info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-19

Дугаар 87

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч,

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, цахимаар сахилгын хэргийн оролцогч Ц.Амаргэрэл, өргөдөл гаргагч Л.О нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл, Б.Мөнхзул, Л.Энхтайван нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГНД/2025/0010 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд:  

“1.Шүүгч Ц.Амаргэрэлийн талаар:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой тус шүүхийн шүүгчийн туслах О.Т, Г.У, харуулын цагдаа Г.Н, мэдээлэл технологийн мэргэжилтэн А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нарыг өрөөндөө дуудаж, тэдний дэргэд өөрийн ажлын өрөөний суурин компьютероос тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнуудын ашигладаг дотоод сүлжээ буюу share-т нэвтэрч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.О-ын фолдерийн “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн word файлыг нээж, тэнд байгаа баримтуудыг уншиж, улмаар Л.О-ын нэртэй Сахилгын хороонд гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар, Ж.Т гэсэн нэртэй Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорт 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдол, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбар, Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдол, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ёс зүйн хороонд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гомдол, Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 9 дүгээр сарын 23, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тайлбар гэсэн баримтуудын зургийг авч, хуулбарлан авчээ. Энэ нь:

Гэрч: Шүүхийн харуул хамгаалалтын цагдаа Г.Н-ын “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр харуулаар ажиллаж байсан. Тэгтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл дотоод сүлжээгээр намайг өрөөндөө ороод ирээч гэж дуудсан. Ороход тэдний өрөөнд нарийн бичгийн дарга Э.А, инженер техникийн ажилтан А.А, шүүгчийн туслах Г.У, Ерөнхий шүүгчийн туслах О.Т нар байсан.  Шүүгч Ц.Амаргэрэл компьютероо харуулаад шейр дотроос захиргааны хэргийн шүүхийн шүүгч Л.О гэсэн нэртэй файлыг нээж “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн рүү ороод 2-3, 5-6 дугаар хуудсыг харуулсан. Тэдгээр баримт Ц.Амаргэрэл шүүгчид холбогдуулан гаргасан гомдол юм байна гэж ойлгосон. ...Шүүгч Ц.Амаргэрэл тэр баримтуудыг хэвлэж авсан. Энэ үед хэн нэгэн нь нэрийг нь санахгүй байна, хэвлээд баталгаажуулаад авчих гэсэн. Шүүгч бид нарт хандаад та нар гэрчилж өгнө үү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг.

Гэрч: Мэдээлэл технологийн мэргэжилтэн А.А-ын “...Шейр нээлттэй байдлаар, файл хадгалах, дамжуулах боловсруулах зорилготой ба нээхэд 4 шүүх, захиргааны ажилтнууд, туслах, нарийн бичгийн дарга, үйлчилгээний ажилтан гэсэн фолдер байгаа. Тухайн фолдерыг нээхэд тухайн шүүхийн шүүгч нарын фолдер байгаа. Шүүгч тус бүр өөрийн фолдерээ нээгээд мэдээллээ хадгалж, түүн дээрээ бичиж боловсруулсан баримтаа хадгалдаг, ...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орой 19 цаг 04 минутад /ажил тараад 1 цаг өнгөрч байсан/ дундын чатаар Ц.Амаргэрэл шүүгч ороод ирээч гэж дуудсан. Ороход шүүгчийн туслах Г.У, О.Т, нарийн бичгийн дарга Э.А, цагдаагийн ажилтан Г.Н нар цуг байсан. Тэгэхэд Ц.Амаргэрэл шүүгч компьютерын дэлгэцээ харуулаад дотоод сүлжээнээс Л.О шүүгчийн фолдерээс “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн нэртэй файлыг нээж харуулсан. Миний хувьд тэрхүү файлд бичигдсэн зүйлийг уншаагүй, харин шүүгч өөрөө “...энэ тайлбарт манай гэр бүлийн хүн болон өөрийнх нь тухай мэдээлэл байна” гэж хэлсэн. Тэгээд тайлбар гаргасан Ж.Т гэсэн нэр бичигдсэн байна. Л.О шүүгч бичээд Ж.Т гарын үсэг зурж Ёс зүйн хороонд мэдээлэл явуулдаг юм байна  гэж хэлсэн. Тэгээд энэ дээр та нар гэрч болж өг гэж хэлсэн. Тийм учраас биднийг дуудсан юм байна гэж ойлгосон. Би нэг ч баримт үзээгүй. Зөвхөн шүүгчийн хэлснээр тэгж ойлгосон. Ц.Амаргэрэл шүүгч тэр баримтуудыг өөртөө хэвлээд авсан гэж бодож байна..” гэх мэдүүлэг.

Гэрч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А-ын “...2023 оны 12 дугаар сарын 21-ний орой шүүх хуралдааны тэмдэглэлээ бичээд сууж байхад ажлын цаг дууссан байхад дотоод чатаар Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл ороод ирээч гэж дуудсан. Ороход надаас гадна О.Т, Г.У, А.А, Г.Н нар байсан. Ц.Амаргэрэл шүүгч “...та нар гэрч шүү, би ганцаараа хараад хүнд хэлбэл итгэхгүй” гээд шейр дотроос Л.О шүүгчийн Сахилгын хорооны тайлбар гэсэн файл рүү нэвтэрч орсон. Би хамгийн захад зогсож байсан учраас юу яриад байгааг нь сайн ойлгоогүй, тэр файл дотор хэлтсийн дарга Ж.Төмөрсүхийн нэртэй бичвэр байсныг харуулсан. Тэгээд энэ талаар тайлбар гаргаад өг гэсэн, харуулсан баримтаа бүгдийг нь хэвлэж авсан...” гэх мэдүүлэг.

Гэрч: О.Т-ийн “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн мэдээ тайлан гаргаж байсан үе. Орой 19 цаг 30 минутын үед Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл дуудсан. Яаж дуудсаныг санахгүй байна. Өрөөнд нь ороход шүүгчийн туслах Г.У, мэдээлэл технологийн мэргэжилтэн А.А, нарийн бичгийн дарга Э.А, тухайн өдөр ээлжинд гарч байсан цагдаа Г.Н нар байсан. Шүүгч бидэнд өөрийнхөө компьютерыг  харуулаад “...санамсаргүй байдлаар Л.О шүүгчийн шейр рүү ороход Шүүхийн сахилгын хороонд гаргасан өөртэй нь холбоотой гомдол тайлбар байна, ...та нарын дэргэд үзэх гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд шүүгч Л.О-ын файлыг нээж орсон. Нэг бүрчлэн үзээгүй, харин баримтыг гүйлгээд шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан гаргасан гомдол байна гэсэн. Би бол өөрөө уншаагүй, шүүгч өөрөө л тийм агуулгатай гэж хэлсэн. Энэ үед туслах  Г.У “...та хэвлээд авчихгүй юу” гэсэн, тэгээд хэвлэж авсан, яг хэдэн хуудас хэвлэснийг санахгүй байна...” гэх мэдүүлэг.

Гэрч: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.У-ын “...2023 оны 12 дугаар сарын 20-ны үед байх өдрийг нь мартсан байна, жилийн эцсийн мэдээ гаргаад шүүхийн захиргааны ажилтнууд бүгд ажил дээрээ байсан. Тэгэхэд Ц.Амаргэрэл шүүгч над руу “ороод ирээч” гэсэн чат бичсэн байсан. Ороход түр хүлээж бай гэсэн. Удалгүй нарийн бичгийн дарга Э.А, мэдээлэл технологийн ажилтан А.А, өөрийнх нь туслах О.Т, цагдаа Г.Н нар орж ирсэн. Тэдгээрийг орж ирэхэд шүүгч би та нарт нэг юм үзүүлэх гэсэн юм. Энэ үзүүлэх гэж байгаа зүйлийг дараа нь гэрчилж өгөөрэй гэсэн. Ямар учиртай юм бэ гэхээр тус шүүхийн Тамгын газрын хэлтсийн дарга Ж.Т-ээс Ц.Амаргэрэл шүүгчид холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан асуудалд холбоотой Ж.Төмөрсүхийн гаргасан тайлбар нь Л.О шүүгчийн шейрт байна гээд бид нарт үзүүлсэн. Ингэхдээ шүүхийн дотоод сүлжээ рүү ороод захиргааны хэргийн шүүх, шүүгч Л.О гэсэн фолдер руу ороод хадгалсан файл руу орсон. Л.О шүүгчийн Шүүхийн сахилгын хороонд бичсэн тайлбар дунд Ж.Т-ийн Сахилгын хороонд бичсэн тайлбар гэсэн юм байсан. Миний хувьд агуулгыг бүрэн уншаагүй, ямар ч байсан Шүүхийн сахилгын хороонд Ц.Амаргэрэл шүүгчийн талаар бичсэн тайлбар байсан. Шүүгч бидэнд харуулчхаад “...Л.О шүүгчийн файл дотор Ж.Т-ийн нэртэй бичвэр байна, 2 тусдаа хүн байхад шүүгч Л.О-ын файл дотор Ж.Т-ийн нэртэй бичвэр байгаа нь сонин санагдлаа...” гэж хэлээд та нарын нүдэн дээр харуулсан зүйлийг нь гар утсаар зургийг нь дараад хэвлээд авъя гээд хэвлэж авсан. Ингэхгүй бол дараа нь ийм зүйл байгаагүй гэж мэлзэх ч юм уу, асуудал гарч магадгүй гээд та нарын нүдэн дээр харуулсан зүйлийг хэвлээд авлаа гэсэн. Тэгээд л өрөөнөөс нь гараад явсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. 

Шалгах ажиллагааны явцад түүний албаны өрөөний суурин компьютерт үзлэг хийхэд share нээлттэй, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О-ын фолдерт нэвтрэх боломжтой бөгөөд тус шүүгчийн “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн нэртэй word файл харагдаж байна. Үзлэгийн явцад холбогдох шүүгчийн уг файлаас хуулбарлан авсан баримтыг үзлэгийн тэмдэглэлд тусган хэрэгт хавсаргасан болно. 

Мөн шүүгч Л.О-ын албаны өрөөний суурин компьютерт үзлэг хийж, “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн файлыг нээж, баримтуудыг хуулбарлан авч, үзлэгийн тэмдэглэлд тусган хэрэгт хавсаргасан болно. Шүүгч Ц.Амаргэрэлийн хуулбарлан авсан дээрх баримтууд шүүгч Л.О-ын файлд байсан болно.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба  шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан 50 дугаар зүйлийн 50.1.3-т “албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах” гэжээ.

Шүүгч Ц.Амаргэрэл хуулиар хориглосон зөрчлийг тухайлбал, хүний эмзэг мэдээллийг задруулсан эсэх талаар дүгнэлт хийхийн тулд тухайн мэдээллийг агуулж байсан цахим сүлжээний талаарх эрх зүйн зохицуулалтыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.2.-т “сүлжээ” гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдэл, 3.1.14-т “мэдээллийн технологи гэдэг нь компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагаа”-г ойлгоно гэжээ. Энэхүү сүлжээнд компьютерын сүлжээ хамаарах ба аж ахуйн нэгж, байгууллага  нь дотооддоо сүлжээ байгуулан ажиллуулж болохоор хуулийн 16, 21 дүгээр зүйлд тодорхой заасан.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг баталж, шүүхүүд үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлэхээр зохицуулсан.

Журамд зааснаар “Компьютерын сүлжээ” гэдэг нь цахим мэдээллийг солилцох боломжтой харилцан холбогдсон компьютеруудыг ойлгох ба сүлжээг нээлттэй, хязгаарлагдсан, өндөр түвшинд хязгаарлагдсан гэсэн байдлаар ажиллаж болно гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд дотооддоо компьютерын нэг сүлжээтэй, нээлттэй байдлаар ажилладаг байна. Тодруулбал, шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын  компьютерын  дэлгэц  дээрх  үндсэн цэсэд сүлжээ нь “share” нэртэй ба тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн захиргааны ажилтнууд гэх мэт нэртэй фолдертэй. Сүлжээнд холбогдсон шүүгч буюу ажилтан өөрийн харьяалах шүүхийн фолдерийг сонгож файл үүсгэн бичиг баримт боловсруулдаг юм байна. Тодруулбал, захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсэн фолдерт тус шүүхийн  нийт шүүгч нар нэвтрэх ба шүүгч Л.О-ын нэртэй фолдерт байгаа “word” файл дотор “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн нэртэй файл дэлгэц дээр харагдаж байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар захидал харилцааны талаарх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаарах ба хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарахаар хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан. Энэ зүйлд заасан “захидал харилцааны мэдээлэл” гэдэгт  захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээлэл хамаарна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч Л.О-ын “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй файлд байгаа мэдээллийг тухайн хувь хүнтэй холбоотой,  бусад хүмүүсийн мэдэх шаардлагагүй мэдээлэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.8-д зааснаар сахилгын хэрэг  шалгах ажиллагаа хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байдаг тул   Сахилгын хороонд гаргаж буй тайлбар, баримт нь тухайн этгээдийн захидал харилцаанд хамаарах эмзэг мэдээлэл бөгөөд энэ мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолгүй, нийтэд ил байх шаардлагагүй байдаг.

Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журамд зааснаар дотоод сүлжээнд холбогдсон компьютер, техник хэрэгслийг эзэмшиж байгаа шүүгч, ажилтан бүр энэ журамтай заавал танилцсан байх шаардлагатай бөгөөд дотоод сүлжээг хувийн зорилгоор ашигласан бол  холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээхээр журмын 11.1-т тодорхой заасан.

Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл өөрийн албаны өрөөний суурин компьютероос шүүгч Л.О-ын сүлжээнд нэвтэрч түүний эмзэг мэдээлэлтэй танилцахдаа тус шүүхийн нэр бүхий ажилтнуудыг байлцуулан тэдэнд уг мэдээллийн  агуулгыг  тайлбарлан, улмаар зургийг нь авч, хуулбарлан авсан байх тул хүний эмзэг мэдээллийг задруулсан гэж үзнэ. 

Тус шүүхийн компьютерын дотоод сүлжээ нээлттэй, шүүгч Л.О сүлжээнд нэвтрэхдээ нууц үг, код ашигладаггүй нь бусад этгээд түүний файлд байгаа баримт ялангуяа захидал харилцаатай холбоотой мэдээлэлтэй танилцах, бусдад задруулахыг зөвшөөрөх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан “...хүний эмзэг мэдээллийг задруулах”  зөрчил гаргасан гэж үзэж, энэ үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэв.

...Өргөдөл гаргагч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тайлбартаа хавсаргасан Sochi Gegee гэсэн хаягтай фейсбүүкт шүүгч Ц.Амаргэрэлийн фото зураг болон “овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж ардын зүйр үг бий. Элдэв бусармаг зүйл хийгээд нэмэргүй, өөрсдөө л эхлүүлсэн шүү, урд гараад алхаж чадахгүй бол араас дагаад яв гэж зарим нэг атаач нөхдөд хэлчихье” гэсэн пост бичигджээ. 

Энэ талаар өргөдөл гаргагч 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт тайлбартаа: “...2022 оны зун ээлжийн амралтаа дуусгаад 9 сард ажилдаа ороод байж байтал Шүүхийн сахилгын хороонд шүүгч Ц.Амаргэрэлийн нөхөр н.Нэргүйбаатар нь намайг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр гомдол гаргасан байсан бөгөөд гомдлын хуулбарыг хүлээн аваад маш их гайхаж шүүгч Ц.Амаргэрэлийн өрөөнд орж асуухад “миний нөхөр хаана юу хийж явах нь надад хамаагүй би мэдэхгүй” гэх зэргээр уурлангуй хариулсан. Би өрөөнөөс гараад явсан гэтэл төд удалгүй фейсбүүкт шүүгч Ц.Амаргэрэл дээрх постыг оруулсан байсан нь надад таагүй сэтгэгдэл төрүүлсэн тул хуулбарлаж авчхаад үдээс хойш шүүхийн дотоод сүлжээний шүүгч нарын чат группт хэн нэгэнд хаяглахгүйгээр Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан заалтыг тэр чигээр бичиж оруулсан. Гэтэл шүүгч Ц.Амаргэрэл үдээс хойш 16-17 цагийн хооронд дээрх постоо устгасан байсан. Дээрх постын тухайд ялт ч үгүй Ерөнхий шүүгч Л.О надад чиглэсэн сахилгын хороонд өгчихөөр яахыг чинь харна аа гэж байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан даа” гэжээ.

Шүүгч Ц.Амаргэрэл тайлбартаа: “...“ .... нэртэй фейсбүүк минийх мөн. Би энэ постыг бичээгүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй. Зураг бол минийх мөн. Энэ бол миний Ерөнхий зөвлөлд ажиллаж байхдаа авхуулсан зураг байна. Гэхдээ надад энэ зураг байхгүй. Энийг хуурамчаар оруулсан гэж үзэж байна. Би фейсбүүктээ ийм пост, зураг оруулаагүй, хакэрдуулсан, хулгайд алдсан зүйл байхгүй. Харин энийг хуурамчаар хийсэн байна гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч нарын дунд групп чат байдаг. Би энэ группт байдаг. Энэ групп чатад миний зурагтай энэ пост гарсныг мэдэхгүй, энэ талаар би юу ч мэдэхгүй. Сүүлийн үед энэ талаар судалсан. Хуурамчаар зураг нийтлээд пост бичээд хэвлээд авчихсан байх боломжтой юм байна лээ” гэжээ.

Дээрх нэр бүхий фейсбүүкт нийтлэгдсэн зураг болон бусад мэдээллийг сэргээх боломжтой эсэхийг тодруулахад Шүүх шинжилгээний Ерөнхий газрын  2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот албан бичгээр “...олон нийтийн цахим харилцааны хэрэглүүр болох фейсбүүк аппликейшинаар дамжсан мэдээлэл, зураг, бичвэрүүд нь системийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын мэдээллийн баазад хадгалагддаг бөгөөд системийн үйлчилгээ эрхлэгч байгууллагад мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмууд чанд мөрдөгддөг. Иймд фейсбүүк аппликейшинд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, зургийг устгасан тохиолдолд уг системийн мэдээллийн баазад хандан шинжилгээ хийж, мэдээлэл сэргээх боломжгүй болно...” гэсэн хариу ирүүлсэн. 

Өөрөөр хэлбэл, холбогдох шүүгчийн нэртэй фейсбүүкт тавигдсан гэх зураг, пост устгагдсан байх бөгөөд түүнийг сэргээх боломжгүй, энэ тохиолдолд тус шүүгчийг уг постыг бичсэн гэж үзэх нь учир дутагдалтай. 

Түүнчлэн тухайн постод аль нэг шүүхийн, хэн нэгэн шүүгчийн нэр дурдагдаагүй тул шүүгчийн нэр хүндэд харшилсан, шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл бичигдээгүй байх тул энэ төрлийн мэдээ, мэдээлэл тараасан, байршуулсан  гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. 

2. Шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарын талаар:

...Шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нар шүүгч Л.О-ын шейрт нэвтэрсэн эсэхийг тодруулахаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлт бүрэн бус байсан тул 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэхээр дахин шинжээч томилсон.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 403 тоот дүгнэлт гаргаснаа 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн болно. Уг дүгнэлтэд 

1.“Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газарт байрлах толгой компьютерын LOCAL DISK D:/Share/ 2.Сэлэнгэ аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүх/ 2.1 “Л.О” байрлалд “Ес зүйн хорооны тайлбар.docх” файл байсан ул мөр илэрч байна. Уг файлыг хэн, хэзээ, хаанаас устгасныг тогтоох боломжгүй байна.

2. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газарт байрлах толгой компьютерын LOCAL DISK D:/Share/ 2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2.1 Л.О байрлалын “Ёс зүйн хорооны тайлбар docх” файлыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 19 минут 11 секундэд *** гэсэн дахин давтагдашгүй нэр, ID дугаартай компьютероос нээж үзсэн ул мөр хадгалагдаж байна. Уг дахин давтагдашгүй компьютерын нэр, ID дугаар нь захирамжид дурдсан Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын үзлэг хийсэн албан хэрэглээний компьютерын дахин давтагдашгүй нэр, ID дугаарууд /***/-тай тохирохгүй байна…” гэжээ.

Шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нар нь шүүгч Л.О-ын сүлжээнд байгаа Ёс зүйн хорооны тайлбар нэртэй файлд нэвтэрсэн гэх байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй болно. Түүнчлэн шүүгч Л.Энхтайван нь шүүгч Л.О-ын файлд байгаа ямар мэдээллийг шүүгч Б.Мөнхзулд хэлсэн нь тодорхой бус байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан “...хүний эмзэг мэдээллийг задруулах” зөрчил гаргасан гэж үзэн нотлох дүгнэлт үйлдэж, харин түүнд холбогдох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарт холбогдох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Ц.Амаргэрэл сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгч хэн нэг этгээд, албан тушаалтнаас хараат бусаар шийдвэр гаргахыг хэлдэг.

Шүүгч Л.О-ын хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэх ямар нэг хэрэгт хөндлөнгөөс шууд болон шууд бусаар, бусдаар дамжуулан нөлөөлсөн үйлдэл огт үгүй болно. Өөрөөр хэлбэл миний бие шүүгч Л.О-ын шүүн таслах ажиллагааны явцад гаргасан шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул шүүгчийн хараат бус байдалд халдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хувь хүний нууцад халдсан гэж байгаа ч миний бие шүүхийн дотоод сүлжээ рүү тухайн шүүхийн бүх шүүгч, захиргааны болон үйлчилгээний албан хаагч, ажилтнуудын нэгэн адил орох эрхтэй бөгөөд тэнд байгаа мэдээллийг л үзсэн ба түүнийгээ баталгаажуулсан нь хувийн нууцад халдсан, түүнийг бусдад үзүүлсэн гэдэгт хамаарахгүй болно.

Гомдолд "... дотоод сүлжээгээр дамжуулан миний sharе-т нэвтэрч албаны болон хувийн баримтуудын зургийг дарж бичлэг хийж, захиргааны 4 ажилтан болон жижүүр цагдаад үзүүлсэн үйлдэл гаргажээ” гэсэн байх бөгөөд уг үйлдэл нь ямар хориглосон хэм хэмжээг миний бие хэрхэн зөрчсөн талаар тайлбарлаагүй тул үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Миний бие Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.32-т заасан заалтыг зөрчөөгүй гэжээ.

Шүүгч Б.Мөнхзул сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д заасан “хүний эмзэг мэдээллийг задруулах” зөрчил гаргаагүй. Ерөнхий шүүгч Л.Энхтайванаас сонссон зүйлээ шүүгч Ц.Амаргэрэлд хэлсэн нь үнэн. Энэ талаараа Шүүхийн сахилгын хороонд гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн.

Түүнчлэн Хувь хүний нууцын тухай хуулийн 4.1.12-т “хүний эмзэг мэдээлэл” гэж үндэс угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд захидал харилцаа, генетик ба биометрик тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн ба хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээллийг хэлэх талаар хуульчилсан ба энэхүү хуульд заасан “хүний эмзэг мэдээлэл”-ийг миний бие задруулсан зүйл байхгүй төдийгүй Монгол улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгч Л.Энхтайван сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгч Б.Мөнхзулыг миний албан өрөөнд орж ирж өөрийн холбогдсон сахилгын хэргийн талаар ярихад нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгч миний зүгээс өөрийн харьяалдаг шүүхийн шүүгчид дахин ийм асуудал гаргаж болохгүй гэдэг талаар л анхааруулга, сануулга болгож хэлсэн байх, түүнээс бус шүүгч Б.Мөнхзулд өөрийнх нь дээр ярьсан шиг зүйлийг цаашаа хэн нэгэнд ингэж хэлж яриарай, ийм тийм зүйл бичигдсэн байна шүү гэдэг талаар огтоос хэлээгүй байхад намайг ийм зүйл ярьсан мэтээр шүүгч Б.Мөнхзул андуу ташаа ярьсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д “албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулах” гэж зааснаар шүүхийн дотоод сүлжээ шейрт шүүгч, захиргааны ажилтан хэн боловч нэвтэрч үл болох талаар тухайн шүүхийн захиргаа болон эрх бүхий албан тушаалтнаас хориглосон буюу итгэмжлэн мэдэгдсэн зүйл байхгүйн зэрэгцээ, миний бие хэн нэгний хувийн нууцтай холбоотой чухам ямар, ямар мэдээллийг хэнд, хэрхэн задруулсан асуудал огтоос байхгүй атал энэхүү зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзэж сахилгын хэрэг үүсгэснийг үл зөвшөөрч байна.

Мөн уг шейрт тус аймаг дахь нийт шүүхүүдийн болон шүүгч, захиргааны алба хаагчдын нэрсийг жагсаан байршуулснаас гадна бүх шүүгч, алба хаагчдаас өдөр тутмын шүүн таслах ажиллагааны албан хэрэг хөтлөн явуулах, ажил үүргээ гүйцэтгэх, хоорондоо мэдээ, мэдээлэл солилцох зориулалт бүхий байгууллагын дотоод сүлжээний хэрэгсэл тул түүнд заавал хэн нэгний буюу эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл шаардахгүй нэвтэрч албаны ажил хэргээ хөтлөн явуулах, мэдээ, мэдээлэл солилцох эрхтэйн сацуу, энэхүү нийтийн буюу албаны сүлжээнд хувь хүн өөрийн нууцтай холбоотой асуудлаа заавал байршуулах албагүй, ёсгүй гэж үзнэ. Учир ийм тул ерөнхий шүүгч Л.Энхтайван надад дээрх зүйл заалтаар үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Л.О нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн дотоод сүлжээгээр дамжуулан миний share-т нэвтэрч албаны болон хувийн баримтуудын зургийг дарж бичлэг хийн, захиргааны 4 ажилтан болон жижүүр цагдаад үзүүлсэн үйлдэл гаргасан” гэж тодорхойлжээ.

Илтгэгч гишүүн дээрх өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаасан ба илтгэгч гишүүн дахин 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр магадлалаар хүлээн авч, шүүгч Ц.Амаргэрэлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчилд “цалингийн хэмжээг хоёр сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан.

Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тогтоолоор шүүгч Ц.Амаргэрэлийн гаргасан гомдлыг хэлэлцээд “...шүүгч Л.О-ын файлуудад хэн, хэн нэвтэрсэн болох, шүүгч Л.Энхтайван нь тус файлд нэвтэрч өргөдлийн үндэслэлд дурдсан мэдээллүүдийг бусдад анх задруулсан эсэхийг тодруулаагүй, энэ талаар шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарын гэрчийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасанд нийцээгүй, ...шүүгч Ц.Амаргэрэлийн өөрийн фэйсбүүк хаяг / ... гэх шүүгч Ц.Амаргэрэлийн зураг бүхий/-таа бичсэн нийтлэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах” гэж заасан зөрчилд хамаарах эсэхэд тус тус дүгнэлт өгөх шаардлагатай” гэж дүгнээд магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн байна.

Дээрх хяналтын тогтоолд заасны дагуу илтгэгч гишүүн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байх ба 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32, шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр сахилгын хэргийг  хэрэгсэхгүй болгох санал, шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан “...хүний эмзэг мэдээллийг задруулах” зөрчил гаргасан гэх үндэслэлээр ГНД/2025/0010 дугаартай нотлох дүгнэлт үйлджээ.

 Илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, сахилгын хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нотлох дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,   

Нэг. Шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын хэргийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгч Ц.Амаргэрэл нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн ажлын өрөөний суурин компьютероос тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнуудын ашигладаг дотоод сүлжээ буюу share-т нэвтэрч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.О-ын нэртэй фолдерийн “Ёс зүйн хорооны тайлбар” гэсэн ворд файл руу нэвтэрч Сахилгын хороонд гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар, Ж.Т гэсэн нэртэй Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорт 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдол, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбар, Ж.Т гэсэн нэртэй Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдол, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ёс зүйн хороонд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гомдол, Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 9 дүгээр сарын 23, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тайлбар гэсэн баримтуудын зургийг дарж, хуулбарлан авсан болох нь гэрч Г.Н, А.А, Э.А, О.Т, Г.У нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгч Ц.Амаргэрэл уг үйл баримтыг үгүйсгээгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3.”албан үүрэгтэй нь холбоотой, …албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах” гэж заасан нь шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаатай холбоотой олж мэдсэн байхыг, уг мэдээлэл нь хуульд заасан албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахыг, тэрхүү мэдээллийг задруулсан байхыг шаардсан урьдач нөхцөлтэй байна.

    1. . Шүүгч Ц.Амаргэрэл нь Сэлэнгэ  аймаг  дахь  шүүхийн  байранд, шүүгчийн

шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлдэг албан тасалгаанаас, шүүхийн техник хэрэгслийг ашиглан тус шүүхийн шүүгч нар, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд ашиглагддаг дундын цахим сүлжээгээр өөр шүүгчийн сүлжээнд нэвтэрч байгааг “шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаатай холбоотой олж мэдсэн” гэж үзнэ.

          Иймд дээрх хуулийн зохицуулалтын “албан үүрэгтэй нь холбоотой” гэх шаардлага хангагдсан.

          1.2. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”: 4.1.4 “захидал харилцааны мэдээлэл” гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг, 4.1.12-т “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” ойлгохоор зохицуулжээ.

Харин Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар “мэдээллийн технологи” гэдэг нь компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагаа”-г ойлгохоор /үйл баримт болсон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр байсан/ тодорхойлсон байх ба Сэлэнгэ аймаг дахь шүүхийн нийт шүүгч, тамгын газрын албан хаагч нарын дундаа ашигладаг цахим сүлжээнд хадгалагдаж буй шүүгч Л.О-ын “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй ворд файлд агуулагдсан хувийн шинжтэй мэдээлэл нь “захидал харилцааны мэдээлэл” гэдэгт хамаарч байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэж зааснаар хүний захидал харилцаанд хамаарах мэдээлэл нь хувь хүний нууцад хамааруулсан хүний эмзэг мэдээлэл мөн гэж үзнэ.

Хэдийгээр дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар мэдээллийн эзэн өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах үүрэгтэй атлаа уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй, сүлжээнд нэвтрэхдээ нууц үг, код ашигладаггүй, бусад этгээдэд өөрийн хувийн нууцад хамаарах мэдээллийг үзэж танилцах боломж олгосон буруутай боловч энэ нь мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний эмзэг мэдээллийг олж авсан үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болж чадахгүй.

Иймд илтгэгч гишүүний “...Сахилгын хороонд гаргаж буй тайлбар, баримт нь тухайн этгээдийн захидал харилцаанд хамаарах эмзэг мэдээлэл бөгөөд энэ мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолгүй, нийтэд ил байх шаардлагагүй байдаг. ...Шүүхийн компьютерын дотоод сүлжээ нээлттэй, шүүгч Л.О сүлжээнд нэвтрэхдээ нууц үг, код ашигладаггүй нь бусад этгээд түүний файлд байгаа баримт ялангуяа захидал харилцаатай холбоотой мэдээлэлтэй танилцах, бусдад задруулахыг зөвшөөрөх үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

1.3.  Шүүгч Ц.Амаргэрэл Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүний эмзэг мэдээлэлд хамааруулсан хувийн мэдээллийг шүүхийн захиргааны ажилтан албан хаагчдыг болон тухайн үед харуулаар ажиллаж байсан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдааг өрөөндөө дуудан ирүүлж байгаад, шүүгч Л.О-ын нэрээр хадгалагдсан файл руу нэвтэрч, тэдэнд уг файлд хадгалагдсан мэдээллийн  агуулгыг  тайлбарлан, улмаар гар утсаараа зургийг нь дарж, хуулбарлан авч байгаа үйлдэл нь хуульд заасан “задруулсан байх”  шаардлагыг хангасан байна.

Хэдийгээр гэрчүүд файл дотор байсан мэдээлэлтэй бүрэн танилцаагүй, ойлгоогүй талаар мэдүүлсэн ч энэ нөхцөл байдал нь задруулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Сахилгын хороонд болон бусад байгууллагад гаргасан шүүгчийн тайлбар, өргөдөл байгааг бусдад мэдэгдэж, харуулж байгаа үйлдлийн шинжээрээ задруулсанд тооцогдоно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ц.Амаргэрэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр буруутгасан нотлох дүгнэлтийг хүлээн авч хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх ба шүүгчийн гаргасан зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасанд нийцнэ.      

Түүнчлэн, “...” хаягтай фейсбүүк хуудсанд шүүгч Ц.Амаргэрэлийн зураг бүхий “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж ардын зүйр үг бий. Элдэв бусармаг зүйл хийгээд нэмэргүй, өөрсдөө л эхлүүлсэн шүү, урд гараад алхаж чадахгүй бол араас дагаад яв гэж зарим нэг атаач нөхдөд хэлчихье” гэх нийтлэл /пост/ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасан зөрчилд хамаарах эсэхийг тогтоохоор илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж “...шүүгч бичсэн нь нотлогдоогүй, ...тухайн постод аль нэг шүүхийн, хэн нэгэн шүүгчийн нэр дурдагдаагүй тул шүүгчийн нэр хүндэд харшилсан, шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл бичигдээгүй байх тул энэ төрлийн мэдээ, мэдээлэл тараасан, байршуулсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8.”Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Хоёр. Шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарт холбогдох сахилгын хэргийн тухайд:

Сахилгын хороонд гаргасан шүүгч Л.Энхтайвангийн тайлбарт: “...Шүүгч Б.Мөнхзулыг миний албан өрөөнд орж ирж өөрийн холбогдсон сахилгын хэргийн талаар ярихад нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгч миний зүгээс өөрийн харьяалдаг шүүхийн шүүгчид дахин ийм асуудал гаргаж болохгүй гэдэг талаар л анхааруулга, сануулга болгож хэлсэн байх, түүнээс бус шүүгч Б.Мөнхзулд өөрийнх нь дээр ярьсан шиг зүйлийг цаашаа хэн нэгэнд ингэж хэлж яриарай, ийм тийм зүйл бичигдсэн байна шүү гэдэг талаар огтоос хэлээгүй байхад намайг ийм зүйл ярьсан мэтээр шүүгч Б.Мөнхзул андуу ташаа ярьсан байна” гэж, шүүгч Б.Мөнхзулын тайлбарт: “...Миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д заасан “хүний эмзэг мэдээллийг задруулах” зөрчил гаргаагүй. Ерөнхий шүүгч Л.Энхтайвангаас сонссон зүйлээ шүүгч Ц.Амаргэрэлд хэлсэн нь үнэн. Энэ талаараа Шүүхийн сахилгын хороонд гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн” гэсэнд дүгнэлт хийвэл үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна.

Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 403 дугаар дүгнэлтэд “Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газарт байрлах толгой компьютерын LOCAL DISK D:/Share/ 2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2.1 Л.О байрлалын “Ёс зүйн хорооны тайлбар docх” файлыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 19 минут 11 секундэд *** гэсэн дахин давтагдашгүй нэр, ID дугаартай компьютероос нээж үзсэн ул мөр хадгалагдаж байна. Уг дахин давтагдашгүй компьютерын нэр, ID дугаар нь захирамжид дурдсан Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын үзлэг хийсэн албан хэрэглээний компьютерын дахин давтагдашгүй нэр, ID дугаарууд ***/-тай тохирохгүй байна...” гэснээс үзвэл шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарыг шүүгч Л.О-ын “Ёс зүйн хорооны тайлбар” нэртэй ворд файлд нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Иймд шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГНД/2025/0010 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3, 57 дугаар зүйлийн 57.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасан зөрчилд холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван, Б.Мөнхзул нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                          Д.Ариунтуяа                                                                                                                    Д.Эрдэнэчулуун