
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-12-31
Дугаар 134
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, өргөдөл гаргагч Б.А /цахим/ нарыг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннастад холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2025/0108 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүний тус “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” саналд:
“... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг гаргасан шүүгч М.Түмэннастад холбогдуулан шүүгдэгч Б.А гомдол гаргаж, үндэслэлээ “Өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичгийг ойлгохгүй “чамд өмгөөлөгч томилохгүй юм байна” гээд шүүх хуралдааныг хойшлуулсан, зөв зүйлчлэлээр шийтгэл оноож өгөөч гэсэн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, Эрүүгийн хуулийн 27.10.2, 3 дахь заалтад хамаарах хэргийг санаатайгаар хүний эрүүл мэндэд халдсан гэж үзээд ял шийтгэл оноосон, 2025 оны 06 дугаар сарын 23-нд болсон хурлын тогтоол 07 дугаар сарын 29 буюу 1 сар 6 хоногийн дараа ирсэн, хэрэг одоо болтол давж заалдах шатны шүүхэд очоогүй” гэх агуулгаар тодорхойлжээ.
Нэг. Өргөдөлд дурдсан “зөв зүйлчлэлээр шийтгэл оноож өгөөч гэсэн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, Эрүүгийн хуулийн 27.10.2, 3 дахь заалтад хамаарах хэргийг санаатайгаар хүний эрүүл мэндэд халдсан гэж үзээд ял шийтгэл оноосон” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцсэн эсэхийг хянах эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан билээ.
Хоёр. “Өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичгийг ойлгохгүй “чамд өмгөөлөгч томилохгүй юм байна” гээд шүүх хуралдааныг хойшлуулсан гэх үндэслэлийн тухайд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1439 дүгээр албан бичгээр шүүгдэгч Б.А-д үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгчийг томилуулах хүсэлтийг Монголын өмгөөлөгчдийн холбоонд гаргасан байх ба Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны даргын 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 08/209 дугаар албан тоотод “...Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйл “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах”, мөн зүйлийн 21.2 дахь заалтад “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа хүсэгчид тодорхой өмгөөлөгчийн нэр зааж, тулгахыг хориглоно" гэж заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн холбооноос хэн нэгэн өмгөөлөгчийн нэр заан томилох боломжгүй юм.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмын 2.2-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийн нэрс, хуваарийг харьяалах шүүх рүү хүргүүлсэн тул тус журмын 2.1-т заасны дагуу жагсаалтад орсон өмгөөлөгчдөөс томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна уу.
Мөн иргэн Б.А Монголын Өмгөөлөгчдийн холбооны албан ёсны веб сайт болох umguulul.mn-ээс Монгол улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх өмгөөлөгчдийн мэдээлэлтэй танилцаж, хүссэн өмгөөлөгчөө сонгох боломжтой ба танай байгууллагаас холбогдох хууль, тогтоомжийн дагуу нөхцөл боломжоор хангаж, өмгөөлөгчөө сонгоход нь туслалцаа үзүүлэхийг хүсье” гэсэн хариу ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.А-н шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг удаа дараа хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.А-с өмгөөлөгч Д.Б-р өмгөөлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргасан нь хэрэгт авагдсан.
Иймд шүүгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Гурав. “2025 оны 06 дугаар сарын 23-нд болсон хурлын тогтоол 07 дугаар сарын 29 буюу 1 сар 6 хоногийн дараа ирсэн, хэрэг одоо болтол давж заалдах шатны шүүхэд очоогүй” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад эрүүгийн 25***дугаартай хэрэгт үзлэг хийхэд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.А-д 07 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн байх ба уг хугацаанаас тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан хугацаанаас 21 хоног хэтэрсэн, эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ДШМ/... дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан ба шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанаас 21 хоног хэтрүүлж гардуулсан нь дээрх сахилгын зөрчилд хамаарахгүй.
Түүнчлэн, шүүгдэгч Б.А-г Сахилгын хороонд өргөдөл гаргахаас өмнө эрүүгийн хэргийг давж шаалдах шатны шүүхэд хүргүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хянасан байх тул өргөдлийн “хэрэг одоо болтол давж заалдах шатны шүүхэд очоогүй” гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.
Өргөдөлд өмгөөлөгч Д.Б, шүүгчийн туслах М.Д нарын үйл ажиллагааны талаар дурдсан байх ба Сахилгын хороо нь гагцхүү шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул өмгөөлөгч болон шүүгчийн туслахын үйл ажиллагаанд шалгалт хийх, дүгнэлт хийх эрхгүйг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннастад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; өсвөр насны; монгол хэл, бичиг мэдэхгүй; бүх насаар хорих ял оногдуулж болох; хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад нь; төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан зэрэг оролцогч нарыг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй.
Дээрх зохицуулалтаас дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулж, эрхийг нь хангах үүрэгтэй.
Харин дээрх үндэслэлээс бусад тохиолдолд хэргийн оролцогч өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байх ба сахилгын хэрэгт авагдсан баримтаар өргөдөл гаргагч Б.А-н өмгөөлүүлэх эрхийг холбогдох шүүгч аливаа байдлаар хязгаарлаагүй байх төдийгүй энэхүү эрхээ эдлэх боломжоор удаа дараа хангаж ажилласан байна.
Холбогдох шүүгч маргаан бүхий эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчид 07 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан хугацаанаас хуанлийн 21 хоног хэтэрсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан зөрчлийг гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.
Тус сахилгын хэргийн тухайд холбогдох шүүгч хуулийн хугацааг 21 хоногоор хэтрүүлж гардуулсан үйлдэл нь энэхүү зөрчлийн урьдач нөхцөл болох “30 хоногоос дээш хугацаагаар” гэх шаардлага хангагдаагүй байх тул зөрчил гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд дээрхийг нэгтгэвэл, шүүгч М.Түмэннастад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннастад холбогдох 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” ГС/2025/0108 дугаар саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН