
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-02
Дугаар 150
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Ц.Ариунзул, Б.Гончигсумлаа нарыг /цахимаар/ оролцуулан, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2025/0107 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
“...1.1. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00013 дугаар тогтоолоор баталсан хуваариар Ерөнхий шүүгч Ц.Ариунзул 6 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 16-ны хооронд, шүүгч Б.Гончигсумлаа 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 08-ны өдөр, 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдийн хооронд, шүүгч Д.Наранцэцэг 5 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 10, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны хооронд амрахаар тогтоожээ.
Харин шүүхийн Тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар ээлжийн амралт олгох тухай мэдэгдэлд шүүгч Б.Гончигсумлаад ээлжийн амралтыг 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажлын 23 өдрөөр олгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор үндэсний их баяр наадам 7 дугаар сарын 12, 13-ны өдрүүд бямба, ням гарагт тохиож байгаа тул ажилтан, албан хаагчдыг 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амраахаар шийдвэрлэсэн ба мөн сарын 19, 20-ны өдрүүд нь бямба, ням гараг байна.
Иймд шүүгч Б.Гончигсумлаагийн “... 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан” гэх тайлбар үндэслэлтэй.
1.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2.5.-т “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг баталжээ.
Уг журмын 2.1-т “нэгдсэн системд байрших тойрогт шүүгчдийн нэрсийн дарааллыг сугалаагаар сугалахад 1. Шүүгч Д.Наранцэцэг, 2. Шүүгч Д.А, 3. Шүүгч Б.Гончигсумлаа, 4. Ерөнхий шүүгч Ц.Ариунзул гэсэн дарааллаар эрүү, иргэний нэгдсэн системд байршуулахаар шийдвэрлэлээ”, 2.5.4.1-т “сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг бүртгэлд 16-д бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу шүүгчийн туслах баталгаажуулж авна”, 2.5.4.2-т “сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүгээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч Ерөнхий шүүгчээс бусад шүүгчид журмын 2.1-т заасан дарааллаар, дарааллын шүүгч ажиллахгүй тохиолдолд дараагийн дараалалд бичигдсэн шүүгчид хуваарилна”, 2.5.4.3-т “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ”, 3.1-т “Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс иргэний хэргийн хувьд ажлын 5 хоног, эрүүгийн хэргийн хувьд ажлын 7 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоох, иргэний хэргийн хувьд ажилд орохоос ажлын 5 хоногийн өмнө, эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилна” гэж тус тус заасан.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.Ц, Ж.М нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах саналыг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь тус шүүхийн баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлт хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн ба уг саналыг шүүгч Б.Гончигсумлаа 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэгджээ.
Шүүгч Б.Гончигсумлаа тайлбартаа: “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх тухай прокурорын саналыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн надад хуваарилах нь журамд нийцэх бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь дангаар ажиллаж байсан тул 2025 оны 8 сарын 15-ны өдөр прокуророос ирүүлсэн М.Ц, Ж.М нарыг цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилах ёстой юм. Гэтэл тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах тухай саналыг бүртгэх ажлыг хариуцсан шүүгчийн туслах Т.Д нь зөвлөгөөний тогтоолыг зөрчин намайг амралттай байх хугацаанд дээрх саналыг хуваарилжээ. Түүнчлэн цагдан хорих хугацааг сунгах тухай санал 8 дугаар сарын 15-ны өдөр надад хуваарилагдсан талаар шүүгчийн туслах Т.Д, М.А нар мэдэгдээгүй. Харин шүүгчийн туслах М.А нь 2025 оны 8 сарын 20-ны өдрийн цайны цагийн үеэр надад хэлсэн. Прокурорын саналыг би тухайн өдөр надад шинээр хуваарилагдсан гэж ойлгон хурлыг маргааш өдөр нь зарлах талаар үүрэг өгсөн. Мөн миний бие ажилдаа орсон эхний өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг хөтлөлтийн программыг шалган үзэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал надад программаар хуваарилагдаагүй байсан. Дээрх саналыг дараа нь 2025 оны 8 дугаар сарын 21-ны өдөр бүртгэсэн байдаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал шүүгчид хуваарилагдсан тохиолдолд буцаан шилжүүлэх зохицуулалт байхгүй, мөн миний бие 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг, хүсэлт, саналыг хуваарилах тойрогт орсон байсан тул тус саналыг өөрт хуваарилагдсан гэж ойлгон шийдвэрлэсэн” гэжээ.
Ерөнхий шүүгч Ц.Ариунзул тайлбартаа: “...би 2025 оны 8 дугаар сарын 13-19-ний хооронд ганцаараа ажиллаж байх хугацаанд буюу 2025 оны 8 сарын 15-ны өдөр Прокуророос ирүүлсэн М.Ц, Ж.М нарыг цагдан хорин хугацааг сунгах тухай саналыг хүлээн авах байсан боловч цагдан хорих таслан сэргийлэх саналыг хүлээн авч хуваарилах үүрэгтэй ажиллаж байсан шүүгчийн туслах Т.Д санал ирсэн талаар надад мэдэгдэлгүй ээлжийн амралт дуусаагүй байсан шүүгчид хуваарилсан болохыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хуралдаанд шүүгч Б.Гончигсумлааг татгалзан гаргах тухай гомдол гарахад мэдсэн. Шүүгчийн туслах Т.Д дээрх журамд заасны дагуу 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр прокуророос ирсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгуулах тухай саналыг хуваарилаагүй талаар хэлтсийн дарга Д.Даваадоржид 8 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн...” гэжээ.
Гэрч Т.Д “...Б.Гончигсумлаа шүүгч 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл амарсан. Прокуророос яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих арга хэмжээг сунгах хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлын цаг дуусахаас өмнө прокурорын туслах өөрийн биеэр оруулж ирсэн. Цагдан хорионы хүсэлтийг гараар бүртгэж авдаг тул бүртгэлийн дэвтэрт бүртгэж аваад Б.Гончигсумлаа шүүгчийн эрүүгийн хэргийг хариуцдаг туслах М.А-т хүлээлгэж өгсөн. Бүртгэлийн дэвтрийг туслахууд хариуцдаг бөгөөд анх намайг ажил хүлээж авахад цагдан хорионы бүртгэлийн дэвтрийг хүлээлгэн өгсөн. Үүний дагуу би дээрх цагдан хорионы хүсэлтийг бүртгэж, холбогдох шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн. Уг нь мэдээлэл лавлагаагаар дамжин хуваарилагдах ёстой. Гэвч тухайн үед дээрх журмаар хуваарилагддаг байсан. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор цагдан хорионы хүсэлтийг ерөнхий шүүгчээс бусад шүүгчид тойргийн дарааллаар авна. Тухайн үед Д.Наранцэцэг шүүгч ээлжийн амралттай байсан. Цагдан хорионы хугацаа 8 дугаар сарын 21-ний өдөр дуусаж байсан. Шүүгч Б.Гончигсумлаа 20-ний өдөр ажилдаа орох байсан учраас тус шүүгчид хуваарилагдсан. Энэ үед тус шүүхэд Ерөнхий шүүгч Ц.Ариунзул ажиллаж байсан. Цагдан хорионы хүсэлтийг ерөнхий шүүгчээс бусад шүүгч нарт хуваарилдаг гэж ойлгодог байсан. Ийм учраас энэ тухай би хамт ажилладаг шүүгчийн туслах А.Баяржаргалаас өмнө нь асуухад “цагдан хорионы асуудалд гомдол гарвал ерөнхий шүүгч шийдвэрлэдэг тул ерөнхий шүүгчийг оролцуулалгүй бусад шүүгчдийг тойрогт оруулдаг” гэж тайлбарладаг байсан. Тухайн үед хугацаа нь 21-нд дуусах байсан, Б.Гончигсумлаа шүүгч 20-нд ажилд орох байсан тул уг асуудлыг тус шүүгчид хуваарилсан юм. Эрүүгийн программ дээр цагдан хорионы хүсэлт хуваарилагдсан шүүгчийн туслах өөрөө бүртгэж программд оруулдаг. Тус шүүх дээр цагдан хорионы хүсэлтийг 2 шүүгч л шийдвэрлэдэг тул энэ асуудал дээр маргаан гараад байдаггүй. Энэ оны 9 сараас эхлэн цагдан хорионы хүсэлт, хойшлуулшгүйгээр баривчлах хүсэлтийг мэдээлэл лавлагаагаар дамжуулан бүртгэж авахаар шийдвэрлээд, бүртгэлийг мэдээлэл лавлагааны ажилтан хариуцаж байгаа. Иргэний хэргийн туслах эрүүгийн хэргийн бүртгэл хариуцах нь зөв эсэх талаар би санал гаргасны дагуу Тамгын газар ингэж шийдвэрлэхээр болсон. Албан ёсны бичгийн шийдвэр гараагүй байхаа” гэж,
Гэрч М.А “...Б.Гончигсумлаа шүүгч 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 20-ний өдөр хүртэл амарсан. 20-ны өдөр ажилдаа орсон. Би 7 сарын 22-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан, 8 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа орсон. Прокуророос яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих арга хэмжээг сунгах хүсэлт шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирээд шүүгчийн туслах Т.Д гар бүртгэлд бүртгэж аваад надад өгсөн. Би хүлээж аваад шүүгчийг ажилд орохоор нь танилцуулж өгсөн. Тэгээд шүүгч Б.Гончигсумлаа уг хүсэлтийг шийдвэрлэсэн. Цагдан хорионы хүсэлт ирэхээр хариуцсан туслах бүртгэлийн дэвтэр дээр гараар бүртгэж аваад хуваарилагдсан шүүгч болон туслахад нь өгдөг. Тэгээд хуваарилагдсаны дараа тухайн шүүгчийн туслах программд оруулдаг. Энэ хүсэлтийн тухайд Т.Д надад өгсний дагуу би программд оруулсан. Өмнө нь цагдан хорионы хүсэлт мэдээлэл лавлагаагаар дамжиж хуваарилагдаж байгаагүй. Дээрх журмаар хуваарилагдаж шийдвэрлэгддэг. Тухайн үед ерөнхий шүүгч Ц.Ариунзул ажиллаж байсан. Шүүгчийн туслах Т.Д шүүгчийн туслах А.Б-тай ярилцаж байгаад Б.Гончигсумлаа шүүгчид хуваарилагдах юм байна гэж авчирч өгсөн. Миний сонссоноор журамд ерөнхий шүүгч цагдан хорионы гомдлыг шийдвэрлэдэг тул авдаггүй гэсэн юм ярьж байсан. Танай шүүгчид хуваарилагдсан гээд өгөхөд нь шүүгч ажилдаа ороод шийдэх юм байна гэж ойлгоод хүлээн аваад программд оруулсан” гэж,
Гэрч А.Б “...Б.Гончигсумлаа шүүгч энэ оны ээлжийн амралтаа наадмаас хойш үргэлжлүүлж амарсан, ирсэн өдөр нь 8 дугаар сарын 20-ны өдөр байсан. Ц.Ариунзул шүүгч ажиллаж байсан учраас би хариуцсан ажлаа хийгээд ажиллаж байсан. Прокуророос яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих арга хэмжээг сунгах хүсэлт ирүүлсэн огноог бол санахгүй байна, ямар ч байсан 5 дах өдөр байсан, хүсэлт орж ирснийг мэдэж байна, шүүгчийн туслах Т.Д хүсэлтийг хүлээж авсан, тэгээд Б.Гончигсумлаа шүүгчийн туслах М.Анхбаярт хүлээлгэж өгсөн. Т.Д бид 2 зэрэгцээ суудаг болохоор сайн мэдэж байна. Цагдан хорионы хүсэлт ирэхээр хариуцсан туслах Т.Д хүлээж аваад ерөнхий шүүгчээс бусад шүүгчдэд зөвлөгөөнөөр тогтсон тойргийн журмаар хуваарилаад туслахад нь хүлээлгэж өгдөг. Шүүгчийн туслах хүлээн аваад шүүгчдээ танилцуулаад хурал товлогдож бэлтгэл хангадаг. Энэ хүсэлт ирэх үед Гончигсумлаа шүүгч цагдан хорионы хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох байсан тул хуваарилагдсан. Энэ талаар Т.Д туслах надаас асууж байсан. Уг хүсэлтийг орж ирэхэд би цагдан хорионы хугацааг нь харсан тэгээд Б.Гончигсумлаа шүүгчийг ажилд орох үед уг хүсэлтийг шийдвэрлэж болох юм байна гэж ойлгосон. Энэ тухай бид 2 ярилцсан. Цагдан хорионы хүсэлт шийдвэрлэх тойрогт ерөнхий шүүгч байдаггүй гэж тухайн үед ойлгож байсан. Ерөнхий шүүгч гомдол шийдвэрлэдэг болохоор бусад шүүгч нарт хуваарилагддаг юм байна гэсэн ойлголттой байсан. Миний зөвлөгөөгөөр уг хүсэлт шүүгчийн туслах М.Анхбаярт очсон гэдгийг мэдэхгүй байна” гэж,
Гэрч Т.Д: “Тамгын газрын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцдаг. Хэргийн хөдөлгөөнийг албан бусаар хариуцаад явж байгаа. Ерөнхий зөвлөлийн тогтоолоор хэргийн хөдөлгөөний хэлтэс байх ёстой гэвч манай шүүх дээр энэ хэлтэс байхгүй учраас би хариуцаж байгаа. Энэ ажилд 2024 оны 3 сараас хойш ажиллаж байгаа. Прокуророос ирүүлсэн хүсэлтийг шүүгчийн туслах Т.Д хүлээн авч, гар бүртгэл дээр бүртгээд хуваарилагдсан шүүгчийн туслах программд оруулдаг. Энэ асуудлыг тамгын газрын даргын шийдвэрээр баталгаажуулсан байдаг. Т.Д туслах хүсэлтийг хүлээн авсны дараа Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу хуваарилах бөгөөд томилогдсон шүүгчийн туслах хүлээн авч программд оруулдаг. Прокуророос 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн яллагдагч М.Ц-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах хүсэлт хэрхэн яаж хуваарилагдсан талаар надад албан ёсоор гомдол ирсэн юм байхгүй. Харин Ц.Ариунзул шүүгч надтай утсаар яриад н.Б гэдэг өмгөөлөгч утсаар лайв хийсэн талаар ярьсан. Өөр юу ярьсныг сайн санахгүй байна. Тэгээд би тэр лайвыг үзээд цагдан хорионы асуудал шийдвэрлэх хурал болсон гэдгийг мэдсэн. Ц.Ариунзул шүүгч надтай ярьсан огноог сайн санахгүй байна. Ямар ч байсан цагдан хорионы хурал болсон орой байсан. Ц.Ариунзул шүүгч дээрх санал журмын дагуу хуваарилагдаагүй талаар хэзээ хэрхэн хэлснийг сайн санахгүй байна гэхдээ “энэ санал шүүх дээр ирээд надад танилцуулагдаагүй байж байгаад Б.Гончигсумлаа шүүгчид хуваарилагдсан, хугацаа алдсан байна” гэж хэлсэн санагдаж байна. Яагаад гэвэл тэр үед ерөнхий шүүгч ажиллаж байсан юм. Ц.Ариунзул шүүгч энэ хүсэлт журмын дагуу хуваарилагдаагүй байна гэж хэлээгүй, гол санаа нь Ерөнхий шүүгч ганцаараа ажиллаж байж байхад танилцуулагдаагүй байна гэсэн агуулгаар л хэлсэн. Миний хувьд уг асуудлыг шалгаагүй гэхдээ хариуцсан туслахуудтай уулзаад асуудлыг тодруулсан. Албан ёсоор гомдол гаргаагүй болохоор арга хэмжээ авах ажиллагаа болоогүй. Энэ асуудлаас болоогүй харин шүүгчийн туслахын ажлын ачааллаас хамаарч ерөнхий шүүгч Ц.Ариунзултай зөвшилцсөний үндсэн дээр цагдан хорионы хүсэлтийг мэдээлэл лавлагаанд гар бүртгэлийг нь шилжүүлсэн, гэхдээ албан ёсоор тушаал шийдвэр гараагүй” гэж тус тус мэдүүлжээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор баталсан /https://judcouncil.mn/site/decision_full/366/ Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.4.1-т зааснаар ажилтан цаасан хэлбэрээр ирүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээний талаарх прокурорын саналыг ажилтан ирсэн цаг минутын дарааллаар ....системд бүртгэхэд нарийвчилсан журмын дагуу шүүгчид хуваарилагдана...” гэжээ.
Баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлт хүлээн авахад бүртгэл №15-г шүүгчийн туслах хөтлөхөөр Дорноговь аймгийн шүүхийн тамгын газар баталсан байх ба прокуророос 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн дээрх саналыг шүүгчийн туслах Т.Д гар бүртгэлд бүртгэж, улмаар уг саналыг шүүгч Б.Гончигсумлаагийн туслахад шилжүүлэн өгсөн, шүүгч ажилд орсон 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр уг саналыг хүлээн авсан нь тогтоогдож байна.
Дээр дурдсанаас үзвэл, прокурор 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих арга хэмжээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлэх үед шүүгч Б.Гончигсумлаа ээлжийн амралттай байсан ба энэ үед Ерөнхий шүүгч Ц.Ариунзул ганцаар ажиллаж байсан нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд журмын 2.5.4.3-т зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх байжээ.
Гэвч шүүгчийн туслах Т.Д нарийвчилсан журмын холбогдох заалтыг буруу ойлгосноос прокуророос ирүүлсэн санал шүүгч Б.Гончигсумлаад хуваарилагдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба энэхүү үйлдэлд холбогдох шүүгч оролцож, саналыг өөртөө хуваарилуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгч Б.Гончигсумлааг Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй.
1.3.Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 2-т “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 3-т “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж тус тус заасан.
М.Ц-т авсан цагдан хорих хэмжээний хугацааг сунгах хүсэлтийг шүүгч Б.Гончигсумлаа ажилд орсон 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 24 цагийн дотор буюу 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О оролцсон нь шүүгчийн захирамжид тусгагдсан, мөн тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул өргөдөлд дурдсан “...зориуд хугацаа дуусах өдөр хурлыг хийсэн...” гэж үзэх боломжгүй.
1.4. Шүүгч нь М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж, түүнд *** нутаг дэвсгэрээс гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харилцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа “...яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгасан, ...уг хугацаа 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан...” гэх үндэслэлийг захирамжид тусгажээ.
Захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч, хяналтын прокурор нар гомдол гаргасан, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 8 сарын 26-ны өдрийн 354 дүгээр захирамжаар шүүгчийн дээрх захирамжид өөрчлөлт оруулан М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэхдээ “...хугацаа нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24 цагт дуусах тул хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, ...яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хуульд заасан үндэслэл арилаагүй...” гэж дүгнэжээ.
Сахилгын хороо шүүгчийн дээрх захирамжуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүгч Б.Гончигсумлаа яллагдагчид авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилснийг албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй.
2. Шүүгч Д.Наранцэцэгийн тухайд:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5-т “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзахдаа шүүгч Д.Наранцэцэг “...хэрэгт цугларсан баримтаас яллагдагч А.Ё нь хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн барим, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн үндэслэлийг захирамжид дурдаж, түүнд Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Дээрх захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 308 дугаар захирамжаар “...прокуророос ирүүлсэн баримтын хүрээнд яллагдагч А.Ё-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах үндэслэл бүхий баримтгүй, шүүгчийн захирамж үндэслэлтэй...” гэж дүгнэн гомдлыг хангахгүй орхиж, захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
3. Ерөнхий шүүгч Ц.Ариунзулын тухайд:
3.1. Шүүгч өөрөө шууд, эсхүл шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан.
Түүнчлэн хэргийн оролцогч энэ үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргавал мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, яллагдагч Ж.М, М.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Б “...өмнө нь Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж байсанд өс хонзонгийн үүднээс буюу хувийн ашиг сонирхолтой хандаж байна” гэх үндэслэлээр шүүгч Б.Гончигсумлааг татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 346, 347 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...өмгөөлөгчийн татгалзан гаргах хүсэлт нь энэ хэрэгт шүүгч хувийн сонирхолтой байна гэх үндэслэлд хамаарахгүй байна” гэжээ.
Шүүгч Б.Гончигсумлааг татгалзан гаргах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж татгалзлыг хангахгүй орхисон нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
3.2. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-т “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, 3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна”, 5-т “.Шүүх гомдлыг хянан шийдвэрлээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 5.1.гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох; 5.2.гомдлыг хангахгүй орхих” гэж заасан.
Яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хуульд заасан журмын дагуу Ерөнхий шүүгч Ц.Ариунзул хүлээн авч, дээрх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.22, 50.1.23-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.
Шүүгч Ц.Ариунзул Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сарын хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацааг заасан.
Прокуророос яллагдагч А.Ё-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу хохирогчийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал ирүүлснийг Д.Наранцэцэг шүүгч “...хэрэгт цугларсан баримтаас яллагдагч А.Ё нь хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн барим, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Ерөнхий шүүгч миний бие 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар Дорноговь аймгийн Прокурорын газраас яллагдагч А.Ё-ын цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай хүсэлтийг хэргийн хамт ирүүлээгүй зөвхөн саналыг ирүүлсэн байсан, таслан сэргийлэх арга хэмжээг сунгах үндэслэл бүхий баримтыг шүүхэд ирүүлээгүй байсан тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэхдээ яллагдагч А.Ё-д авсан Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах таслан сэргийлэх арга хэмжээнд нэмж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонмаамтай уулзахгүй байхыг даалгаж захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Шүүгч Б.Гончигсумлаагийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ***дугаар захирамжийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр заалтаар 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “14.9 дүгээр зүйлд” гэж өөрчилсөн.
Дорноговь аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Ц-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг мөн баримтгүйгээр шүүхэд ирүүлсэн байсан бөгөөд шүүгч Б.Гончигсумлаа яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзахдаа “...Мөн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжид заасан 1 сарын хугацаа нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн.
Дээрх захирамжийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр захирамжаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1-4 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасугай” гэж өөрчлөлт оруулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах хуулийн өөрчлөлтөөр яллагдагчийг анх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Үүнээс гадна Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4.3-д “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.” гэж, 3.1-д Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс иргэний хэргийн хувьд ажлын 5 хоног, эрүүгийн хэргийн хувьд ажлын 7 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоох, иргэний хэргийн хувьд ажилд орохоос ажлын 5 хоногийн өмнө, эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилна” гэж тус тус заасан.
Ерөнхий шүүгч миний бие 2025 оны 8 дугаар сарын 13-аас 19-ний өдрийн хооронд ганцаараа ажиллаж байх хугацаанд буюу 2025 оны 8 сарын 15-ны өдөр прокуророос ирүүлсэн М.Ц, Ж.М нарыг цагдан хорин хугацааг сунгах тухай саналыг хүлээн авах байсан боловч цагдан хорих таслан сэргийлэх саналыг хүлээн авч хуваарилах үүрэгтэй ажиллаж байсан шүүгчийн туслах Т.Д санал ирсэн талаар надад мэдэгдэлгүй ээлжийн амралт дуусаагүй байсан шүүгчид хуваарилсан болохыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хуралдаанд шүүгч Б.Гончигсумлааг татгалзан гаргах тухай гомдол гарахад мэдсэн.
Шүүгчийн туслах Т.Д дээрх журамд заасны дагуу 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Прокуророос ирсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгуулах тухай саналыг хуваарилаагүй талаар хэлтсийн дарга Д.Д-д 8 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Гончигсумлаа Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг журам зөрчин хуваарилсан, хугацаа хэтрүүлсэн эсэх талаар:
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4.3-д “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.” гэж, 3.1-д “Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс иргэний хэргийн хувьд ажлын 5 хоног, эрүүгийн хэргийн хувьд ажлын 7 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоох, иргэний хэргийн хувьд ажилд орохоос ажлын 5 хоногийн өмнө, эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилна.” гэж тус тус заасан.
Миний бие 2025 оны ээлжийн амралтаа 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эдэлсэн бөгөөд дээрх журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх тухай прокурорын саналыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн надад хуваарилах нь дээрх журамд нийцнэ.
Харин 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь дангаар ажиллаж байсан тул 2025 оны 8 сарын 15-ны өдөр прокуророос ирүүлсэн М.Ц, Ж.М нарыг цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилах ёстой юм.
Гэтэл тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах тухай саналыг бүртгэх ажлыг хариуцсан шүүгчийн туслах Т.Д нь зөвлөгөөний тогтоолыг зөрчин намайг амралттай байх хугацаанд дээрх саналыг хуваарилжээ.
Түүнчлэн цагдан хорих хугацааг сунгах тухай санал 8 дугаар сарын 15-ны өдөр надад хуваарилагдсан талаар шүүгчийн туслах Т.Д, М.А нар мэдэгдээгүй. Харин шүүгчийн туслах М.А нь 2025 оны 8 сарын 20-ны өдрийн цайны цагийн үеэр надад хэлсэн. Прокурорын саналыг би тухайн өдөр надад шинээр хуваарилагдсан гэж ойлгон хурлыг маргааш өдөр нь зарлах талаар үүрэг өгсөн.
Мөн миний бие ажилдаа орсон эхний өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг хөтлөлтийн программыг шалган үзэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал надад программаар хуваарилагдаагүй байсан. Дээрх саналыг дараа нь 2025 оны 8 дугаар сарын 21-ны өдөр бүртгэсэн байдаг.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал шүүгчид хуваарилагдсан тохиолдолд буцаан шилжүүлэх зохицуулалт байхгүй, мөн миний бие 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг, хүсэлт, саналыг хуваарилах тойрогт орсон байсан тул тус саналыг өөрт хуваарилагдсан гэж ойлгон шийдвэрлэсэн билээ.
...Иймд миний бие М.Ц, Ж.М нарыг цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг ажилд орсон буюу мэдсэн өдрийнхөө маргааш зарлан хуралдуулж шийдвэрлэсэн байх тул өргөдөл гаргагч Д.Отгонмаам нарын өргөдөлдөө дурдсан “шүүгч зориуд хугацаа дуусах өдөр хурлыг хийсэн” гэх тайлбар үндэслэлгүй юм.
М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзсан захирамжийн тухай:
Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай захирамжаар М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд захирамжийн үндэслэл хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар 1 дэх хэсэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байна.” гэжээ. Мөн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагч *** овогт М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 7 сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжид заасан 1 сарын хугацаа нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд яллагдагч М.Ц-т авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан байх тул М.Ц-ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай хяналтын прокурор Д.З-аас ирүүлсэн хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.” гэж дүгнэсэн юм.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ...” гэж заасан байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүгч хуулийг хэрэглэн өөрийн дотоод итгэлээрээ шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал билээ.
Дээрх захирамжийг хохирогч Д.О, Д.Б, О.Ц, Д.Ц нар эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянан хэлэлцээд гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэж 2025 оны 8 сарын 26-ны өдрийн 354 дугаар “Гомдол шийдвэрлэх тухай” захирамжаар тус шүүхийн 2025 оны 8 сарын 21-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжийг өөрчлөн М.Ц-ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч эрхээ хамгаалуулахаар захирамж, шийдвэрт гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг хамгаалах хуульд заасан механизм юм. Харин тухайн захирамж хүчингүй болсон тохиолдолд үүнийг хуулийг буруу хэрэглэн бусдад давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй билээ.
Мөн шүүгч 2025 оны 8 сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаараа М.Ц-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг бүрэн цуцлаагүй, түүнд гадуур чөлөөтэй зорчих боломжийг олгоогүй. Гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Ц-т Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонмаамтай аливаа төрөл хэлбэрээр харилцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг дурдах нь зүйтэй.
Товч дүгнэлт: М.Ц, Ж.М нарыг цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг ээлжийн амралттай байхад минь надад хуваарилж, энэ талаар надад болон тухайн үед ажиллаж байсан бусад шүүгчид мэдэгдээгүйгээс шүүх дээр саналыг шийдвэрлэхгүй удаах шалтгаан болсон. Миний хувьд ажилдаа орж тухайн санал өөрт хуваарилагдсаныг мэдсэн даруйдаа нэн даруй буюу маргааш өдөр нь саналыг хянан хэлэлцэх хуралдааныг зарлан хуралдуулж шуурхай ажилласан.
Тухайн шүүх хуралдаанаар прокурорын саналыг хянан хэлэлцээд хуулийн дагуу өөрийн дотоод итгэлд тулгуурлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн ба энэхүү захирамж нь хожим Ерөнхий шүүгчийн захирамжаар хүчингүй болсон нь хууль зөрчиж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх, улмаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр өргөдөл гаргагч Д.Отгонмаам, Д.Баярмаа, О.Цагаандарь, Д.Цэцэгдарь нарын өргөдөл нь үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.Наранцэцэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “…Хэрэгт цагдан хорих ТСАХ-г сунгуулахаар аймгийн Прокурорын хяналтын прокурор Ц.Ц-аас ирүүлсэн саналыг хүлээн авч шүүх хуралдаан хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэг сарын хугацаагаар сунгасан. Энэ шүүх хуралдаанд яллагдагч нараас цагдан хорихоос өөр ТСАХ-г авхуулахаар хүсэлт гаргасан боловч тэдний мэдүүлэгт дурдсан шалтгаан нөхцөл тогтоогдоогүй.
Харин аймгийн Прокурорын хяналтын прокурор Ц.Ц-аас 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд цагдан хорих ТСАХ-г сунгуулах санал ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд шүүгдэгч А.Ё хоёр нялх хүүхэдтэй, хүүхдүүд хэцүү байдалд байна гээд холбогдох баримтыг өмгөөлөгч н.Б-аар дамжуулан прокурорт танилцуулагдан тухайн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Яллагдагч А.Ё-ыг хохирогчийн гэрт очиж хохирогчийг дарамталсан гэж прокурор цагдан хорих үндэслэлээ болгосон гэх боловч энэ талаар нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон байдал түүний ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд авсан цагдан хорих ТСАХ-ний хугацаа сунгахаас татгалзаж, өөрчлөн ТСАХ авсан болно.
Гомдолд дурдсанаар яллагдагчид давуу байдал олгоогүй билээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг хийж ТСАХ-г хэрхэхийг шийдвэрлэсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Д.О нь Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч Д.Наранцэцэг А.Ё-ыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр сулласан, захирамжид гаргасан гомдлыг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул хүлээн авахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээн гэмт этгээдэд давуу байдал олгосон, шүүгч Б.Гончигсумлаа нь М.Ц-ыг зориуд хугацаа дуусах өдөр нь хурлыг хийж, хугацаа дууссан үндэслэлээр сулласан, А.Ё, М.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, онц хэрцгийгээр хүний амь насыг хохироосон этгээдэд илтэд давуу байдал бий болгосон” гэж тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
Шүүгч Д.Наранцэцэг нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжаар яллагдагч А.Ё-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах прокурорын хүсэлтийг хангахаас татгалзаж, *** гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэнд тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай уулзахгүй байх”-ыг даалгасан таслан сэргийлэх арга хэмжээг нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн,
Шүүгч Б.Гончигсумлаа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар яллагдагч М.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах прокурорын хүсэлтийг хангахаас татгалзаж, *** гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харьцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэнд ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр захирамжаар яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 5-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8-д “Шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана” 8.4-д “шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт” гэж яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан.
Шүүгч Д.Наранцэцэг нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр захирамжаар “...хэрэгт цугларсан баримтаас яллагдагч А.Ё нь хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө дээрх хуулиар зохицуулсан журмыг зөрчөөгүй, тус захирамжийг ерөнхий шүүгч хянан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй талаар дүгнээд дахин нэмж таслан сэргийлэх өөр төрлийн арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.“Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцсэн байх тул “цагдан хорих хугацааг сунгаагүй” шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй.
Иймд илтгэгч гишүүний “холбогдох шүүгч хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэр бүхий яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8.4-т заасныг зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
2.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4.2-т “... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, ... хүсэлтийг хүлээн авч Ерөнхий шүүгчээс бусад шүүгчид журмын 2.1-т заасан дарааллаар, дарааллын шүүгч ажиллахгүй тохиолдолд дараагийн дараалалд бичигдсэн шүүгчид хуваарилна”, 2.5.4.3-т “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ”, 3.1-т “Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс ... эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилна” гэж тус тус заажээ.
Дээрх журмаар Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн яллагдагч М.Ц, Ж.М нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах саналыг ээлжийн амралттай байсан шүүгч Б.Гончигсумлаад бус тухайн үед ганцаараа ажиллаж байсан Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилах байсан ч шүүгчийн туслах Т.Д нь нарийвчилсан журмын холбогдох заалтыг мэдэхгүйгээс шүүгч Б.Гончигсумлааг ажилдаа орсон 08 дугаар сарын 20-нд хуваарилсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч энэхүү үйлдэлд холбогдох шүүгч оролцсон, хугацаа сунгуулах саналыг санаатайгаар өөртөө хуваарилуулсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх тул тухайн үед ээлжийн амралттай байсан шүүгч Б.Гончигсумлааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3.Шүүгч Б.Гончигсумлаа нь яллагдагч Ж.М-ийг цагдан хорих хугацааг сунгасан, харин яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж, түүнд *** гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харилцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамждаа “...яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгасан, ...уг хугацаа 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан...” гэж дүгнэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч, хяналтын прокурор нар гомдол гаргасан, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр захирамжаар өөрчлөлт оруулан М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэхдээ “...хугацаа нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24 цагт дуусах тул хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, ...яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хуульд заасан үндэслэл арилаагүй...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-д “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, 3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж зааснаас үзвэл шүүхээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах хэлбэрээр хянуулж алдааг залруулдаг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоотой гэж ойлгоно.
Иймд шүүгч нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлж дүгнэлт хийсэн, уг эрхийн актыг хянасан ерөнхий шүүгч дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд зөвтгөн дүгнэж байгаа ажиллагаа нь сахилгын зөрчил биш бөгөөд сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй билээ.
Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүгч Ц.Ариунзул, Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Харин цаашид “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-аа боловсронгуй болгох, уг журамд зааснаар хуваарилах, шүүхийн захиргааны ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нэр бүхий шүүгч нарт анхааруулах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2025/0107 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР