info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-12-16

Дугаар 157

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, холбогдох шүүгч Д.Уранчимэг /цахимаар/, мэдээлэл гаргагч Т.Б /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Төрболд нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн саналдаа: Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Б-аас Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Төрболд нарт холбогдуулан гаргасан мэдээллийг хүлээн авч, Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явууллаа.

            1. Мэдээлэлд “ ...шүүгч Д.Уранчимэг, Б.Төрболд нар нь яллагдагч Ш.О-ийг суллуулж, илт хууль зүйн үндэслэлгүй яллагдагчид давуу байдал бий болгосон хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

            Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан үйл баримтын тухайд:                        Дундговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 000000000000 дугаартай хэргийн яллагдагч Ш.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасныг тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд мөн өдрийн 20 цаг 38 минутад хүлээн авчээ.

            Улмаар шүүхийн хэлэлцүүлгийг мөн өдрийн 21 цаг 30 минутад явуулан шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаартай захирамжаар яллагдагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цаг 15 минутаас эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн.

            Яллагдагч Ш.О-ийн гэр бүлийн гишүүд өмгөөлөгч Т.Д-тэй 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгчөөс дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргасан байна.

            Гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ЕШЗ/000 дугаартай захирамжаар “шүүгчийн захирамжийн үндэслэл болсон баримтыг яллагдагч болон бусад оролцогчдод танилцуулаагүй, цагдан хорих харьяаллыг өөрчлөх үндэслэл тодорхойгүйгээр цагдан хорих 461-р ангид цагдан хорьсон” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ш.О-ийг суллаж шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, эдгээртэй холбоотой эрх зүйн харилцааг үр дүнтэй зохицуулах арга хэрэгслийн нэг болох таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт тодорхойлж өгсөн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таслан сэргийлэх арга хэмжээний зорилго, түүний зориулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн, шуурхай явагдахад бодитойгоор саад учруулж буй, эсхүл саад учруулж болзошгүй яллагдагч, шүүгдэгчийн үйлдлийг гаргуулахгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хуулийг үндэслэлтэй, шударгаар хэрэгжүүлэх явдлыг хангахад чиглэгддэг.

            Шүүгч, прокурор, мөрдөгч нар тодорхой төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг чанд биелүүлж, ажиллах ёстой бөгөөд яллагдагч болон шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, гэмт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй байгаа, мөн гэрч, хохирогч болон бусад оролцогч нарыг дарамталж сүрдүүлсэн, гэмт хэргийн ул мөр, бусад нотлох баримтыг устгаж болзошгүй, түүнчлэн өөр бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа зэрэг нь таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлд хамаардаг.

            Шүүх оролцогчоос гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах ажиллагаа нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна”, 5 дахь хэсэгт “Шүүх гомдлыг хянан шийдвэрлээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” 5.1-т “гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох”, 5.2-т “гомдлыг хангахгүй орхих” гэж тус тус заасан.

            Дээрхээс үзэхэд Ерөнхий шүүгч Д.Уранчимэг нь шүүгч Б.Төрболдын гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаартай захирамжийг хүчингүй болгох хуульд заасан бүрэн эрхтэй бөгөөд уг асуудал нь хуулийн дагуу явагдсан байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

            Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул  шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа, хууль хэрэглээтэй холбоотой асуудал нь сахилгын зөрчилд хамаарахгүй, шүүгчийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.

            Иймд мэдээлэлд дурдсан “ ...яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж өгөхийг хүсье” гэх агуулгыг Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй.

            Өөрөөр хэлбэл нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэхгүй.    

            2.Мэдээллийн: “ ... Дундговь аймгийн шүүхэд 2012 оноос 2019 оны хооронд нийт 8 жил тасралтгүй шүүгчийн туслахаар ажиллаж байсан өмгөөлөгч Т.Д нь тус шүүхийн шүүгчидтэй албаны болон хувийн харилцаа хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй” гэх үндэслэлийн тухайд:

            Яллагдагч Ш.О-ийн гэр бүлийн гишүүд өмгөөлөгч Т.Д-тэй 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр оролцож, цагдан хорих тухай шүүгчийн захирамжид гомдол гарган, шүүх хуралдаанд оролцжээ.

            Гэтэл өмгөөлөгч Т.Д нь Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт Ерөнхий шүүгч Д.Уранчимэгийн туслахаар 2012 оноос 2019 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан нь тус шүүхийн Тамгын газрын тушаал болон холбогдох шүүгчийн тайлбараар тогтоогдож байна.

            Дээрхээс үзэхэд Ерөнхий шүүгч Д.Уранчимэг болон өмгөөлөгч Т.Д нар нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц байх ба харин шүүгч Б.Төрболдыг өмгөөлөгч Т.Д-тэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

            Харин Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1-т “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 21.1.3-т “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж,

            Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно”, 15.2.4-т “тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй” гэж тус тус заасан.

            Өмгөөлөгч Т.Д нь Ерөнхий шүүгч Д.Уранчимэгийн туслахаар ажилласан байсан хэдий ч ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хуульд заасан хугацаа өнгөрсөн, шүүгч өөрөө өмгөөлөгч Т.Д-тэй хувийн ашиг сонирхол байхгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх ямар нэгэн нөхцөл байдал байхгүй талаар тайлбарласан болно.

            Түүнчлэн, тус шүүхийн хамгаалалтын цагдаа Б.Ц-ийг гэрчээр асуухад: “...Ерөнхий шүүгч Д.Уранчимэг  өмгөөлөгч Т.Д нар нь миний харснаар уулзаж байсан зүйл байхгүй, хүмүүс тэгж ярихыг сонсоогүй” гэх мэдүүлэг,

            Ерөнхий шүүгчийн туслах С.Уянгын гэрчээр өгсөн: “ ...Өмгөөлөгч Т.Д Ерөнхий шүүгч Д.Уранчимэг нар уулзаж байгаагүй, харсан зүйл байхгүй. Ерөнхий шүүгчтэй уулзахад туслахаар дамжуулж зөвшөөрөл авдаг, надаар дамжуулж харилцсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Ерөнхий шүүгч Д.Уранчимэг өмгөөлөгч Т.Д нар нь хувийн харилцаатай гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн СХМ/2024/0124 дугаартай магадлалаар: “Нэгэнт шүүгч Д.Уранчимэг нь “өмгөөлөгч Т.Д-тэй урьд хамт ажиллаж байсан” үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хүлээн авахаас татгалзсан, шүүгч нь хэргийн оролцогч Т.Д-тэй эдийн болон эдийн болон эдийн бус ямар нэг хувийн ашиг сонирхлоор холбогдоогүй, албан үүрэг, тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байхгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрд татгалзан гарах үүрэгтэй байсан гэж үзэхгүй.

            Дээрх байдлаар хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй, урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар танил байх нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй талаар Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан, мөн шүүгчийн зөвлөгөөнөөр тухайн асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүгчийг “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй юм” гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Өмгөөлөгч Т.Д нь 2019 оноос Дундговь аймгийн шүүхээс гарч тус аймагтаа өмгөөлөгчөөр ажиллаж амьдардаг хэдий ч Ерөнхий шүүгч Д.Уранчимэгийн туслахаар олон жил ажиллаж байсан нь иргэд, олон нийтийн дунд шүүх, шүүгч нарыг аливаа ашиг сонирхлын зөрчилд холбогдуулан ойлгох хардлагыг төрүүлэх нэг нөхцөл болж байх тул өөр аймаг, нийслэлээс ирсэн хэргийн оролцогчтой шүүх хуралдаанд урьд хамт ажиллаж байсан талаар шүүгч мэдэгдэж байх нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэхийг холбогдох шүүгчид анхааруулах нь зүйтэй байна.

            Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Төрболд нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг тайлбартаа: “ ... Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Т.Бгийн тус хороонд гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн /шүүгч Б.Төрболд/ 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00дугаартай захирамжаар яллагдагч Ш.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих 461-р ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Уг захирамжид яллагдагчийн эх, дүү нарын сонгон авсан өмгөөлөгч Т.Д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасныг ерөнхий шүүгч би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хянан шийдвэрлэсэн болно.

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 2025/ЦХШ3/00  дугаар захирамжийг хянаж үзэхэд захирамжийн үндэслэл болсон баримтыг яллагдагч болон бусад оролцогчдод танилцуулаагүй, цагдан хорих харьяаллыг өөрчлөх үндэслэл тодорхойгүйгээр цагдан хорих 461-р ангид цагдан хорьсон зөрчил илэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

1.Ерөнхий шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5-д "Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан байна. Яллагдагчийн унаж явсан автомашинаас амь хохирогчийн цус илэрсэн гэх үндэслэлээр яллагдагч Ш.О-ийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг прокуророос гаргаж ирүүлсэн байсан боловч дээрх үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан албан тушаалтан болон шүүх хэн аль нь яллагдагчид танилцуулаагүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан тайлбар, мэтгэлцээнээр нотлогдоно. 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжид гарсан гомдлыг ерөнхий шүүгч шийдвэрлэх үед ч дээрх баримтыг яллагдагч болон бусад оролцогчдод танилцуулаагүй байсан болно. Баримт, мэдээллийг хэргийн оролцогчдод танилцуулах гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж өгснөөр танилцуулсан гэж үзэхгүй ба өөрт нь уншуулж танилцуулаад, хэрэв бичиг үсэг мэдэхгүй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй этгээдэд боломжит бүх арга хэрэгслээр танилцуулж, танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байхыг ойлгоно. 2025 оны 09 сарын 09-ний өдөр яллагдагч Ш.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийн өмнө болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх ажиллагаа хийгдээгүй ба яллагдагчид холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломж олгоогүй нь шүүхийн хэлэлцүүлэг завсарлаагүй, энэ талаар яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс асууж тодруулаагүй байгаагаас харагдана.

Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаар атал түүнийг мэдсэн, уг гомдлыг хянан шийдвэрлэсэн ерөнхий шүүгчийн хувьд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

2.Яллагдагчийг өөр шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих байранд цагдан хорьсон тухайд 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн өөр нэг үндэслэл нь цагдан хорих 461-р ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн үндэслэл тодорхойгүй байсан явдал юм. Шүүгчийн захирамжид ямар үндэслэлээр, хаана ямар ажиллагаа хийгдэхээр, яллагдагчийг өөр шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих байранд цагдан хорих үндэслэлийг тусгаагүй байсан байдлыг мөн харгалзан үзсэн болно. Дээрх 2 нөхцөл байдлыг тус гомдлыг шийдвэрлэсэн ерөнхий шүүгчийн хувьд шүүгчийн захирамж үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж хуульд заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

3.Өмгөөлөгч Т.Д-гийн тухайд: Гомдол гаргагч Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн гомдолдоо "Дундговь аймгийн шүүхэд 2012-2019 оны хооронд нийт 8 жил тасралтгүй шүүгчийн туслахаар ажиллаж байсан, тус шүүхийн шүүгчидтэй албаны болон хувийн харилцаа хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй өмгөөлөгч Т.Д-г яллагдагчийн ар гэрийн зүгээс өмгөөлөгчөөр авч Дундговь аймаг дахь сум дунлын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч /иргэний хэргийн шүүгч/ Д.Уранчимэгт хууль бусаар нөлөөлж түүний 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЕШ3/000  дугаар захирамжаар яллагдагч Ш.О-ийг суллуулж, илт хууль зүйн үндэслэлгүй, яллагдагчид давуу байдал бий болгосон хууль бус шийдвэр гаргууллаа" гэжээ.

Өмгөөлөгч Т.Д нь тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байгаад 2019 оны 7 сард /тушаалыг тус шүүхийн тамгын газраас авч болно/ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж түүнээс хойш тус орон нутагт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нь үнэн. Энэ нь түүний өмгөөлөгчөөр ажиллах, яллагдагчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхэд нөлөөлөх ёсгүй. Өмгөөлөгч Т.Д нь шүүгч миний туслахаар ажиллаж байсан /2015-2019 онд/ хэдий ч Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан /тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй;/ 3 жилийн хугацаа өнгөрсөн, шүүгч надтай болон тухайн шүүхийн бусад шүүгч нартай төрөл садангийн болон хувийн харилцаагүй болно. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн "3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3. "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;" ойлгохоор заажээ. Шүүгч миний хувьд өмгөөлөгч Т.Д-тэй хувийн ашиг сонирхол байхгүй ба ашиг сонирхлын зөрчил үүсэх ямар нэгэн нөхцөл байдал байхгүй болно

Шүүгч миний хувьд 2005 онд анхан шатны шүүгчээр томилогдон 2015 он хүртэл эрүү болон иргэний хэргийг хянан шийдвэрлэж байсан, 2015 оноос 2025 он хүртэл Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан, 2025 оны 1 сарын 1-нээс Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Шүүгч иргэний хэргийн шүүгч байсан гэдгээр хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй ба иргэний хэргийн шүүхийн шүүгч байсан нь эрүү иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж болохгүй, ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

4.Ерөнхий шүүгчийн захирамжаар "яллагдагч Ш.О-ийг суллуулж, илт хууль зүйн үндэслэлгүй, яллагдагчид давуу байдал бий болгосон хууль бус шийдвэр гаргууллаа" гэх гомдлын тухайд: Яллагдагчийг суллуулах, шүүгчээр шийдвэр гаргуулах эрх өмгөөлөгчид олгогдоогүй бөгөөд ерөнхий шүүгчийн тухайд хуульд заасан харьяаллын дагуу өмгөөлөгчийн гомдлыг шийдвэрлэж Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 2025/ЕШ3/000  дугаартай ерөнхий шүүгчийн захирамж гарган шийдвэрлэсэн болно. Ерөнхий шүүгч миний хувьд өөрийн гаргасан захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа ба хуульд заагаагүй шийдвэр гаргаагүй болно. Хууль бус шийдвэр гэдгийг эрх олгогдоогүй этгээд, хуульд заагаагүй шийдвэр гаргахыг ойлгох ба хэргийн оролцогчид болон хэн нэг албан тушаалтанд таалагдаагүй шийдвэр гаргах нь хууль бус шийдвэр гаргасан гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна.

Яллагдагч Ш.О-ийг шүүгч би танихгүй, төрөл садангийн холбоогүй, түүнийг суллах ямар нэгэн санаа зорилгогүй бөгөөд гагцхүү хуулийг хэрэгжүүлж ажилласан болно.

5.Гомдол гаргагч "Хэрэгт цугларсан бичгийн баримтаар яллагдагчийг цагдан хорих үндэслэл хангалттай тогтоогддог" гэжээ. Хэргийн материалд баримт материал цугларсан байж болох боловч тухайн баримтыг хэргийн оролцогчдод танилцуулалгүйгээр, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон яллагдагчийг цагдан хорьсон шүүхийн шийдвэр өөрөө хууль бус байна гэж үзэж шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий шүүгчид гомдол гаргах, уг гомдлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх, хуульд зааснаас өөр шийдвэр гаргаагүй байхад хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч, прокурор яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргасан л бол яллагдагчийг заавал цагдан хорих тухай заагаагүй, уг саналыг хангах эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан байна. Тус шүүхийн шүүгч өөрийн дотоод итгэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба ерөнхий шүүгчийн хувьд уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгчийн гомдлын хүрээнд шүүгч яллагдагчийг цагдан хорих тухай прокурорын саналыг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж шийдвэрлэсэн нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгч өөрийн дотоод итгэлээр, хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн гаргасан шийдвэр болно.

Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гомдол гаргагч нь "иймд шүүгчийн илт хууль бус шийдвэр, ёс зүйгүй үйлдлийг шалгаж хариуцлага тооцож, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж өгөхийг хүсье" гэжээ. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гомдлыг шийдвэрлэж шийдвэр гаргах үүргээ биелүүлсэн ерөнхий шүүгчийн хувьд гомдол гаргагчийн дээрх хүсэлтийг "Шүүхийн сахилгын хороо"-гоор далайлган шүүгчид нөлөөлөхийг оролдож байна гэж үзэж байна. Иймд уг асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлж шүүгчид нөлөөлөх оролдлогыг таслан зогсоож, гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцуулж өгнө үү” гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд тайлбартаа: “... Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд би Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Б-гаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн ГЗҮ/2025/0105 дугаартай захирамжийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх хэсэгт зааснаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийн талаар:

Шүүгч Б.Төрболд миний бие Дундговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 000000000000 дугаартай хэргийн яллагдагч Ш.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цаг 38 минутад хүлээн авсан.

Ингээд прокурорын саналыг хүлээн авч шүүхийн хэлэлцүүлгийг мөн өдрийн 21 цаг 30 минутад нарийн бичгийн дарга Б, прокурор Э, яллагдагчийн өмгөөлөгч С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, яллагдагч Ш.О нарыг оролцуулан хийж яллагдагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цаг 15 минутаас эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэг хянаж уг захирамжийг хүчингүй болгосон болно.

Уг цагдан хорьсон захирамж хүчингүй болсон цаг хугацаанаас хойш прокурор Э нь дахин 2025 оны 09 дүгээр сарын 18-ны /Баасан гариг/ өдрийн 14 цаг 22 минутад мөн шүүхэд яллагдагч Ш.О-ийг дахин цагдан хориулах талаар санал гаргаж ирүүлснийг мөн өдөр хянан хэлэлцэхэд яллагдагчийн өмгөөлөгч Т.Д-гээс хэлэлцүүлэг хойшлуулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авч хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны /Даваа гариг/ өдрийн 10 цагт үргэлжлүүлэн явуулахаар хойшлуулсан.

Ингээд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн прокурор Э, яллагдагчийн өмгөөлөгч Т.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, яллагдагч Ш.О нарыг байлцуулан, нарийн бичгийн дарга Б-ээр тэмдэглэл хөтлүүлэн хийж яллагдагч Ш.О-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутаас эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Шүүгч миний бие тус анхан шатны шүүхийн шүүгч З.У нь ээлжийн амралт авсантай холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг уг хугацаанд хянан шийдвэрлэж байсан болно.

Хоёр. Мөрдөгч Т.Б-гийн гомдлын талаар:

Мөрдөгчийн өргөдөлд "... шүүгч Б.Төрболд нь ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй үйлдэл гаргасны улмаас Ш.О-т давуу байдал олгосон ба гэрч А-ын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт алдагдаж байна. Шүүгчийн илт хууль бус шийдвэр, ёс зүйгүй үйлдлийг шалгаж, хариуцлага тооцож, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж өгөхийг хүсье" гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно", мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна" гэж заасныг удирдлага болгон шүүгч миний бие тухай бүр хуульд заасан хугацааны дотор хэлэлцүүлгийг явуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1 "Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ", мөн хуулийн 6 дахь хэсгийн 6.3 "Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ", мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 "Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана" гэснийг удирдлага болгон шүүгч Б.Төрболд миний бие прокурорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хуваарийн дагуу хүлээн авч хэн нэгнээс хараат бусаар, бие дааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийг цагдан хорих үндэслэл бий болсон эсэхийг нягтлан өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан болно.

Миний бие нь зөвхөн хуульд зааснаар яллагдагчийг цагдан хорих үндэслэл бүрдсэн эсэхийг хянан үзэж прокурор, мөрдөгчийн саналд дурьдагдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан "шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа", мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно" гээд 2.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал, илэрвэл /мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн"/ гэх үндэслэлүүдээр цагдан хорьсон болно.

Гэвч мөрдөгчийн өргөдөлд дурьдагдсанаар ямар байдлаар ёс зүйгүй үйлдэл гаргасан, ямар байдлаар бусдад давуу байдал олгосон, ямар байдлаар ашиг сонирхлын зөрчил гаргаснаа үнэхээр ойлгохгүй байх ба прокурор цагдан хорих санал гаргасных нь дагуу хуульд нийцүүлж цагдан хорьсон атал ийнхүү байдлаар өргөдөл гаргасан шалтгаан нь ойлгомжгүй байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон цагаас эхэлж зөвхөн хуульд захирагдан шүүгчийн ёс зүйг өндөрт өргөж явахыг хичээн ажиллаж байгаа болно. Яллагдагч Ш.О-гийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх бүхий л хэлэлцүүлэгт оролцсон оролцогч нарын хэнтэй ч болов төрөл садан, хамаарал бүхий харилцаагүй, хэн нэгэнтэй нь ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоогүй болно.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаархи гомдлыг хуульд зааснаар тус шүүхийн ерөнхий шүүгч гомдлын дагуу хянан үзэж хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй ба тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэгийн хувьд гомдлыг шийдвэрлэхийн өмнө болон шийдвэрлэсэн хойно ямарваа нэгэн байдлаар надтай холбогдсон харилцсан зүйлгүй, мөн шүүгч надтай өр авлага болон, өс хонзон байхгүй талаар тайлбар гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Т.Б-аас Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Төрболд нарт холбогдуулан гаргасан мэдээллийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ГЗҮ/2025/0105 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Мэдээлэлд “...Дундговь аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл Дундговь аймгийн шүүхэд 2012 оноос 2019 оны хооронд нийт 8 жил тасралтгүй шүүгчийн туслахаар ажиллаж байсан, тус шүүхийн шүүгчидтэй албаны болон хувийн харилцаа хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй өмгөөлөгч Т.Д-г яллагдагчийн ар гэрийн зүгээс өмгөөлөгчөөр авч, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч (иргэний хэргийн шүүгч) Д.Уранчимэгт хууль бусаар нөлөөлж, түүний 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЕШ3/000  дугаар захирамжаар яллагдагч Ш.О-ийг суллуулж, илт хууль зүйн үндэслэлгүй, яллагдагчид давуу байдал бий болгосон хууль бус шийдвэр гаргууллаа” гэжээ.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дундговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Ш.О-ийг яллагдагчаар татаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах саналыг Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан байна.

Тус саналыг шүүгч Б.Төрболд хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан яллагдагч Ш.О-т 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна:”, 1 дэх хэсгийн 1.5-т “цагдан хорих”,  3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна”, 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасны дагуу шүүгч Б.Төрболд прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.

Яллагдагч Ш.О-т холбогдох эрүүгийн хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр түүний өмгөөлөгчөөр Т.Д-г оролцуулахаар гэр бүлийнхэн нь хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна.

Өмгөөлөгч Т.Д-гээс яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Тус гомдлыг Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЕШЗ/000 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “...яллагдагч Ш.О нь бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, түүний тээврийн хэрэгслээс амь хохирогчийн цус илэрсэн гэх шинжээчийн дүгнэлтийг яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хэргийн бусад оролцогчдод танилцуулсан баримт хэргийн материалд авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлт гарсан тухай  тайлбарласан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хэргийн оролцогчдод танилцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээллийг үндэслэл болгон гарсан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.” гэж дүгнэн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.” гэж заасны дагуу ерөнхий шүүгч Д.Уранчимэг яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн шийдвэр гаргах нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаарах тул шүүгчийн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Хэдийгээр, яллагдагч Ш.О-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасанд хамаарч байгаа боловч цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах нь шүүгчид үүрэг болгож хатуу тогтоосон заалт биш тул шүүгчийг буруутгах нь учир дутагдалтай байна.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э-с яллагдагч Ш.О-ийг дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасныг шүүгч Б.Төрболд хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаар захирамжаар яллагдагч Ш.О-т 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгааг дурдах нь зүйтэй.

2. Мэдээлэлд “ ... Дундговь аймгийн шүүхэд 2012 оноос 2019 оны хооронд нийт 8 жил тасралтгүй шүүгчийн туслахаар ажиллаж байсан өмгөөлөгч Т.Д нь тус шүүхийн шүүгчидтэй албаны болон хувийн харилцаа хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй” гэж дурджээ.

             Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл яллагдагч Ш.О-ийн гэр бүлийн гишүүдтэй өмгөөлөгч Т.Д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гомдлыг ерөнхий шүүгчид гаргасан байна. Тус гомдлыг ерөнхий шүүгч хянан хэлэлцээд гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

            Шалгах ажиллагааны явцад Дундговь аймаг дахь Шүүхийн Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаар албан бичгээр өмгөөлөгч Т.Д нь шүүгчийн туслахаар 2013 оноос 2019 он хүртэл ажиллаж байсан талаарх лавлагаа болон холбогдох баримтыг, холбогдох шүүгч Д.Уранчимэг “...өмгөөлөгч Т.Д нь шүүгч миний туслахаар ажиллаж байсан /2015-2019/...” гэх тайлбарыг ирүүлжээ.

            Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1-т “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 21.1.3-т “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж,

            Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно”, 15.2.4-т “тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй” гэж тус тус заасан.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өмгөөлөгч Т.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй хуульд заасан хугацаа өнгөрсөн тул дээрх үндэслэлтэй холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй.

            Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолд “ ... Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа ... зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй ...” гэж тайлбарласан байх тул дээрх мэдээлэлд дурдсанчлан шүүгчийг өмгөөлөгч Т.Д-тэй хувийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй.

            Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзах гарах үүрэгтэй. Шүүгч Д.Уранчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Т.Д-тэй өмнө нь цуг ажиллаж байсан талаараа хэргийн оролцогч нарт танилцуулж шийдвэрлүүлээгүй нь дээрх мэдээлэл гаргах үндэслэл болсон гэж үзэхээр байх тул цаашид шүүгч дээрх нөхцөл байдлыг хэргийн оролцогчид тайлбарлан өгч, тэдний татгалзан гарах эрхээр нь хангаж ажиллавал зохино.

            Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

             Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн СХМ/2024/0124 дугаартай магадлалаар өмгөөлөгч Т.Д-тэй холбоотой ижил агуулга бүхий өргөдлийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

   Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Төрболд нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ГС/2025/0131 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Төрболд нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                      ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                           С.ЭНХТӨР