
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-27
Дугаар 139
Улаанбаатар хот
Сахилгын зөрчил гаргасныг нотлох
дүгнэлтийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан, С.Батжаргал нарт холбогдох илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2025/0031 дугаартай дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн тус “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ:
“... Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...иргэдийн төлөөлөгч Б.Б-н гаргасан шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлтийг болон уг дүгнэлтийн талаарх үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй...” гэсэн агуулга дурджээ.
... Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Батжаргал, бүрэлдэхүүнд шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан, иргэдийн төлөөлөгчөөр Б.Б /биечлэн/ нар оролцсон нь тогтоогдож байна.
2.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-т зааснаар шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах ба энэхүү заалтыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогчийг бичих ба 36.7 дугаар зүйлийн 2.3-т тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын /https://supremecourt.mn/ 1 дүгээр хавсралтаар баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журмын 4.1-д “анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэвэр бичих арга зүйг тус тус аргачлалаар нарийвчлан зохицуулна”, 4.3-т “шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хууль болон энэхүү журам, холбогдох аргачлалд заасан шаардлагыг бүх шатны шүүхийн шүүгч хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй” гэж, 2 дугаар хавсралтаар баталсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын 2.1.4-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5 дэх хэсгүүдэд заасан зүйлсийг нэг бүрчлэн дүгнэж бичнэ...” гэжээ.
2.2. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Б биечлэн оролцож, дүгнэлтээ бичгээр гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан “Баримт №30 иргэдийн төлөөлөгчийн санал” гэсэн баримтаар тогтоогдож байгаагаас гадна шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар хуудсанд даргалагчаас иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсъё гэхэд иргэдийн төлөөлөгч “гэм буруутай гэж үзэж байна, хуулийн дагуу ял оногдуулах нь зүйтэй” гэжээ.
Дээр дурдсанаар иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд танилцуулсан нь тогтоогдож байх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох болон үндэслэх хэсэгт дүгнэлтийн талаар тусгагдаагүй байна.
2.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-т зааснаар шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шүүгч нар бичгээр гарсан шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурж албажуулах үүрэгтэй.
Гэвч иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ тусгаагүй байх тул энэ нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан зөрчилд хамаарна.
2.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд даргалагч шүүгч нь шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж, хуульд заасан журмын дагуу албажуулах үүрэгтэй бол бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар тухайн шийдвэрийг хянаж гарын үсэг зурах учиртай.
Шүүгч С.Батжаргал “...шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг тусгах талаар шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Батсайхан, П.Ариунболд нар хэлж, энэ талаар тогтоолын төсөлд өөрсдийн санал, дүгнэлт, засварыг оруулсан боловч миний хайхрамжгүй байдлаас болж шийтгэх тогтоолд оруулсан засварыг хянахгүйгээр гаргасан нь буруу байна, дахиж ийм алдаа зөрчил гаргахгүй байх дээр анхаарч ажиллах болно...” гэсэн,
Шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нар “...даргалагч шүүгч С.Батжаргал шийтгэх тогтоолын төслийг бичиж хянуулахад иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг тусгаагүй байсан бөгөөд тогтоолд зайлшгүй тусгах талаар хэлж, энэ талаарх засварыг тогтоолын төсөлд бичиж оруулан, дээрх засварыг оруулан эцсийн байдлаар хэвлүүлэхээр өгсөн болно” гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
Дээрх хэргийн тухайд бүрэлдэхүүнд оролцсон шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нар шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгах талаар тогтоолын төсөлд засвар оруулсныг даргалагч шүүгч С.Батжаргал шийдвэрийг хянахдаа хайнга хандаж засварыг оруулалгүй албажуулсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Харин шүүгч С.Батжаргал нь даргалагч шүүгчийн хувьд шийтгэх тогтоолыг хууль болон аргачлалд заасан шаардлагад нийцүүлэн бичиж албажуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд тэрээр бүрэлдэхүүний шүүгчийн засварыг оруулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгч С.Батжаргал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” зөрчил гаргасанд нотлох дүгнэлт үйлдэж, харин шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн мэдээлэлд дурдсан үндэслэлээр шүүгч С.Батжаргал, П.Ариунболд, Б.Батсайхан нарт холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарын үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарна гэж дүгнэхэд учир дутагдалтай хэмээн тэдгээрт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой байж зөрчилд тооцогдох учиртай тул шүүх бүрэлдэхүүний шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нар шийдвэрийн төслийг хянах явцдаа иргэдийн төлөөлөгчийн саналыг тусгах талаар даргалагчид мэдэгдсэн атал даргалагч шүүгч С.Батжаргал хайнга хандаж, шийдвэрийг албажуулсан үйл баримтаар бүрэлдэхүүний шүүгчдийг сахилгын зөрчил гаргасан хэмээн дүгнэхгүй.
Тус сахилгын хэрэгт авагдсан баримтаар иргэдийн төлөөлөгч Б.Б-н дүгнэлт, үндэслэлийг 2025/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолд тусгаагүй нь тогтоогдсон, холбогдох шүүгч энэхүү үйл баримттай маргаагүй, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх ба эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батжаргал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчил болох мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана.” гэж заасныг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогчийг бичих ба 36.7 дугаар зүйлийн 2.3-т тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар байна.
Холбогдох шүүгчийн гаргасан дээрх зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ болон бусад нөхцөл байдлыг харгалзан, түүнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГНД/2025/0031 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авсугай.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батжаргалд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх хэсэгт зааснаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
3.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН