info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-11-17

Дугаар 136

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан, өргөдөл гаргагч Б.С-г байлцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0115 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ... 1. Өргөдөлд “...нэр бүхий шүүгчид гомдолд дурдагдаагүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид материаллаг хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг буюу хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэхгүй орхисны улмаас хариуцагчид ашигтай байдал бий болгосон, нэхэмжлэгчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх  хэсгийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй...” гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 13.758.535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгч Ц.Н-н 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр даргалсан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 197/ШШ2025/***  дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан буюу тодруулбал нэхэмжлэлийн шаардлагаас 11.811.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгон, үлдэх 1.946.935 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 43-47 тал/

Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон хариуцагч талууд эс зөвшөөрч, давж заалдах гомдлууд гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 210/МА2025/***дүгээр магадлал гаргажээ. /с.х-ийн 68-70 тал/

Магадлалын “хянавал” хэсгийн 4-т  хуулийн хүчин төгөлдөр болсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 101/ШШ2023/*** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 210/МА2024/***дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/*** дүгээр тогтоолыг дурдаж, 6.1-д “Дээд шүүхийн шийдвэрээс үзэхэд маргаан бүхий Н төвийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Б.С-г ... албан тушаалын үүрэг ажлаас чөлөөлж, тус албаны хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон байх ба хяналтын шатны шүүхийн тогтоолд “нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй щ, хохирол учрахгүй байх боломжтой байсан, үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба тус үйл баримт дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна” гэж үзсэн байна.

Мөн шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар авч, үзлэг хийн бэхжүүлсэн байгаа болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн, саарал өнгийн суурь дээр саарал өнгөөр “PHILIPS CD-R 700MB 80 min 52X speed” гэх бичигтэй сидинд хуулагдсан “T” нэртэй бичлэгт “даргалагч шүүгч Ц.А магадлалын үндэслэлээ “нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулаад 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт баталгаажуулалт хийлгэх тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр Б.С-н  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.С-г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан. Үүний дараа хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 884 дугаартай тогтоолоор магадлалд өөрчлөлт оруулан, Б.С-г ажилд эгүүлэн тогтоож, харин ажилгүй байсан хугацааны олговорт 15.398.908 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн Улсын дээд шүүхийн тогтоолын ажилгүй байсан хугацааны олговрыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд “нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан. Үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй гэж үзлээ. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй” гэсэн тогтоол гарсан байдаг. Энийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэдэгт энэ  үндэслэл хамаарч байна. Ийм учраас анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг гаргаж шийдвэрлэсэн нь тогтоол буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон магадлал гарч байна...” гэж хэлж байгаа нь бичигдсэн байна. /с.х-ийн 71-73 тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан даргалагч, шүүх бүрэлдэхүүн, мөн хэргийг бүхэлд нь хянасан давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэрэгжүүлэх бөгөөд уг анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх нь хянан хэлэлцэх хуулийн зохицуулалттай.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.С-н  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, өмгөөлөгч Б.Д нар эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар давж заалдах гомдлоо гаргажээ. /с.х-ийн 49-50, 53-59 тал/

Мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан.

Энэхүү хуулийн зүйл, хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нар хэргийг бүхэлд нь хянах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй байх тул өргөдөлд дурдагдсан “...нэр бүхий шүүгчид гомдолд дурдагдаагүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр тэднийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах нь тэдэнд хуулиар олгогдсон эрх хэмжээ бөгөөд уг хуулийн зүйл, хэсэгт заасны дагуу мөн зүйлийн 167.1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 210/МА2025/***дүгээр магадлал гаргажээ. /с.х-ийн 68-70 тал/

Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах эрх нь зөвхөн дээд шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд байдаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.1 дэх хэсэгт “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу холбогдох шүүгч нар хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хянах чиг үүрэгтэй байгууллага юм.

Мөн тус хороонд давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул өргөдөлд дурдсан “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг буюу хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэхгүй орхисон...” гэдэгт дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иймд шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэлээ.

2. Өргөдөлд “...анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч биечлэн оролцсон... хариуцагч талаас шүүхийн шийдвэр гарснаас хойш 35 хоногийн дараа гомдол гаргасан. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход нийтээр амрах баярын өдрүүдийг оруулан тооцох ёстой...” гэх тухайд:

Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан холбогдох шүүгч нар “...Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан тухай баримтад тусгагдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талд 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан ба хариуцагч нь давж заалдах гомдлоо 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй...” гэх тайлбарыг бичгээр гарган ирүүлсэн. /с.х-ийн 83-84 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025***дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч талд 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, хариуцагч талд 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус тус гардуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н ийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч  талд танилцуулж, хэргийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/197/АБ2025/*** дугаар албан бичгээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. /с.х-ийн 48-52 тал/

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нараас 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах гомдол гаргасан тул гомдлыг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 03/197/АБ2025/*** дугаар албан бичгээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. /с.х-ийн 53-60 тал/

Түүнчлэн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 296 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн, саарал өнгийн суурь дээр саарал өнгөөр “PHILIPS CD-R 700MB 80 min 52X speed” гэх бичигтэй сидинд хуулагдсан “E” нэртэй шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд 01 минут 23 секундээс 04 минут 12 секунд хүртэл илтгэгч шүүгч хэргийг илтгэж, 04 минут 18 секундээс 07 минут 07 секунд хүртэл нэхэмжлэгч тал давж заалдаах журмаар гаргасан гомдлоо ярьж, 07 минут 13 секундээс 08 минут 49 секунд хүртэл хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч талын гомдолд тайлбар хэлж, 08 минут 58 секундээс 15 минут 43 секунд хүртэл хариуцагчийн өмгөөлөгч, 15 минут 46 секундээс 19 минут 58 секунд хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлоо, 20 минут 02 секундээс 30 минут 28 секунд хүртэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талын давж заалдах гомдолд тайлбар тус тус ярьсан ба 30 минут 29 секундээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, хариуцагч талуудаас асуулт асууж, хариулт авсан байна.

Тухайн дуу-дүрсний бичлэгийн 21 минут 33 секундээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар хэлж байхдаа “Ер нь бол энэ  хэргийг ердийн журмаар тооллоо ч гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3, 119.4, 119.7-д зааснаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдаанаас хойш 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэхэд давж заалдах гомдлыг гаргасан байх ёстой байсан. Тэгэхээр 25-ны өдөр гомдол гаргаж байгаа нь өөрөө гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна” гэж хэлсэн нь бичигджээ. /с.х-ийн 71-73 тал/

Давж заалдах гомдол гаргах хугацааг анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг нэхэмжлэгч талд 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан шүүхийн баримтыг үндэслэн тооцвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан хугацаа  буюу өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр бичгээр гарч албажсан хугацаа нь 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр юм. /с.х-ийн 48 тал/

 Мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна”, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж зааснаар шүүхийн шийдвэр албажиж гарсан өдрөөс хойших 10 хоногийн хугацаа нь 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр болж байна.

Түүнчлэн мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан хугацаа нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байхад хариуцагч тал 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах гомдлоо гаргажээ. /с.х-ийн 53-59 тал/

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан байхад хариуцагч тал давж заалдах гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна.

Гэхдээ сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч талын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/197/АБ2025/*** дугаар албан бичгээр хэргийн хамт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бол, харин хариуцагч талын давж заалдах гомдлыг хэргийг хүргүүлсний дараа буюу 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 03/197/АБ2025/*** дугаар албан бичгээр хүргүүлжээ. /с.х-ийн 52, 60 тал/

Иймд хариуцагч тал хэдийгээр давж заалдах гомдлоо 1 хоногоор хэтрүүлсэн  болох нь баримтаар тогтоогдож байгаа боловч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч талуудын гомдлоор хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянасан тул уг үндэслэлээр холбогдох шүүгч нарыг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй болно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасныг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргалаа” гэжээ.

 

Шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нар Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:  

“ ... 1. Б.С-н  нэхэмжлэлтэй, Н төвд холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор 13.758.535 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025***дүгээр шийдвэрт зохигч гомдол гаргасан.

Тус иргэний хэрэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д заасны дагуу шүүгч Д.Золзаяад хуваарилагдаж, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн хуваарийн дагуу даргалагчаар шүүгч Ц.Алтанцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч М.Баясгалан нар томилогдсон ба тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 210/ЕШ2025/01608 дугаар захирамжаар албажуулсан.

Шүүх бүрэлдэхүүн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар 210/МА2025/*** дүгээр магадлал гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн дагуу дээрх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зохигчийн хооронд үүссэн үндсэн маргаан нь Б.С-г Н төвийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/* дугаар тушаалаар ... албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлж, тус албаны хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар томилсонтой холбоотой байсан бөгөөд уг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/*** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/***дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/*** дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэсэн, эдгээр шийдвэр хэрэгт авагдсан байгаа болно.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр Б.С-г ажилд эгүүлэн тогтоосон хэдий ч хяналтын шатны шүүхээс Б.С-н  ажилгүй байсан хугацааны олговор 15.398.908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ “нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан, үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй” гэж дүгнэсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

2. Хариуцагч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “анхан шатны шүүхээс хяналтын шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж тайлбарласан.

Тодруулбал, хариуцагчийн давж заалдах гомдлын 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Улсын дээд шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/*** дүгээр тогтоолын үндэслэлийг буюу яагаад Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх үндэслэлийг тайлбарлахдаа “...нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон байхад уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй байх боломжтой байсан, ажилтнаас өөрөөс нь шалтгаалсан байна гэх агуулгаар цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” гэж зөв тайлбарласан.

Тэгсэн атал нэхэмжлэгчийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй гэж зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд ч мөн адил ажил хийж цалин хөлс авах бүрэн боломжтой байсан. Б.С нь Орчны эрүүл мэндийн албаны хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд ажиллах боломжтой байсан...” гэж тусгасан.

Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

3.Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан тухай баримтад тусгагдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талд 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан ба хариуцагч нь давж заалдах гомдлоо 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нар нэмэлт тайлбартаа:  

“ ... Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0115 дугаар "Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" саналыг хүлээн авч танилцаад дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Саналын Үндэслэх нь хэсгийн 2-т "... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй" гэж заасан байхад хариуцагч тал давж заалдах гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна..." гэж дүгнэжээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 нь нийтээр тэмдэглэх баярын өдөрт хамаарах бөгөөд уг өдрүүдэд амрахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6-д заасан.

2025 оны 7 дугаар сарын 12, 13-ны өдөр Бямба, Ням гарагт тохиосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийсэн. Тодруулбал гишүүний саналд хариуцагч талын шийдвэр гардаж авах хугацааг 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэж тусгасан байх боловч уг өдөр амралтын өдөр байсан.

Хугацаа тоолох журмыг тогтоосон Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т "Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна" гэж заасан тул хариуцагч талын шийдвэр гардаж авах эцсийн өдрийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэж үзэх бөгөөд уг хугацааг хариуцагч тал хэтрүүлээгүй.

Иймээс хариуцагч нь давж заалдах гомдлоо 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно" гэж заасныг зөрчөөгүй байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.С-с Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГЗҮ/2025/0111 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

1.Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1.1. Б.С нь Н төвд ...-аар ажиллаж байгаад тус төвийн Захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/* дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/*** дугаартай шийдвэрээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/***дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.С-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,398,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2024/*** дугаартай тогтоолоор магадлалд өөрчлөлт оруулахдаа зөвхөн ажилгүй байсан хугацааны олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

1.2. Б.С-с 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025***дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 11.811.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгон, үлдэх 1.946.935 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч, зохигчид гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/*** дугаар магадлалаар : “... маргаан бүхий Н төвийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/* дугаар тушаалаар Б.С-г ... албан тушаалын үүрэг ажлаас чөлөөлж, тус албаны хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон байх ба хяналтын шатны шүүхийн тогтоолд “нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан, үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба тус үйл баримт дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна. ...Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.С ажилгүй байсан хугацааны цалин хөлс аваагүй нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалсан, тодруулбал маргаан бүхий ажил олгогчийн тушаалын дагуу нэхэмжлэгч хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан болохыг нэгэн тогтоосон, энэ үндэслэлээр хариуцагчаас олговор гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд холбогдуулан өргөдөл гаргагч Б.С-с : “...хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэхгүй орхисны улмаас хариуцагчид ашигтай байдал бий болгосон, нэхэмжлэгчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх  хэсгийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар  Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул хуульд заасан эрх хэмжээний дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээгүй болно.

Зохигчдын гэм буруу, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх, түүнчлэн маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлон хууль хэрэглээний тайлбар хийхийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул тухайн шийдвэрийг гаргасан шүүгч нарыг өргөдөлд дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

2. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025***дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчид 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, хариуцагчид 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус тус гардуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах гомдол гаргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, түүний өмгөөлөгч Б.Д нараас 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах гомдлыг тус тус гаргасан байна.

Өргөдөлд: “...анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч биечлэн оролцсон... хариуцагч талаас шүүхийн шийдвэр гарснаас хойш 35 хоногийн дараа гомдол гаргасан. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход нийтээр амрах баярын өдрүүдийг оруулан тооцох ёстой...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг шүүгч 14 хоногийн дотор бичиж албажуулна.

Харин тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гардуулах, түүнчлэн давж заалдах гомдол гаргах хугацааны талаар хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т “Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна”, 7511 дүгээр зүйлийн 7511.1-т “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

Иймээс шүүхийн шийдвэр бичгээр албажиж гарсан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор хариуцагч шүүхэд ирж гардаж аваагүй тул 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс давж заалдах гомдол гаргах 7 хоногийн хугацааг тоолох ба уг хугацаа 2025 оны 07 дугаар сарын 24-ны дуусахаар байна.

Хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасныг илтгэгч гишүүн хариуцагчийг 1 хоногийн хугацаа хэтэрч давж заалдах гомдол гаргасан гэж илтгэгч гишүүн үзжээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №279 дугаар тогтоолоор 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гаригийг амралтын өдөрт тооцсон тул хариуцагчийн шүүхийн шийдвэрийг гардаж авах сүүлийн хугацаа болох 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нь бүх нийтийн амралтын өдөр таарч байна.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т "Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна" гэж зааснаар хариуцагчийн шийдвэрийг гардаж авах эцсийн өдрийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс тооцох бөгөөд уг өдрөөс давж гомдол гаргах 7 хоногийн хугацаа 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусаж байх тул хариуцагч гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй ба энэ талаар холбогдох шүүгч нарын нэмэлт тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.

Иймд илтгэгч гишүүнээс гаргасан “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасныг зөрчсөн гэх  үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй” гэх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0115 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа, М.Баясгалан нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                        ГИШҮҮН                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                     Б.СУГАР