info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-11-13

Дугаар 133

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар нарыг оролцуулан, мэдээлэл гаргагч, шүүгч Ц.А /цахим/-ийг байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

...аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-ээс ...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан, одоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдуулан гаргасан мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Д.Ариунтуяа хүлээн авч хянаад, 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ГЗҮ/2025/0080 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0116 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...1. Мэдээлэл гаргагчаас “.......аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар нь ...аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдлийн 3 өрөө орон сууцанд үнэ төлбөргүй оршин суудаг. /зөвшөөрөгдсөнөөр тухайн аймагт томилогдон ирсэн аймгийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч болон Ерөнхий прокурор байсан орон сууц/” гэх мэдээллийг гаргажээ.

Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүгч Л.Одбаатар ...газрын дарга П.Э-тай ...тоот, ...м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх тухай “Орон нутгийн өмчийн орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан тул 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин гэрээ байгуулж, гэрээний хугацааг 5 жилээр сунгажээ.

Энэхүү орон нутгийн өмчийн орон сууцны зориулалт нь төрийн тусгай албан хаагчид үнэ төлбөргүйгээр гэрээнд заасан хугацаанд эзэмшүүлэх бөгөөд тухайн албан тушаалтны орон сууцыг хэнд эзэмшүүлэх талаар тодорхой журам байхгүй, энэ талаар ...газрын дарга П.Э гэрчээр “...Эзэмшүүлэх шийдвэрийг манайхаас гаргадаггүй. Анх н.Б шүүгч оршин сууж байсан. Намайг анх ирэхэд гэрээгээ сунгаад л явдаг. Анхны гэрээг ямар шийдвэр үндэслэж гардгийг бол мэдэхгүй. Тамгын газраас бид нар зөвшөөрөл авдаггүй. Сууж байгаа хүн нь ашиглалтын гэрээ байгуулж байгаа. ...Журам байхгүй. Ашиглалтын гэрээ л байгуулдаг. ...Төрийн тусгай албан хаагч нар оршин суух боломжтой. Манайд гурван байр байгаа. Нэг байр нь Прокурорын дарга, нэг байранд шүүхийн дарга, нэг байр нь цагдаагийнх байгаа. ...Өөр албан тушаалтан хүсэлт гаргаагүй. Энэ орон сууц нь шүүхэд гэж гаргаж өгсөн байр” гэх мэдүүлгийг,

...шүүхийн шүүгч Ц.А “...Ер нь бол аймаг болгонд тухайн аймгийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор ашиглана гэсэн орон сууц байдаг. Тэр орон сууцанд томилогдож ирсэн албан тушаалтан тодорхой хэмжээнд байр сууриа олох хүртэл ашиглах зориулалттай гэж бодож байна. ...Л.Одбаатар шүүгч нь илүү ялгаатай. Захиргааны хэргийн шүүгч, ганцаараа Ерөнхий шүүгч, шүүгчээрээ ажиллаж байна. ...н.Б шүүгч суугаад гарсны дараа Л.Одбаатар шүүгч орсон. Л.Одбаатар шүүгчийн хувьд ...аймагт 20 хэдэн жил амьдарсан хүн ингэж байх нь үнэхээр зохисгүй. Нутгийн ард иргэд бол ярьдаг. Энэ нь нөгөө талаар шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн нэр хүндийг унагааж байна” гэх мэдүүлгийг,

тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.С “...Байр байдгийг мэднэ. Манай Тамгын газраас тэр ажиллагаанд оролцдоггүй. Шүүх өөрсдөө мэддэг байх. ...Аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан дээр гэрээ бол хийгддэг. Хэн шүүгч суухыг бол мэдэхгүй. Томилогдож ирсэн нь орон сууцанд ордог гэж боддог. ...Тус орон сууцанд н.Б шүүгч анх сууж байсан. Одоо бол Л.Одбаатар шүүгч сууж байгаа. Хэд хэдэн шүүгч солигдоод сууж байсан. ...Гэрээ нь бол байгаа. Журмыг бол мэдэхгүй байна. Тэр орон сууцанд хэн нь ордог талаар бол мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

Холбогдох шүүгч Л.Одбаатар “...Өмнө нь н.Б гээд давахын Ерөнхий шүүгч байсан шүүгч Нийслэлийн эрүүгийн давах руу шилжиж тус байр сулрахаар нь давахын ерөнхий шүүгч, захиргааны шүүхийн ерөнхий шүүгч нар бүгд ижилхэн, өөр байгууллагын хэлтсийн дарга орж байснаас шүүхийн энэ квотын байрандаа би орвол яаж байна гээд Шүүхийн Тамгын газрын даргад саналаа хэлсэн. Би ...аймагт орон байргүй байсан учраас орон нутгийн өмчийн байр буюу шүүхийн квотыг авч үлдэх гээд өргөдлөө, улсын бүртгэлийн лавлагаатай нь хамт аваачиж өгөхөд болзол шаардлага хангаж байна гээд ......газартай гэрээ хийсэн” гэх тайлбарыг өгсөн.

Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзвэл тухайн орон сууцанд хэн оршин суух нь тодорхой журмаар зохицуулагдаагүй, төрийн тусгай алба хаагчид зориулагдсан орон сууц тул дээрх “...зөвшөөрөгдсөнөөр ерөнхий прокурор, ерөнхий шүүгч орон сууцанд оршин сууна” гэх мэдээлэл нь үндэслэлгүй байна.

Мөн тус орон сууцыг шүүгч Л.Одбаатар эзэмшиж байх хугацаанд өөр шүүгч оршин суух хүсэлт гаргаж байгаагүй нь ...газрын дарга П.Э-ны гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Иймд шүүгч Л.Одбаатарыг  албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон дээрх орон сууцыг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн иргэн Б.Н-аас Шүүхийн сахилгын хороонд шүүгч Л.Одбаатарт холбогдуулан “......аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 3 өрөө орон сууцыг шүүгч Л.Одбаатараас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. ...аймгийн ард иргэд бид хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий өргөдөл гаргасныг гишүүний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1265 дугаар захирамжаар шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.Мэдээлэлд “...Хэдийгээр Засаг даргын хувийн орон сууц биш боловч тухайн орон сууцанд хэнийг оруулах эсэх талаарх шийдвэрийг зөвхөн аймгийн Засаг дарга гаргадаг. ...Засаг даргын Тамгын газартай холбогдолтой захиргааны аливаа хэрэг маргааныг Л.Одбаатар шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хуульд заасан татгалзан гарах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хянан шийдвэрлэж байгаа нь олон нийтэд шүүхийн болон шүүгчийн нэр хүндийг унагаах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад хүргэж байна” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, 84.1.1-д “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцож байсан”, 84.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн гэр бүл, төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садны холбоотой хүмүүс орсон”, 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 84.1.4-т “анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон”, 84.1.5-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон”, 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж заажээ.

Шалгах ажиллагааны хүрээнд ...аймгийн шүүхийн Тамгын газраас шүүгч Л.Одбаатар ...аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх тоон судалгааг гаргуулан авахад шүүгч Л.Одбаатар 19 хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд тус хэргүүдийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг гаргаж байгаагүй байна.

Шүүгч Л.Одбаатар нь ...аймгийн орон нутгийн өмчийн 3 өрөө орон сууцанд гэрээний дагуу оршин сууж байсан нь ...аймгийн Засаг дарга, ...аймгийн Засаг даргын Тамгын газартай холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Тодруулбал тухайн орон сууцыг эзэмшүүлэх шийдвэрийг ...аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргадаггүй, харин ...аймгийн ...газартай гэрээ байгуулснаар тус орон сууцыг эзэмших боломжтой болдог.

Түүнчлэн шүүгч гэрээ байгуулсан ...аймгийн ...газартай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байгаагүй болох нь шүүгч Л.Одбаатарын “...ерөөсөө шийдвэрлэж байгаагүй” гэх тайлбар, гэрч П.Э-ны “шийдвэрлэж байгаагүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгчийг ...аймгийн Засаг дарга, ...аймгийн Засаг даргын Тамгын газартай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй. 

Мөн шүүгч хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах нь хуулиар хориглосон байдгийг дурдах нь зүйтэй.

3.Мэдээлэлд “...Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ...аймгийн Төрийн байгууллагуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг 2024 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулсан. ...Тэмцээн зохион байгуулах нэрийдлээр зарцуулагдах төсвийг Л.Одбаатар шүүгч нь Засаг даргын Тамгын газраас /их хэмжээний мөнгө/ гаргуулан авсан. ...Тухайн мөнгөнөөс үлдсэн 1.000.000 төгрөгийг хамт олноороо явахаар төлөвлөсөн зугаалгад зарцуулна гэж байгаатай санал нийлэхгүй байна. Аливаа хууль бус үйлдлийг үл тэвчинэ. /зугаалгад зарцуулж, хамтдаа идэж ууцгаасан болно/” гэжээ.

Дээрх мэдээллийг шүүгч Ц.А-ээс тодруулахад “...Захиргааны шүүх гэхээр бид нар хоорондоо нээх хамааралгүй байдаг. Гэхдээ ойн арга хэмжээ зэрэг олон нийтийг хамарсан асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар бүгдээрээ сууж байгаад ярилцдаг. Би тухайн үед нь оролцоогүй. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д-ээс тухайн асуудлыг сонсож байсан. Дараа нь ой тэмдэглээд үлдсэн мөнгөөрөө Шүүхийн тамгын газарт өнгөт принтер бэлэглэж байсан зураг нь Тамгын газарт байгаа” гэх мэдүүлгийг,

...аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д “...Хандив тусламж бол мэдэхгүй. Засаг даргын Тамгын газраас манайд сургалтын захиалга ирүүлсэн гэсэн. Тэгээд сургалт явуулсан. Мөнгө төгрөгийг нь сайн мэдэхгүй байна. Нэг билүү хоёр өдрийн сургалт явуулсан. Шүүгч нарыг сургалт явуулаад өгөөч гэх хүсэлт тавьсны дагуу би Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зохицуулалтын талаар сургалт  явуулсан. ...Ц.А шүүгч бид хоёрын хооронд тийм яриа болоогүй. Сургалт хийгдсэн талаар яригдсан байж магадгүй. Анхан шатны шүүхээс хэн сургалт явуулах вэ гэдэг байдлаар асуусан байх. Ойн арга хэмжээнд зориулж сургалтад оруулах талаар ярьсан. Их хэмжээний мөнгө авсан талаар бол яриагүй. Манайхан ойрд зугаалгад яваагүй. ...Тэр мөнгөний зарцуулалт зэргийг манай Тамгын газрын дарга мэднэ. 17 сумын хууль эрх зүйн мэргэжилтэн, аймгийн тамгын газрын бүх ажилтныг оролцуулаад 3 өдрийн сургалт орсон” гэх мэдүүлгийг,

...аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.С гэрчээр “...Хандив тусламж бол өгөөгүй. Хуулиар хандив тусламж өгөх нь хориотой. ...Сургалтын захиалга өгөөгүй. Манайхаас сургалт аваагүй санагдаж байна” гэх мэдүүлгийг,

...аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Э.Г “...Нэгдүгээрт шүүх дотооддоо кэнтавр тэмцээн зохион байгуулсан. ...Хоёрт нь Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй хамтраад 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр хүртэл хуульчийн про-боно хөтөлбөр, сумуудыг онлайнаар оролцуулаад, Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдад шүүхэд мэдүүлэх эрх, Захиргааны хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн сургалт орсон. Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдыг оролцуулсан. Төрийн 6, 7 байгууллагын хооронд спортын тэмцээн зохион байгуулсан. ...Зардал гэж зүйл байхгүй.  Спорт тэмцээнийг бол Спортын газрын даргатай ярьж байгаад заалаа үнэгүй түрээсэлж аваад, бооцооны 50 билүү 100.000 төгрөг аваад түрүүлсэн багтаа медаль, өргөмжлөл өгсөн. Спорт зааландаа волейболын тэмцээн зохион байгуулаад, гадаа нь теннисний тэмцээн зохион байгуулсан. Нэг өдөр болоод дууссан тэмцээн байсан. ...Зардал гараагүй. Манайх өнгөт принтерээрээ өргөмжлөлөө хэвлээд, бооцооны мөнгөөрөө медалийн мөнгө босгосон санагдаж байна.

...Сургалтын хувьд бол Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлөөс хөтөлбөр, төслөө боловсруулсны үндсэн дээр сургалтын зардлыг гаргуулсан. Энэ нь дан ганц Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээнд зориулсан зүйл бол биш ер нь бол шүүх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх зөвлөлөөс шүүхэд мэдүүлэх эрх аяны хүрээнд хийхдээ давхар нийлүүлээд хоёр ажлыг нэгтгээд хийсэн. Захиргааны шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төсөв байхгүй, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлөөс хамтраад 7.000.000 гаруй төгрөгийн төлөвлөгөө хөтөлбөртэй нь гаргаж өгөөд Аймгийн хурлын танхимд нь төрийн албан хаагчдадаа шүүгч нар маань очоод сургалтаа хийсэн. ...Тэр мөнгөөр сургалтаа хийсэн. ...Бүх сумуудын албан хаагч нарт тараах материал, брошюр, хоёр анонс самбар босгосон. ...Хандив тусламж аваагүй. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлөөс өгсөн мөнгө нь шүүхийн үндсэн данс, нэмэлт санхүүжилтийн данс гэж байгаа тэр дансаар мөнгө ороод холбогдох санхүүгийн тайланг нь гаргаад явуулсан байгаа. Тэрнээс биш хувь хүн, аж ахуй нэгжээс мөнгө тусламж дэмжлэг аваагүй. ... Захиргааны шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээнд зарцуулаагүй. Тийм зардал байхгүй. Сургалтын зардлаас оруулаагүй.

...Зугаалгад яваагүй.  Шүүгч нар бол яваагүй. Ойтой холбоотой биш Шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагч нар 6 сарын хэдэнд билээ 20 гаруй хүн ...гэдэг амралтын газар луу өөрсдөө зардлаа гаргаад явсан. Уг зугаалгын зардалд ажилд ороод удаагүй албан хаагч нар ширээгээ угаана гээд илүү зардал гаргаж явцгаасан. ...Засаг даргын Тамгын газраас нэг ч төгрөг аваагүй, авъя гэдэг хүсэлт ч тавиагүй, өгөө ч үгүй. Зугаалгад бид нар өөрсдөө зардлаа гаргаад явсан. Уг зугаалгад нэг ч шүүгч яваагүй. Шүүхийн Тамгын газрын ажилчид явсан. Шүүхийн 20 жилийн ойд зориулсан юм байхгүй” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

Дээрх гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудаар шүүгч Л.Одбаатар нь Захиргааны шүүхийн 20 жилийн ойн арга хэмжээнд зориулан ...аймгийн Засаг даргын Тамгын газраас мөнгөн тусламж аваагүй байх ба дээрх “их хэмжээний мөнгө авсан” гэх мэдээлэл нь үндэслэлгүй байна.

Харин ...аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь ...аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдрүүдэд “Шүүхэд мэдүүлэх эрх” аяны хүрээнд ...аймгийн Сүхбаатар сумын иргэд, ...аймгийн төрийн захиргааны алба хаагчид, ...аймгийн ...суманд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан сургалт зохион байгуулжээ.

Тус сургалттай холбогдуулан ...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ...аймаг дахь шүүхийн Тамгын газарт 7.931.200 төгрөгийг шилжүүлж, Шүүхийн Тамгын газраас сургалттай холбоотой анонс, мэдээллийн самбар, тараах материал, сургалтын хөтөлбөр, санал асуулгын хуудас, танилцуулга, QR код бүхий хэвлэлд дээрх мөнгийг зарцуулсан талаарх зарлагын баримтыг гаргаж өгсөн.

Мөн ...аймаг дахь шүүхийн Тамгын газрын алба хаагчид зугаалгыг өөрсдийн зардлаар зохион байгуулсан, шүүгч нар оролцоогүй талаар Шүүхийн Тамгын газрын дарга Э.Г, шүүгч Г.Д нар гэрчээр мэдүүлсэн тул дээрх “...тухайн мөнгөнөөс үлдсэн 1.000.000 төгрөгийг ..зугаалгад зарцуулж, хамтдаа идэж ууцгаасан болно” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгч Л.Одбаатар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-д “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах” гэж заасан сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзлээ.

Түүнчлэн мэдээлэл гаргагч шүүгч Ц.А-ийн гэрчийн мэдүүлэгт дурдсан “ой тэмдэглээд үлдсэн мөнгөөрөө шүүхийн Тамгын газарт өнгөт принтер бэлэглэсэн” гэх үндэслэлийг тодруулахад шүүхийн Тамгын газрын дарга Э.Г “...шүүгч Л.Одбаатар шүүхэд ажилласан 20 жилийн ойг тохиолдуулан өнгөт принтерийг шүүхийн Тамгын газарт бэлэглэсэн”, шүүгч Л.Одбаатар “...Аймгийн Тамгын газраас сургалт зохион байгуулсан. ...Сургалтын зардлаа гаргаад Тамгын газраас холбогдох тайлангаа гаргаж өгсөн гэж байсан. Надад орж ирсэн мөнгө төгрөг бол ерөөсөө биш. Тэгээд ойгоороо шүүхдээ өгч байгаа гээд өгчих гэсэн, сургалтын зардлаар принтер авсан байх. Надад ямар нэгэн хамаарал байхгүй” гэх зөрүүтэй тайлбар, мэдүүлгийг өгсөн.

Улмаар шүүгч Л.Одбаатараас “...Сахилгын хороонд шалгагдаж байгаа асуудал нь өөрөө бусдаас их хэмжээний хандив авч хувьдаа завшсан гэх гомдол мэдээлэл байсан тул хувиасаа принтер /өнгөт/ авч Сэлэнгийн шүүхийн хамт олонд бэлэглэсэн талаар дурдаагүй, харин уг принтертэй холбоотой мөнгөний асуудлыг мэдэхгүй талаар, мөн уг принтерийг шүүхийн Тамгын газар мөнгийг нь гаргасан мэтээр тайлбарласан нь 1. Өөрөө хувиасаа мөнгө гаргаж авч өгсөн гэж ойлгогдохоор байсан тул өмнө нь тэгж мэдүүлсэн болон тайлбарласан” гэх нэмэлт тайлбарыг, холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.

Иймд хууль сануулж авсан шүүхийн Тамгын газрын дарга Э.Г-ийн гэрчийн мэдүүлэг, холбогдох шүүгчийн гаргаж өгсөн баримтуудаас үзвэл тухайн өнгөт принтерийг ...аймгийн шүүхийн Тамгын газарт шүүгч Л.Одбаатар худалдаж авч өгсөн болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Дээрхээс нэгтгэн үзвэл ...аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдуулан гаргасан мэдээллийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Л.Одбаатар хариу тайлбартаа: “...хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг: Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасан мэдээллийн тухай:

Мэдээлэл гаргагч, шүүгч Ц.А мэдээлэлдээ “Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг буюу Ерөнхий шүүгч Л.Одбаатар нь ...аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдлийн 3 өрөө орон сууцанд үнэ төлбөргүй оршин суудаг” гэсэн тухайд:

...аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар миний хувьд 1998-2013 оны хооронд ...аймагт прокурор, шүүгчээр, 2013-2015 оны хооронд Дархан-Уул аймагт тойргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2015 оноос одоог хүртэл ...аймагт анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2015-2020 оны хооронд ...аймагт хувийн орон сууцгүйн улмаас түрээсийн байраар 2020-2025 оны хооронд ...аймгийн Орон нутгийн өмчийн газарт төрийн албан хаагч нарт зориулсан албаны орон сууцанд амьдрах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт /Үүнд: ...аймагт ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө, хувийн орон сууцгүй талаарх улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, шүүхийн Тамгын газрын тодорхойлолт, гэр бүлийн байдал, төрийн албан хаагчаар ажилласан жил гэх мэт тодорхой болзол шаардлага тавигддаг/ ...аймгийн Орон нутгийн өмчийн газарт гаргаж болзол шаардлага хангасан үндэслэлээр ...аймгийн ...газартай 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ” хийж уг албаны 3 өрөө орон сууцыг гэрээгээр эзэмшиж эхэлсэн болно.

Түүнээс хойш гэрээний үүргээ сайн биелүүлсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...аймгийн ...газартай гэрээг шинэчлэн хийж хууль ёсны дагуу талуудын хүлээн зөвшөөрсөн гэрээний эрх үүргийн дагуу эзэмшиж байна.

Дээрх орон сууцанд ...аймагт ажиллаж амьдарч байгаа болзол шаардлага хангасан ямар ч төрийн албан хаагч хүсэлтээ өгөөд гэрээгээр эзэмших боломжтой бөгөөд энэ нь шүүгч миний хувьд Шүүхийн тухай хуульд заасан албан тушаалаа урвуулан ашиглаад өөртөө давуу байдал үүсгээд тухайн төрийн өмчийн 3 өрөө байрыг эзэмшээд байгаа зүйл огт байхгүй.

Мөн дээрх орон сууцанд Ц.А-ийн мэдээлэлд дурдсан шиг заавал аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч юм уу, Ерөнхий прокурор амьдарна гэсэн ойлголт байхгүй хэн түрүүлж хүсэлтээ өгсөн, хэн болзол шаардлага хангасан тэр төрийн албан хаагч ...аймгийн Төрийн өмчийн газартай орон нутгийн өмчийн орон сууц эзэмшүүлэх гэрээг хийж эзэмших боломжтой бөгөөд ...аймгийн Засаг даргад төрийн өмчийн албаны орон сууцыг хэн нэгэнд эзэмшүүлэх эрх ямар нэг хуулиар олгогдоогүй бөгөөд тийм бүрэн эрхгүй.

Мөн шүүгч намайг дээрх албаны орон сууцанд амьдарч байгаа талаар хэн нэгэн иргэн ямар нэг байгууллагад гомдол гаргаж байгаагүй бөгөөд анх 2022 онд шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н нь уг албаны байрны талаар ...аймгийн иргэдийн нэрийг барин Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж байсан бөгөөд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны ...5 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байсан бөгөөд одоо хоёр дахь тохиолдол нь эхнэр нь буюу шүүгч Ц.А өөрөө мэдээлэл гаргаж байна гэж ойлгож байна.

Мэдээлэлд ...аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 3 шүүгчийн орон тоотой боловч 1 шүүгч буюу зөвхөн Л.Одбаатар шүүгч ажилладаг гэсэн нь ташаа ойлголт байх бөгөөд тус шүүх нь 2023 оныг дуустал 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд одоогийн байдлаар 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөн “Засаг даргын Тамгын газартай холбогдолтой захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуульд заасан татгалзан гарах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хянан шийдвэрлэж олон нийтэд шүүхийн болон шүүгчийн нэр хүндийг унагаах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад хүргэж байна” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд шүүгч татгалзан гарах үндэслэлийн талаар дурдсан бөгөөд ...аймгийн ...газартай “Орон нутгийн өмчийн орон сууц эзэмшүүлэх гэрээ” байгуулан төрийн өмчийг эзэмшиж байгаа нь ...аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газартай холбоотой захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ямар нэг хамаараалгүй бөгөөд хуульд заасан татгалзан гарах үндэслэл болохгүй юм.

Мөн дээрх орон сууц эзэмших гэрээ байгуулсантай холбоотойгоор олон нийтэд шүүхийн болон шүүгчийн нэр хүндийг унагаасан шүүхэд итгэх итгэлийг бууруулсан талаар иргэд, олон нийтээс ямар нэг гомдол санал гарч байсан удаа байхгүй бөгөөд миний зүгээс шүүхийн болон шүүгчийн нэр хүндийг унагаасан иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулсан зүйл гаргаж байгаагүй болно.

Миний хувьд 2013 онд тойргийн шүүх байгуулагдах хүртэл ...аймагт өөрийн гэсэн орон сууцтай байсан бөгөөд нийслэлийн захиргааны шүүхэд томилуулахаар өргөн барьсан тул ...аймаг дахь орон сууцаа худалдаж Улаанбаатар хотод орон сууц худалдан аваад гэр бүлээ нүүлгэсний дараа хуульд заасан тодорхой шалтгаангүйгээр Ерөнхийлөгчөөс буцааж Дархан-Уул аймагт захиргааны хэргийн шүүгчээр томилсон бөгөөд 2 жил ажилласны дараа тойргийн шүүх байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр 2015 онд буцааж ...аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилсноор ...аймагт өөрийн хувийн орон сууцгүй тул түрээсийн болон төрийн өмчийн албаны байранд одоогоор гэр бүлийн хамт амьдарч байгаа болно.

Хоёр: Шүүхийн тухай хуулийн 50.1.8-д заасан мэдээллийн тухай:

Мэдээлэл гаргагч шүүгч Ц.А мэдээлэлдээ “Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8 дахь заалтад заасан “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах” гэж заасныг зөрчсөн буюу тэмцээн зохион байгуулах нэрийдлээр зарцуулагдах төсвийг Л.Одбаатар шүүгч нь Засаг даргын Тамгын газраас /их хэмжээний мөнгө/ гаргуулан авсан талаар шүүгч нар хоорондоо ярилцаж байгаа нь тухайн шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож хэргийн оролцогч буюу Засаг даргаас шууд ба шууд бусаар тусламж авах, давуу байдал, мөнгөн тусламж авахыг хориглоно гэсэн шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн” гэсэн тухайд:

Монгол улсад 2024 онд Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрсөн. Тус ойн арга хэмжээ албан ёсоор нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж захиргааны хэргийн нийслэлийн, орон нутгийн, давах, дээд шүүхийн шүүгч нар цугларч нэгдсэн журмаар онол практикийн бага хурал, хүлээн авалт, шагнал гардуулах ёслол гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Орон нутгийн шүүхүүдийн хувьд ойн арга хэмжээ зохион байгуулахад хүн хүч, төсөв хөрөнгөний хувьд хүндрэлтэй байдаг тул ...аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс ...аймагт тусдаа 20 жилийн ойн арга хэмжээ албан ёсоор зохион байгуулаагүй.

Дээрх мэдээллийн үндэслэлд дурдсаны дагуу шүүгч нь бусдаас шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, мөнгөн болон бусад урамшуулал ...шагнал авахыг хуулиар хориглодог бөгөөд шүүгч, Ерөнхий шүүгч хүний хувьд 21 жил захиргааны хэргийн шүүгчээр ажиллах хугацаандаа шүүгчийн болон хувь хүний зүгээс ямар нэг байдлаар хэн нэгнээс тэр тусмаа аймгийн болон бусад Засаг дарга нараас ямар нэг тусламж, мөнгөн урамшуулал үйлчилгээ авч байгаагүй болно.

Мөн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ...аймагт ямар нэг хүлээн авалт, зугаалга нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулаагүй/ шүүхийн хамт олон гэрчлэх байх/. Харин хууль хүчний байгууллагуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн явуулсан бөгөөд тэр нь ямар нэг мөнгөн урамшуулал байхгүй явагдсан.

Эцэст нь мэдээлэл гаргагч Ц.А нь аль нэг шүүгчийн хууль зөрчсөн болон ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл гаргах эрхтэй боловч мэдээлэл гаргаж байгаа шүүгч тухайн шүүгчийн үйл баримтын талаар үндэслэлтэй, баримттай мэдээ, мэдээллийг гаргах нь шүүгчийн ёс зүй, шударга байдал, хүн чанар, жудагт нийцнэ гэж ойлгож байна.

Түүнээс хувийн таарамжгүй зан харилцаа, нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос хувийн эрх, ашиг сонирхлыг дээгүүр тавьсан хандлага харилцаанаас үүдэлтэй өс хонзонгийн сэдэлтээр ажлаа хийгээд явж байгаа жирийн шүүгчийг удаа дараа хуулийн байгууллагуудад өгч шалгуулж байгаад туйлын харамсалтай байна” гэжээ.

Холбогдох шүүгч Л.Одбаатар нэмэлт тайлбартаа: “...Шүүгч Л.Одбаатар миний бие өмнө нь өгсөн тайлбартаа “Захиргааны шүүхийн 20 жилийн ойг тохиолдуулан ...аймгийн шүүхэд дутагдалтай байгаа өнгөт принтер бэлэглэсэн” асуудалд Сахилгын хороонд шалгагдаж байгаа асуудал нь “өөрөө бусдаас их хэмжээний хандив авч хувьдаа завшсан” гэх мэдээлэл байсан тул хувиасаа өнгөт принтер авч ...шүүхийн хамт олонд бэлэглэсэн талаар дурдаагүй, харин уг принтертэй холбоотой мөнгөний асуудлыг мэдэхгүй талаар, мөн уг принтерийг шүүхийн Тамгын газар мөнгийг нь гаргасан мэтээр тайлбарласан нь

1. Өөрөө хувиасаа мөнгө гаргаж авч өгсөн гэж ойлгогдохоор байсан тул өмнө нь тэгж мэдүүлсэн болон тайлбарласан.

2. Захиргааны шүүхийн 15 жилийн ойгоор ч миний бие шүүгч Ж.Бурмаатай хамтарч халуун хүйтэн ус гаргагч, мөн гал тогооны хэсэгт хөргөгч худалдан авч өгч, хамт олон болон шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд эм уух ус, өдөр хоолоо, махаа хөлдөөх хөргөгч авч өгч шүүхийн болон шүүгч, захиргааны ажилчдад өөрийн сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсний илрэл юм гэж боддог.

Мөн орон нутгийн шүүхүүдэд хотын шүүхэд байдаг шиг тоног төхөөрөмж, ойр зуурын ахуйн хэрэглээний зүйл дутмаг байдагт хувь хүний болон шүүгч хүний хувьд санаа зовж аль болох чадлаараа ойг тохиолдуулан туслахыг хичээж явахад мэдээлэл гаргагч шүүгч Ц.А болон түүний нөхөр Б.Н нар нь харин эсрэгээрээ харлуулах гүтгэх доромжлох, янз бүрийн өө сэв хайж Шүүхийн сахилгын хороо болон Авлигатай тэмцэх газарт удаа дараа шалгуулж, үндэслэлгүй гомдол гаргаж шүүгч хүнд баймгүй авир, зан ааш, үйлдэл, үйл ажиллагаа гаргаж байгаад туйлын харамсаж байна.

Жич: Миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хувьд сэтгэл гарган хувиасаа өнгөт принтерийг ...шүүхийн хамт олондоо 20 жилийн ойд зориулан бэлэглэсэн нь үнэн бөгөөд худалдан авсан зарлагын падааныг тайлбартаа хавсаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны  хуралдаанаар илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд шүүгч Л.Одбаатарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хуульд нийцсэн, сахилын хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,

1.Шүүгч Л.Одбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн эсэх тухайд:

Мэдээлэл гаргагч, шүүгч Ц.А мэдээлэлдээ “...шүүгч Л.Одбаатар нь ...аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдлийн 3 өрөө орон сууцанд үнэ төлбөргүй оршин суудаг. Хэдийгээр Засаг даргын хувийн орон сууц биш боловч тухайн орон сууцанд хэнийг оруулах эсэх талаарх шийдвэрийг зөвхөн аймгийн Засаг дарга гаргадаг... Засаг даргын Тамгын газартай холбоотой захиргааны аливаа хэрэг маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хуульд заасан татгалзан гарах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хянан шийдвэрлэж байгаа нь олон нийтэд шүүхийн болон шүүгчийн нэр хүндийг унагаах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад хүргэж байна...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ...9 дүгээр албан бичгээр “шүүгч Л.Одбаатар 2021 оноос хойш ...аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн болон одоо ажиллагаанд байгаа хэргийн тоон мэдээллийг авах”-аар ...аймаг дахь шүүхийн Тамгын газарт хүргүүлэхэд тус газрын 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ..2 дугаар албан бичгээр “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны 17 хэргийг шийдвэрлэсэн, Засаг даргын Тамгын газартай холбогдох захиргааны хэргийг шийдвэрлээгүй. Мөн одоо тус аймгийн засаг даргатай холбогдох захиргааны 4 хэрэг ажиллагаанд байгаагаас 2 хэрэг нь түдгэлзүүлсэн төлөвтэй байна” гэж хариуг өгсөн байна. /с.х-ийн 30-31 тал/

Түүнчлэн тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар албан бичгээр дээрх хэргүүдийн нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, хэргийг шийдвэрлэсэн байдал, шүүгч Л.Одбаатар татгалзан гарах хүсэлт гаргасан эсэхийг тодруулсан дэлгэрэнгүй судалгааг илтгэгч гишүүнд ирүүлжээ.

Судалгаанаас үзвэл шүүгч Л.Одбаатар нь ...аймгийн Засаг даргатай холбогдох 17 хэргийг хянан шийдвэрлэх явцдаа “татгалзан гарах тухай” хүсэлт гаргаж байгаагүй, 1 хэргийн нэхэмжлэгч нарын дунд шүүгч Л.Одбаатарын эхнэр байсан тул “татгалзан гарах тухай” хүсэлт гаргаснаас тухайн хэргийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн, одоо ажиллагаанд байгаа 4 хэргийн хувьд шүүгч Л.Одбаатар нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул хэргийг шүүгч Б.О-д шилжүүлсэн байна. /с.х-ийн 35-40 тал/

Дээрх үйл баримттай холбоотой илтгэгч гишүүн ...газрын дарга П.Э-аас гэрчийн мэдүүлэг авахад “намайг энэ албан тушаалд томилогдсоноос хойш төрийн өмчтэй холбоотой маргааныг шүүгч Л.Одбаатар шийдвэрлэж байгаагүй” гэж мэдүүлсэн, мөн холбогдох шүүгч нь “...газартай холбоотой маргааныг би ерөөсөө шийдвэрлэж байгаагүй” гэх тайлбарыг тус тус өгчээ. /с.х-ийн 59-62, 94-96 тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй, татгалзан гарах үүргийн талаар хуульчилсан боловч орон нутгийн өмчийн орон сууцад ...газрын даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус байгууллагын мэдлийн орон сууцад оршин сууж байгаа нь уг хуульд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахааргүй байна.

Иймд илтгэгч гишүүний “...шүүгчийг ...аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газартай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй” гэж үзсэн нь үндэслэл бүхий гэж дүгнэлээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гишүүний 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ...7 дугаар албан бичгийн дагуу ...аймгийн ...газраас 2020 болон 2025 онуудад шүүгч Л.Одбаатартай байгуулсан “Орон нутгийн өмчийн орон сууц эзэмшүүлэх тухай” гэрээнүүдийг тус газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ..2 дугаар албан бичгийн хавсралтаар авч, сахилгын хэрэгт хавсаргасан байна. Тухайн гэрээнүүдээс үзэхэд шүүгч Л.Одбаатар нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ...аймгийн Орон нутгийн өмчийн мэдлийн 3 өрөө, ...м.кв талбай бүхий орон сууцыг эзэмших гэрээ байгуулан оршин сууж байсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг дахин 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 5 жилийн хугацаатай сунган байгуулжээ. /с.х-ийн 53-58 тал/

Түүнчлэн гишүүн шалгах ажиллагааны хүрээнд ...газрын дарга П.Э, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.С нараас гэрчийн мэдүүлэг, мэдээлэл гаргагч шүүгч Ц.А, холбогдох шүүгч Л.Одбаатар нараас нэмэлт тайлбар авч, энэ тухай саналын 7 дугаар талд тусгасан байна. /с.х-ийн 41-45, 59-65, 94-96, 102-113 тал/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, 2 дахь хэсэгт “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ”, 3 дахь хэсэгт “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 3-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ”, 4-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч, ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд (цаашид "түрээслэгч" гэнэ) байна”, 5-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь ...төрийн өмчит хуулийн этгээд (цаашид "түрээслүүлэгч" гэнэ) байна. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ” гэж тус тус заажээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 527 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 691 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус тус баталсан “Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт”-оос үзэхэд ...газрын дарга нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, үзлэг, тооллого зохион байгуулах, эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хяналт тавихаар байна.

Дээрх хууль, журам, тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтуудаас үзэхэд шүүгч Л.Одбаатар нь ...аймгийн ...газартай “Орон нутгийн өмчийн орон сууц эзэмшүүлэх гэрээ” байгуулах боломжтой юм.

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч Л.Одбаатарыг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон дээрх орон сууцыг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн иргэн Б.Н-аас мөн шүүгчид холбогдуулан “...аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 3 өрөө орон сууцыг шүүгч Л.Одбаатараас албадан чөлөөлүүлэх хүсэлттэй байна...” гэх утга агуулга бүхий өргөдлийг тус хороонд гаргаж байсан байх бөгөөд тухайн өргөдөл нь гишүүн С.Э-д хуваарилагдаж, гишүүний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1265 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр Л.Одбаатар нь тухайн орон нутгийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэдэг шүүгчийн хувьд аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэдлийн орон сууцанд оршин сууж байсныг “зохимжгүй” талаар мэдээлэлд дурдсаныг үгүйсгэж болохгүй ч энэ нь хуульд нэрлэн заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авсан болно.

2. Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8 дахь заалтад “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах” гэж заасныг зөрчсөн эсэх тухайд:

Шүүгч Ц.А мэдээлэлдээ “...захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд спорт тэмцээн зохион байгуулсан. Тэмцээн зохион байгуулах нэрийдлээр зарцуулагдах төсвийг Засаг даргын Тамгын газраас /их хэмжээний мөнгө/ гаргуулан авсан ...мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг хамт олноороо явахаар төлөвлөсөн зугаалгад зарцуулна гэж байгаатай санал нийлэхгүй байна...” гэж, уг мэдээллийг тодруулахад “...ойн арга хэмжээ зэрэг олон нийтийг хамарсан асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар бүгдээрээ сууж байгаад ярилцдаг. Би тухайн үед нь оролцоогүй, Ерөнхий шүүгч Г.Д-ээс сонссон. Дараа нь ой тэмдэглээд үлдсэн мөнгөөрөө Шүүхийн Тамгын газарт өнгөт принтер бэлэглэж байсан зураг нь Тамгын газарт байгаа...” гэжээ. /с.х-ийн 1-2, 41-45 тал/

Дээрх үйл баримттай холбогдуулан илтгэгч гишүүн ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д, тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Э.Г, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.С нараас гэрчийн мэдүүлэг авч, тэдгээрийн мэдүүлгийг саналын 9-11 дүгээр талд тусгасан байна. /с.х-ийн 46-49, 63-70, 102-113 тал/

Мөн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...аймаг дахь шүүхийн Тамгын газар нь тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “Шүүхэд мэдүүлэх эрх” аян зохион байгуулжээ.

Тус аяны хүрээнд иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн захиргааны албан хаагчдад аймгийн анхан болон давж заалдах шатны шүүгч нар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэглээний талаар сургалт зохион байгуулж, аймгийн Сүхбаатар сумд байрлах Ерөнхий боловсролын  6 сургуулийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг сэдэвтэй сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байх ба сургалттай холбогдуулан иргэд, албан хаагчдад зориулсан “шүүхэд мэдүүлэх эрхийн тухай мэдээллийг агуулсан танилцуулга хэвлүүлж, тухайн хэвлэмэл хуудсыг анхан шатны шүүхийн харьяа сумдад хүргүүлсэн. Мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан шүүхийн үйл ажиллагааг ойлгомжтой байдлаар хүргэх шүүхүүдийн мэдээлэл агуулсан танилцуулга бүхий самбар хэвлүүлж, байршуулсан байна.

Сургалтад зориулж шүүхийн Тамгын газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Захиргааны хэргийн шүүхийн гэмт хэргийн сургалтын зардал” гэх утга бүхий шилжүүлсэн 7.931.200 төгрөгөөр танилцуулга анонс 35 ширхэг, 4*6 хэмжээтэй анонс 24 ширхэг, иргэд болон сурагчдад зориулсан шүүхийн мэдээллийн самбар тус бүр 5 ширхэг, тараах материал 1350 ширхэг, сургалтын хөтөлбөр 500 ширхэг, санал асуулгын хуудас 156 ширхэг, QR код бүхий хэвлэл 50 ширхгийг хэвлүүлэхэд зарцуулсан нь ...аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар албан бичгээр тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлсэн сургалтын тайлангаар тогтоогдож байна. /с.х-ийн 71-92 тал/

Харин шүүхийн Тамгын газрын албан хаагч нар өөрсдийн зардлаар зугаалгад явсан болох нь шүүхийн Тамгын газрын дарга Э.Г, Ерөнхий шүүгч Г.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул мэдээллийн “...үлдсэн 1.000.000 төгрөгийг зугаалгад зарцуулсан...” гэсэн болон дээр дурдагдсан 7.931.200 төгрөг нь шүүгч Л.Одбаатарт бус, шүүхийн Тамгын газрын дансанд шилжүүлэгдсэн нь тогтоогдож байх тул мэдээллийн “...Засаг даргын Тамгын газраас их хэмжээний мөнгө гаргуулан авсан...” гэсэн нь тус  тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх баримтуудаас дүгнээд шүүгч Л.Одбаатарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэв.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн мэдээлэл гаргагч, шүүгч Ц.А-ээс гэрчийн мэдүүлэг авахад “...Захиргааны хэргийн шүүхийн ой тэмдэглээд үлдсэн мөнгөөрөө шүүгч Л.Одбаатар шүүхийн Тамгын газарт өнгөт принтер бэлэглэж байсан...” гэснийг тодруулсан байна.

Дээрх үйл баримттай холбоотой шүүгч Л.Одбаатар нь “...хувиасаа өнгөт принтер авч Сэлэнгийн шүүхийн хамт олонд бэлэглэсэн ...өмнө нь Захиргааны шүүхийн 15 жилийн ойгоор ч миний бие шүүгч Ж.Бурмаатай хамтарч халуун хүйтэн ус гаргагч, мөн гал тогооны хэсэгт хөргөгч худалдан авч өгч байсан. ...Мөн орон нутгийн шүүхүүдэд хотын шүүхэд байдаг шиг тоног төхөөрөмж, ойр зуурын ахуйн хэрэглээний зүйл дутмаг байдагт хувь хүний болон шүүгчийн хувьд санаа зовж аль болох чадлаараа ойг тохиолдуулан туслахыг хичээдэг...” талаар дурдсан нэмэлт тайлбар ирүүлж, холбогдох өнгөт принтерийг худалдан авсан талаарх баримтыг эх хувиар Шүүхийн сахилгын хороонд ирүүлжээ. /с.х-ийн 98-99 тал/

Иймд илтгэгч гишүүний “...тухайн өнгөт принтерийг шүүхийн Тамгын газарт шүүгч Л.Одбаатар худалдаж авч өгсөн болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэснийг бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Л.Одбаатар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.8 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан үзэхээргүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/..6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                   ГИШҮҮН                                          О.НОМУУЛИН

                                                                                  Х.ХАШБААТАР