info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-12-04

Дугаар 151

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар нарыг оролцуулан, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ГС/2025/0127 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“... 1.Мэдээллийн: “ ...Э.Б нь өөрийн хүчингийн хэргийг шүүгч Ш.Гандансүрэнд хахууль өгч ... дүүргийн шүүхийн шүүгч нарыг аргалж хэргээс мултарч хуурай гарсан” гэх үндэслэлийн тухайд:

            Холбогдох шүүгч Ш.Гандансүрэн тайлбартаа: “ ...2021 онд санагдаж байна Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан Ц.О нь Б-ийг дүүгээ гэж бидэнд буюу шүүгч Ю.Э, Т.Б, Ж.Д, бид хэдэд танилцуулж байсан” гэж дурдсанаас үзэхэд тэрээр Э.Б-тэй ах дүүгийн буюу хувийн харилцаатай гэж үзэхээр байна.

            Шалгах ажиллагааны хүрээн мэдээлэлд дурдсан үйл баримтыг тодруулахаар Э.Б /РД:.../-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан эсэхийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шалгуулахад тэрээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хүчиндэх гэмт хэрэг/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ... дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэгсэхгүй болгох саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

            Дээрхээс үзэхэд Э.Б-ийн холбогдсон хүчингийн гэмт хэрэг нь мөрдөн байцаалт явагдаж дуусан, прокурорын хяналтад шилжүүлсэн байх ба тус хэргийг шүүхэд шилжүүлээгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул мэдээллийн: “...шүүгч Ш.Гандансүрэнд хахууль өгч ... дүүргийн шүүхийн шүүгч нарыг аргалж хэргээс мултарч хуурай гарсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн Э.Б-ийг гэрчээр асуухад: “Би Төв аймгийн шүүхээс шүүгч Ц.О, Ш.Гандансүрэн, Ж.Д, Ж.Б, Ю.Э нарыг танина. Би Ц.О шүүгчийн нөхөр н.Г ахтай хуурай ах дүү. Тэгээд танилцаж байсан. Ш.Гандансүрэн шүүгчтэй одоо харилцаагүй байгаа. 2020 он байна уу 2021 онд танилцаж байсан. Би хүчингийн хэрэгт 2021 оны 12 сард шалгагдаад одоо хүртэл дуусаагүй байгаа. Хэрэгт холбогдсон талаар шүүгч Ш.Гандансүрэнд хэлж байгаагүй” гэх мэдүүлгийг өгсөн.

            Иймд шүүгчийн “Энэ талаар миний бие огт мэдэхгүй. Чухам ямар учраас ийм зүйл бичсэнийг ойлгохгүй байна. Миний бие ... дүүргийн шүүхийн шүүгч нар руу хэрэг гуйж ярьж байсан удаагүй. Б-ийг гэмт хэрэгт холбогдсон эсэх талаар миний бие огт мэдэхгүй, чухам хэзээ, хаана, хэн хэн гэдэг хүмүүс хэрхэн яаж шийдвэрлэж байсан эсэх талаар миний би огт мэдэхгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзлээ.

            2.Мэдээллийн: “ ...шүүгч Ш.Гандансүрэнгийн аав нас барахад Б буяны ажилд мөнгө өгч, машинаараа буяны ажлыг нь амжуулж өгсөн гэдэг. ...жил бүрийн амралтаар дүү Б-ээсээ машин авч хөдөө гадаагүй аялж зугаалж явдаг” гэх үндэслэлийн тухайд:

            Холбогдох шүүгч тайлбартаа: “ ... 2022 оны 06 дугаар сарын 02-нд эцэг 3.Ш нь ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барж миний гэр бүл болон төрөл төрөгсөд, садан төрөлд маань уй гашуу тохиолдсон юм. ...Буяны ажил явдлын үеэр Б над руу залгаж "буяны ажилд зориулж мөнгө төгрөг шилжүүлэх гэсэн юм" гэхээр нь өөрийн А банкны ... дансны дугаарыг өгсөн бөгөөд 3.000.000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн байсныг сүүлд нь мэдсэн. Тухайн үед миний бие буяны ажил гээд завгүй, ажил ихтэй байсан болохоор хүмүүсийн адил аавын минь буяны ажилд зориулж мөнгө төгрөг өгч байна л гэж бодсон. Аавынхаа шарилыг чандарлуулаад нутагт нь буюу ... аймгийн ... сумын нутагт байрлах ... өвөр "..." гэх нэртэй элсэн манхнууд дунд аваачиж нутаглуул, явах өдөр судрыг нь хэлж өгнө гэж эцэг 3.Ш-ийн багын найз, нэг ангид суралцаж байсан ... хийдийн хамба лам, зурхайч Г ах хэлсний дагуу ... дүүрэгт байрладаг шарил чандарладаг газар чандарлуулж, явах өдрийг хүртэл уг газраа чандрыг нь хадгалуулсан. Гэтэл Г ах 2022 оны 07 дугаар сарын 28, 29-ний аль нэгэнд санагдаж байна 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө амжиж нутаг руу чандрыг аваачиж зан үйлийг хийж гүйцэтгэ гэж утсаар эцэг З.Ш-ийн хамгийн бага дүү болох 3.Н эгчээр хэлүүлсэн ба аавыг нутаглуулах газар нь элсэн манхнууд бөгөөд жижиг болон дунд оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй, зөвхөн том оврын моторын хүчин чадал өндөртэй тээврийн хэрэгсэл явах боломжтой учраас яаралтай том оврын моторын хүчин чадал өндөртэй тээврийн хэрэгсэл олох шаардлага үүссэн. Тухайн 2022 оны 07 дугаар сарын 28, 29-ний үе нь зуны дэлгэр сайхан аялал зугаалгын цаг үе байсан учраас надад том оврын тээврийн хэрэгсэл олдохгүй, асууж сурагласан хүн бүхэн аялал зугаалгаар явж байна, явсан байна, явах гэж байна гээд байсан учраас би Б рүү залгаж асуухад хүнээс том оврын тээврийн хэрэгсэл асууж өгье, эргээд ярья гэсэн. Хэсэг хугацааны дараа Б эргэж залгаад найзынхаа цагаан өнгөтэй “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийг гуйсан чинь аваад яваа оронд нь унах машин үлдээчих гэж байна гэхээр нь өөрийнхөө дунд оврын “Тоёота Клугер” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б-ийн найзад үлдээгээд "Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 07 дугаар сарын 30-ны үүрээр төрсөн дүү нар болох Ш.Г, Ш.Г, эцэг 3.Ш-ийн төрсөн дүү нар болох 3.Д, З.Б нарын хамтаар аавынхаа чандрыг авч ... аймгийн ... сум руу хөдөлсөн. Энэ тухай буяны ажил явдал дууссаны дараа цуг ажилладаг шүүгч нарт том оврын моторын хүчин чадал сайтай машин олдохгүй сандарч байх үед Б найзаасаа машин олж өглөө гэж хэлж байсан. Аавын минь буяны ажил явдлаар миний, эхнэр Р.Н, охин М.Я, дүү Ш.Г, түүний эхнэр Н, дүү Ш.Г, түүний эхнэр Э нарын дансаар их хэмжээний мөнгө төгрөг орсон бөгөөд энэ талаар тухайн жилдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн болно. Тэрнээс биш миний бие нь жил бүрийн амралтаар Б-ээс машин авч хөдөө гадаагүй аялж зугаалгад явж байгаагүй бөгөөд 2013 оны 10 сард худалдан авч байсан гэр бүлийнхээ хэрэгцээнд унадаг “Тоёота Клугер” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөө гадаа явах шаардлага үүссэн тохиолдолд явдаг, явсаар ч ирсэн” гэжээ.

            Э.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “ ...тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Мөнгө өгч байсан санагдаж байна. Машины хувьд гэвэл манай найзын машин авч явсан байх яг тодорхой санахгүй байна” гэжээ.

            Дээрхээс үзэхэд Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнгийн аав З.Ш нь 2022 оны 06 дугаар сарын 02-нд өвчний улмаас нас барсан байх ба үүнтэй холбогдуулан Э.Б-ээс буяны ажилд зориулан 3.000.000 төгрөгийг шүүгчид шилжүүлсэн, түүнчлэн Э.Б-ийн найзын “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийг буяны ажил явдалд хэрэглэсэн нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй юм.

            Өөрөөр хэлбэл, хувийн харилцаатай хүний гэр бүлийн хүн нас барсан үед ажил явдалд нь туслах, ар гэрт нь дэм болох нь Монголчуудын эртнээс дагаж мөрдөж ирсэн зүй ёсны үйл хэрэг бөгөөд үүнийг шүүгчийн ажил үүрэгтэй холбон үзэх боломжгүй юм.

            3.Мэдээллийн: “ ...Б нь 2022 онд архи уусан үедээ автомашин жолоодож яваад зам тээрийн осол гаргаж, машинд нь явсан Ц.Ц-ын гэж хүзүү, нуруунд гэмтэл учруулан суумгай болгосон. Хуурай ах АТГ-ын Н, Б нар цагдаагаар хөөцөлдөж байгаад зохицуулж, ах Гандансүрэн ... аймгийн прокурор дээр нам дарж зохицуулсан” гэх үндэслэлийн тухайд:

             Шалгах ажиллагааны явцад мэдээлэлд дурдсанаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нартай холбоотой асуудал дурдагдсан тул тэдгээрийн гэрчээр дуудаж асуухад:

            Мөрдөгч Д.Н: “ ...Э.Б-тэй миний санаж байгаагаар 2016 онд Булган аймгийн баяр наадмын үеэр танилцаж байсан, морь уралдуулаад явж байсан, тэр үед нь танилцаж байсан мэндтэй явдаг, түүнээс өөр харилцаа байхгүй. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн гэх хүнийг танихгүй, мэдэхгүй. Би Б-ийн өмнөөс хэн нэгэн, цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчтай уулзаж шалгагдаж буй асуудлыг нь хөнгөрүүлэх, цагаатгах гэж оролдсон зүйл огт байхгүй, Э.Б-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасан гэж ч сонсоогүй” гэх мэдүүлгийг,

            Мөрдөгч Т.Б: “ ...Миний бие Э.Б гэх хүнийг танина. Түүнтэй 2015 бил үү 2016 он байх Булган аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байхдаа танилцаж байсан. Тэрээр морь уяж уралдуулдаг бөгөөд тухайн үед Булган аймгийн наадмаар морь уралдуулахаар ирэх үед нь танилцаж байсан. Ер нь морь уралдуулдаг гэдгээр нь л мэднэ. Дотно холбоо хамаарал байхгүй. Би Төв аймгийн шүүхэд ажилладаг шүүгч, ажилтнуудаас таньж мэдэх хүн байхгүй. Э.Б нь 2022 онд хаана согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашины осол гаргасныг мэдэхгүй байна. Түүнийг хэзээ, ямар хэрэгт холбогдох шалгагдаж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлгийг тус тус өгсөн болно.

            Түүнчлэн Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд Э.Б нь 2022 онд гэмт хэрэгт холбогдоогүй. Харин уг онд 2 зөрчил гаргасан байна. Тодруулбал:

            - 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.23 /Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон/ дахь хэсэгт заасныг зөрчсөний учир 20.000 төгрөгөөр торгуулсан,

            - 2022 оны 09 дүгээр сарын 13, 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.57 /Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн/ дахь хэсэгт заасныг зөрчсөний учир 20.000 төгрөгөөр тус тус торгуулсан байна.

            Дээрхээс үзэхэд Э.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх холбогдох шүүгчийн “ ...Миний бие энэ бичээд байгаа асуудлын талаар огт мэдэхгүй, ойлгохгүй байна. Би АТГ-ын Н, Б гэгч хүмүүсийг огт танихгүй, 2022 онд архи уусан үедээ автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж машинд нь явсан Ц-ийн Ц /НН.../ гэж хүзүү, нуруунд гэмтэл учруулан гэх хэргийн талаар огт дуулаагүй, мэдэхгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

            4. Мэдээллийн: “ ...Э.Б ... сумын Засаг дарга А-т удаа дараа хахууль өгсөн хэрэгт шалгагдсан. Энэ хэргийг Ш.Гандансүрэн шийдэх гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, Э.Б гадуур ярихдаа ах Гандансүрэн дээр миний хэрэг байгаа ах цагаатгаж өгнө гэсэн гэж ярьсан. Гандансүрэн нь дүү Б-ийнхээ хэргийг дуустал нэгнийгээ танихгүй, холбоо хамааралгүй шүү гэж ярьцгааж байна лээ” гэх үндэслэлийн тухайд:

            Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ... аймгийн ... сумын Засаг дарга Л.А болон Э.Б нарын 4 хүнд холбогдуулан авлигын гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2025/ЕШЗ/*** дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Т.Б-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

            Шүүгч Т.Б нь хэргийг хүлээн авсан дариу Э.Б-тэй хувийн сонирхолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

            Шүүгч Т.Б-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаар захирамжаар хангаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг өөрчилж, системээр дахин хуваарилахыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд даалгажээ.

            Улмаар Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.М томилсон шийдвэрийг албажуулжээ. Ингээд шүүгч Д.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурор буцааж шийдвэрлэжээ.

            Тус захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гаргасан эсэргүүцлээр хэргийг хянасан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ДШМ/** дугаар магадлалаар “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан” байна.

            Магадлалыг эс зөвшөөрч яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гомдол гаргасан ба одоогоор тус хэрэг нь Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно.

            Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэрэгт Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан Ерөнхий шүүгчийн шүүгчийн бүрэн эрхийн шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

            Түүнчлэн, шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэг хийхэд хэн нэгний оролцоотойгоор эсхүл гараар тохируулж хэргийг шүүгч Т.Б, Д.М нарт хуваарилсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

            Иймд дээрх эрүүгийн хэрэг нь шүүгч Т.Б, Д.М нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .../ЗТ2025/*** дугаар тогтоолоор баталсан “Хэрэг хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын    1.3-д “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах шүүгч болон хуралдаан даргалагчийг сугалаагаар дараах байдлаар тогтоосугай”, 1.3.а-д “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд 1.Шүүгч Ж.Д, 2.Шүүгч Ц.О, 3.Шүүгч Д.М, 4.Шүүгч Ю.Э  5.Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, 6.Шүүгч Т.Б гэсэн дарааллаар тойрог үүсгэх” гэж заажээ.

            Дээрхээс үзэхэд эрүүгийн хэргийг хянан хянан шийдвэрлэх шүүгч Д.М-ээс бусад шүүгч нар нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар Э.Б-тэй хувийн харилцаатай болох нь тогтоогдож байх ба энэ нь иргэд, олон нийтийн дунд шүүх, шүүгч нарыг аливаа ашиг сонирхлын зөрчилд холбогдуулан ойлгох хардлагыг төрүүлэх нэг нөхцөл болж байгааг дурдах нь зүйтэй байна.

            5. Мэдээллийн: “ ...Саяхан Б-ийн уурхай дээр шүүгч Галдансүрэн өөрийн найз шүүгч М-ийн хамт очиж дайлуулж цайлуулж байгаад ирэхдээ нэлээдгүй мөнгөтэй ирсэн гэдэг. Бас ... гэдэг газарт алт ухаж байгаа хүнээс хувь авахаар боллоо гэж өөрийнхөө ойрын хүнд хэлсэн байна. Галдансүрэн энэ хууль бус мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлээд Авлигатай тэмцэх газрынхны амыг хаана шүү дээ гэж ярьсан нь их сонирхол татаж байгааг анхаарч шалгаж өгнө үү” гэх үндэслэлийн тухайд:

Холбогдох шүүгч тайлбартаа: “ ...Миний бие Б-ийн уурхай дээр өөрийн найз шүүгч М-ийн хамт очиж дайлуулж цайлуулсан ямар нэгэн асуудал байхгүй тэр уурхай нь хаана байдаг эсэхийг ч мэдэхгүй, мөн нэлээдгүй мөнгөтэй ирсэн гэх асуудалд бүр гайхаж байна. Тэгээд ч шүүгч М гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй, Монгол улсын шүүхийн хэмжээнд шүүгч М гэдэг хүн байдаг эсэхийг би сонсоогүй, мэдэхгүй. Мөн ... гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Алт ухаж байгаа хүнээс хувь авахаар болсон гэх асуудлыг мөн гайхаад гайхаад олохгүй байна. Ийм ор үндэсгүй зүйлийг надтай холбож бичээд байгаад харамсаж байна, үнэн мөн нь олдох байх гэж найдаж байна. Намайг хууль бус мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлээд Авлигатай тэмцэх газрынхны амыг хаана гэснийг бүр ч гайхаад учрыг нь олохгүй л байна” гэжээ.

Э.Б-ийн гэрчээр өгсөн: “ ... аймгийн ... суманд ... гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан. Одоо ажиллахгүй байгаа. Уурхай дээр шүүгч Ш.Гандансүрэн очиж байгаагүй” гэх мэдүүлэг өгсөн ба Төв аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд н.М нэртэй шүүгч ажилладаггүй тул мэдээлэлд дурдсан “...Б-ийн уурхай дээр шүүгч Гандансүрэн өөрийн найз шүүгч М-ийн хамт очиж дайлуулж цайлуулж байгаад ирэхдээ нэлээдгүй мөнгөтэй ирсэн гэдэг” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн мэдээлэлд “Галдансүрэн энэ хууль бус мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлээд Авлигатай тэмцэх газрынхны амыг хаана шүү дээ гэж ярьсан” гэх үндэслэл нь хэзээ, хаана, хэнд ярьсан талаар объектив үндэслэл дурдаагүй байх тул сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүйг дурдав.

Мөн шүүгч тайлбартаа: “Миний эхнэр Р.Н нь хувиараа бага хэмжээгээр газар тариалан /төмс, ногоон тэжээл/ эрхэлдэг мөн 2023-2024-нд 5 удаагийн үйлдлээр нийтдээ 6 ширхэг машиныг Япон улсын Нагоя хотоос миний найз Ө-аар дуудлага худалдаанаас авхуулж байсан” гэх бөгөөд энэхүү тайлбар нь шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээр давхар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

6. Мэдээллийн: “ ...Ер нь энэ Гандансүрэн гэдэг шүүгч Авлигатай тэмцэх газрын шалгасан хэргийг байнга хэрэгсэхгүй болгодог, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн нөхдийн толгойг илж байдаг нэгэн” гэх үндэслэлд мэдээлэл гаргагчаас шүүгч Ш.Гандансүрэнг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ буюу ямар сахилгын зөрчил гаргасан үйлдлийн улмаас хэн гэх албан тушаалтанд холбогдох Авлигын хэргийг цагаатгасан талаар тодорхой дурдаагүй, объектив үндэслэлгүй, сэжиг таамагт үндэслэсэн учир сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй юм.

            Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

            Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул  шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа, хууль хэрэглээтэй холбоотой асуудал нь сахилгын зөрчилд хамаарахгүй, шүүгчийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.

            Өөрөөр хэлбэл нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэхгүй.

            7. Мэдээллийн: “ ...нэг жишээг дурдахад 2020-2024 онд орон нутгийн сонгуулиар ... аймгийн ... сумын засаг дарга болсон хүний хахууль авсан хэргийг өөр дээрээ авч хэд хэдэн удаа цагаатгасан байдаг. Дээд шатны шүүх нь гэмт хэрэг байна гээд буцаахад өөр дээрээ аваад цагаатгаад байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн журмаар дээд шатны шүүхээс 2-3 удаа гэмт хэрэг байна гээд буцаахад өөр шүүгчид хуваарилагдах байтал мань Галдансүрэн шүүгч шүүхийн туслах ажилтнуудыг загнаж байгаад өөр дээрээ аваад хэргийн хэрэгсэхгүй болгодог” гэх үндэслэлийн тухайд:

            Холбогдох шүүгч тайлбартаа: “ ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн Засаг дарга Я.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг тус бүрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн” гэжээ.

            ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор "соёолон насны морины уралдаанд эхний 10-т орсон морьдыг дахин хэмжих асуудал”-аар маргалдан улмаар Я.Э-тай харилцан хоорондоо зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн гуяны дотор талаас нь гараараа базаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн шуу, хамарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            ... сумын багийн Засаг дарга Я.Э нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор "соёолон насны морины уралдаанд эхний 10-т орсон морьдыг дахин хэмжих асуудал"-аар маргалдан улмаар Б.Б-тай харилцан хоорондоо зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 33-р шүдний булгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, хэрэгт Төв аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан, улмаар Төв аймгийн Прокурорын газраас тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2023/ЕШЗ/*** дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ш.Гандансүрэнг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

            Шүүгч Ш.Гандансүрэн хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2023/ШЗ/*** дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна..

            Уг захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ДШМ/** дугаар магадлалаар “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 20223 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

            Улмаар анхан шатны шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/*** дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ш.Гандансүрэнг дахин томилсон шийдвэрийг албажуулснаар шүүгч Ш.Гандансүрэн тус хэрэгт дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Үүнд:

            - 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 14:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон,

            - 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,

            - 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  2024/ШЗ/*** дугаар захирамжаар шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Г.Б-ын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,

            - 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,

            - 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 430 дугаар захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т тус тус зааснаар хэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,

            - 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар прокурорын хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,

            - 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 603 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж-оос шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,

            - 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлээд 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

            Уг шийдвэр нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болж шүүгч гүйцэтгэх хуудас бичин шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

            Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 3 удаа, прокуророос 1 удаа, шүүгдэгчээс 1 удаа тус тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, мөн зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаас үзэхэд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээж авснаас хойш нийт 45 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд тусгасан.

             Шүүгч Ш.Гандансүрэн нь дээрх эрүүгийн хэргийг анх хүлээн авсан өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байх хэдий ч хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хэргийн оролцогчдоос хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэхэд нөлөөлжээ.

            Өөрөөр хэлбэл, шүүгч Ш.Гандансүрэнгийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу шүүгчээс шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх нөхцөл байдал сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдсонгүй.

            Түүнчлэн уг хэргийг шүүх анх 2023 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авсан ба уг өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх 2024 оны 08 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1 жил 3 сар 11 хоногийн хугацаанд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан бөгөөд түүнчлэн шүүгч Ш.Гандансүрэн нь ... аймгийн ... сумын Засаг даргын авлигын гэмт хэрэг бус хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байх тул мэдээллийн: “2020-2024 онд орон нутгийн сонгуулиар ... аймгийн ... сумын засаг дарга болсон хүний хахууль авсан хэргийг өөр дээрээ авч хэд хэдэн удаа цагаатгасан байдаг. Дээд шатны шүүх нь гэмт хэрэг байна гээд буцаахад өөр дээрээ аваад цагаатгаад байдаг, 4 жилийн хугацаанд буюу сумын засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэргийг эцэслэн шийдэхгүй барьсан” гэх мэдээлэл үндэслэлгүй байна.

            Мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-нийн өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.1.г/-д “Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар прокурорт буцаасан бол тухайн шүүгчид гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан бол тухайн шүүгч шүүх бүрэлдэхүүнд, дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр хянан шийдвэрлэсэн тохиолдолд уг хэргийг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилна” гэж заасан байна.

            Уг журмаас үзэхэд шүүгч Ш.Гандансүрэнгийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаар “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг дээд шатны шүүхээс хүчингүй болгосон тул шийдвэр гаргасан шүүгчид буцаан хуваарилсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            Шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэг хийхэд дугаар алгассан, устгасан, гараар тохируулж хэргийг шүүгч Ш.Гандансүрэнд хуваарилсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

            Иймд тус хэрэг нь шүүгч Ш.Гандансүрэнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

            8. Мэдээллийн: “ ... 4 жилийн хугацаанд буюу сумын засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэргийг эцэслэн шийдэхгүй барьсны эцэст шүүгч Галдансүрэн өөрийн эхнэр, хүүхдүүд, аав ээж, ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө нэр дээр ... аймгийн ... сумын нутагт маш их газрууд авсан, тэр газрууд нь Улаанбаатар хоттой ойрхон газрууд, морь уралддаг газрын ойролцоох газруудыг шилж авсан гэж газрын даамал нь гадуур яриад явж байхыг нэг бус хүн сонссон байдаг. Ингэж авсан газруудаа өндөр үнээр зарж мөнгөө эхнэрийнхээ машины наймаанд оруулдаг гэж мань Галдансүрэнгийн эхнэр нь айлын эхнэртэй ам халж байхдаа ярьсан гэхийн байна лээ” ” гэх үндэслэлийн тухайд:

            ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох эрүүгийн хэргийг дээр дурдсанаар 2023 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авсан өдрөөс 2024 оны 08 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан.

            Харин Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 207 дугаар албан бичгээр ... аймгийн ... сумын Засаг даргад хандан “Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтэй байгаа болно. Иймд шүүгч, захиргааны ажилтнуудад зуслангийн зориулалттай газрын "Газрын тухай хууль” тогтоомжид нийцүүлэн олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байжээ.

            Улмаар ... аймгийн ... сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/555 дугаартай захирамжаар тус сумын ... баг ... суурин ... уулын ард гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 28 иргэнд газар олгосон. Үүнээс шүүгч Ш.Гандансүрэнд газар олгогдоогүй байна.

            Уг үйл баримтын талаар ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.М-г гэрчээр асуухад: “ 2023 онд Төв аймгийн шүүхийн шүүгч, ажилчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 4-5 сум руу газар авах талаар хүсэлт явуулсан. Эдгээрээс ... сумаас хариу ирсэн бусад сумдаас хариу ирээгүй. Би очиж уулзахад өгөх боломжтой талаар хариу өгсөн бөгөөд бүх ажилчид хүсэлт өгсөн. Гэтэл шүүхийн 10-д албан хаагчдад газар олгосон захирамж гарсан. 2023 онд ... сумын Засаг дарга Б.Б-ын хүн зодсон эрүүгийн хэргийг шүүгч Ш.Гандансүрэн шийдвэрлэж байсан. Тэгээд шүүгч Ш.Гандансүрэн, тухайн үед Ерөнхий шүүгч Ц.О нар газар авах хүсэлтээсээ татгалзаж байсан” гэх мэдүүлгийг,

            ... аймгийн ... сумын газрын даамал О.Э гэрчээр асуухад: “ ...2023 онд ... аймгийн шүүхийн Тамгын газрын даргаас тухайн шүүхийн шүүгч, захиргааны ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор гэх агуулгатай газар эзэмших хүсэлт эхлээд 20-д хүний өргөдөл ирсэн. Иргэдийн хурлаас 2023 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаад 20-п хүний газрыг “...” гээд ... хайрхны ард сумын Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших зориулалтаар газар олгосон. Үүний дараа дахиж шүүхээс 70-д орчим хүний хүсэлт ирсэн. Тэр хүсэлтүүдийг шийдвэрлээгүй буюу нэг ч хүн олгогдоогүй” гэх мэдүүлгийг тус тус өгсөн болно.

            Дээрхээс үзэхэд холбогдох шүүгчийн: “ ... шүүгдэгч ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн Засаг дарга Я.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн дугаартай хэрэг шүүгч Ш.Гандансүрэн над дээр хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад Тамгын газрын дарга Д.М нь тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх хүсэлтэй байгаа талаар ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б руу 2023 оны 05 дугаар сарын 15-ны 207 дугаартай албан бичиг явуулсан, нааштай хариу ирсэн. газар олгохоор болсон тул шүүгч, захиргааны ажилчид бичиг баримтаа бүрдүүлж өгөх талаар сүүлд шүүгч, ажилчдын нэгдсэн цугларалт дээр мэдэгдсэн. Энэ үед нь миний бие ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн засаг дарга Я.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг надад хянагдаж байгаа тул миний зүгээс газар авах, бичиг баримт бүрдүүлж өгөх талаарх асуудалд оролцохгүй гэж мэдэгдсэн болно” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

            Түүнчлэн, шалгах ажиллагааны явцад Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнгийн 2022-2024 онуудын хөрөнгө орлогын дэлгэрэнгүй мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас гаргуулан авч шалгахад ... аймгийн ... суманд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй талаар мэдүүлээгүй байна. 

            Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаагаар шүүгч Ш.Гандансүрэн болон түүний гэр бүлийн гишүүдэд ... аймгийн ... суманд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.

            ... аймгийн ... сумын газрын даамал О.Э гэрчээр асуухад “шүүгч Ш.Гандансүрэнг танихгүй, харж байгаагүй, уулзаж байгаагүй” гэж мэдүүлсэн тул мэдээллийн: “ ...Галдансүрэн өөрийн эхнэр, хүүхдүүд, аав ээж, ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө нэр дээр ... аймгийн ... сумын нутагт маш их газрууд авсан, тэр газрууд нь Улаанбаатар хоттой ойрхон газрууд, морь уралддаг газрын ойролцоох газруудыг шилж авсан гэж газрын даамал нь гадуур яриад явж байхыг нэг бус хүн сонссон байдаг” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Ш.Гандансүрэн Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Иргэн Х-ын гэх гомдолд шүүгч н.Галдансүрэнд холбогдуулан гаргасан бөгөөд Шүүхийн Сахилгын хорооноос Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд иргэн Х-ын гомдолд дурдагдсан шүүгч Галдансүрэн гэгчтэй ойролцоо нэртэй, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд өрнөсөн гэх үйл баримтуудтай холбоотой дурдагдсан байгааг шүүгч Ш.Гандансүрэн миний бие сахилгын хэрэг үүсгэн шалгаж байгааг ойлгож, хүндэтгэн хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн н.Х-ын гомдолд дурдагдсан үйл баримтууд нь миний ажил хэргийн болон хувийн нэр хүндэд илтэд, үндэслэлгүйгээр халдаж, гүтгэсэн байх тул үндэслэл тус бүрд доорх тайлбарыг гарган үгүйсгэн, няцааж байна.

ҮНДЭСЛЭЛ 1: Б нь ... дүүргийн нутаг ... хойно байрлах "...” хотхонд урьдын танил У-ын эхнэр Д-г орцонд нь хүчиндэж байгаад нөхөр У-т (Улсын алдарт уяач) баригдан улмаар уг хэрэг нь ... дүүргийн Цагдаагийн газарт шалгагдсан. Энэ хүчингийн хэргийг Б гэгч аргалуулахаар өмнө таньдаг байсан Галдансүрэн гэж Дээд шүүхэд ажиллаж байсан одоо Төв аймгийн шүүхэд шүүгчээр ажилладаг хүнд хахууль өгч ... дүүргийн шүүхийн шүүгч нарыг аргалж хэргээс мултарч хуурай гарсан. Энэ хэрэгт Б нь ах Галдансүрэнгээр дамжуулан нэлээдгүй мөнгө өгч цагдаа, прокурор, шүүгч нарт өгсөн гэдэг.

ТАЙЛБАР 1: Энэ талаар миний бие огт мэдэхгүй. Чухам ямар учраас ийм зүйл бичсэнийг ойлгохгүй байна. Миний бие ... дүүргийн шүүхийн шүүгч нар руу хэрэг гуйж ярьж байсан удаагүй.

Б-ийг гэмт хэрэгт холбогдсон эсэх талаар миний бие огт мэдэхгүй, чухам хэзээ, хаана, хэн хэн гэдэг хүмүүс хэрхэн яаж шийдвэрлэж байсан эсэх талаар миний би огт мэдэхгүй, энэ тухай тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал тухайн хэргийг шалгаж байсан мөрдөгч, хяналт тавьж байсан прокурор, шийдвэрлэсэн бол шийдсэн шүүгч нарыг асууж тодруулбал тодорхой болох байх.

ҮНДЭСЛЭЛ 2: Б нь шүүгч Галдансүрэнтэй эртний танилууд бөгөөд Галдансүрэнгийн аав нас барахад Б буяны ажилд мөнгө өгч, машинаараа буяны ажлыг нь амжуулж өгсөн гэдэг. Энэ тухай Галдансүрэн шүүгч гадуур ярихдаа дүү Б-ийнхээ туслалцаатайгаар буяны ажлаа сайхан хийлээ гэж хүмүүст ярьсан байдаг. Мөн шүүгч Галдансүрэн жил бүрийн амралтаар дүү Б-ээсээ машин авч хөдөө гадаагүй аялаж зугаалж явдаг.

ТАЙЛБАР 2: Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирж ажилласан.

2021 онд санагдаж байна Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан Ц.О нь Б-ийг дүүгээ гэж бидэнд буюу шүүгч Ю.Э, Т.Б, Ж.Д, бид хэдэд танилцуулж байсан.

Түүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 02-нд эцэг 3.Ш нь ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барж миний гэр бүл болон төрөл төрөгсөд, садан төрөлд маань уй гашуу тохиолдсон юм.

Буяны ажил явдалтай холбоотойгоор миний, эхнэр Р.Н, охин М.Я, дүү Ш.Г, түүний эхнэр Н, дүү Ш.Г, түүний эхнэр Э нарын дансаар эцэг 3.Ш болон эх С.О нарын төрөл төрөгсөд, хамаатан садан, найз нөхөд, эцэг 3.Ш-тэй хамт ажиллаж байсан ... аймгийн ... сумын 10 жилийн сургуулийн багш ажилчид, тус сургуулийн төгсөгч шавь нар, мөн эх С.О-ны хамт ажиллаж байсан ... аймгийн ... сумын Захиргааны хамт олон, мөн миний ажлын хамт олон, эхнэр Р.Н-ийн төрөл төрөгсөд, хамаатан садан, дүү Ш.Г, Ш.Г, Ш.Г нарын анги хамт олон, ажлын хамт олон, найз нөхөд, дүү Ш.Г-ын шавь нар гэх мэт хүмүүсээс буяны ажилд зориулаарай гэж мөнгө төгрөг их хэмжээгээр орж ирсэн.

Буяны ажил явдлын үеэр Б над руу залгаж "буяны ажилд зориулж мөнгө төгрөг шилжүүлэх гэсэн юм" гэхээр нь өөрийн "ХААН" банкны ... дансны дугаарыг өгсөн бөгөөд 3.000.000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн байсныг сүүлд нь мэдсэн.

Тухайн үед миний бие буяны ажил гээд завгүй, ажил ихтэй байсан болохоор хүмүүсийн адил аавын минь буяны ажилд зориулж мөнгө төгрөг өгч байна л гэж бодсон.

Аавынхаа шарилыг чандарлуулаад нутагт нь буюу ... аймгийн ... сумын нутагт байрлах ... өвөр "..." гэх нэртэй элсэн манхнууд дунд аваачиж нутаглуул, явах өдөр судрыг нь хэлж өгнө гэж эцэг 3.Ш-гийн багын найз, нэг ангид суралцаж байсан ... хийдийн хамба лам, зурхайч Г ах хэлсний дагуу ... дүүрэгт байрладаг шарил чандарладаг газар чандарлуулж, явах өдрийг хүртэл уг газраа чадрыг нь хадгалуулсан.

Гэтэл Г ах 2022 оны 07 дугаар сарын 28, 29-ний аль нэгэнд санагдаж байна 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө амжиж нутаг руу чандрыг аваачиж зан үйлийг хийж гүйцэтгэ гэж утсаар эцэг З.Ш-ийн хамгийн бага дүү болох 3.Н эгчээр хэлүүлсэн ба аавыг нутаглуулах газар нь элсэн манхнууд бөгөөд жижиг болон дунд оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй, зөвхөн том оврын моторын хүчин чадал өндөртэй тээврийн хэрэгсэл явах боломжтой учраас яаралтай том оврын моторын хүчин чадал өндөртэй тээврийн хэрэгсэл олох шаардлага үүссэн.

Тухайн 2022 оны 07 дугаар сарын 28, 29-ний үе нь зуны дэлгэр сайхан аялал зугаалгын цаг үе байсан учраас надад том оврын тээврийн хэрэгсэл олдохгүй, асууж сурагласан хүн бүхэн аялал зугаалгаар явж байна, явсан байна, явах гэж байна гээд байсан учраас би Б рүү залгаж асуухад хүнээс том оврын тээврийн хэрэгсэл асууж өгье, эргээд ярья гэсэн.

Хэсэг хугацааны дараа Б эргэж залгаад найзынхаа цагаан өнгөтэй “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийг гуйсан чинь аваад яваа оронд нь унах машин үлдээчих гэж байна гэхээр нь өөрийнхөө дунд оврын “Тоёота Клугер” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б-ийн найзад үлдээгээд "Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 07 дугаар сарын 30-ны үүрээр төрсөн дүү нар болох Ш.Г, Ш.Г, эцэг 3.Ш-ийн төрсөн дүү нар болох 3.Д, З.Б нарын хамтаар аавынхаа чандрыг авч ... аймгийн ... сум руу хөдөлсөн.

Энэ тухай буяны ажил явдал дууссаны дараа цуг ажилладаг шүүгч нарт том оврын моторын хүчин чадал сайтай машин олдохгүй сандарч байх үед Б найзаасаа машин олж өглөө гэж хэлж байсан.

Аавын минь буяны ажил явдлаар миний, эхнэр Р.Н, охин М.Я, дүү Ш.Г, түүний эхнэр Н, дүү Ш.Г, түүний эхнэр Э нарын дансаар их хэмжээний мөнгө төгрөг орсон бөгөөд энэ талаар тухайн жилдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн болно.

Тэрнээс биш миний бие нь жил бүрийн амралтаар Б-ээс машин авч хөдөө гадаагүй аялаж зугаалганд явж байгаагүй бөгөөд 2013 оны 10 сард худалдан авч байсан гэр бүлийнхээ хэрэгцээнд унадаг “Тоёота Клугер” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөө гадаа явах шаардлага үүссэн тохиолдолд явдаг, явсаар ч ирсэн.

ҮНДЭСЛЭЛ 3: Б гэгч нөхөр 2022 онд архи уусан үедээ автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж машинд нь явсан Ц-ийн Ц /НН.../ гэж хүзүү, нуруунд гэмтэл учруулан суумгай болгож, одоо Ц.Ц тэргэнцэр дээр байдаг. Хуурай ах АТГ-ын Н, Б нар цагдаагаар хөөцөлдөж байгаад зохицуулж, хуурай ах Галдансүрэн нь ... аймгийн прокурор дээр нам дарж зохицуулсан гэдэг.

ТАЙЛБАР 3: Миний бие энэ бичээд байгаа асуудлын талаар огт мэдэхгүй, ойлгохгүй байна. Би АТГ-ын Н, Б гэгч хүмүүсийг огт танихгүй, 2022 онд архи уусан үедээ автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж машинд нь явсан Ц-ийн Ц /НН.../ гэж хүзүү, нуруунд гэмтэл учруулан гэх хэргийн талаар огт дуулаагүй, мэдэхгүй бөгөөд намайг ... аймгийн прокурорын газарт нөлөөлж нам дарсан гэх нөхцөл байдлыг тухайн ... аймгийн Прокурорын газрын холбогдох хүмүүсээс тодруулах нь зүйтэй байх.

ҮНДЭСЛЭЛ 4: Б гэгч этгээд ... сумын Засаг дарга А-т удаа дараа хахууль өгсөн хэргээр Авилгатай тэмцэх газарт шалгагдсан гэдэг, энэ хэргийг ах Галдансүрэн шийдэх гэж байгаа нь ашиг сонирхол мөн үү гэж асуувал мөн гэж бодож байна. Б гадуур ярихдаа ах Галдансүрэн дээр миний хэрэг байгаа ах цагаатгаж өгнө гэсэн, би татвар /хахууль/-аа хангалттай өгсөн байгаа гэж хээв нэг гадуур ярьж явна. Харин Галдансүрэн нь дүү Б-ийнхээ хэргийг дуустал нэгнийгээ танихгүй, холбоо хамааралгүй гэнэ шүү гэж ярьцгааж байна лээ.

ТАЙЛБАР 4: ... сумын Засаг дарга А нарт холбогдох эрүүгийн хэрэг нь манай шүүх дээр ирсэнийг миний бие мэдээгүй бөгөөд тус шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч тус хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулан хуваарилахад шүүгч Т.Б дээр хуваарилагдсан байсан.

Шүүгч Т.Б-ын туслах Б.Э нь 2025 оны 05 дугаар сарын 13- ны өдөр Л.А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Б-ыг томилсон шийдвэрийг албажуулах” тухай Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаартай захирамжийг гарын үсэг зуруулж албажуулсан.

Энэ мөчид миний бие нь Б-ийг Л.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаныг мэдсэн бөгөөд тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон шүүгч Б-ын “тус хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах тухай" хүсэлт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр надад танилцуулагдаж ирсэн ба Ерөнхий шүүгчийн хувьд шүүгч Т.Б-ын гаргасан "тус хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ЕШ3/*** дугаар захирамжаар тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .../3T2025/0*** дугаартай зөвлөгөөний тогтоол болон тус тогтоолын 1 дүгээр хавсралтыг үндэслэн шүүх хуралдаан даргалагчийг өөрчилж, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хуваарилахыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Н-д даалгаж шийдвэрлэсэн.

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Н нь миний гаргасан “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай" 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ЕШ3/*** дугаар захирамжийг үндэслэн дахин Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулж хуваарилахад шүүгч Д.М-д хуваарилагдсан болно.

Ийнхүү Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ЕШ3/*** дугаартай “шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүгч Д.М-г томилсон шийдвэрийг албажуулсан.

Мөн тухайн хэргийг манай шүүхэд шилжиж ирэхээс шийдвэрлэж дуусах хүртлэх хугацаанд байсан ажилтнуудыг тус шүүхийн Тамгын газраас тодруулж, тэдгээр хүмүүсийг асууж намайг ямар нэгэн хэрэгт хувийн ашиг сонирхол гаргаж өөр дээрээ хуваарилуулж байсан эсэх талаар шалган тодруулбал зүйтэй байх гэж бодож байна./Жич: Холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлэв./

ҮНДЭСЛЭЛ 5: Саяхан Б-ийн уурхай дээр шүүгч Галдансүрэн өөрийн найз шүүгч М-ийн хамт очиж дайлуулж цайлуулж байгаад ирэхдээ нэлээдгүй мөнгөтэй ирсэн гэдэг. Бас ... гэдэг газарт алт ухаж байгаа хүнээс хувь авахаар боллоо гэж өөрийнхөө ойрын хүнд хэлсэн байна. Галдансүрэн энэ хууль бус мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлээд Авилгатай тэмцэх газрынхны амыг хаана шдээ гэж ярьсан нь их сонирхол татаж байгааг анхаарч шалгаж өгнө үү.

ТАЙЛБАР 5: Миний бие Б-ийн уурхай дээр өөрийн найз шүүгч М-ийн хамт очиж дайлуулж цайлуулсан ямар нэгэн асуудал байхгүй тэр уурхай нь хаана байдаг эсэхийг ч мэдэхгүй, мөн нэлээдгүй мөнгөтэй ирсэн гэх асуудалд бүр гайхаж байна.

Тэгээд ч шүүгч М гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй, Монгол улсын шүүхийн хэмжээнд шүүгч Маравсүрэн гэдэг хүн байдаг эсэхийг би сонсоогүй, мэдэхгүй.

Мөн ... гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Алт ухаж байгаа хүнээс хувь авахаар болсон гэх асуудлыг мөн гайхаад гайхаад олохгүй байна. Ийм ор үндэсгүй зүйлийг надтай холбож бичээд байгаад харамсаж байна, үнэн мөн нь олдох байх гэж найдаж байна.

Намайг хууль бус мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлээд Авлигатай тэмцэх газрынхны амыг хаана гэснийг бүр ч гайхаад учрыг нь олохгүй л байна.

Миний эхнэр Р.Н нь хувиараа бага хэмжээгээр газар тариалан /төмс, ногоон тэжээл/ эрхэлдэг мөн 2023-2024-нд 5 удаагийн үйлдлээр нийтдээ 6 ширхэг машиныг Япон улсын Нагоя хотоос миний найз Ө-аар дуудлага худалдаанаас авахуулж байсан. Энэ талаар жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсээр ирсэн.

Харин ... аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.М-ийн баталсан "Төв аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдээс ... аймгийн ... суманд нүүдэллэн ажиллах, хууль сурталчлах, сургалт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.М, шүүгч З.Т, А.Ц, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн миний бие, шүүгч Т.Б, Ж.Д, Ю.Э, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ө, Шүүгчийн туслах Н.Ө, нарийн бичгийн дарга М.Г, Эвлэрүүлэн зуучлагч Б.Б, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.О, жолооч К.Ц, Ж.М нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ... аймгийн ... суманд 2025 оны 06 дугаар сарын 23-нд 1 өдрийн албан томилолтоор явж ажиллаж байсан.

Жич: ... аймгийн ... суманд албан томилолтоор ажилласан 1 өдрийн ажлын талаар цуг албан томилолтоор явсан хүмүүсийг асууж нөхцөл байдлыг тодруулан шалгавал тодорхой болох байх. Мөн холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлэв.

ҮНДЭСЛЭЛ 6: Ер нь энэ Галдансүрэн гэдэг шүүгч АТГ-ын шалгасан хэргийг байнга хэрэгсэхгүй болгодог. Авилга албан тушаалын хэрэг үйлдсэн нөхдүүдийн толгойг илж байдаг нэгэн гэжээ.

ТАЙЛБАР 6: Намайг АТГ-ын шалгасан хэргийг байнга хэрэгсэхгүй болгож, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн нөхдүүдийн толгойг илж байдаг нэгэн гэсэн байна.

АТГ-ын шалгасан хэргийг байнга хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн асуудал байхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан хэрэг бол байгаа.

Жишээ нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/... дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч 3.Д-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг үйл баримтын эргэлзээ үүссэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримлан хэрэгсэхгүй болгож цагаатгасан ба тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/41 магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор прокурорын эсэргүүцлийг "Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах" талаар санал гаргаагүй тул  хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭЛ 7: Энэ шүүгчийн захын нэг жишээг дурьдахад 2020-2024 онд орон нутгийн сонгуулиар ... аймгийн ... сумын засаг дарга болсон хүний хахууль авсан хэргийг өөр дээрээ авч хэд хэдэн удаа цагаатгасан байдаг. Дээд шатны шүүх нь гэмт хэрэг байна гээд буцаахад өөр дээрээ аваад цагаатгаад байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн журмаар дээд шатны шүүхээс 2-3 удаа хэрэг байна гээд буцаахад өөр шүүгчид хуваарилагдах байтал мань Галдансүрэн шүүгч шүүхийн туслах ажилтнуудыг загнаж байгаад өөр дээрээ аваад хэргийн хэрэгсэхгүй болгож байна гэжээ.

ТАЙЛБАР 7: 2020-2024 онд орон нутгийн сонгуулиар ... аймгийн ... сумын засаг дарга болсон хүний хахууль авсан хэргийг өөр дээрээ авч хэд хэдэн удаа цагаатгасан гэсэн байна.

Би ... аймгийн ... сумын Засаг даргын авлига, албан тушаал, хахуулийн хэрэг шийдэж байгаа бөгөөд цагаатгасан тогтоол гаргасан эсэхийг тус шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолын өнгөн хувиас шүүн шалгаж тодруулбал тодорхой болох байх.

Харин ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн Засаг дарга Я.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг тус бүрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Өмнө нь буюу яллагдагч ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн Засаг дарга Я.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад 1 удаа буцаасан, прокурорын эсэргүүцлээр тус аймгийн Давж заалдах шатны шүүхээс шүүгчийн "нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай" захирамжийг хүчингүй болгож гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасан. Жич: Холбогдох баримтуудыг хүргүүлэв. Мөн нэмж нотлох баримт гаргаж өгнө.

ҮНДЭСЛЭЛ 8: Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн журмаар дээд шатны шүүхээс 2-3 удаа хэрэг байна гээд буцаахад өөр шүүгчид хуваарилагдах байтал мань Галдансүрэн шүүгч шүүхийн туслах ажилтнуудыг загнаж байгаад өөр дээрээ аваад хэргийг хэрэгсэхгүй болгож гэсэн байна.

ТАЙЛБАР 8: Энэ тухай Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилчдаас асууж тодруулах замаар тухайн шүүхэд шилжиж ирсэн хэргүүдийг болон тухайлсан хэргийг намайг ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол гаргаж өөр дээрээ хуваарилуулж байсан эсэхийг тодруулан шалгах нь зүйтэй байх.

ҮНДЭСЛЭЛ 9: Ингэж 4 жилийн хугацаанд буюу сумын засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэргийг эцэслэн шийдэхгүй барьсаны эцэст шүүгч Галдансүрэн өөрийн эхнэр, хүүхдүүд, аав, ээж, ах, дүү, хамаатан сатан, төрөл төрөгсдийнхөө нэр дээр ... аймгийн ... сумын нутагт маш их газрууд авсан, тэр газрууд нь Улаанбаатар хоттой ойрхон газрууд, морь уралддаг газрын ойролцоох газруудыг шилж авсан гэж газрын даамал нь гадуур яриад явж байхыг нэг бус хүн сонссон байдаг. Ингэж авсан газруудаа өндөр үнээр зарж мөнгөө эхнэрийнхээ машины наймаанд оруулдаг гэж мань Галдансүрэнгийн эхнэр нь айлын эхнэртэй ам халж байхдаа ярьсан гэхийн байна лээ.

ТАЙЛБАР 9: Харин шүүгдэгч ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн Засаг дарга Я.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн дугаартай хэрэг шүүгч Ш.Гандансүрэн над дээр хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад Тамгын газрын дарга Д. М нь тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх хүсэлтэй байгаа талаар ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б руу 2023 оны 05 дугаар сарын 15-ны 207 дугаартай албан бичиг явуулсан, нааштай хариу ирсэн. газар олгохоор болсон тул шүүгч, захиргааны ажилчид бичиг баримтаа бүрдүүлж өгөх талаар сүүлд шүүгч, ажилчдын нэгдсэн цугларалт дээр мэдэгдсэн.

Энэ үед нь миний бие ... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн засаг дарга Я.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг надад хянагдаж байгаа тул миний зүгээс газар авах, бичиг баримт бүрдүүлж өгөх талаарх асуудалд оролцохгүй гэж мэдэгдсэн болно.

Энэ тухай Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчдээс, мөн Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдээс тус тус асууж, тодруулбал тодорхой болох байх.

Мөн миний ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт нэг ч газар аваагүй, миний эхнэр, хүүхдүүд болон миний эх, дүү нар, хадам ах, дүү нарын хувьд газар авсан тохиолдол нэг ч байхгүй.

Энэ талаар нотлох баримт гаргаж өгнө.

Иймд н.Х гомдолд дурдсан намайг илтэд гүтгэсэн худал мэдээллийн учрыг нь олж өгч тусална уу, мөн надад Сахилгын хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Х-оос Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнд холбогдуулан гаргасан мэдээллийг гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2025/0093 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Нэг.“Э.-ийн холбогдсон хэргүүдийг шүүгч Ш.Гандансүрэн аргалж, зохицуулдаг” гэх агуулга бүхий мэдээллийн тухайд,

1.1.Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Э.Б-ийг 2021 онд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан Ц.О нь өөрийн дүүгээ гэж шүүгч Ю.Э, Т.Б, Ж.Д, Ш.Гандансүрэн нарт танилцуулж, танилууд болсон байна.

            Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэгт холбогдон, эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэгсэхгүй болгох саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн буюу шүүхэд шилжүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэх мэдээлэл байхгүй, мөн 2022 онд гэрлэн дохио зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.23 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.57 дахь хэсэгт зааснаар тус тус торгуулийн арга хэмжээ авагдсан болох нь илтгэгч гишүүний шалгах ажиллагааны хүрээнд тогтоогджээ.

            Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Д.Н, Т.Б нар нь Э.Б-ийг морь уядаг гэдгээр нь мэддэг, дотно хувийн харилцаа холбоогүй, ямар гэмт хэрэгт, хэзээ, хэрхэн холбогдож байсан талаар мэдэхгүй талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

            Иймд илтгэгч гишүүний “... Э.Б-ийн холбогдсон хүчингийн гэмт хэрэг нь мөрдөн байцаалт явагдаж дуусан, прокурорын хяналтад шилжүүлсэн байх ба тус хэргийг шүүхэд шилжүүлээгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна, ... Э.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэж үзэн, мэдээллийн “...шүүгч Ш.Гандансүрэнд хахууль өгч ... дүүргийн шүүхийн шүүгч нарыг аргалж хэргээс мултарч хуурай гарсан, ... Б нь 2022 онд архи уусан үедээ автомашин жолоодож яваад зам тээрийн осол гаргаж, машинд нь явсан Ц.Ц-ын гэж хүзүү, нуруунд гэмтэл учруулан суумгай болгосон. Хуурай ах АТГ-ын Н, Б нар цагдаагаар хөөцөлдөж байгаад зохицуулж, ах Гандансүрэн ... аймгийн прокурор дээр нам дарж зохицуулсан ...” гэж дурдсаныг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

            Түүнчлэн, Авлигатай тэмцэх газарт “Н” гэх хүн ажилладаггүй талаар дээрх гэрчүүд мэдүүлсэн байгааг тэмдэглэв.

            1.2. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ... аймгийн ... сумын Засаг дарга Л.А болон Э.Б нарын 4 хүнд холбогдуулан авлигын гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2025/ЕШЗ/569 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Т.Б-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

            Шүүгч Т.Б-ын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул хэргийг дахин хуваарилахад шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.М томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаартай захирамжаар албажуулсан байна.

            Тус хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, прокурорт буцааж шийдвэрлэснийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ДШМ/*** дугаар магадлалаар хүчингүй болгосон ба магадлалыг эс зөвшөөрч яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гомдол гаргаснаар тус хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна.

            Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан, мөн илтгэгч гишүүний Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тус эрүүгийн хэргийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилсан болох нь тогтоогдсон зэргээс үзэхэд, холбогдох шүүгч нь Э.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байх тул “ ...Э.Б ... сумын Засаг дарга А-т удаа дараа хахууль өгсөн хэрэгт шалгагдсан. Энэ хэргийг Ш.Гандансүрэн шийдэх гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, Э.Б гадуур ярихдаа ах Гандансүрэн дээр миний хэрэг байгаа ах цагаатгаж өгнө гэсэн гэж ярьсан. Гандансүрэн нь дүү Б-ийнхээ хэргийг дуустал нэгнийгээ танихгүй, холбоо хамааралгүй шүү гэж ярьцгааж байна лээ” гэх мэдээлэл үндэслэлгүй байна.

            Хоёр. Мэдээлэлд “... аймгийн ... сумын засаг дарга хахууль авсан хэргийг өөр дээрээ авч хэд хэдэн удаа цагаатгасан” талаар дурджээ.

            2.1.... аймгийн ... сумын Засаг дарга Б.Б, багийн Засаг дарга Я.Э нар нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумын наадмын үеэр маргалдан, харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнд хуваарилагдаж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, шүүгчийн 2023/ШЗ/*** дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна..

            Харин Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ДШМ/** дугаар магадлалаар “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 20223 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/** дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ш.Гандансүрэнг дахин томилсны дагуу тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/**0 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 33.1 дүгээр зүйлийн 1-д “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: ... 1.2.хэргийг прокурорт буцаах;” гэж зааснаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.

Өөрөөр хэлбэл, шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг прокурорт буцаах нь тухайн шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эрхтэй бөгөөд гагцхүү давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянаж, дүгнэлт өгөх тус шатны шүүхэд олгосон бүрэн эрх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-нийн өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.1.г-д “Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар прокурорт буцаасан бол тухайн шүүгчид, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан бол тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд, дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр хянан шийдвэрлэсэн тохиолдолд уг хэргийг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилна” гэж зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон буцаасныг дахин шүүгч Ш.Гандансүрэнд хуваарилсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            Иймд мэдээлэлд “... 2020-2024 онд орон нутгийн сонгуулиар ... аймгийн ... сумын засаг дарга болсон хүний хахууль авсан хэргийг өөр дээрээ авч хэд хэдэн удаа цагаатгасан байдаг. Дээд шатны шүүх нь гэмт хэрэг байна гээд буцаахад өөр дээрээ аваад цагаатгаад байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн журмаар дээд шатны шүүхээс 2-3 удаа гэмт хэрэг байна гээд буцаахад өөр шүүгчид хуваарилагдах байтал мань Галдансүрэн шүүгч шүүхийн туслах ажилтнуудыг загнаж байгаад өөр дээрээ аваад хэргийн хэрэгсэхгүй болгодог ...” гэж дурдсан нь үндэслэлгүй байх тул шүүгчийг хууль зөрчөөгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

            Түүнчлэн, шүүгч Ш.Гандансүрэн нь ... аймгийн ... сумын Засаг даргын авлигын гэмт хэрэг бус хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            2.2.Мэдээлэлд “дээрх хэргийг 4 жилийн хугацаанд буюу сумын засаг даргын бүрэн эрхийн хугацаанд эцэслэн шийдэхгүй барьсны эцэст шүүгч Ш.Гандансүрэн өөрийн эхнэр, хүүхдүүд, аав ээж, ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө нэр дээр ... аймгийн ... сумын нутагт маш их газрууд авсан, энэ талаар газрын даамал нь гадуур яриад явж байхыг хүмүүс сонссон байдаг, авсан газруудаа өндөр үнээр зарж мөнгөө эхнэрийнхээ машины наймаанд оруулдаг” талаар дурдсан байна.

            ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаар албан бичгээр ... аймгийн ... сумын Засаг даргад хандан шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад зуслангийн зориулалттай газар олгож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасны дагуу ... сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/555 дугаар захирамжаар тус сумын ... баг ... суурин ... уулын ард гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 28 иргэнд газар олгосноос шүүгч Ш.Гандансүрэн ... сумын Засаг даргад холбогдох дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор өөрөө газар авах хүсэлтээсээ татгалзсан тул түүнд газар олгогдоогүй байна. 

            Энэ нь Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн 2022-2024 оны хөрөнгө орлогын дэлгэрэнгүй мэдүүлэгтээ ... аймгийн ... суманд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй талаар мэдүүлээгүй, шүүгч болон түүний гэр бүлийн гишүүд тус суманд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй гэх улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, сумын газрын даамлын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. 

Мөн холбогдох шүүгч нь тайлбартаа “... Миний эхнэр Р.Н нь хувиараа бага хэмжээгээр газар тариалан /төмс, ногоон тэжээл/ эрхэлдэг, мөн 2023-2024 онд 5 удаагийн үйлдлээр нийтдээ 6 ширхэг машиныг Япон улсын Нагоя хотоос миний найз Ө-аар дуудлага худалдаанаас авахуулж байсан. Энэ талаар жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсээр ирсэн ...” гэж дурдсан бөгөөд түүний эхнэр тээврийн хэрэгсэл худалдан борлуулснаас олсон орлогыг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн болох нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

            Түүнчлэн, шүүгч Ш.Гандансүрэн нь ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох эрүүгийн хэргийг дээр дурдсанаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн байх тул мэдээлэлд дурдсан үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

            Гурав. Мэдээлэлд “шүүгч Ш.Гандансүрэн Э.Б-ээс тусламж авсан, уурхай дээр нь өөрийн найз шүүгч М-ийн хамт очиж дайлуулаад ирэхдээ нэлээдгүй мөнгөтэй ирсэн, ... гэдэг газарт алт ухаж байгаа хүнээс хувь авахаар болсон, хууль бус мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлээд Авлигатай тэмцэх газрынхны амыг хаана гэж ярьсан” гэжээ.

            3.1. Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнгийн аав З.Ш нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  өвчний улмаас нас барсан ба Э.Б-ээс буяны ажилд зориулан 3,000,000 төгрөгийг шүүгчид шилжүүлсэн, Э.Б-ийн найзын “Ланд Круйзер-100” маркийн тээврийн хэрэгслийг буяны ажил явдалд хэрэглэсэн нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх боловч үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.

            Учир нь Э.Б нь шүүгч Ш.Гандансүрэнг танилын хүрээнд мэддэг хүнийхээ хувьд буяны ажилд зориулан мөнгө шилжүүлж, найзынхаа тээврийн хэрэгслийг хэрэглүүлсэн үйлдлийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхгүй бөгөөд иргэн хүнийхээ хувьд танилынхаа хувийн амьдралд тохиолдсон үйл явдалд ямар нэгэн хариу тусламж хүсэж шаардалгүйгээр “тусалсан” гэж үзэхээр байна.

3.2. ... аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.М-ийн баталсан "Төв аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдээс ... аймгийн ... суманд нүүдэллэн ажиллах, хууль сурталчлах, сургалт зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.М, шүүгч З.Т, А.Ц, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Б, Ж.Д, Ю.Э, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ө, шүүгчийн туслах Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г, эвлэрүүлэн зуучлагч Б.Б, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.О, жолооч К.Ц, Ж.М нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ... аймгийн ... суманд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд ажилласан байна.

Мөн Э.Б-ийн “ ... аймгийн ... суманд ... гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан. Одоо ажиллахгүй байгаа ...” гэх мэдүүлэг, Төв аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд н.М нэртэй шүүгч ажилладаггүй зэрэг дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, шүүгч Ш.Гандансүрэнг ... аймгийн ... суманд ажлын хэсгийн хамт албан томилолтоор очиж ажилласан үйл баримтыг мэдээлэлд дурдсан гэж үзэхээр байх боловч илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар Э.Б-ийн гэх уурхайд шүүгч Ш.Гандансүрэн очсон, дайлуулсан, мөнгө авсан, алт ухаж байгаа хүнээс хувь авахаар болсон, мөнгөө машиныхаа наймаанд оруулж цэвэрлэнэ гэж ярьсан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх мэдээллийг агуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул мэдээлэл үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Харин Э.Б нь шүүгч нартай танил, хувийн харилцаатайн улмаас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх хардлагыг төрүүлэх үндэслэл болж байгааг анхаарч, энэ нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг олон үр дагавартай тул шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ГС/2025/0127 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                           ГИШҮҮН                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН