info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-09

Дугаар 124

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Д өргөдөлдөө: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид хариуцлага тооцож өгнө үү. Миний охин Б.О 2025 оны 03 дугаар сард гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоог хүртэл шийдэж өгөхгүй биднийг бага насны 3-7 насны 2 хүүхдийн хамт хохироож байна” гэжээ.

Шүүгч И.Амартөгс тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.О-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох нэхэмжлэл болон иргэний хэрэг хуваарилагдаагүй байна. Шүүхийн тамгын газраас лавлахад нэхэмжлэгч Б.О-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Г.Б-д,  2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэл шүүгч О.Ц-д хуваарилагдсан байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, иргэн Б.О нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандан Б.Э-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, сэтгэл санааны хохирол, сургалтын төлбөр болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Г.Б хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/1...6 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Үүний дараа Б.О нь хариуцагч Б.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан, тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн 1../ШШ2025/0...5 дугаар шийдвэрээр Б.Э-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэжээ.

Б.О нь Б.Э-д холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг дахин гаргасан нь шүүгч О.Ц-д хуваарилагдсан, шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1../ШЗ2025/3....1 дүгээр захирамжаар “...улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.  

Б.О 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан нь шүүгч О.Ц-д хуваарилагдсан, шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1../ШЗ2025/3...0 дугаар захирамжаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан бүрдүүлбэрийг хангах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

Б.О-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа шүүгч Г.Б, О.Ц нар захирамжид үндэслэлээ тодорхой дурдсан, энэ нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн  шүүгч О.Ц нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.О-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байна.

Харин Б.О-ийн нэхэмжлэл Ерөнхий шүүгч И.Амартөгсөд хуваарилагдаагүй, тэрээр уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаагүй тул өргөдөлд дурдсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.            

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                           ДАРГАЛАГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

   ГИШҮҮН                                  Д.АРИУНТУЯА

    Д.ЭРДЭНЭЧУЛУУН