хариулж байна.
Даргалагчаас: “Хариуцагчийн зүгээс авч үлдсэн гэж үзээд байгаа эд хөрөнгөөс эд нарыг нь тодорхой хэмжээгээр тэдэн төгрөгөөр үнэлээд ч юм уу, хүлээн зөвшөөрөөд эвлэрэх боломж байхгүй юм уу” гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Би хариуцагчаас өөрөөс нь асууж үзсэн юм. Тэгэхэд 700,000 төгрөгийн эд хогшлыг Б.У-ийн ээж аав нь шинэ байранд бэлэг гэж өгсөн гэдэг. Бэлгийн зүйлийг одоо яахаар юм бэ гэсэн. Бусдыг нь үнэхээр А.Б өөрөө авсан гэдэг. Надад олгоогүй эрхээр би эвлэрч болохгүй” гэж хариулж байна.
Даргалагчаас: “Тэгэхээр эвлэрэх боломжгүй юм байна, тийм үү” гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Тийм” гэж хариулж байна.
Бичлэгээс үзэхэд, хүсэлт шийдвэрлэх шатанд буюу хэрэг хэлэлцэж эхлээгүй байх үед шүүгч нь эвлэрэх талаар асуусан болох нь бичигдсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ”, 106.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж заасантай нийцээгүй боловч эвлэрлийн талаар асуусныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Учир нь эвлэрэл нь нэхэмжлэгч болон хариуцагч харилцан буулт хийх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр эвлэрлийн гэрээ байгуулах бөгөөд энэ нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тохиолдолд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай тул нэхэмжлэлийн бүх шаардлагын хүрээнд эвлэрэх эсэхийг асуугаагүй, харин зөвхөн маргаж байгаа гэрийн эд хэрэглэлийн асуудлыг хоорондоо ярилцаад шийдвэрлэх боломжтой эсэх талаар асуусныг гэрийн эд хэрэглэлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхэд чиглэсэн гэж үзэж, шүүгчийг хууль зөрчсөн гэж шууд дүгнэхээргүй байна.
1.3. Өргөдөлд “... 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг эхлүүлэх үе шатанд хариуцагч А.Б-ны өгсөн итгэмжлэлээр П.Д, түүний ээж М.А нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор ирсэн ч “нэг л итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ёстой” гэж шүүгч ямар нэг “шийдвэр гаргалгүй, хуульд огт байхгүй үндэслэл”-ээр шаардлага тавьсан учир аргагүй байдалд орж, ээж М.А хуралдаануудад "ажиглагч” хэмээх хуульд томьёологдоогүй “оролцогчоор” аргагүй байдалд хүрч оролцох болсон ...” гэж дурдсан.
Хариуцагч А.Б нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М.А-т, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр П.Д-д тус тус итгэмжлэл олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.
Төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн, шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй. Төлөөлөгчийн хийсэн хэлцлээс үүсэх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болдог бөгөөд үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна” гэж зааснаас авч үзвэл, нэхэмжлэгч өөрийн хуулиар эдлэх эрх, хүлээх үүргийг итгэмжлэлийн үндсэн дээр бусдад шилжүүлсний дагуу төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэгэн адил түүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул төлөөлөгч томилон оролцуулах, эсхүл нэхэмжлэгч өөрөө оролцох тохиолдолд төлөөлөгчөөсөө татгалзаж бие даан оролцох шаардлага үүсдэг.
Өөрөөр хэлбэл, нэг иргэнд үүссэн нэхэмжлэгчийн эрх, үүргийг нэг иргэн итгэмжлэлээр хүлээн авч, түүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх тул өргөдөлд дурдсан энэ асуудал үндэслэлгүй байна.
1.4. Өргөдөлд “... Шүүхэд гаргасан хүсэлтийг “гар бичмэл” байна хэмээн хариуцагч талыг илтэд буруутгах өө хайж, хуульд заагаагүй журмыг шаардах нь илтэд үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтүүд гаргадаг ба тэдгээрийн ихэнх нь “гар бичмэл”, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг нээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар “... ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж ...” гэсэн журмын дагуух ажиллагааг явуулахдаа “хэний ямар хэрэг” гэдгээ сайн мэдэхгүй, түгдчин, хэргээ судалсан, танилцсан эсэхэд ч эргэлзээ төрөхөөр үйлдэл нь “шүүхэд итгэх итгэл” гэдэг нь энэ мэт багахан зүйлээс эхлэлтэй байлтай ...” гэжээ.
Шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэгийн 0:14:10 секундээс эхэлж хуралдаан даргалагч “Нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжиж байгаа юм байна, тийм үү” гэхэд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Тийм. Дээр нь ... тоот 2 өрөө байрыг хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлж, зах зээлийн ханшийг тогтоолгох хүсэлт гаргаж байна. Энэ байр 2022.01.26-ны өдөр Б-ны нэр дээр бүртгэгдсэн байсан” гэж хариулж байна.
Хуралдаан даргалагч “Хүсэлтээ компьютероор шивээд өгөх боломж байдаггүй юм уу” гэхэд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Би хариу нь ирсэн байна гэхээр нь явж байгаад гараар бичээд өгсөн ...” гэж хариулж байгаа нь бичигджээ.
Мөн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бичлэгийн 0:15:50 секундээс эхэлж даргалагчаас талууд хүсэлтээ урьдчилаад компьютер ашиглаад шивээд өгч байх талаар хэлсэн болох нь бичигджээ.
Иргэний хэрэгт үзлэг хийхэд, нэхэмжлэгч, хариуцагч хэн алинаас нь хүсэлтүүдээ гараар бичиж өгсөн байх бөгөөд хүсэлтүүдийг “гар бичмэл” гэх үндэслэлээр хүлээн авахгүй, эсхүл шийдвэрлэхгүй гэх байдлаар хэргийн оролцогчдод шаардлага тавиагүй, харин шүүхэд гаргаж байгаа бичгүүдээ албан бичиг хэрэг хөтлөх стандартад нийцүүлэх, хэргийн бусад оролцогчдод ойлгомжтой байх шаардлага тавьсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Шүүгчийн тавьсан дээрх шаардлага нь ч мөн адил “шүүхийг хүндэтгэх” хэргийн оролцогчдын үүрэгт хамааралтай гэж үзлээ.
Дээрх дурдсанчлан, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг байхгүй тул “хэргээ судалсан, танилцсан эсэхэд ч эргэлзээ төрөхөөр үйлдэл гаргасан” гэх үндэслэлийг шалгах боломжгүй боловч “түгдэчсэн байдалтай шүүх хуралдааныг нээсэн” гэх үндэслэл нь “хуулийн илт тодорхой заалтыг зөрчих зөрчил”-д хамаарахгүй.
1.5. Өргөдөлд “... шүүгч нотлох баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр төрийн байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүчингүй болсон хуулийн заалтад үндэслэн захирамж гаргасан болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн ажиллагаа явуулжээ, ... 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан өмнөх буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн гаргасан хүсэлтийн агуулгатай ижил хүсэлтийг хүлээн авч мөн хүчингүй болсон хуулийн зүйл заалтаар шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч талд танилцуулаагүй хариу тайлбар гаргах гэх мэт мэтгэлцэх зарчим мөн хэрэгжих боломжгүйгээр шүүгч шийдвэрээ гаргасан ...” гэж дурдсан байна.
Дээр дурдсанчлан, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/...... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С-аас ирүүлсэн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шаардсан баримт ирээгүй тул шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/.... дүгээр захирамжаар уг баримтуудыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь агуулгын хувьд өмнө нь хариуцагч талд танилцуулж байгаагүй болон хуралдаанаар хэлэлцээгүй шинэ баримтуудыг гаргуулах тухай хүсэлт бус, харин хариуцагч тал оролцсон өмнөх хуралдаанд хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн хүсэлт байх бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар өөр байгууллагаас гаргуулах талаар ирүүлсэн хариуг үндэслэн уг нотлох баримтуудыг гаргах боломжтой газраас нь гаргуулах талаар хэлэлцсэн байна.
Харин 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргасан “маргаан бүхий байрны зах зээлийн ханшийг тогтоолгох, гэрлэгчдийн хоорондоо бичсэн чатад үзлэг хийлгэх, А.Б-ыг 2019-2022 онд Япон улсад амьдарч байсан болохыг тогтоолгох” хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байх тул өргөдөл үндэслэлгүй байна.
Мөн өргөдөл гаргагч нь шүүгчийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн энэ хэсэг нь “67.1.5.хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт; лавлагаа авах. /Энэ заалтыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний хуулиар нэмсэн/, /Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/” гэсэн хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлан хүсэлтийг шийдвэрлэсэн гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд хэрэг үүсгэсний дараа шүүгчийн хийх үүрэгтэй ажиллагааг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 67.1.5 дахь хэсгийг хүчингүй болгосон нь шүүгч хэргийн оролцогчдын хүсэлтэд үндэслэхгүйгээр, мөн тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагагүй байхад хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн талаар заавал баримт цуглуулах үүрэггүй талаар зохицуулсан зохицуулалт байна.
Тухайн иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гэрлэгчдийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхийн тулд хариуцагчийн банкны дансны хуулга, газар өмчлөх эрхтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн, хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэн захирамжуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь хэсгийг баримтлан нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж байгаа талаар дурдаагүй, уг хуулийн заалтыг бичээгүй байгааг тэмдэглэв.
Түүнчлэн, иргэний хэрэгт үзлэг хийхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар гаргасан ямар нэгэн хүсэлт болон энэ талаарх арга хэмжээ авсан захирамж байгаагүй бөгөөд өргөдөлд “... дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, .... аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн хязгаарлалтыг өмчлөгч нар өөрсдөө өөрийнхөө хөрөнгийн талаарх мэдээлэл авахыг хүсдэг ч шүүхээс хязгаарлалт тогтоосон гэхээс өөрөөр хариулт өгдөггүй болсон. А.Б, М.А нарын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар өмчлөх эрхийг хязгаарласан хуульд үл нийцсэн ажиллагаа болсон ...” гэж дурдсан нь шүүгчийн үйл ажиллагаатай хамааралгүй байна.
1.6. Өргөдөлд “... Нэхэмжлэгчийн гаргасан төрсөн эгч Б.Н-г гэрчээр асуулгах хүсэлтийг ханган түүнээс мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа хариуцагч талд мэдэгдээгүй, нэхэмжлэгч талыг дангаар нь оролцуулан уг ажиллагааг явуулсан, ... тэмдэглэлд шүүгч Д.Батхуяг асуулт асууж уг ажиллагааг явуулсан хэдий ч түүний гарын үсэг “нөхөгдөж” зурагдсан байгаа нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэж дурджээ.
Шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/.... дугаар захирамжаар Б.Н-гаас гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу Б.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хариуцагч талаас хуралдаанд ирээгүй байх бөгөөд гэрч нь БНСУлс руу явахаар болсон тул дараагийн шүүх хуралдаанаас өмнө гэрчээр асууж өгөхийг хүссэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасны дагуу 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг байлцуулан мэдүүлэг авсан байна.
Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “гэрлэлт цуцлуулах, А.Б-аас орон сууцны оногдох хэсэг болон гэрийн зарим эд хогшлын үнэ 83,1 сая төгрөгийг гаргуулах” гэж тодруулан өөрчилж, мөн маргаан бүхий байрыг Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлэхдээ гэрийн зарим эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргажээ.
Шүүгчийн туслахаас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 44 минутад хариуцагчийн ..... дугаарын утас руу холбогдож “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн тул ирж гардаж авах, хүсэлттэй танилцах” талаар хэлэхэд “итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулъя” гэж хэлснийг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д-гийн .... дугаарын утас руу холбогдож “нэхэмжлэлийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авах, хүсэлттэй танилцах, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад Б.Н-аас гэрчийн мэдүүлэг авахаар болсон, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон” талаар мэдэгдэхэд “за, ойлголоо” гэх хариу өгсөн болохыг тус тус тэмдэглэлээр баталгаажуулснаас үзэхэд, гэрчийн мэдүүлэг авахдаа хариуцагч талд мэдэгдээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д-г 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхийн 203 тоотод ирэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн талаар өргөдөлд дурдсан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан зэргээс үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс дуудсан хугацаанд очоогүй, үүний улмаас гэрчээс мэдүүлэх авах ажиллагаанд оролцоогүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд шүүгчийн гарын үсэг зурсан үзэг нь нэхэмжлэгч, нарийн бичгийн дарга, гэрч нарын зурсан үзгээс өөр байгааг үндэслэн “нөхөгдөж” зурсан гэж таамаглах боломжгүй бөгөөд зөвхөн сэжиг таамагт үндэслэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй, мөн мэдүүлэг авах ажиллагааг шүүгч явуулсан гэдэгтэй хариуцагч талаас маргаагүй болохоо өргөдөлдөө дурдсан байгаагаас харагдаж байна.
1.7. Өргөдөлд “... 2024 оны 12 дугаар сарын 05-ны 10.00 цагт товлосон шүүх хуралдаанаас гаргасан захирамжийн ... захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “... иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсугай” хэмээн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн өдрөө буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны 181/Ш32024/.... дугаар захирамжаар шийдвэрлэжээ. Уг захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан захирамж, түүний үндэслэлд байгаа хариуцагч талаас иймэрхүү агуулга бүхий хүсэлт гаргаагүй байдаг, ... Шүүгчийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны 181/Ш32025/.... дугаар захирамжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болсон маргааны зүйл болох эд хөрөнгийг үнэлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлт 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Б.У гаргасан байдаг. Уг хүсэлтийг гаргаснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 06-аас 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 194 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах, дараагийн шүүх хурлыг мөн л жич товлохоор шүүгч шийдвэрлэжээ ...” гэж “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 464 хоног үргэлжилж байна, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр тоймлон тооцоход 308 хоног хууль зүйн үндэслэлгүй хугацааг хэтрүүлж байна” гэх өргөдлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг заасан бөгөөд шүүгч нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.У-ээс гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ЗТ2024/.... дүгээр тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Шаардсан нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргах боломжгүй гэснийг үндэслэн ..... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/.... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч заасан хугацаанд хариуг ирүүлээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар шаардсан баримтууд ирээгүй гэх үндэслэлээр хойшлуулж, мөн Шүүх байгуулах тухай хуульд зааснаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор дараагийн шүүх хуралдааныг жич товлосон байх ба тус захирамжийн үндэслэх хэсэгт хариуцагчаас гаргасан хүсэлтээр хуралдааныг хойшлуулж байгаа гэх үндэслэлийг дурдаагүй байна.
Мөн шинжээч томилуулах хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс гаргасныг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн байх боловч уг хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулахаар хүргүүлсэн захирамжийн биелэлт удаа дараа хангагдахгүй байсан, шүүхээс гарах аливаа шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд маргааны үйл баримтыг бүрэн тогтооход чиглэсэн нотлох баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулах, улмаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлсний дараа шүүх хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэхэд чиглэсэн гэж үзэхээр байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэлх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсныг буруутгахгүй.
Хэдийгээр тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа маш их удаашралтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байх боловч дээр дурдсанчлан шүүгч захирамжийн биелэлтийг хангуулахаар боломжит бүх байгууллагуудад нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, дараагийн шүүх хуралдааныг танхимын хүрэлцээ, ачааллыг харгалзан товлон хуралдуулдаг, үүнийгээ захирамждаа дурдаж, хэргийн оролцогчдоос саналыг нь асуудаг зэргээр шүүх, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, нотлох баримт цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, мөн эрүүл мэндийн шалтгаанаар нэг сарын хугацаагаар чөлөөтэй байсан, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг товлон хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг үндэслэлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Гэвч цаашид шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахад шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллавал зохино.
Хоёр. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасныг зөрчсөн гэх тухайд;
2.1. Өргөдөлд “... 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаануудад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-гийн нөхөр гэх иргэн хуралдаан бүрд оролцоно.Тэрээр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцож шүүх хуралдааны болон хэргийн оролцогч мэт эхнэртэйгээ нийлж хариуцагч талтай “мэтгэлцэнэ”, хуралдааны дундуур гарч. орох нь түүний “эрх” ...” гэж дурджээ.
Шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн нөхөр гэх хүн оролцсон талаар тусгагдаагүй байх ба даргалагчаас танхимд ирсэн оролцогчдын биеийн байцаалтыг шалгаад хэргийн бус оролцогч этгээд байгаа эсэх талаар тодруулж асуусан зүйл байхгүй байна. Мөн “Б.Н-ийн нөхөр” гэх хүн ямар нэгэн байдлаар хариуцагч талтай мэтгэлцсэн, асуулт асуусан, хариулсан гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй.
Шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д нар оролцсон болох нь тогтоогдсон тул өргөдөл үндэслэлгүй байна.
2.2. Өргөдөлд “... 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгч талд “илүү боломж” олгосноор хүсэлтийн үндэслэлээс хальсан агуулга бүхий олон зүйлсийг хамааруулан тайлбарлах, хариуцагч талыг элдэв бүдүүлэг үгээр хэлэх нь хэрээс хэтэрнэ, түүнчлэн шүүгчийн “нэхэмжлэлийн шаардлага”-ыг тодруулах агуулгаар нэхэмжлэгч талаас олон асуултыг асуух, заримыг давтаж асууна, өмнө гарсан хүсэлтийг асуусаар тодруулсаар дахин гаргуулах, өмгөөлөгчийнх нь зөвлөн туслахуйц нөхцөл байдлыг тэдэнд хөтлөх асуултаар асуух гэх мэт өнгө аястай шүүх хуралдаан ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд үл нийцэж явагддаг байсан ба энэ нь дахин хэлэхэд хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч талын дээр дурдсан нөхцөл байдал байсаар атал шүүгч хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байдаг ...” гэж дурдсан.
Тус иргэний хэргийг хэлэлцэхээр товлосон 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд даргалагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэгт нотлох баримт гаргаж өгч байгаа эсэх талаар асуухад “Аваа ав” гэж дургүйлхсэн байдлаар хэлэх, даргалагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж байх үед “хүсэлт тодруулж байгаа юм уу, нэхэмжлэлийн шаардлага асууж байгаа юм уу” гэж асуух, дур мэдэн ярих зэрэг үйлдлүүдийг гаргасан тул даргалагч 2 удаа түүнийг шүүх хуралдааны дэг сахихыг сануулахад “шүүгчээс татгалзана, ёс зүйн хороонд мэдэгдэнэ” гэж авирлахад дахин дэг сахихыг сануулсан байна. Дахин “ингэж хууль зөрчдөг юм байх даа” гэж хэлэхэд нь даргалагчаас дэгийг дахин зөрчвөл танхимаас гаргахыг сануулжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтээ бичгээр бичсэн эсэхийг асуухад “Хурлаас гараад өгчихье, цаас алга” гэж хариулсан тул даргалагч түүнд хуралдаанд бэлтгэлтэй ирэх ёстой талаар хэлэхэд “Мэдэж байгаа” гэж хариулсан байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагчаас “Энэ бичиж байсан зүйлсийг нь он сартай нь тавих уу? Энийг яаж батлуулах вэ” гэж асуухад даргалагч “Та өмгөөлөгчөөсөө асуу” гэж хариулах үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Больчуул яасан юм бэ шүүгчээ” гэж хэлсэн байх бөгөөд даргалагч түүнийг биеэ зөв авч явахыг сануулж, даргалагчийн зөвшөөрлөөр тайлбараа хэлэх, талуудад хүндэтгэлтэй хандах, үг хэлэхдээ босох, даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй талаар хэлсэн зэргээр тэмдэглэлд тусгагдсан байгаагаас үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан “шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах ” үүргээ зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээр байх тул шүүгчийг шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах, журам зөрчвөл сануулах зэрэг хуульд заасан ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.
Мөн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулахад “Миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гэдгийг юу гэж ойлгож байгаа талаар асуухад “Та надад хичээл заагаад байгаа юм уу, би үндэслэлээ тайлбарласан, нэмж тайлбарлах шаардлагагүй” гэж, хүсэлттэй холбоотой тайлбар хэлэхгүй байсан тул энэ талаар сануулж, суудалдаа суухыг хэлэхэд “Та ингэж л хариулдаг” гэж, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг гардаж авсан талаар асуухад “Аваад бид тайлбараа өгөх гэж байна” гэж, гардаж авсан баримт дээр мэдээллээ бөглөх талаар хэлэхэд “Би бөглөхгүй, шүүгчийн туслах бөглөнө” гэсэн нь тэмдэглэлд тусгагджээ.
Шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бичлэгийн 0:41:16 секундээс эхэлж даргалагч: “Тус орон сууцыг А.Б-аас хэн рүү шилжүүлчихсэн юм бэ” гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “А.Б-аас А.Ж руу шилжүүлсэн юм байна” гэж хариулаад үргэлжлүүлэн бичлэгийн 0:41:25 секундээс эхэлж “Бүх нотлох баримтууд хэрэгт байгаа. Хэрэгтэйгээ танилцаагүй юм уу, хаашаа юм, байгаа шүү дээ” гэж,
Бичлэгийн 0:35:35 секундээс эхэлж даргалагч “Нэхэмжлэгч тал шинжээч томилуулъя, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоё гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлэх үү” гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Нэхэмжлэгч тал анхны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын асуудлаарх баримтаа хэргийн оролцогч өөрсдөө бүрдүүлэх, цуглуулах үүрэг хүлээчихсэн байдаг учраас бүтэн жил өнгөрсний дараа өнөөдөр тэр асуудлаа ярьж байгаа нь надад харамсалтай санагдаж байна ...” гэж хариулахад нь даргалагч “Хүсэлттэй холбоотой тайлбараа хэлнэ үү” гэж,
Даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байх үед бичлэгийн 0:44:26 секундээс эхэлж нэхэмжлэгч талаас “Би юм хэлж болох уу” гэж хэлэхэд даргалагч “Байж байгаарай” гэж хэлсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байх бөгөөд бичлэгийн 0:45:11 секундээс эхэлж даргалагч “Та суучих аа, хариуцагчаас хүсэлттэй холбоотой зүйлүүдээ асуугаад дуусгаадахъя” гээд хариуцагч талаас асуулт асууж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулж байх үед бичлэгийн 0:46:08 секундээс эхэлж нэхэмжлэгч талаас давхцаж юм ярих ба даргалагч “Би дарааллаар нь асууж байна” гэж,
Бичлэгийн 0:46:58 секундээс эхэлж нэхэмжлэгч талаас “Шүүгчээ гаргаж өгсөн баримтуудын хуулгыг нь өгч болох уу” гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Та нар болимоор юм даа, хуульч байж” гээд нэхэмжлэгч, хариуцагч талууд хоорондоо үл ялиг маргалдсан болох нь тус тус бичигдсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт ойлголтыг төрүүлэх, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.
Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцно.
Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзэхэд, даргалагчаас “шүүх хуралдаанаас гаргана” гэх агуулга бүхий зүйлийг хэргийн оролцогчдод хэлээгүй, зүй бус харьцсан үйл баримт тогтоогдоогүй мөн хэргийн оролцогчдоос бүдүүлэг үг хэлээгүй байх бөгөөд даргалагчийн асуусан асуултаас өөр зүйл ярих, давхцаж ярих үед тасалж, асуултын дагуу хариулах, дарааллын дагуу үгээ хэлэх зэргээр сануулсан байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагч болон нэхэмжлэгч тал руу хандаж давшилсан өнгө аястайгаар харилцсан болох нь бичигдсэн байх бөгөөд даргалагчаас нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдтэй холбоотой асуулт асууж, тайлбар авсан, хүсэлтийг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой гэдгийг тайлбарлаж, энэ талаар тодруулсан байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан бүрдүүлбэр хангагдсан эсэх, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон түүнд хавсаргасан баримтуудын хүрээнд шалгаж, хэрэв татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл хэрэг үүсгэх тухай захирамж гаргахаар хуульчилсан тул Б.У-ээс гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт хийн иргэний хэрэг үүсгэсэн нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд “гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгө гаргуулах” шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос маргаж байгаа эд хөрөнгийнхөө үнийг шинжээчээр тогтоолгох, холбогдох лавлагаа, баримтуудыг гаргуулах, гэрч оролцуулах гэх мэт хүсэлт гаргасантай холбоотойгоор энэ талаар тодруулах, гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө мөн эсэх, гэрчээс мэдүүлэг авснаар ямар нөхцөл байдлыг тогтоох боломжтой эсэхийг тодорхойлоход чиглэсэн асуулт асуух нь зөрчилд хамаарахгүй.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Д.Батхуяг тайлбартаа: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүссэн. /А.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгө гаргуулах тухай Б.У-гийн нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн/
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. /Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагч А.Б-д шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн/
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авсан. /Хэргийн материал, эрх, үүрэг, нөлөөллийн баримттай танилцсан/
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн.
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтууд гаргаж өгсөн.
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан. /Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан/
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан.
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг товлуулах хүсэлт гаргасан.
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32024/.... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар руу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32024/..... дугаар захирамжийг хүргүүлсэн.
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтуудыг ирүүлсэн.
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шинээр нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан.
2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32024/.... дугаар захирамжаар иргэний хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад товлосон.
2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалыг нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан.
2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй оролцох, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үзлэг хийлгэх тухай хүсэлтийг тус тус гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас .... тоот гэр бүлийн хэрэгцээний газар, .... аймгийн .... сумын ... тоот, .... тоот гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, М.А-гийн нэр дээр уг эд хөрөнгө шилжсэн талаарх холбогдох баримтыг, Х ХК, Г ХК, Х ХК, Т ХК, Б ХК, Х ХК нараас хариуцагч А.Б хадгаламж эзэмшдэг эсэх талаарх лавлагааг тус тус гаргуулж, гэрч оролцуулах болон шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойших дансны хуулга, орлого, зарлагын мэдээллийг он оноор гаргуулах хүсэлтийн үндэслэл тодорхойгүй байх тул уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ... Газар зохион байгуулалтын алба, Х ХК, Г ХК, Х ХК, Т ХК, Б ХК, Х ХК нар руу дээрх шүүгчийн захирамжийг хүргүүлсэн.
2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүгч Д.Батхуягийг татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан.
2024 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Б ХК, Х ХК, Х ХК нараас шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтыг гаргаж өгсөн.
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 181/ЕШ32024/.... дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон.
2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан.
2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т ХК, ... газар зохион байгуулалтын алба, Х ХК, Г ХК нараас 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтыг ирүүлсэн.
2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан.
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд:
-нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, хариуцагчийг албадан ирүүлэх тухай хүсэлтийг, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан,
-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.
-шүүх нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хангаж, бусад хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны дараа хариуцагчийн байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан.
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч А.Б-д “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн тул ирж гардаж авах, хүсэлттэй танилцах” талаар мэдэгдэхэд “Би кино зураг авалтаар Хөвсгөл аймагт байгаа тул очих боломжгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулъя” гэсэн.
2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д-гийн .... дугаарын утас руу залгаад “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн тул ирж гардаж авах, хүсэлттэй танилцах, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад гэрч Б.Н-аас гэрчийн мэдүүлэг авахаар болсон, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон” талаар тус тус мэдэгдэхэд “за, ойлголоо” гэх хариу өгсөн.
2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д-д нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гардаж авах болон гэрчээс мэдүүлэг авах, шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн.
2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар руу тус тус 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүргүүлсэн.
2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д-гийн гэрийн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар шуудангийн магадалгаа, Засаг даргын тодорхойлолт ирсэн.
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Б.Н нь БНСУ руу явах болсон тул гэрчийн мэдүүлгийг урьдчилж өгөх хүсэлт гаргасан.
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Н-аас гэрчийн мэдүүлэг авахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн бөгөөд хариуцагч талаас ирээгүй.
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс захирамжид дурдсан нотлох баримтыг ирүүлсэн.
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д гардан авч, хэргийн материалтай танилцсан.
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч А.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ээс татгалзсан.
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч хариу тайлбар ирүүлсэн.
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг, мөн нотлох баримт бүрдүүлж өгөх тухай хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас хариу ирүүлсэн.
2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт ирүүлсэн.
2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/Ш32024/.... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж, .... тоот хаягт бүртгэлтэй өмчлөлийн газартай холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр .... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү дээрх шүүгчийн захирамжийг хүргүүлсэн.
2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр .... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг ирүүлсэн.
2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32024/.... дугаар захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/Ш32024/.... дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжид заасан нотлох баримтыг холбогдох газруудаас ирүүлээгүй байх тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүйгээс шүүх хуралдааныг хийх боломжгүй тул 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг товыг өөрчилж, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн гурав, зургаа дахь хэсгийг2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан тул энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүх хуралдааныг жич товлон зарлахаар шийдвэрлэсэн. Нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор ... хугацаанд шүүх хуралдаан зарлахгүй байхаар шийдвэрлэсэн.
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгсөн.
2025 04 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Д.Батхуягт өвчний улмаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл чөлөө олгосон.
2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уг хэргийн шүүх хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад болох талаар хэргийн оролцогч нарт мэдэгдэж, утсаар ярьсан болох нь хэрэгт авагдсан.
2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг, хариуцагчаас гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 191/Ш32025/.... дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оруулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах хүсэлтийн зарим хэсгийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон.
2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх шүүгчийн захирамжид хариуцагчаас гомдол гаргасан.
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Х ХК, Т ХК, Б ХК, Г ХК, Х ХК руу дээрх шүүгчийн захирамжийг тус тус хүргүүлсэн.
Гомдолд дурдсан асуудлын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 460 гаруй хоног удааширсан талаар дурдсан байх бөгөөд энэхүү тайлбарын нэгд тайлбарласнаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, түүнтэй холбоотой ажиллагаа явуулах, шүүх хуралдааныг хойшлуулах зэргээр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байна.
Гомдолд “шүүх хуралдаанд шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэг иргэнийг хоёр иргэн төлөөлөхөөр шүүх хуралдаанд ирсэн боловч шүүгч нэг төлөөлөгчийг оролцуулах боломжтой гэсэн, шүүхэд гаргасан хүсэлт гар бичмэл байна хэмээн хариуцагчийг буруутгасан, хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлсэн, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, гэрч Б.Н-г асуухдаа хариуцагчид мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн нөхөр шүүх хуралдаанд бүрд оролцсон” зэрэг үндэслэлүүд дурджээ.
Шүүгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэх зорилготой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлсэн. Харин нэг иргэнийг хоёр төлөөлөгч төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд хоёр төлөөлөгчийг зэрэг шүүх оролцуулах боломжгүй байна.
Шүүхэд гараар бичсэн хүсэлт гаргасныг хуульд заасан журмын дагуу хүлээн авч шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлсэн.
Зохигчоос шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд уг арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг шүүгч гаргаагүй.
2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д-гийн .... дугаарын утас руу холбогдож “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн тул ирж гардаж авах, хүсэлттэй танилцах, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад гэрч Б.Н-аас гэрчийн мэдүүлэг авахаар болсон, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон” талаар тус тус мэдэгдэхэд “за, ойлголоо” гэх хариу өгсөн.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос бусад этгээд оролцоогүй бөгөөд нээлттэй шүүх хуралдаанд бусад этгээд оролцох боломжтой болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд гомдолд дурдсан асуудлыг хэргийн материал буюу шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгээс тодруулах боломжтой.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.Б, шүүгч Д.Батхуягт холбогдуулж “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “... хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, хуулийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зэрэг шүүгчид хориглосон үйлдлийг шалгуулж, хариуцлага тооцуулах ...” гэсэн агуулгаар өргөдөл гаргасан байна.
Илтгэгч гишүүний, сахилгын хэрэг үүсгэн, өргөдлийн үндэслэл бүрээр шалгаж, дүгнэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд;
1.1. “... 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаануудад “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулна”, “гаргасан хүсэлтийн талаар тайлбар авна” хэмээн ... хуралдааны процессыг зөрчиж хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлүүлээгүй байхад талуудаас асуулт, хариулт авах, хүсэлтийн талаар тайлбар сонсох хэлбэрээр “мэтгэлцүүлэх”-ийг эрмэлздэг бөгөөд хариуцагч талаас хууль зөрчсөн ажиллагааны талаар хуулийн дагуу шаардлага гаргахад “хуралдаанаас гаргана, дуугүй байхыг шаарддаг” ...” гэжээ.
Илтгэгч гишүүн, 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг шүүхийн Тамгын газраас гаргуулахаар шаардсан, тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг хадгалж байсан хард нь эвдэрсэн, сэргээх боломжгүй тул бичлэгийг гарган өгөх боломжгүй гэх[1] тул тухайн хуралдааны бичлэгийг үзэх, тэмдэглэл хийх боломжгүй нь тогтоогдоно.
Гэхдээ шүүх хуралдааны тэмдэглэл нь мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн сахин биелүүлснийг харуулах баримт болдог бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны албажуулсан тэмдэглэлд, “... даргалагчаас: нэхэмжлэгч талд ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: байгаа гээд хүсэлтээ танилцуулсан, даргалагчаас: хүсэлтээ тодорхой ярих хэрэгтэй байна, ... хүсэлтүүдийг шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулмаар байна. Яг юу шаардаад байгаа билээ ... нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байгаа тохиолдолд хүсэлт шийдвэрлэнэ. Таны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хүсэлт нь тухайн хэрэг маргаанд хамааралтай юм уу, үгүй юу гэдгийг тодорхойлох боломжгүй ...” гэх зэргээр нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай холбож, тодруулж асуусан нь,
- мөн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч, хариуцагч талын аль алинаас нь гаргасан хүсэлттэй холбогдуулан тодруулж асуусан нь,
- 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд, даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргасан хүсэлтийг тодруулж асуусан нь тус тус тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэхээр зааснаар, хэрэг хэлэлцэхээс өмнө хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэлэлцсэн, ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тодруулан асуусан нь хүсэлт шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул шүүх хуралдааны хуралдааны процесс зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Харин 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд, даргалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар асуулт асууж байх явцад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... би танаас татгалзана, таныг ёс зүйн хороонд мэдэгдэнэ, ... ингэж хууль зөрчдөг юм байх даа ...”[2] гэх зэргээр даргалагч болон нэхэмжлэгч нарын яриаг таслах үед даргалагч шүүх хуралдааны дэгийг 4 удаа сануулснаас бус хуралдаанаас гаргана, дуугүй бай гэж хэлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж зааснаар хариуцагчийн дээрх үйлдэлд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуралдааны дэг сахиулах арга хэмжээ авсан шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
1.2. Өргөдөлд “... 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр ... итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хоорондоо эвлэрэх эсэхийг тодруулах гэх мэт хуульд заасан хуралдааныг явуулах дарааллыг зөрчин хуралдааныг удирдаж байгаа шүүгчийн үйл ажиллагаа хуульд үл нийцдэг ...” гэжээ.
Тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт даргалагч “... Эд хогшлын асуудлыг талууд хоорондоо яриад шийдэж болдоггүй юм уу”, ... “Авч үлдсэн юм бол тодорхой хэмжээгээр нь зөвшөөрөөд хоорондоо тохиролцож болдоггүй юм уу”, ... “Талуудын төлөөлөгчид хоорондоо ярилцаад эд хогшлын асуудлыг ядаж өөрсдөө шийдэж өгч болдоггүй юм уу”, ... “Хариуцагчийн зүгээс авч үлдсэн гэж үзээд байгаа эд хөрөнгөөс эд нарыг нь тодорхой хэмжээгээр тэдэн төгрөгөөр үнэлээд ч юм уу, хүлээн зөвшөөрөөд эвлэрэх боломж байхгүй юм уу”, ... “Тэгэхээр эвлэрэх боломжгүй юм байна, тийм үү” гэх зэргээр талуудыг эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт байгаа талаар асууж тодруулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар шүүгч “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрэх боломжтойг сануулах” ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй талаар заасан тул шүүгчийн энэ үйлдэл хууль зөрчөөгүй, илтгэгч гишүүний “... эвлэрлийн талаар асуусныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй ...” гэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.
1.3. “... 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг эхлүүлэх үе шатанд хариуцагч А.Б-ны өгсөн итгэмжлэлээр П.Д, түүний ээж М.А нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор ирсэн ч “нэг л итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ёстой” гэж шүүгч ямар нэг “шийдвэр гаргалгүй, хуульд огт байхгүй үндэслэл”-ээр шаардлага тавьсан ...” гэжээ.
Хариуцагч А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох эрхийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр П.Д-д, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М.А-т тус тус олгосон байна.
Ингээд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд П.Д, М.А нар оролцоход нь даргалагч “... иргэнийг нэг л хүн төлөөлж шүүх хуралдаанд оролцоно ...” гэхэд П.Д нь шүүх хуралдаанд оролцож, М.А нь ажиглагчаар оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, ердийн ажиллагаанаас тусгайлсан “гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн бүлэгт маргааны онцлог байдалтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх онцлог ч тусгасан. Тухайлбал, уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй” гэж заасан хууль тогтоогчийн хүсэл зориг нь “төлөөлөгчид” гэж олон тоог хэрэглээгүй “төлөөлөгч” гэсэн бол нөгөө талаар ялангуяа хариуцагчийг биечлэн оролцуулахаар зохицуулсан. Шүүх хуралдаанд 2 этгээдэд итгэмжлэл олгогдсон, үүнийг тодруулж, аль нэг нь оролцох тухайг сануулсан, үүний дараа нэг нь оролцохоор өөрсдөө шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгчийн дээрх үйлдэл нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, тэдний эрх ашиг, сонирхолд ноцтой хохирол учруулсан гэх үзэх үндэслэлгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
1.4. Өргөдөлд “... шүүхэд гаргасан хүсэлтийг “гар бичмэл” байна хэмээн хариуцагч талыг илтэд буруутгах өө хайж, хуульд заагаагүй журмыг шаардах нь илтэд үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтүүд гаргадаг ба тэдгээрийн ихэнх нь “гар бичмэл”, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг нээхдээ ... “хэний ямар хэрэг” гэдгээ сайн мэдэхгүй, түгдчин, хэргээ судалсан, танилцсан эсэхэд ч эргэлзээ төрөхөөр ...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаан товлуулах[3], гар утас харилцан ярилцсан бичлэгт үзлэг хийлгэх[4], 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаан хойшлуулах[5], 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах[6] гэсэн нийт 4 удаагийн хүсэлтийг,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2024 оны 08 дугаар сарын 11[7], 2024 оны 09 дүгээр сарын 05[8], 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус тус нотлох баримт гаргуулах хүсэлт[9], нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нотлох баримт гарлуулах[10], 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах[11], 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт[12] нийт 6 удаагийн хүсэлтийг тус бүр гараар бичжээ.
Хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэгт, даргалагч “... Хүсэлтээ компьютероор шивээд өгөх боломж байдаггүй юм уу ...” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хандаж хэлсэн, мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны бичлэгийн 0:15:50 дахь хоромд “талууд хүсэлтээ урьдчилаад компьютер ашиглаад шивээд өгч байх” талаар хэлсэн байна.
Компьютерын хэрэглээний программ ашиглан баримт бичиг боловсруулах нь түгээмэл шаардлага болсон цаг үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зохигчоос гаргаж буй хүсэлт, гомдлыг ойлгомжтой, тодорхой байлгах үүднээс хүсэлтээ компьютероор шивсэн байх шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч талд аль алинд нь тавьсныг хариуцагч талыг “илтэд буруутгасан, гараар бичиж өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж үзэхгүй.
Тиймээс, “Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлага”-ын 5.3-т “Онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд өмгөөлөгчөөс холбогдох байгууллага, албан тушаалтанд хаяглан илгээж буй баримт бичиг нь компьютерын хэрэглээний программыг ашиглан үйлдэгдсэн байна” гэсэн байдаг.
Иймд, илтгэгч гишүүний “... нэхэмжлэгч, хариуцагч хэн алинаас нь хүсэлтүүдээ гараар бичиж өгсөн байх бөгөөд хүсэлтүүдийг “гар бичмэл” гэх үндэслэлээр хүлээн авахгүй, эсхүл шийдвэрлэхгүй гэх байдлаар хэргийн оролцогчдод шаардлага тавиагүй, харин шүүхэд гаргаж байгаа бичгүүдээ албан бичиг хэрэг хөтлөх стандартад нийцүүлэх, хэргийн бусад оролцогчдод ойлгомжтой байх шаардлага тавьсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй ...” гэснийг хүлээн авах үндэслэлтэй.
Мөн “... 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг байхгүй тул “хэргээ судалсан, танилцсан эсэхэд ч эргэлзээ төрөхөөр үйлдэл гаргасан” гэх үндэслэлийг шалгах боломжгүй боловч “түгдэчсэн байдалтай шүүх хуралдааныг нээсэн” нь “хуулийн илт тодорхой заалтыг зөрчих зөрчил”-д хамаарахгүй тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй.
1.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С-ийн хариуцагчийн нэр дээрх газар бусдад шилжсэн эсэх талаарх лавлагаа гаргуулах хүсэлтийн дагуу .... Газар зохион байгуулалтын албанаас лавлагаа гаргуулахаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/..... дугаар захирамжаар шийдвэрлэсэн боловч уг лавлагааг гаргаж өгөх боломжгүй талаар албан бичиг ирсэн[13], 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд нотлох баримт гаргуулах байгууллагыг өөрчлөх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар 181/ШЗ2025/.... дүгээр захирамжаар шийдвэрлэжээ.
Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг зохих газраас нь гаргуулахаар шийдвэрлэснийг өмнө гаргасан хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Мөн хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/..., 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/.... дүгээр захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах” /2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ гэснийг дурдаагүй, мөн ЗАХИРАМЖЛАХ нь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг удирдлага болгосон тул хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Тус иргэний хэрэгт, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байгаагүйн дээр өргөдлийн “... Төв аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн хязгаарлалтыг өмчлөгч нар өөрсдөө ... хөрөнгийн талаарх мэдээлэл авахыг хүсдэг ч шүүхээс хязгаарлалт тогтоосон гэхээс өөрөөр хариулт өгдөггүй болсон ...” гэсэн нь шүүгчийн шүүх таслах чиг үүрэгтэй хамааралгүй тул шүүгчид хамаатуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
1.6. Өргөдөлд, “... нэхэмжлэгчийн гаргасан төрсөн эгч Б.Н-г гэрчээр асуулгах хүсэлтийг ханган түүнээс мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа хариуцагч талд мэдэгдээгүй, нэхэмжлэгч талыг дангаар нь оролцуулан уг ажиллагааг явуулсан, ... тэмдэглэлд шүүгч Д.Батхуяг асуулт асууж уг ажиллагааг явуулсан хэдий ч түүний гарын үсэг “нөхөгдөж” зурагдсан байгаа нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй ...” гэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Б.Н-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг 181/ШЗ2024/.... дугаар захирамжаар хангасны дагуу Б.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд ирсэн.
Гэтэл хариуцагч тал тус өдрийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гэрч Б.Н нь “... хувийн ажлаар 09 дүгээр сарын 30-нд Өмнөд солонгос улс руу явахаар болсонтой холбогдуулан гэрчийн мэдүүлгээ 09 дүгээр сарын 27-нд урьдчилан өгөөд явах хүсэлтэй байна ...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасны дагуу 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талыг байлцуулан гэрчээр асууж мэдүүлэг авчээ.
Шүүгчийн туслах 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч А.Б-ны 80118242 дугаарын утсанд залгаж, “... хүсэлт өгсөн тул хүсэлттэй нь танилцана уу ...” гэж, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр залгаж, “... 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад гэрч Б.Н-аас гэрчийн мэдүүлэг авахаар болсон. Шүүх хурал нь 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон ...” талаар хэлэхэд “за ойлголоо” гэснээр гэрч асуух талаар мэдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар /утсаар ярьсан тэмдэглэл, сх-ийн 174-177 дахь тал/ тогтоогдож байх тул “мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа хариуцагч талд мэдэгдээгүй” гэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж зааснаар, гэрчээс мэдүүлэг авахдаа зохигчдод урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр тэдгээрийг байлцуулж, гэрчид асуулт тавих боломжоор хангах, тэгш эрхийг хангах үүднээс аль нэг тал нь байхгүйд нөгөөг байлцуулан гэрчийн мэдүүлэг авахгүй байхыг цаашид анхаарах нь зүйтэй.
Тус мэдүүлэгт, шүүгч Д.Батхуяг, гэрч Б.Н, нэхэмжлэгч Б.У, нарийн бичгийн дарга Б.Б нар гарын үсэг зурсан байх ба шүүгч Д.Батхуягийн гарын үсэг бусад оролцогч нараас бүдэг өнгөтэй байна.
Үүнийг гэрчийн тэмдэглэлийг нөхөн гүйцэтгэж, шүүгч гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй тул “... гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд шүүгчийн гарын үсэг зурсан үзэг нь нэхэмжлэгч, нарийн бичгийн дарга, гэрч нарын зурсан үзгээс өөр байгааг үндэслэн “нөхөгдөж” зурсан гэж таамаглах боломжгүй бөгөөд зөвхөн сэжиг таамагт үндэслэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй ...” гэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
1.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ЗШ2024/.... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн нь хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, талуудын гаргасан хүсэлт шийдвэрлэх, нотлох баримт бүрдүүлэх, гэрч асуух, шүүгч эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах[14], шүүгчийн захирамжид гомдол гаргаж, шийдвэрлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх, өөрчлөгдсөнтэй холбогдох ажиллагаа, шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэргээр ажиллагаа хийгдсэн нь холбогдох шүүгчийн тайлбар, сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд, “... шүүх, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, нотлох баримт цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, мөн эрүүл мэндийн шалтгаанаар нэг сарын хугацаагаар чөлөөтэй байсан, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг товлон хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг үндэслэлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байна ...” гэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.
2. Шүүгч Д.Батхуяг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэснийг зөрчсөн гэх талаар;
2.1. Өргөдөл гаргагч нь “... 2024 оны 07 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 31, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаануудад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-гийн нөхөр ... хуралдаан бүрд оролцоно. Тэрээр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцож ... эхнэртэйгээ нийлж хариуцагч талтай “мэтгэлцэнэ”, хуралдааны дундуур гарч, орох нь түүний “эрх” ...” гэсэн.
Тус хэргийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д нар оролцсон гэснээр өөр оролцсон этгээдийн нэр бичигдээгүй байна.
Харин 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д нараас гадна, ажиглагчаар нэг хүн /эрэгтэй/ оролцсон байх ба шүүх хуралдааны явцад үг хэлж байгаа, хуралдааны дундуур гарч, орсон зүйл тусгагдаагүйгээс гадна дэг зөрчсөн талаар сануулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ч ийм тайлбар, шаардлага хэлээгүй байх тул “... өргөдөл үндэслэлгүй ...” гэсэн илтгэгчийн дүгнэлт үндэслэлтэй.
2.2. Өргөдөлд, “... 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгч талд “илүү боломж” олгосноор хүсэлтийн үндэслэлээс хальсан агуулга бүхий олон зүйлсийг хамааруулан тайлбарлах, хариуцагч талыг элдэв бүдүүлэг үгээр хэлэх нь хэрээс хэтэрнэ, түүнчлэн шүүгчийн “нэхэмжлэлийн шаардлага”-ыг тодруулах агуулгаар нэхэмжлэгч талаас олон асуултыг асуух, заримыг давтаж асууна, өмнө гарсан хүсэлтийг асуусаар тодруулсаар дахин гаргуулах, өмгөөлөгчийнх нь зөвлөн туслахуйц нөхцөл байдлыг тэдэнд хөтлөх асуултаар асуух гэх мэт өнгө аястай шүүх хуралдаан ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд үл нийцэж явагддаг байсан ... шүүгч хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байдаг ...” гэсэн.
Тухайн өдрийн хуралдаанд, нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж даргалагч асуусан, “шүүгч нэхэмжлэгч талд “илүү боломж” олгосноор хүсэлтийн үндэслэлээс хальсан агуулга бүхий олон зүйлсийг хамааруулан тайлбарласан” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, холбогдох шүүгч хэргийн оролцогчтой, эсхүл оролцогч нар хоорондоо зүй бусаар харьцаагүй байх тул хэргийн оролцогчийг зүй бус авирыг таслан тогтоох, хуралдааны дэг сахиулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин тэмдэглэлээс үзвэл, даргалагч хариуцагч талаас гаргаж өгөх баримт, хүсэлт байгаа талаар тодруулж, “шүүхийн шийдвэрийг өгөх гэж байгаа бол бүрэн эхээр нь өгнө. Энэ тэндээс нь түүж аваад өгөх боломжгүй” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “аваа ав” гэж ундууцсан байдал гаргасан[15], мөн даргалагчийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодруулж асуулт асуух явцад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... хэлэлцүүлгийн шат эхлээгүй байна ... би бол хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэх зэрэг үйлдлүүдийг гаргасан учраас 2 удаа хуралдааны дэг сахихыг сануулсан[16], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Би танаас татгалзана, таныг ёс зүйн хороонд мэдэгдэнэ” гэхэд 3 дахь удаа дэг сануулсан,
мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүсэлтээ бичгээр өгөх эсэхийг асуухад “Хурлаас гараад өгчихье, цаас алга” гэсэн, даргалагч түүнд хуралдаанд бэлтгэлтэй ирэх ёстой талаар хэлэхэд “мэдэж байгаа” гэсэн. Үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Энэ бичиж байсан зүйлсийг нь он сартай нь тавих уу? Энийг яаж батлуулах вэ” гэж даргалагчаас асуухад “Та өмгөөлөгчөөсөө асуу” гэж хариулах үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Больчуул яасан юм бэ шүүгчээ” гэж хэлэхэд нь даргалагч түүнийг биеэ зөв авч явахыг сануулж, даргалагчийн зөвшөөрлөөр тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар сануулсан нь тусгагджээ.
Түүнчлэн, 2024 оны 10 дугаар сарын 31-ний шүүх хуралдаанд хариуцагчаас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах талаар тодруулахад, “... миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно ...” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гэдгийг юу гэж ойлгож байгаа талаар асуухад “... та надад хичээл заагаад байгаа юм уу, би хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан, ... нэмж тайлбарлах шаардлагагүй ...” гэж хариулжээ[17].
Мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны бичлэгт, даргалагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны үйл баримттай холбогдуулж тодруулахад “... бүх нотлох баримтууд хэрэгт байгаа. Хэрэгтэйгээ танилцаагүй юм уу, хаашаа юм, байгаа шүү дээ ...” гэж хариулсан, мөн нэхэмжлэгч талын гаргасан шинжээч томилуулах хүсэлттэй холбоотой санал байна уу гэхэд “... бүтэн жил өнгөрсний дараа өнөөдөр тэр асуудлаа ярьж байгаа нь надад харамсалтай санагдаж байна ...” гэж өөр утгатай зүйл ярьсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийн талаар тодруулж асуух үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давхардаж ярьсан тул даргалагч “Би дарааллаар нь асууж байна” гэсэн байна. Үүний дараа нэхэмжлэгч талаас “... шүүгч ээ гаргаж өгсөн баримтуудын хуулгыг нь өгч болох уу ...” гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... та нар болимоор юм даа, хуульч байж ...” гэж нэхэмжлэгч, хариуцагч тал давхардаж ярьсан байдаг.
Эндээс үзэхэд, эдгээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал зүй бус авирласан, бусдыг хэл амаар доромжилсон гэж үзэх зүйл байхгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч болон бусад оролцогчийн өөдөөс тааламжгүй харьцаж байгаа тохиолдол байна.
Иймд, илтгэгч гишүүний “... шүүх хуралдаанаас гаргана гэх агуулга бүхий зүйлийг хэргийн оролцогчдод хэлээгүй, зүй бус харьцсан үйл баримт тогтоогдоогүй мөн хэргийн оролцогчдоос бүдүүлэг үг хэлээгүй байх бөгөөд даргалагчийн асуусан асуултаас өөр зүйл ярих, давхцаж ярих үед тасалж, асуултын дагуу хариулах, дарааллын дагуу үгээ хэлэх зэргээр сануулсан байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ...” гэж дүгнэснийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүний санал хуульд нийцсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг нь өргөдөлд дурдсанчлан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0117 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ