
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-17
Дугаар 137
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ГС/2025/0118 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... Нэг. Иргэн Д.А-с Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэд холбогдуулан гаргасан
-“Х.Б , С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Гэршихбөртэ нь хуулийн тодорхой заалтыг илт мушгин гуйвуулж хууль зөрчөөд ч болсон эрүүгийн хэргийг шийдвэрлэх гэж зүтгэж байгаа нь бусдын нөлөөнд автсан, шүүхийн шийдвэрийг урьдчилж гаргасан, хууль дээдлэх, үнэнч шударга байх, хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгож байна”, “томилогдсон шүүгчийг хуралд оруулахгүй, бидэнд худал хэлж Р.Баярхүү шүүгчийг замаас нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буцаасан” гэх өргөдлийг” Шүүхийн сахилгын хороо уг асуудлаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж байгаа тул дахин шалгах шаардлагагүй” гэх үндэслэлээр,
-“Шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох шийдвэр гаргасан ч 517 дугаартай шийтгэвэртээ хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн” гэх өргөдлийг “Хэрэгт цугларсан баримтуудыг хэрхэн үнэлэхэд хяналт тавих, түүнд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй, нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийсэнтэй нь холбогдуулан шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэж сахилгын хэрэг үүсгэхгүй” гэх үндэслэлээр тус тус сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид өргөдөл гаргагчаас гомдол гаргаагүй болно.
Харин Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарт холбогдуулан “С.М, Х.Б нарыг хулгайчаар нь дуудаж хэргийг заавал Дарханд тасалж дуусгах талаар ярьсан” гэх үндэслэлээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэд холбогдуулан “шүүгч шийдвэр гаргахаар хуралдаан завсарлахад зөвлөлдөх өрөөнд ороод хэн нэгэнтэй хэргийн талаар утсаар яриад зөвлөөд байсан” гэх үндэслэлээр өргөдлийн зарим үндэслэлд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явууллаа.
Хоёр. “С.М, Х.Б нарыг хулгайчаар нь дуудаж хэргийг заавал Дарханд тасалж дуусгах талаар ярьсан” гэх тухайд,
Өргөдөлд “... 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энэ эрүүгийн хэргийн шүүх хурал болдог өдөр шүүгдэгч нарын ар гэр миний бие болон X.Б-н эгч Х.Ө, С.М-ын эгч С.М нар шүүхийн арын хашаанд байдаг саравчинд сууж байхад нь шүүхийн цагдаа “Та нар энд сууж болохгүй” гэхээр нь саравчны хажууд байсан машин дотроо сууж байтал шүүгч Г.Гэрэлт-Од, Р.Баярхүү, Б.Гэршихбөртэ нар аягатай уух юм барьчихсан гарч ирээд саравчинд элдэв зүйл ярьж байхдаа С.М, Х.Б нарыг хулгайчаар нь дуудаж хэргийг заавал Дарханд тасалж дуусгах талаар ярьж байхыг бид сонссон ...” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х.Б , С.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт Х.Б-оос гаргасан “өмгөөлөгч авах”, С.М, түүний өмгөөлөгч М.Г болон Х.Б нараас гаргасан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх” тухай хүсэлтүүдийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Р.Баярхүү, Г.Д нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд, 2021/ШТ/*** дүгээр тогтоолоор өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, харин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өргөдөл гаргагч Д.А-тэй хамт байсан Х.Ө, С.М нараас гэрчийн мэдүүлэг авахад, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын хашаанд байрлах саравчинд шүүгч Г.Гэрэлт-Од, Р.Баярхүү, Б.Гэршихбөртэ нар С.М, Х.Б нарыг хулгайчаар нь дуудаж хэргийг заавал Дарханд тасалж дуусгах талаар ярьж байхыг сонссон гэж мэдүүлсэн , харин холбогдох шүүгч нар ийм яриа болсон гэдгийг үгүйсгэдэг.
Мөн Д.А, С.М, Х.Ө нараас өөр хүмүүс уг яриаг сонссон талаар мэдүүлээгүй, холбогдох шүүгч нараас өөр хүн саравчинд байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүхийн байрны гадаа байрлах саравч, түүний эргэн тойрны орчныг харуулсан хяналтын камерын бичлэгийг хадгалах хугацаа дууссан зэргээс шалтгаалан өргөдөлд дурдсан саравчинд шүүгч нарын ярьсан гэх ярианы агуулга нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөлд “С.М, Х.Б нарыг хулгайчаар нь дуудаж хэргийг заавал Дарханд тасалж дуусгах талаар ярьсан” гэж дурдсан бөгөөд тус эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар яриагүй, зөвхөн хэргийг тус өдөр шийдвэрлэх талаар ярьсан гэж гэрч нараас мэдүүлсэн тул энэ үндэслэлээр шүүгч нарыг буруутгах боломжгүй байна.
Тодруулбал, яллагдагч нарын гэм буруугийн байдал, хүлээлгэх хариуцлага, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлт, баримтуудыг хэрхэн шийдвэрлэх, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх байдал, ямар нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох зэргээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д заасан шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгч нар яллагдагч нарыг “хулгайч” гэж хэлсэн болох нь бүрэн тогтоогдоогүй бөгөөд энэ үндэслэлээр хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлсон гэж шууд дүгнэх боломжгүй.
Учир нь сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд баримтат мэдээлэл нь гэрчийн мэдүүлэг, бэхжүүлэн авсан шалгах ажиллагааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээлэл, бусад баримтаар тогтоогдох тул өргөдөлд дурдсан үндэслэл нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй тохиолдолд шүүгчийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Гурав. “Шүүгч шийдвэр гаргахаар хуралдаан завсарлахад зөвлөлдөх өрөөнд ороод хэн нэгэнтэй хэргийн талаар утсаар яриад зөвлөөд байсан” гэх тухайд,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Т-н 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар холбогдогч Д.А-с гаргасан гомдлыг шүүгч Б.Гэршихбөртэ даргалан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, прокурор Н.Д, эрх бүхий албан тушаалтан Б.Т, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Ө.Ө, холбогдогч Д.А, түүний өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хянан хэлэлцээд, 2025/ЗШ/*** дугаар шийтгэврээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Тус шүүх хуралдаан явагдсан шүүх хуралдааны 1 дүгээр танхимд үзлэг хийхэд, танхим болон зөвлөлдөх өрөө лүү гаднаас орох тус тусдаа хаалгатай байх ба танхим дотроос зөвлөлдөх өрөө лүү орох нэг хаалгатай, зөвлөлдөх өрөө нь шүүх бүрэлдэхүүний ширээний зүүн талд бөгөөд хэргийн оролцогчдоос тус өрөөтэй хамгийн ойр холбогдогчийн өмгөөлөгчийн ширээ байрладаг.
Зөрчлийн хэргийн холбогдогч Д.А-ийн өмгөөлөгч Б.Ц гэрчийн мэдүүлэгтээ “... Би шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд ороход бие засахаар танхимаас гараад явсан. Намайг орж ирэхэд Д.А шүүгч хүнтэй яриад байна гэж надад хэлж байсан ч энэ талаар би мэдэхгүй. Миний хувьд сонссон зүйл байхгүй. Намайг танхимд орж ирсний дараа шүүгч хүнтэй ярьж байгаа тиймэрхүү чимээ сонсоогүй ...” гэж мэдүүлсэн.
Мөн тус шүүх хуралдаанд оролцож, шүүгчийг зөвлөлдөх өрөөнд ороход танхимаас гаралгүй сууж байсан оролцогчид болох шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э “... Би тийм зүйл сонсоогүй. Би зөвлөлдөх өрөөнөөс хол суудаг. Зөвлөлдөх өрөөнд хамгийн ойр сууж байсан хүн нь холбогдогчийн өмгөөлөгч байсан. Хэрвээ юм сонсогдсон бол холбогдогчийн өмгөөлөгч л сонсох боломжтой нь байх ...” гэж,
Хяналтын прокурор Н.Д “... Танхимд нарийн бичгийн дарга, Д.А, өмгөөлөгч Ц, хохирогч, түүний өмгөөлөгч Ө, би байсан. Би ямар нэгэн зүйл сонсоогүй ...” гэж тус тус гэрчийн мэдүүлэг өгснөөс үзэхэд, Д.А-тэй хамт нэг танхимд байсан шүүх хуралдааны бусад оролцогчид шүүгч зөвлөлдөх өрөөнд хэн нэгэнтэй ярилцсан гэх үйл баримтыг сонсоогүй болох нь тогтоогдсон.
Түүнчлэн, шүүгчийн гар утасны дугаарын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 00 минутаас 12 цаг 40 минут хүртэлх хугацаанд гадагшаа залгасан болон гаднаас ирсэн дуудлагын жагсаалтыг “М” ХХК-аас гаргуулахаар хүргүүлсэн боловч техникийн нөхцөл байдлын улмаас гаргах боломжгүй гэх хариуг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4/*** дугаар албан бичгээр ирүүлсэн, мөн “шийдвэр гаргахаар завсарлаж байх үед бичлэг хийдэггүй” гэх мэдүүлгийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас өгсөн зэргээр өргөдлийн үндэслэл өөр бусад баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Г.Гэрэлт-Од Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Миний бие Д, Баярхүү нарыг зүс мэдэх ба уг шүүгч нартай тоотой хэдэн удаа тааралдаж байсан, мэнд мэдэхээс өөр зүйл ярилцаж байгаагүй болно.” гэжээ.
Шүүгч Б.Гэршихбөртэ Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Тайлбар1.Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Т-н 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар холбогдогч Д.А-с гаргасан гомдлыг хүлээн авч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, прокурор Н.Д, эрх бүхий албан тушаалтан Б.Т, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Ө.Ө, холбогдогч Д.А, түүний өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт хянан хэлэлцсэн.
Миний бие аливаа шүүх хуралдаанд гар утас авч ордоггүй ба ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэн нэгэнтэй харилцсан, утас, харилцаа холбооны хэрэгслээр ярилцаж, зөвлөсөн зүйлгүй.
Тайлбар 2.Шүүгдэгч Х.Б , С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон учраас 2024 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх (тухайн үеийн нэршлээр)-ийн шүүгч Р.Баярхүүг шүүх бүрэлдэхүүнд томилсон.
Шүүгдэгч нарт холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа аливаа үндэслэлээр хойшилдог бөгөөд тухай бүр Сэлэнгэ аймгаас шүүгч Р.Баярхүү, Сэлэнгэ аймаг, Сайхан сумаас шүүгч Г.Д нар хүрэлцэн ирж шүүх хуралдаанд оролцож байсан.
Шүүх хуралдаан хойшилж, бүрэлдэхүүнд ирсэн шүүгч нар буцах үед Р.Баярхүү шүүгчийн хамтаар гарч зориулалтын цэгт тамхи татдаг бөгөөд энэ үед тухайн цэгт байсан шүүгч, ажилтнуудтай тааралдах тохиолдол байдаг.
Харин өргөдөлд дурдсан Г.Гэрэлт-Од, Р.Баярхүү шүүгч нартай хамт шүүгдэгч нарын зохисгүй үг хэллэгээр дуудаж хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан гэх үйл баримт огт болоогүй болно” гэжээ.
Шүүгч Р.Баярхүү Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд н.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралд удаа дараа оролцсон ба ингэхдээ тус шүүхийн шүүгч н.Гэрэлт-Одтой нэг ч удаа тааралдаж, уулзаж байгаагүй, түүнчлэн гомдолд дурдсанчлан гартаа уух юм бариад шүүгч нартай шүүхийн гадаа сааданд уулзаж байгаагүй болно. Гомдолд дурдсан асуудал огт болоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Илт гүтгэлгийн шинжтэй гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.А, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарт холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж, илтгэгч гишүүн нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2025/0095 дугаар захирамжаар:
- “ ...Х.Б , С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Гэршихбөртэ нь хуулийн тодорхой заалтыг илт мушгин гуйвуулж хууль зөрчөөд ч болсон эрүүгийн хэргийг шийдвэрлэх гэж зүтгэж байгаа нь бусдын нөлөөнд автсан, шүүхийн шийдвэрийг урьдчилж гаргасан, хууль дээдлэх, үнэнч шударга байх, хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгож байна”, “томилогдсон шүүгчийг хуралд оруулахгүй, бидэнд худал хэлж Р.Баярхүү шүүгчийг замаас нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буцаасан” гэх өргөдлийн хэсэгт тусдаа сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж байгаа тул дахин шалгах шаардлагагүй гэсэн үндэслэлээр,
- “...шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох шийдвэр гаргасан ч 517 дугаартай шийтгэвэртээ хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн” гэх хэсгийг “Хэрэгт цугларсан баримтуудыг хэрхэн үнэлэхэд хяналт тавих, түүнд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй, нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийсэнтэй нь холбогдуулан шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэж сахилгын хэрэг үүсгэхгүй” гэж дүгнэн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, өргөдлийн бусад хэсэгт сахилгын хэрэг үүсгэн шалгаж, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.М, Х.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Уг эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Р.Баярхүү, шүүгч Г.Д нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Б ийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, харин шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Өргөдөлд “ ...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энэ эрүүгийн хэргийн шүүх хурал болдог өдөр шүүгдэгч нарын ар гэр миний бие болон X.Б-н эгч Х.Ө, С.М--ын эгч С.М нар шүүхийн арын хашаанд байдаг саравчинд сууж байхад нь шүүхийн цагдаа “Та нар энд сууж болохгүй” гэхээр нь саравчны хажууд байсан машин дотроо сууж байтал шүүгч Г.Гэрэлт-Од, Р.Баярхүү, Б.Гэршихбөртэ нар аягатай уух юм барьчихсан гарч ирээд саравчинд элдэв зүйл ярьж байхдаа С.М, Х.Б нарыг хулгайчаар нь дуудаж хэргийг заавал Дарханд тасалж дуусгах талаар ярьж байхыг бид сонссон” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад гэрч Х.Ө: “ ...шүүх хуралдаан болох өдрийн өглөө Д.А, С.М бид 3 сууж байхад шүүхийн цагдаа гарч ирээд та нар саравчинд сууж болохгүй гэхээр нь Д.А-ийн машинд бид 3 орж суусан. Тэгтэл шүүхээс шүүгч Г.Гэрэлт-Од, Р.Баярхүү, Б.Гэршихбөртэ нарт гарч ирээд саравчинд суусан. Г.Гэрэлт-Од шүүгч С.М, Х.Б хоёрыг хулгайчаар нь дуудаад яриад байхаар нь хартал тэд нарын хэргийг Дарханд нь шийдээд дуусгах талаар ярьж байсан. Гэтэл Б.Гэршихбөртэ шүүгч тэгнэ, хэргийг энд нь шийдээд дуусгана гэж хэлсэн, ...Ял шийдвэртэй холбоотой зүйлийн талаар яриагүй. Хэргийг нь Дарханд шийдэх талаар л ярьсан. Одоогоос бараг 1 жилийн өнө болсон зүйл болохоор яг сайн санахгүй байна” гэж,
гэрч С.М: “ ...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан болно гээд Д.А, С.М бид 3 сууж байхад шүүхийн цагдаа гарч ирээд та нар саравчинд сууж болохгүй гэхээр нь Д.Аийн машинд бид 3 орж суусан. Тэгтэл шүүхээс шүүгч Г.Гэрэлт-Од, Р.Баярхүү, Б.Гэршихбөртэ нар гарч ирээд саравчинд суусан. Г.Гэрэлт-Од шүүгч С.М, Х.Б хоёр бол одоо болно шд, өнөөдөрт нь дуусгаарай гэхэд Б.Гэршихбөртэ шүүгч тэгнэ гэж хэлсэн. Гэтэл Д.А эд нар харин ингэдэг байхгүй юу гээд буух гээд байхаар нь би хурлын өмнө муудалцаад яах юм бэ гээд би буулгаагүй. ...Өнөөдөр хэргийг нь шийдээрэй гэж ярьсан. Харин оноох ялын талаар яриагүй. Эргэлтээр уулзахад давчуу хэцүү байдаг учраас хуралд орох гээд ирэх үед нь тосож уулздаг юм” гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Харин холбогдох шүүгч нар өргөдөлд дурдсан үйл баримт болоогүй гэж тайлбарлажээ.
Иймд шүүгч нар нь шүүгдэгч нарын гэм буруу, оногдуулах эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудал ярьсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээж авах үндэслэлтэй байна.
2.Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Т-н 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0058472 дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар холбогдогч Д.А-с гаргасан гомдлыг шүүгч Б.Гэршихбөртэ даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, прокурор Н.Д, эрх бүхий албан тушаалтан Б.Т, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Ө.Ө, холбогдогч Д.А, түүний өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт хянан хэлэлцсэн байна.
Өргөдөлд “тус зөрчлийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа даргалагч шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд хэн нэгэнтэй хэргийн талаар утсаар яриад зөвлөөд байсан” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Гэршихбөртэ: “ ...Миний бие аливаа шүүх хуралдаанд гар утас авч ордоггүй ба ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэн нэгэнтэй харилцсан, утас, харилцаа холбооны хэрэгслээр ярилцаж, зөвлөсөн зүйлгүй” гэж тайлбарласан.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон оролцогчдыг гэрчээр асуусан. Үүнд:
Зөрчлийн хэргийн холбогдогч Д.А-ийн өмгөөлөгч Б.Ц: “... Би шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд ороход бие засахаар танхимаас гараад явсан. Намайг орж ирэхэд Д.А шүүгч хүнтэй яриад байна гэж надад хэлж байсан ч энэ талаар би мэдэхгүй. Миний хувьд сонссон зүйл байхгүй. Намайг танхимд орж ирсний дараа шүүгч хүнтэй ярьж байгаа тиймэрхүү чимээ сонсоогүй” гэх мэдүүлэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э: “ ...Би тийм зүйл сонсоогүй. Би зөвлөлдөх өрөөнөөс хол суудаг. Зөвлөлдөх өрөөнд хамгийн ойр сууж байсан хүн нь холбогдогчийн өмгөөлөгч байсан. Хэрвээ юм сонсогдсон бол холбогдогчийн өмгөөлөгч л сонсох боломжтой нь байх” гэх мэдүүлэг,
Хяналтын прокурор Н.Д “ ...Танхимд нарийн бичгийн дарга, Д.А, өмгөөлөгч Ц, хохирогч, түүний өмгөөлөгч Ө, би байсан. Би ямар нэгэн зүйл сонсоогүй ...” гэх мэдүүлгээр шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэн нэгэнтэй ярилцсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, “М” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4/4256 дугаар албан бичгээр шүүгч Б.Гэршихбөртийн гар утасны дугаарын 2025 оны 03 сарын 20-ны өдрийн гадагш ярьсан болон дуудлага ирсэн дугаарын жагсаалтыг техникийн нөхцөл байдлын улмаас гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгджээ.
Иймд, шүүгч Б.Гэршихбөртэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх ба энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Дээрх үндэслэлээр, илтгэгч гишүүний Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ГС/2025/0118 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР