
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-02
Дугаар 148
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн хэрэгсэхгүй болгох саналдаа: Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан “..тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, шүүгч Д.Батхуяг иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүгч хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 191/ШШ2025/00000 дүгээр шийдвэрээр “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/0 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.М-ыг “И” ХХК-ийн Үйл ажиллагааны газрын хуульчийн ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 00,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, уг мөнгөн дүнгээс хуульд заасан хувь хэмжээгээр шийтгэл төлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг шүүгчийн туслах 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, харин нэхэмжлэгчид 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шийдвэрийг гардан авсан өдрөө давж заалдах гомдол гаргасан байна. Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичгээр 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байна.
Гэрчээр мэдүүлэг өгсөн шүүгчийн туслах Б.С нь “шүүхийн шийдвэр 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр албажиж, “Иргэн-2014” нэгдсэн системд чагталсан” гэх мэдүүлгийг өгсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд бичгийн хэлбэрээр гарч, албажсан гэж үзэх үндэслэлтэй.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00000 дүгээр шийдвэрээс үзэхэд тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар шүүх хуралдаанд биечлэн оролцжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах хугацаа 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байх боловч уг хугацаандаа шүүхийн шийдвэрийг гардан авах үүргээ нэхэмжлэгч М.М биелүүлээгүй байна.
Улмаар шүүгчийн туслах Б.С нэхэмжлэгч рүү 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн байх ба энэ тухай “эхлээд би нэхэмжлэгч талд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гарсан талаар гар утсаар ярьж хэлсэн, дараа нь 10 дугаар сарын 07-ны өдөр дахин утасдаад “хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан, шийдвэрээ ирж аваарай” гээд дахин залгасан шиг санагдаад байна. Нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдсэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шийдвэрээ өөрөө ирж гардан авах 14 хоногийн хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Тухайн үед шүүгч 2025 оны 10 дугаар сарын 07-20-ны өдрүүдийг дуустал өвчтэй акттай байсан ба шүүгчийг ирэхээр хэргээ хянуулаад давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр бэлдсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал шийдвэрээ өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй боловч шийдвэр гардуулаагүй гэх асуудал гаргаж магадгүй гэж би бодоод 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч рүү шуудангаар хүргүүлж байсан. Би буруу санаагүй бол 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр залгаж хэлсэн. Дараа нь нэхэмжлэгч над руу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр утсаар залгаад “одоо очиж шийдвэрээ авъя, ажил дээрээ байна уу” гэж хэлсэн. Би “байна аа, ирээд ав аа” гэсэн боловч нэхэмжлэгч ирээгүй” гэж мэдүүлэг өгсөн болно.
Шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслахын гар утасны дуудлагын түүхэд үзлэг хийхэд шүүгчийн туслах Б.С өөрийн эзэмшдэг 000000 дугаараас иргэний хэргийн нэхэмжлэгч М.М-ын 000000 дугаар руу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 13 минутад залгаж 38 секунд ярьсан, харин нэхэмжлэгч шүүгчийн туслах руу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 06 минутад залгаж 1 минут, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 39 минутаас залгаж 37 секунд тус тус ярьсан, мөн шүүгчийн туслах нэхэмжлэгч рүү 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 46 минут, 14 цаг 49 минут, 16 цаг 17 минут, 16 цаг 31 минутад тус тус залгасан байх боловч нэхэмжлэгч утсаа авч яриагүй болох нь тогтоогдсон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар шүүгч шүүгчийн туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах нь мөн зүйлийн 89.3 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана гэснээс харахад шүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ажиллагааг шүүгчийн туслах хариуцан хэрэгжүүлэх бөгөөд мөн энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” болон уг аргачлалын холбогдох заалтад өөрчлөлт оруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 205 дугаар, 2025 оны 236 дугаар тогтоолд тодорхой заажээ.
“Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 1.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, ...удирдах ажиллагаанд энэ аргачлалыг баримтална” гээд аргачлалын Долоод хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийх ажиллагааг тодорхой тусгасан байна.
Уг аргачлалын 7.1.3-т “хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэхдээ Баримт №11-ийг үйлдэж, ...гарын үсгийг тайллын хамт зуруулж шүүгчийн туслах хэрэгт хавсаргана”,
7.2.1-д “шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, энэ тухай холбогдох системд бүртгэн “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай” Баримт №11-д нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулж, хэрэгт хавсаргана. Цахим шуудангийн хаяг, системийн мэдэгдлээр танилцуулсан бол Баримт №11-ыг баталгаажуулна”,
7.2.2-т “шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авах талаар мэдэгдсэн боловч ирээгүй бол иргэн, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэнд түүний нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар шуудангаар хүргүүлэх, эсхүл бичиг хүргэгч 1 хоногийн дотор хүлээлгэн өгч, хүлээн авсан этгээдээр Бүртгэл №25-д нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна” гэж заажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтууд, шүүгчийн туслах Б.С-ын мэдүүлэг, түүний гар утасны дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүхийн шийдвэр гарсан талаар 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүгчийн туслах нэхэмжлэгчийг гар утас руу ярьж мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг өөрөө ирж гардан аваад тухайн өдрөө давж заалдах гомдол гаргасан тул хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
“Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.4.1-д “Ажилтан давж заалдах ...гомдлыг Бүртгэл №26-д ...хүлээн авч, бүртгэн, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна. Цахимаар ирүүлсэн гомдлыг хүлээн авах, хуваарилах ажиллагаа энэ аргачлалын 4.1.1-д заасан холбогдох хэсгийн дагуу явагдана” гэж заасны дагуу шүүхийн захиргааны ажилтан гомдлыг хүлээн авч “Өргөдөл, гомдлын бүртгэл”-ийн дэвтэрт бүртгэн, дардас дарсан байна.
Мөн аргачлалын 7.4.3-т "шүүгчийн туслах давж заалдах ...гомдлыг хүлээн авсан тухайн өдөр нь эсхүл нэг хоногийн дотор хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, гомдлын талаар тайлбар гаргах эрхтэйг тайлбарлан Баримт №15, ...үйлдэн энэ аргачлалын 7.3-т заасны дагуу хэргийг эмхэтгэж, 7.6-д давж заалдах... шүүхэд хүргүүлнэ” гэж заажээ.
Шүүгчийн туслах нь аргачлалд заасан хугацаанд хариуцагч талын гомдлыг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй байх боловч түүний гар утасны дуудлагад хийсэн үзлэгээр нэхэмжлэгчтэй 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 06 минутад нийт 1 минут ярьсан түүх болон түүний “би буруу санаагүй бол 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр залгаж хэлсэн. Дараа нь нэхэмжлэгч над руу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр залгаад “одоо очиж шийдвэрээ авъя, ажил дээрээ байна уу” гэж хэлсэн. Би “байна аа, ирээд ав аа” гэсэн боловч нэхэмжлэгч ирээгүй” гэх мэдүүлгээр давж заалдах гомдлыг нэхэмжлэгчид танилцуулсан байна.
Дээрхээс дүгнэхэд шүүгчийн туслахыг шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагааг “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасны дагуу явуулсан гэж үзнэ.
“Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.6.1-д “шүүгчийн туслах хэрэг хүргүүлэх тухай албан бичгийг ...тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр гарын үсэг зуруулж, гомдол, тайлбарын хамт хэрэгт хавсарган ажилтанд хүлээлгэн өгнө. Хэрэг хүргүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, тогтоолын он, cap, өдөр, дугаар, хавтасны хуудасны тоо, хавсаргасан баримт зэргийг тодорхой дурдана” гэж заасны дагуу Ерөнхий шүүгч И.А-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00000 дугаар албан бичгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Түүнчлэн дээрх аргачлалын 7.3.1-д “шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан буюу хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг хэрэгт бүрэн оруулж, баримт бичгийн стандартын дагуу эмхэтгэж, “Хэргийг хөтлөх, эмхэтгэх тухай" Баримт №16-ыг үйлдэн шүүгчид хянуулна”, 7.3.2-т “давж заалдах ...гомдол гаргах хугацаа дуустал хэргийг шүүгчийн туслах хадгалж, хэргийн хавтасны нүүр, товьёгийг бүрэн, зөв хөтөлнө”, 7.3.3-т “шүүгчийн туслах хэрэгт авагдсан эд мөрийн болон бичмэл бус нотлох баримт /диск, дууны болон дүрсний бичлэгийн хадгалах төхөөрөмж гэх мэт/-ыг хэрэг эмхэтгэсэн баримтад ширхэг, төрлөөр нь тодорхой зааж, зориулалтын уут, хайрцагт хадгална” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан буюу шүүгчийн туслах Б.С-ын “шүүгч Д.Батхуяг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал өвтэй, акттай /эмчийн магадалгаатай/ байсан болохоор хэргээ хянуулаад давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэх боломжгүй байсан. Шүүгч 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 дахь өдөр ажилдаа орж, хэргээ хянуулаад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл хэргийг хүргүүлээгүй удсан шалтгаан нь шүүгч өвчтэй байсан болохоор хэргээ хянуулах боломжгүй байсан. Өглөө нь шүүгч над руу утсаар яриад “бие өвдөөд, эмнэлэгт байна, одоо актаа явуулъя” гэж хэлээд тухайн өдрөөсөө 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаатай эмнэлгийн магадалгааг над руу цахимаар явуулж байсан. Одоо ч надад байгаа” гэх мэдүүлэг, шүүгчийн туслах, шүүгч нарын харилцдаг “imo” апликейшнд үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгч Д.Батхуяг нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, улмаар 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл чөлөөний хугацааг сунгасан эмнэлгийн магадалгаагаар холбогдох шүүгч өвчтэй буюу эмчийн магадалгаатай байсан болох нь тогтоогдож байна.
Энэ нь шүүгчийн туслах Б.С Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт иргэн Д.Ж-ын гаргасан гомдолтой холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгч Д.Батхуяг нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал эрүүл мэндийн шалтгааны улмаас албан ёсны чөлөөтэй байсан тул М.М-ын нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох иргэний хэргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т заасны дагуу 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлж амжаагүй болно” гэх тайлбараар мөн нотлогдож байна гэж үзлээ.
Дээрхээс үзэхэд “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 1.3-т “иргэний хэргийн хөдөлгөөний хяналт, удирдлагыг шүүгч хэрэгжүүлнэ” гэснээс гадна, шүүгчийн туслах нь аргачлалын 7.3.1-д зааснаар хэргийг эмхэтгэж, шүүгчээр хянуулсны дараа 7.6.1-д заасан хэргийг хүргүүлж буй албан бичигтэйгээр, 7.4.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр байна.
Гэтэл шүүгч Д.Батхуяг нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадалгаатай байсан болох нь нотлогдож байх тул хэргийг эмхэтгэх, хүргүүлэх боломжгүйгээс нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “И” ХХК-д холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх боломжгүй байжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “тайлбарлах нь” хэсгийн 4-т “Ноцтой зөрчих гэдгийг ...процессын хуулийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”,
6-д “Үйлдэл гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно”,
7-д “Эс үйлдэхүй гэдэгт шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй, тодорхой үйл ажиллагаа явуулахаас татгалзах, шийдвэр гаргахгүй орхигдуулахыг ойлгоно” гэж тайлбарласан.
Иймд холбогдох шүүгч Д.Батхуягийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, эрхээ хэтрүүлсэн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэх үйл баримт сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй болно. Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг буюу шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Ж-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2025/0118 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2025/0122 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.
Өргөдөл гаргагчаас “...2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00000 дүгээр шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, танилцаад шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 50 минутад улсын тэмдэгтийн хураамж 251.600 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Гэтэл шүүгч Б.Батхуяг, шүүгчийн туслах Б.С нар хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлыг санаатайгаар дарагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гомдлыг хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхгүй, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад маш их гомдолтой байна.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/00000 дүгээр шийдвэрээр М.М-ын нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Д.Батхуяг хянан шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-д 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, нэхэмжлэгч М.М-т 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу 20 хоногийн дараа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан.
Энэ талаар шүүгчийн туслах Б.С “…шүүгч Д.Батхуяг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал өвчтэй, акттай /эмчийн магадалгаатай/ байсан болохоор хэргээ хянуулаад давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэх боломжгүй байсан. Шүүгч 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 дахь өдөр ажилдаа орж, хэргээ хянуулаад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл хэргийг хүргүүлээгүй удсан шалтгаан нь шүүгч өвчтэй байсан болохоор хэргээ хянуулах боломжгүй байсан” гэх мэдүүлгийг өгсөн.
Дээрх мэдүүлэгтэй холбоотойгоор шүүгчийн туслах, шүүгч нарын харилцдаг “imo” апликейшнд үзлэг хийж шүүгч Д.Батхуяг нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаагаар өвчтэй байсан талаарх баримтыг сахилгын хэрэгт хавсаргасан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.3.1-д “шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан буюу хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг хэрэгт бүрэн оруулж, баримт бичгийн стандартын дагуу эмхэтгэж, “Хэргийг хөтлөх, эмхэтгэх тухай" Баримт №16-ыг үйлдэн шүүгчид хянуулна”, 7.4.3-т “шүүгчийн туслах давж заалдах ...гомдлыг хүлээн авсан тухайн өдөр нь эсхүл нэг хоногийн дотор хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, гомдлын талаар тайлбар гаргах эрхтэйг тайлбарлан Баримт №15, ...үйлдэн энэ аргачлалын 7.3-т заасны дагуу хэргийг эмхэтгэж, 7.6-д давж заалдах... шүүхэд хүргүүлнэ” гэж заасан.
Дээрхээс үзвэл шүүгчийн туслах хэргийг эмхэтгэн шүүгчид хянуулсны дараа давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэх бөгөөд шүүгч өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас гомдлыг хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүх рүү хүргүүлж чадаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, шүүгчийг “хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлыг санаатайгаар дарагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “Ноцтой зөрчих” гэдгийг процессын хуулийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.
Мөн иргэний хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх баримт авагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг албажуулан гаргах 14 хоногийн хугацаа нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байна.
Шүүгчийн туслах Б.С “...шүүхийн шийдвэр 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр албажиж, “Иргэн-2014” нэгдсэн системд чагталсан, ... Нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдсэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шийдвэрээ өөрөө ирж гардан авах 14 хоногийн хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. ... нэхэмжлэгч тал шийдвэрээ өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй боловч шийдвэр гардуулаагүй гэх асуудал гаргаж магадгүй гэж би бодоод 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч рүү шуудангаар хүргүүлж байсан. Би буруу санаагүй бол 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр залгаж хэлсэн. Дараа нь нэхэмжлэгч над руу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр утсаар залгаад “одоо очиж шийдвэрээ авъя, ажил дээрээ байна уу” гэж хэлсэн. Би “байна аа, ирээд ав аа” гэсэн боловч нэхэмжлэгч ирээгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардан авснаас үзвэл шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд бичгийн хэлбэрээр албажин гарсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй тул хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг түүний хаягаар хүргүүлсэн байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2025/0122 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР