
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-27
Дугаар 140
Улаанбаатар хот
хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Б.Мөнхжаргал, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.М нарыг оролцуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргалд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2025/0113 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Шүүгч Б.Мөнхжаргал нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “...нэхэмжлэгч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Ө хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь оршин суух хаягтаа оршин суудаггүй, байдаггүй гэх талаарх баримтгүй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот албан бичгийг хавсарган ирүүлсэн боловч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.Ө-т холбогдуулан шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлага хангаагүй” гэх үндэслэл дурджээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхээр хамгаалуулах эрхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх суурь нөхцөл болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Шүүхэд мэдүүлэх эрх” гэж зохицуулсан. Тодруулбал, Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй.
Иргэн нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага, тус хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зэрэг хуулиар тогтоосон журамд нийцүүлж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай.
Нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Тухайлбал, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-г нэхэмжлэлдээ тусгаагүй бол хуулийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилжээ.
Харин шүүгч тус хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах учиртай.
Гэтэл иргэн Н.Г-ы тухайд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Ө-ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлдээ түүний үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаа тодорхой тусгасан байхад шүүгч Б.Мөнхжаргал нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа “шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй” гэх хуульд заасан үндэслэл, журмаас гадуур иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”-ыг шүүгчид хориглосон.
Шүүгч Б.Мөнхжаргал нь иргэн Н.Г-ы нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмаас гадуур хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэв.
Харин Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №28 дугаартай тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын тайлбар гаргасан ба ...уг тайлбараас үзэхэд шүүгч Б.Мөнхжаргалыг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжаар хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй гэж дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ... 124 ... дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзэхэд 124.1-д заасан захирамжид хэргийн оролцогч 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар хуульд илт тодорхой тусгасан байна.
Холбогдох шүүгч Б.Мөнхжаргал тайлбартаа “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шүүх хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үндэслэлээр захирамж гаргадаг бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй” гэж хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж байгааг хүлээж авах боломжгүй байна.
Шүүгч Б.Мөнхжаргал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзнэ. Харин дээрх зөрчлийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй болохыг дурдав.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №ххх дугаартай “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5-д “Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно” гэж заасан тул холбогдох шүүгч Б.Мөнхжаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна.
Харин холбогдох шүүгч нь шүүгчид хориглосон хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.
Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Б.Мөнхжаргал Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Хүсэлт гаргагч Н.Г нь 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Ө-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн материалыг шүүх хүлээн авч хянаад, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байна.
Хүсэлт гаргагч Н.Г нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө-г эрэн сурвалжлуулах хүсэлтдээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлсэн байдаг боловч шүүхээс уг тодорхойлолтоор Ө.Ө-ыг оршин суух хаягтаа оршин суудаггүй гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т "Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана." гэж заасан.
Аливаа этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагчийн оршин суух хаягаар гаргадаг бөгөөд хариуцагч этгээд уг хаягтаа амьдардаггүй, оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй үндэслэл бий болсон тохиолдолд шүүх харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон бусад баримтад үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхийг тайлбарлаж өгдөг.
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд энэ нь нэг талын хүсэлтэд үндэслэдгээрээ онцлогтой.
Гомдол гаргагч нь Ө.Ө-ыг хаягтаа оршин суудаггүй талаар Хан- Уул дүүргийн 1-р хорооны Засаг даргын албан тоотыг хавсаргаж, нотлох баримтаа бүрдүүлсэн байхад хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй." гэжээ.
Хэдийгээр тус хүсэлтэд ...ны Засаг даргын албан тоотыг хавсаргасан хэдий ч уг баримт нь онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг шууд нотолсон баримт гэж үзэхгүй бөгөөд хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлагатай үндэслэл бий болсон талаарх баримтыг, түүнчлэн уг хүсэлтийг гаргахаас өмнө шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаараа шүүхэд мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл хорооны Засаг даргын тодорхойлолтыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлт гаргасан тухайн этгээдийн хэрэгцээ, шаардлагын хүрээнд гаргаж өгсөн баримт гэж үзнэ.
Эдгээр үндэслэлүүд тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан "энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал." гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан болно.
Түүнчлэн хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.М нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан ба 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр захирамжаар тус хүсэлтийг хүсэлтийг хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн. Уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т "Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно" гэж заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдол гаргах эрхгүй захирамж гарсан болно.
Тодруулбал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үндэслэлээр захирамж гаргадаг бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй юм.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд "... "илт үндэслэл муутай" гэдгийг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно." гэж тайлбарласныг дурдав.
Иймд миний бие хууль зөрчсөн зөрчил гаргаж хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Г-ы “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Ө-ыг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М-ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг хангахаас татгалзсан үйл баримт тогтоогдоно.
Дээрх захирамжийг гаргасан шүүгч Б.Мөнхжаргалд холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М гомдол гаргаж, үндэслэлээ “Асуудалд бодитой хандаагүй, хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн материалтай бүрэн танилцаж дүгнээгүй, хууль тогтоомжийг илт буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан” гэж тодорхойлсон байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй ч холбогдох хуулийг буруу тайлбарласан байх тул түүнийг зөвтгөж дүгнэн, саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”: 133.1.9 “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах”, 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 155.3-д “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагчийг эрэн сурвалжлах нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаардаг байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах үндэслэлээ хангалттай тодорхойлох шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ө.Ө-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтдээ Нийслэлийн тойргийн нотариатч Т.Б-ийн гэрчилсэн гэрээ /нэрлэгдээгүй гэрээний хуулийн зохицуулалтыг баримталсан/, ...ны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан байх бөгөөд оршин суугаа газрын тодорхойлолтод “... ... бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй” гэжээ.
Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар “...Ө.Ө нь хаана нь байгаа мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь оршин суух хаягтаа оршин суудаггүй, байдаггүй гэх талаарх баримтгүй, Ө.Ө-т холбогдуулан шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.”энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т ”Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж зааснаас үзвэл хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх аргыг хэд хэдэн хэлбэрээр хуульчилсан байдаг бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчид мэдэгдэх хуудас хүргэх ажиллагаа өмнө нь шүүхээс хийгдээгүй энэ тохиолдолд “тухайн хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй” гэх хорооны засаг даргын тодорхойлолтод үндэслээд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасан хүний баталгаатай эдлэх эрхийг зөрчиж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзэх боломжгүй билээ.
Иймд илтгэгч гишүүний “...иргэн Н.Г-ы нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмаас гадуур хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг хэн нэгэн хэргийн оролцогчийн хүсэлтээр бус, тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт гэж ойлгодог.
Харин дээрх зохицуулалтыг хэрэглэж шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй гэж ойлгох бөгөөд хуулийн 123 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан тохиолдолд гомдол гаргах эрх олгосон гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг шүүгч нар зөрүүтэй тайлбарлан хэрэглэдэг, уг шалтгаан нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоол /албан ёсны тайлбар/ гарах хэрэгцээ шаардлага болсон, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг тайлбарлуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн зэрэгт дүгнэлт хийвэл шүүгч Б.Мөнхжаргалыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдлийг ойлгох бөгөөд нэгдсэн шүүхийн практик тогтоогүй, шүүхүүд гомдол гаргах эрхийг олгохдоо өөр өөрөөр хэрэглэж байгаа энэ тохиолдолд хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж, өөрөөр хэрэглэсэн зөрчилд хамаарахгүй.
Иймд илтгэгч гишүүний “...гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй гэж бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд шүүгч Б.Мөнхжаргалыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2025/0113 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР