
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-09
Дугаар 154
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, өргөдөл гаргагч П.Н-г байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн П.Н-ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнд холбогдуулан гаргасан мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Ц хүлээн авч хянаад, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ГЗҮ/2025/..7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2025/..9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Холбогдох шүүгч захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.Үүнд:
1.Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М” ХХК нь 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан ...сайдад холбогдуулан ...сайдын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...8 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Шүүгч Н.Дуламсүрэн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ...6 дугаар захирамжаар нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан. Нэхэмжлэлийг “М” ХХК-ийн захирал Ц.Ж гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд түүнийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл хийгджээ.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. “М” ХХК-ийн захирал Ц.Ж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.
Иймд шүүгч нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул “…нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан...” гэх гомдол үндэслэлгүй.
2.Нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсний дараа шүүгч дор дурдсан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тухайлбал,
шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ...6 дугаар албан бичгээр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон хариу тайлбарыг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн, хариуцагчаас хариу тайлбараа ирүүлээгүй тул 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ...9 дүгээр албан бичгээр хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг шаарджээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нотлох баримт ирүүлсэн.
Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ...3 дугаар захирамжаар тухайн хэрэгт гуравдагч этгээдээр О.О-г татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0961 дүгээр тогтоолоор шүүгч Н.Дуламсүрэн ээлжийн амралтаа авсантай холбогдуулан хэргийг шүүгч М.Б-т, 7 дугаар сарын 29-ний өдрийн ...4 дүгээр тогтоолоор А.Г-т, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ...06 дугаар тогтоолоор тус хэргийг шүүгч М.Б-т, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ..16 дугаар тогтоолоор шүүгч Н.Дуламсүрэнд буцаан шилжүүлсэн байна.
Хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ...16 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ...9 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор тус тус сунгажээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ...сайд гэснийг ...сайд болгож өөрчилсөн тул шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ...4 дүгээр захирамжаар дээрх захиргааны хэрэгт хариуцагчийн эрх залгамжлагчийг ...сайдаар өөрчилж шийдвэрлэсэн.
Улмаар шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ...85 дугаар албан бичгээр хариуцагчид итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлэх, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ..34 дүгээр албан бичгээр гуравдагч этгээдийг хариу тайлбар болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн.
Тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлон зарласан байна.
Нэхэмжлэлд хэрэг үүсгэснээс хойш шүүгч хуульд заасан ажиллагааг явуулж, улмаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2 удаа сунгаж, урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3, 70.2-т заасантай нийцжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч нотлох баримт бүрдүүлэх цуглуулахтай холбоотой дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:
Шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ...08 дугаар албан бичгээр хариуцагчаас, ...09 дүгээр албан бичгээр ...дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариу тайлбараа ирүүлж, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүгч маргаан бүхий газарт үзлэг хийсэн.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нотлох баримт хасуулах хүсэлт гаргасан.
Тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, гуравдагч этгээдээс гаргасан хэргийн материалаас нотлох баримт хасуулах тухай хүсэлтийг хүсэлтэд хамаарч буй нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан, хуулбар баримтууд тул тухайн баримтыг нотлох баримтаас хасах эсэх асуудлыг хэлэлцэх боломжгүй шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж ирсний дараа хуралдааны явцад хэлэлцэхээр түр хойшлуулсан.
Шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ..44, ..45, ..46 дугаар албан бичгээр ...яам, ...яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар, ...дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ...дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 10 дугаар сарын 01, 10 дугаар сарын 21-ний өдөр, ...яамнаас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн албан бичигт дурдсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан.
Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ..98 дугаар захирамжаар “тус шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ..44, ..45 дугаар албан бичгүүдээр шаардсан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн албан бичигт дурдсан нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ..46 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ..17 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “нэхэмжлэгчийн орц, гарц гаргуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргуулахыг хариуцагчид даалгах, иргэн О.О-д олгосон ...1 газар ашиглах эрхийн гэрчилгээний “Г” талбарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...8 дугаар тушаалын “Е” талбарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ..8 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн оролцогчдод гардуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар болон нотлох баримт гаргуулах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн.
Шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...82 дугаар албан бичгээр ...газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ..06 дугаар захирамжаар гуравдагч этгээдээс гаргасан “тухайн зураг төслийг баталсан эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолд үүсгэсэн хэрэг бүртгэлийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд ..48 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Түүнчлэн дээрх хэргийг хянан шийдвэрлэж байх явцад О.О нь ...газарт холбогдуулан ...газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, ...газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК-ийн Sunny kim vista house худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын зургийг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжлэл шүүгч Ц.О-д хуваарилагдсан ба тус шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ..22 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, “М” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ..08 дугаар захирамжаар “холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж маргаан бүхий газарт хашаа, байшин барих, авто зогсоол, зам барих зэрэг үйл ажиллагаа явуулах зэргээр маргаан бүхий захиргааны актуудын О.Од-ийн газар дээр төлөвлөлт төлөвлөгдсөн хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсэг болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “М” ХХК-ийн худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын загвар зургийг баталсан шийдвэр, тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээс О.О-ийн газартай давхцалгүй хэсгийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож”, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...сайдад холбогдох хэрэгт О.О-ийн нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэргийг нэгтгэжээ.
Шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Э.Г, хариуцагч ...газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х нарын гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд ..67 дугаар тогтоолоор захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг “...нэхэмжлэгч талаас гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, ...газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “М” ХХК-ийн худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын загвар зургийг баталсан шийдвэр, тус барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлж, маргаан бүхий газарт хашаа, байшин барих, авто зогсоол, зам барих зэрэг шинээр үйл ажиллагаа явуулахыг нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ...44 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч О.О-ийн өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн албан тоотод дурдсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд ..70 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан.
Шүүгч Ц.О нь О.О-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэх үндэслэлийг захирамжид тодорхой дурдсан, уг захирамж хүчин төгөлдөр байх бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамж, захирамжийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт хийх эрхгүй болно.
Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.
Иймд холбогдох шүүгч хэргийн оролцогчийн энэ талаарх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсныг буруутгах үндэслэлгүй юм.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан.
Дээр дурдсанаар О.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд товлогдсон шүүх хуралдаанууд удаа дараа хойшлогдож байжээ. Тухайлбал,
Төрийн захиргааны байгууллагаас шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 04, 11 дүгээр сарын 18, 12 дугаар сарын 02, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанууд хойшилсон.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 16, 12 дугаар сарын 30, 2025 оны 01 дүгээр сарын 20, 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03, 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанууд хойшилсон.
2025 оны 4 дүгээр сарын 17, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хойшилсон.
Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..07 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК болон О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт, мөн “М” ХХК-ийн өмгөөлөгчөөс гаргасан захиргааны актын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг хэргийн оролцогчдод танилцуулж тайлбар авах тэдний мэтгэлцэх эрхийг хангах үндэслэлээр шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Иймд шүүх хуралдаан хойшлогдсонд холбогдох шүүгчийг буруутгах боломжгүй.
Өргөдөлд “…нэхэмжлэгч “М” ХХК нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн баримтаар хавтаст хэргийн 28 дугаар хуудаст барилгын загвар зургийг ...газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тамга, тэмдэг бүхий зургийг үндэслэж маргадаг. Хот байгуулалт хотын стандартын газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Х шүүхэд тус хэрэгт тайлбар гаргахдаа О.О-ийн газар дээр төлөвлөлт хийгдээгүй, “М” ХХК нь өөрийн газар дээрээ төлөвлөлт хийсэн зургаар барилгын ажил хийгдэж байгаа талаараа тайлбарладаг. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “М” ХХК нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн ...газарт батлагдаагүй зургаар маргаан үүсгэсэн байдаг. Хот байгуулалт хотын стандартын газрын баталсан зургаар О.О-ийн газар дээр төлөвлөлт хийгдээгүй загвар зураг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн батлагдсан зургаар нотлогдоно. Үүнээс харвал “М” ХХК-ны эрх ашиг нь анхнаасаа хөндөгдөөгүй, тус хэргийг үүсгээд шүүх шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй, анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж буйг шүүх мэдсээр байж хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот байгуулалт, Хотын стандартын газраас ирсэн тайлбар нотлох баримтуудаас илэрхий зөрүүтэй, шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа...” гэж дурджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй тохиолдолд шүүгч хэрэгт авагдсан баримтыг үнэлж, дүгнэх нь хуульд нийцэхгүй бөгөөд шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар нотлох баримт байж болохгүй. Харин эсрэгээрээ шүүгч шийдвэр гаргахаас өмнө хэрэг маргааны талаар өөрийн байр сууриа илэрхийлэх нь сахилгын зөрчилд хамаарна.
Харин тухайн нотлох баримт хуурамч болох, хэргийн оролцогч хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн бол уг асуудлыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсны дараа шүүх шийдвэрлэх учиртай.
6. П.Н өргөдөл болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад тус хэргийн шүүгч Н.Дуламсүрэн нь Ерөнхий шүүгч учир анхан шатны бүх шүүгч нарын бүрэлдэхүүнээр оруулж шийдвэрлүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар нь шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ...Ерөнхий шүүгч учраас бусад шүүгч нарт нөлөөлсөн гэж хардаж байна...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй:”
84.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцож байсан;
84.1.2.уг хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн гэр бүл, төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садны холбоотой хүмүүс орсон;
84.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
84.1.4.анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон;
84.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон;
84.1.6.анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон.
84.2-т “Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Татгалзан гаргах хүсэлтийг шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гарган шийдвэрлэнэ”, 85.6-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд “…нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, хэрэг үүсгэсэн. Хот байгуулалт, хотын стандартын газраас ирсэн тайлбар нотлох баримтууд зөрүүтэй, шүүхэд хуурамч баримт бүрдүүлэн өгсөн …байхад “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй” гэх үндэслэлээр Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэнг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргажээ.
Хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэнгээс татгалзах тухай нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг шүүгч Д.Э даргалж хэлэлцүүлсэн байна.
Шүүгч Ч.Г: Шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулж татгалзахыг хориглоно.
Шүүгч Т.М: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7.
Даргалагч шүүгч Д.Э: Процессын ажиллагаатай холбоотой татгалзаж байгаа учир татгалзал гаргаагүйд тооцох саналтай байна. Үндэслэлгүй татгалзлыг бид зогсоож байх учиртай.
Шүүгч Д.Ч: Татгалзал гаргаагүйд тооцъё, хэлэлцэх шаардлагагүй гэв.
Даргалагчаас: О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэнгээс татгалзан гарах хүсэлтийг хүлээж авна гэсэн томьёоллоор санал хураахад
Шүүгч нар: 100 хувь дэмжээгүй болох нь тэмдэглэлд тусгагджээ.
Иймд өргөдөлд дурдсан “…шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэхэд ...бусад шүүгч нарт нөлөөлсөн...” гэх гомдол үндэслэлгүй, хэрэв нөлөөлсөн бол шүүгч нар энэ талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй.
Мөн нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс дахин 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгч Н.Дуламсүрэнг татгалзан гаргах хүсэлт гаргажээ. Энэ үед холбогдох шүүгч Ерөнхий шүүгчээс чөлөөлөгдсөн байсан тул шүүгчдийн зөвлөгөөнөөр бус, харин хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч Т.М 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ...9 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох ба анхан шатны шүүх хуралдаан Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдах учиртай.
Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө. Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид илтгэн танилцуулна. Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана. Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлана. Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогч, бусад оролцогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх, хэрэг хэлэлцэж эхлэх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэх, нотлох баримтыг шинжлэн судлах, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт сонсгох, хэргийн оролцогчоос нэмж тодруулах, иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах, шүүх хуралдаан завсарлах, шүүхийн шийдвэр, түүнийг гаргах гэх дарааллаар явагддаг.
Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны дэгийг өөрөө тогтоох бөгөөд шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.
2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт:
Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, “М” ХХК болон О.О нарын нэхэмжлэлтэй ...газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулж, нарийн бичгийн дарга ирц илтгэе гэхэд /Бичлэгийн 0:00:01-0:00:16/
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас: нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Г, өмгөөлөгч Э.Г, нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, өмгөөлөгч Ө.С нар ирсэн байна. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х цахимаар оролцож байна. Хариуцагч ...сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э эзгүйд шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байна гэв. /Бичлэгийн 0:00:17-0:00:48/
Даргалагчаас: Хэргийн оролцогчдын биеийн байцаалттай танилцаж, төлөөлөх бүрэн эрхийг шалгав. /Бичлэгийн 0:00:50-0:01:42/
Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асуув. /Бичлэгийн 0:01:43-0:01:49/
Оролцогчид: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:01:50-0:01:54/
Даргалагчаас: Татгалзалтай холбогдуулан нэг зүйл мэдээлэхэд иргэн О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс Сахилгын хороонд гаргасан гомдлын дагуу надад сахилгын хэрэг үүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбогдуулан хэлэх зүйл байна уу? Татгалзал бий юу П.Н гэхэд /Бичлэгийн 0:01:55-0:02:17/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Өмнөх хуралдаанд татгалзал бол байсан. Татгалзал гаргахад анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан бид дараагийн арга хэмжээ буюу Сахилгын хороонд гомдол гаргаж сахилгын хэрэг үүсээд явж байна. Сахилгын хороогоор шийдвэрлүүлнэ. Энэ хуралдаанд татгалзал байхгүй. Хороо шийдвэрлэх байх гэв. /Бичлэгийн 0:02:18-0:02:40/
Даргалагчаас: Ирцтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулан, шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу? гэхэд /Бичлэгийн 0:02:42-0:03:21/
“М” ХХК-ийн өмгөөлөгч: Хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.О-ээс ирүүлсэн 2 хүсэлттэй танилцаад дараа нь манайх баримт, тайлбараа гаргаад явах боломжтой гэв. /Бичлэгийн 0:03:26-0:03:33/
Даргалагчаас: Одоогоор гаргах хүсэлт байхгүй юм уу? гэхэд /Бичлэгийн 0:03:34-0:03:35/
“М” ХХК-ийн өмгөөлөгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:03:35/
Даргалагчаас: О.О-ийн талаас гэхэд /Бичлэгийн 0:03:37-0:03:38/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Энэ хэрэг процессын дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн хэрэгтэй манай хэрэг нэгтгэгдсэн. “М” ХХК хүсэлт байгаа байхгүйгээ тодорхой илэрхийлсний дараа манай асуудал яригдана. Манай 2 хүсэлт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч талд хүсэлт, баримт байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр дараагийн ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:03:40-0:04:12/
Даргалагчаас: Танайхаас нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжиж оролцож байна уу? гэхэд /Бичлэгийн 0:04:13-0:04:15/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Дэмжиж оролцоно гэв. /Бичлэгийн 0:04:16-0:04:17/
Даргалагчаас: Тэгвэл хүсэлтээ хэлье. Ямар 2 баримт гаргуулъя гэлээ гэхэд /Бичлэгийн 0:04:19-0:04:24/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Процессын дагуу “М”-д хүсэлт байгаа байхгүйг тодруулсны дараа болъё гэхэд /Бичлэгийн 0:04:25-0:04:32/
Даргалагчаас: Эднийх байхгүй гэж хэлсэн тэмдэглэлд тусгагдсан байгаа гэхэд /Бичлэгийн 0:04:33-0:04:35/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Хоёр хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтээ хуралдаанд дэмжин оролцож байна. Эхний хүсэлт нь тухайн хэргийг процессын хуулийн дагуу хэрэгсэхгүй болгуулах мөн өмгөөлөгч маань тухайн хэрэгтэй холбоотой хүсэлтийг гаргасан. Хоёрдох хүсэлтээ тодруулж яривал тус хэрэгтэй холбоотой маргаан ...дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хянагдаж байгаа эрүүгийн хэргийн тоот дугаартай хэргийн материалыг тус хэрэгт нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд миний бие гаргасан. 2...6 дугаартай гэмт хэрэгт зөрчлөөр хянагдаж байгаа хэргийн материалыг шүүхэд нотлох баримтаар гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлж явуулъя гэх саналтай байна. Гомдлын агуулга нь О.О удаа дараа шүүх хуралдаанд газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Мөн манай газарт “М” ХХК-аас хууль бусаар нэвтрэн орж манай хашааг эвдэн сүйтгэж, нурааж өмчид халдсан, өмчлөлийн газарт барилгын үлдэгдэл хог асгаж газар ашиглах эрхийг хязгаарласан үйлдэл гаргасан гэж гомдол гаргаж ...дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэргийн тоот дугаар өгөгдөж 2...6 дугаартай гэмт хэрэг зөрчлөөр шалгагдаж байгаа. Тус хэргийн материалыг хуралдаанд татуулъя гэх саналтай байна. Мөн захиргааны хэрэгтэй холбоотойгоор тус хүсэлтээс өмнө өгөгдсөн хэрэг хэрэгсэхгүй болгох талаар процессын хуулийг үндэслэж гомдлоо гаргасан. Шүүх тус гомдолтой холбоотой асуудлыг хуралдаанаар шийдвэрлэнэ гэж хойшлуулсаар хүсэлтийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр бараг 2 сар болж байна. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх боломжтой. Процессын хуулийн илэрхий заалтууд яригдаж байгаа учраас шүүх бие даан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхгүй байна. Н.Дуламсүрэн шүүгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарт татгалзах асуудалд нөлөөлсөн. Үүсгэх ёсгүй байсан хэргийг үүсгэсэн гэж Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж, Сахилгын хорооноос хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай баримтууд цугларсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлье гэсэн саналтай байна. Манай талаас “М” ХХК бол санаатайгаар хуралдааныг хойшлуулсан гэх зүйл яригддаг. Манайх санаатайгаар хойшлуулах үндэслэл байхгүй. Манайх энэ хэргийн нэхэмжлэгч юм. Шүүхээс манайхыг гуравдагч этгээдийн байр суурьтайгаар эрх, үүргийг танилцуулалгүйгээр хэргийн оролцогчийн байр суурийг дордуулах нөхцөлөөр өнөөдрийн хуралдаан явагдаж байна. Хүсэлттэй холбоотой асуудлыг дэмжиж оролцож байна. Манай талыг хэт нэг талыг барьж буруутгахгүй байх байр сууринаас хандана уу. Шүүх бас хуралдааны дэгийг сахиулна уу гэсэн хүсэлтийг давхар өгч байна. Би нийтдээ гурван хүсэлт танилцууллаа. Хуралдааны дэгийг сахиулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв. /Бичлэгийн 0:04:36-0:09:05/
Даргалагчаас: Өмгөөлөгчид хэлэх зүйл байна уу? гэхэд /Бичлэгийн 0:09:06-0:09:08/
О.О-ийн өмгөөлөгчөөс: Энэ эрүүгийн хэргийн материал нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар нэмэлт тодруулга хэлье. О.О-ийн зүгээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж давж заалдах шатны шүүхээс О.О-ийн газар ашиглалтад уг барилга нөлөөлөхгүй юм байна хариуцагч талын тайлбар мөн гуравдагч этгээдээр тухайн хэрэгт оролцож байгаа “М”-ын тайлбараар О.О-ийн газарт ямар нэгэн барилгын үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбараар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож байсан. О.О-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь уг барилгын архитектурын даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, эксиз зураг нь О.О-ийн газар ашиглах эрхийг зөрчөөд байна гэх маргаан юм. Барилгын ажил явуулахын тулд О.О-ийн газар дээр барилгын үйл ажиллагаа явуулж, газар ашиглах эрхийг нь зөрчөөд байгаа нөхцөл байдлыг нь гэмт хэргийн шинжтэй байна буюу хохирол учруулсан байна гэдгийг эрүүгийн шатанд шалгаад ерөнхийдөө хэргийн дугаар авсан байгаа гэхэд /Бичлэгийн 0:09:11-0:10:32/
Даргалагчаас: Эрүүгийн хэрэг үү, зөрчлийн хэрэг үү? гэхэд /Бичлэгийн 0:10:33-0:10:34/
О.О-ийн өмгөөлөгчөөс: Зөрчлийн хэрэг байсан нь эрүүгийн хэрэг болж хувирсан гэхэд /Бичлэгийн 0:10:35-0:10:39/
Даргалагчаас: Хэнд холбогдуулж гаргасан бэ? гэхэд /Бичлэгийн 0:10:40/
О.О-ийн өмгөөлөгчөөс: “М” ХХК-д гэхэд /Бичлэгийн 0:10:41/
Даргалагчаас: Таны гаргасан гомдол байна уу гэхэд /Бичлэгийн 0:10:41-0:10:43/
О.О-ийн өмгөөлөгчөөс: Гаргасан гомдлыг энэ хэргийн дугаараар нь ...дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тодруулга авахад мэдээлэл ирнэ. Бидний гомдол энэ хэргийн хувьд баримтын шаардлага хангахгүй тул шүүхээс шаардаж авч болно гэв. /Бичлэгийн 0:10:44-0:11:11/
Даргалагчаас: Өөрт байгаа баримтаа гаргаж өгсний дагуу дараагийн баримтаа шаардах эрхтэй. Та бүхнийг ямар гомдол гаргасны дагуу ямар хэрэг үүссэнийг мэдэхгүй учраас энэ маргааны үйл баримттай хэрхэн холбогдож байгаа вэ гэдэгт дүгнэлт хийхэд хэцүү болоод байна л даа, байгаа баримтаа яагаад гаргаж өгч болдоггүй юм бэ? гэхэд /Бичлэгийн 0:11:12-0:11:33/
О.О-ийн өмгөөлөгчөөс: Цагдаад өгсөн гомдлыг нэг л хувь үйлдсэн байгаа. Тиймээс дахин нэг хувь өгөх боломжгүй байна. Хэргийн дугаар авсан хэнээс хэнд холбогдуулж гомдол гаргасны дагуу ямар дугаартай хэрэг үүссэн болох нь тодорхой байгаа учраас үүний дагуу шүүхээс баримт гаргуулах боломжтой гэв. /Бичлэгийн 0:11:34-0:11:55/
Даргалагчаас: Энэ хэрэгтэй уг маргаан яаж холбогдож байгаа вэ? гэхэд /Бичлэгийн 0:11:56-0:11:58/
О.О-ийн өмгөөлөгчөөс: Өөрөөр хэлбэл барилгын үйл ажиллагаа нь О.О-ийн газар ашиглах эрхийг нь зөрчиж байгаа. Актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахдаа О.О-ийн эзэмшлийн газарт барилгын үйл ажиллагаа явуулахгүй байхаар түдгэлзүүлэхгүй бол талуудын хооронд маргаан үүсэх гээд байна гэж анхааруулж хэлсний дагуу нөхцөл байдал болоод эрүүгийн хэргийн шатанд орсон явж байгаа гэв. /Бичлэгийн 0:11:59-0:12:33/
Даргалагчаас: Тэгэхээр “М” ХХК-ийн захиралд нь холбогдуулж гомдол гаргасан юм уу? гэхэд /Бичлэгийн 0:12:35-0:12:39/
О.О-ийн өмгөөлөгчөөс: “М” ХХК-ийн нэр бүхий ажилчид болон компанид нь холбогдуулж гаргасан. Хуулийн этгээдийн хувьд эрүүгийн хэргийн субъект болж байгаа. Хоёрдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт холбогдуулж гаргасан. Хоёр хэргийг нэгтгэсэн байгаа учраас “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /Бичлэгийн 0:12:40-0:13:28/
Даргалагчаас: За, тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:13:30-0:13:31/
“М” ХХК-ийн өмгөөлөгчөөс: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээдгүй цаг хугацаа үзэж удлаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харвал ялангуяа сүүлийн 2 хуудас баримтуудыг харвал нэхэмжлэгч О.О-ийн талаас гаргасан хүсэлтүүдийн дагуу 8-9 удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хойшлогдсон. Давж заалдах шатны 14 шүүгчтэй нүүр тулж үзлээ. Бүгд манай хэргийг мэддэг боллоо. Шүүгчийг Сахилгын хороонд өгсөн асуудлаа яриад шүүгчийг дэг сахиул гээд заагаад байгаа асуудал байна. Бүх гаргасан хүсэлтүүдээсээ татгалзаад одоо эсхүл хэргээ шийдүүлье. Өнөөдрийн хурлаа оруулъя. Энэ хүнийг ажлаа хийснийх нь төлөө Сахилгын хороонд өгөөд гэхэд /Бичлэгийн 0:13:33-0:14:33/
Даргалагчаас: Миний сахилгын хэрэг тусдаа шалгагдаад явах биз, хүсэлтэд нь тайлбар хэлье гэхэд /Бичлэгийн 0:14:33-0:14:38/
“М” ХХК-ийн өмгөөлөгчөөс: За, ойлголоо. Ийм асуудал байгаад байна. Хоёрт, эрүүгийн хэрэг үүссэн гэх зүйл ярьсан. Нөгөө Авлигатай тэмцэх газрын хэрэг юу болсон бэ. Яг адилхан асуудал үүсээд явсан. Авлигатай тэмцэх газраас хэрэг үүссэн гээд бөөн асуудал болоод прокурор нь ирж хэрэг татаж аваад яваад байсан. Одоо ярьж байгаа зүйл нь “М” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй юм уу гэж яриад байгаа. “М” компанийн А даалгавар, зураг, барилгын ажил эхлэх зөвшөөрлүүд нь хууль ёсны юм уу хууль бус юм уу гэж ярьсан. Эрүүгийн хэрэгт барилгын үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй гээд хоёр тусдаа өөр зүйл ярьж байна. Эрүүгийн хэргийн материалыг татаж авах шаардлагагүй хугацаа алдана гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөөч гэх хүсэлтийг төлөөлөгч болон өмгөөлөгч нараас гаргасан байсан. Үүнд тайлбар хэлье мөн бичгээр тайлбараа өгнө. “М” компанийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүхийн маргааны гол асуудал бол О.О-ийн газар дээр явж байгаа орц гарцын тухай асуудал юм. Энэ орц гарцын тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд 1 жил 5 сарын нүүрийг үзэж байна. П.Н төлөөлөгч болон н.С өмгөөлөгч мөн хэлдэг. Танай бичиг баримтууд асуудалтай байна гэж байснаа сүүлдээ танай бичиг баримтуудын төлөвлөлт чинь манай газартай давхцалтай байна гэх зүйл ярьсан. Сая өмгөөлөгч бас хэлсэн. Сүүлд ирсэн 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хот байгуулалт хөгжлийн газрын баримтаар О.О-ийн газар дээр “М” компанийн төлөвлөлт огт хийгдээгүй орц гарц, ногоон байгууламж, авто зам байхгүй гэх баримт ирчхээд байхад “М” компанийн ямар орц гарч гаргах гээд байгаа юм бэ гэх асуудал ярьсан. Энэ эсрэгээрээ ойлголт О.О-ийн газар дээр төлөвлөлт хийчхээд байна ш дээ танайхан гэж байсан чинь одоо төлөвлөлт хийгээгүй болчихлоо тэгвэл О.О-ийн эрх ашиг эсрэгээрээ яаж хөндөгдөж байгаа вэ. “М” компанийн бичиг баримт батлагдсанаараа О.О-ийн эрх ашгийг яаж хөндсөн бэ. Бид 2005 оноос хойш энэ газраар хашааны хаалга хийгээд орц гарцаа хийгээд явж байсан. Гуравдугаар хавтаст хэргийн 176-181 дүгээр хуудсанд байгаа. Сансарын зураг авхуулсан. Бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд ашиглаж ирсэн орц гарцаа чөлөөлүүлэхээр маргаж байгаа. Хоёрдугаарт уг орц гарц нь зөвхөн “М” компанид зориулагдсан орц гарц биш. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. О.О-ийн нэхэмжлэлтэй хамт ирсэн, хүргүүлсэн Нийслэлийн Засаг даргын тоот албан бичигт “энэ орц гарц бол нийтийн зориулалттай орц гарц эмнэлгийн машин болон түргэн тусламж, онцгой байдлын машин ороход зориулагдсан орц гарц юм” гэж цагаан дээр хараар бичээд өгсөн байдаг. Аюултай нөхцөл байдал бүрдвэл О.О ирж унтраах уу, эмнэлгийн түргэн тусламжийн яаралтай хэрэгцээ гарахад О.О туслах уу. Сүүлд 7 хоногийн өмнө хүн төрөх гээд түргэн тусламж дуудахад тэнд хэн ч байгаагүй. Тэр орц гарцыг л ашигласан. Ийм асуудал байхад “М" ХХК-ийн эрх хууль ёсны ашиг анхнаасаа зөрчигдөөгүй байсан гэж хүсэлт гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн “М” компанийн загвар зураг болон архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын ажлын зөвшөөрөл нь хууль ёсны дагуу авагдсан. Үүнийг хууль ёсны мөн үү гэдгийг шийдвэрлэх байгууллага нь шүүх юм. Иймд “М” компанийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна гэхэд /Бичлэгийн 0:14:38-0:19:05/
Даргалагчаас: Эрүүгийн хэрэгтэй холбогдуулан танайхаас тайлбар тодорхойлолт авсан ямар нэгэн ажиллагаа явагдсан зүйл бий юу? гэхэд /Бичлэгийн 0:19:05-0:19:08/
“М” ХХК-ийн өмгөөлөгчөөс: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:19:09-0:19:10/
Даргалагчаас: Яг ямар шатандаа явж байгаа вэ? гэхэд /Бичлэгийн 0:19:10-0:19:11/
“М” ХХК-ийн өмгөөлөгчөөс: Мэдэхгүй, өнөөдөр л энэ хүмүүсээс сонсож байна. Манайхаас бас хүсэлт байна. Түрүүн шүүхээс тодруулж байсан. Эдний хүсэлтийг харж байгаад хүсэлтээ гаргах юм байна гэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэгчийн зүгээс хэрвээ хүсэлтүүдээ хэлэлцүүлэхгүйгээр татгалзаад шүүх хуралдаанаа хийе гэвэл хийгээд уг асуудлыг эцэслэвэл эцэслэе гэсэн бодолтой бид ирсэн. Гэтэл үгүй юм шиг байна. Тиймээс бид адилхан 109.2, 61.1-т заасан хүсэлтийг гаргаж байна. Тодруулбал нэхэмжлэгч О.О-ийн гаргасан нэхэмжлэлийг мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн О.О-ийн газар ашиглах эрх олгосон 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ...8 дугаар ...сайдын тушаалыг хэсэгчлэн актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлттэй байна гэв. /Бичлэгийн 0:19:11-0:20:19/
Даргалагчаас: Ямар үндэслэлээр вэ? гэхэд /Бичлэгийн 0:20:20/
“М” ХХК-ийн өмгөөлөгчөөс: “М” компанийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хамгийн эхнийх нь буюу нэхэмжлэгчийн орц гарц гаргуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байна. 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар газраа өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн. Маргаан бүхий 2018 оны ...0, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн загвар зураг, 2021 оны барилгын ажил эхлэх зөвшөөрлүүд хууль ёсны дагуу авагдсан. Мөн 2005 оноос хойш өнөөдрийн маргаан бүхий орц гарцын хэсгийг ашиглаж ирсэн. Өнөөдөр ч ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н тайлбарлаж буйгаар бид анхнаасаа энэ орц гарцыг онгорхой байлгасан та нар барилгын материалаа буулгах боломжтой гэж анхнаасаа хэлж ирсэн гэдэг нь шүүхийн тэмдэглэлд тусгагдсан хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэхдээ ...сайдын 2014 оны 31 тоот гэрчилгээний дагуу иргэн О.О...д ...8 м.кв газрыг ашиглах эрх олгосон гэж ойлгож байгаа. Гэтэл тухайн 2014 оны 31 тоот гэрчилгээ нь эрх зүйн үйлчлэлгүй буюу анхнаасаа тушаал шийдвэргүйгээр олгосон гэрчилгээ байдаг. Гэрчилгээг хүчин төгөлдөр гэдгийг иргэн О.О-ийн талаас нэг ч удаа тайлбарлаж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хууль ёсны дагуу тухайн орц, гарц гаргуулахыг шаардсан агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан. Анхнаасаа хууль бус эрхийн гэрчилгээгээр олж авсан О.О-ийн ...8 м.кв газар дээгүүр байгаа орц, гарцыг чөлөөлүүлэхээр маргаж байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар талд авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгээр өнөөдрийн энэ маргаад буй орц, гарц нь нийтийн зориулалттай орц гарц буюу галын машин болон онцгой байдлын үед тусгай хэрэгцээний тээврийн хэрэгсэл барилгыг бүтэн тойроход боломжтой байхаар шийдэж өгсөн гэх тайлбар ирсэн. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1-д заасан. 7 хоногийн өмнө энэ газар дээр эмнэлгийн тусламжийн машин ирэхэд тухайн орц, гарцаар нэвтэрсэн буюу энэхүү албан бичгийн хэрэгжилт бодит амьдрал дээр шууд харагдаж байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар буюу актын биелэлтийг түдгэлзүүлэх тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хамгаалагдах хэм хэмжээний тухайд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын газартай буюу бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компани орц гарцтай байх эрхтэй. Орц гарцыг хаавал нэхэмжлэгч компанийн хойгуур байгаа айл өрх орц гарцгүй болохоос гадна, нэхэмжлэгч компанийн барилгын ажлын орц гарцгүй болно. Нэхэмжлэгч компани өөрсдөө орц гарцгүй болно. Эмнэлгийн болон галын машин орж гарах боломжгүй болох учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан орц гарцтай байх эрх маань хамгаалагдана гэж үзэж байна. Тухайн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...8 дугаар тушаалыг хэр хугацаагаар түдгэлзүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид иргэн О.О-ийн ...8 м.кв газар дээгүүр хэчнээн метр квадрат газар нь тухайн орц, гарц гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл ...8 м.кв газрын ..9 м.кв газар нь л орц, гарцын хэсэгт хамаарч байгаа. Үлдсэн .89 м.кв газар нь нэхэмжлэгч компанид хамааралгүй хэдий ч хууль бус эрхийн гэрчилгээгээр олж авсан тул О.О-ийн газартай бүхэлд нь маргахаас өөр сонголтгүй. Иймд 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...8 дугаар тушаалын О.О...д холбогдох ...8 м.кв газраас ..9 м.кв буюу орц, гарцын хэсгийг хэсэгчлэн түдгэлзүүлж өгөхийг хүсэж байна. Хоёрт иргэн О.О анх 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан эрх ашиг зөрчигдөж байна гэх үндэслэлээр гаргасан. Газрын тухай хуулийн 35.1.1-д “газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах эрхтэй байхад эрх маань зөрчигдөж байна гэж ярьсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийг шүүх хамгаална. Тухайлбал 35.1.1-д заасан “газар ашиглах эрх нь хэрхэн яаж зөрчигдсөн нь тодорхой биш байна. 2014 оны ..1 тоот гэрчилгээний дагуу анх газар ашиглах эрх авсан гэсэн. 2023 онд хашаа барьсан. Үүнээс өмнө хоосон газар байсан. Бүхэл бүтэн 10 жилийн турш уг газарт юу ч хийгээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад миний газар ашиглах эрх өнөөдөр зөрчигдөөд байна гэсэн. Гуравдугаар хавтаст хэргийн 205 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Анхнаасаа бид нээлттэй хандсан, хашааг чөлөөлж өгсөн, машин бараа материалаа зөөж оруулбал манай хашаагаар оруулж бараа материалаа хурааж бай. Манайх тухайн үед газар дээрээ дугуй засвар ажиллуулж, түрээсэлдэг байсан. Тодорхой хэмжээнд орлого олдог байсан гэж өөрсдөө хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Өнөөдөр болохоор бид газар руугаа орж чадахгүй, газраа ашиглаж болохгүй байна гэсэн зүйл ярьсан. Шүүхэд гаргаж өгсөн баримт нь Хот байгуулалт, стандартын газраас гаргасан А даалгавар хүсэж байгаа ганцхан албан бичиг түүний хариу нь байхгүй. Хот байгуулалтын газарт өгсөн өгөөгүй нь мэдэгдэхгүй. Бид газраа ашиглаж чадахгүй байна миний эрх зөрчигдөж байна гэх асуудлыг ярьдаг. 4 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28, 37 дугаар зүйлд заасан миний эрх зөрчигдөж байна гэдэг. 4 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар талд авагдсан баримтаас үзвэл “М” компанийн загвар зураг нь хууль журмыг зөрчиж газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж маргадаг. Яг ямар эрхийг нь зөрчсөн бэ. 2014 онд хууль ёсны тушаал шийдвэргүйгээр олгосон газар дээр газар ашиглагчийн эрх буюу Газрын тухай хуулийн 35.1-т заасан гэхэд /Бичлэгийн 0:20:21-0:28:28/
Даргалагчаас: Нэг ярьсан зүйлээ давтаж яриад байна гэхэд /Бичлэгийн 0:28:28-0:28:31/
“М” ХХК-ийн өмгөөлөгч: За, ойлголоо. Ийм боломжгүй байдалтай байгаа. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр талд авагдсаны дагуу 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн бүрдүүлбэр хангуулсан захирамжид “М” компанийн уг баримт бичгүүд батлагдсанаар О.О-ийн эрхийг шууд хэрхэн яаж зөрчсөн бэ гэх агуулгаар дүгнэлт хийсэн. Энэ талаар тайлбар ирүүлээгүй байна. Бодит байдал дээр “М” компани болон О.О-ийн хоорондын газар 1 м2-аар ч давхцаагүй талаарх баримт ирсэн. Давхцаагүй байсан тул тэгвэл төлөвлөлт давхацсан гэж маргасан. Төлөвлөлт давхцаагүй талаар баримт ирсэн. Одоо болохоор зураг чинь хууль бус болохоор манай эрх ашгийг зөрчөөд байна гэсэн. Энэ зураг батлагдсанаар танай эрх ашгийг яаж зөрсөн бэ. Шууд зөрчсөн үйлдэл байхгүй. Газар руу оруулахгүй байна гээд холбогдох ажилтан байгууллагад гомдол гаргасан бол тэр журмаараа яв. Захиргааны хэргийн шүүхэд танай эрх ашиг зөрчигдөөгүй талаарх баримтууд ирсэн. Түрүүн н.С өмгөөлөгч хэлсэн. “М" компанийн орц гарц, зам ногоон байгууламж нь О.О-ийн газар дээр давхцаагүй талаар Хот байгуулалтын газраас баримт ирсэн байна шүү гэсэн. Эсрэгээрээ О.О-ийн газар дээр давхцаагүй бол эрх нь зөрчигдөөгүй гэж ойлгогдож байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна гэв. /Бичлэгийн 0:28:31-0:30:14/
Даргалагчаас: Хариуцагчийн хүсэлттэй холбоотой хариу тайлбарыг сонсъё гэхэд /Бичлэгийн 0:30:15-0:30:19/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг хэлье. Хот байгуулалт газрын гаргасан даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь иргэн О.О-ийн газартай давхцаагүй талаарх баримтыг бид удаа дараа гаргаж өгсөн. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд Хот байгуулалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ..94 дүгээр албан бичгээр танай компанийн нэгж талбар бүхий газарт “М” компанийн барилгын төлөвлөгөөтэй давхцаагүй гэх албан бичгийг хүргүүлсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулаад өгсөн байгаа. Нэхэмжлэгчээс манай газарт хог хаяад бид эрүү үүсгэсэн гэсэн. Энэ нь шүүхэд хянан шийдвэрлүүлэх асуудал биш гэж үзэж байна гэхэд /Бичлэгийн 0:30:20-0:31:24/
Даргалагчаас: Үүссэн хэргийг татаж авъя гэх хүсэлт гаргасан. Үүнд тайлбар хэлье. Хариу тайлбар биш шүү гэхэд /Бичлэгийн 0:31:24-0:31:39/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Татаж авах шаардлагагүй гэж үзэж байна. Ямар зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүссэн бэ гэдэг нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулаад явахад асуудалгүй. Захиргааны акттай маргаж байгаа асуудал нь тусдаа учраас тэр асуудлыг энэ маргаанд татлаа гээд ач холбогдолгүй гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжихгүй байна. Нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:31:40-0:32:34/
Даргалагчаас: Нэхэмжлэгч “М” ХХК-аас гаргасан хүсэлтэд тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:32:37-0:32:41/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Тайлбар байхгүй гэв. /Бичлэгийн 0:32:45-0:32:46/
Даргалагчаас: Дэмжиж байгаа юм уу, татгалзаж байгаа юм уу? гэхэд /Бичлэгийн 0:32:47-0:32:49/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Дэмжиж байна гэв. /Бичлэгийн 0:32:50/
Даргалагчаас: Нэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж 109.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Хоёрт маргаан бүхий захиргааны актыг тодорхой хэсгийг нь түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Үүнийг нь сонссон уу сонсоогүй дэмжээд байна уу. Үндэслэлээ тайлбарламаар байна гэхэд /Бичлэгийн 0:32:52-0:33:11/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Зарим яриа нь микрофон ойртуулахаар тасалдаж сонсогдоод байна. Уг нь нарийн бичиг рүү мессеж бичсэн гэхэд /Бичлэгийн 0:33:11-0:33:24/
Даргалагчаас: За, актын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлье гэсэн хүсэлтэд тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:33:25-0:33:31/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Актын биелэлтийг түдгэлзүүлэх нь иргэн О.О-ийн хамгаалагдах ашиг сонирхол байхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр газарт очиж үзсэн “М” компанийн барилга баригдсан гадна талаас харахад баригдаад дууссан нөхцөл байдалтай байсан. Түдгэлзүүллээ гээд ямар эрх ашиг сонирхол нь хамгаалагдах вэ гэхэд /Бичлэгийн 0:33:32-0:34:09/
Даргалагчаас: Сайн сонсогдохгүй байна. Бас буруу яриад байна. “М” компаниас маргаж байгаа захиргааны актыг хэсэгчлэн түдгэлзүүлэх хүсэлт гаргасан гэхэд /Бичлэгийн 0:34:09-0:34:25/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Би буруу ойлгосон байна. ...Үүнд тайлбар байхгүй гэв /Бичлэгийн 0:34:26-0:35:01/
Даргалагчаас: О.О-ийн төлөөлөгчид нэмэлт тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:35:02-0:35:06/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Нэхэмжлэгч байгууллагын хүсэлттэй холбоотой асуудалд хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид дэгээ сахиулаач гэдэг саналыг хэлсэн. Мөн хүсэлт байгаа байхгүйг нь тодруулсны үндсэн дээр дараагийн ажиллагааг хийж процессын хуулийн дагуу процессын ажиллагаа хийж өөрийнхөө хүсэлтийг танилцуулан оролцсон. Шүүгчээс тодруулж асуугаад байхад хүсэлтгүй хурлаа хийе гэснээ манай хүсэлтийг сонсонгуутаа хүсэлт гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө дэгийг зөрчиж байна. Бүгд хуульч нар байгаа процессын хуулийг мэдэж байгаа. Би дэг гэх зүйлийг яриад байгаа нь гэхэд /Бичлэгийн 0:35:07-0:35:51/
Даргалагчаас: П.Н би хуралдаан даргалагчийн хувьд хүсэлтийг нь сонсчихсон учраас тайлбараа хэлье гэхэд /Бичлэгийн 0:35:49-0:35:58/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Үүнтэй холбогдуулан би хүсэлт гаргаагүй гэж үзэж байна. Хүсэлт гаргах эрхээ эдлээгүй. Хүсэлт байхгүй гэж татгалзсан ш дээ. Манай хүсэлтийг сонссон. Танай эрх ашиг яаж хөндөгдсөн байгаа юм бэ гээд н.Г өмгөөлөгчийн 30-40 минутын загнасан лекцийг сонслоо. Хэргийн оролцогчийн эрх, үүрэг байгаа. Би ч эрхтэй чи ч үүрэгтэй. Чиний эрх миний эрхээр хязгаарлагдаж байгаа. Та хүсэлттэй бол хүсэлтээ дэмжээд ярих хэрэгтэй. Та хүсэлтээ тайлбарлахдаа миний эрх рүү халдаж намайг загнаж, мушгин гуйвуулах эрх хаанаас олгогдсон юм. Ямар шүүх ямар хуулиар олгогдсон юм гэхэд /Бичлэгийн 0:35:58-0:36:49/ /хоолойны өнгө бага зэргийн өндөр бухимдалтай байна/
Даргалагчаас: Хүсэлтэд нь л тайлбараа хэлчих л дээ гэхэд /Бичлэгийн 0:36:49-0:36:51/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Хүсэлт гаргаагүй гэж би үзэж байна. Процессын хуулиар татгалзсан гэж үзэж байна. Хүсэлт гаргаагүй. Шүүх хүлээж аваад үүнтэй холбоотойгоор сонссон гэж яриад байна. Сонссон юм бол би дараагийн тайлбараа хэлье. Хүсэлтийг нь би бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээж аваад сонсчихлоо гээд яриад байна. Процедурын хувьд бид маргаж байгаа. “М” компани барилгын эскиз зураг, барилгын А даалгавар болон барилгатай холбоотой бичиг баримтыг гаргуулахдаа захиргааны процедур, захиргааны эрх бүхий байгууллагад бичиг баримтаа бүрдүүлж холбогдох төрийн захиргааны төв байгууллага буюу Хот байгуулалт, хотын стандартын газраас мэргэжилтнүүдээр хяналт хийлгэсний үндсэн дээр зураг төслийг баталж байгаа. Өнөөдөр тэрхүү зураг, төслийг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүйгээс үүдэн өнөөдрийн маргаан үүссэн гэж бид маргаж байгаа. Зураг төслөө батлуулахдаа орц гарын асуудлаа шийдвэрлүүлэлгүй юу хийж зургаа батлуулсан юм. Танайх орц, гарцтай ш дээ. Барилгын зургийг харвал манай газар дээгүүр та нар орц гарцаа төлөвлөлгүйгээр орц гарцаа шийдсэн. Хүч түрэн орж ирж манай газар дээгүүр гарц гаргачхаад уянгын зүйл яриад байна. Эмнэлэг галын машин хаагуур орох уу гээд та нарын үүрэг ш дээ. О.О-ийн үүрэг биш. Өмгөөлөгч загнаад байгаа учраас би загнаж чадна загная. Үүнтэй холбоотойгоор тэр процедурын ажлыг та яаж хийсэн бэ гэхэд /Бичлэгийн 0:36:51-0:38:27/ /хоолойны өнгө бага зэргийн өндөр бухимдалтай байна/
Даргалагчаас: Хэрэг шийдвэрлэх гэж шүүх хуралдаанд орж ирчхээд бие бие рүүгээ гэхэд /Бичлэгийн 0:38:27-0:38:32/ /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н давхардаж ярив/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Харилцаанаас харилцаа гэж шүүгчид тайлбарлахад биднийг маш их дээрэлхэж байна. Би дээрэлхүүлэхгүй. Уучлаарай би дээрэлхүүлэхгүй. Өөрийнхөө ярих ээлж дээр бол ярина. Хангалттай лекцийг нь сонсож, хангалттай загнууллаа. Би ярина. Би процессын хуулийг зөрчсөн юм яриагүй. Оролцогчийг сонсох ажиллагаа гэх зүйлийг та нар хийгээд О.О-ээс орц гарцынхаа асуудлыг шийдвэрлүүлэх гэж та нар хүсэлт тавьж зөвшилцлийн байр сууринд хандсан юм уу. Нэгт хандаагүй, хоёрт Хот байгуулалтын стандартын газар яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байхгүй юу. Танайх нэхэмжлэлийн шаардлага татгалзаад байгаа юм уу өөрчлөөд байгаа юм уу. Сүүлд байгаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах буюу өөрчлөх гэх хэсгээ ярихгүй шал өөр хүсэлт яриад байна. Хэрэгт байхгүй бичгээр өгөгдөөгүй хүсэлт яриад байна. Өгөгдсөн байгаа тэр тодруулгаа та нар дэмжиж оролцоод байгаа юм уу яагаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага чинь юу юм. Би ойлгохгүй байна. Манайхаас орц гарц хүсээд байгаа юм уу манай газрыг хүчингүй болгуулах гээд байгаа юм уу тэрийгээ нэгдүгээрт тодорхой болгож өгөөч шүүхэд хүчингүй болгуулах гэж байгаа бол хүчингүй болгуулах шаардлагаа дэмжээд оролц, орц гарч гаргуулах гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд оролц. Актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. Хэсэгчлэн түдгэлзүүлснээр танай эрх ашиг хэрхэн сэргэх гээд байгаа юм. Манай эрх ашгийг хэрхэн сэргэх гээд байгаа юм гэж асуугаад байдаг юм байна лээ. Би захиргааны хэргийн шүүхэд бүтэн 1 жилийн турш шүүхдэлцэж явахдаа нэг л зүйлийг ярьсан. Хот байгуулалт стандартын газрын ахлах мэргэжилтэн Ж.Х болон энэ 3 хуульч өмгөөлөгч нар О.О-ийн эрхийг бид зөрчөөгүй гэж ярьдаг. Бодит нөхцөл байдалд зөрчсөн нь үзлэгээр тогтоогдож байна. Үзлэг 2025 оны 4 сард болсон. Түүнээс хойш би 7 сард очиход манай газар дээр шороо, хог асгасан байна. Манай хашааг авчхаж гэх байдлаар ярьдаг. Үүнтэй холбоотой манайх эрүүгийн гомдол гаргасны дагуу хэргийн дугаар өгөгдөж хүний өмч рүү халдаж, газар ашиглах эрх рүү халджээ гэх байдлаар прокуророос тоот өгөгдөөд эрүүгийн хэрэг үүссэн явж байгаа. Танай эрх ашиг яаж хөндөгдсөн юм. Би бодит зүйлийг ярьж тайлбарлаж байхад шүүх авч хэлэлцэхгүй байсан. Давж заалдах шатны шүүх ч хэлэлцэхгүй байсан. Тэр актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтээ дэмжиж би хоёр шатны шүүхээр явлаа. Сая н.Г давж заалдах шатны шүүхийн хэдэн шүүгчтэй нүүр туллаа гэнэ. Би ч гэсэн нүүр тулсан тайлбарласан. Бодит нөхцөл байдалд манай газрын эрх зөрчигдөөд байна. Бид нар хашаагаараа орж чадахгүй байна. Манай хашааг хаагаад коск тавьчхаад байна, орохоор хөөгдөөд байна, хог асгасан барилгын хаягдал байна. Бид дахин цэг хатгуулж мөнгө төлж байгаа. Гэтэл цэг хатгуулсныг бүгдийг нь авчхаад байна. Миний эрх ашиг хөндөгдөөд байхад шүүхээс ямар арга хэмжээ аваад байгаа юм бэ. Актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг гурван удаа гаргахад хоёрыг нь анхан шатны шүүхээс хангасан байдаг. Давж заалдах шатны шүүхэд очоод хүчингүй болсон. Анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргахад Н.Дуламсүрэн шүүгч хангахаас татгалздаг. Захирамжид гомдол гаргахад давж заалдах шатны шүүх хэвээр үлдээдэг. Тэр шүүх хуралдаануудад би тайлбарлаж хэлдэг. Өнөөдөр миний эрх ашиг хөндөгдөөд байхад би цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Хэрэг бүртгэл нь ...эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Бодит нөхцөл байдал энүүгээр тогтоогдоно. Та нар худлаа яриад байгаа. Хот байгуулалт стандартын газрынхан ч гэсэн очиж үзээгүй байж 4 сарын үзлэг дээр тулгуурлаж яриад байна. Манай эрх ашиг 7 сараас хойш хөндөгдөж эхэлсэн. Үзлэгээр очиход манай хашаа байсан юм аа. Тогтоолгохын тулд энэ хүсэлтийг гаргаж байна. “М” ХХК хүсэлтээсээ татгалзсан хүсэлт гаргаагүй гэж тооцож процессын хуулийн дагуу дэгээ сахиулаад хүсэлтийг манай хүсэлтээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. /Бичлэгийн 0:36:51-0:43:31/ /хоолойны өнгө бага зэргийн өндөр бухимдалтай байна/
Даргалагчаас: Өмгөөлөгчид нэмэлт тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:43:31-0:43:33/
Нэхэмжлэгч О.О-ийн өмгөөлөгчөөс: Хүсэлт гаргасан процессын хувьд хууль зүйн хувьд дүгнэлт хэлье. Хүсэлт байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Байхгүй гэчхээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргавал энэ нь процессын хуулийн 96.3 болж байна. 96.3-т хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт байгаа бол гээд шүүх хуралдааны явцад байхгүй юу. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой. Хоёрт зайлшгүй шаардлагатай нотлох баримт байх үед уг хүсэлтийг гаргадаг. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт, захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байгаа нь зайлшгүй шаардлагатай нотлох баримтад ордоггүй. Иймд 96.3-т зааснаар хүлээн авах боломжгүй. Хүсэлт байхгүй гэж хэлсэн нь үе шатаа өнгөрөөсөн гэсэн үг. Тиймээс уг хүсэлтийг хүлээж авах боломжгүй. О.О хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.3-ыг дурддаг. Энэ нь Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралт ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагаа явуулах журам гээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар уг журам батлагдсан. Энэ нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан нөхцөл байдлын журмын дэлгэрэнгүй юм. Уг журмын 4.3.1.4-т “12 давхраас дээш барилгад 40 метр газарт орших оршин суугч, иргэн болон хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан байх ёстой, зөвшилцсөн байх ёстой" гэж заасан. Танай газартай давхцаагүй ч барилгын үйл ажиллагаа явуулахад эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж магадгүй этгээд О.О-ийн газар нь 40 метрт багтаж байгаа. О.О-ээс санал авсан зүйл байхгүй. Энэ процесс явагдаагүйгээс болоод барилгын үйл ажиллагаа явуулахад хөрш залгаа газар ашиглагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Энэ зөвшөөрлийг авахгүйгээр зураг баталж, ажлын даалгавар баталж барилгын ажлын зөвшөөрөл өгсөн нь эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөхөд чиглэсэн үйл ажиллагаа болоход нөлөөлсөн. Энэ нь эхнээсээ хууль бус буюу журмаа зөрчсөн нь Барилгын тухай хуулийн 7.1.1-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Сайдын тушаалгүйгээр газар эзэмших эрх олгосон хууль бус гэсэн. Тэгсэн хэр нь сайдын тушаалыг хүчингүй болгуулъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй. Сайдын тушаал байгаа. Иймд хүсэлтүүдийг нь хүлээн авах боломжгүй гэв. /Бичлэгийн 0:43:33-0:47:36/
Даргалагчаас: Хүсэлтүүдийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулъя гэв. /Бичлэгийн 0:47:37-0:47:43/
Гэрч Н.Э: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнгийн туслахаар 2024 оны 01 дүгээр сараас хойш одоо хүртэл ажиллаж байна. “М” ХХК нь ...сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан, одоогоор нэхэмжлэлийн шаардлагыг сайн санахгүй байна. Энэ нэхэмжлэл шүүгч Н.Дуламсүрэнд хуваарилагдсан бөгөөд шүүгч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт шүүх өөрийн санаачилгаар О.О-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Энэ үед О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэрийг санахгүй байна, П.Н-ээс өөр хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэхдээ П.Н нь хэдийд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснийг сайн санахгүй байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед О.О нь ...газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, тэр нь Ц.О шүүгчид хуваарилагдаад хэрэг үүсгээд урьдчилсан хэлэлцүүлгээр ороод уг хэргийг “М” ХХК-ийн хэрэгт нэгтгээд, хэргийг Н.Дуламсүрэнд шүүгчид ирүүлсэн. Энэ хэрэгт нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Н гэдэг хүн оролцож байсан. Эдгээр хоёр хэрэг нэгтгэгдээд ажиллагаа явагдаж байсан ба П.Н шүүгчээс татгалзах хүсэлт гаргаад, уг хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авсан тул хэрэг өөр шүүгчид хуваарилагдсан. Өөр шүүгчид очсоноос хойш ямар ажиллагаа явагдаж байгааг би сайн мэдэхгүй.
2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон байсан. Энэ хуралдаанд хариуцагч Байгаль орчны яамны төлөөлөгч ирээгүй байсан. Бусад оролцогч байсан санагдаж байна. Энэ шүүх хуралдаан хойшлогдсон ба даргалагч дараагийн шүүх хуралдааныг товлоод, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулдаг. Миний хувьд шүүх хуралдаан хойшлогдсоныг ирээгүй байсан хариуцагч талд утсаар мэдэгдээд хуралдааны товыг хэлж “утсаар ярьж тов мэдэгдэв” гэсэн тэмдэглэл хөтөлсөн.
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан оролгүй хойшилсон. Шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө шиг санагдаж байна. Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэхэд хэргийн материалаас танилцах зүйл байна гэсэн гээд туслах нь надаас хэргийн материал авсан. Гэвч товлосон 23-ны өдөр татгалзал шийдвэрлэгдээгүй байсан тул энэ тухай би шүүгчид танилцуулахад нэгэнт татгалзал шийдвэрлэгдээгүй тул шүүх хуралдаан явуулах боломжгүй гээд шүүгч захирамж гаргаж, хуралдааныг хойшлуулсан. Иймээс би хэргийн оролцогч нарт утсаар мэдэгдсэн. Би 12 цагийн үед утсаар мэдэгдсэн, тэгэхэд П.Н би өөрөө шүүх дээр очно гэж хэлсэн. Хурал яахаараа орохгүй хойшилдог юм бэ гэж хэлж байсан. Тэрээр хуралд орохоор ирээд “хурал хойшилсон гэдгийг ирэх үедээ мэдлээ” гээд цаасан дээр бичээд мэдээлэл, лавлагаанд өгчихсөн байсан. Шүүх хуралдаан орохгүйгээр хойшилсон тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар татгалзал шийдвэрлэгдээгүй байсан гэсэн үндэслэлээр хойшлогдсон. Шүүгч өөрөө захирамж гаргаж байгаа болохоор бичлэг хийгдээгүй” гэж мэдүүлжээ.
Дээр дурдсанаас үзвэл шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, хэн алинд нь давуу байдал олгосон, ялгаварлан харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан шүүгчээс татгалзах тухай хүсэлт шийдвэрлэгдээгүй байсан тул шүүгч 10 дугаар сарын 23-ны өдрийн ..98 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд өргөдөлд дурдсан “…2025 оны 10 дугаар сарын 16, 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанууд хуульд заасан дэгийн дагуу явагдаагүй. шүүгч Н.Дуламсүрэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд ...нэхэмжлэгч “М” ХХК-д давуу байдал олгосон ...процессын хуулийн дагуу шүүх хуралдааныг даргалахгүй хэргийн оролцогчид ялгаатай хандаж, дэгээ сахиулаагүй...” гэж үзэх боломжгүй.
Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.20-д заасан “…хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Сахилгын хэргийн оролцогч шүүгч Н.Дуламсүрэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс гаргасан гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
“М” ХХК-аас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд О.О-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гуравдагч этгээд О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Мөн энэ хугацаанд гуравдагч этгээд О.О-ийн итгэмжлэгдсэн М.Б-ийн удаа дараагийн хүсэлтүүдээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанууд хойшлогдсон. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар дээрх хүсэлтийг хэлэлцэн ..06 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч захирамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ..48 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр хэрэг давж заалдах шатны шүүхээс 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд ирсэн болно.
Мөн Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ..08 дугаар захирамжаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...сайдад холбогдох 128/2024/..8/3 индекстэй захиргааны хэрэгт О.О-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох 128/2025/...1/3 индекстэй хэргийг нэгтгэж, нэхэмжлэгчээс гаргасан актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Тухайн О.О-ийн нэхэмжлэлтэй хэрэг хэрэгт нэгтгэгдэж ирсний дараа шүүгчийн дээрх захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж давж заалдах шатны шүүхэд хүргүүлэн, давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ..67 дугаар тогтоолоор түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэх өөрчлөлтийг захирамжид оруулан хэрэг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүхэд ирсэн.
2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг хэлэлцэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ..70 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээсэн.
2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг (Ерөнхий шүүгч тул) тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцээд 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ..52 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоол 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр албажиж гарсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-д мэдэгджээ.
Нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан ба хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасны үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч П.Н 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “...шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хуулийг зөрчсөн; ...М ХХК-ийн эрх ашиг анхнаасаа хөндөгдөөгүй, тус хэргийг үүсгээд шүүх шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй, ...шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байхад хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал бий болсон тул шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Шүүгч Н.Дуламсүрэн нь Ерөнхий шүүгч учир бүх шүүгч нараар шийдвэрлүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан; ...хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх шийдвэрлэхгүй байгаа зэргээс үүдэн Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж байна” гэх агуулгатай өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-2 тал/
Мөн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин “...шүүгч Н.Дуламсүрэн нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны явцад илт процессын хууль зөрчиж, хэргийн оролцогч нарын тэгш эрхийг хангахгүйгээр нэхэмжлэгч талд давуу байдал олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан ба шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, 32 дугаар зүйлийн 32.4, 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1-д заасныг алдааг гаргасан” гэх агуулгатай өргөдөл гаргасан. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 17-18 тал/
Өргөдөл гаргагч П.Н нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...2025 оны 10 дугаар сарын 16, 23-ны өдрийн шүүх хуралдаан дэгийн дагуу явагдаагүй, ...О.О нэхэмжлэгч байхад гуравдагч этгээдийн эрх үүргийн хувиар хэрэгт оролцуулж байгаа, удаа дараа тайлбарласаар байхад хүлээн авдаггүй, мэтгэлцэх боломж гаргаж өгдөггүй, мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад илтэд дооглосон, доромжилсон байдалтай байгааг шүүгчид хэлэхэд ямар ч арга хэмжээ авдаггүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талд эрх олгож, эрх үүрэг ч тайлбарладаггүй, шууд хүсэлт шийдвэрлэх шатанд очиход дэгээ баримтлахыг шаардсан боловч дэг сахиулах үүргээ биелүүлээгүй” гээд өргөдөлд дурдсан гомдлоо дэмжиж байна” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 32-35 тал/
Илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдагдсан асуудлын хүрээнд шалгах ажиллагаа явуулаад шүүгч Н.Дуламсүрэнг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23 дахь заалтуудыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 118-144 тал/
Сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд шүүгч Н.Дуламсүрэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг сахилын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх тухайд:
1.1. Илтгэгч гишүүн нь саналын “үндэслэх нь” хэсгийн 2 дахь хэсэгт шүүгч Н.Дуламсүрэн захиргааны хэрэг үүсгэсний дараа явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг, 3 дахь хэсэгт шүүхийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг, 5 дахь хэсэгт шүүх хуралдаанууд удаа дараа хойшлогдож байсан үйл баримтыг дүгнэсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 122-128 тал/
Дээрх үйл баримт нь сахилгын хэрэг дэх захиргааны хэргээс авсан баримтуудаар нотлогдоно. Тодруулбал, шүүгч Н.Дуламсүрэн захиргааны хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж байсан байна.
Иймд илтгэгч гишүүний “...Нэхэмжлэлд хэрэг үүсгэснээс хойш шүүгч хуульд заасан ажиллагааг явуулж, улмаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2 удаа сунгаж, урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3, 70.2-т заасантай нийцжээ... холбогдох шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг, 85 дугаар зүйлд татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмыг хуульчилсан ба мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно”, 85.6 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Ийнхүү хуульд заасны дагуу тухайн үед Ерөнхий шүүгч байсан Н.Дуламсүрэнг татгалзан гаргах тухай П.Н-н хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөгөөнөөр шүүгч Д.Э даргалан хэлэлцүүлж, 128/ТМ2025/...7 дугаар тэмдэглэлд шүүгч Ч.Г, Т.М, Д.Ч нарын санал, шүүгч Ц.О-ийн тодруулсан асуултууд тусгагдсан байх ба шүүгчдийн 100 хувийн саналаар 128/ЗТ2025/...2 дугаар тогтоол гарч, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 84-96 тал/
Иймд өргөдөл гаргагч П.Н-н гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэнчлэн “Ерөнхий шүүгч учраас бусад шүүгч нарт нөлөөлсөн” гэж үзэхгүй. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 34 тал/
1.3. Өргөдөл гаргагч П.Н-н бичгээр ирүүлсэн нэмэлт өргөдөлд дурдсан “М” ХХК, О.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хэлэлцсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн, тэмдэглэл хөтөлжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 97-111 тал/
Тухайн үзлэг хийсэн тэмдэглэл болон “20....3” нэртэй дуу-дүрсний бичлэгийн 00 цаг 03 минут 26 секундээс нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч “хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.О-ээс ирүүлсэн 2 хүсэлттэй танилцаад дараа нь манайх баримт, тайлбараа гаргаад гаргаад явах боломжтой” гэхэд даргалагч “одоогоор гаргах хүсэлт байхгүй юм уу” гэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч “тийм” гэж хариулсан байна.
Улмаар даргалагч “О.О талаас” гэхэд нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н “энэ хэрэгт процессын дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн хэрэгтэй манай хэрэг нэгтгэгдэж орсон байгаа. “М” ХХК-ийн хүсэлт байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй гэдгээ тодорхой илэрхийлсний дараагаар манай асуудал яригдана. Манайх хоёр хүсэлтээ хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч талаас хүсэлт байгаа юм уу, баримт байгаа юм уу, байхгүй юм уу? Тэрийг тодруулсны үндсэн дээр дараагийн ажиллагааг хийхийг зүйтэй гэж үзэж байна” гэхэд даргалагч “танайх хүсэлтээ дэмжиж оролцох юм байна” гэхэд нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н “дэмжиж оролцоно” гэв. Даргалагч “тэгвэл хүсэлтээ хэлье. Ямар баримт хоёр баримт гаргуулъя гэлээ” гэхэд П.Н “би процессын дагуу “М”-д хүсэлт байгаа байхгүйг тодруулсны дараа болъё” гэхэд даргалагч “эднийх байхгүй гэж хэлсэн, тээ. Тэмдэглэлд тусгагдсан байгаа” гэснээр П.Н хүсэлтээ хэлж, дараагаар нь даргалагч тодруулга асуулт асуун, хариулт авч байна. Улмаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н хүсэлттэй холбоотой тайлбар хэлж, даргалагч “М” ХХК-аас асуулт асуув.
Бичлэгийн 00 цаг 19 минут 11 секундээс нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч даргалагчийн асуултад хариулах явцдаа “манайхаас бас хүсэлт байна... Өнөөдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэгчийн зүгээс хэрвээ хүсэлтүүдээ хэлэлцүүлэхгүйгээр татгалзаад шүүх хуралдаанаа хийе гэвэл хийгээд уг асуудлыг эцэслэвэл эцэслэе гэсэн бодолтой бид ирсэн. Гэтэл үгүй юм шиг байна. Тиймээс бид адилхан 109.2, 61.1-д заасан хүсэлтийг гаргаж байна” гээд хоёр хүсэлт хэлж байна. Улмаар хариуцагч талаас нэхэмжлэгч О.О, “М” ХХК-ийн хүсэлтүүдтэй холбоотой тухай бүр тайлбар авч байна.
Бичлэгийн 00 цаг 35 минут 07 секундээс нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н "нэхэмжлэгч байгууллагын хүсэлттэй холбоотой асуудалд хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид дэгээ сахиулаач гэдэг санал хэлсэн. Мөн хүсэлт байгаа байхгүйг нь тодруулсны үндсэн дээр дараагийн ажиллагааг хийж процессын хуулийн дагуу процессын ажиллагаа хийж өөрийнхөө хүсэлтийг танилцуулан оролцсон. Шүүгчээс тодруулан асуугаад байхад хүсэлтгүй хурлаа хийе гэснээ манай хүсэлтийг сонсонгуутаа хүсэлт гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө дэгээ зөрчиж байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг, Аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэрийг хуульчилсан ба мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй”, 96.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан.
Гэвч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт, О.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэсэн бөгөөд хуульд шүүх хуралдааны явцад хүсэлтийг аль нэхэмжлэгч нь эхэлж ярих талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н шүүх хуралдаанд хэлсэн шиг нэхэмжлэгч хүсэлт хэлэхэд тогтоосон дарааллыг хуульчлаагүй тул шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “М” ХХК хүсэлтийг хэлэлцсэн үйлдлээр шүүгчийг буруутгахгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан.
Иймд шүүгч Н.Дуламсүрэнг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н хүсэлтийг шийдвэрлэснийг хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч нарын эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах ажиллагааг явуулсан гэж үзэхээр байх тул шүүгчийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд холбогдох шүүгч Н.Дуламсүрэнг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж ...бусдад давуу байдал бий болгох” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэлээ.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчсөн гэх тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн “М” ХХК, О.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох шүүх хуралдаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны дэгийн дагуу явагдсан нь дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Дээрх 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь бухимдсан дуу хоолойн өнгө илэрхийлж байх боловч даргалагч хэргийн оролцогчид руу уурласан, тэдгээрийн тэгш эрхийг хангаагүй, мэтгэлцэх эрхийг хязгаарласан, шүүх хуралдааны дэг сахиулаагүй гэхээр үйл баримт болон П.Н-н гэрчийн мэдүүлэг өгөхдөө дурдсанчлан “...нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад илтэд дооглосон, доромжилсон байдалтай байгаа...” гэх үйл баримт дуу-дүрсний бичлэгийг нягтлан үзэхэд тогтоогдсонгүй.
Түүнээс гадна шүүгч Н.Дуламсүрэн нь хэргийн оролцогчдоос гаргасан “нотлох баримт бүрдүүлэх” тухай хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүйтэй холбоотой шүүх хуралдаанууд хойшлогдож байсан байх ба өргөдөл гаргагч П.Н-н төлөөлж буй О.О-ийн талаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан болох нь:
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдаануудыг хойшлуулж байсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 147-196 тал/
2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн үед гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс “хэргийн материалтай танилцах хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2-т зааснаар хүсэлтийг хүлээн авсан, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 202-203 тал/
О.О-ийн өмгөөлөгч Ө.С-ын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “өнөөдрөөс уг маргаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа тул хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаа учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг дэмжиж байна” гэх тайлбар болон хэргийн бусад оролцогчдын гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийн материалтай танилцах боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулсан, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 204-205 тал/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн хүлээн авсан, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 208-210 тал/
О.О-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...сайдад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсний дараа 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, харин өмгөөлөгч Ө.С-ын “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хангасан, /с.х-ийн 2 дугаар хавтасны 30-33 тал/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, /с.х-ийн 2 дугаар хавтасны 49-50 тал/
О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “эрүүгийн хэргийн баримтыг нотлох баримтаар татаж авах” хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн хангахаас татгалзсан ба П.Н болон нэхэмжлэгч “М” ХХК-ийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлт, “М” ХХК-ийн “захиргааны актын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэргийн оролцогчдод танилцуулж, тайлбар авах тэдний мэтгэлцэх эрхийг хангах үндэслэлээр хойшлуулжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 62-66 тал/
Дээрхээс үзэхэд шүүгч нь хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг шүүхээс хязгаарлаагүй байх ба өргөдөл гаргагч П.Н-н гэрчийн мэдүүлэгтээ дурдсанчлан “...шүүх хуралдаанд нэхэмжлэгч талд эрх олгож, эрх үүрэг ч тайлбарладаггүй, шууд хүсэлт шийдвэрлэх шатанд очиход дэгээ баримтлахыг шаардсан боловч дэг сахиулах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй болно.
Иймд илтгэгч гишүүн саналдаа “...шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, хэн алинд нь давуу байдал олгосон, ялгаварлан харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзээд шүүгч Н.Дуламсүрэнг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэх тухайд:
3.1. Илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдагдсан захиргааны хэрэгт үзлэг хийн холбогдох баримтуудыг сахилгын хэрэгт хавсарган авсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 20-28, 36-253, 2 дугаар хавтасны 1-82 тал/
Үзлэгээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг захирал Ц.Ж гарган, нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг хавсаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 36-40, 51-57 тал/
Уг баримтууд, тодруулбал Улсын бүртгэлийн гэрчилгээнд “М” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал нь Цэдэнбалын Жигжиддорж гэсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд гүйцэтгэх удирдлага болох Ц.Ж-ийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 51, 56-57 тал/
Нэхэмжлэлд хавсаргасан дээрх баримтууд нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.3 дахь хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.6 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна”, 83.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна”, 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасантай нийцжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд 54.1.5 дахь заалтад “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг шүүгч Н.Дуламсүрэн зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “...захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан...” гэх өргөдөл үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.
3.2. Өргөдөл гаргагч П.Н гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Би 2025 оны 02 дугаар сараас хойш энэ хэрэг дээр ажиллаж байгаа, 2025 оны 10 дугаар сарын 16, 23-ны өдрүүдийн шүүх хуралдаанууд хуульд заасан дэгийн дагуу явагдаагүй... 23-ны өдрийн шүүх хуралдаанд би өөрийн биеэр очсон. Тэгэхэд шүүгчийн туслах нь өдрийн 12 цагийн үед над руу яриад “та шүүгчээс татгалзсан юм байна. Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлээгүй байна, хурал хойшилно” гэж мэдэгдэхэд би “шүүх дээр ирсэн байна. 16-ны өдрийн хурлаар тов мэдэгдэх хуудас дээр гарын үсэг зурсан тул шүүгч шүүх хуралдаанаар хойшлуулах ёстой. Би хуралдаа ороход бэлэн, шүүгч процессын хуулиа зөрчөөд байна” гэхэд туслах “шүүгчид хэлье” гээд явсан. Гэвч шүүх хуралдаан болоогүй байхад хурлаа хийлгүйгээр хойшлуулсныг процессын хууль зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 29-35 тал/
Дээрх үйл баримттай холбоотой илтгэгч гишүүн шүүгч Н.Дуламсүрэнгийн туслах Н.Э-ээс гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон. Энэ хуралдаанд хариуцагч Байгаль орчны яамны төлөөлөгч ирээгүй, бусад оролцогч нар байсан санагдаж байна. Шүүх хуралдаан хойшлогдоход даргалагч дараагийн шүүх хуралдааныг товлоод тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулдаг. Миний хувьд ирээгүй байсан хариуцагч талд утсаар товыг мэдэгдээд тэмдэглэл хөтөлсөн. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан ороогүй хойшилсон. Шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө санаж байна Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэхэд хэргийн материалаас танилцах зүйл байна гээд туслах нь надаас хэрэг авсан. Гэвч товлогдсон 23-ны өдөр татгалзал шийдвэрлээгүй байсан тул энэ тухай би шүүгчид танилцуулахад “нэгэнт татгалзал шийдвэрлээгүй тул шүүх хуралдааныг явуулах боломжгүй” гээд шүүгч захирамж гаргаж, хойшлуулсан. Ингээд би хэргийн оролцогч нарт 12 цагийн үед утсаар мэдэгдэхэд П.Н нь “Хурлаа заавал орох ёстой. Танай шүүгч процессоо мэдэхгүй байна. Хурал яахаараа орохгүй хойшилдог юм бэ. Миний татгалзлыг Ерөнхий шүүгч шийднэ, татгалзлаа хуралдаан дээр танилцуулна, хуралдаанаараа бусад хүсэлтүүдээ шийдвэрлүүлнэ...” гэж хэлсэн. Би “татгалзлыг шийдвэрлээгүй байхад хуралдаан хийгдэх боломжгүй” гэхэд тэрээр “би өөрөө шүүх дээр очно” гээд байсан. Тэрээр хуралд орохоор ирээд цаасан дээр “хурал хойшилсон гэдгийг ирэх үедээ мэдлээ” гэж бичээд мэдээлэл лавлагаанд өгчихсөн байсан. Шүүх хуралдаан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар татгалзал шийдвэрлээгүй байсан гэх үндэслэлээр орохгүйгээр хойшилсон” гэж мэдүүлсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 112-117 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан боловч мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “...хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, ...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н Ерөнхий шүүгчид гаргасан “шүүгч Н.Дуламсүрэнг татгалзан гаргах тухай” хүсэлтийг тухайн үед Ерөнхий шүүгчийн албан тушаалд сонгогдсон шүүгч Т.М шийдвэрлээгүй байсан тул шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүгч Н.Дуламсүрэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2025/...8 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 67-68 тал/
Гэрч Н.Э-ийн мэдүүлгээс үзэхэд “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хавтаст хэргийг Ерөнхий шүүгч авсан, мөн товлогдсон шүүх хуралдааны өдөр хүсэлтийг шийдвэрлэж амжаагүй байсан тул шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Иймд илтгэгч гишүүний “...шүүгч 10 дугаар сарын 23-ны өдрийн ...шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй...” гэж үзсэнийг үндэслэлтэй байна гэж үзэн хүлээн авлаа.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Н.Дуламсүрэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан үзэхээргүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2025/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР