
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-09
Дугаар 152
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, өргөдөл гаргагч Ч.У /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Ч.У 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Н газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяа нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Холбогдох шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би Нийслэлийн ... 00 дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байгаад захирал Д.Т-ийн тушаалаар 2 удаа ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан ч шүүхийн шийдвэрүүдээр ажилдаа эргэж орж байсан. Би дахин ажлаасаа халагдахгүйн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар шийдвэрийг гаргуулсан. Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлснээр хуульд зааснаар 00 дугаар сургуулийн захирал Д.Т-ийг ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргах байсан. Гэтэл 2013 онд шүүхийн 000 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/000 дугаартай илт хууль бус тушаал гарсан. Тушаалтай холбогдуулан би 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүгч намайг Б/000 тоот тушаалтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн юм. Би өөрийгөө энэ тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд надад Н газрын даргын Б/000 дугаартай тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоож, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шаардлагын үндэслэл: Би 00 дугаар сургуульд 1997 оноос эхлэн физикийн багшаар ажилласан. 2009 оны 07 дугаар сард Д.Т манай сургуулийн захирлаар шинээр томилогдон ирсэн боловч хууль бусаар захирлын албан тушаалд томилогдсон болох нь баримтуудаар нотлолдог. Д.Т нь багш намайг 2010 оны 08 дугаар сар, 2011 оны 05 дугаар сард 2 удаа үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд үүгээрээ миний халдашгүй байх эрхийг зөрчсөн юм. Тэр ингэж хууль зөрчсөн нь багш намайг дээрэлхсэн шинжтэй байсан, өөрийн эрхшээлд оруулах гэсэн хандлагатай байсан тул тухайн үеийн хуулийн заалтын дагуу ажилтнаа үндэслэлгүйгээр халсан албан тушаалтныг өөрийг нь ажлаас чөлөөлөх хариуцлага хүлээлгэх боломжтой байсан учраас Ч.У би өөрийгөө хуулиар хамгаалуулах зорилгоор түүнийг томилсон этгээд болох ... Засаг даргад өргөдөл гомдлоо гаргасан. Гэвч ... Засаг дарга Ж.Г миний өргөдлийг шийдвэрлээгүй. Тиймээс би Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан ... Засаг дарга асан Ж.Г-ийн эс үйлдэхүйг тогтоолгох Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/, 6/, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8,65 дугаар зүйлийн 65.3-т заасныг биелүүлэхийг даалгаж, ... Засаг даргын эс үйлдэхүйн улмаас хохирсон миний хууль ёсны эрхийг сэргээж өгөх шаардлагуудыг тавьж түүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан гээд шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг нэхэмжлэлд дурдаж дэлгэрэнгүй тайлбар бичсэн байх ба энэхүү нэхэмжлэлийг өргөдөлдөө хавсаргажээ.
Шүүгч Б.Ууганзаяа “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бичсэн байх ба захирамжид нэхэмжлэлд дурдсан агуулгыг дэлгэрэнгүй тусгажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т зааснаар “шүүгчийн захирамж” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг ойлгох ба 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолд “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3 дахь хэсгийн илт үндэслэлгүй гэснийг тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын агуулгатай огт хамааралгүй, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий алдаатай байхыг ойлгоно” гэжээ.
Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын бүтцийг хуульд нарийвчлан заагаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарч буй эрхийн акт тул шийдвэрлэж буй асуудлын зорилгод нийцүүлж, хуулийн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглэн, цугларсан баримтыг үндэслэн зөв дүгнэлт хийх шаардлагатай тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нэгэн адил тавигдана.
Шүүгч Б.Ууганзаяа 0000 дугаар захирамжид хэнд холбогдох хэний нэхэмжлэлийг хэзээ хүлээн авснаа бичиж, “Тодорхойлох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг дэлгэрэнгүй дурдаж, “Үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй үндэслэлээ холбогдох хуулийн зүйл заалтын хамт бичиж, “Захирамжлах” хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалтыг баримталсан нь хуульд нийцжээ.
Түүнчлэн шүүгч, шүүхээс гарч буй аливаа эрхийн актад тодруулбал, шүүгчийн захирамжид шийдвэрлэж буй асуудлыг аль болох товч, тодорхой, хуулийн үг хэллэгээр хэргийн оролцогчдод ойлгомжтой байхаар тусгаж, үг, найруулгын алдааг гаргахгүй байх шаардлага тавигддаг.
Холбогдох шүүгч дээрх захирамжийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлээс ишилж бичихдээ “....” тэмдэг ашигласан байх бөгөөд энэхүү хэсэгт бичсэн агуулга нэхэмжлэлд дурдсанаас өөрөөр бичигдээгүй байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолын 3.1-т “хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй эсхүл хууль зүйн үг хэллэгээр илэрхийлээгүй тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хөндөхгүйгээр тодруулж, хууль зүйн хэллэгээр бичиж болно” гэжээ.
Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа нэхэмжлэлд дурдсан зүйлийг бүгдийг бичээгүй боловч нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлийг тусгасан нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хөндөөгүй бөгөөд захирамжид өөрчлөлт оруулах, захирамжийг хүчингүй болгох, илт үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд өргөдөлд дурдсан “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэсгийн эхний хэсгийг орхиж бичсэн...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
2.Нэхэмжлэгч Ч.У 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “...нэхэмжлэлээс орхигдуулсан хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэсгийн эхний хэсгийг захирамждаа оруулж, залруулга хийж, захирамжийн тодорхойлох хэсгийг дахин бичиж, иргэн би шүүхээс чухамдаа ямар шалтгаанаар юуг шаардсан бэ гэдгийг тодорхой болгож өгнө үү. Орхигдуулсан хэсэгт миний гомдож байгаа асуудлыг гол зангилаа байсан. Үүнийг орхигдуулснаараа шүүгч захирамж, шийдвэрийнхээ үндэслэлийг эргэж харах шаардлагатай. Хүсэлтийн дагуу нягтлан үзээд захирамждаа өөрчлөлт оруулах, захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.
Шүүгч хүсэлтийг хүлээн аваад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/0000 дугаар албан бичгээр “...шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар захирамжид залруулга оруулах, илт үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн байна.
Нэхэмжлэгч Ч.У 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “...би Нийслэлийн ... 00 дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байгаад захирал Д.Т-ийн тушаалаар 2 удаа ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан ч шүүхийн шийдвэрүүдээр ажилдаа эргэж орж байсан. Би дахин ажлаасаа халагдахгүйн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар шийдвэрийг гаргуулсан юм. Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлснээр хуульд зааснаар 00 дугаар сургуулийн захирал Д.Т-ийг ажлаас нь чөлөөлөх захиргааны акт гаргах байсан. Гэтэл 2013 онд шүүхийн 000 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаартай илт хууль бус тушаал гарсан. Тушаалтай холбогдуулан би 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн юм. Би өөрийгөө энэ тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд иргэн Ч.У надад Н газрын даргын Б/000 дугаартай тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоож, миний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж маш тодорхой бичсэн. Гэтэл энэ шаардлагыг санаатайгаар хассан нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг тусгана гэснийг зөрчсөн байна ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.3 дэх заалтуудад нийцүүлэн захирамжийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарыг бүрэн гүйцэт тусгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар “үг ... илэрхий алдаатай” утга агуулга нь тодорхойгүй болж илэрхий гуйвуулагдсан тул залруулга хийж өгнө үү” гэх хүсэлтийг дахин гаргажээ.
Холбогдох шүүгч 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/0000 дүгээр албан бичгээр “...шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар захирамжид залруулга оруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр дахин мэдэгдэж байна. Түүнчлэн, энэ талаарх таны гаргасан хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр шийдвэрлэж хүргүүлсэн болохыг дурдаж байна” гэх хариу өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 18 дугаар тогтоолд “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3 дахь хэсгийн: “илт үндэслэлгүй” гэснийг тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын агуулгатай огт хамааралгүй, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий алдаатай байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана”, 107.4-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл ... тухайгаа тусгана”, 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж тус тус заасан.
Иймд холбогдох шүүгчийн “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг илт үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй, шүүгчийн захирамж нь шийдвэрт хамаарахгүй тул захирамжид залруулга хийх зохицуулалт хамаарахгүй...” гэсэн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.
3.Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа дараах үндэслэлийг захирамжид дурджээ. Үүнд “...нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Н газрын даргын Б/000 дугаартай тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоох” гэж тодорхойлсон. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаар тушаал нь Нийслэлийн ... 00 дугаар сургуулийн захирал Д.Т-т үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан” шийдвэр байх бөгөөд уг тушаалд Ч.У-ийг нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй буюу эрхийн хамгаалалт үзүүлэхээргүй байна. Түүнчлэн, нэхэмжлэл гаргагчаас өмнө нь шүүхэд “Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаар тушаал илт хууль бус хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх төдийгүй Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаар тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй, уг акт түүнд чиглэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Ч.У-ээс Н газарт холбогдуулан гаргасан “...иргэн Ч.У надад Н газрын даргын Б/000 дугаартай тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоож, миний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-т зааснаар нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан ба шүүгч Б.Ууганзаяа захирамжид хуулийн энэхүү заалтыг баримталсан байна.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэг үүсгэх асуудлыг шүүгч хуульд нийцүүлэн шийдвэрлэх бөгөөд Сахилгын хороо дээрх захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй болно.
Хэрэв нэхэмжлэгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ талаар захирамжид тодорхой дурдсан байна.
Нэхэмжлэгч уг захирамжийг өөрийн биеэр ирж авсан талаар захирамж гардуулсан баримтад тодорхой тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь гэрч Бий “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэлийн туслахаар ажиллаж байгаа. Шүүгч Б.Ууганзаяагийн туслахаар 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд түр ажиллаж байсан. Ч.У-ийн нэхэмжлэл шүүгч Б.Ууганзаяад хуваарилагдсан тул мэдээлэл лавлагаанаас нэхэмжлэлийг надад хүлээлгэн өгсөн. Түүнийг би шүүгчид танилцуулсан, шүүгч хуульд заасан 7 хоногийн хугацаанд үүсгэх эсвэл татгалзах эсэхээ шийдвэрлэх учиртай. Шүүгч хугацаандаа буюу 7 дахь өдрөө хүлээн авахаас татгалзсан тул би дугаар авсан. Ингээд 8 дугаар сарын 04-ний өдөр захирамж бичгээр гаргаад би гардуулах ажиллагаа хийсэн. Шүүгчийн захирамжийг өөрөө биеэр ирж авсан. Захирамжид гомдол гаргах эрхтэй гэдгийг тайлбарлахад би гомдол гаргахгүй материалаа бүгдийг авна гээд хүлээн авсан баримтад гарын үсэг зурахгүй, элдвээр орилж хашхираад байсан. Эхлээд захирамжаа өгдөг, захирамжид гомдол гаргавал нэхэмжлэл, хавсаргасан баримтыг давж заалдах шатны шүүхэд явуулдаг. Харин гомдол гаргаагүй бол материалыг нь буцааж өгдөг. Захирамж авсан өдрөө материалаа авна гээд байсан. Энэ үед гомдол гаргах хугацаа дуусаагүй байсан. Дотоод журмаараа гомдол гаргах хугацаа дууссаны дараа материалыг өгөх ёстой. Учир нь гомдол гаргахгүй гэчхээд дараа гомдол гаргадаг. Энэ тохиолдолд материалаа буцааж өгдөггүй. Ийм учраас журмын дагуу хугацаа дуусахыг хүлээдэг. Шүүгчийн захирамжийг гардуулсан баримт үйлдэхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд ураад хаясан. Би дахиад баримт үйлдэхэд гардаж авсан дээр он сар гарын үсэг зурахгүй гээд дахиад урсан. Тэгэхээр нь би тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан. Энэ баримт дээр Ч.У “та бүхний мэргэжилдээ ажилдаа эзэн байгаагүйн уршгаар 15 жил хохирсондоо гомдолтой” гэж бичсэн. Захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, шүүгч хариуг нь албан бичгээр өгсөн. 3 давхарт туслах хэргийн оролцогчтой уулзах танхим заал байдаг тэнд гардуулсан, уг нь камер байдаг гэвч хадгалах хугацаа богино гэж сонссон. Өөрийнхөөрөө дайрч хашхирч орилдог хүн байна лээ. Миний хувьд хуульд заасан журмын дагуу ажилласан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах боломжгүй.
Дээрх шүүгчийн захирамж гарсан талаар нэхэмжлэгч Ч.У-т шүүгчийн туслах 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр түүний 0000000 дугаар утсанд мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ.
Тус тэмдэглэлд нэхэмжлэгч Ч.У нь “Ч.У өөрийн биеэр ирж авсан. Та бүхний мэргэжилдээ, ажилдаа эзэн байгаагүйн уршгаар 15 жил хохирсонтой гомдолтой байна” гэх, шүүгчийн туслах “он сар тавих шаардлагагүй гэв” гэх тэмдэглэл үйлджээ.
Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч Б.Ууганзаяа хуулиа зөрчин, хуулийг өөрийн дураар тайлбарлаж, миний нэхэмжлэлийн шаардлага, түүний гол үндэслэлийг орхигдуулснаараа шүүхийн 000 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн хариуцагч ... Засаг дарга асан Ж.Г, холбогдогч гуравдагч этгээд болох 00 дугаар сургуулийн захирал Д.Т нарын нөлөөнд автсан, ... ажилдаа хариуцлагагүй хандаж хууль зөрчин дураараа авирласан, иргэнийг өөрийн мэргэжлээрээ дээрэлхсэн ... гомдол гаргах хугацаагаа алдахад нөлөөлсөн..., ялгаварлан гадуурхсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Ууганзаяа ирүүлсэн тайлбартаа: “..Ч.У-ийн Н газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь тус шүүхийн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журмын дагуу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр надад хуваарилагдсан.
Тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32025/0000 дугаар захирамжаар “... Н даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаар тушаал нь Нийслэлийн ... 00 дугаар сургуулийн захирал Д.Т-т үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан” шийдвэр байх бөгөөд уг тушаалд Ч.У-ийг нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй буюу эрхийн хамгаалалт үзүүлэхээргүй байна ...нэхэмжлэл гаргагчаас өмнө нь шүүхэд Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаар тушаал илт хууль бус хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх төдийгүй Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаар тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй, уг акт түүнд чиглэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Уг захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 54.2, 61.1, 65.1 109.2, 111.3 114.6, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар долоо хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй байдаг.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 18 дугаар тогтоолд “Мөн заалтын “бичгээр гарсан өдрөөс хойш” гэснийг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарж ёсчилсон, энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдсэн, түүнийг баримтжуулсан үеэс хойш гэж ойлгоно” гэж зааснаар шүүгчийн туслахаас 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ч.У-ийн 0000000 дугаар утсанд мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна.
Улмаар нэхэмжлэл гаргасан Ч.У нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх нь нээлттэй байхад тус эрхээ хэрэгжүүлээгүй атлаа одоо уг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна шүүгчийн туслахаас удаа дараа гомдол гаргах эрхийг тайлбарласаар байхад “... үүгээрээ гомдол гаргах хугацаагаа алдахад нөлөөлсөн гэж үзэж байгаа” гэж гомдолдоо бичиж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гардан авахдаа “гомдол гаргахгүй, өгсөн материалаа буцаан авна, он сар өдөр тавих шаардлагагүй” гэх мэт авир гаргасан талаар шүүгчийн туслах танилцуулсан.
Энэ нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжийг гардуулсан баримтын зарим хэсгийг урсан, он, сар бичих шаардлагагүй гэж хэлж, Та бүхний мэргэжилдээ ажилдаа эзэн байгаагүйн уршгаар 15 жил хохирсондоо гомдолтой байна гэх тэмдэглэгээ болон тухайн өдрийн шүүхийн камерын бичлэгээр тогтоогдоно.
Шүүхээс нэхэмжлэл гаргагчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, иргэнийг нас, нийгмийн байдал, эрхэлсэн ажил албан тушаал, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварласан зүйл огтоос байхгүй билээ.
Ийнхүү шийдвэрлэсний дараа 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.У-ээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32025/0000 дугаар захирамжид “... миний нэхэмжлэлээс орхигдуулсан хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын үндэслэл хэсгийн эхний хэсгийг захирамждаа оруулж, залруулга хийж, захирамжийн Тодорхойлох хэсгийг дахин бичиж, иргэн би шүүхээс чухамдаа ямар шалтгаанаар юуг шаардсан бэ гэдгийг тодорхой болгож өгнө үү. Орхигдуулсан хэсэгт миний гомдож байгаа асуудлыг гол зангилаа байсан. Үүнийг орхигдуулснаараа шүүгч захирамж, шийдвэрийнхээ үндэслэлийг эргэж харах шаардлагатай. Хүсэлтийн дагуу нягтлан үзээд захирамждаа өөрчлөлт оруулах, захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлын агуулгатай хүсэлтийг гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр 111.3-д “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан бөгөөд үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 18 дугаар Тогтоолд “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3 дахь хэсгийн: “илт үндэслэлгүй” гэснийг тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын агуулгатай огт хамааралгүй, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий алдаатай байхыг ойлгоно” гэж тайлбарласан тул захирамжид өөрчлөлт оруулах, захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй, илт үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/0000 дугаар албан бичгээр иргэн Ч.Ут хариу өгсөн.
Улмаар дахин ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар “үг ... илэрхий алдаатай” утга агуулга нь тодорхойгүй болж илэрхий гуйвуулагдсан тул залруулга хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй төдийгүй залруулга хийх хуулийн үндэслэл байгаагүй тул дахин 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/0000 дүгээр албан бичгээр хариуг өгсөн болно.
Нэхэмжлэл гаргасан Ч.У нь ... иргэн Ч.У надад Н газрын даргын Б/000 дугаартай тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоож, миний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд үүнийг ч шүүгчийн захирамжийн Тодорхойлох, Үндэслэх хэсгүүдэд тусгаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.
Түүнээс иргэн Ч.У-ээс “Иргэн Ч.У би Нийслэлийн ... 00 дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байгаад захирал Д.Т-ийн тушаалаар 2 удаа ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан ч шүүхийн шийдвэрүүдээр ажилдаа эргэж орж байсан. Би дахин ажлаасаа халагдахгүйн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар шийдвэрийг гаргуулсан юм. Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлснээр хуульд зааснаар 00 дугаар сургуулийн захирал Д.Т-ийг ажлаас нь чөлөөлөх захиргааны акт гаргах байсан. Гэтэл 2013 онд шүүхийн 000 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж Н газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/000 дугаартай илт хууль бус тушаал гарсан. Тушаалтай холбогдуулан би 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн юм. Би өөрийгөө энэ тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна” гэх нэхэмжлэл гаргаагүй бөгөөд уг үйл баримтыг уншихгүйгээр, харалгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан материалуудыг нэг бүрчлэн уншиж шүүхээс шийдвэр гаргасан билээ.
Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолд ... (Шаардлагатай бол нэхэмжлэлийг тодруулах): Хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, эсхүл хууль зүйн үг хэллэгээр илэрхийлээгүй тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хөндөхгүйгээр тодруулж, хууль зүйн хэллэгээр бичиж болно” гэж заасанд нийцэж байгаа болно.
Хэрэв үнэхээр шүүгч захирамжийнхаа үндэслэлийг харахаар алдаа зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, энэхүү шүүгчийн захирамжийг хянуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах асуудал биш гэж харж байна.
Миний бие Ч.У-ийн гаргасан нэхэмжлэл, хүсэлтүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн түргэн, шуурхай, тухай бүрд нь хариу өгч, иргэнийг ямар нэгэн байдлаар чирэгдүүлж хохироолгүй хуульд заасан журмыг баримтлан ажилласан.
Иргэн Ч.У гомдолдоо “Намайг мэргэжил албан тушаал, эрх мэдлийн байдлаар минь ялгаварлан гадуурхаж доог дохуу хийж байна. Хэнд ч тодорхой зүйл нь иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан “өргөдөл гомдлын агуулгыг нь хариундаа дурдаж” хэрхэн шийдвэрлэснээ бичдэг.
Шүүгчийн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан шүүхийн шийдвэрийн агуулгыг хуулиар журамлаж өгсөн бөгөөд шүүхээс гарах бусад шийдвэрлэсэн баримт бичигт нэгэн адил хамаарах стандарт шаардлага гэж ойлгож байна. Шүүгч Б.Ууганзаяагийн тайлбараар “Шүүхийн магадлал болон тогтоолын агуулгыг ч тус тусад нь хуулиар журамлах ёстой болж байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд “шүүхийн шийдвэрийн агуулга” гээд 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж тус тус заасан.
Уг хуулийн зохицуулалтууд нь шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шийдвэрт хамаарах хуулийн заалтууд болох нь хэнд ч хоёрдмол утгагүй, тодорхой заалтууд байна.
Мөн гомдолдоо “... Хуулиа зөрчин, хуулийг өөрийн дураар тайлбарлаж, миний нэхэмжлэлийн шаардлага, түүний гол үндэслэлийг орхигдуулснаараа шүүхийн 000 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн хариуцагч ... Засаг дарга асан Ж.Г, холбогдогч гуравдагч этгээд болох 00 дугаар сургуулийн захирал Д.Т /намайг ажлаас удаа дараа хууль бусаар халсан, шалгагдаж байгаа хүн/ нарын нөлөөнд автсан, тэдний нөлөөллийг нуун дарагдуулахыг хичээсэн байж болзошгүй, тэдэнтэй хуйвалдсан байж болзошгүй, намайг үйлдлээрээ дээрэлхсэн гэж үзэж гомдолтой байна” гэжээ.
Миний бие хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ягштал баримтлан ажилладаг бөгөөд ... Засаг дарга асан Ж.Г, холбогдогч гуравдагч этгээд гэх Д.Т болон нэхэмжлэл гаргасан Ч.У нартай ямар нэгэн байдлаар холбоогүй, хувийн харилцаагүй бөгөөд эдгээр хүмүүсийн хэнийг нь ч танихгүй, хэн алинтай нь уулзаж байгаагүй билээ.
Эдгээр хүмүүсийн нөлөөнд автсан, тэдний нөлөөллийг нуун дарагдуулах гэдэг нь угийн байх боломжгүй зүйл билээ.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу ялгаварлалгүйгээр эрх тэгш байх зарчмыг мөрдлөг болгон, хуульд заасан журмын дагуу ажилласан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж зааснаар нэхэмжлэл гаргагчтай зүй бусаар харьцсан, өөрийн мэргэжлээрээ дээрэлхсэн зүйл байхгүй, тийм хандлага, харилцаа гаргаагүй бөгөөд нэхэмжлэл гаргагчтай ямар нэгэн байдлаар уулзаагүй, танихгүй, түүний гаргасан нэхэмжлэл, хүсэлтүүдийг түргэн шуурхай, хуульд заасныг баримтлан шийдвэрлэж байсан болно.
Миний бие иргэн Ч.У-ийг нэхэмжлэл, хүсэлтэд дээрх байдлаар хариу өгч шийдвэрлэсэн нь мэргэжил, эрхэлсэн ажил, албан тушаал, насаар ялгаварлан гадуурхаж, шүүгч өөрийн албан тушаал, мэргэжлээрээ дээрэлхсэн мэт сэтгэгдэл төрүүлж байгаад харамсалтай байна.
Иргэн Ч.У-ийн “... Ажилдаа хариуцлагагүй хандаж хууль зөрчин дураараа авирласан, иргэнийг өөрийн мэргэжлээрээ дээрэлхсэн гэх үндэслэлээр хуулийн дагуу зохих арга хэмжээ, авч хариуг албан ёсоор мэдэгдэнэ үү, нэхэмжлэгч миний өргөдлийг зохих ёсоор хуульд нийцүүлэн шийдвэрлэж захирамждаа өөрчлөлт оруулж өгөхийг шүүгчид даалгаж өгнө үү ... нэхэмжлэгч надаас уучлалт хүссэн баримт үйлдэж өгөхийг даалгаж өгнө үү” гэх шаардлага тавьж байгаа нь шүүгчийн шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр нөлөөлсөн агуулгатай байх бөгөөд шүүгчийн хувьд албаны чиг үүргээ хуульд заасан журмын хүрээнд хэрэгжүүлсэнтэй холбогдуулан зориуд санаатай, дарамт үзүүлж буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй байна.
Иймд иргэн Ч.У-ийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.31-д тус тус заасныг миний бие зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ч.У-ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяад холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0102 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагчаас “...шүүгч Б.Ууганзаяа 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 0000 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захирамжтай танилцахад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэсгийн эхний хэсгийг орхиж бичсэн байсан учраас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь хандаж “нэхэмжлэлээс орхигдуулсан хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын үндэслэл хэсгийн эхний хэсгийг захирамждаа оруулж, залруулж, Тодорхойлох хэсгийг дахин бичиж, би шүүхээс чухамдаа ямар шалтгаанаар юуг шаардсан бэ гэдгийг тодорхой болгож өгнө үү” гэсэн хүсэлтээ өгсөн. Үүнийг орхигдуулснаар шүүгч захирамж, шийдвэрийнхээ үндэслэлийг эргэж харах шаардлагатай биз гэж үзэж байгаагаа хүсэлтдээ нэмж бичсэн. ...Шүүгчээс надад 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 0000 дугаартай хариу өгсөн. Үүнийг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дахин хүсэлтээ өгсөн бөгөөд “би нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бичсэн, энэ шаардлагыг санаатайгаар хассан нь хуульд заасан “нэхэмжлэлийн шаардлагыг ...тусгана” гэснийг зөрчсөн байна. Одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг санаатайгаар хасаж, оронд нь 2012 оны нэхэмжлэлийн шаардлагыг бичсэн нь нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл, баримт, түүний хариуцагч Ж.Гийн нэрийг нуун дарагдуулсан гэхээр байгаа тул залруулга хийх шаардлагатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.3, ... 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар залруулга хийж өгнө үү. Шүүгч Б.Ууганзаяа 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надад өгсөн 01/0000 дугаартай хариундаа “ ... Уг хуулийн зохицуулалтууд нь анхан шатны шүүхийн шийдвэрт ... алдаа байгаа тохиолдолд хэрэглэхээр байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 0000 дугаар захирамж нь үүнд хамаарахааргүй байна” гэсэн. Би шүүгчийн энэ ойлгомжгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.3-т заасныг баримтлаагүй, хууль зөрчсөн үйлдлийн улмаас түүнээс өөрөөс нь тайлбар гаргуулах, өөрт төрсөн эргэлзээгээ арилгах зорилгоор дахин дахин хүсэлт гаргаж цаг хугацаагаараа яллагдаж байгаадаа гомдолтой байна. Шүүгч намайг мэргэжил, албан тушаал, эрх мэдлийн байдлаар минь ялгаварлан гадуурхаж доог тохуу хийж байна. Хэнд ч тодорхой зүйл нь иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан “өргөдөл гомдлын гол агуулгыг нь хариундаа дурдаж” хэрхэн шийдвэрлэснээ бичдэг. Шүүгчийн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан шүүхийн шийдвэрийн агуулгыг хуулиар журамлаж өгсөн бөгөөд шүүхээс гарах “бусад шийдвэрлэсэн баримт бичигт” нэгэн адил хамаарах стандарт шаардлага гэж ойлгож байна.” гэх үндэслэлийг өргөдөлдөө дурдсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, иргэн Ч.У-ээс Н газарт холбогдуулан “иргэн Ч.У надад Н газрын даргын Б/000 дугаартай тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэл бүхий эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоож, миний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Ууганзаяа хүлээн авсан байна.
Шүүгч 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0000 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-т заасныг үндэслэн Ч.У-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэн Ч.У-ээс “..нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын үндэслэл хэсгийн эхний хэсгийг захирамждаа оруулж, залруулга хийж, захирамжийн Тодорхойлох хэсгийг дахин бичиж, иргэн би шүүхээс чухамдаа ямар шалтгаанаар юуг шаардсан бэ гэдгийг тодорхой болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/0000 дугаар албан бичгээр “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүний хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно”, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 18 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан байх бөгөөд тус тогтоолд “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3 дахь хэсгийн: “илт үндэслэлгүй” гэснийг тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын агуулгатай огт хамааралгүй, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий алдаатай байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Таны гаргасан хүсэлт нь дээрх хуулийн заалт, тайлбарт заасанд хамаарахааргүй байх тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн.
Иргэн Ч.У-ээс дахин 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “...одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хасаж, оронд нь 2012 оны нэхэмжлэлийн шаардлагыг бичсэн нь нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримт түүний хариуцагчийн Ж.Гийн нэрийг нуун дарагдуулсан гэхээр байх тул залруулах хийх шаардлагатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.3 дахь заалтуудад нийцүүлэн захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарыг бүрэн гүйцэт тусгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар “үг ...илэрхий алдаатай” утга агуулга нь тодорхойгүй болж илэрхий гуйвуулагдсан тул залруулга хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.
Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/0000 дүгээр албан бичгээр “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3 дахь хэсэгт “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага нь, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана”, 107.4 дэх хэсэгт “...хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл ...тухайгаа”, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасан. Уг хуулийн зохицуулалтууд нь анхан шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа тохиолдолд хэрэглэхээр байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар захирамж нь үүнд хамаарахгүй байна” гэх хариуг өгсөн байна.
Тус “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2025/0000 дугаар шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсэгт нэхэмжлэлийн үндэслэлийн бүх хэсгийг тусгаагүй боловч нэхэмжлэлийн утга, агуулга өөрчлөгдөөгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэлийг товчилж шүүгчийн захирамжид тусгасан нь шүүгч тэр хүрээнд нэхэмжлэлийг хянасан гэж үзэхгүй. Шүүгч хүлээн авсан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтыг бүхэлд хянан үзэж, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэр гаргадаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3 дахь хэсэгт “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана.”, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно”, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.
Шүүгч захирамжид нэхэмжлэлийн үндэслэлийг товчилж тусгасан нь дээрх хуульд заасан шүүгчийн захирамжийг илт үндэслэлгүй гэж үзэн өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна.
Тодруулбал “илт үндэслэлгүй” гэснийг тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлын агуулгатай огт хамааралгүй, хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр илэрхий алдаатай байхыг ойлгоно.
Иймд дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Дээрх өргөдөлтэй холбогдуулан гаргасан шүүгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолын 3.1-т “хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй эсхүл хууль зүйн үг хэллэгээр илэрхийлээгүй тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хөндөхгүйгээр тодруулж, хууль зүйн хэллэгээр бичиж болно” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Мөн өргөдөл гаргагч “...шүүгч өөртөө болон шүүхэд итгэх миний итгэлийг бууруулахад нэмэр болж дураараа авирласан, үүгээрээ гомдол гаргах хугацаагаа алдахад нөлөөлсөн” гэжээ.
Шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0000 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжид “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжаар эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан.
Тус захирамжийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн туслах нэхэмжлэл гаргагч Ч.У-т гардуулсан байх ба нэхэмжлэл гаргагч “Та бүхний мэргэжилдээ ажилдаа эзэн байгаагүй уршгаар 15 жил хохирсондоо гомдолтой байна” гэж захирамж гардуулсан баримтад тэмдэглэсэн байна.
Шүүгчийн захирамжийг гардуулсан талаар туслах Б “...8 дугаар сарын 04-ний өдөр захирамж бичгээр гаргаад би гардуулах ажиллагаа хийсэн. Шүүгчийн захирамжийг өөрөө биеэр ирж авсан. Захирамжид гомдол гаргах эрхтэй гэдгийг тайлбарлахад би гомдол гаргахгүй материалаа бүгдийг авна гээд хүлээн авсан баримтад гарын үсэг зурахгүй, элдвээр орилж хашхираад байсан. Эхлээд захирамжаа өгдөг, захирамжид гомдол гаргавал нэхэмжлэл, хавсаргасан баримтыг давж заалдах шатны шүүхэд явуулдаг. Харин гомдол гаргаагүй бол материалыг нь буцааж өгдөг. Захирамж авсан өдрөө материалаа авна гээд байсан. Энэ үед гомдол гаргах хугацаа дуусаагүй байсан. ...Шүүгчийн захирамжийг гардуулсан баримт үйлдэхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд ураад хаясан. Би дахиад баримт үйлдэхэд гардаж авсан дээр он сар гарын үсэг зурахгүй гээд дахиад урсан. Тэгэхээр нь би тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан. Энэ баримт дээр Ч.У “та бүхний мэргэжилдээ ажилдаа эзэн байгаагүйн уршгаар 15 жил хохирсондоо гомдолтой” гэж бичсэн. Захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, шүүгч хариуг нь албан бичгээр өгсөн. 3 давхарт туслах хэргийн оролцогчтой уулзах танхим заал байдаг тэнд гардуулсан, уг нь камер байдаг гэвч хадгалах хугацаа богино гэж сонссон” гэх мэдүүлгийг өгсөн.
Дээрх баримтуудаас үзвэл шүүхээс нэхэмжлэл гаргагчид шүүгчийн захирамжийг гардуулсан байх боловч нэхэмжлэл гаргагч Ч.У нь хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй байна.
Иймд шүүгчийг өргөдлийн “...гомдол гаргах хугацаагаа алдахад нөлөөлсөн” гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2025/0125 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР