
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-27
Дугаар 143
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч О.М, Э.Б, Ц.Ш, Б.Б, Ц.А, Ш.Я, Х.Э, Б.Ц, Б.Б, Х.С, Г.И нарт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 187 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.
Прокурор шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дүгээр магадлалаар эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 560 дугаар тогтоолоор яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж хэргийг буцаан хүргүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаар захирамжаар тус эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Батсайханыг томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0000 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод мэдэгдсэн.
Гэвч хэргийн оролцогчдын хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 28, 2024 оны 11 дүгээр сарын 29, 2024 оны 12 дугаар сарын 23, 2025 оны 01 дүгээр сарын 27, 2025 оны 03 дугаар сарын 10, 2025 оны 04 дүгээр сарын 04, 2025 оны 05 дугаар сарын 26, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогдсон ба 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаан товлон зарласнаас хойш Ц.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С.Ц-гийн хамтаар тус эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох, А.О 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг тус тус гаргажээ.
Энэ үед шүүх хуралдаан товлон зарлагдсан байсан тул хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, улсын яллагч болон бусад оролцогчдын саналыг сонссоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
Дээрх хүсэлтийн дараа 2025 оны 05 дугаар сарын 26, 06 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан товлон зарлагдсан байсан боловч ирцтэй холбоотой асуудлаар хойшлогджээ. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч ирээгүй тул шүүх хуралдаан цааш үргэлжлэх боломжгүй болсон тул хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй бөгөөд үүнд шүүгчийг буруутгах боломжгүй.
2. Хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх ба шүүх хуралдааны дууны бичлэгт:
Улсын яллагч Г.Г-өөс: …н.Д-ийн хувьд баримт гаргаж өгсөн байна. Эхний баримт нь Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас н.Дийн гаргасан гомдлынх нь дагуу хариуг ирүүлжээ. Хариу ирүүлэхдээ 0000 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлсэн Нийслэлийн прокурорын газраас саналтай ирүүлсэн тул та тус газар гомдлоо гаргах нь зүйтэй гэх хариу өгчээ. Мөн прокуророос тус хэргийг шүүхэд шилжүүлсэн тул мэдээлэл өгөх хуулийн зохицуулалт байхгүй хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна гэх хариу өгчээ. Уг хүсэлтэд мөрдөн шалгах байгууллага болон прокурорын зүгээс тухайн эрүүгийн хэргийн материал байхгүй учир тухайн иргэнд хариуг ийм байдлаар өгсөн нь зүйтэй гэж үзэж байна. Харин шүүх хуралдаанд гаргасан мөнгөний тооцоо болон бусад баримтаар н.Д хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргаж байх шиг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч гэдэг нь амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө болон бусад эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөр хохирол учирсан этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байгаа. Шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь шүүгдэгчийн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Яллах дүгнэлтийн 56 дугаар хуудасны 13-17 дугаарт н.Д нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Гэрчийн үйл баримтыг дүгнэн үзэхэд н.О гэх хүнд газар худалдан авахаар 85,000,000 төгрөг өгсөн боловч тухайн газраа авч чадаагүй гэж мэдүүлсэн байна. Гэхдээ уг мэдүүлэгтээ сүүлд нь н.А гэх хүн надад газрын төлбөрийг 90,000,000 төгрөгөөр буцаан өгсөн гэх байдлаар мэдүүлжээ. Тэгэхээр уг хүний хувьд бусдад залилуулсан байж болзошгүй үйл баримтыг мэдүүлсэн боловч уг мөнгөө буцааж авсан байна. Иймд хэрэгт хохирогчоор тогтоож, оролцогчоор оролцуулах боломжгүй гэж үзэж байна. Гуравт тухайн хэрэгт материалууд нь байхгүй боловч н.Д-ийн хувьд Авлигатай тэмцэх газарт тухайн газарт хүмүүс хүчээр халдсан, эд зүйлсийг нь хулгайлж дээрэмдсэн гэх агуулга бүхий гомдлыг гаргаж, тухайн үйл баримтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Үүнийг улсын яллагч н.О шийдвэрлэж байсан. Гомдол хүсэлт гаргаж байсныг нь санаж байна гэхдээ үүнтэй холбогдуулан гаргаж өгөх баримт байхгүй. 57 дугаар хавтаст хэргийн 13-15 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлгийг дүгнэж үзэхэд газрын эрх бүхий албан тушаалтнуудын бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдлийн улмаас н.Д хохирсон бус харин уг газарт шийдвэр гарсны дараа н.О гэх хүнтэй харилцаж 85,000,000 төгрөгөөр газар худалдан авахаар болсон боловч уг үйл баримт нь газартай холбоотой шийдвэрийг хүчингүй болгосны улмаас газар эзэмшихгүйгээр 90,000,000 төгрөгөө буцаан авсан үйл баримт тогтоогдож байна. Иймд боломжгүй гэх санал гаргаж байна. н.Б нарт холбогдох хэрэгт 11 иргэнд хууль бусаар газар эзэмшүүлсний дотор 6 иргэний газар бидний амьдарч буй газартай давхацсан болно бид амьдарч буй газраа албадан газар чөлөөлүүлэх хүсэлт өгсөн гэсэн байх боловч шүүх хуралдаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлтдээ үүнтэй холбоотой бусад баримтуудыг ирүүлээгүй байна. Улсын яллагчийн зүгээс хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй гэж үзэж байна /Бичлэгийн 0:00:10-0:05:08/ гэсэн,
Улсын яллагч Л.С-аас: н.О-ийн хүсэлтийн хувьд баримт
хавсаргаагүй байна. Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хэрэгт “С” ХХК-д 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үйл баримт байдаг. Өмнө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “С” компанид 723,876,000 төгрөгийн хохирол учруулсан. н.О нь иргэний шүүхэд “С” ХХК-аас 2 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл хангагдсан байна. “С с” ХХК-ийн барьж гүйцэтгэж байсан 25.5 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгын 7-8 давхрыг худалдан авахаар гэрээ хийсэн. Тэгэхээр 7-8 давхрыг бид хууль ёсоор өмчлөх ёстой байсан гэдгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргасан байна. Холбогдох баримтууд байхгүй. н.О-тэй гэрээ байгуулсан компани нь “С” ХХК байна. Эрүүгийн хэргийн хувьд “С” ХХК хохирол учруулсан асуудал байгаа. Энэ нь тус тусдаа маргаан учраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах боломжгүй /Бичлэгийн 0:05:09-0:06:50/ гэсэн,
Шүүгдэгч О.М өмгөөлөгч О.Б-аас: н.О-ийн хувьд энэ хэрэгт хамааралгүй. Уг асуудалтай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иргэний шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн. н.О-ийн эрх зөрчигдсөн зүйл байхгүй. 13 дугаар хавтаст хэрэгт авагдсан н.О-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон прокурорын тогтоол хүчингүй болсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд н.О-ийг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулах боломжгүй. Уг асуудлын иргэний шүүхээр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэрэгт хамааралгүй учраас уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү /Бичлэгийн 0:07:08-0:08:31/ гэсэн,
Шүүгдэгч Г.И-ы өмгөөлөгч О.М-ос: н.О-ийн хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэрэгтэй холбоотой учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй хүнийг хэлнэ. Шүүхийн шийдвэр гаргаагүй тохиолдолд оролцох боломжтой. Гэтэл хүсэлтэд дурдсан зүйл нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2,2 тэрбум төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан тул эрүүгийн хэрэгт дахин иргэний нэхэмжлэгчээр оролцуулах ойлголт байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний нэхэмжлэгчийн статусыг хангахгүй. Тусдаа энэ хэргийн төлбөр авагч болсон нөхцөл байдал байгаа учраас н.О-ийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна /Бичлэгийн 0:08:35-0:09:34/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Р.П-аас: Иргэний нэхэмжлэгчээр оролцъё гэж гаргаж байгаа хүсэлтүүд үндэслэлгүй. Яагаад гэхээр н.О гэх хүн иргэний журмаар шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрээ гаргуулж, асуудлаа шийдвэрлүүлсэн. Энэ хүн хохирогчоор тогтоогдсон талын итгэмжлэл хууль ёсны байсныг өөрөө хараад шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргаж өгсөн. Хууль бусаар нөхцөл байдлыг үүсгэж, эрүүгийн журмаар миний үйлчлүүлэгчийг татан оруулсан. Хохирсон өөр нөхцөл байдал байгаа бол нэхэмжлэгч гэдэг статусаар орж ирэх байх. Иргэний нэхэмжлэгчээр оролцуулах боломжгүй /Бичлэгийн 0:09:35-0:11:17/ гэсэн,
Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Ү.Ч-ээс: н.Д-оос шүүхэд ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. ...яллах дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдлын хүрээнд хянан хэлэлцэгдэх ёстой. Иргэн хүсэлтээ шүүхэд гаргахдаа өөрийнхөө хөндөгдсөн гэх эрх ашгийн цаг хугацааг дурдсан. Үүнтэй холбоотой баримтуудыг хүсэлтдээ хавсаргасан байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ. Гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Прокурорын саналыг дэмжиж байна. Хүсэлт хэрэгт хамааралгүй байна /Бичлэгийн 0:11:25-0:12:30/ гэсэн,
Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Ц.Д-аас: Прокурорын иргэн н.Дийн хүсэлттэй холбоотой тайлбарыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн талаар тодорхой заасан. Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө, эд хөрөнгөөр хохирсон хүнийг хохирогч гэнэ гэж заасан байгаа. Иргэн н.Д гэрээнээс үүссэн маргаантай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нь захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2013 оноос 2020 он хүртэл үйл ажиллагааг газар дээрээ явуулсан. Зээл авсан баримтуудаа гаргаж ирээд байгаа нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтийн хүрээнд хохирогчоор тогтоогдоогүй байгаа тул хохирогчоор тогтоох үндэслэлгүй тул н.Дийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна /Бичлэгийн 0:12:33-0:14:01/ гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5489 дүгээр захирамжаар Ц.Д, Ч.Д, А.О нарын гаргасан “...хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох” хүсэлтийг хангахаас татгалзахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заасан.
Улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, гомдол, хавсарган ирүүлсэн баримт материал болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгтэй танилцахад тус гэмт хэргийн улмаас дээрх иргэд хохирол хүлээсэн, учирсан гэж үзэх үндэслэлгүй..., уг асуудлаар өөр байгууллагад гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэсэн үндэслэл дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ”, 3-т “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж тус тус заасан бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эрхтэй талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заажээ.
Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нарыг тухайн хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоох асуудлыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд шүүх хүсэлтийг хангах зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо үнэлэлт дүгнэлт хийх эрхгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” бол сахилгын зөрчилд хамаарахаар заасан.
Уг заалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй.
Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй.
Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй гэжээ.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчил тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Б.Батсайхан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Б нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг хэрэгт 3 иргэн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Үүний нэг нь Ц.Д юм. Шүүх 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр албан тушаалын хэрэгт холбогдсон Э.Б нарын шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд дээрх 3 иргэний хүсэлт, материалыг танилцуулж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, саналыг сонсож, материалтай нь танилцаж шийдвэр гаргасан” гэжээ.
Шүүгч Б.Батсайхан 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Шүүх шүүгдэгч Э.Б нарын 11 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, талуудын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлож, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг “...иргэдийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай гомдол хүсэлтийг шийдвэрлээгүй, ...өмнөх шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийгээгүй, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн...” гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, “...мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулах дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой...” гэж үзэн, шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасан.
Шүүх хэргийг хүлээн авч, гэм буруугийн хуралдааныг товлосон ба нэр бүхий 3 иргэн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлт шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасан ба уг хүсэлтийг шүүх хуралдаанд танилцуулж, улсын яллагч, хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, саналыг сонсож шийдвэрлэхэд ирц бүрдэхгүй, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаад 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн.
Дээрх 3 иргэний хүсэлт, нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулж, уг хүсэлттэй холбоотойгоор талууд тайлбар гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид тусгасан/. Шүүх баримтууд болон талуудын тайлбартай танилцаж дээрх 3 иргэний хүсэлтийг захирамж гарган шийдвэрлэсэн. Захирамжийн хувийг дээрх 3 иргэнд хүргүүлсэн болно. Шүүх хуралдаан ажлын 9 хоног үргэлжилж 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолыг талуудад гардуулж, хүргүүлсэн ба одоо гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх ажиллагаа хийгдэж байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Д-ээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2025/0098 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагчаас “...би өөрийн гэр бүлийн хүн С.Ц-гийн хамтаар яллагдагч О.М, Э.Б, Ц.Ш нарт холбогдох 0000 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг шүүгч Б.Батсайханд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан боловч энэхүү хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. ...Шүүгч Б.Батсайхан энэхүү хэргийг дахин шийдвэрлэхээр хүлээж авсны хувьд эд хөрөнгийн хохирол хүлээсэн биднийг гаргасан хүсэлтийн дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоох, уулзах ёстой атал бүтэн 4 сарын турш бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, энэ байдлаараа бидний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх сонирхолтой юм болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар Ц.Ш нарт холбогдох эрүүгийн 0000 дугаар хэргийг “...тус хэргийн зарим яллагдагч нарын хууль зөрчин хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр олгосон гэх газрын улмаас хөрөнгийн хохирол хүлээсэн иргэдийг тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал, Ч.Д-ийн энэ талаарх хүсэлт хэрэгт авагдсан, шийдвэрлэгдээгүй байна. Иймд эдгээр иргэдийн хохирлын асуудал шүүхээр хянагдаж байгаа эсэх, шүүх шийдвэрлэсэн бол нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах зүйтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн прокурор Г.Г, Х.О, Л.С нараас эсэргүүцэл гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ДМШ/*** дүгээр магадлалаар “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой дараах үндэслэлүүд байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно”, 8.6 дугаар зүйлийн “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эрхтэй болно” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх магадлалыг эс зөвшөөрч яллагдагч О.М өмгөөлөгч Т.Б-аас хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 560 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Ийнхүү, тус эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд буцаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЕШЗ/0000 дугаар захирамжаар Ц.Ш нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан даргалагчаар Б.Батсайханыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/0000 дугаар захирамжаар яллагдагч Ц.Ш нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлажээ.
Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ц.Д-гээс, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А.О нараас хохирогчоор тогтоолгож, иргэний нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг тус тус гаргасан байна.
Шүүх дээрх хүсэлтийг хүлээн авснаас хойш 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/4015 дугаар захирамжаар, 2025 оны 06 дугаар сарын 19-ний 2025/ШЗ/*** дугаар захирамжаар хэргийн оролцогчдын ирцтэй холбоотой хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшлуулж байсан.
Улмаар тус хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэхдээ шүүгчийн 2025/ШЗ/*** дүгээр захирамжаар “...Улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, гомдол, хавсарган ирүүлсэн баримт материал болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгтэй танилцахад тус гэмт хэргийн улмаас дээрх иргэд хохирол хүлээсэн, учирсан гэж үзэх үндэслэлгүй тул хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. ...иргэн А.О, Ч.Д, Ц.Д нарын уг асуудлаар өөр байгууллагад гомдол, хүсэлт гаргах эрхийн хязгаарлахгүй” гэж дүгнэн иргэн А.О, Ч.Д, Ц.Д нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгч зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах ба шүүгч хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг баримтална.
Шүүгч Б.Батсайхан нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг хэргийн оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлсний үндсэн дээр хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч хэрэгт цугларсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хохирогч, иргэний нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, шүүгч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаарах бөгөөд дээрх ажиллагаанд Шүүхийн сахилгын хороо хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар тодорхой заалт байхгүй тул шүүгчийг “…бүтэн 4 сарын турш шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ГС/2025/0120 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН