
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-10-21
Дугаар 19
Улаанбаатар хот
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, сахилгын хэргийн оролцогч болох шүүгч Ц.Амаргэрэл /цахим/ оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2025/0087 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гаргасан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн СХМ/2025/0087 дугаартай “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж, “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж, түүнд холбогдох мөн зүйлийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарт холбогдох мөн зүйлийн 50.1.3-т заасан зөрчилд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Уг магадлалд: “... Нэг. Шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын хэргийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгч Ц.Амаргэрэл нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн ажлын өрөөний суурин компьютероос тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнуудын ашигладаг дотоод сүлжээ буюу share-т нэвтэрч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.О-н нэртэй фолдерийн “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн ворд файл руу нэвтэрч Сахилгын хороонд гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар, Ж.Т гэсэн нэртэй Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорт 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдол, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбар, Ж.Т гэсэн нэртэй Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдол, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ёс зүйн хороонд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гомдол, Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 9 дүгээр сарын 23, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тайлбар гэсэн баримтуудын зургийг дарж, хуулбарлан авсан болох нь гэрч Г.Н, А.А, Э.А, О.Т, Г.У нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгч Ц.Амаргэрэл уг үйл баримтыг үгүйсгээгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3.”албан үүрэгтэй нь холбоотой, …албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж заасан нь шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаатай холбоотой олж мэдсэн байхыг, уг мэдээлэл нь хуульд заасан албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахыг, тэрхүү мэдээллийг задруулсан байхыг шаардсан урьдач нөхцөлтэй байна.
1.1. Шүүгч Ц.Амаргэрэл нь Сэлэнгэ аймаг дахь шүүхийн байранд, шүүгчийн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлдэг албан тасалгаанаас, шүүхийн техник хэрэгслийг ашиглан тус шүүхийн шүүгч нар, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд ашиглагддаг дундын цахим сүлжээгээр өөр шүүгчийн сүлжээнд нэвтэрч байгааг “шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаатай холбоотой олж мэдсэн” гэж үзнэ.
Иймд дээрх хуулийн зохицуулалтын “албан үүрэгтэй нь холбоотой” гэх шаардлага хангагдсан.
1.2. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”: 4.1.4 “захидал харилцааны мэдээлэл” гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг, 4.1.12-т “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” ойлгохоор зохицуулжээ.
Харин Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар “мэдээллийн технологи” гэдэг нь компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагаа”-г ойлгохоор /үйл баримт болсон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр байсан/ тодорхойлсон байх ба Сэлэнгэ аймаг дахь шүүхийн нийт шүүгч, тамгын газрын албан хаагч нарын дундаа ашигладаг цахим сүлжээнд хадгалагдаж буй шүүгч Л.О-н “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй ворд файлд агуулагдсан хувийн шинжтэй мэдээлэл нь “захидал харилцааны мэдээлэл” гэдэгт хамаарч байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэж зааснаар хүний захидал харилцаанд хамаарах мэдээлэл нь хувь хүний нууцад хамааруулсан хүний эмзэг мэдээлэл мөн гэж үзнэ.
Хэдийгээр дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар мэдээллийн эзэн өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах үүрэгтэй атлаа уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй, сүлжээнд нэвтрэхдээ нууц үг, код ашигладаггүй, бусад этгээдэд өөрийн хувийн нууцад хамаарах мэдээллийг үзэж танилцах боломж олгосон буруутай боловч энэ нь мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний эмзэг мэдээллийг олж авсан үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болж чадахгүй.
Иймд илтгэгч гишүүний “...Сахилгын хороонд гаргаж буй тайлбар, баримт нь тухайн этгээдийн захидал харилцаанд хамаарах эмзэг мэдээлэл бөгөөд энэ мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолгүй, нийтэд ил байх шаардлагагүй байдаг. ...Шүүхийн компьютерын дотоод сүлжээ нээлттэй, шүүгч Л.О сүлжээнд нэвтрэхдээ нууц үг, код ашигладаггүй нь бусад этгээд түүний файлд байгаа баримт ялангуяа захидал харилцаатай холбоотой мэдээлэлтэй танилцах, бусдад задруулахыг зөвшөөрөх үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
1.3. Шүүгч Ц.Амаргэрэл Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүний эмзэг мэдээлэлд хамааруулсан хувийн мэдээллийг шүүхийн захиргааны ажилтан албан хаагчдыг болон тухайн үед харуулаар ажиллаж байсан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдааг өрөөндөө дуудан ирүүлж байгаад, шүүгч Л.О-н нэрээр хадгалагдсан файл руу нэвтэрч, тэдэнд уг файлд хадгалагдсан мэдээллийн агуулгыг тайлбарлан, улмаар гар утсаараа зургийг нь дарж, хуулбарлан авч байгаа үйлдэл нь хуульд заасан “задруулсан байх” шаардлагыг хангасан байна.
Хэдийгээр гэрчүүд файл дотор байсан мэдээлэлтэй бүрэн танилцаагүй, ойлгоогүй талаар мэдүүлсэн ч энэ нөхцөл байдал нь задруулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Сахилгын хороонд болон бусад байгууллагад гаргасан шүүгчийн тайлбар, өргөдөл байгааг бусдад мэдэгдэж, харуулж байгаа үйлдлийн шинжээрээ задруулсанд тооцогдоно.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр буруутгасан нотлох дүгнэлтийг хүлээн авч хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх ба шүүгчийн гаргасан зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасанд нийцнэ.
Түүнчлэн, “S” хаягтай фейсбүүк хуудсанд шүүгч Ц.Амаргэрэлийн зураг бүхий “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж ардын зүйр үг бий. Элдэв бусармаг зүйл хийгээд нэмэргүй, өөрсдөө л эхлүүлсэн шүү, урд гараад алхаж чадахгүй бол араас дагаад яв гэж зарим нэг атаач нөхдөд хэлчихье” гэх нийтлэл /пост/ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан зөрчилд хамаарах эсэхийг тогтоохоор илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж “...шүүгч бичсэн нь нотлогдоогүй, ...тухайн постод аль нэг шүүхийн, хэн нэгэн шүүгчийн нэр дурдагдаагүй тул шүүгчийн нэр хүндэд харшилсан, шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл бичигдээгүй байх тул энэ төрлийн мэдээ, мэдээлэл тараасан, байршуулсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8.”Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
Хоёр. Шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарт холбогдох сахилгын хэргийн тухайд:
Сахилгын хороонд гаргасан шүүгч Л.Энхтайвангийн тайлбарт: “...Шүүгч Б.Мөнхзулыг миний албан өрөөнд орж ирж өөрийн холбогдсон сахилгын хэргийн талаар ярихад нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгч миний зүгээс өөрийн харьяалдаг шүүхийн шүүгчид дахин ийм асуудал гаргаж болохгүй гэдэг талаар л анхааруулга, сануулга болгож хэлсэн байх, түүнээс бус шүүгч Б.Мөнхзулд өөрийнх нь дээр ярьсан шиг зүйлийг цаашаа хэн нэгэнд ингэж хэлж яриарай, ийм тийм зүйл бичигдсэн байна шүү гэдэг талаар огтоос хэлээгүй байхад намайг ийм зүйл ярьсан мэтээр шүүгч Б.Мөнхзул андуу ташаа ярьсан байна” гэж, шүүгч Б.Мөнхзулын тайлбарт: “...Миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д заасан “хүний эмзэг мэдээллийг задруулах” зөрчил гаргаагүй. Ерөнхий шүүгч Л.Энхтайвангаас сонссон зүйлээ шүүгч Ц.Амаргэрэлд хэлсэн нь үнэн. Энэ талаараа Шүүхийн сахилгын хороонд гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн” гэсэнд дүгнэлт хийвэл үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 403 дугаар дүгнэлтэд “Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газарт байрлах толгой компьютерын L... D:/Share/ 2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2.1 Л.О байрлалын “Ёс зүйн хорооны тайлбар docх” файлыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 19 минут 11 секундэд S-1-5-2...-8... гэсэн дахин давтагдашгүй нэр, ID дугаартай компьютероос нээж үзсэн ул мөр хадгалагдаж байна. Уг дахин давтагдашгүй компьютерын нэр, ID дугаар нь захирамжид дурдсан Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын үзлэг хийсэн албан хэрэглээний компьютерын дахин давтагдашгүй нэр, ID дугаарууд S-1-5-2...-2...-1...-3...,S-1-5-2...-4...-1.../-тай тохирохгүй байна...” гэснээс үзвэл шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарыг шүүгч Л.О- н “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй ворд файлд нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Иймд шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч уг магадлалыг эс зөвшөөрч бичгээр ирүүлсэн гомдолдоо:
“... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасан “...хүний эмзэг мэдээллийг задруулах...” гэсэн зөрчлийг албан үүрэгтэй нь холбоотой задруулсан гэж буруутгаж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
Нэг. Илтгэгч гишүүний зүгээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтад заасан “...хүний эмзэг мэдээллийг задруулах” гэсэн хуулийн үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, хуралдааны хэлэлцүүлгийн шатанд даргалагч гишүүн О.Номуулины “...хуулийн урьдач нөхцөл нь аль вэ?” гэсэн асуултад илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хариулахдаа: “...хамаарахгүй, тусдаа зөрчил байна. Таслал байгаа учраас албан үүрэгтэй нь хамаарахгүй” гэжээ. Хуралдааны тэмдэглэлээс иш татъя.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12-д ”хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг; хэлнэ гэж хууль зүйн нэр томьёоны хувьд тайлбарласан байна.
Энэ талаар гишүүний нотлох дүгнэлтийн 6 дугаар хуудсанд ...захидал харилцааны талаарх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаарах ба хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарахаар дээрх хуулийн 9.1-д заасан гэжээ.
“Нууц” гэдэг нь тодорхой хувь хүмүүс эсвэл бүлгийн мэдэх шаардлагагүй мэдээллийг бусад хүмүүстэй хуваалцахдаа нуух явдал юм гэж тодорхойлсон байна.
Энэ нь хувь шүүгч Л.О нь өөрөө нууцаа хадгалах тул нууцаа хадгалж чадаагүй эрсдэлээ өөрөө хүлээж байна гэсэн үг, өөрөөр хэлбэл нийтэд ил тавьсан нь нэгэнт нууц гэсэн шинж чанараа алдаж байгааг харуулж байна.
Мөн нөгөө талаас файл доторх мэдээлэл нь цаг хугацааны хувьд шийдвэрлэгдээд дууссан тул хувийн нууц биш болсон гэсэн утгыг давхар илэрхийлж байна.
Тухайлбал: Сахилгын хорооны сайтад нийтлэгдсэн, дурын иргэн орж үзэхэд болохоор нууцлалгүй болсон байдаг.
ХОЁР. Шүүхийн захиргааны ажилтан Ж.Т-н нэрээр миний эсрэг Шүүхийн сахилгын хороонд бичсэн гомдлуудыг өөрийн файл дотор хадгалсан байгаа нь шүүгч Л.О нь ШТХ-ын 50.1.9-д заасан “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх; гэсэн шүүгчид хориглох зүйл, заалтыг зөрчсөн болохоо өөрөө нотолж байгаа юм.
Энэ нь шүүгч Л.О-н тайлбарт “...Ж.Т-н дотоод сүлжээгээр дамжуулан над руу шилжүүлсэн шүүгч Ц.Амаргэрэлийн талаарх сахилгын хороонд гаргасан гомдлын ноорог, мөн Ц.Амаргэрэлийн нөхөр Н-н зөрчлийн хэргийн шийдвэрт дээд шатны прокурорт гаргасан гомдлын ноорог тус тус байсан бөгөөд тухайн үед намайг хянаад өгөөч гэж хэлж байсан...” гэсэн нь өөрийн эрх ашиг, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний эрх ашиг яригдаагүй байхад захын захиргааны ажилтны хаашаа ч юм гаргах гомдолд хууль зүйн зөвлөгөө өгдөг болохоо дээрх үйлдлээрээ баталж байгаа юм.
ГУРАВ. Гишүүний нотлох дүгнэлтийн 7 дугаар хуудасны дээд 8 мөр “...хүмүүсийн мэдэх шаардлагагүй мэдээлэл гэж үзнэ” ШТХ-ийн 105.8-д “сахилгын хэрэг шалгах ажиллагаа хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай” байдаг бөгөөд сахилгын хороонд гаргаж буй тайлбар, баримт нь тухайн этгээдийн захидал харилцаанд хамаарах эмзэг мэдээлэл бөгөөд энэ мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолгүй, нийтэд ил байх шаардлагагүй байдаг гэж дүгнэсэн.
Тэгвэл тэр файл дотор надад холбогдох сахилгын хэргийн гомдол, мэдээлэл, гэр бүлийн хүний минь хувийн нэр хүндтэй холбоотой мэдээлэл байгааг би ч гэсэн бусадтай хуваалцахыг хүсэхгүй, нийтийн дотоод сүлжээнд ил тавиулахыг хүсэхгүй. Энэ тохиолдолд шүүгч би хохирогч. Нийтэд ил байх шаардлагагүй гэснийг шүүгч Л.О өөрөө зөрчөөд ямар ч нууц код, паспортгүй ил тавьсан тул гомдол гаргана.
Мөн шүүгч Энхтайвангийн мэдүүлснээр дотоод шейр рүү санамсаргүй ороод л үзээд байгааг юу гэж ойлгох вэ? шүүгч Б.Мөнхзул гэрчлээд байхад хэрэгсэхгүй болгосон талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй байхад хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
ДӨРӨВ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.4-д ”захидал харилцааны мэдээлэл” гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг; хэл зүйн тайлбар хийхэд Монгол хэлний их тайлбар толь бичигт:
“Захидал” гэдгийг “ил захидлын хуудас шуудангийн салбараас тусгайлан зураг чимэглэлтэй үйлдсэн хуудас” гэж, “Илгээмж” гэдгийг “Цахим шуудан” гэдгийг “цахим тооцоолон бодох техник, ийм төрлийн техник ашиглан үйл ажиллагаа явуулах” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүхийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт шүүгчид хориглох зүйлийг хуульчилсан. Энэ нь ихэнх тохиолдолд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой юм.
Гэтэл миний бие албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ албан үүрэгтэй холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны, байгууллагын, хүний эмзэг мэдээллийг задруулаагүй.
Албаны чиг үүрэг ч хэрэгжүүлээгүй, надад итгэмжлэн хариуцуулж мэдэгдсэн хүний эмзэг мэдээлэл ч биш.
ТАВ. Урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хувь хүн нууцаа өөрөө хамгаална”, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад "мэдээллийн эзэн" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн бол түүний хууль ёсны төлөөлөгчийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт 17.1 дэх хэсэгт “Мэдээллийн эзэн дараах үүрэгтэй”, уг хэсгийн 17.1.1 дэх заалтад “өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд мэдээллийн эзэн буюу тухайн хувь хүн өөрөө нууцад хамаарах эмзэг мэдээллээ хамгаалах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх эрсдэлийг өөрөө хариуцна, үүний төлөө бусдаас хариуцлага нэхэх боломжгүй. Энэ нь задруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болж чадахгүй.
Өргөдөл гаргагч Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.О нь нэр бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлын төслийг байгууллагын дотоод сүлжээнд байршуулснаараа уг мэдээллийг өөрөөсөө гадна уг бусад хүмүүс харах, цуглуулах боломжийг бий болгож, олон нийтэд ил олгож буй болгож буй хэрэг юм.
Олон нийт гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир заавал хоёр буюу түүнээс олон хүн байхыг ойлгохгүй, уг мэдээллийг нэг хүн л харах боломжтой байхад олон нийтэд болгосон гэж үзэх юм.
Нэгэнт нийтэд ил болсон мэдээллийг төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хүн дараах тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах боломжтойг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад тодорхой тусгасан.
Өргөдөл гаргагч нь Нэр бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлын төслийг байгууллагын дотоод сүлжээнд тавьж, нийтэд ил болгосон учраас анх гэрч Л.Энхтайван олж хараад гэрч Б.Мөнхзулд хэлсэн гэдгийг мэдүүлгээр нотлоод байгааг Ц.Амаргэрэл надад хэлсэн нь тэдгээрийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байгаа болно.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.3 дахь заалтад заасан “…хүний эмзэг мэдээллийг задруулах” гэсэн сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнд нийцэхгүй, энэ нь хэлбэрийн болон агуулгын аль ч талаас хууль зүйн үндэслэл хангаагүй тул ШТХ-ийн 112.1.1-д заасны дагуу сахилгын хэрэг хүлээн зөвшөөрөгдөхгүй, нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний нэр төр, шүүгчийн хараат бус байдлыг сэргээхийг хүсье.” гэжээ.
Хянан үзэх хуралдаанд биечлэн оролцож гаргасан гомдолдоо:
“...Нэгдүгээрт сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т зааснаар сахилгын зөрчлийг бүрдүүлэхийн тулд дараах элементүүд нь зэрэгцэн байх ёстой гэж үзэж байна. Объектын хувьд хүний хувийн нууц, эмзэг мэдээллийг задруулсан гэж үзэж байгаад захидал, дотоод файл орж байх шиг байна. Объектив тал нь мэдээллийг бусдад санаатайгаар задруулсан үйлдэл байна гэдэг ч миний хувьд тус файлыг нийтэд ил байршуулсан мэдээлэл байсан учраас субьектив талд буруутай үйлдэл илрээгүй гэж бодож байна. Үүнд дүгнэлт хийхэд хэдийгээр эмзэг мэдээлэл байх боловч задруулах үйлдэл нь санаатай нууцыг зөрчсөн байдал тогтоогдоогүй. Мэдээлэл нь өөрөө нийтийн сүлжээнд тавигдсан болох нь нотлогдсон. Тухайн баримт нотлогдож байгаагаас шалтгаалж хэрэгт авагдсан шүүхийн тамгын газрын ажилтнууд, мэдүүлэг өгсөн шүүгч нар байгаа. Мөн илтгэгч гишүүний шалгах ажиллагаа хийх явцад дотоод сүлжээ нь ямар байдалтай байдаг вэ гэдгээс шалтгаалаад нотлогдож байна. Сахилгын зөрчил гаргасан гэдэгт объектив болон субьектив тал нь бүрэн хангагдаагүй байна.
Хоёрдугаарт мэдээллийн эзний хамгаалалтын хувьд ярья гэж бодож байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т “Мэдээллийн эзэн өөрийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй” гэж заасан. Мэдээллийг өөрөө нийтэд ил болгосон тохиолдолд бусдад ямар ч хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнд дүгнэлт хийхэд шүүгч Л.О өөрийн мэдээллийг нууц кодгүй, ямар ч хамгаалалт байхгүй, дотоод сүлжээнд хэн ч хараад орох боломжтой байдлаар байршуулсан нь өөрийнх нь хариуцлагын хүрээнд тооцогдоно.
Гуравдугаарт шүүгчийн албаны үүрэг, хууль зүйн зөвлөгөөтэй холбоотой асуудал байна. Миний санаатай үйлдэл байсан уу? Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.9-д заасан “шүүгчид хориглосон үйлдэл” гэж байдаг. Үүнийг яагаад Сахилгын хорооны гишүүд дүгнэлт хийж, хүлээн авч үзэхгүй байгааг би ойлгохгүй байна. Хэрэв сахилгын хэргийг хэлэлцэх явцад бусад шүүгчийн ёс зүйгүй сахилгын зөрчилтэй холбоотой үйлдлүүд илэрвэл сахилгын хэрэг үүсгэнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл гуравдагч этгээд буюу Ж.Т-д хууль зүйн зөвлөгөө өгч байгаа байдал нь дотоод сүлжээнд тавьсан зүйлээс нь илэрч байна. Энэ асуудлыг шүүгч Л.О өөрөө зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд дүгнэлт хийвэл тухайн мэдээллийг өөрт хамааралтай гомдол, баримттай танилцах зорилгоор үзсэн бөгөөд гуравдагч этгээдийн эмзэг мэдээллийг тарааж, гадагш задруулаагүй нь тодорхой байна.
Нотолгооны агуулга, гэрчийн мэдүүлэгтэй уялдаа байна уу гэдэгт дүгнэлт хийж үзье. Гэрчээр шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нар мэдүүлэг өгсөн. Эхний мэдүүлэгт шүүгч Л.Энхтайван “би санамсаргүй ороод харсан” гэдэг. Шүүгч Б.Мөнхзулын мэдүүлэгт шүүгч Л.Энхтайван хэлсэн юм. Тиймээс учраас чамд орж ирж хэлсэн гэдэг нь нотлогдоод байдаг. Тэгэхээр өмнө нь ороод харсан учраас тус файл нь хэнд ч нууцлалгүй, нээлттэй байсан гэдэг нь нотлогдож байна. Мэдээлэл нэгэнт дотоод сүлжээнд ил болсон нөхцөлд эмзэг мэдээлэл задруулсан гэх санаатай буруутай үйлдэл гэх дүгнэлтийг хүчтэй няцааж байна. Ингээд эцсийн хууль зүйн дүгнэлтийг хэлэхэд миний удаа дараа гаргасан тайлбар нотолгоо хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзвэл сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн бүрэн хангагдаагүй байна. Эмзэг мэдээллийг задруулах санаатай үйлдэл байгаагүй, мэдээллийг хамгаалах үүргээ гомдол гаргагч өөрөө биелүүлээгүй, хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.3 дахь заалтад заасан “…эмзэг мэдээллийг задруулах” гэсэн сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнгүй, энэ нь хэлбэрийн болон агуулгын хувьд аль ч талаас хууль зүйн үндэслэл хангаагүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.1-д заасны дагуу сахилгын хэрэг хүлээн зөвшөөрөгдөхгүй, нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эцэст нь хэлэхэд шүүх доторх бүлэг хүмүүсийн дунд би ганцаараа явж байгаа гэдгийг харгалзаж үзнэ үү. Шүүгч Л.Энхтайвангийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо өмнө нь өгсөн мэдүүлгийг нь илтгэгч гишүүн юугаар үгүйсгэж байгаа юм бэ. Өмнө шүүгч Б.Мөнхзул “шүүгч Л.Энхтайван хэлсэн шүү, тиймээс танай өрөөнд орж ирж хэллээ” гэдэг талаар хууль сануулж өгсөн мэдүүлгийг юугаар үгүйсгэх вэ. Хэрэв файлыг нэвтэрсэн гэж үзвэл шүүгч Л.Энхтайван бид 2 адилхан нэвтэрсэн, юугаар үгүйсгэж ганцхан намайг авч үлдэж байгаа вэ. Үүнд дүгнэлт хийж өгнө үү” гэж;
Мөн захидал харилцааны мэдээлэл гэдэгт дотоод шейрт байгаа зүйл хамаарах уу гэдэгт дүгнэлт хийж өгнө үү. Нууц гэдэгт тодорхой хүмүүс буюу бүлгийн мэдэх шаардлагагүй мэдээллийг бусад хүмүүст хуваалцахдаа нуух явдал гэж хуульд тодорхойлсон байгаа. Гомдол гаргагч Л.О шүүгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэмжээнд дотооддоо нэг сүлжээтэй нээлттэй байдлаар ашигладаг. Нийтийн дотоод сүлжээнд Сахилгын хорооны тайлбар гэх файлыг дурын хэн ч ороод үзэж болохоор тодорхой хувь хүмүүс болон бүлгийн мэдэх шаардлагагүй гэж үзэж байгаа өөрийн мэдээллийг бусад хүмүүст хуваалцахдаа нуугаагүй байгаа нь гол шалтгаан нь юм. Жишээлбэл миний дотоод шейрт байгаа файлууд бүгд нууц кодтой. Би үзүүлэхийг үзсэн зүйлээ “шейр дотор байгаа ороод үзээрэй” гэж хэлдэг. Нээлттэй учраас хэн ч орж үзэх боломжтой.
Нөгөө талаас файл доторх мэдээлэл нь цаг хугацааны хувьд шийдвэрлэгдээд хугацаа нь дууссан, хувийн нууц биш болсон талаар давхар утга илэрхийлж байна. Шүүгч Л.Энхтайван “ороод хаасан учраас үзээгүй” гэж байгааг үгүйсгэж байна. Ороод хаана гэдэг нь ороод үзсэн гэх утгыг илэрхийлж байна. Ж.Т, Л.О нар хоорондоо дотоод сүлжээгээр солилцоод, Ж.Т нь Л.О шүүгчээс хянаад өгөөч гэсэн зүйл нь байсан байгаа юм.
Миний өөрийн файлд хадгалсан байгаа Л.О шүүгчийн өөрийн болон гэр бүлийн гишүүн, төрлийн хүн, албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээд буюу Ж.Т-д зөвлөгөө өгөхийг хориглосон заалтыг зөрчсөн болохыг нотолж байна.
Л.О шүүгчийн тайлбарт “Ж.Т-н дотоод сүлжээгээр дамжуулан над руу шилжүүлсэн шүүгч Ц.Амаргэрэлийн талаарх Сахилгын хороонд гаргасан гомдлын ноорог, мөн Ц.Амаргэрэлийн нөхөр н.Н-н зөрчлийн хэргийн шийдвэрт дээд шатны прокурорт гаргасан гомдлын ноорог тус тус байсан бөгөөд тухайн үед намайг хянаад өгөөч гэж хэлж байсан” гэсэн тайлбар байна. Үүнд өөрийн болон бүлийн гишүүн, төрлийн хүний эрх ашиг яригдаагүй байхад захын захиргааны ажилтны хаашаа ч юм гаргах гэж байгаа гомдолд хууль зүйн зөвлөгөө өгдөг болохыг өөрийн гаргасан тайлбараар нотолж байна. Ингээд яривал миний гэр бүлийн хүний тухай прокурорт гаргасан гомдол, намайг Сахилгын хороонд мэдүүлээд байгаа гомдлууд яагаад дотоод шейрт нээлттэй хэн ч үзэж болохоор тавиад байгаа юм бэ. Давхар би хохирогч болж байна. Миний эмзэг мэдээллийг тараагаад байна шүү дээ. Шүүгчийн сахилгын шинжтэй үйл баримт нь хянах явцад илэрсэн бол тухайн шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасны дагуу Л.О шүүгчид хэрэг үүсгэх хүсэлтэй байна гэдгээ би удаа дараа хэлсэн. Гишүүн Б.Сугар мэдэж байгаа, та миний гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гомдлын ноорог гэж хэлээд байгаа нь нотлох баримт шинжлэн судлахад Ж.Т-н надад холбогдуулж гаргасан гомдолтой харьцуулж үзэх хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа. Сахилгын хороо харьцуулж үзэхийг ч хүсэхгүй байгаа. Нэгэнт буруутгах дотоод итгэл нь үүсэн юм болов уу гэж хардаж байна.
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн 8 дугаар мөрөнд “хүмүүсийн мэдэх шаардлагагүй мэдээлэл гэж үзнэ” гэж байгаа. Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.8-д “сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна” гэж заасан.
Сахилгын хороонд гаргаж буй тайлбар баримт нь тухайн этгээдийн захидал харилцаанд хамаарах эмзэг мэдээлэл, энэ мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхол нийтэд ил байх шаардлагагүй байдаг гэж дүгнээд байгаа. Тухайн файлд надад холбогдох сахилгын хэргийн гомдол, мэдээлэл гэр бүлийн хүний хувийн нэр хүндтэй холбоотой мэдээлэл байгааг би ч гэсэн бусадтай хуваалцахыг хүсэхгүй байна.
Нийтийн дотоод сүлжээнд тавиулахыг хүсэхгүй байна. Энд би хохирогч болж байна. Нийтэд ил тавих шаардлагагүй гэснийг шүүгч Л.О өөрөө зөрчиж, ямар ч нууц кодгүй нийтэд ил тавьж байгааг юу гэх ойлгох вэ. Илтгэгч гишүүн дотоод шейрт хэн хэн нэвтэрсэн эсэхийг сахилгын хэргийг шалгаж эхлэх явцдаа үзэх байсан. Энэ нь цаг хугацааны хувьд хоцорчхоод байгаа юм. Сүүлд нь очиж үзэхээр хэн нэвтэрсэн нь тодорхойгүй гэж гарсан.
Би түрүүн шинжлэн судлах явцад хэлэхэд даргалагч гишүүн шинжлэн судалж өгсөнгүй. Шинжээч хагас сайн өдөр тус шүүхийн Тамгын газрын серверт ирж шалгалт хийнэ гэж Тамгын газарт мэдэгдсээр байтал 5 дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хяналт шалгалтаар хүмүүс 11 цагийн үед ирсэн байхад дотоод серверт хүмүүс халдсан.
Ингээд би баримтаар нотолж, халдсан хүмүүсийнх нь тайлбар мэдүүлгийг аваад тухайн 2 давхрын бичлэгийг Сахилгын хороонд гаргаж өгсөн. Үүнд яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Санаатай мэдүүлэхгүй байх, сервер дотор ороод хэн ч халдаад устгачих боломжтой юм. Тухайн үед хэн хэн нэвтэрснийг яагаад тодруулаагүй вэ. Цаг хугацааны хувьд алдчихаар нэвтрээгүй байна гэдэг. Хэн хэн нэвтэрснийг одоо тогтоох боломжгүй гээд шинжээчийн дүгнэлтэд бичсэнийг даргалагч гишүүн уншиж сонсгосон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт шүүгчид хориглох зүйлийг хуульчилсан байгаа. Ихэнх тохиолдолд албаны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор байгаа.
Гэтэл миний бие албаны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэгтэй холбоотой өөрт итгэмжлэн мэдэгдсэн, албаны байгууллагын хувь хүний эмзэг мэдээллийг задруулаагүй. Албаны чиг үүргээ ч хэрэгжүүлээгүй, надад итгэмжлэн хариуцуулж өгсөн хүний мэдэгдсэн эмзэг мэдээлэл ч байгаагүй.
Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5.-д мэдээллийн эзэн гэж хэн байдаг юм бэ, мэдээлэл тодорхойлж байгаа хүнийг гэж заасан. Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол 17 дугаар зүйлд иргэн бол түүний хууль ёсны төлөөлөгчийг мэдээллийн эзэн гэж заана. Мэдээллийн эзэн ямар үүрэгтэй вэ гэдэгт өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах үүрэгтэй гэж хуульчлаад заасан.
Мэдээллийн эзэн буюу тухайн хувь хүн Л.О шүүгч нь өөрөө нууцад хамаарах эмзэг мэдээллээ хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх эрсдэлийг өөрөө хариуцна. Үүний төлөө бусдаас хариуцлага нэхэх боломж байхгүй. Шүүгч Л.О нь нэр бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлын төслийг байгууллагын дотоод сүлжээнд байршуулснаар уг мэдээллийг өөрөөсөө гадна бусад хүмүүс харах, цуглуулах боломжийг бий болгож олон нийтэд ил болгож өгсөн.
Илтгэгч гишүүн хэлэхдээ файлуудын агуулгын хүмүүс орж ирээд тайлбарлаад байна гэсэн. Би дотор байсан файлуудыг агуулгыг тайлбарлаагүй, зөвхөн өөрт хамааралтай 3, 4, 9 дүгээр хуудсанд авагдсан намайг Сахилгын хороонд бичиж өгсөн хүмүүсийн гомдол, манай нөхрийг прокурорт бичсэн өргөдлийг уншиж сонсгосон болохоос бусад файлуудыг би хараачгүй гүйлгээд явсан. Үүнийг орж ирээд сонссон бусад гэрчүүд бүгд “шүүгч үзүүлээгүй, өөрт хамааралтай хэсгийг тайлбарлаж өгсөн” гэж тайлбарладаг, гэрчийн мэдүүлэгт ч заасан байгаа.
Шинжээчийн дүгнэлт гаргах үед бүх зүйл оройтсон байсан. Шүүгч Б.Мөнхзулын нотолсон нотолгоог юугаар үгүйсгэж байгаа вэ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь бусад нотлох баримтаар хоорондоо харилцан хамааралтай байж нотлогдож байгааг анхаарч үзнэ үү. Надад хэлсэн тэдгээрийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байгаа.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “...хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж заасан сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнд нийцэхгүй. Энэ нь хэлбэрийн болон агуулгын хувьд аль талаас нь харсан ч хууль зүйн үндэслэл хангагдаагүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасны дагуу сахилгын хэрэг хүлээн зөвшөөрөгдөхгүй, нотлох дүгнэлт болон анхны магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус СХМ/2025/0087 дугаартай магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарт холбогдох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчилд хамаарах сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 403 дугаар дүгнэлтээр холбогдох шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нар шүүгч Л.О-н “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй ворд файлд нэвтэрсэн гэх байдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр тэдгээрт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба сахилгын хэргийн оролцогч нэр бүхий шүүгч нар тус магадлалд гомдол гаргаагүй байна.
Уг магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан зөрчилд холбогдуулан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин түүнийг мөн зүйлийн 50.1.3-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж, “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэнд гомдол гаргажээ.
Хэргийн оролцогч шүүгч өөр шүүгчийн файлд хадгалагдсан мэдээллийг нээж үзсэн, зургийг нь авсан, нэр бүхий албан хаагчдад уншиж өгсөн талаарх үйл баримтыг үгүйсгээгүй байна.
Харин “дурын хэн ч ороод үзэж болохоор байршуулсан, цаг хугацааны хувьд шийдвэрлэгдэж дууссан Сахилгын хорооны сайтад байсан тул тухайн мэдээлэл нь нууц гэсэн шинж чанараа алдсан, албаны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэгтэй холбоотой өөрт итгэмжлэн мэдэгдсэн, албаны байгууллагын хувь хүний эмзэг мэдээллийг задруулаагүй, албаны чиг үүргээ ч хэрэгжүүлээгүй, надад итгэмжлэн хариуцуулж өгсөн хүний мэдэгдсэн эмзэг мэдээлэл ч байгаагүй” тул энэ нь “...хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж заасан сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнд нийцэхгүй.” хэмээн сахилгын хэргийн шалгах ажиллагаа, түүнийг хянан шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.
Шүүгчийн албан тушаалыг эрхлэх гэдгийг зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй холбож, явцууруулан тодорхойлохгүй бөгөөд шүүхийн байранд, шүүгчийн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлдэг албан тасалгаанаас, шүүхийн техник хэрэгслийг ашиглан тус шүүхийн шүүгч нар, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд ашиглагддаг дундын цахим сүлжээгээр өөр шүүгчийн сүлжээнд нэвтэрсэн үйлдлийг “шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаатай холбоотой олж мэдсэн” гэж үзнэ.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар хүний эмзэг мэдээлэлд захидал харилцааны мэдээлэл хамаарна гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д энэхүү мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарахаар тус тус зохицуулсан байх тул Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан мэдээллийн технологи ашиглан бусад этгээдэд уншиж, сонсгосон үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д заасан “албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах” гэсэн зөрчлийн шинжийг хангасан байна.
Аливаа этгээд өөрийн нэрээр хадгалсан файлд нэвтрэх нэр, нууц үг хийсэн эсэх нь түүнд хадгалагдаж буй мэдээллийг хуулбарлах, бусдад түгээх, задруулахыг зөвшөөрсөнд тооцогдохгүй үндэслэлд хамаарах талаар хуулиар зохицуулаагүй тул энэ талаарх холбогдох шүүгчийн тайлбар үндэслэлгүй.
Холбогдох шүүгч нь магадлалд гаргасан гомдол, тайлбартаа өргөдөл гаргагч, шүүгч Л.О-д холбогдуулан “...Ж.Т-н дотоод сүлжээгээр дамжуулан над руу шилжүүлсэн шүүгч Ц.Амаргэрэлийн талаарх сахилгын хороонд гаргасан гомдлын ноорог, мөн Ц.Амаргэрэлийн нөхөр Н-н зөрчлийн хэргийн шийдвэрт дээд шатны прокурорт гаргасан гомдлын ноорог тус тус байсан бөгөөд тухайн үед намайг хянаад өгөөч гэж хэлж байсан...” гэсэн нь өөрийн эрх ашиг, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний эрх ашиг яригдаагүй байхад захын захиргааны ажилтны хаашаа ч юм гаргах гомдолд хууль зүйн зөвлөгөө өгдөг болохоо дээрх үйлдлээрээ баталж байгаа юм.”,
“... тэр файл дотор надад холбогдох сахилгын хэргийн гомдол, мэдээлэл, гэр бүлийн хүний минь хувийн нэр хүндтэй холбоотой мэдээлэл байгааг би ч гэсэн бусадтай хуваалцахыг хүсэхгүй, нийтийн дотоод сүлжээнд ил тавиулахыг хүсэхгүй. Энэ тохиолдолд шүүгч би хохирогч. Нийтэд ил байх шаардлагагүй гэснийг шүүгч Л.О өөрөө зөрчөөд ямар ч нууц код, паспортгүй ил тавьсан тул гомдол гаргана.” гэж мэдүүлж оролцсон.
Хянан үзэх хуралдаанаар магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг эс зөвшөөрсөн үндэслэл, түүний шаардлагыг хянан хэлэлцэх ба гомдол, эсэргүүцэл гаргахдаа Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.
Хэрэв нэр бүхий шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэж буй бол Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу өргөдөл, мэдээлэл гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд харин энэхүү эрхээ эдлэхдээ албан тушаалтны хувьд аливаа этгээдэд зохисгүй ойлгогдох үг хэллэг хэрэглэхгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг сахих, хуулийг хэрэглэн шийдвэр гаргах үүрэгтэй шүүгчийн хувьд хууль тогтоомжийн холбогдох заалтуудын агуулгыг мэдэж байх ёстой тул дээрх үйлдэл гаргасныг зөвтгөх боломжгүй.
Илтгэгч гишүүний явуулсан шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримтыг Сахилгын хорооны хуралдаанаар тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэн байх тул шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.3-д зааснаар “нээлттэй сануулах” шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагаварт тохирсон гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113,14, 114,1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийн гаргасан гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн СХМ/2025/0087 дугаартай магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогчдод болон өргөдөл гаргагчид зохих журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Улсын дээд шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР