МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-11
Дугаар 57
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-, шүүгч Т.Б-, В.А- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
“Э о,з а” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, ... дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж- нарт холбогдох “Гэм хорын хохиролд 49.681.840 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд ...шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагч ...дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж- нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч “Э о,з а” ТББ-д хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус заасан байх тул холбогдох шүүгч нарыг зөрчил гаргасанд тооцох үндэслэлгүй байна.
“Э о,з а” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Э-аас ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х- /одоо/, шүүгч Т.Б-, В.А- нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох саналтай” гэжээ.
Шүүгч Б.Х-, Т.Б-, В.А- нар тайлбартаа:
“Э о,з а” ТББ-ын тэргүүн С.Э- нь ...дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж- нарт холбогдуулан гэм хорын хохирол 49.681.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ...аливаа үйлдэл хийхийг даалгах, гэр гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэх боломжгүй, хариуцагчийн аливаа үйлдлүүдийг хаацайлсан, мөн танил талдаа ашиг сонирхолтой хандсан гэх зэрэг нь үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхдээ шүүгчид хараат бусаар хуульд заасныг баримтлан ажилласан.
Шүүх хуралдааныг шүүгч Т.Б- даргалж хэргийг хянан хэлэлцсэн, шүүгч нарийн бичгийн даргаас зохигч талууд хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хэргийг тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Шүүхийн ... шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүний шүүгч нар ёс зүйн зөрчил гаргаагүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Э о,з а” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Э-аас ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-, шүүгч Т.Б-, В.А- нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
“Э о,з а” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Э- өргөдөлдөө:
“...тус 3 шүүгч нь хэргийг шийдэхдээ:
1.Төрийн яамтай бохирдлыг бууруулах гэрээтэй ажил гүйцэтгэж байхад тус хорооны дарга тог тасалж санаатай саатуулсныг,
2.Дүүргийн Засаг даргын өгсөн үүргийг биелүүлээгүй гэрийг буулгах шаардах хуудсыг удаа дараа гэрийн хаалган дээр нааж иргэд сургалт авах боломжийг алдагдуулсныг,
3.Тус хорооны 2 дарга дээд шатныхаа дарга нарын үүргийг биелүүлээгүй сургалтын гэрийг ачаад явчихсан буцааж өгөхгүй шүүхийн асуудлыг дууссаны дараа өгнө гээд одоо хүртэл өгөхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил танил талын хүрээгээр шийдвэр гаргасан нь илт байна. Ийм чадваргүй сэтгэл зүрхгүй шүүгч нар Монголын шүүхийн нэр хүндийг унагаж байгаа тул хэргийг шалгаж эдгээр шүүгч нарт ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх”-ээр заажээ.
“Э о,з а” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, ...дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж- нарт холбогдох “Гэм хорын хохиролд 49.681.840 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг ...шүүх 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгч нар нь хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Шүүгчийн эрх байдлын тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчилд хамаарахгүй.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-, шүүгч Т.Б-, В.А- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН