info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-12-02

Дугаар 147

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, холбогдох шүүгч Н.Батчимэг, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэгт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ: “Д” ХХК-аас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэгт холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2025/0091 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явууллаа.

            Өргөдөл гаргагчаас шүүгч Н.Батчимэгт холбогдуулан: “...манай компаниас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн” гэжээ.

            Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтын тухайд:

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн өдрийн 182/ШШ2019/00000 дугаар шийдвэрээр “...Г.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 00000000 төгрөг гаргуулж “Д” ХХК-д олгож, “З” ХХК-ийн  өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-00000000 дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо, ...орон сууц үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00000 дугаар шийдвэрээр “ ...“З” ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгаж, “З” ХХК-ийн хуваарилагдах хөрөнгө болох улсын бүртгэлийн Y-00000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөнгөн хөрөнгийг хуваарилахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгаж” шийдвэрлэжээ.

            3. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “З” ХХК-аас дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн "Б” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасныг шүүгч Н.Батчимэг хүлээн авч, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 192/ШЗ2025/00000 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

            Тухайлбал,  хариуцагчид 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эрх, үүрэг тайлбарлан өгч, нэхэмжлэлийг гардуулж,  хариу тайлбараа 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн байна.

            Мөн нэхэмжлэгч "З" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ын хүсэлтээр шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/0000 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авчээ.

            Шүүгчийн 192/ШЗ2025/0000 дугаартай захирамжид хариуцагч А.Э 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны журмаар гомдол гаргасан ба улмаар гомдлоосоо татгалзсан тул тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШТ2025/000000 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна.

            2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-с “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргажээ.

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд “З” ХХК-аас дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн "Б” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргээс гарах шийдвэр нь “Д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь илэрхий байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.

            Тус заалтаас үзэхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хүсэлт гаргагч өөрөө гаргах бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу шүүх хуралдаанаас өмнө, шүүх хуралдаан дээр оролцуулах эсэхийг шүүгч захирамж гаргаж шийдвэрлэхээр хуульд илт тодорхой заажээ.

Иймд шүүгч Н.Батчимэг нь “З” ХХК-аас дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Д” ХХК-ийн “гуравдагч этгээдээр оролцох тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй гаргасныг дараах байдлаар тодорхойлов.

            Холбогдох шүүгч тайлбартаа: “...хүсэлтэд хавсаргасан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч, хүсэлтийг хэргийн оролцогч нарт яаралтай танилцуулан, тайлбар авч, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг хийх талаар шүүгчийн туслахад даалгасан” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад маргаан бүхий иргэний хэрэгт үзлэг хийхэд хэргийн 56-67 дугаар талуудад 2025 оны 05 сарын 13-ны өдөр “Д” ХХК-аас гуравдагч этгээдээр оролцох хүсэлт байсан ба хүсэлтэд хавсаргаж өгсөн 8 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хуулбар үнэнгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь тогтоогдсон.

Шүүгчийн туслах Б.Б 2025 оны 05 сарын 26-ны өдөр ажиллагаа хийсэн талаар тэмдэглэл үйлдсэн байх ба үүнд: “ ... хүсэлт бүртгэл хийлгэхгүйгээр шүүгчийн туслах намайг ширээн дээр эзгүй байх хооронд үлдээсэн. “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-тэй холбоо барих гэхэд шүүхэд ирүүлсэн хүсэлт болон итгэмжлэлд түүний холбоо барих хаяг, утасны дугаарыг дурдаагүйгээс түүнтэй холбоо баримт боломжгүй байв” гэжээ.

Гэтэл өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн гэрчээр өгсөн: “...2025 оны 05 сарын 29-ний өдөр шүүгчийн туслахтай биечлэн очиж уулзсан. Тэгэхэд шүүгчийн туслахаас “нэхэмжлэгчээс хүсэлттэй холбоотой санал, тайлбар аваад хүсэлтийг чинь шийдэх гээд байна. Гэвч нэхэмжлэгчийн утас ерөөсөө холбогдохгүй байна. Гэхдээ удахгүй болчих байх аа” гэх хариуг өгсөн, ...нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэх талаар шүүхээс ерөөсөө мэдэгдэж байгаагүй” гэх мэдүүлэг,

Шүүгчийн туслах Б.Б-ийн гэрчээр өгсөн: “ ...5 сарын үед байх нэг хүн ирээд манай гуравдагч этгээдийн хүсэлт яасан бэ гээд 1 л удаа надаас асуусан өөрөөр уулзаагүй, ...утсаар ярьсан зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд 2025 оны 05 сарын 29-ний өдөр шүүхэд биечлэн очиж шүүгчийн туслахтай уулзсан байх бөгөөд шүүгчийн туслахаас хүсэлтдээ хавсаргасан баримтаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлэх талаар хэлсэн зүйл тогтоогдохгүй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б өөрийн 000000 дугаарын утаснаас шүүгчийн туслах Б.Б-ийн 000000 дугаартай утастай

-2025 оны 06 сарын 06-ны өдөр 137 секунд,

-2025 оны 08 сарын 21-ний өдөр 120 секунд,

-2025 оны 08 сарын 26-ны өдөр 35 секунд тус тус харилцсан нь тэдгээрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болоод “00” ХХК-аас ирүүлсэн 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 00 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба уг баримтаас үзэхэд шүүгчийн туслахаас хүсэлт гаргагч талд хүсэлтдээ хавсаргасан баримтаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлэхийг мэдэгдэх боломжтой байсан байна.

Иймд шүүгчийн туслахаас мэдэгдээгүй нь дээрх байдлаар тогтоогдож байх тул холбогдох шүүгчийн: “...хүсэлтэд хавсаргасан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авахыг шүүгчийн туслахад даалгасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн “Д” ХХК-ийн хүсэлтэд хавсаргасан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй бол гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзах боломжтой байсан. Гэтэл хүсэлтийг огт шийдвэрлэхгүй байгаа шүүгчийн эс үйлдэхүй нь хүсэлт гаргагч байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс бүрэн, хангалттай олгохгүй, түүний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн баталгааг зөрчиж буй нэгэн хэлбэр юм.

Түүнчлэн, шүүгчийн туслах нэхэмжлэгч, хариуцагч нарт “Д” ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг танилцуулж тайлбар авах ажиллагаа хийсэн байх ба хариуцагч А.Э 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тайлбар гаргаж, харин нэхэмжлэгчийн утас холбогдохгүй байгаатай холбоотой түүнд танилцуулж тайлбар авч чадаагүй байна.

Холбогдох шүүгч тайлбартаа:  “ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ...шүүгч даруй шийдвэрлэнэ” гэх зохицуулалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хамаарна” гэх боловч уг тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж илтгэгч гишүүн үзэв.

Тухайлбал, “Д” ХХК нь тухайн хэргийн оролцогч биш бөгөөд тухайн хэрэгт гуравдагч этгээдээр буюу хэргийн оролцогчоор оролцох хүсэлтийг шүүх хуралдааны бус үед гаргасан. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулан, тайлбар авах ажиллагаа явуулахыг хуулиар шүүгчид үүрэг болгоогүй бөгөөд уг хүсэлтийг шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Гэтэл шүүгч Н.Батчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчин “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдох иргэний хэрэгт эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа “Д” ХХК-н гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эс үйлдэхгүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзлээ.

Энэхүү зөрчил нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээс шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэж заасан иргэний үндсэн эрхийг хязгаарласан байх тул ноцтойд тооцсон болно.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эс үйлдэхгүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэгт сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв гэжээ.

Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа “ ...гомдолд дурдсан нэхэмжлэгч "З" ХХК-ийн хариуцагч дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдох "Б” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүгч би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч А.Э-г шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийж, тэрээр 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбараа 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ирүүлжээ.

Мөн нэхэмжлэгч "З" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ын хүсэлтээр шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/0000 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч, дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д ...орон сууцтай холбоотой ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй, худалдан борлуулахгүй байхыг даалгах арга хэмжээ авсан байна.

Шүүгчийн 192/ШЗ2025/0000 дугаартай захирамжид хариуцагч А.Э 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу тухайн шатны шүүхэд гомдол гаргасан тул хэргийг Ерөнхий шүүгчийн туслахад мөн өдрөө хүлээлгэн өгч, улмаар тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШТ2025/000000 дугаартай тогтоолоор хариуцагч гомдлоосоо татгалзсаныг баталж, гомдлыг хэлэлцэхээс татгалзсан учир хэргийг шүүгчийн туслах Б.Б-т 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлжээ.

Шүүгчийн туслах Б.Б-ээс шүүгч надад "Д" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан бөгөөд хүсэлтэд хавсаргасан баримтууд нь хуулбар хувь байсан учир уг баримтуудыг хүсэлт гаргагчаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч, хүсэлтийг нь хэргийн оролцогч нарт яаралтай танилцуулан, тайлбар өгөх бол аваад эргэж танилцуулж, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг хийх талаар шүүгчийн туслахад даалгасан.

Шүүгчийн туслах 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тухайн хэргийг шүүгч надад "Д" ХХК-ийн итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утас бичигдээгүй, мөн тухайн компанийн бланк дээрх утаснууд нь ашиглалтад байхгүй, орох ярианы эрх нь хаагдсан байна" гэж танилцуулсан тул шүүгч би уг хүсэлтийг хэргийн оролцогч нарт яаралтай танилцуулаад тайлбар өгнө гэвэл аваад надад эргээд танилцуулаарай гэж хэлсэн.

Ингээд дахин хэргийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авч танилцахад нэхэмжлэгч "З" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ын утас холбогдох боломжгүй, хариуцагч А.Э нь хүсэлтэд тайлбараа өгөөгүй байсан тул дахин хэргийн оролцогч нартай холбогдож, тайлбарын аваад эргэн танилцуулах үүргийг шүүгчийн туслахад мөн өгсөн.

Шүүгч би 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 150-аад нэхэмжлэл, хэргүүдтэй танилцах үедээ тухайн хэрэгтэй дахин танилцахад хариуцагч А.Э "Д" ХХК-ийн хүсэлтэд тайлбар өгөх боломжгүй гэсэн хариуг, нэхэмжлэгч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ын утас холбогдох боломжгүй байсан талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байсантай танилцуулсан.

Шүүгч би тус шүүхийн тамгын газрын даргын тушаалаар 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралт эдлэхээс өмнө шүүгчийн туслах Б.Б-т тухайн хэргийн хүсэлтийг талуудад танилцуулах, "Д" ХХК-ийн хүсэлтэд хавсаргасан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангуулан авах зэрэг ажиллагааг хийхийг мөн даалгасан.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчим дээр үндэслэгддэг, шүүх санаачилгаараа ямар нэгэн нотлох баримт бүрдүүлэх болон бусад ажиллагааг хийх боломжгүй байдаг.

Түүнчлэн хүсэлт гаргагч "Д" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-ийн хүсэлтэд болон итгэмжлэлд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдох утасны дугаарыг бичигдээгүй, бичигдсэн дугаарууд нь холбогдох боломжгүй байсан тул шүүхээс тэдэнтэй холбогдох боломжгүй байдал үүссэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогддог.

Мөн шүүгчийн зүгээс хэрэг гүйцэтгэгч А.Э-с "Д" ХХК-тай холбоо барих утсыг асуух үүргийг шүүгчийн туслах Б.Б-т өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан явуулахыг даалгасан.

Ингээд шүүгч би 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа орж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хуваарилагдсан нэхэмжлэлүүдтэй танилцах явцдаа 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр уг хэрэгтэй дахин танилцаж, шүүгчийн туслахад талуудыг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудах үүрэг өгсний дагуу нэхэмжлэгч "З" ХХК-ийн хаягаар мэдэгдэх хуудас явуулахад хаягтаа байхгүй, тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн хариуг өгсөн, хариуцагч А.Э-с "Д” ХХК-тай холбоо барих утсыг асуух ажиллагааг хийлгэхэд тэрээр удаа дараа утсаа авахгүй байснаа ажил дээрээ очиж бичиг баримтаа үзээд хариу хэлье гэсэн боловч холбоо барих утас нь байхгүй байна гэсэн хариуг өгсөн байна.

Улмаар шүүгч тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/00000 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д "Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно" гэж заасан нь шүүхэд тухайн этгээдийг гуравдагч этгээдээр заавал оролцуулахыг үүрэг болгосон заалт биш, мөн хүсэлт гаргагч "Д"  ХХК-ийн зүгээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэл сонирхолтой бол мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдох утас, мэдээллийг итгэмжлэлдээ тусгасан бол, хүсэлтэд хавсаргасан баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн бол шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ингэж удаашрахгүй, шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулах боломжтой байсан.

Гэтэл "Д"  ХХК-ийн дээрх дутуу дулимаг ажиллагаанаас болж шүүхийн зүгээс тухайн компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа ч хэтрэх үндэслэл болсон.

Шүүгч би болон миний туслахын хувьд зөвхөн тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байнга дунджаар 150-170 хэрэг, нэхэмжлэл байдаг, мөн бусад ажиллагааны хүсэлтийг шийдвэрлэх зэргээр ачаалалтай ажилладаг.

Иймд "Д"  ХХК-ийн гүйцэтгэх Д.Б-ийн "биднийг хүсэлт гаргаснаас хойш бүтэн сар илүү хугацаа захирал өнгөрсөн боловч шүүгч Н.Батчимэг нь хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж, эс үйлдэхүй гаргаж байна. Бид шүүгчийн туслахаас хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг тодруулах бүрд “шүүгч хүсэлтийг нь хэргийн бусад оролцогчийн саналыг сонсож шийдвэрлэнэ гээд шийдвэрлэхгүй байгаа" гэж мэдэгддэг" гэх гомдол үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ... шүүгч даруй шийдвэрлэнэ” гэх зохицуулалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хамаарна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг талуудад танилцуулсны эцэст шийдвэрлэх нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэх юм. Энэ талаар "Д"  ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар зөв ойлголттой байх нь зүйтэй байх. Иймд шүүгч надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-ээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэгт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2025/0091 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2025/0030 дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг гаргажээ.

Өргөдөл гаргагчаас “...Манай компаниас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр "...үл хөрөнгийн үнэлгээний маргааныг хэрхэн шийдвэрлэх нь дээр дурдсан шүүхийн шийдвэрээр "Д" ХХК-д олгохоор заасан төлбөр гаргуулах харилцаанд шууд хамааралтай..." буюу эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан. Биднийг хүсэлт гаргаснаас хойш бүтэн сар илүү хугацаа өнгөрсөн боловч шүүгч Н.Батчимэг нь хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж, эс үйлдэхүй гаргаж байна. Бид шүүгчийн туслахаас хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг тодруулах бүрд "шүүгч хүсэлтийг нь хэргийн бусад оролцогчийн саналыг сонсож шийдвэрлэнэ гээд шийдвэрлэхгүй байгаа" гэж мэдэгддэг” гэжээ.

 Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00000 дугаар шүүхийн шийдвэрээр “...Г.А-ээс 00000000 төгрөг гаргуулж “Д” ХХК-д олгохоор шийдвэрлэж, Г.А сайн дураар биелүүлээгүй бол “З” ХХК-ийн өмчлөлийн ... орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн шийдвэр хуулийн төгөлдөр болсон байна.

“З” ХХК-аас дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдуулан “......орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг шүүгч Н.Батчимэг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/00000 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-с “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байна.

Шүүгчийн туслах Б.Б 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  “... “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдох хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгч хүлээн авсан бүртгэл хийлгэхгүйгээр шүүгчийн туслах намайг ширээн дээр эзгүй байх хооронд үлдээсэн байв. Улмаар хүсэлтийг шүүгчид танилцуулахад хүсэлтэд хавсарган ирүүлсэн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүсэлт гаргагч талаас шаардан авахыг даалгасан бөгөөд үүний дагуу хүсэлт гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-тэй холбоо барих гэхэд шүүхэд ирүүлсэн хүсэлт болон итгэмжлэлд түүний холбоо барих хаяг, утасны дугаарыг дурдаагүйгээс түүнтэй холбоо барих боломжгүй байв” гэх тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргажээ.

Шүүх “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-с гаргасан хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан боловч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргах хүртэл хугацаанд шийдвэрлээгүй байна.

Энэ талаар холбогдох шүүгч “... Шүүгчийн туслах Б.Б-с шүүгч надад "Д" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан бөгөөд хүсэлтэд хавсаргасан баримтууд нь хуулбар хувь байсан учир уг баримтуудыг хүсэлт гаргагчаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч, хүсэлтийг нь хэргийн оролцогч нарт яаралтай танилцуулан, тайлбар өгөх бол аваад эргэж танилцуулж, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг хийх талаар шүүгчийн туслахад даалгасан. ...Шүүгчийн туслах 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тухайн хэргийг шүүгч надад "Д"  ХХК-ийн итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утас бичигдээгүй, мөн тухайн компанийн бланк дээрх утаснууд нь ашиглалтад байхгүй, орох ярианы эрх нь хаагдсан байна" гэж танилцуулсан тул шүүгч би уг хүсэлтийг хэргийн оролцогч нарт яаралтай танилцуулаад тайлбар өгнө гэвэл аваад надад эргээд танилцуулаарай гэж хэлсэн. ... хэрэгтэй дахин танилцахад хариуцагч А.Э "Д"  ХХК-ийн хүсэлтэд тайлбар өгөх боломжгүй гэсэн хариуг, нэхэмжлэгч “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ын утас холбогдох боломжгүй байсан талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байсантай танилцуулсан. ...итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдох утас, мэдээллийг итгэмжлэлдээ тусгасан бол, хүсэлтэд хавсаргасан баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн бол шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ингэж удаашрахгүй, шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулах боломжтой байсан” гэх тайлбарыг,

шүүгчийн туслах Б.Б “...хүсэлтийг хүлээж аваад хэргийн ачаалал их, ажиллагаа ихтэй завгүй байсан учраас шүүгчид 2, 3 хоногийн дараа танилцуулахад хэргийн оролцогч нарт танилцуулаад тайлбар авах, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан авах талаар үүрэг болгосон. ...Мөн Д нь хүсэлт болон итгэмжлэл дээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо барих утасны дугаар, хаягаа огт бичээгүй байсан. Итгэмжлэл дээрх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаяг утасны дугаар байхгүй байсан. ...5 сарын үед байх нэг хүн ирээд манай гуравдагч этгээдийн хүсэлт яасан бэ гээд 1 л удаа надаас асуусан өөрөөр уулзаагүй. Тэр хүн уулзахдаа Д ХХК-аас явж байгаа эсэх, төлөөлөгч, өмгөөлөгч эсхүл захирал хэн нь болохоо хэлээгүй. Утсаар ярьсан зүйл байхгүй. Харин 8 дугаар сарын 26-ны өдөр утсаар залгасан байна. Би утсаар ярьсан эсэхээ санахгүй байна. Яагаад гэвэл олон хэрэг дээр ажиллагаа хийдэг бөгөөд дор хаяж өдөрт 20-30 хүнтэй утсаар ярьж, 20-30 хүнтэй уулзаж ачаалал ихтэй байдаг.” гэх мэдүүлгийг өгсөн.

Харин “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “...2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн туслахтай биечлэн очиж уулзсан. Тэгэхэд шүүгчийн туслахаас “нэхэмжлэгчээс хүсэлттэй холбоотой санал, тайлбар аваад хүсэлтийг чинь шийдэх гээд байна. Гэвч нэхэмжлэгчийн утас ерөөсөө холбогдож чадаагүй байна. Гэхдээ удахгүй болчих байх аа” гэх хариуг өгсөн. Үүний дараа 06-ны өдөр шүүгчийн туслахтай утсаар холбогдоход “нэхэмжлэгчтэй холбогдож чадаагүй байна, шүүгч 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл амрах гэх зүйл ярьж байсан” би тэгээд 06 дугаар сарын 09-нд өөрөө очиж уулзахад “та нар миний хүсэлтийг шийдэхгүй сар гаруй боллоо” гэхэд шүүгчийн туслахаас “би шүүгчид танилцуулсан, шүүгч өөрөө  наад хүсэлтийг минь шийдэхийн тулд талуудын тайлбарыг авсны дараа шийднэ” гэх хариуг өгсөн. 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн туслахтай утсаар холбогдоход нэхэмжлэгтэй холбогдож чадахгүй байна, мэдэгдэх хуудас явуулсан гэх өмнөх зүйлээ ярьдаг. Тэгээд 8 дугаар сарын 26-ны өдөр дахиад утсаар ярьсан миний хүсэлтийг яаж шийдсэн бэ гэдэг асуудлыг ярьсан. Тэгэхэд шүүгчийн туслах би шүүгчид танилцуулаад хурал зарлуулах гэж байна, тэгвэл хэргийн оролцогчид хуралд ирээд таны хүсэлтийг шийдчих байх” гэдэг хариу өгсөн. Тэрнээс хойш хурал тавьсан зүйл байхгүй. Нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэх талаар шүүхээс ерөөсөө мэдэгдэж байгаагүй” гэх мэдүүлгийг өгчээ.

Шалгах ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн 000000 дугаарын утаснаас шүүгчийн туслах Б.Б-ийн 000000 дугаарын утастай 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 137 секунд, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 120 секунд, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 35 секунд тус тус харилцсан талаарх лавлагааг “0” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.

Дээрх баримтаас үзвэл шүүгчийн туслах “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдсон атлаа энэ талаарх тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй, мөн шүүгчид мэдэгдээгүй байна. 

Иймд, шүүгчийн “...“Д” ХХК-ийн дээрх дутуу дулимаг ажиллагаанаас болж шүүхийн зүгээс тухайн компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа удааширсан” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн дээрх үйлдэлтэй холбогдуулан илтгэгч гишүүн “...шүүгч Н.Батчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчин “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-д холбогдох иргэний хэрэгт эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа “Д” ХХК-н гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эс үйлдэхгүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан” гэж үзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.” гэж заасан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй. Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тайлбарласан.

Тус тайлбараас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг нь шүүхээс гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хатуу тогтоосон, үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүгч гуравдагч этгээдийг оролцуулах эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх эрхтэй тул шүүгчийн дээрх үйлдэл нь “хуулийн илт тодорхой” заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар хуулийн тодорхой зохицуулалт байхгүй. Харин Иргэний хэргийн хөдөлгөөний аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, Баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасан боловч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан аргачлал нь хуулийн илт тодорхой заалт болохгүй юм.

Түүнчлэн шүүгч “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг талуудад танилцуулсны эцэст шийдвэрлэх нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэх юм. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ... шүүгч даруй шийдвэрлэнэ” гэх зохицуулалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хамаарна.” гэх тайлбарыг гаргасан.

Үүнтэй холбогдуулан шүүхээс “Д” ХХК-аас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг нэхэмжлэгч “З” ХХК-ийн төлөөлөгч Г.С, хариуцагч дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э нарт танилцуулж, тайлбар авах ажиллагаа явуулахад хариуцагч А.Э-с холбогдох тайлбар ирүүлж, нэхэмжлэгч “З” ХХК-ийн төлөөлөгч Г.С-тай холбогдож чадаагүй гэх баримтыг шүүгчийн туслах хэрэгт хавсаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн заалт нь шүүх хуралдааны үед гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт байхад шүүгч дээрх хуулийн заалтыг баримтлан хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй байсан нь үндэслэлгүй боловч шүүгчийг энэ үндэслэлээр хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй. 

Цаашид шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдээс гаргасан хүсэлтийг хуулийн хүрээнд цаг алдалгүй хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай удирдан явуулахад анхаарах шаардлагатай.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2025/0030 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                   ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН