info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-11-28

Дугаар 145

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц өргөдөлдөө: “...БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Ц миний эзэмшлийн “Г” ХХК-д холбогдох, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх дараах байдлаар шийдвэрлэсэн. Үүнд:

  1. ...анхан шатны шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох 86.314.400 төгрөг гаргуулах, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэж 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1../ШШ2023/0...4 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн.
  2. ...давж заалдах шатны шүүх нь ...анхан шатны шүүхийн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох 86.314.400 төгрөг гаргуулах, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн 1../ШШ2023/0...4 дүгээр шийдвэрийг давж заалдах гомдлоор хянаж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2../МА2024/0...2 дугаар магадлал гаргасан.
  3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх нь
    ...анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1../ШШ2023/0...4 дүгээр, ...давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2../МА2024/0...2 дугаар магадлалыг тус тус хяналтын журмаар хянан хэлэлцэж 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 0../ХТ2024/0...2 дугаартай тогтоол гаргасан.

Гэвч анхан болон хяналтын шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа дараах байдлаар Монгол Улсын шүүхийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Иргэний хэрэгт анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн
нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэр гаргасан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Х” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц-тэй “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” G1...9-г байгуулан ...аймгийн ...төмөр замын өртөөнөөс ...аймгийн ...суман дахь “С” ХХК-ийн гаалийн хяналтын талбай хүртэл төмөр замаар, уг талбайгаас БНХАУ-ын Эрээн  хотын автын гаалийн хяналтын талбай хүртэл автомашинаар 20000 тонн төмрийн хүдэр тээвэрлүүлэхээр тохиролцсон.

“Г” ХХК нь эхний 5760 тонн төмрийн хүдрийг ... суман дахь “С” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд тээвэрлэж хүргэсний дараа талуудад маргаан гарч тээвэрлэлт зогссон байсан үед гэрээний зуучлагч “Э” ХХК нь дээрх төмрийн хүдрийг өөртөө авахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-д төмрийн хүдрийг өгөхөөр шийдвэрлэсэн. Бүх шатны шүүхэд төмрийн хүдрийг “Э” ХХК-д өгөх ёсгүй, энэ компани нэхэмжлэл гаргах эрхгүй, төмрийн хүдрийн эцсийн өмчлөгч нь “Х” ХХК гэж бүх шатны шүүхэд тайлбар, гомдол гаргасан
боловч асуудлыг бүрэн нягталж, шалгалгүй шийдвэр гаргасан. Мөн Улсын Дээд
шүүхийн хурлын хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н “...Би хариуцагч байгууллагыг мэдэхгүй. Худалдан авагч нь таньдаг байсан байж магадгүй” гэж тодорхой хэлсэн боловч шүүх үнэлэлт хийгээгүй.

            2. Шүүхийн шийдвэр алдаатай гарсан. Шүүхийн шийдвэрт 5700 тонн төмрийн хүдрийг “Э” ХХК-д олгохоор заасан бөгөөд тээвэрлэсэн болон хадгалалтын талбайд байгаа төмрийн хүдэр нь 5760 тонн байгаа нь шийдвэр алдаатай гарсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл эцсийн өмчлөгч бус “Э” ХХК-д 5700 тонн төмрийн хүдрийг өгөөд, жинхэнэ өмчлөгч “Х” ХХК-д 60 тонн төмрийн хүдрийг олгохоор харагдаж байна. Улсын Дээд шүүх хуралд ч гэсэн  нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар төмрийн хүдрийг “Х” ХХК авах ёстой, эцсийн өмчлөгч нь гэж мэдүүлсэн боловч шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдааныг даргалсан танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нар хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц намайг шүүхийн хэлэлцүүлэгт сонсогчоор оролцуулсан. Би сүүлд нь хуралд хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор тайлбар хэлэх, мэтгэлцэх зэрэг боломжийг надад олгох боломжтой байсан гэж ойлгосон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд миний бие биечлэн сонсох байдлаар оролцсон.

Хяналтын шатны шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.7-д заасан “шүүгчийн бүрэн  эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар,
удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.31-д заасан “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн  ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх”-г зөрчиж Өвөр Монгол улс, өвөрлөгч хүн болохоор ялгаварлах байдал гаргаж байсанд гомдолтой байна.

Энэ нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх хуралдааны дууны бичлэгийг шалгахад тогтоогдоно гэж үзэж байна.

Мөн дээрх хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч нар хөтөлж асуулт тавих, хэрэгт хамааралгүй зүйл асуух, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөрүүтэй мэдүүлгийг нарийвчлан асуухгүй байх, шүүгч нарын ээлжлэн  асуусан асуултад зөрүүтэй тайлбар өгөхөд нь хэргийн нотлох баримтад тулгуурлаж асуулт асуухгүй байх, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өөр өөр мэдүүлэгт үнэлэлт өгөхгүй байх зэргээр нэг талд давуу байдал олгох нөхцөл байдлыг бүрдүүлсэн, илт нэхэмжлэгчийн алдаатай байдал тогтоогдож байхад шийдвэр гаргасан, хуралдааны явц, оролцогчдын асуулт, хариултыг хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Улсын Дээд шүүх хурлын үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н “... ...өртөө хүртэл тээвэрлүүлээд гаалийн бүрдүүлэлтийг нэхэмжлэгч хийгээд хилээр цаашаа гаргаж худалдан авагчид хүлээлгэж өгүүлэх гэв.”, “Тээвэрлэлт хийгээд гаалийн талбай дээр буухаар нь манай компани хүлээж аваад гаалийн бүрдүүлэлтийг манайх хийгээд хилээр гаргах ёстой юм, Анхнаасаа эрээн дээр хүргэж өгөх ёстой байсан. Надад ямар ч хариуцагчтай тээврийн гэрээ байхгүй”, Илтгэгч шүүгч: “Та үр дүн юу хүссэн бэ” гэхэд “Замын-Үүд” гэж хэлсэн гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Тийм гэв.”, “... Замын-Үүдээс Эрээн хот хүртэл тээвэрлэх үүрэг нь хариуцагчид байгаа” зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгч байсан.

            4. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгч нар шүүх хуралдаанаас өмнө шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Энэ нь шүүх хуралдааны явцад шүүгч нарын асуусан асуулт, бодит байдлыг тогтоох бус харилцан зөрүүтэй тайлбаруудаас нэг талд давуу байдал олгох хэсэгт төвлөрч үнэлсэн зэргээр тогтоогдоно. Тухайлбал: Даргалагч шүүгч “... энэ компани өөрийнхөө юмыг авна гэж байхад танайх яагаад өгөхгүй гээд байгаа вэ” гэсэн асуулт нь төмрийн хүдрийг Л.Н авах ёстой гэж ойлгож, итгэсэн, үнэлсэн, шийдвэрлэхээр тогтоосон гэж үзэхээр байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал дээрээсээ 12-13 дахь мөр/. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.4-д заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Л.Н хэний ямар зөвшөөрлөөр бусдын өмчлөлийн төмрийн хүдрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хүлээж авсан болох, төмрийн хүдрийг ямар шалтгааны улмаас Замын-Үүдээс Эрээн хүртэл тээвэрлүүлээгүй, Л.Н төмрийн хүдрийг хилээр гаргах баримт бичгийг өгөөгүйн улмаас төмрийн хүдрийг Замын-Үүдээс Эрээн хүртэл тээвэрлэх ажил саатсан болохыг огт шалгаагүй, энэ талаарх нотлох баримтуудыг хөндөөгүй, үүнд хэн  буруутай болох, шүүх төмрийн хүдрийн эцсийн өмчлөгч болох “Х” ХХК-ийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулалгүй ямар ч өмчлөгч бус Л.Н-д өгөхөөр шийдвэрлэсэн, манай компанийн тээвэрлэлт хийсэн, Улаанбаатар төмөр замд төмөр зам ашигласны төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудад зөв үнэлэлт хийгээгүй зэрэг маш олон тодорхойгүй зүйлүүд байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Манай компани анх шүүхэд нэхэмжлэл гаргаагүй төмрийн хүдрийг өгөхгүй гэж огт маргаагүй, зөвхөн эцсийн өмчлөгчид нь төмрийн хүдрийг өгье гэсэн  тайлбар, холбогдох нотлох баримтуудыг өгч байсан болно. Иймд шүүхийн шийдвэр, шүүгч нартай холбоотой гомдлыг хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нар тайлбартаа: “ ... “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох иргэний хэргийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүний шүүгч нар болох Иргэний танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.7, 50.1.31-д заасныг зөрчсөн үндэслэлээр хариуцагч “Г” ХХК нь гомдол гаргасны дагуу шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн Шүүхийн сахилгын хороо сахилгын хэрэг үүсгэжээ. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/0030 дугаартай сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, хэргийн оролцогчийн гомдлыг хүлээн авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Иргэний хэргийн талаар

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 86,314,400 төгрөг гаргуулах, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол “Э” ХХК-аас нийт 155,814,074 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1../ШШ2023/0...4 дүгээр шийдвэрээр, давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 2../МА2024/00712 дугаар магадлалаар, хяналтын шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0../ХТ2024/0...2 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.

...анхан шатны шүүх Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Г” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, ...аймгийн ...сум дахь “С” ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Г” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Э” ХХК-аас 155,814,074 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

...давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК-д холбогдох 86,314,400 төгрөг гаргуулах, гаалийн талбайд байгаа 5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан буюу үндсэн ба сөрөг шаардлагыг аль алиныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүх тус хэрэг маргааныг хяналтын шатны журмаар хэлэлцэж, маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлон хууль хэрэглээний тайлбар хийж шийдвэрлэсэн бөгөөд зохигчийн маргааны хууль зүйн асуудал тус шүүхийн бүрэн эрхэд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолд шийдлийнхээ хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан.

  1. Сахилгын зөрчил гаргасан гэх гомдлын талаар

“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.7, 50.1.31 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэжээ.

     2.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэхийг хориглоно” гэж заасан. Шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос асуулт асууснаар тус зөрчлийн объектив талын бүрэлдэхүүн бий болохгүй бөгөөд энэ нь хэргийн нөхцөл байдал, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулж буй шүүгчийн зайлшгүй хийх ажиллагаа мөн. Хоёр шатны шүүхээр удаа дараа хэлэлцэгдэж, зохигч нэгэнт маргахгүй болсон үйл баримтад үндэслэн  хууль зүйн асуулт тавих, зохигчийн эвлэрэн  хэлэлцэх боломж бий эсэхийг эрэлхийлэх, тодруулах нь шүүгчийн үүрэг гэж үзнэ.

Түүнчлэн  тус хэрэг маргааны талаар хянан шийдвэрлэгдээгүй байх үед олон нийтэд мэдээлсэн, өөрийн байр сууриа илэрхийлсэн аливаа үйлдлийг бүрэлдэхүүний шүүгчийн хэн аль нь гаргаагүй. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэх зохигчийн гомдол үндэслэлгүй.

     2.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “Шүүгчийн бүрэн  эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэхийг хориглоно” гэж заасан.

     Гомдол гаргагч шүүх бүрэлдэхүүн дээрх зөрчлийг гаргасан гэж дурдахдаа чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь энэ зөрчлийн бүрэлдэхүүнийг бий болгож буй талаар гомдолдоо дурдсангүй. Тус гомдол ойлгомжгүй, үндэслэлгүй болжээ.

     2.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн  ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх”-ийг хориглохоор заасан.

   Тус зөрчлийг гаргасан гэх гомдлын хүрээнд түүнийг шүүх хуралдаанд үг хэлэх эрхгүйгээр оролцуулсан, тайлбар гаргах, мэтгэлцүүлэх боломжоор хангаагүй нь түүнийг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан хэлбэр гэж дурдсан байна.

     “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох иргэний хэргийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Э” ХХК-ийг төлөөлж захирал Л.Н, хариуцагч “Г” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар биечлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М цахимаар оролцсон байна. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Г” ХХК нь итгэмжлэгдсэн  төлөөлөгч О.Б-г томилон оролцуулсан байх ба шүүхээс аль нэг талыг оролцуулахгүй байх, тухайлан байр сууриа илэрхийлэх эрхийг нь хязгаарласан аливаа үйлдэл гаргаагүй. Хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны журмаар тус бүр хоёр удаа хэлэлцэх явцад хариуцагч тал нэхэмжлэлийн үндсэн  ба сөрөг шаардлагатай холбоотой тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаанд оролцох, амаар болон бичгийн хэлбэрээр мэтгэлцэх бүрэн эрхээ аливаа хязгаарлалтгүй хэрэгжүүлжээ.

     Хяналтын шатны шүүх хуралдааны явцад хариуцагч эсхүл нэхэмжлэгч талаас хэн  нэгнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, ямар нэгэн  байдлаар үг хэлэх боломж олгоогүй гэх нөхцөл байдал үүсээгүй, хэргийн оролцогчоос ийм хүсэлт, санал гараагүй байна.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэн аль нь тэгш оролцоотой байж, шударгаар мэтгэлцэх, эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломж олгогдсоныг дурдаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, үндэс угсаа, бусад байдлаар ялгаварлан гадуурхсан нөхцөл байдал бий болоогүйг тэмдэглэж байна.

Иймд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц-ийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 86,314,400 төгрөг гаргуулах, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

...анхан шатны шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Э” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, Иргэний хуулийн 206, 386 дугаар зүйл, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 32 дугаар заалтын дагуу “Э” ХХК-аас нийт 155,814,074 төгрөг гаргуулах  маргаан бүхий 5700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх иргэний хэргийг шүүх дор дурдсанаар шийдвэрлэжээ. Үүнд:

1. ...анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0...0  дүгээр шийдвэрээр “Г” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 0...2 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0...8 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

2. ...анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0...4 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож, ...аймгийн ...сум дахь “С” ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Г” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

 ...давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0...2 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0...0 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.  

3. ...анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0...4 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, ...аймгийн ...сум дахь “С” ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Г” ХХК-д даалгаж, “Э” ХХК-аас 155,814,074 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор ...давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 0...2 дугаар магадлалаар гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0...2 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ба хуулийн 176.2.-т  “Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана”, 176.2.3. “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэжээ.

Монгол Улсын дээд шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох иргэний хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцээд бүрэн эрхийн хүрээнд “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэсэн байх бөгөөд Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах эрхгүй болно.

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэнээс юу шаардахаа өөрөө шийдвэрлэх тул шаардлагаас өөр асуудлыг, мөн шаардлагаас илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөх” шаардлага гаргасан, шүүх энэ хэмжээнд шийдвэрлэсэн байх тул өргөдөлд дурдсан “...тээвэрлэсэн болон хадгалалтын талбайд байгаа төмрийн хүдэр 5760 тонн байгаа нь шийдвэр алдаатай гарсан” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

            1.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах тул  зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.

            Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

            Хяналтын шатны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж “Э” ХХК-ийг төлөөлж захирал Л.Н, хариуцагч  “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар биечлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М цахимаар оролцсон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа ба тогтоолд тусгагдсантай адил байна.

            Дээр дурдсанаар хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б оролцсон байх ба шүүхийн зүгээс түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх, тайлбар гаргах эрхийг нь хязгаарласан үйлдэл гаргаагүй бөгөөд тэрээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс  хязгаарласан, мөн үндэс угсаа, бусад байдлаар ялгаварлан гадуурхсан гэх нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

            Мөн уг хэргийг анхан, давах, хяналтын шатны журмаар тус бүр 2 удаа хэлэлцэхэд хариуцагч тал үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоотой тайлбар гаргаж, нотлох баримт гаргах, цуглуулах, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж байжээ.

            1.3. Шүүх хуралдааны явцад шүүгч хэргийн нөхцөл байдал, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах зорилгоор хэргийн оролцогчийн хэн алинаас асуулт асуух эрхтэй бөгөөд энэ нь шүүгчийн зүгээс хийх зайлшгүй ажиллагаа юм.

            Хяналтын шатны шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос асуусан асуулт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх ба үүнийг хэн алинд давуу байдал олгосон, оролцогчдыг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн хөтөлж, хэрэгт хамааралгүй асуулт асуусан гэж үзэхгүй.  

            Иймд холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.7-т заасан  “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.31-т заасан  “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

            1.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0../ТМ2024/0...5 дугаар тэмдэглэлд оролцогчийн тайлбар, асуулт хариултын агуулгыг бүрэн тусгасан нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Хэрэв хариуцагч шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн гэж үзвэл тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

2.  Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийг анх ...анхан шатны шүүхийн шүүгч Ж.Э хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1...3 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шүүгч Ж.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1.. дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол улсын иргэнийг хэлнэ” гэж заасан.

Нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн нэр бүхий шүүгч шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул түүнд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулах боломжгүй талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан ба “Э” ХХК-ийн нэхэмжлэлд тус компанийн захирал Л.Н гарын үсэг зуржээ. 

Иймд өргөдөлд дурдсан “....анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авсан...” гэх гомдол үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн  авч, холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.         

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба эн э нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                  Д.АРИУНТУЯА

                                                      Х.ХАШБААТАР