info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-11-27

Дугаар 142

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар, өргөдөл гаргагч Ш.О, Ш.О нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номинд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ГС/2025/0119 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“... Холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Шүүгч дор дурдсан хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ”,

82.1.1.Иргэний хуулийн 8.1.1; 8.1.3; 8.1.4; 8.1.6-8.1.8 дахь заалт;

82.1.2.хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан;

82.1.3.гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан;

82.1.4.тэтгэврийн харилцаанаас үүссэн маргаан;

82.1.5.тэтгэмжийн харилцаанаас үүссэн маргаан;

82.1.6.энэ хуулийн 74, 133 дугаар зүйл;

82.1.7.шүүх мөнгөн торгууль оногдуулахаар хуульд заасан;

82.1.8.бусад хуулиар шүүхэд харьяалуулсан хэрэг, эрх зүйн маргаан гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 8.1.2.-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр, 8.1.5.-т заасан гэм хор учруулахтай холбоотойгоос бусад хэрэг маргаанаас шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгчийн “гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоох” шаардлага бүхий маргаан нь шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул өргөдөлд дурдсан “…шүүгч Б.Номин шүүх хуралдааныг ганцаар даргалж, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож шүүх хуралдааныг эхэлсэн…” гэх гомдол үндэслэлгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Тус иргэний хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын ... дугаартай гэрээслэлээр “...иргэн Ж.Н нь Ү-... дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өөрт ногдох хувийг зээ охин О.Г-т гэрээсэлж, тус гэрээслэлийг нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Ж.Н 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэжээ.

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх гэрчилгээний дагуу улсын бүртгэлийн Ү-... дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоот, 23.1 м.кв талбайтай, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Ш.М, Ш.Э, Ш.Э, Ш.М нарын хамтран өмчлөгчтэй орон сууцны өвлүүлэгч Ж.Н-д оногдох 20 хувийг өвлөгч О.Г-т өвлүүлжээ.

Зохигчид дээрх үйл баримттай маргаагүй харин гэрээслэл хүчин төгөлдөр эсэх, тус гэрээслэлийг Ж.Н бичсэн эсэх, нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх асуудлаар маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр гар бичмэл бүхий гэрээслэл дээрх бичгийн хэв, гарын үсэг нь Ж.Н-ийнх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч ... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15/400 дүгээр албан бичгээр “...шинжилгээнд ирүүлсэн материал дутуу байгаа тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй...” гэх хариуг шүүхэд ирүүлжээ.

Үүний дагуу шүүгчийн туслах 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Н-ийн бичгийн хэвтэй холбоотой бичвэр нотлох баримт гаргаж өгөхийг мэдэгдэхэд хариуцагч Д.Г “Ж.Н-ийн бичгийн хэвтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. О.Г болон өмгөөлөгчтэй нь холбогдож мэдээлэл аваарай” гэх, хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “холбогдолтой бичиг баримт байхгүй. Гэрээслэлийг эх хувиар нь өгөх боломжгүй. Гэрээслэл нь эх хувираа ганцхан байгаа тул шилжүүлж гэрээслэлийг өгөх боломжгүй” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О “Манай ээж бичиж чадахгүй. Бичиж байсан бичвэр байхгүй. Манай ээж бичиж чаддаггүй байсан учраас наад гэрээслэл бичсэн бичвэрийг манай ээжийн бичвэр биш гэж үзэж байна. Аавын гар бичмэл нь олдсон. Тэрнээс ээжийн гар бичвэр ерөөсөө байхгүй” гэх хариуг тус тус  өгсөн талаар  тэмдэглэл үйлджээ.

Шинжилгээ хийхэд шаардлагатай баримтыг зохигч талууд гаргаж өгөөгүй, уг баримтыг хаанаас гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах боломжгүй юм.  

Түүнчлэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...ээжийн гарын үсэгтэй баримт байгаа гэсэн. 2014 оны 05 дугаар сарын 08-ны баримт дээр ээжийн гарын үсэг байсан” гэхэд даргалагчаас “нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг дэмжиж байна. Улсын бүртгэлээс гарын үсэгтэй баримт гаргуулъя гэж байна зөв үү” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О “тийм, зөв” гэжээ. Даргалагчаас “хүсэлтийн шаардлагаа тодорхойлно уу. Шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх үү эсхүл хүсэлтээ дэмжээд шинжээчийн дүгнэлтийг гаргая гэж байна уу” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О “шинжээчийн дүгнэлтээ болиод шүүх хуралдаанаа цааш үргэлжлүүлье” гэжээ. Иймд нэхэмжлэгчийг хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар шүүх хариуцагчийн хүсэлтээр Р.С, нэхэмжлэгч талын хүсэлтээр Г.А нараас гэрчээр мэдүүлэг авсан байх ба гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тодорхой дурджээ.

Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч чи өөрөө ээжийнхээ гарын үсгийг олоод ир гэж явуулсан. ...шүүгч ээжийн гарын үсэгтэй холбоотой бичиг хийж өгөөгүй. ...гэрчийн мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон...” гэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.4-т зааснаар зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох ба анхан шатны шүүх хуралдаан хуулийн Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдах учиртай.

            Шүүх хуралдааны  дуу-дүрсний бичлэгт:

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж, Ш.Э-ын нэхэмжлэлтэй, О.Г, Д.Г нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулаад, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны ирцийг илтгэе гэхэд /Бичлэгийн 0:00:01-0:00:10/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Ш.О, хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч Д.Г нар хүрэлцэн ирсэн байна гэв. /Бичлэгийн 0:00:20-0:00:48/

Даргалагчаас: Зохигчдын биеийн байцаалттай танилцаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэх, зохигчдод эрх, үүргийг дахин тайлбарлах шаардлагатай эсэхийг асууж тодруулан, хуралдаан эхлэхээс өмнө гаргах хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэхэд /Бичлэгийн 0:00:55-0:03:00/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Байна, Д.Г-с асуух асуулт байна. /Бичлэгийн 0:03:01-0:00:07/

Даргалагчаас: Санал юм уу хүсэлт юм уу. Юу тодруулах гэж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:03:08-0:03:13/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Д.Г-г Хууль зүй дотоод хэргийн яаманд нотариатын ёс зүйн хороогоор эгч бид хоёр оруулсан. Д.Г Хууль зүй дотоод хэргийн яаманд өөрөөр ярьсан. Өөрөө тэнд юу гэж ярьж байснаа санаж байна уу. Яагаад гэрээслэл бичихдээ бидэнд хэлээгүй юм бэ. Гэрээслэл бичүүлж байгаа өдөр яагаад бидэн рүү яриагүй вэ. О.Г-с асуугаад утасны дугаар аваад яагаад хэлээгүй юм бэ. /Бичлэгийн 0:03:14-0:03:56/

Даргалагчаас: Хүсэлт байна уу гэж асуусан. Хүсэлт гэдэг нь гэрч оролцуулах, шинжээч томилуулах өөр ямар нэгэн байдлаар нотлох баримт бүрдүүлэхээр гаргах хүсэлт байна уу, гаргаж өгөх нотлох баримт байна уу гэхэд /Бичлэгийн 0:03:57-0:04:10/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Үндэсний төв архиваас ээжийн бичгийг эх хувиар нь гаргах гэж байсан чинь манай аав гэхэд /Бичлэгийн 0:04:11-0:04:23/

Даргалагчаас: Хүсэлт, нотлох баримт байхгүй бол тайлбар гаргах үе шатанд тайлбараа гаргаад талууд мэтгэлцэнэ гэв. /Бичлэгийн 0:04:24-0:04:28/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тэгээд ээжийн бичгийг авахаар хүсэлт гаргахад шүүхээс бичиг ирвэл Дарханы үл хөдлөх газар, иргэний мэдээллийн хэлтсийн газраас ээжийн чинь бичгийг гаргаж өгье гэсэн. Шүүхээс бичиг ирээгүй. Би нарийн бичгийн дарга руу ярьсан гэхэд /Бичлэгийн 0:04:28-0:04:56/

Даргалагчаас: Та одоо нотлох баримт гаргуулъя гэж байна уу. Та тодорхой тайлбарлаад ярь даа гэхэд /Бичлэгийн 0:04:57-0:05:02/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Ээжийн гарын үсэг нь үл хөдлөх газар, иргэний мэдээллийн төв газарт миний ээжийн гарын үсэг байгаа. Манай ээж гарын үсгээ зурж авч байсан болохоор байгаа гэв. /Бичлэгийн 0:05:03-0:05:13/

Даргалагчаас: Юун гарын үсэгтэй баримт билээ гэхэд /Бичлэгийн 0:05:14-0:05:15/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Үл хөдлөх эд хөрөнгө дээр байгаа гэв. /Бичлэгийн 0:05:16-0:05:20/

Даргалагчаас: Танай зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Шинжилгээ хийхэд баримт дутуу байна гээд буцаасан. Шинжээч томилсон шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй гэх хариу ирсэн. Энэ хүсэлтээ дэмжиж байна уу дэмжихгүй байна уу. Танай зүгээс баримтаа гаргаж өгөөгүй гэх агуулгаар шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Ж.Н-ийн гарын үсэгтэй баримт хангалттай байхгүй байна гэсэн гэхэд /Бичлэгийн 0:05:21-0:05:50/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Би 2-3 удаа ... үл хөдлөх газар очиход шүүхийн бичиг гээд нэхээд салахгүй байсан. Ээжийн чинь гарын үсэг байна. Шүүхийн бичиг гэсэн учраас нарийн бичгийн дарга руу ярьсан гэхэд /Бичлэгийн 0:05:51-0:06:09/

Даргалагчаас: Шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж байна уу дэмжихгүй байна уу. Хуралдааныг цааш үргэлжлүүлэх юм уу. Үүнийгээ тодруул даа. Шүүх нэгэнт хүсэлтийг хангасан. Шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй байна гэх тайлбар ирсэн гэхэд /Бичлэгийн 0:06:10-0:06:22/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Архив руу яагаад ийм бичиг авах гэж байгаа гэдгээ явуулаагүй юм бэ гэхэд /Бичлэгийн 0:06:22-0:06:30/

Даргалагчаас: Архив руу юу гэж явуулах вэ дээ. Архив руу явуулахгүй. Шүүх хамаагүй гарын үсэг зураад та бүхний өмнөөс нотлох баримт бүрдүүлэхгүй. Та бүхэн өөрсдөдөө байсан баримтаа шүүх шинжилгээнд авч ирж өгөх ёстой байсан тийм ээ гэхэд /Бичлэгийн 0:06:31-0:06:44/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тийм, явсан гол нь шүүхийн бичиг гээд гаргаж өгөөгүй гэв. /Бичлэгийн 0:06:45-0:06:47/

Даргалагчаас: Одоо энэ хүсэлтээ дэмжиж байгаа юу дэмжихгүй байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:06:47-0:06:49/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Шүүхийн бичиг гээд тэр 2 газар гаргаж өгөөгүй. Юунд хэрэглэх гэж байгаа юм гэж асуухаар нь шүүхэд ээжийн гарын үсэг хэрэг болоод байна шалгуулах гэсэн юм гэхэд яагаад гэхээр нь үнэнээ л хэлсэн. Шүүхийн бичигтэй ирвэл ээжийн чинь гарын үсгийг гаргаж өгье гэсэн. 2-3 удаа явсан. Нарийн бичгийн даргад энэ талаар хэлсэн. Ээжийн гарын үсэг байна гэж хэлсэн. Нарийн бичгийн даргаас гуйхад бичиг гаргаж өгөөгүй гэв. /Бичлэгийн 0:06:50-0:07:51/

Даргалагчаас: Одоо ямар санал, хүсэлтэй байна вэ. Шинжилгээ хийлгэх хүсэлтээ дэмжиж байна уу үгүй юу гэхэд /Бичлэгийн 0:07:51-0:07:59/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Наадахыг чинь дэмжмээр байна. Манай ээжийн бичиг, гарын үсэг биш гэв. /Бичлэгийн 0:08:00-0:08:13/

Даргалагчаас: Гарын үсэгтэй ямар ямар баримтууд байгаа вэ. Хэдэн оны баримтууд вэ гэхэд /Бичлэгийн 0:08:14-0:08:18/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тэнд болохоор юу гэхэд /Бичлэгийн 0:08:19-0:08:21/

Даргалагчаас: Шинжээч ямар ямар баримт авч ир гэсэн. Тийм хэмжээний баримт байгаа юу байхгүй юу. Танай зүгээс бүрдүүлэх боломжтой юу эсхүл боломжгүй байгаа юм уу. Шүүх хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрдүүлэхээс биш хаана ямар гарын үсэг байна гэж мэдэж ямар захирамж шийдвэр явуулах вэ гэхэд /Бичлэгийн 0:08:21-0:08:38/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Би хэлсэн. Үл хөдлөх газарт хэлсэн гэхэд /Бичлэгийн 0:08:39-0:08:45/

Даргалагчаас: Үл хөдлөх хөрөнгийн газарт хэдэн оны ямар ямар баримт гаргуулъя гэж байгаа вэ түүнийгээ тодорхой хэлье гэхэд /Бичлэгийн 0:08:46-0:08:50/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Ээжийг дагуулж очиж байсан. Энэ дэвтрийг үрэгдүүлж гээсэн гэж О.Г худлаа ярьж үл хөдлөхийн ягаан хавтас авсан. Түүнд ээжийн гарын үсэг байна лээ гэв. /Бичлэгийн 0:08:51-0:09:16/

Даргалагчаас: Та баримтыг нь харсан уу гэхэд /Бичлэгийн 0:09:17/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Харсан, 2014 оных ээжийн гарын үсэг байсан. Энэ надад хийж өгсөн хуулбар нь байна. Би хэл ам хийж хуулбарлаж авсан. Эх хувь нь энд байхад яагаад үрэгдүүлсэн гэж худлаа ярьсан гэв. /Бичлэгийн 0:09:17-0:09:56/

Даргалагчаас: Хариуцагч нарт санал хүсэлт тайлбар байна уу. Шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж байгаа юм байна. Улсын бүртгэлийн газраас гарын үсэг зурсан баримтуудыг гаргуулъя гэж байгаа юм байна гэхэд /Бичлэгийн 0:09:57-0:10:10/

Хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлтүүд нь ямар ч утга агуулгагүй, хэрэгт хамаараалгүй, нарийн сайн тайлбарласангүй. Бас ойлгосонгүй. Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу дээрх хүсэлтүүд нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байна. Энэ хүсэлтүүдийг өмнө гаргаагүй байж одоо яагаад гаргаж байгаа вэ тодорхой тайлбар алга. Хэрэгт ямар ач холбогдолтой талаар бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбар алга байна. Шинжээчийн албан бичиг ирсэн байна. Тиймээс шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх байр суурьтай байна гэв. /Бичлэгийн 0:10:12-0:11:06/

Даргалагчаас: Хариуцагч Д.Г-д шинээр гаргах санал хүсэлт, тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:11:07-0:11:10/

Хариуцагч Д.Г: Санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна. Өмнөх шүүх хуралдаан дээр гарын үсэг дээр шинжээч томилуулахаар шүүгчийн захирамж гарсан. Гэвч нэхэмжлэгч хүсэлт гаргасан этгээд өөрсдөө талийгаачийн гарын үсгийн баримтыг гаргаж өгнө гэдэг үндэслэлээр гаргасан. Одоо улсын бүртгэлийн хэлтэст ээжтэй холбоотой гарын үсэг байгаа гэсэн боловч ямар баримт дээр ямар гарын үсэг байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Гэрээслэл хүлээн авагч өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд улсын бүртгэлд бүрдүүлэх гэсэн боловч энэ маргаан шүүхээр гэрээслэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан юм. Хууль зүйн яамаар дамжуулаад надад удаа дараа буюу 4 удаа гомдол гаргасан. Тэгээд эцсийн удаа шүүхээр шийдвэрлэх гэж байна. Улсын бүртгэлийн газарт талийгаач Ж.Н-ийн эх гарын үсэг байгаа гээд байгаа боловч нэхэмжлэгч тал үүнийгээ нотлохгүй байна. Байгаа үгүйг мэдэхгүй байж тэнд байгаа гарын үсгийг шинжлүүлье гэж байна. Хүсэлтүүд нь хууль зүйн хувьд тодорхой биш байгаа учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэв. /Бичлэгийн 0:11:11-0:12:18/

Даргалагчаас: Нэхэмжлэгч нараас хүсэлттэйгээ холбогдуулан нэмэлт тайлбар байна уу. Хүсэлтээ тодорхойлоорой. Шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж байна уу үгүй юу гэхэд /Бичлэгийн 0:12:22-0:12:34/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Хүсэлтээ больё. Хэл ам хийгээд байна. Манай ээж 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ийм хавтастай хэрэг авсан гарын үсэг нь байгаа гээд байхад яагаад ойлгохгүй байгаа юм. Яагаад тойруулсан юм яриад байгаа юм. Хэн билээ чи гэхэд /Бичлэгийн 0:12:35-0:12:58/

Даргалагчаас: Ойлгож байгаа, одоо хүсэлтээ тодорхой болгоод шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж байна уу дэмжихгүй байна уу. Хуралдааныг цааш үргэлжлүүлэх үү гэхэд /Бичлэгийн 0:12:48-0:13:00/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Энийг хаячихъя. Миний ээж хэзээ ч тэгж бичиж чадахгүй. 35 үсгээ сайн мэдэхгүй гэв. /Бичлэгийн 0:12:59-0:13:15/

Даргалагчаас: Нэхэмжлэгч нараас шинжээчээ болиод хуралдааныг цааш үргэлжлүүлье гэж байна гэж ойлголоо зөв үү гэхэд /Бичлэгийн 0:13:16-0:13:21/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тэгье гэв. /Бичлэгийн 0:13:19/

Даргалагчаас: Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхэлснийг мэдэгдэж, шүүх хуралдааны дарааллыг тогтоож, дараалалтай холбоотой талуудад санал хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулав. /Бичлэгийн 0:13:23-0:14:18/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Болно, О.Г ингэж заваарсан юм хийгээд гэхэд /Бичлэгийн 0:14:19-0:14:23/

Даргалагчаас: Тайлбараа дараа нь бол хариуцагч нарт санал хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 0:14:23-0:14:28/

Хариуцагч тал: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:14:29/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өнөөдрийн шүүх хуралдаан Монгол улсын нэрийн өмнөөс явагдаж байгаа тэгэхээр та бүхэн хуралдаан даргалагчийн дэгд захирагдах үүрэгтэй. Иргэний хэргийн шүүх нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ шүү дээ. Аль аль тал нь тайлбар гаргах тэгш эрх эдэлнэ. Тайлбар гаргах үе шатанд тайлбараа гаргаад явна шүү за юу. Та хоёрын хэн нь нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг тайлбарлаж ярих вэ. Шүүхэд ямар учраас нэхэмжлэл гаргаж байгаа, юу шаардаж байгаагаа тодорхой тайлбарлаж яриарай гэв. /Бичлэгийн 0:14:31-0:15:05/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Манай дүү Ш.Э өвлөж авах ёстой. Энэ хүн одоо хэцүү амьдралтай байна. Манай бага дүү эхнэрээсээ салаад хүрээд ирсэн. Би хоёр дүүгээ хамгаалаад энд байна. Би энд шилжиж ирсэн ч болно. Ер нь бид Ш.Э-ын нэр дээр л өвлүүлж өг. Ш.Э дүү маань л авах ёстой. Та нар дээрэмдээд орон байрыг нь эзэгнээд өөрийгөө, төрсөн үр хүүхдээ авч явж чадахгүй байж гэхэд /Бичлэгийн 0:15:07-0:16:00/

Даргалагчаас: Ямар хаяг байгаа ямар байр билээ тодорхой яриарай. Та тодорхой ярихгүй бол энд байгаа хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр та эмоцио дараад асуудлаа ойлгомжтой тодорхой яриарай. Ямар байр юм яагаад энэ байрыг шаардаж байгаа талаар тодорхой яриарай гэв. /Бичлэгийн 0:16:00-0:16:23/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: ... аймгийн ... сум, ... баг, ... тоот байранд амьдардаг. Одоо О.Г нөхөр хүүхэдтэйгээ миний хоёр ахтай хамт амьдарч байна. Ш.Э эхнэрээсээ салаад ирсэн. Одоо тэнд амьдарна гэхээр хэцүү байна. О.Г нотариат орж ийм заваан зүйл хийгээгүй байсан бол Ш.Э байраа аваад бид инээлдээд хөөрөлдөөд сууж байх ёстой. Одоо бол хөл гар өвдөөд хэцүү байна ш дээ гэхэд /Бичлэгийн 0:16:23-0:17:17/

Даргалагчаас: ... аймгийн ... сум, ... баг, ... тоот, 2 өрөө орон сууцнаас талийгаач ээж Ж.Н-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох гэж байгаа юм байна. Нэхэмжлэлийн шаардлага нь зөв үү гэхэд /Бичлэгийн 0:17:17-0:17:28/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Мөн гэв. /Бичлэгийн 0:17:28/

Даргалагчаас: Мөн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1 тоот гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, ... тоот орон сууцны талийгаач ээж Ж.Н-ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Зөв үү. Үүнийгээ дэмжиж байна уу гэхэд /Бичлэгийн 0:17:29-0:17:52/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Зөв, дэмжиж байна гэв. /Бичлэгийн 0:17:53/

Даргалагчаас: Өөр нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:17:54-0:17:56/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: О.Г-г хүүхдүүдтэй нь дээрх байрнаас явуулмаар байна. Хүн бодох ёстой ш дээ. 45 настай хүн яасан ухаан суудаггүй юм. /Бичлэгийн 0:17:57-0:18:12/

Даргалагчаас: Ямар учраас ийм шаардлага гаргаж байгаа билээ. Яагаад та бүхэн үүнийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа вэ. Гол үндэслэлээ тайлбарлана уу гэхэд /Бичлэгийн 0:18:13-0:18:20/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Би энэ айлын хамгийн том охин нь юм. Ах, дүү, нараа хажуудаа аваад би байрандаа эрх чөлөөтэй амьдармаар байна. О.Г-н хүүхдүүд оччихоод шавааралдаад байна. Олуулаа байна. О.Г-н хүүхдүүд нь яагаад тусдаа амьдарч болохгүй гэж. Хүүхдүүд нь эхнэр, нөхөртэй болоод хүүхэдтэй болсон. Нөхөр хүүхдээ аваад тусдаа амьдрах хэрэгтэй ш дээ. Бидний хажууд байгаад өг гэж хэлээгүй. О.Г-г энэ байрыг суллаж өгөөч ээ гэж хэлмээр байна. ...Эцсийн эцэст би дүү нараа орон гэртэй байлгамаар байна. Уг байрыг чөлөөлж өгөөч. Муугаар бодоход Г авчихлаа гэж бодоход миний хоёр дүүг байрнаас нь хөөгөөд явуулчихвал яах юм. Одоо орон байрыг нь зарах гэж байна. Энэ байр миний аав, ээжээс үлдсэн ганц хөрөнгө, гал голомт юм. Хүний хүнд байраа өгөхгүй. Байраа өгөхгүй би. Өөрийнх нь ээж нь хотод байгаа. Ээж дээр нь очиход Г намайг асрахгүй байна гээд уйлаад сууж байсан гэхэд /Бичлэгийн 0:18:21-0:21:15/

Даргалагчаас: Гол зүйлээ ярина шүү. Та болсон уу гэхэд /Бичлэгийн 0:21:16-0:21:19/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Эх дээрээ очоод эхийгээ асраг. Өөрөө мэдэг би эрхэнд нь оролцохгүй гол нь уг байрыг суллаж өгөөд би хоёр ах дүү нартайгаа цуг чөлөөтэй амьдармаар байна. Хоёр ахыгаа асармаар байна. Э хотын хүнтэй суугаад хөөгдөөд хүрээд ирсэн. Дарханд байгаа гэхэд /Бичлэгийн 0:21:20-0:21:48/

Даргалагчаас: Давхардуулж ярихгүй ээ. Нэг өгүүлбэрээ хэд хэд давтаж байна. Тэр шаардлагагүй. Хариуцагч талаас гэхэд /Бичлэгийн 0:21:48-0:21:54/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Р.А гэрчээр орсон ш дээ. Хэрэг болно бид нарт гэрч байхгүй юу тэр чинь О.Г үгүйсгэсэн гэрч гэх юм уу гэж юу гэсэн үг юм. Тэгж хэлж болдог юм уу. Эцсийн эцэст сонин зантай та нар. Д.Г юу гэлээ танд тухайн үед ирээд хэлэхгүй нотариатаар батлуулсан байна гэсэн. Ээж тэгэхэд амьд байсан үхсэн хойно нь гэрээслэлийг задална гэсэн чинь юу гэсэн үг юм. Хүн амьд байхад би таягтай ээжийг тэргэн дээр суулгаад нотариатын гадаа ирж уулзахад Д.Г хөөгөөд зайл гэсэн. Чамд тухайн үед хэлэхгүй яасан юм гэсэн. Тухайн үед О.Г нь юм уу Д.Г нь орон байрыг нотариат ороод байх шаардлага байдаг ч юм уу үүнийг хэрэгсэхгүй болгоно. ...ах дүү нар ээж аав нь тойрч суугаад хэнд нь өгөхөө ярьдаг гэтэл Д.Г дураараа шийдсэн. Бид нар тэгж болно. Бид нар тойроод ярьж болно. Яагаад тэгж чадаагүй юм. Д.Г хэлэх хэрэгтэй ш дээ. Хүүхэд байдаг юм уу хүүхэд рүүгээ ярь тэгж байж шийднэ би ганцаараа шийдэхгүй гэх байсан. Орон байр, үндсэн хөрөнгө гал голомттой том хэрэгт Д.Г гоомой хандсан. Гэрээслэлийг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй. Хэрэгсэхгүй болгож Э-ын нэр дээр болгож өгнө үү гэж танаас гуйж байна. Өөр хэлэх юм алгаа гэв. /Бичлэгийн 0:21:55-0:24:04/

Даргалагчаас: Ш.О-т нэмж хэлэх зүйл байна уу. Саяны ярьсан дээр нэмэлт тайлбар хэлж болно. Давхцуулах шаардлагагүй шүү гэхэд /Бичлэгийн 0:24:07-0:24:14/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Би аав ээжийгээ амьд сэрүүн байхад нь түшсэн. Аав, ээжийгээ алдахад би хажууд нь байсан. О.Г ээжийн бие муу байхад, эмнэлэгт хэвтэхэд нь бидэнд дуулгадаггүй. Намайг Дарханд ирэхээр зодоод хөөгөөд явуулчихдаг. Миний ээжийн сүүж нь цоорсон байсан. Ш.М ах гэртээ байхгүй. О.Г түрээсийн байранд амьдардаг. Сүүж нь цоорсон байхад би 14 хоног ээжийгээ эмчлүүлээд асарч байсан. Би хот руу буцах гэхэд ээж би чамтай хамт явна гэсэн. Та хот руу явж чадах юм уу гэхэд би чадна О.Г намайг асарч чадахгүй байна. Сүүж цоорсон байхад чи намайг эмчлээд босгочихлоо би чамайг дагаад явна гэж хэлж байсан. Би нөхрийгөө дуудаад аваад явсан. Би ээжийг Сонгдо эмнэлэгт үзүүлэхэд нойр булчирхайн хоргүй хавдар байна гээд хагалгаанд ороод миний ээж амьдарсан. Ээж, цусан төрөлтэй минь уулзуулахгүй. Одоо би хоёр ахтайгаа, дүүтэйгээ уулзаж чадахгүй явж л байна. Миний аав маань ах, дүү нар гал голомтоо харж хандаарай гэж захиж байсан. Ээжийг эмнэлэгт үзүүлэхээр эрүүл мэндийн дэвтэр, карт, иргэний үнэмлэх нь байхгүй. О.Г, н.Х хоёр араас өгөөгүй. Хэвтүүлэх гээд байдаг эрүүл мэндийн дэвтэр, картыг нэхдэг надад байхгүй юм чинь би яах юм бэ гэж хэлсэн. Миний ээж О.Г рүү яриад эрүүл мэндийн дэвтэр, карт, иргэний үнэмлэхийг явуулаач гэхэд явуулаагүй гэхэд /Бичлэгийн 0:24:15-0:27:47/

Даргалагчаас: Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө нэхэмжлэлийн хоёр шаардлагынхаа хүрээнд яриарай. Гэрээслэл хүчингүй болгох гэж байгаа шаардлага, хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд ярья. Хавь ойрын зүйлсийг хамж яриад байвал энэ хуралдаан чинь мөд дуусахгүй тийм ээ. Гол юмаа яръя гэхэд /Бичлэгийн 0:27:48-0:28:05/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Гал голомтоо авч үлдмээр байна. Дээрх хаяг дээр байгаа байрыг Ш.Э-ын нэр дээр болгомоор байна. Би дүү нартайгаа, эгчтэйгээ хамт амьдармаар байна. ...О.Г энэ байрнаас явах ёстой. Өсгөөд том болголоо ш дээ. Аав маань гал голомтоо хэзээ ч  үгүй хийгээрээ байраа авч үлдээрэй гэж захисан. Ээж хүртэл захисан. Ээж аавынхаа захиасыг биелүүлмээр байна. Эгч, ах, дүү нартайгаа нэг гэрт амьдармаар байна. Гал голомт, ах, дүү нараа харж хандаарай гэж надад захиас үлдээгээд явсан. ... тоотыг манай Ш.Э-ын нэр дээр болгож өгөөд гэрээслэлийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв. /Бичлэгийн 0:28:05-0:29:37/

Даргалагчаас: Хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсъё. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу зөвшөөрөхгүй байна уу гэхэд /Бичлэгийн 0:29:38-0:29:44/

Хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар нь ойлгомжгүй байгаад байна. Ямар хууль, журмыг зөрчсөн учраас хүчингүй болгуулъя гэж байгаа вэ? Энэ нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нарын тайлбараас сонсоход хувийн таарамжгүй харилцааны улмаас гомдсон гомдлоо яриад байна гэж харж байна. О.Г бол энэ дүү нар гэж яриад байгаа хүмүүсийн хууль ёсны асран хамгаалагч нь юм. Дүү нартайгаа амьдармаар гэсэн хэр нь яагаад асрамжийн талаар маргахгүй байна вэ. О.Г-ийн байрнаасаа гаргая, байраа авъя гэж шаардлага гаргаад байгааг ойлгохгүй байна. О.Г-т Ж.Н гэдэг хүн хувийн өмчийнхөө 20 хувийг шилжүүлсэн байдаг. Энэ талаар буруу ойлголттой байна. Шүүх хуралдаанаар гэрээслэлийг хүчингүй болгуулъя гээд хувийн сэдлээр хандаж байна гэж бодож байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна. Д.Г нотариатчийн гэрчилгээг хүчингүй болгох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй байна. Д.Г нотариатын хувьд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа шударга, сайн хуульч хүн гэж хардаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв. /Бичлэгийн 0:29:45-0:31:40/

Даргалагчаас: Хариуцагч Д.Г тайлбараа хэлье гэхэд /Бичлэгийн 0:31:41-0:31:45/

Хариуцагч Д.Г: Энэ маргаан олон жил болж байна. Одоо би бараг цээжээрээ ярихад ч болохоор болжээ. 2015 онд гэрээслэгч Ж.Н манай ажил дээр ирсэн. ... аймгийн ... сум ... баг ... хороолол ... тоот 2 өрөө байрыг өмчилдөг. Энэ байрны хувьд Ж.Н, Ш.М гэсэн 5 өмчлөгчтэй байсан. 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Ү-... гэсэн дугаар бүхий улсын бүртгэлийн ягаан гэрчилгээтэй орон сууц байсан. Норовсүрэн гуай нь би өөрт ногдох хувиа зээ охин О.Г-т өв залгамжлуулахыг хүсэж байна гэх хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйл, 526 дугаар зүйлийг үндэслээд Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэрээслэлийг ямар бичиг баримт бүрдүүлж гэрээслэх талаар өөрт нь зөвлөөд холбогдох бичиг баримтыг авч ирэхийг даалгасан. Тухайн хүн нь гэрээслэл гэрчлүүлэхэд ухаан санаа эрүүл гэх эмчийн бичиг байх шаардлагатай, тухайн эд хөрөнгийг өөрөө өмчилдгийг нотолсон бичиг баримт байна. Тухайн үед гэрээсэлж байгаа эд хөрөнгийг ямар байдалтай хаана байрладаг гэх фото зураг, гараараа өөрөө бичсэн гэрээслэл байх ёстой. Гэрээслэлийн агуулгад өөрийнхөө ногдох хувийг ямар үндэслэлээр өгч байгаа талаар бичиж ирээрэй гээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бид хоёр гэрээсэлсэн. Тухайн үед миний санаж байгаагаар Ж.Н гуай эрүүл саруул ухаантай, ягаан үстэй дээлтэй эмээ ирсэн. Холбогдох бичиг баримттайгаа ирээд бид хоёр уулзсан. Ямар учраас зээ охиндоо гэрээсэлж байгааг асуусан. Тэгэхэд би олон хүүхэдтэй хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүмүүсийг О.Г дээр асран хамгаалагчаар тогтоосон захирамж байдаг юм. Намайг асраад, энэ хүмүүсийг ач охин маань л өдий зэрэгтээ хүргэсэн болохоор намайг өнгөрсөн хойно энэ зээ охин маань энэ хүмүүсийг асран хамгаалаад явна. Зөвхөн өөрт ногдох хувийг гэрээсэлж байгаа юмаа гэдгийг ярилцсан. Нотариатын тэмдэглэл, бүх фото зураг байгаа. Гэрээслэгч нас барсан байдаг. Гэрээслэлийг хоёр хувь үйлддэг. Нэг нь талийгаач Н-д хүлээлгэж өгөөд нэг нь эх хувиараа нотариатын танхимд хадгалагддаг. Яагаад наана нь бид нарт хэлээгүй вэ гэх асуудлыг яриад байна. Хуульд гэрээслэгч нь нас барснаар гэрээслэл зарлагддаг. Тухайн үед 2015 онд гэрээсэлсэн гэрээслэлийг хэн нэгэнд мэдэгдэх боломж байхгүй. Улсын бүртгэлийн хэлтэс дээр миний албан тоот гэрээслэлтэй байгаа шүү гэх тэмдэглэгээг хийдэг. Маргаан бол талийгаачийг нас барснаар гэрээслэлийг задалснаас үүссэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт удаа дараа гомдлыг гаргасан. Хууль зүйн дотоод хэргийн яам гомдлыг яагаад шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн бэ гэхээр тухайн гэрээслэлийг нотариат хууль бусаар гэрчилсэн тохиолдолд маргааны шийддэг. Гэтэл та нарын маргаан бол үл хөдлөх эд хөрөнгө дээр маргаантай байгаа учраас шүүх шийдвэрлэнэ гэх зүйлийг хэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бид нар дээр байхад яагаад өөр гэрчилгээ гарч ирээд гэрээслэгчийг гэрчилчхэв гэх асуудал дээр мөн маргадаг. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой маргаан байсан. Энэ нь улсын бүртгэгч Г-тай холбоотой маргаан байсан учраас цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг гомдлоо гаргасан. Мөрдөн байцаах тасаг хэлэлцээд нотариаттай холбоотой биш учраас энэ хэрэг маргаан хаагдаад явсан байдаг. Өнөөдрийн хувьд нэхэмжлэгчийн яриад байгаа Иргэний хууль, Нотариатын тухай хуулиудыг зөрчөөд хууль бусаар гэрчилсэн гэдэг талаар тайлбар байхгүй байна. Өвлөгч нарын хооронд аав, ээжийнхээ гал голомтод амьдарна гээд байгаа боловч гэрээслэлтэй холбоотой хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй. Хариуцагч миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нотариатчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:31:47-0:38:57/

Даргалагчаас: Дарааллын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалъя. Тухайлан судлуулах баримт байвал талууд дурдаад яваарай гээд нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэгч талаас хариуцагчаас асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:38:58-0:47:16/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя. Буруу яриад байх юм. Юу мэддэг юм энэ. Бидний ярьсан яриаг яагаад ойлгодоггүй юм гэхэд /Бичлэгийн 0:47:21-0:47:25/

Даргалагчаас: Та асуултаа л асуучих. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс юу асуух гэж байгаа вэ. Юу тодруулах гэж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:47:25-0:47:33/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Д.Г нотариатын юмаа бүрдүүлсэн. Та нар миний ээжийн толгойг нь эргүүлээд 80 гарсан хүнийг яахнав дээ та нар... гэхэд /Бичлэгийн 0:47:33-0:47:56/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө асуулт байна уу. Та асуулт гэж мэдэх үү. Асууж тодруулах зүйл байна уу /Бичлэгийн 0:47:51-0:47:56/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Б.А буруу яриад байх юм. Бид хууль мэдэхгүй байж болно. Б.А хууль мэддэг байж болно. Хүний ярьсан юм яагаад ойлгодоггүй юм. Ойлгомжгүй зүйл яриад байна гэж бид нарыг доромжлоод байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:47:56-0:48:13/

Даргалагчаас: Асуулт байна уу. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О-т асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:48:13-0:48:16/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Д.Г-с асуумаар байна. Хууль зүй дотоод хэргийн яаманд тухайн үед байрны талаар яриагүй гэхэд /Бичлэгийн 0:48:18-0:48:34/

Даргалагчаас: Хууль зүй дотоод хэргийн яаманд юу гэж ярьснаа тодорхой тайлбарлаач гэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:48:34-0:48:39/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тийм, байрны талаар яриагүй гэв. /Бичлэгийн 0:48:40-0:48:43/

Даргалагчаас: Юуны талаар ярьсныг нь та тодруулах гээд байна уу гэхэд /Бичлэгийн 0:48:44-0:48:46/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тийм гэв. /Бичлэгийн 0:48:47/

Даргалагчаас: Байрны талаар та яриагүй ээ. Юуны талаар ярьсныг тодруулах гээд байгаа гэхэд /Бичлэгийн 0:48:48-0:48:52/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Тийм, юуны талаар ярилаа Д.Г тэрийг нь сонсъё гэв. /Бичлэгийн 0:48:52-0:48:58/

Даргалагчаас: Хэдэн сарын хэдний өдрийн хаана болсон үйл явдлын юуг нь тодруулах гэж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:48:49-0:49:02/

Хариуцагч Д.Г: Хууль зүй дотоод хэргийн сайд дээр нотариатын гэрээслэлтэй холбоотой гомдол гаргасан. Нотариатын танхим анх энэ гомдлыг манай хэлэлцэх асуудал биш гээд буцаасан. Дахин гомдол гаргасан. Гэрээслэлийг гэрчилсэн нотариатыг оролцуулъя гэдэг хүсэлтээр Хууль зүй дотоод хэргийн яаманд байрлах Монголын нотариатын танхимын сахилгын зөвлөлийн хуралд өөрийн биеэр оролцсон. Тухайн үед энэ гэрээслэлтэй холбоотой ямар гэрээслэлийг баталсан, тухайн үед хууль бус асуудал болсон юм уу гэдгийг асууж тодруулахад би хуулийн дагуу гэрээслэл хийсэн талаар тайлбар гаргасан. Гомдол гаргагч нар үл хөдлөх эд хөрөнгөтэй маргаж байна гэдэг үндэслэлээр бидний шийдвэрлэх асуудал биш уг өмчлөлтэй холбоотой маргааныг шүүх шийднэ гээд гомдлыг хэрэгсэхгүй болгосон байгаа гэв. /Бичлэгийн 0:49:02-0:50:16/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Би Д.Г-г Хууль зүйн яаманд юу гэж хэлснийг нь хэлье. Ахмад ажилтны мөнгө, тэтгэврийн 20 хувийг гэрээсэлсэн гэж бичсэн байгаа. Хоёрт байрны талаар гэрээслэл байхгүй гэж өөрөө хэлсэн. Ээжийг амьд байхад яагаад гэрээслэлийг хүчингүй болгож чадаагүй юм бэ. Үхсэн хойно нь гэрээслэл задарна гэж хэлж байгаа юм бэ. Камер байгаа камерт бичигдсэн байгаа, хэн гэрээслэл бичсэн нь бичигдсэн байгаа гэсэн. Тэгээд яагаад камер нь харагдахгүй байгаа юм. Би тэрийг харна. Хэн бичсэнийг хармаар байна. Миний ээж бичиг мэдэхгүй гэв. /Бичлэгийн 0:50:20-0:51:08/

Даргалагчаас: Тийм зүйл байна уу хариуцагчаа гэхэд /Бичлэгийн 0:51:09-0:51:12/

Хариуцагч Д.Г: Тухайн үед камер манай өрөөнд байгаагүй. Яагаад гэхээр гэрээслэл хуулиараа нууцын зэрэглэлтэй гэрчлэгддэг. Гэрээслэгч, нотариатч хоёр байлцаж тухайн гэрээслэлийг үйлдсэн. Холбогдох бичиг баримтыг аваад хуулийн шаардлага хангасан учраас тухайн гэрээслэлийг бүртгэсэн. Хууль зүйн яамны асуудал нь гэрээслэлийг өөрчилье гэх хүсэлт гаргасан гэж яриад байдаг. Тухайн үед манайд гэрээслэлийг хүчингүй болгуулах, өөрчлүүлэх хүсэлтийг хуульд зааснаар гэрээслэгч өөрөө гаргах эрхтэй. Тухайн үед амьд сэрүүн байхдаа гэрээслэлийг өөрчилье, хүчингүй болгуулъя гэх хүсэлтийг гаргаагүй гэв.  /Бичлэгийн 0:51:13-0:51:54/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Би нэг юм хэлж болох уу гэхэд /Бичлэгийн 0:51:54-:0:51:56/

Даргалагчаас: Тайлбар юм уу. Тайлбараа дараа нь болъё. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:51:57-0:52:04/

Хариуцагч нар: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:52:05/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:52:07-0:52:10/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: ...Хүний орон байр, гэр орон за юу. Э-ын нэрэн дээр болгож өг. Энэ байранд хүмүүс амьдарч байна. Гэрээслэл нууцын зэрэгтэй хийдэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ яагаад ч нууцын зэрэгт орохгүй. Би өмгөөлөгчөөс асуусан. Нотариат мөн юм уу биш юм уу. Д.Г яагаад бид нарт мэдэгдээгүй вэ гэв. /Бичлэгийн 0:52:11-0:53:51/

Даргалагчаас: Нэг ярьсан зүйлээ дахин дахин битгий давтаарай гэв. /Бичлэгийн 0:53:00-0:53:10/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нэмэлт тайлбараа хэлье гэхэд /Бичлэгийн 0:53:52-0:53:54/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Ш.Э-ын нэр дээр болгоё. Миний бодлоор энэ гурав байрыг зараад мөнгийг нь хувааж авна мэдэж байна. Миний 2 ахын тэтгэврийн зээлийг аваад охин нь Солонгос явсан байсан. Байрыг зарах гээд байгаа юм болов уу гэж хардаж байна. Гэхдээ байрыг заруулахгүй. Та нар байраа зарвал би худалдаж авна шүү гэж О.Г-ийн хүргэн нь тэгж хэлсэн. Тэгж болохгүй. Аав ээжийн захиасыг бид биелүүлэх ёстой. Энэ гурван хүн байр зараад мөнгийг нь үрэх гээд байгаа юм болов уу гэх миний хар ухаан байна. Байрыг зарахгүй. Д.Г үхсэн хойно нь гэрээслэлийг задална гэсэн нь хамгийн буруу. Миний ээж уйлж байсан. Нулимс гаргасан. Бид О.Г-т гомдолтой явдаг. Д.Г, О.Г нарт эрүү үүсгээд Цагдаагийн газар хандана гэв. /Бичлэгийн 0:53:54-0:55:40/

Даргалагчаас: Хариуцагч нар тайлбараа гаргаад өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг сонсъё гэв. /Бичлэгийн 0:55:41-0:55:45/

Хариуцагч О.Г: Тайлбар байхгүй гэв. /Бичлэгийн 0:55:49-0:55:50/

Даргалагчаас: Хариуцагч Д.Г-д тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:55:51-0:55:52/

Хариуцагч Д.Г: Гэрээслэл, өв залгамжлах үйлдэл нь хоёр өөр асуудал. Гэрээслэл нууцын зэрэгтэй явдаг. Өвлөх гэрчилгээтэй холбоотой хэрвээ
талийгаач гэрээслээгүй, талийгаачийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө байсан бол бүх хүүхдэд нь мэдэгдэж, татгалзлыг нь авна эсхүл талийгаачийн ногдох хувийг хүүхдүүд нь өвлүүлэх эрх нотариатчид байгаа. Энэ үйлдлийн хувьд гэрээслэлд өвлөгч нарт мэдэгдэх, дуудах үүрэг хуулиар байхгүй гэв. /Бичлэгийн 0:55:53-0:56:31/

Даргалагчаас: Өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонсъё гэхэд /Бичлэгийн 0:56:32-0:56:36/

Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол хангагдах хууль зүйн үндэслэл алга. Гэрээслэлийг өөрчлөх, цуцлах зохицуулалт Иргэний хуулийн 525 дугаар зүйлд тусгасан байгаа. Нэхэмжлэгч талын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаад байгаа зүйлүүд нь хоорондоо утга агуулгын зөрүүтэй байна. Гэрээслэл бол хүчин төгөлдөр биш юмаа. Ш.Э-ын нэр дээр 20 хувийг шилжүүлээч ээ гэдэг байдлаар хууль зүйн үндэслэлээ хэлээгүй. Ах, эгч дүүгийн хооронд үүссэн хувийн харилцаатай холбоотой зүйлийг яриад байна. Энэ хуулийн дагуу хийгдсэн гэрээслэл буюу Ш.Э-ын нэр дээр хувийг шилжүүлэх үндэслэл болохгүй юмаа гэдгийг хэлмээр байна гэв. /Бичлэгийн 0:56:41-0:57:47/

Даргалагчаас: Нэхэмжлэгч нараас сүүлийн тайлбарыг сонсъё. Өмнө ярьсантайгаа давхцахгүй. Нэхэмжлэгч нараас нэг зүйлийг тодруулахад  хариуцагч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж байна. Энэ дээр тодорхой тайлбар өгнө үү гэхэд /Бичлэгийн 0:57:48-0:58:05/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Үндэслэл, шаардлага байхгүй гэж өөрсдийгөө хамгаалж байна. О.Г-ийн ээж Ш.О нь 4 өрөө байрыг 2 өрөө болгож зөрүүний мөнгийг авсан. 20 хувийг бид нар О.Г-т өгөхгүй. Тэр 4 хүнийх байх ёстой. Ээж нь аваад хотод амьдарч байгаа. Гэрээслэлийг хүчингүй болгоё гэв. /Бичлэгийн 0:58:06-0:58:48/

Даргалагчаас: Ш.О та тайлбараа хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:58:49-0:58:51/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: О.Г орон байраар тоглох ямар учиртай вэ. 3 хүн өмгөөлж байна. Ингэж болохгүй. Зөв ярьж байна уу буруу ярьж байна уу гэдгийг ойлгоно. Ойлгохгүй байна гэсэн нь юу гэсэн үг юм. Доромжлоод байгаа юм уу тэр залуу. Ойлгохгүй байна ямар хачин юм. Эр хүн байж юу яриад байгаа юм залуу хүн байж гэхэд /Бичлэгийн 0:58:53-0:59:50/

Даргалагчаас: Тайлбараа гаргана шүү. Хэрүүлийн чанартай зүйл ярихгүй ээ гэхэд /Бичлэгийн 0:59:51-0:59:53/

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Ш.Э гээд залуу байна. 4 хүний байр за юу. Бид хоёр энэ байрыг авах гээд гүйгээгүй. О.Г энэ байрыг зарах гээд миний 2 ах, 2 дүү орон гэргүй болох гээд байна. Тийм учраас бид хоёр явж байна за юу. Эцсийн эцэст би тэр хоёр өрөө байранд шунаагүй. Ээж намайг 2014 онд энэ байраа өөрийнхөө нэр дээр ав гэхэд нь би үгүй гэсэн. ...үүнийг хөөцөлдөж байгаа юм О.Г өөрийнхөө дураар аашлаад байна... гэв. /Бичлэгийн 0:59:53-1:01:29/

Даргалагчаас: Ш.О та маргааны үйл баримтай холбоотой тайлбараа хэлье. Та сууж байж болно. Ш.О та сүүлийн тайлбараа хэлнэ үү. Өмнө ярьсан зүйлтэйгээ битгий давхцуулаарай. Давхцуулахгүйгээр яръя гэхэд /Бичлэгийн 1:01:30-1:01:42/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О:  Ээж, аавын захиасыг биелүүлээд 2 өрөө байраа Ш.Э-ын нэр дээр болгоод О.Г-ийн гэрээслэлийг хүчингүй болгуулъя. Б.А яагаад өмнөөс нь ороод байгаа юм. О.Г яагаад өөрөө шүүх хуралдаанд орохгүй байгаа юм. 2 ах, дүүгээ аваад явсан. н.Г гэх шүүгчийн захирамж гарсан болохоор захирамжийг хүчингүй болговол таны эсхүл Ш.Э-ын нэр дээр бичиж өгье гэж хэлсэн. н.Г шүүгч 2 дүүг чинь асрах захирамж гаргасан байна. Та нар яагаад тухайн үед 2 ахыг чинь асрамжид авах болсныг мэдээгүй юм гэж нарийн бичгийн дарга асуусан. Яагаад н.Г шүүгч бидэнтэй ярьж асуугаагүй юм. Ахыгаа аваад явъя гэж ярьсан гэхэд /Бичлэгийн 1:01:43-1:03:16/

Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярья гэхэд /Бичлэгийн 1:03:17-1:03:19/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: О.Г-ийн гэрээслэлийг хүчингүй болгож, ээжийн нэрийг хасуулаад 2 ах, н.Б, Ш.Э нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг бичүүлмээр байна гэв. /Бичлэгийн 1:03:19-1:03:37/

Даргалагчаас: Хариуцагч талд нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 1:03:38-1:03:39/

Хариуцагч тал: Байхгүй гэсэн /Бичлэгийн 1:03:40-1:03:43/ ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй зөрүүгүй байна.

Дээр дурдсанаас үзвэл, шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, хэн алинд нь давуу байдал олгосон, ялгаварлан харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба хариуцагч талаас асуусан асуулт нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул өргөдөлд дурдсан “...шүүгч нь нотариатч Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын талд орж өмгөөлж, хамгаалаад байсан...” гэж үзэх үндэслэлгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 161 дүгээр зүйлийн 161.1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 172 дугаар зүйлийн 172.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын талаарх үнэлэлт дүгнэлтээ шүүх шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт тодорхой тусгасан бөгөөд шийдвэр, магадлал, хяналтын тогтоолын хууль зүйн үндэслэлд сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй болно.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номинд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Номин Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Иргэн Ш.О, Ш.О нар нь нэхэмжлэгч Ш.Э-ыг төлөөлөн хариуцагч О.Г, нотариатч Д.Г нарт холбогдуулан гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШШ2025/00112 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../МА2025/00019 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ...1/ШХТ2025/00565 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар дээрх маргаан нь шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогддог, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар яагаад бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой, ганцаараа шийдвэрлэж эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзсэнийг ойлгохгүй байна.

Шүүгч би хариуцагч нарыг огт танихгүй, ямар нэг найз нөхөд, төрөл садны
холбоогүй бөгөөд авлига авсан гэсэн ор үндэсгүй зүйлийг өргөдөлдөө бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө ...миний ээж бичиг үсэг мэдэхгүй, гэрээслэл
бичих чадваргүй, ээжийн гарын үсэг биш гэж байхад чи ээжийнхээ гарын үсгийг олоод ир гэж явуулсан, улсын бүртгэл шүүхээс бичиг аваад ир, гаргаад өгнө гэхэд шүүгч бичиг хийж өгөөгүй, гэрчийн мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

Нэхэмжлэгч талаас дээрх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг учраас шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, гэрээслэлд бичигдсэн гарын үсэг Ж.Н-ийн гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилсон боловч шинжээч нь шинжилгээ хийхэд шинжилгээнд ирүүлсэн материал дутуу учир дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу ирүүлсэн.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулж,
шинжилгээнд шаардлагатай баримтуудыг авч, шинжээчид хүргүүлэх талаар шүүгчийн туслах Б.И-д чиглэл өгсөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас огт баримт байхгүй гээд гаргаж өгөөгүй, энэ талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байдаг.

Иймээс шүүх хуралдааныг товлож, шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж байна уу гэж хэд хэдэн удаа тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Улсын бүртгэлд ээжийн гарын үсэгтэй баримт байгаа” гэж хэлсэн боловч яг ямар ямар баримтыг гаргуулах талаар дахин лавлахад “Шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаад хурлаа үргэлжлүүлнэ” гэсэн учир шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн.

Харин гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн тухайгаа шүүхийн шийдвэртээ тодорхой тусгасан.

Шүүгч нэг талыг баримталж шүүх хуралдаан хийсэн гэсэн гомдлыг тайлбарлахад шүүгч хуралдаан даргалах, дэг сахиулах үүрэгтэй бөгөөд эсрэг талтайгаа хэрүүл маргаан хийх, давхцаж ярих, өмнөх ярьсан зүйлсээ дахин дахин давтан ярих, дараалал тогтоосон байхад дараалал зөрчих гэх мэт асуудлыг хуралдаанд гаргасан учир тодорхой хэмжээний хязгаарлалт хийж дэг сахиулах, дарааллаа баримтлах, мөн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахаар асуулт асуух, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ойлгохгүй байсан зүйлсийг хуралдаанд тайлбарлаж өгөх зэргээр хуралдааныг удирдан даргалж явуулсан бөгөөд загнах эсвэл хэлэх үгийг нь шууд таслах гэх мэт үйлдэл гаргаагүй.

Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ш.О, Ш.О нараас гаргасан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номинг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх өргөдлийг гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/0112 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ш.Э нь О.Г, Д.Г нарт холбогдуулан “Гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, талийгаач эх Ж.Н-ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай” нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-д гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.О, Ш.О нарыг томилжээ.

Нэхэмжлэл шүүгч Б.Номинд хуваарилагдаж, шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2024/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, мөн өдрийн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн .../ЕШ2024/*** дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Номинг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Шүүх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд, .../ШШ2025/*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../МА2025/*** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн .../ШХТ2025/*** дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хүчин төгөлдөр болжээ.

Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн эсэх тухайд,

1.1.Өргөдөлд “... Уг нь гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан болох ёстой байтал шүүгч Б.Номин шүүх хуралдааныг ганцаараа даргалж эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө давуу байдлаа бий болгож шүүх хуралдааныг эхэлсэн ...” гэж дурджээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааныг тогтоон хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан “гэрээслэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоох” шаардлага бүхий маргаан нь уг хуулийн зохицуулалтад хамаарна.

Тодруулбал, Иргэний хуулийн 8.1.2.-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр, 8.1.5.-т заасан гэм хор учруулахтай холбоотой маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр заасан, харин бусад хэрэг маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэх тул тус хэргийг холбогдох шүүгч нь дангаар хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

1.2.Өргөдөлд “... Миний ээжийн гарын үсэг гэрээслэл бичсэн байхыг харахад ээжийн гарын үсэг биш байна гэж хэлсэн. Шүүгч Б.Номин чи өөрөө ээжийнхээ гарын үсэг олоод ир гэж явуулсан, шүүхээс бичгээ аваад ирвэл ээжийн чинь гарын үсгийг гаргаж өгнө гэсэн. Шүүгч Б.Номин ээжийн гарын үсэгтэй холбоотой бичиг хийж өгөөгүй ...” гэжээ.

 Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О-с “...гэрээслэлийг ээж бичээгүй, бичгийн хэв нь биш гэж маргаж, шинжээч томилуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .../ШЗ2024/*** дугаар захирамжаар ... Бүсийн шүүх шинжилгээний төвийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Харин ... Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15/400 дугаар албан бичгээр “... шинжилгээнд ирүүлсэн материал дутуу тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй” гэх хариуг ирүүлсэн тул шүүгчийн туслах 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Н-ийн бичгийн хэвтэй холбоотой бичвэр нотлох баримт гаргаж өгөхийг мэдэгдэхэд хариуцагч нар “Ж.Н-ийн бичгийн хэвтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй, гэрээслэл нь эх хувираа ганцхан байгаа тул шилжүүлж гэрээслэлийг өгөх боломжгүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О “ээжийн гар бичвэр ерөөсөө байхгүй” гэж хэлсэн болох нь илтгэгч гишүүний явуулсан шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд улмаар шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн .../ШЗ2025/*** дугаар захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийн дагуу шинжээч томилсон боловч дээрх байдлаар шинжилгээ хийхэд шаардлагатай баримтыг зохигч талууд гаргаж өгөөгүй тул гар бичмэл бүхий гэрээслэл дээрх бичгийн хэв, гарын үсэг нь Ж.Н-ийнх мөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байна.

Иргэний хэргийн шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцдэг тул тэгш эрх бүхий субьектүүд хоорондын ижил түвшний эрх зүйн харилцааг хэргийн оролцогчдын өөрсдийн нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн баримтад тулгуурлан шийдвэрлэх бөгөөд хэрэв хэргийн оролцогч өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй талаар хуульд заасан тул үүнийг илтгэгч гишүүн “.. Шинжилгээ хийхэд шаардлагатай баримтыг зохигч талууд гаргаж өгөөгүй, уг баримтыг хаанаас гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах боломжгүй ...” гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй.

Түүнчлэн, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хэлэлцэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О “шинжээчийн дүгнэлтээ болиод шүүх хуралдаанаа цааш үргэлжлүүлье” гэсэн болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй.

1.3.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Р.С, нэхэмжлэгч талын хүсэлтээр Г.А нараас гэрчээр мэдүүлэг авсан боловч хоорондоо зөрүүтэйгээс шалтгаалан үнэлээгүй болохоо шүүхийн шийдвэртээ дурдсан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар шүүгч зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.

Өөрөөр хэлбэл, шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан өөрийн дотоод итгэлээр аль нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь тухайн шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нотлох баримтыг үнэлэх байсан, эсхүл үнэлэхгүй байсан зэргээр тухайн эрхийн актын хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т “Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараах байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана: ... 167.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;”, 173 дугаар зүйлийн 173.6-д “Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана” гэж зааснаар давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэн, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан, энэ талаарх үнэлэлт дүгнэлтээ шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байх тул шийдвэр, магадлал, хяналтын тогтоолын хууль зүйн үндэслэлд сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй юм.

Иймд өргөдөл гаргагч нарын “... Шүүгч Б.Номин гэрчийн мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон, ... Дархан-Уул аймгийн шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нэг талыг баримтлаад байх юм, ... Шүүгч Б.Номин нотариатаар баталгаажуулж өгсөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг яагаад авч хэлэлцээгүй хүчингүй болгосон юм ...” гэж дурдсан өргөдөл үндэслэлгүй байна.

Хоёр. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасныг зөрчсөн эсэх тухайд,

Өргөдөлд “... Шүүгч Б.Номин шүүх хуралдаанд нэг талыг баримталсан. Шүүгч нотариатч Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын талд орж өмгөөлж, хамгаалаад байсан. Иргэн Ш.О, Ш.О бид хоёрыг хүн гэж үзээгүй, ялгаварлан харьцаж байсан. Үнэн шударга хэмээн үг яриаг шүүгч авч хэлэлцээгүй ...” гэж дурджээ.

   Илтгэгч гишүүн тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Ш.О, хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч Д.Г нар оролцсон байх ба даргалагчаас шүүх хуралдааныг нээж, хянан хэлэлцэх иргэний хэргийг талаар танилцуулаад, зохигчдын биеийн байцаалттай танилцаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэх, зохигчдод эрх, үүргийг дахин тайлбарлах шаардлагатай эсэхийг асууж тодруулан, хуралдаан эхлэхээс өмнө гаргах хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэх талаар асуусан байна.

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас асуулт асуух, шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй, субьектив зүйл ярих гэх мэтээр шүүх хуралдаанд оролцож байсан тул даргалагчаас шүүх хуралдааны дэгийн талаар сануулан, хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулахад чиглэсэн асуулт асуух нь зөрчилд хамаарахгүй.

Мөн хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд тодорхой ярих, давхцуулахгүй байх, маргааны үйл баримттай холбоотой тайлбар хэлэх талаар сануулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар асуулт асуухдаа хариуцагч тал руу давшилсан өнгө аястайгаар харилцаж, субьектив байдлаар хандсан болох нь бичигдсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт ойлголтыг төрүүлэх, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.

Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцно.

Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзэхэд, даргалагчаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбартай холбоотой асуулт асууж, тайлбар авсан, шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдах ёстойг тайлбарлаж, энэ талаар сануулсныг зүй бус харьцсан гэж үзэхгүй, мөн хариуцагч талаас зүй бус авирласан гэх үйл баримт тогтоогдоогүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь даргалагчийн асуусан асуултаас өөр зүйл хариулах, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус зүйл ярьж, нэг зүйлийг олон давтаж хэлэх зэрэг үед тасалж, асуултын дагуу хариулах, маргаантай холбоотой тайлбар хэлэхийг сануулсан үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдааныг зохигчдын мэтгэлцэх үндсэн дээр, эрх тэгш байх зарчимд нийцүүлэн явуулсан байх тул илтгэгч гишүүний “... хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, хэн алинд нь давуу байдал олгосон, ялгаварлан харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна ...” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ГС/2025/0119 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номинд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                          ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                          С.ЭНХТӨР